Н.Отгончимэг
/МУИС-ийн докторант, Сүлд ХЗДС-ийн багш/
Шинэ толь №39, 2002
Түлхүүр үг: Эрх зүйн рецепци, Эрх зүйн тогтолцоо, Эрх зүйн бүл, Үндэсний эрх зүй, Иргэний хууль, Нийгмийн харилцаа, Эрх зүйн хөгжил
Эрх зүйн рецепцийн үзэгдлийг танин мэдэх нь
Дэлхийн улс орнуудын үндэсний эрх зүйн тогтолцооны үүсэл, хөгжлийн түүхийг авч үзвэл тэдгээр нь өөр хоорондоо харилцан нөлөөлөлд оршин, авах, гээх, уламжлах, шилжүүлэн хэрэглэх, нэг талын болон хоёр талын сонирхлын дагуу “экспортлох, импортлох” явцад үүсэж, бүрэлдэж ирсэн байна. Үүнийг олон жишээ, баримтаар харуулж болох бөгөөд тэдгээрээс заримыг дурьдвал:
Америкт ирсэн Англичууд колони (XVIII зууны сүүлч гэхэд тэд америкт 13 колонитой болсон/ нутаг дэвсгэртээ цоо шинэ эрх зүй бүтээгээгүй, харин английн хуулиудыг хэрэглэж, нийтийн эрх зүйн хэм хэмжээг дэлгэрүүлсэн. АНУ тусгаар тогтнолоо зарласны дараа ч Английн хууль, шүүхийн прецедентийг шилжүүлэн хэрэглэсэн. Энэ бол английн эрх зүйн тогтолцооны зарим элементийг хүлээн зөвшөөрч, зүй зохистой гэж үзсэнийх юм.
1080-аад оны үед Италид Юстинианы хуулиудын эмхтгэлийг олсноор Ромын эрх зүйг Европ дахинаа шохоорхон судалж, олзуурхан хүлээн авч, улмаар өөрсдийн эрх зүйн тогтолцоондоо залгамжлан хөгжүүлсэн билээ. Энэ тухай АНУ-ын судлаач Г.Ж.Берман: …..Би ромын эрх зүй тэр үеийн хуулиудаас илүү дээр байсан гэж хэлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ тухайн үед оршиж байсан хуулиудад үгүйлэгдэж байсан бат бэх суурь, үндэслэлийг ромын эрх зүй л өгч чадсан юм. Мөн шинэ хуулиуд бүрдлийн шатандаа байсан бол ромын эрх зүйн хэм хэмжээ нь энэ процессыг аль хэдийнэ туулчихсан, гагцхүү тэдгээрийг тайлбарлах л үлдээд байна.[1]
Тэгэхлээр нэг улсын эрх зүйг бусад нь зээлдэн авч болдгийн хамгийн сонгодог жишээг европын улсууд дэлхий нийтэд тод томруун харуулсан байна.
Гадаад улсын хууль тогтоомжийг таалан хүлээн авч өөрийн эрх зүйн тогтолцоондоо зохистойгоор шилжүүлэн нэвтрүүлсэн улсын нэг нь Япон юм[2].
Олон зууны турш хаагдмал байсан Японд гадны соёл иргэншил, тодруулбал барууны эрх зүйн уламжлалыг нэвтрүүлэх үүдийг 1868-1912 онуудад өрнөсөн Мейжийн шинэчлэл нээсэн билээ. Дэлхийн улсуудын хөгжлийн ололтыг гүйцэж очих нь тэр үеийн японы хувьд урт удаан хугацаа шаардсан хүнд асуудал байсан. Иймээс хөгжилтэй орнуудын хууль тогтоомж, эрх зүйн ололт амжилтыг өөрийн тогтолцоондоо хамгийн зохистой хэлбэрээр өөрийнчлөн зээлдэн хэрэгжүүлсэн нь япончуудын хувьд зөв алхам болжээ.
Бас нэгэн түүх сөхье. Колончлалын эрин үед Англи улс колони улсуудынхаа хууль тогтоомжийг өөрийн эрх зүйд нийцүүлэн зориуд, зохион байгуулалттай өөрчилсөн юм.[3]
Колони улсууд Английн эрх зүйг хүлээн авах болсон нь тэдний хүсэл, хэрэгцээ шаардлагатай уялдсан гэхээсээ илүү улс төр, түүхийн нөхцөл байдлаас шалтгаалсан нь илэрхий боловч өөр тогтолцооны эрх зүйн элементийг шилжүүлэн хэрэглэсэн нь гарцаагүй үнэн юм.
Манай улсын эрх зүйн тогтолцооны түүхийг авч үзвэл дээрхтэй адил дүр зураг мөн л ажиглагдах болно. Ялангуяа социалист эрх зүйн тогтолцоотой байх үеийн хууль тогтоомж, эрх зүйн зарчим, дараагийн эрх зүйн шинэчлэл, шинэтгэл нь гадаад улсуудын эрх зүйн тогтолцооны ололт, амжилтыг харгалзан хийгдсэн билээ.
Тэгэхлээр эрх зүйн рецепци нь дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцооны хөгжлийн түгээмэл үзэгдэл төдийгүй бодит амьдралд аль хэдийнэ биеллээ олсон эрх зүйн хөгжлийн нэгэн зүй тогтол болжээ.
Орчин үед улс орнуудын хил хязгаар нь ерөнхийдөө улс төрийн агуулгатай болж, дэлхийн хүн ам, нийгэм, эдийн засгийн харилцаанд улам бүр ойртон нягтарч байгаа нөхцөлд үндэсний эрх зүйн тогтолцоонууд харьцангуйгаар ижилсэх, харилцан бие биеэ нөхөх, нөлөөлөх, үйл явц нь “цэвэр” эрх зүйн тогтолцоо дангаар орших бололцоог улам бүр үгүйсгэсээр байна. Энэ үүднээс эрх зүйн рецепцийг урьдаас төлөвлөн, харьцуулан дүгнэсний үндсэн дээр зохион байгуулалттай хэрэгжүүлсээр байна. Ийнхүү олон зууныг дамжин хэрэгжсээр байгаа эрх зүйн рецепцийн үзэгдлийг судалж, зүй тогтол, арга зүйг оновчтой тодорхойлж ашиглах нь эрх зүйн хөгжлийн үнэт зүйлээс суралцах, хөгжилд хүрэх замыг товчлох сонгодог арга болж буйгаараа онол, практикийн чухал ач холбогдолтой юм.
Нэг улсын эрх зүйн тогтолцооны элементийг нөгөө улс нь хүлээн авч, зохистойгоор хэрэгжүүлэх үзэгдэлийг эрх зүйн онолын шинжлэх ухаанд эрх зүйн рецепци гэж [4] тайлбарладаг[5]. Рецепци нь латины receptio[6] гэдэг үгнээс гаралтай бөгөөд хүлээн авах, сэргээх гэсэн утгатай байна.[7]
Эрх зүйн рецепцитэй холбогдон хамгийн түрүүнд сонирхол татах зүйл нь эрх зүйн рецепцийн объект нь юу байх тухай асуудал юм. Оросын судлаач В.Н.Протасов рецепцид өртөж байгаа зүйлийг хоёр ангилсан байна.
- Эрх зүйн өмнөх туршлага
- Орчин үеийн эрх зүйн тогтолцооны элемент
Эдгээрийн ялгааг тодорхойлохдоо: зэргэлдээ орших эрх зүйн тогтолцооны элементийг хүлээн авч рецепцлэх нь эрх зүйн төсөөгүй үнэт зүйлийг (түүх, социал хүчин зүйл, шашин, угсаа гарлын хувьд) механикаар шилжүүлэх үр дагавартай. Харин эрх зүйн өмнөх туршлагыг залгамжлан авах замаар хийж буй рецепцийн үед эдгээр төсөөгүй гэгдэх эрх зүйн үнэт зүйл нь цаг хугацааны шалгарлыг даван туулсан байх тул дээрхтэй адил сөрөг үр дагавар үүсгэдэггүй ажээ. Ингэхдээ ромын эрх зүйн рецепцийг эрх зүйн өмнөх туршлагыг хүлээн авсан хамгийн тод жишээ болно гэжээ.
Иймд ерөнхий байдлаар тодорхойлбол эрх зүйн рецепцийн объект нь эрх зүйн тогтолцоо, түүний элементүүд болно. Үүнд: эрх зүйн хэм хэмжээ (хууль тогтоомж, эрх зүйн үзэл сургаал, эрх зүйн соёл, эрх зүйн эх сурвалж, бусад элементүүд хамаарч байна.
Улс орнууд эрх зүйн рецепцийг харилцан адилгүй арга зам, хэлбэрээр хэрэгжүүлдэг. Энэ нь дараахь хүчин зүйлээс шалтгаалж байна. Үүнд:
- тухайн улсын эрх зүйн хөгжлийн түүх: Эрх зүйн рецепцийн үзэгдэл эрх зүйн тогтолцооны үүсэл, гарал, эрх зүйн эх сурвалж, эрх зүйг хэрэглэх арга ажиллагаа, хууль зүйн шинжлэх ухааны судлагдахуунууд, салбар эрх зүй зэрэг элементүүдээр төсөөтэй үндэсний эрх зүйн тогтолцоонуудад ихэвчлэн ажиглагддаг. Жишээлбэл, Итали, Нидерланд, Португал, Бельги улсууд Иргэний хуулиа боловсруулахдаа Франц болон Германы Иргэний хуулийг баримталсан. Нэг эрх зүйн бүлийн улс нь өөр эрх зүйн бүлд хамаарах улсын эрх зүйн тогтолцооны элементийг хүлээн авч хэрэгжүүлэх нь тийм ч түгээмэл биш юм. Колончлолын үед Африк, Америк, Ази тивийн улсууд өөр огт төсөөгүй, харь элгийн эрх зүйг шилжүүлэн хэрэгжүүлж байсан үед эрх зүйн бүл хоорондын рецепци өргөн хийгдэж байсан. Үүний ул мөрийг өнөөдөр ч бид харж болно. Тухайлбал, АНУ-ын Луизиана мужид Франц Испаний колончлогчдын нөлөөний улмаас эрх зүйн евермөц тогтолцоо бүрэлдсэн байдаг. Луизианад Францын хууль тогтоомжийн хэв маягийг дагасан хэм хэмжээ бий болж, улмаар Наполеоны Иргэний хуулийг загвар болгон 1825 онд Иргэний хуулиа баталжээ. Бас нэгэн жишээ дурьдая. Сенегал бол хойд Африкийн БНУ ба XIX зууны эцэст Францын колони болохоос өмнө ердийн эрх зүйн тогтолцоо үйлчилж байжээ. 1958 оноос тусгаар тогтнолоо олсоны дараа үндсэн хууль бусад хууль тогтоомжоо францын эрх зүйн хэв маягийн дагуу боловсруулж баталсны зэрэгцээ, 1960 оны 9 сард тусгайлан ордонанс гаргаж ердийн эрх зүйг хуулийн хүчин чадалтайд тооцсон юм.
- нийгэм, эдийн засгийн байгууламж: өмчийн болон нийгмийн социал харилцаа, төрийн байгууламжийн онцлогт нийцсэн эрх зүйн рецепци хамгийн үр дүнтэй байх магадлалтай.
- шашин – угсаа гарлын уламжлал: шашин шүтлэгийн нэгдмэл байдал эрх зүйн тогтолцоонд рецепцийн аргыг хэрэглэх нэг гол нөхцөл гэдгийг хүн төрөлхтний түүх өдгөө нэгэнт нотолжээ.
- гадаад нөлөө: тухайн улс эдийн засаг, соёл, улс төрийн хувьд гадаадтай өрнүүлсэн харилцаа нь эрх зүйг хаанаас авч, ямар хэмжээгээр шилжүүлэх зэрэгт нөлөөлж байдаг. Жишээ нь, ӨАБНУ-д 1980-аад оны сүүлчээс Аппартеидын дэглэм унасан, мөн 1994 онд Их Британы Нөхөрлөлд гишүүнчлэл нь сэргэсэнтэй холбогдон хар арьст африкчууд (41,2 сая хүний 30,6 сая нь хар арьст африкчууд) улам бүр европын соёл иргэншилд шилжиж байна.
- түүхийн нөхцөл байдал: дундад зууны сүүлчээс XX зууны дунд үе хүртэлх хугацаанд орчин үеийн улс гүрнүүдийн тусгаар тогтнохтой зэрэгцэн эрх зүйн тогтолцоонд авах, гээхийн арга хосолж рецепцүүд хийгдсэн байдаг.
Үндэсний эрх зүйн тогтолцоон дахь эрх зүйн рецепцийн үзэгдлийг судлан үзвэл тэдгээр нь хэрэгжих хэлбэрийн хувьд харилцан адилгүй явж ирсэн байна. Тэдгээрийг төрөлжүүлэн авч үзвэл:
- Эрх зүйг залгамжлах. Үндэсний эрх зүйн тогтолцооны элементүүд нь түүхийн залгамж холбоонд оршиж цаг хугацааны шинэ нөхцөл байдалд биелэлээ олох нь дотоодын эрх зүйн залгамжлал болно. Үүнийг Болгарын судлаач Нено Неновски босоо залгамжлал гэж нэрлэсэн байдаг. Харин гадаад улсын эрх зүйн өмнөх туршлагыг залгамжилж байгааг хэвтээ залгамжлал гэж болно.
- Эрх зүйг хөрвүүлэн[8] шилжүүлэх. Гадаад орны эрх зүйн тогтолцоог хүлээн авч хэрэгжүүлэхдээ үндэсний эрх зүйн онцлог, түүхэн уламжлалыг харгалзан үзсэний үндсэн дээр хүлээн авч байгаа нь хөрвүүлэн шилжүүлэлт болно.
- Эрх зүйг шууд нэвтрүүлэх. Зэргэлдээ орших эрх зүйн тогтолцооны элементийг шууд нэвтрүүлэх үзэгдэл орчин үед илүү ажиглагдах болжээ. Эрх зүйн бүлүүдийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн үндэсний эрх зүйн тогтолцоог тухайн бүлийн улсууд шууд загвар болгох тохиолдолд хэт шүтэх үзлээс болж ийм рецепцийг хийдэг.
Дээр дурьдсныг нэгтгэн үзвэл эрх зүйн рецепци нь тодорхой объект, чиглэсэн зорилго, хэрэгжих хэлбэр бүхий эрх зүйн хөгжлийн нэгэн түүхэн үзэгдэл болжээ.
Эрх зүйн бүлүүдийн төлөвшилд эрх зүйн рецепцийн гүйцэтгэсэн үүргийг харьцуулах нь
Эрх зүйн рецепци нь эрх зүйн бүлүүдийн хөгжилтэй шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл, рецепци гол төлөв эрх зүйн бүлд багтах тогтолцоо хооронд явагддаг. Гэхдээ сүүлийн үед эрх зүйн бүл хооронд рецепци өрнөж, хосолсон эрх зүйн тогтолцоонууд олширсоор байгааг тэмдэглэх хэрэгтэй.
Энэ асуудалд хандахаас өмнө эрх зүйн бүлийн тухай ойлголтыг зохих хэмжээгээр тодруулах шаардлагатай.
Судлаачид төрөлжүүлэн ангилах шалгуурыг харилцан адилгүй сонгосноос хамааран эрх зүйн бүлүүдийг өөр өөрөөр тогтоож байна.
Францын эрх зүйн судлаач Рене Давид “Орчин үеийн эрх зүйн тогтолцоонуудыг судлаачид хэд хэдэн төрөлд ангилж байгаа боловч ямар шалгууруудыг баримтлах талаар нэгдмэл санаанд хүрээгүй байгааг” тэмдэглээд дараахь хоёр шалгуурыг баримтлан өөрийн ангилалтыг хийжээ[9].
Нэгдүгээрт, эрх зүйн үзэл, сэтгэлгээ, хоёрдугаарт, хууль зүйн техникийг туслах чанартай ашиглажээ. Үүний дүнд дэлхийн улсуудын эрх зүйн тогтолцоог үндсэн 3 бүлд хуваасан:
- Ром — германы эрх зүйн бүл;
- Социалист эрх зүйн бүл;
- Нийтийн эрх зүйн бүл.
Харин лалын, энэтхэгийн, алс дорнодын, африкийн эрх зүйг “бусад эрх зүйн тогтолцоо” гэж ангилсан байна. [10]
Германы эрдэмтэд К. Цвайгерт, Х.Кётц нар эрх зүйн бүлийн хэв маягийг дараахь хүчин зүйлээр тодорхойлогдоно гэж үзэж байна.
- Эрх зүйн тогтолцооны үүсэл хөгжлийн түүх;
- Ноёрхож буй эрх зүйн онол, үзэл сургаалын онцлог;
- Өвөрмөц шинж бүхий эрх зүйн институт;
- Эрх зүйн эх сурвалжууд, тэдгээрийг тайлбарлах аргууд:
- Үзэл сэтгэлгээ.
Монголын эрх зүйчид мөн адил эрх зүйн тогтолцоог хэрхэн төрөлжүүлэх талаар харилцан адилгүй байр суурь баримталж байна. Доктор, гавьяат хуульч Б.Чимид өргөн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн тогтолцооны түгээмэл, эх газрын, шашин хүй-элэгний (исламын), социалист гэсэн дөрвөн бүл байгааг тэмдэглэжээ. [11]
Мөн академич Ж.Амарсанаа эрх зүйн бүлүүдийг:
- Эх газрын эрх зүйн бүл (ром-германы)
- Нийтлэг эрх зүйн бүл (англи-саксоны)
- Лалын эрх зүйн бүл
- Уламжлал эрх зүйн бүлд хуваасан байна. [12]
Судалгааны үр дүн өөр өөр байгааг бид юуны түрүүнд төрөлжүүлэлтийн шалгуурын ялгаатай байдалтай холбон үзэх харэгтэй. Үндэсний эрх зүйн тогтолцоог төрөлжүүлэх ангилалтыг хоёр түвшинд хийж болно. Нэгдүгээрт, тодорхой шалгуурыг үндэс болгон эрх зүйн тогтолцоонуудыг бүлүүдэд шууд төрөлжүүлэн авч үзэх, хоёрдугаарт, эрх зүйн бүлүүдийн үндсэн шинжийг тодорхойлж, улмаар тэр нь тодорхой үндэсний эрх зүйн тогтолцоонд оршиж байгаа эсэхийг тодруулах зам юм. Эхний тохиолдолд үндэсний эрх зүйн тогтолцоо нь төрөлжүүлэлтийн анхдагч эх сурвалж, харин дараагийн тохиолдолд хоёрдогч буюу шууд бус эх сурвалж болно. Эдгээр хоёр тохиолдлын аль алинд тавьж буй шалгуурын гүйцэтгэх үүрэг чухал юм. Нэг анхаарах зүйл бол ангилалтын шалгуурыг оновчгүй, ач холбогдол багатай, эсхүл эрх зүйн тогтолцоонуудад нийтлэг бус орших элементээр хийх нь судалгааны үр дүн, ач холбогдлын өрсөлдөх чадварыг бууруулах талтай.
Харьцуулсан эрх зүйчдийн хийсэн ангилалтуудаас харахад эрх зүйн тогтолцооны үүсэл, бүтэц, эрх зүйн сурвалжийг хамгийн түгээмэл шалгуур болгон баримталжээ.
Төсөөтэй эрх зүйн тогтолцоонуудын тухай ярьж байгаа нөхцөлд тэдгээрийн үүсэл, гарал нэг цэгийнх биш юмаа гэхэд нэг чиглэлийнх байх нь хоорондоо бүл болж нэгдэх эхний шалгуур болох учиртай. Тэгэхдээ эрх зүйн тогтолцооны үүслийг хэт чухалчилбал зарим талаар өрөөсгөл үр дүнд хүрч болно. Тухайлбал, Монгол улс ардын хувьсгалаас өмнөх жилүүдэд уламжлалт эрх зүйн тогтолцоотой, түүнээс хойш социалист эрх зүйн тогтолцоотой, харин 1990 оноос Ром – германы эрх зүйн чигийг баримталж байна. Хэрэв эрх зүйн тогтолцооны үүслээр төрөлжсөн бол монголын эрх зүй эх газрын эрх зүйн бүлд хамаарахгүй байх байсан бизээ.[13] Иймд үүсэл, хөгжлийн хамт орчин үеийн бүтэц, эх сурвалжийг харгалзах нь зүйтэй юм. Тодруулбал, эрх зүйн эх сурвалж, голлох салбар, институтийн ерөнхий төсөөтэй шинжийг үндэс болгох нь зүйтэй.
Үүнээс гадна үндэсний эрх зүйн тогтолцоонд эрх зүйн үзэл баримтлал, онолын үзэл сургаал, цаашилбал эрх зүйн соёл, сэтгэлгээ онцгой байр суурь эзэлдгийг анхааран үзвэл түүнийг бас нэгэн шалгуур болгох шаардлагатай.
Ийнхүү үндэсний эрх зүйн тогтолцоонуудыг төрөлжүүлэн ангилахад дараахь үндсэн шалгууруудыг баримтлах боломжтой гэж үзэж байна. Үүнд:
- Эрх зүйн тогтолцооны үүсэл, уг гарал, хөгжлийн түүх;
- Эрх зүйн тогтолцооны бүтэц эрх зүйн голлох салбар, институт;
- Эрх зүйн эх сурвалжийн систем;
- Эрх зүйн үзэл баримтлал, онол номлол;
- Хууль зүйг тайлбарлах ажиллагаа.
Эдгээр шалгуурыг үндэс болгон үндэсний эрх зүйн тогтолцоонуудыг дараахь байдлаар төрөлжүүлж болохоор байна. Үүнд:
- Ром – германы эрх зүйн бүл;
- Англи — саксоны эрх зүйн бүл;
- Социалист эрх зүйн бүл;
- Исламын эрх зүйн бүл;
- Уламжлалт эрх зүйн бүл.
Үндэсний эрх зүйн тогтолцоонуудын түүхэн хөгжил, орчин үеийн эрх зүйн онцлогийг цогц байдлаар авч үзэн бүлүүдэд ангилах нь тэдгээрийн хооронд явагдах эрх зүйн рецепцийн үзэгдлийн учир шалтгааныг олох нэгэн боломж юм. Нэгэн эрх зүйн бүлд хамаарах үндэсний эрхийн тогтолцоонууд хөгжлийн түүх, тогтолцооны бүтэц, эрх зүйн эх сурвалж, үзэл сэтгэлгээ, хуулийн техник зэргээрээ төсөөтэй байх шаардлага нь цаад утгаараа эрх зүйн рецепци хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж байна.
Ром – германы эрх зүйн бүлийн үүсэл нь эрх зүйн рецепцийн шууд нөлөөн дор явагдсан гэж хэлж болно. Ромын эрх зүйн рецепцийг хэрэгжүүлэхэд европын Их сургуулиуд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Их сургуулиудад зааж байсан эрх зүй нь тухайн үед хэрэгжиж байсан эрх зүй биш, харин XI зууны сүүлчээр Италийн нэгэн номын сангаас илрүүлсэн 534 оны үед Ромын Юстиниан хааны дэргэд бүрдүүлсэн хуулийн эмхтгэлтэй холбоотой байсан юм. Үүнээс өмнө ромын эрх зүйн зарим хэм хэмжээг хэсэгчилсэн байдлаар хууль тогтоомж, сүм хийдийн эрх зүйд хэрэглэх тохиолдол байсан боловч ерөнхий тогтолцоо болж чадаагүй байв.
Их сургуулиудад Юстинианы эрх зүйг 534 онд Византид хэрэглэж байсан эрх зүй бус харин “байнга, хаа сайгүй” үйлчилж байсан мэтээр хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, Тэд Библийн сургаалыг “үнэн мөн” гэж үздэгтэй адилаар Юстинианы эрх зүйг шүтэн биширчээ.[14] Ийнхүү ХI зууны сүүлчээр Итали болон европын бусад олон оронд ромын эрх зүйн хэм хэмжээг судалж эхэлсэн юм.
Ромын эрх зүйг европт рецепцлэх болсон шалтгаан нь оюутнуудын танин мэдэхүйн сонирхол байсан төдийгүй, гол нь тухайн үеийн нийгэмд эмх замбараагүй байдал, дураараа авирлах явдал газар авч, нийгмийн тэргүүлэх давхраа болох хуульчид, философчид эрх зүйд тулгуурласан харилцааг хөгжүүлэхийг шаардаж байсантай холбоотой. “Тийм ч учраас европын Их сургуулиудад хэрэг шийдвэрлэх шүүхийн ажиллагаатай холбогдох практикийг судалж байсангүй, харин эрх зүйг философи, ёс суртахуун, шашин шүтлэгийн Гуялдаанд авч үзэж, шуугчид шударга ёсонд тулгуурлаж шийдвэр гаргах шинжлэх ухааны үндсийг боловсруулж байв.” [15]
Ром – германы эрх зүйн бүлийн хөгжилд кодификаци чухал үүрэг гүйцэтгэж байсантай холбогдон кодексийг рецепцлэх замаар энэ бүлд багтах үндэсний эрх зүйн тогтолцооны төсөө хангагдаж байжээ. Франц, Германы эрх зүйн гол салбаруудаар гаргасан кодексууд – Францын Иргэний хууль (1804 он). Иргэний процессийн хууль (1806 он), Худалдааны хууль (1807) Эрүүгийн хууль (1810 он), Геманы Иргэний хууль (1896 он) ны рецепцийн гол объект болж ром – германы бүлийн улсуудын эрх зүйн хөгжилд тодорхой хувь нэмэр болсоор байна.
Германы Иргэний хуулийн хэм хэмжээг Францынхтай харьцуулбал логикийн нарийн дараалалтай буюу ерөнхийгөөс нэгж рүү хандсан шинжтэй, хуулийн техник сайтай гэж үздэг. Иргэний хуулийнхаа талаар германы эрдэмтэн К.Цвайгерт, Х.Кётц нар Иргэний хууль бол жирийн иргэдэд зориулагдаагүй, харин мэргэжлийн хүмүүсийн хууль болсон юм. Хүлээн авч ойлгоход хэцүү, соён гэгээрүүлж, нөлөөлөх үүрэг гүйцэтгэдэггүй. Учир нь түүний хэллэг энгийн биш, анх уншихад ойлгомжгүй байдаг. …Германы Иргэний хуультай байнга ажилладаг туршлагатай мэргэжилтнүүдэд эцсийн дүндээ хуулиараа бахархах сэтгэл төрнө. Энэ хуулинд орсон нэр томъёо ямагт нэг утга агуулах нарийн логик зохицуулалттай гэжээ. [16]
Наполеоны гэгдэх францын дээрх хуулиудын амжилтын үндэс нь тэдгээрийг боловсруулахдаа францын эрх зүйн урт хугацааны туршлагад тулгуурлахын зэрэгцээ капиталист эдийн засгийн харилцааг чөлөөтэй хөгжүүлэх хувьсгалт үзэл санааг шингээж чадсанд оршино.
Ийнхүү хуулиуд бодит амьдралын хэрэгцээ, шаардлагад нийцэх болсон нь тэдний амьдрах чадварыг баталгаажуулсан гэж дүгнэж болно.
Кодексийг рецепцилж өөрийн тогтолцоондоо нэвтрүүлэхдээ анхаарах зүйл нь үндэсний эрх зүйн огтолцооны онцлогийг харгалзан үзэл явдал юм. Зохицуулалтын хувьд хичнээн оновчтой хийгдсэн ч тэр нь өөрийн орны нийгэм, эдийн засаг, социал амьдралтай уялдаагүй байвал олон сөрөг үр дагаварыг үүсгэх уршигтай.
Англи – саксоны эрх зүйн бүл бусад эрх зүйн бүл бусад эх сурвалжийн тогтолцоогоор өвөрмөц онцлогтой. Нийтийн эрх зүйн тогтолцоонд практик хуульчдын үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлдэг. Энэ үндсэн дээр англи — саксоны эрх зүйн бүлийн улсуудад гол нь шүүхийн прецедентийн зарчмыг шилжүүлэн хэрэгжүүлэх хэлбэрээр эрх зүйн рецепци явагдаж байна. Англи улс колончлогч их гүрэн байсан нь нийтийн эрх зүйн ихээхэн нөлөө үзүүлсэн. Английн колони байсан бүх улсад эрх зүйн тогтолцоонд нь өөрчлөлт орж, шүүхийн прецедентийн журмыг рецепцилсэн байна. Үүнийг зарим орны эрх зүйн түүхийг авч үзснээр харуулж болно.
Энэтхэгийн эрх зүйн тогтолцоо бол эрх зүйн олон соёлын уулзварт орших өвөрмөц политогтолцоо юм. XVIII-XIX зуунд Их Британы колони болохоос өмнө Энэтхэгт индуссийн болон исламын шашны эрх зүй үйлчилж байсан бөгөөд тэдгээр нь ард түмний амьдрал, ахуйн гүнд нэвтэрч, нэр хүндтэй байсан юм. Англичууд эзлэгдсэн улсад колоний бодлогоо хэрэгжүүлж өөрийн прецедентийн эрх зүйг шилжүүлэн нэвтрүүлжээ. Ийнхүү өнөөдөр Энэтхэгт шүүхийн прецедент гол эх сурвалжид тооцогдож байна. Энэтхэг бол нийтийн эрх зүйтэй эрх зүйн үзэл баримтлал, ойлголт, хуулийн техникээр холбоотой төдийгүй шүүхийн байгууллагын чиг үүрэг, ажиллагааны талаар ижил төсөөтэй ойлголттой байдаг. Өөрөөр хэлбэл, хуульчид нь шүүхийн процесст их ач холбогдол өгдөг юм. Колончлолын үед аж байсан хууль, статусын хувьд 1950 онд (одоо батлагдсан хүчин төгөлдөр үйлчилдэг) Үндсэн хуульд урьд хаагдсэн эрх зүй үндэсний тусгаар тогтнолд харшлахгүй бол хэрэглэгдэх боломжтой гэж заажээ.
Энэтхэгийн шүүхийн прецедентийн журам нь Английнхийг болвол илүү албан ёсны хэлбэртэй. “Английн шүүхийн прецедентүүдийн системчлэл муу байдаг нь хуульчид чиг баримжаа авахад бэрхшээл үүсгэдэг.”[17] Тэгвэл энэтхэг шүүхийн прецедентүүдийг хэвлэн нийтлэх, системтэй болгох ажлыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь эрхэлдэг. Энэ нь Английн прецедентэд оршиж байсан эмх замбараагүй гэгддэг байсан сөрөг шинжийг арилгасан шилжүүлэлт буюу рецепци болсныг харуулж байна.
Англи – саксоны эрх зүйн бүлд эрх зүйн рецепцийн үзэгдлийг нөхцөлдүүлж байгаа бас нэгэн зүйл нь АНУ-ын эдийн засаг, улс төрийн тавцан дахь хүчтэй нөлөөлөл юм. Тодорхой тусламж, дэмжлэг нь нийгмийн тэр дундаа эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт хийх болзол дагуулдаг нь цөөнгүй. Энэ шалтгаанаар эрх зүйн рецепци хийгдэж болох юм.
Социалист эрх зүй нь эрх зүйн концепци, хууль тогтоомжийн тогтолцоо, эрх зүйн соёл зэргээр өвөрмөц онцлогтой. Ялангуяа төрийн эрх барих, хууль тогтоох байгууллага нь эрх зүйн байдлаар тун төстэй байдаг. Тухайлбал, БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллага нь 5 жилийн хугацаатай сонгогдож, түүний чөлөө цагт Байнгын зөвлөл буюу Тэргүүлэгчид ажиллана. Кубын төрийн дээд байгууллага нь үндэсний Ассамблей байх бөгөөд төлөөлөгчид нь 5 жилийн хугацаатай сонгогдоно. Ассамблейгээс сонгогдсон Төрийн зөвлөл түүний чөлөө цагт үйл ажиллагаа явуулна. БНХАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага нь БХАТХ (Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал), төлөөлөгчид нь мөн 5 жилийн хугацаагаар сонгогддог. Улсын даргыг хурлаас сонгоно. Вьетнамын хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний хурал (төлөөлөгчдийн бүрэн эрх 5 жил байна) ба түүний чөлөө цагт Байнгын хороо сонгогдож ажилладаг байна.
Энэ төсөөтэй байдал нь социалист эрх зүйн бүлийн үндэсний эрх зүйн тогтолцоо хооронд эрх зүйн рецепци явагдсаныг харуулж байгаа юм.
Исламын эрх зүйн бүлд эрх зүйн рецепци хийгдсэн сонгодог жишээ бол Туркийн Маджалла юм. 1869 – 1877 онд батлагдсан Маджалла нь исламын эрх зүйг кодексчлох анхны хувилбар болсон билээ. Өмчийн ба үүргийн эрх зүйд холбогдох хэм хэмжээг исламын Ханифитийн сургуулийн номлолын дагуу тогтоосон бөгөөд бүтэц, хэлбэр нь европын загварын дагуу хийгдэж, зөрчвөл төрөөс хариуцлага хүлээх зарчимд тулгуурлан баталжээ. Маджаллаа ХХ зууны хагас хүртэл хэрэглэсэн ба одоо исламын зарим нэгэн улсыг эс тооцвол мөрддөггүй хэдий ч, нэр хүндтэй эх сурвалжид тооцогдсоор байна. Тухайлбал, энэ хуулийн зарим хэсэг нь Иорданд өнөөг хүртэл үйлчилдэг. Мөн Сирид 1949 онд Иргэний хуулиа батлахаас өмнө иргэний эрх зүйн гол эх сурвалж нь Маджалла болж байжээ.
Өнөөдөр дэлхийн улсуудын 1/4 орчимд нь ислам төрийн болон голлох шашин болсон байна. Тухайлбал, Алжир, Йемен, Бангладеш, Ливи, Малайзи, Пакистан, Саудын Араб зэрэг улсад исламыг төрийн шашин гэж тодорхойлсон бол Албань, Азербайжан, Афганистан, Индонези, Иордан, Ирак. Ливан, Нигер, Сири, Турк, Узбекистан зэрэг улсад хүн амын 40-өөс 96 хувь нь исламын шүтлэгтэй байна. Энэ нь исламын эрх зүйн бүлийн хамарч байгаа хүрээг зарим талаар илтгэх бизээ.
Орчин үед исламын эрх зүй шинэ шатанд гарч, шариатыг барууны хууль тогтоомжийн жишгээр хэлбэржүүлэх үйл явц өрнөж байгааг харгалзвал энэ эрх зүйн бүлд рецепцийн үзэгдэл улам бүр ажиглагдах байх гэсэн таамаг байгаа юм.
Дүгнэлт, санал
Эрх зүйн бүлийн үүсэл, хөгжлийн процесст эрх зүйн рецепци хэрхэн нөлөөлсөн болоод нөлөөлсөөр байгааг авч үзсэний үндсэн дээр хийж буй гол дүгнэлт бол эрх зүйн бүл нь үндэсний эрх зүйн тогтолцооны механик нийлбэр цогц биш бөгөөд тэдгээрийн харилцан нөлөөлөл, үйлчлэл нь бүл болж нэгдэх үндэс болно. Энэ нөлөөлөл, үйлчлэлийн үндсэн хэлбэр нь эрх зүйн рецепци болсон байна. Эрх зүйн рецепцийн үзэгдлийг зүй зохистой хэрэгжүүлэх нь үндэсний эрх зүйн тогтолцоонд гажуудал бага гарах, шинэ тутам бий болж байгаа нийгмийн харилцааг зохицуулахад эрсдэлээс сэргийлэх, мөн орчин үеийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагаас хэт хоцрохгүй байх, товчилж хөгжих зэрэг олон эерэг шинж агуулж байна. Үүний зэрэгцээ түүнийг сөрөг үр дагаварыг ч бас харгалзаж байх ёстой юм. Ямар нэг төсөөгүй эрх зүйн тогтолцоог зөвхөн ололт, амжилттай байгаа гэдэг нэрийн дор улс төрийн шалтгаанаар шүтэн биширч рецепцлэх нь нийгэмд олон сөрөг үр дагавар авчирч болзошгүй.
Манай улсад улс төрийн харилцаа төлөвшиж чадаагүй байгаа нь мэргэшсэн парламент бүрэлдэх явцыг удаашруулж, тэр нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах, батлах ажиллагаанд гажуудал гарах шалтгаан болж байна. Сүүлийн үед хуулиуд олон улсын санхүүгийн байгууллага, дотоодын эдийн засгийн бүлэглэлийн нөлөөн дор гарах нь олширч, мөн хууль боловсруулахдаа нэг улсын хуулинд хэт шүтэх үзэлд автах болжээ. Эрх зүйн хөгжлийн түвшин тийм ч сайнгүй байгаа манай орны хувьд тодорхой харилцааг зохицуулсан хууль боловсруулахдаа эрх зүйн рецепцийг сонгодог утгаар нь ашиглах нь туйлын чухал болоод байна. Энэ өөрийн орны эрх зүйн соёл, уламжлал, нийгэм, эдийн засгийн байдал, газар зүйн онцлог, хүн амын байршил зэргийг харгалзан үзсэнээр хамгийн зохистой байж болох зохицуулалтыг “импортлон” авч хэрэглэнэ гэсэн үг юм. Ингэхдээ ганц, хэдэн биш харин олон орны хууль тогтоомжийг харьцуулан судалж байх нь зүйтэй байна.
Орчин үед глобалчлалын процесс эрчимтэй явагдаж байгаа нь эрх зүйн рецепцийн үзэгдэлд илүү их анхаарал хандуулах зүй ёсны шаардлагыг нөхцөлдүүлж байна гэдгийг дахин тэмдэглэхийг хүсч байна.
Хянасан : Б. АРИУНБАЯР
[1] Гарольд Ж.Берман. Западная традиция права. М., 1998. с.134.
[2]1873 онд Японы Засгийн газрын хуулийн зөвлөхөөр ажиллуулах, эрх зүйн гол салбаруудын хууль тогтоомжийн шинэчлэлийг хийлгэхээр Францын хуульч, профессор Г.Буассонадыг урьсан юм. Буассанад 1804 онд батлагдсан Францын Иргэний хуулийг үлгэр болгон иргэний хуулийн төсөл гаргасан боловч тэр нь хэт радикал үзэлтнүүдийн зүгээс үндэсний уламжлалыг зөрчсөн байна гэсэн шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд дараа нь Японы гурван хуульч 1896 оны Германы Иргэний хуульд тулгуурлан Иргэний хуулийн шинэ төслийг боловсруулж, 1898 онд батлуулжээ. Энэ хууль зарим нэмэлт өөрчлөлттэйгээр өнөөг хүртэл үйлчилж байна. Мөн худалдаа, эрүү, эрүүгийн процессын хуулиуд нь Францын 1890 оны Худалдааны хууль, Эрүүгийн хууль, Германы 1877 оны Эрүүгийн процессын хуулиудаас үлгэр авсан.
[3] Зүүн Нигер ба Лагост одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг 1916 онд Английн эрүүгийн эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан баталжээ. Мон Австралийн эрүүгийн эрх зүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн Квинсленд мужийн 1899 онд батлагдсан Эрүүгийн хуулийг тухайн үед Английн Эрүүгийн хуулийг боловсруулж байсан нэрт хуульч Д.Стифений удирдлагын дор бэлтгэсэн байна.
[4] Ийнхүү Квинсленд мужба Нигерийн Эрүүгийн хуулийг үндэслэн Английн Колоний яамнаас 1920 онд колони улсуудад Эрүүгийн хуулийн үлгэрчилсэн загварыг боловсруулж гаргасан бөгөөд тэр нь Кени, Уганда, Малави, Замби, Танганьик зэрэг африкийн олон улсад эрүүгийн хуулийн рецепци явагдахад нөлөөлжээ.
[5] В.Н.Протасов. Теория права и государства. М., 1999. С.121.
[6] Үүнийг бас recipio гэж галигласан байдаг. А.А. Дерюгин, Л.М.Лукьянова. Латинский язык. Учебник для вузов. М., 1986. С. 275.
[7] Ред. А.Я.Сухаров. Правовые системы стран мира. Энциклопедический справочник. М., 2001. С.597.
[8] хөрвүүлэх гэдэг нь урвуулах, эргүүлэх, орчуулах гэсэн утгатай. Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь. УБ., 1966. X716.
[9] К.Цвайгерт, Х.Кётц. Сравнительное правоведение в сфере частного права. М., 1998. С.101.
[10] К.Цвайгерт, Х.Кётц. Указ. Соч. С.108-116.
[11] Үндэсний эрх зүйн тогтолцоо ба эрх зүйн шинэтгэл симптозумын баримт материал. УБ., 2000.
[12] Мөн тэнд
[13] АХ. Саидов. Монголын эрх зүйг социалист эрх зүйн бүлд хамааруулж, улмаар түүхэн эх сурвалжуудад дүгнэлт хийсний үндсэнд нүүдэлчний өвөрмөц эрх зүйтэй байсан гэж үзсэн байдаг.
[14] Гарольд Ж.Берман, Западная традиция права. Эпоха формирования. М., 1998 С.126.
[15] Рене Давид. Основные правовые системы современности. М., 1998. С.55 77
[16] К.Цвайгерт, Х.Кётц. Указ. Соч. С.222
[17] “А.К.Романов. Правовая система Англии. М., 2000. С.177-178