Б. Батбаяр/БААБАР/
/Биофизикч, “Өнөөдөр” сонины эрхлэгч/
Шинэ толь №2, 1994
Түлхүүр үг: Вестфалийн зарчим, Улс, Оршин тогтнох, Хүлээн зөвшөөрөгдөх, Төрийн машин
Хүмүүс ойлгохгүй буюу ойлгохыг хүсэхгүй байгаа учраас улс төрийн хожоо олох зорилгоор асуудалд субьектив хандаж буй учраас олон асуудал муугаар буюу үндэсний эрх ашигт хортойгоор эргэж байгаа туха нэг бус хүн ярьжж байна. Нөгөө талаас, улс орон, түүний гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал сайн сайхан явж байснаа сүүлийн 4 жилд балраад өгсөн ба энэ нь нэр бүхий хүмүүсээс, тухайлбал асуудлыг хариуцаж буй хэдэн хүнээс болж буй маягийн тайлбар ч нэлээд сонсдож байна. Буцаад урсдаггүй цагийн урсгалд амьдарч буй маань өөрөө түүхийн гарцаагүй үнэн юм.
Монгол бол хөгжлийн хандлага чиглэл нь гадаад орчноосоо хамаардаг жижиг буурай улс. Ийм учраас Моголд гадаад харилцааны бодлого гэдэг бусад бүх үйлдлээс илүү амин чухал хэрэг юм. Ер нь өнөөгийн ертөнцөд оршиж уй улс гүрнүүд биенээ нөхөн харилцан үйлчлэлээр оршин тогтнодог болсон юм.
Өнөөдөр дэлхийд оршиж буй аль ч улс орныг аваад үзсэн, төрийн машин, хил хязгаар харилцан хүлээн зөвшөөрөлцсөн байдал зэрэг үй олон юм нь нэг хэлбэр стандарттай байдгийг төвөггүй ажиглаж болно. Энэ бол төр ба улс гэсэн орчин үеийн нэг загварт ойлголт өнөөдөр дэлхий нийтийн үзэгдэл болжээ гэдгийг харуулж буй юм. Орчин үеийн “улс” гэсэн ойлголт 1648 онд 30 жилийн дайны эцэст Вэстфалийн гэрээгээр буй болжээ. “Улс” “үндэстэн” хоёр нь зарим талаар хоорондоо авцалдаатай боловч өөр өөр ойлголт юм. Харин Вестфалийн зарчим буй болсноор “улс” гэсэн ойлголтонд өөр утга буй болж яваандаа 300 гаруй жил өнгөрөхөд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болон хөгжсөн байна.
Вестфалийн зарчим гэсэн ойлголтын учир нь харилцан биенээ хүлээн зөвшөөрөх байдлаар улс гүрэн оршин
тогтнох асуудал юм. Вестфалийн хэлэлцээрээр өчүүхэн жижиг буурай Швейцари улсын оршин тогтнохыг эргэн тойрны том орнууд нь хүлээн зөвшөөрөгдсөн улсын хилийн дотор тухайн орны хаан хамгийн их эрх мэдлийг эдлэнэ, өөрөөр хэлбэл, улс гүрэн жижиг буурай ч байсан өөртөө засан тогтоно гэсэн үг. Вестфалийн зарчим нийт Европын үзэгдэл болохын хувьд 100 жил болжээ. Удалгүй АНУ-ын удирдлагын дор 19 дүгээр зуунд бүхий л Америк тив тусгаар улсуудыг буй болгон харилцан хүлээн зөвшөөрөлцөн Вестфалийн зарчим Америк тивийн үзэгдэл болов.
Дэлхийн 1 дүгээр дайны үр дүнд Вестфалийн зарчим дэлхий нийтийн үзэгдэл болсон юм. Дэлхийн 2 дугаар дайн, 60-аад оны клонийн системийн задрал, 90-ээд оны коммунизмын уналт нь Вестфалийн зарчим улам дэлгэрэн жижиг жижиг үндэстнийг хамрах шалтаг болж өгсөн юм. Вестфалийн зарчим дэлхий нийтийн үзэгдэл болох энэхүү 350 жилийн хугацаандаа олон бэрхшээл, нугалаа, ухралттай учирсан юм. 1870 он хүртэл үргэлжилэн хаант ёсны их сэргэлт, 20 дугаар зуун хүртэл үргэлжилсэн меркантализм ба энэ үзлийн үргэлжлэл болох колончлол, “улс” хйигээд “төрийн” тухай шал өмнөө онолын баримтлал бүхйи 20-30-аад оны үед буй болсон фашизм ба коммунизм зэрэг ноцтой саад бэрхшээлих байсан юм.
Вестфалийн зарчмаар л тухайн улсыг “улс” гэж үздэг нийтлэг зарчим тогтсон өнөөгийн дэлхийд 1945 онд 60 хүрэхгүй улс байсан бол одоо бараг 200-аад болжээ. Улс орныг “улс” хэмээн зөвшөөрдөг дэлхий нийтийн механизм ч бүрдсэн нь дэлхийн нэгдүгээр дайны дараа Лиги наци, Дэлхийн хоёрдугаар дайны дараа буй болсон Нэгдсэн үндэстний байгууллага билээ. 1960 он хүртэл НҮБ-д тодорхой хатуу шаардлагаар элсүүлдэг байснаа колонийн системийн задралын дараа ерөнхийдөө Вестфалийн зарчмаар элсүүлдэг болжээ. Вестфалийн зарчим нь өнөөгийн ядуу,буурай орнуудын оршин тогтнох том шалгуур гэдэг нь Эстони ба Тувагийн жишээнээс тодорхой харагдана. Эстони нь 1918 онд байгуулагдангуутаа Вестфалийн зарчмаар орчин тойрныхоо улс гүрнүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн тул хэдийгээр 1939 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон боловч 1991 онд тусгаар тусгаар тогтнолоо дахин зарлагдах хүртлээ НҮБ болон өөр олон байгууллагад колони орны статусаар тодорхойлогдож байлаа. Гэтэл Тува 1921 онд тсгаар тогтнолоо зарласан боловч хэн ч үнэн чанартаа хүлээн зөвшөөрөөгүй тул 1944 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсноор таг чимээгүй болсон юм. Ингэхлээр Монгол улс Вестфалийн зарчмаар хэзээ буй болсон улс вэ? гэсэн асуулт гарна.
1911 онд Хятадад хувьсгал гарч хаант ёс унангуут иргэний дайнд автаж эхэлсэн тэр үеийг халхын хутагтууд овжноор ашиглан тусгаар Монголыг зарласан юм. Гэвч зарлах нэг өөр, Вестфалийн зарчмаар хүлээн зөвшөөрөгдөх нэг өөр асуудал билээ. Монголын хувьд хамгийн гол хүлээн зөвшөөрүүлэх газар маань Орос, Хятад хоёр боловч хоёулаа Монголыг улсын хувьд 1945 он хүртэл хүлээн зөвшөөрөөгүй билээ. Хаант Орос дараа нь ЗХУ нь Монголын хувьд хоёр нүүртэй бодлого баримталж байсан ба 1921 онд хүлээн зөвшөөрсөн авч Хятадад хандахдаа Монголыг бүрэлдэхүүн хэсэг нь мөн гэж үзэж байсан ба 1945 он хүртэл Элчин сайдын Яам биш мисси гэгчээ Улаанбаатарт суулгаж байсан. Хятад нь 1911-1949 он хүртэл иргэний дайнд автсан байсан тул энэ хооронд Нэгдсэн Хятадыг нэг ч удаа байгуулж чадахгүй чадахгүй явсаар ирсэн учир Монгол нь Төвд, Шинжаан, Манжуурын нэгэн адил Бээжин, Нанжинд дотоодын самуунаас болоод түр хугацаанд нэгдэж чадахгүй байгаа газар маягаар аль аль талдаа олгогдож байлаа.
1943 оны Каиран, 1945 оны Ялтын гэрээгээр дамжин явсаар II дайны үр дүн болж Монгол нь Хятад, ЗХУ-аар хүлээн зөвшөөрүүлснээр л 1945онд Вестфалийн зарчмаар орчин үеийн “улс” буюу англиар “nation state” болсон гэж үзэж болно.
Төрийн машинтай, хил хязгаарын дотроо нэгэн хууль үйлчилдэг, байнгын армитай, бие даасан санхүүтэй, хүнд суртлын үеийн төрийн анхны суурийг Наполеон 1806-1815 онд буй болгосон гэж үздэг. Өнөөдөр дэлхийн аль ч улс орон ийм стандарттай төртэй. Чухам Наполеоны энэ зарчмаар орчин үеийн Монголын төр 1911 онд байгуулагджээ гэж үзэж болох байна.
Эндээс XX зууны Монголын түүхийг ерөнхийд нь шатлан үечилж үзвэл :
- 1911 онд Наполеоны зарчмаар орчин үеийн төртэй болсон.
- 1924 онд Бүгд Найрамдах төрийн хэлбэрт шилжсэн.
- 1945 онд Вестфалийн зарчмаар “улс” гэгдэх нь хүлээн зөвшөөрөгдсөн.
- 1990 оноос гадаад, дотоодын бие даасан бодлого явуулах бололцоотой болсон.
Гэсэн гол үечлэл тогтоох боломжтой санагдана.
Вестфалийн зарчмын нэг гол ололт бол “улс” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн газрын хилийн дотор хаанаас нь илүү том захирагч байхгүй, өөрөөр хэлбэл гадна хөршүүд нь тамиртаа дулдуйдан хэрэгт нь орохгүй гэсэн үг юм.
Энэ утгаар нь авч үзвэл, Вестфалийн зарчим Монголын тухайд 1990 оноос бүрэн утгаараа хэрэгжих бололцоотой болжээ гэсэн дүгнэлт гаргаж ч болох талтай.
1990 оны явдлыг гуниглан дурссан ч, бахархан дурссан ч эмзэглэн дурссан ч тэр цагийн тохиол дээр дэлхий дээр болсон нэгээхэн том задрал ба нэгдэл, өөрчлөлт ба шинэчлэлд Монгол орон татагдан орж үр дүнд нь энэ орон зайд бидэндээ цоо шинэ амьдралын зарчмыг буй болгосон нь өөрөө бодит үнэн юм. 1945 оноос өмнө Богдын, дараа нь Ардын засгаас гадаад харилцааны талаар шургуу хөөцөлдөж байсан боловч хэн ч түүний дотор ЗХУ, Монголыг Вестфалийн зарчмаар хүлээн зөвшөөрдөггүй байсан тул харилцааны тухай ярих бололцоогүй байв. Харин Дэлхийн II дайны үр дүнд хоёр хөршөөрөө хүлээн зөвшөөрүүлснээс хойш гадаад харилцааны үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Гэвч гадаад бодлогын тухай ярих хүртэл 1990 оныг хүлээх хэрэгтэй байсан нь чухам л цаг түүхийн ээдрээ тохиол л болов уу.
ЖИЧ: Миний бие өдгөө “XX зууны Монголын түүх” хэмээх нэлээд том ном бичиж буй тул энэ өгүүллийн баталгаа нотолгоо, тайлбар, баримт сэлт зэргийг тэнд тодорхой өгүүлнэ.
Хянасан: Б. АРИУНБАЯР