О.Машбат
/МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн багш/
Шинэ толь №64, 2009
Түлхүүр үг:
Монгол улс 1989 онд нэг намын дарангуйлсан тогтолцооноос олон нам шударгаар өрсөлддөг, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт ардчилсан улс төрийн тогтолцоонд шилжсэн. Энэ цагаас хойш эдүгээ 20 жил өнгөрчээ. Энэ бол бага хугацаа биш. Гэвч дэлхий дахины ардчилал, эрхийн төлөөх өнгөрсөн 200 жилтэй харьцуулахад их биш ч, ардчилсан институциуд тэр дундаа улс төрийн намын төлөвшлийг чиглүүлж болохуйц цаг хугацаа. Харамсалтай нь засаглалд бодитойгоор оролцогч улс төрийн намуудын ашиг сонирхолд тулгуурласан бодлого хэрэгжиж байсан нь өнөөдөр улс төрийн нам, цаашлаад намын системийн төлөвших үйл явцад саад болж байна гэж үзэж байна. Бид Монгол дахь сонгуулийн системийн тогтворгүй байдал нь улс төрийн намын төлөвшилд хэрхэн нөлөөлж байгаа, эрх баригч намууд яагаад сонгууль бүрийн дараа сонгуулийн эрх зүйн орчинг хөндөж байгаа шалтгааныг илрүүлэхийг зорьлоо.
Уг сэдвийн шинжилгээг Францын эрдэмтэн М.Дювержегийн “олонхи дийлэнхийн систем хоёр намын систем төлөвшихөд хүргэдэг бол хувь тэнцүүлсэн систем нь олон намын систем төлөвшихөд хүргэдэг” гэсэн “Дювержегийн хууль”, мөн Америкийн эрдэмтэн Ж.Коломер Дювержегийн хуулийн эсрэгээр “улс төрийн намууд сонгуулийн системээ сонгодог”[1] гэсэн үзэл баримтлалуудад тулгуурлан Монгол дахь улс төрийн намууд ба сонгуулийн системийн харилцан уялдаа, нөлөөллийг илрүүлэхэд ашиглалаа. Ж.Коломерийн хувьд Дювержегийн эсрэг хуулийг батлахдаа зан үйл ба институцичлалын тэнцвэрийн тухай үзэл баримтлал-ыг боловсруулж, энэ арга зүйдээ тулгуурлан XIX зуунаас хойшх 87 улс орны 219 сонгууль, түүний үр дүнд шинжилгээ хийж, өөрийн үзэл баримтлалаа баталсан юм.
Монгол улс өнгөрсөн 16 жилийн хугацаанд олонхи-дийлэнхийн сонгуулийн системийг сонгуулийн эрх зүйн хүрээнд хуульчилж ирсэн байдаг. Гэвч 1992 онд УИХ-ын сонгуулийг“олон мандаттай томсгосон тойрог”, 1996,2000,2004 онд “жижигрүүлсэн нэг тойрог- нэг мандат”[2], 2008 онд мөн л “олон мандаттай томсгосон тойрог”[3]– тай олонх-дийлэнхийн сонгуулийн системийг ашиглаж ирсэн. Сонгууль бүрийн дараа ялалт байгуулсан намууд сонгуулийн хууль, тэр дундаа сонгуулийн системийг өөрчлөх асуудалд анхаарлаа хандуулж ирсэн байдаг нь анхаарал татаж байна. Өнөөдөр ч бас мөн л сонгуулийн тогтолцоо болон сонгуулийн үр дүнтэй холбоотой маргаан үргэлжилж байгаа нь улс төрийн тавцанд голлох үүрэгтэй оролцож буй, сонгогчдын дийлэнхийн саналыг авсан намуудын хувьд нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж, 2012 оны сонгуулийг хувь тэнцүүлсэн системийг сонгохоор хэлэлцэж байгаа нь сонирхол татаж байна.
1992 оноос хойш сонгосон олонхи-дийлэнхийн сонгуулийн тогтолцоо нь аажмаар улс төрийн намуудыг нэгтгэх замаар цөөн тооны үндэсний хэмжээний, томоохон улс төрийн намыг бий болгоход нөлөөлж ирсэн. Иймдээ ч өнөөдөр МАХН ба Ардчилсан эвсэл гэсэн 2 туйлт намын системийг төлөвшүүлэхэд 10 гаруй жилийг зарцуулжээ. Мэдээж энэ сонгуулийн системд алдаа, дутагдалтай зүйл байдаг болохыг судлаачид үгүйсгээгүй. Учир нь сонгуулийн систем бүр өөртөө давуу болон сул талтай. Харин одоо сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог эрх баригч, нөлөө бүхий хоёр нам илүүтэй санал болгож, санаа нийлсэн байгаа нь өнгөрсөн хугацаанд хэлбэршүүлж байсан намын системд цохилт авчрах нь дамжиггүй. Магадгүй сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох болсон өөр шалтгаан байгааг ч үгүйсгэхгүй. Сонгуулийн системийн энэ савалгаа нь улс төрийн намын төлөвшил, цаашлаад намын системийн хөгжлийн хандлагыг өөрчилж болох талтай. Тодруулбал, хувь тэнцүүлсэн систем нь улс төрийн олон намын системийг төлөвшүүлэхэд чиглүүлдэг. Энэ нь намуудыг задралд уриалах, олон жижиг намтай байж болох хувилбар хэдий ч, намын институцичлалыг хангахад сайнаар нөлөөлж болох талтай.
Манай улсыг хоёр намын системтэй хэмээн үздэг судлаачид олон байдаг бөгөөд үүний гол шалтгаан нь дийлэнх-олонхийн сонгуулийн систем юм. Бүдүүвч 1-ийг харахад манай улсад хоёр нам тогтвортой дэмжлэг авч УИХ-ын 76 суудлын дийлэнхийг нь дүүргэж байгааг үзэж болно. Энд МАХН-ын эсрэг “Ардчилсан эвсэл” гэдгийг нэг нам болгон тоолох боломжтой юу гэсэн асуулт гарна. Судлаач Лийпхардын гучин гурван орны ардчиллыг харьцуулсан Patterns of Democracy номонд хэрэглэсэн арга зүйд тогтмол нягт эвсдэг намыг нэг нам хэмээн тоолон хэрэглэсэн байдаг.[4] Энэ арга зүйг ашиглавал манай улсыг хоёр намын системтэй хэмээн үзэж болох юм. Мөн судлаач Стивэн Фиш манай хоёр намын системийг тогтвортой, амжилттай ардчиллын үндэс хэмээн үзсэн[5] байх нь бий.
Нөгөө талаас Ардчилсан эвслийн намууд гэдэгт 1990 оноос хойш шинээр үүссэн 17 улс төрийн намыг авч үзэж байгаа бөгөөд тэд бүгд зохион байгуулалтын хувьд МАХН-ын дэргэд харьцангуй сул, үйл ажиллагаа нь далайцтай биш, орон нутаг бүрт өөрсдийн төлөөллийн байгууллагатай болж чадаагүй зэрэг нь сонгуульд эвсэж орсноор ялалт байгуулж байгааг нотолж байна. Тухайлбал, 1996, 2004 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам бусад 1992 онд баталсан Монгол улсын Үндсэн хуулинд төрийн байгуулал дахь намын чиг үүргийг чухалчлан зааж өгсөн боловч, намын тухай тодорхойлолт, түүний чиг зорилтыг огт журамлаагүй юм. Үндсэн хуулиар зохицуулаагүй эдгээр асуудлыг ердийн хуулиар өнөөдөр зохицуулж байгаагаараа намын тухай манай эрх зүйн зохицуулалт ХБНГУ зэрэг парламентын засаглалтай орны үндсэн хуулийн жишгээс өөр байна. Харамсалтай нь ердийн хуулийн зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалт манай улс төрийн намыг бүх нийтийн гишүүнчлэлтэй том нам байхыг шаардаж, аажимдаа Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдэл хоорондоо хяналт-тэнцэлгүй байдлыг улам дэвэргэж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг ялсан намын гарт бүрнээ найдахад хүргэж байна. Дээрхээс дүгнэж үзэхэд Монгол дахь намын эрх зүйн зохицуулалтыг картель эрх зүйтэй гэж үзэж болно. Учир нь засаглалд ойрхон, нөлөө бүхий намуудыг дэмжсэн эрх зүй бөгөөд шинээр байгуулагдсан болон сонгогчдын олонхийн дэмжлэгийг авч чадахгүй намын хувьд хуулийн хүрээнд дэмжлэг авч чадахгүй байна. Иймээс өнөөгийн эрх зүйн орчин хүчтэй зохион байгуулалттай, төвлөрсөн, том намуудыг шаардаж байна гэж үзэж болно.
Манай Үндсэн хуульд эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах үр дүнтэй механизм байхгүй байгаа нь ялсан нам хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх таатай бололцоо олгодог байна. Улс төрийн намыг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтыг ажвал засгийн эрхийн төлөө тэмцэж байгаа намыг төвлөрсөн том болгох, нам хоорондын улс төрийн тэмцлийг эрчимжүүлсэн чиглэлд байхаас бус тэдгээрийн тэмцлийг намжаах, эрх мэдлийн хуваарьт шууд нөлөөлөхгүй жижиг, хоорондоо зөвшилтэй байлгах зохицуулалт үндсэндээ алга байна. Харин УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газрыг байгуулах, огцруулахад намын гүйцэтгэх үүргийг тодорхой зохицуулсан байдаг. Гэвч улс төрийн намын асуудлыг ердийн хуулиар зохицуулахдаа хууль тогтоох байгууллагад суудалтай, түүнд олонхи болсон намын сонирхолд хэт хөтлөгдөж, эцэстээ манай намын систем үндсэн хуульд тунхагтөдий боловч суулгахыг оролдсон, эрх мэдлийн хуваарилах зарчимтай уялдахгүй байгаа, цаашлаад эрх мэдлийг ганцхан намд төвлөрүүлэх гол хөшүүрэг болсон байна.
1990 оны ардчиллын ололт бол улс төрийн коммунист дэглэмийг тайван замаар өөрчилсөн явдал. Улс төрийн шинэ орчин, шинэ шаардлагад нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг 1990 оны тавдугаар сарын 10-ны өдөр батласан. Энэ хуульд 1991 оны нэгдүгээр сарын 26, 1996 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр дараа нь 2005 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Уг хууль үндсэндээ тэр үед хамгийн удаан жилийн туршлагатай МАХН-ыг зохион байгуулалт, сахилга, бат, улс төрийн үзэл суртлын хувьд төлөвшсөн хэмээн үзэж хамгийн оновчтой загвар болгон, намд тавих шаардлагыг түүнд зохицуулж хийсэн тул аливаа намыг төвлөрсөн том байхыг шаардсан хууль болсон. Төвлөрсөн гэдэгт сахилга баттай, нэгдсэн удирдлагатай байх явдлыг, том гэдэгт орон даяар гишүүнчлэлтэй, нэгжтэй байх явдлыг энэ ажлын хүрээнд ойлгож байна. Эдгээр шаардлага бол Британийн төрийн байгууллын онцлогтой уялдсан тэндэхийн намуудын нийтлэг жишиг билээ.
А/. Том нам байх шаардлага. Нам орон даяар гишүүнчлэлтэй том байхыг ердийн хуулиар шаардсан байна. Юун түрүүнд, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 6-д “Засаг захиргааны нэгж буй аймгуудын гуравны нэгд намын байгууллага байгуулсан тухай шийдвэр, тэдгээрийн оршин байгаа хууль ёсны хаяг’’[6] нь намыг Улсын Дээд Шүүхэд бүртгэх нэг шаардлага болгон тавьсан байдаг. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол тус хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 4-т зааснаар бүртгэхээс татгалздаг байв. Мөн тус хуулиар нам байгуулахад 801 гишүүний гарын үсэг цуглуулсан байхыг шаардаж байгаа нь Үндсэн хуулинд шууд заагаагүй ч үйл ажиллагаандаа нам гишүүнчлэлийг тогмол нэмэгдүүлэх бодлого баримтлах хөшүүрэг болж байна. Энэ хатуу гишүүнчлэл болгож хувиргаж байна гэж үзэж байна. Эдгээр заалтууд намыг улс орон даяар нэгдсэн бүтэцтэй, олон мянган гишүүнтэй байхыг шаардаж байна.
Эндээс хоёр зүйлийн дүгнэлт хийж болохоор байна.
- Нэгд, нам түгээмэл гишүүнчлэлтэй байхыг энэ хууль шаардаж байна. Улс орон даяар намын батлах бүхий гишүүдтэй байж, сонгуулийн тойргуудаар баримжаалсан орон нутгийн үүртэй байж, тэдгээртээ тулгуурлан тойрогтоо сонгуулийн сурталчилгаа явуулдаг хатуу сахилга баттай байх явдал бол түгээмэл гишүүнчлэлийн онцлог юм.
- Хоёрт, энэ шаардлага магадгүй тухайн үед хамгийн төлөвшсөнд тооцогдож байсан МАХН-ын зохион байгуулалтыг загвар болгосон[7] явдал. Шинэ тулгар үүссэн намд ийм түгээмэл гишүүнчлэлтэй болох боловсон хүчин, санхүүгийн боломж хомс байсан нь эрх мэдлээ хадгалж үлдэх, цаашид улам хүчирхэгжихэд нөлөөлжээ.
Хуулийн энэ шаардлага 1990 оноос хойш төгөлдөр үйлчилсээр 2005 оны шинэчилсэн найруулгаар л сая өөрчлөгдсөн бол 801 гишүүний босго хадгалагдсаар байна. Эдгээр заалт өнөөгийн Монголын улс төрийн системийн хэв бүрэлдэхэд хүчтэй нөлөө үзүүлж, хоёр том намын систем бий болоход зохих түлхэц болсон билээ.
БI. Нам төвлөрсөн байх шаардлага. Нам төвлөрсөн удирдлагатай байхыг 2005 оны Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулага батлагдтал эрх зүйн хүрээнд шаардаж байгаагүй. Харин сонгуулийн системийн онцлогийг шаардаж байсан юм. 1992 оноос хойш өрнөсөн сонгуулийн дүнг ажиглавал гагцхүү төвлөрсөн удирдлагатай нам амжилт олж байсныг харж болно. 1992 онд хатуу сахилга бат бүхий МАХН ялалт байгуулсан бол 1996 онд сөрөг хүчний намууд “Ардчилсан Холбоо” эвсэл байгуулан оролцсоноор сонгуульд ялсан. Харамсалтай нь “Ардчилсан Холбоо” эвсэл дотоод сахилга бат муу, төвлөрсөн удирдлагаггүй байснаас эрх барьж байх үедээ задарсан билээ. 2000 онд эвслийн задарлаас үүссэн олон жижиг нам төвлөрсөн удирдлагатай МАХН-д байр сууриа тавьж өгсөн бөгөөд 2004 онд сөрөг хүчний намууд дахин эвссэнээр сонгуульд харьцангуй олон суудал авсан. Гэвч мөн л эвслийг бүрдүүлж байсан намуудын сахилга бат муу, намын лидерүүдийн хувийн ашиг сонирхолд хэт хөтлөгдсөн нь эвслийг задрахад нөлөөлсөн юм. 2008 оны сонгуульд ч мөн хүчтэй төвлөрсөн МАХН мөн л үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Энэ байдлаас гагцхүү төвлөрсөн удирдлага, сахилга бат сайтай нам л сонгуульд ялж байгааг харж болно. Британи хатуу сахилга бат, төвлөрсөн удирдлага бүхий хоёр намтай агаад тэдгээрийн өрсөлдөөн яг ийм үр дагавартай байдгийг харгалзвал манай ардчилсан сонгуулийн явц эрх мэдэл төвлөрөх системийн нийтлэг жишгээс хазгай биш байна.
Эрх мэдэл төвлөрсөн системийн онцлог аливаа намыг засгийн эрхийг барихдаа нэгдмэл, сахилга баттай, төвлөрсөн удирдлагатай байхыг шаарддаг. МАХН-ын удирдлага зохион байгуулалтын энэ онцлог нь 1992-1996, 2000-2004 онд засгийн эрхийг тогтвортой барихад шууд нөлөөлсөн юм. Харин бие даасан намуудаас бүрдсэн, сахилга бат муутай эвсэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг амжилттай холбон нэгтгэж чаддаггүй жишээ бол 1996- 2000 оны “Ардчилсан холбоо” эвсэл, 2004-2008 оны “Эх орон- Ардчилал” эвсэл, “Их эвсэл”-ийн жишээ. Өөрөөр хэлбэл, МАХН- ын давуу тал нь сахилга баттай, нягт зохион байгуулалттай байдаг бол Ардчилсан нам ба бусад намуудын хувьд дэг журамгүй, нэгдмэл шинж байхгүй, мөн дотооддоо зөрчилтэй гэж үздэг явдал юм.
Британи маягийн эрх мэдлийн төвлөрөл нь эрх барьж байгаа намын удирдлага хатуу, сахилга баттай байхыг шаарддаг. Хэрэв Ерөнхий сайд намын удирдлагыг хатуу хянаж чадахгүй бол парламент дахь намынхаа дэмжлэгийг авч чадахгүйд хүрч, цаашлаад албан тушаалаасаа огцроход хүрдэг. Нөгөө талаас, хэрэв эрх баригч намын сахилга бат сул бол Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, агентлагуудаа хянаж чадахгүй, улмаар бодлого, үйл ажиллагаа нь гацах, үр дүнд хүрэхгүй алдрах байдал илт ажиглагдаж байна. Үүнийг 1996- 2000, 2004-2008 оны манай улс төрийн үйл явц илт харуулах ба энэ байдал “Ардчилсан холбоо” эвсэл, “Эх орон-Ардчилал” эвслийн зохион байгуулалт өнөө тогтож буй эрх мэдэл төвлөрсөн төрийн байгуулал, улс төрийн системдээ зохицож чадаагүйг нотолж байгаа юм.
Ийнхүү сонгуулийн системийн өөрчлөлтөөс үүдэлтэй намын төлөвшлийн асуудал хурцаар тавигдаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, парламентад төлөөлөлтэй болох, аажмаар төрийн бодлогыгтодорхойлогч намуудын хувьд амжилттай төлөвшихүүд нээгдэж байна. Өнөөгийн эрх зүйн орчинд хамгийн их зохицсон нам болох МАХН өөрийн уламжлалт бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэлийн хатуу хэлбэрийг хадгалсаар байгаа нь МАХН ба бусад намууд гэж төлөвших үндсийг бүрдүүлж байна. Мөн Монгол дахь намын системийн хувьд өнгөрсөн хугацаанд бодит засаглалд голлох үүрэгтэй оролцож буй намууд, тэдгээрийн олон талт харилцаагаар тодорхойлогдох учир шууд дүгнэж хэлэх боломжгүй ч “нэг нам ба бусад” буюу “нэг нам зонхилсон олон намтай” намын системийн төлөвшлийн үйл явц хүчтэй ажиглагдаж байна. Цаашид нам, намын системийн төлөвшилд мэдээж сонгож авсан сонгуулийн системын хувилбар шууд нөлөөлөх нь гарцаагүй. Иймээс сонгуулийн системийн хувилбараас үүдэлтэй дараахь дөрвөн таамагыг дэвшүүлж байна.
Таамаг 1
Олонх-дийлэнхийн тогтолцоог хэвээр хадгалах буюу сонгуулийн системийн бодлогын сөрөг нөхцөл: Одоо үйлчилж буй эрх зүйн хүрээнд улс төрийн нам, намын системийн төлөвшлийн өөр нэг хандлага нь нэг нам ноёрхож, олон жижиг дагуул намтай байж болохоор төсөөлөгдөж байна. Энэ нь өнөөдөр биш ч, цаашид тогтож болох системийн хандлага нь хүчтэй төвлөрсөн, том нам болох МАХН ноёрхож, сул зохион байгуулалт, төвлөрөл хүчтэй биш Ардчилсан эвслийн төлөө намууд гэж төлөвшлийн үйл явц хэдий нь чиглэжээ. Уг сонгуулийн системийн хувилбар нь Монгол дахь улс төрийн ардчиллыг дэмжих оновчтой хувилбар биш бөгөөд улс төрийн намын дотоод ардчилалд сөргөөр нөлөөлж байгааг бид харж байна. Иймээс одоогийн томсгосон тойрог- олон мандаттай системийг өөрчлөх нэн шаардлагатай.
- Эерэг үр дүн. Улс төрийн зонхилогч гэх нөлөө бүхий нам, болон олонд танигдсан нэр дэвшигчдэд боломж олгосон систем. Энэ тогтолцоог сонгох нь нөлөө бүхий нам, нэр дэвшигчдэд сайн болохоос өөр еэрэг үр дүн байхгүй.
Сөрөг үр дүн. Намын, намын системийн төлөвшилд дэмжлэг үзүүлж чадахгүй бөгөөд намууд болон нам дотроо улс төрчдийг өрсөлдүүлдэг болох нь үүний сул тал. Нөгөө талаас ардчилсан нийгэмд сонгогчдын санал ижил байх ёстой бол манайд тойргийн хүн ам, засаг захиргааны нэгжээс хамааран ялгавартай байгаа нь сонгогчдын улс төрийн эрхэнд халдаж байна.
Таамаг 2
Хувь тэнцүүлсэн системийн хувилбар ба бодлогын радикал сонголт. Сант марал, УТБА зэрэг судалгааны байгууллагуудын олон удаагийн давтамжит судалгаагаар сонгогчид улс төрийн намуудад итгэх итгэл унаж байгаа тухай бид ярьдаг. Сонгогчид улс төрчдийн авилга, хээл хахуулийн тухай олонтаа сонсдогч хэн ч эл асуудлаар шийтгэгдэхгүй байгаа, мөн улс төрчдийн хоосон амлалтаас залхаж байгаа тул бодлого тодорхойлогч намууд сонгуулийн системийн цоо шинэ хувилбарыг санал болгож байна. Учир нь тэд өөрсдийн улс төр дэх эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд нэр дэвшигчээр биш улс төрийн намаар сонголт хийлгэж, дахин парламентад сонгогдох, төрийн эрх мэдэлд буй ноёрхлоо хадгалж үлдэх боломжийг хайж байна гэж үзэж болно. Энэ сонгуулийн тогтолцоо нь алсдаа ашигтай бодлого мөн боловч, өнөөдөр ямар ч ашиггүй бөгөөд практикт эерэг болон сөрөг үр дүнгүүдийг илрүүлнэ. Үүнд:
- Эерэг үр дүн. Улс төрийн намын институчцилал сайжирч, улс төрийн нам жинхэнэ ардчилсан, хариуцлагатай институци болж төлөвшинө. Гэвч өнгөрсөн хугацаанд хэлбэршүүлж байсан хоёр намын систем задарч, намууд улс төрийн дахин хувиарлалтанд орох аюултай. Магадгүй энэ хүчтэй, том, төвлөрсөн хоёр намуудгүйгээр цэвэр олон намын систем төлөвших боломжийг олгож болно. Гэхдээ тууштай бодлогын үр дүн болж тогтоно.
- Сөрөг үр дүн. Богино хугацаанд илрэх аюул нь улс төрд хуучин намын лидерүүд ноёрхолоо хадгалж үлдэх боломжийг олгоно. Намууд алс хэтийн гэхээс илүү өөрсдийгөө аврах зорилгоор улс төр, сонгуулийн системийг өөрчлөх магадлал өндөр байна. Учир нь одоо буй олонхи-дийлэнхийн тогтолцоогоор хувь хүнээр сонгогчид саналаа өгдөг тул нэр нүүрээ барсан улс төрчдөд энэ илүү ашигтай хувилбар гэж төсөөлж байна. Үндэстний цөөнхийн төлөөлөл парламентад алдагдаж ирэх магадлал ихтэй. Сонгууль нэр дэвшигчээр бус намын нэрээр явагдах тул нам дотор ямар улс төрчид эхний рейтингээр өнгөлж байгаа нь тодорхойгүй үлддэг. Бүх асуудлыг нам дотроо шийдвэрлэдэг учир улс төрчдийн хагаралдуулах, эрх мэдэлд хүрэхийн тулд шударга бус өрсөлдөөн идэвхжихэд нөлөөлнө.
Таамаг 3
Олонхи-дийлэнхийн тогтолцооны нэг тойрог-нэг мандаттай систем буюу ердийн нөхцөлт бодлого. Монголд олонхи-дийлэнхийн тогтолцооны жижигрүүлсэн нэг тойрог, нэг мандаттай систем илүү тохирч байхыг үгүйсгэхгүй. Судлаачийн хувьд сонгууль тойрсон маргаантай олон асуудал сонгуулийн тогтолцоондоо биш, харин сонгуулийг зохион байгуулах механизм, технологитоо байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар, УИХ-д Үндсэн хуульд халдахгүйгээр дан ганц сонгуулийн эрх зүйг өөрчлөх боломжтой хувилбар бий. Гэхдээ энэ нь сонгуулийн системийн дараахь эерэг, сөрөг үр дагаварыг авчирна.
- Эерэг үр дүн. Сонгуулийн эрх зүйн орчныг хурдан шинэчилж болно. Алсдаа улс төрийн хоёр голлох намуудыг төлөвшүүлнэ. Төрийн бодлого тогтвортой хадгалагдана.
- Сөрөг үр дүн. Улстөрийн намын иснтитуцчилал хангагдахгүй бөгөөд, бие даасан улс төрчид голлох үүрэгтэй оролцох боловч улс төрчид, нэр дэвшигчдийг хариуцлагатай болгож төлөвшүүлэхэд саад учирна. Жижиг намуудын төлөвшилд дэмжлэг болохгүй.
Таамаг 4
Сонгуулийн холимог систем буюу үр дүнд түргэн хүрч болохуйц бодлого. Сонгуулийн энэ тогтолцоог 1992 оноос хойш жил бүр улс төрийн намууд, нэр дэвшигчид ярьж байсан ч, 2004 оноос хойш түлхүү ярьж эхэлсэн. 2005 оны сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад хамгийн их яригдаж байсан ч хуульчилж чадаагүй юм. Одоо ч гуравдагч хүчний орон зайд тоглохыг эрмэлзсэн намуудын хувьд эл тогтолцоог санал болгож байгаа нь нууц биш. Эл санал УИХ-д дэмжлэг авах магадлал тун бага байна. Учир нь сонгуулийн холимог тогтолцоо нь ямар хувилбартайгаасаа шалтгаалж том, төвлөрсөн намуудад халгаатай байх магадлал ихтэй. Иймээс өнөөгийн шийдвэр гаргагч улс төрчид өөрсдийн улс төрийн нөөцийг ашиглахгүйгээр сонгуулийн холимог тогтолцоог сонгож шийдвэр гаргана гэдэгт эргэлзэж байна. Холимог энэхүү системийг нэгд, УИХ-ын суудлыг 38/38, 50/26 тойрогоор хувааж хэрэглэж болох, хоёрт, сонгогчдын 50-иас илүү санал нэр дэвшигчийг олонх-дийлэнхийн системээр, 50 хувьдаа хүрээгүй тойрог бүрийг нэгтгэж хувь тэнцүүлсэн системийг ашиглаж суудал хуваарилаж болох юм. Судлаачдын хувьд хоёр дахь хувилбарыг илүү тохиромжтой гэж үзэж байгаа. Энэ хувилбар нь намаар бус нэр дэвшигчээр санал авсан учир нь нам доторх рейтингийг тодорхойлох бүрэн боломжтой.
- Эерэг үр дүн. Намуудын төлөвшилд хүчтэй дэмжлэг болно. Цаашлаад олон намын системийг төлөвшүүлэх бүрэн боломжтой. Нэг намын зонхилж буй хэлбэр саармагжих боломжтой. Улс төрчид хариуцлагатай, нээлттэй болно. Сонгогчдын төлөөлөл парламентад бодитой тусна. Эцсийн дүнд сонгуулийн системийн бодлогын хэрэгжилт, үр дүн хурдан гарна.
- Сөрөг үр дүн. Сонгуулийн санал хураалт, тооллогын үйл явцыг нээлттэй ардчилсан болгосон цагт үүсэж болох сөрөг үр дагавар бага байна гэж тооцож байна.
Дээрх дөрвөн таамаг тус бүрт судлаач Ж.Коломерын “намууд сонгуулийн системийг сонгодог” гэснийг эш үндэс болговол эрх баригч нам өөрт ашиггүй сонгуулийн тогтолцоог сонгохгүй нь лавтай. Өөрөөр хэлбэл, намууд сонгууль бүрийн дараа сонгуулийн системийн тухай ярьдаг гол шалтгаан нь яавал манай намд ашигтай вэ?, сонгогчдын санаа бодол ямар байна, бидэнд ямар боломж байна вэ? гэдгийг улс төрчид ямагт тооцоолж байдаг нь магадгүй улс төрийн бодлого байх. МАХН-ын тухайд сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох бодит шалтгаан байхгүй бөгөөд энэ нь өнөөгийн олж авсан чадавхийг сулруулах учир шинэ засгийн газрын тэргүүний хувьд улс төрийн тоглолт байхыг үгүйсгэхгүй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд сонгуулийн систем ямар байх нь улс төрийн нам, цаашлаад намын системийн төлөвшлийг хангахад маш хүчтэй нөлөөлдөг хүчин зүйл юм байна. Гэхдээ тухайн үед эрх барьж буй намаас шалтгаалж сонгуулийн системийг сонгодог туршлага дэлхий даяар байгаа. Улс төрчид сонгуулийн системийг авч үзэхдээ манай улсын улс төр, шашин шүтлэг, угсаа гарвал, буюу бусад байдлаар эрс хуваагдмал эсэх, түүнчлэн, цөөнхүүд нь зохистой хэмжээгээр улс төрийн тогтолцоонд төлөөлөлтэй эсэхийг харгалзах нь чухал. Харамсалтай нь тэд өөрсдийн болон намын эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг нь нууц биш. Сонгуулийн ямар системийг сонгох нь эцсийн дүндээ шийдвэр гаргагч улс төрчдийн улс төрийн сонголт ажээ.
2008-11-24
[1] Joseph Colomer, “It’s parties that choose electoral systems”
[2] УИХ-ын сонгуулийн тухай хууль. 1992 он. 22.2, 23.1 зүйлүүд
[3] УИХ-ын сонгуулийн тухай хууль. 2005 он. 4.1, 4.2 зүйлүүд
[4] Lijphart, “Patterns of Democracy”
[5] Steven Fish, “Democracy without Prerequiste” Foreign Policy.
[6] Улс төрийн намын тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. http://www.legalinfo.mn/lawmain.php?vlawid=15186
[7] Баабар Б. Батбаяр, ‘‘Монгол дахь улс төрийн намуудын төлөвшил” (илтгэл) Монгол Улсын улс төрийн хөгжлийн чиг хандлага. Улс Төрийн Боловсролын Академи байгуулагдсны 15 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал. (УТБА, Улаанбаатар, 2008-01-18)