С.Оюун-Эрдэнэ
/Үндэсний Статистикийн Газрын мэргэжилтэн/
Шинэ толь №35, 2001
Түлхүүр үг: Статистик, Засгийн газрын үйл ажиллагаа, Албан ёсны мэдээлэл
Статистик бол нийгмийн амьдралын шаардлагаар үүсэн гарч, нийгмийн нийлмэл үзэгдлийн тооны талыг чанартай нь нягт холбон, нийгмийн хөгжлийн зүй тогтлыг тоогоор илэрхийлэн тодорхой орон зай, цаг хугацаанд судалдаг биеэ даасан нийгмийн шинжлэх ухаан юм. Улс орны хөгжлийн дүр зураг болох нийгэм, эдийн засгийн байдлыг дүрслэхэд сайн статистик үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Статистик нь өөрийн тогтсон арга, аргачлалыг хэрэглэн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулан дүгнэж, хэтийн төлөв байдлыг тогтоох бололцоог бүрдүүлдэг. Түүнчлэн, бусад орнуудтай харьцуулалт хийж олон улсын зэрэгцүүлэлт хийхэд ч мөн адил чухал ач холбогдолтой юм. Статистик мэдээлэл чанартай үнэн зөв баймааж нь олон улсын тавцан дээр улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт сайн зэрэглэлд орох, уг байр сууриа өөртөө ашигтайгаар хэрэглэх боломжтой болно. Статистик үзүүлэлт нь тухайн оронд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа аж ахуйн нэгж болон хөгжлийн хөтөлбөрийн талаар шийдвэр гаргаж байгаа олон улсын байгууллагын үйл ажиллагааны гол чиглүүлэгч болдог.
Засгийн газраас улс ардын аж ахуйг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбарын асуудал, ард түмний аж байдлыг дээшлүүлэхэд хязгаарлагдмал нөөцийг хамгийн оновчтой байдлаар хуваарилан зарцуулахад албан ёсны статистикийн мэдээлэлд тулгуурлан шийд гаргадаг. Үүнээс гадна бизнесийн нэгж, хувь хүмүүс зэрэг бүх хэрэглэгчдэд оновчтой, зөв шийдвэр гаргах боломж олгодог.
- Бизнесийн нэгжүүд хөрөнгө оруулалтын болон ажил эрхлэлтийн талаархи чухал шийдвэрийг эдийн засгийн статистик мэдээллийг ашиглан баталгаажуулж гаргана.
- Хувь хүн, иргэд хаана амьдарч ажиллах, өөрийн мөнгөө хэрхэн зарцуулах, хүнсний болон бараа материалын үнэ ханшийг мэдэх, өөрийн хүүхдүүдэд хамгийн сайн
- сургуулийг сонгох зэрэг чухал шийдвэр гаргахад статистик мэдээллийг ашиглан оновчтой зөв шийдвэр гаргаж болох юм.
Иймээс аль ч орны хувьд нийгэм, эдийн засгийн бүх салбар, хувь хүмүүс нь чанартай үнэн зөв статистик мэдээллийг ашигласнаар оновчтой шийдвэр гаргадаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх бизээ.
Засгийн газрын статистикийн хэрэгцээ, шаардлага бол:
- Шаардлагатай зохицуулалтыг хийхийн тулд эдийн засгийн үйл ажиллагааг хянах хэрэгтэй. Энд үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, үнэ, ажил эрхлэлт ба ажилгүйдэл, экспорт ба импорт зэрэг нь үндсэн үзүүлэлтүүд болдог. Аж ахуйн нэгж байгууллагад байдаг нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл шиг улс орны хэмжээний өөрөөр хэлбэл, макро түвшний баланс болох Үндэсний тооцооны систем байх шаардлагатай.
- Төрөлтийн түвшин, нас баралт болон шилжих хөдөлгөөний түвшин нь бүгд хүн амын ирээдүйн чиг хандлагын гол үзүүлэлтүүд бөгөөд эдгээрийг төлөвлөгөө зохиох болон бодлого боловсруулахад ашиглана.
- Хүн амын тоо, амьжиргааны түвшин, эрүүл мэнд, орон сууцны тоо хэмжээ статистик үзүүлэлтээр хэмжигдэнэ.
- Хүрээлэн байгаа орчинд гарах өөрчлөлтийн талаар урьдчилан мэдээлэл авахад мөн л статистик мэдээлэл гол үүргийг гүйцэтгэж байдаг.
Эдгээр нь сайн засаглал буюу Засгийн газрын үйл ажиллагааны суурь нөхцөл нь болдог. Мөн Засгийн газарт оөрийн ололт, амжилтын талаар хүмүүст эргээд мэдээлэл өгөх бололцоо олгож, хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ил тод болгох төдийгүй үндэсний зөвшилцөл бий болгоход тусалдаг. Өнөөдөр статистик мэдээллийг идэвхитэй хэрэглэгчид болох төр, засгийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачид, олон улсын байгууллагын ажилтнууд, оюутнууд ихэвчлэн авч ашиглаж байна.
Статистикийн тоо баримт, түүнд хийсэн дүн шинжилгээний ач холбогдол өсч байгаа өнөө үед статистикийн системийг боловсронгуй болгон сайжруулахад хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай юм. Яагаад Засгийн газар ийм хөрөнгө оруулалт хийх шаардлагатай вэ?
Албан ёсны статистикийн тогтолцоог төр, засгаас бүх талаар дэмжин хөгжүүлснээр статистикийн байгууллага, мэдээлэгчдийн эрх, үүргийн асуудал хуульчлагдан тогтоогдож, хэрэглэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах нөхцөл бүрдэнэ. Албан ёсны статистик мэдээлэл нь олон нийтэд засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээллэж, илүү оновчтой шийдвэр гаргах үйл явцыг хялбарчилж, мөн эдийн засгийн хурдацтай өсөлт, нөөцийн ашиглалтыг үр дүнтэй болгодог. Гол хэрэглэгч болохын хувьд статистикийг Засгийн газар’санхүүжүүлэх нь зөв юм. Мөн дээр өгүүлснээр үр ашигтай статистикийн системийг бий болгох нь үнэн зөв, бодит, улс төрөөс бие даасан байдал, мэдээлэл цаг хугацаандаа гарч байх зэрэг зарчмуудыг хэрэгжүүлснээрээ хэрэглэгчдийн үйл ажиллагааны гол чиглүүлэгч нь болж байна.
Нийгмийн үзэгдлийн хэмжээ өөрчлөлтийг илэрхийлдэг статистикийн хэл нь тоо баримт байдаг бөгөөд түүний цаана амьдралын үнэн дүр төрх оршино.