Б. Баттөмөр
/Дэд, Доктор/
Шинэ толь №6, 1994
Түлхүүр үг: Шинжлэх ухаан, Конвенционализм, Фальсификаци
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
К. Поппер фальсификацийн зарчмаа юуны өмнө Конвенционалист (тохирол, хэлцэл) үзэлтэй харьцуулан авч үзсэн. Конвенционалист үзэл нь түүний фальсификацийн (Няцаах) зарчмын эсрэг агуулгатай бөгөөд гол төлөөлөгч нь Пуанкаре, Дюгем нар юм. Хэрэв реалистууд байгалийн хуулиуд нь ертөнцийн энгийн байдлын дотоод бүтэц, байгууламжийг илэрхийлдэг гэж үздэг бол Конвенционалистууд нь энэхүү энгийн байдал нь хүрч танин мэдэж болохгүй гэж үздэг байна. Кантын философи нь энэхүү энгийн байдлыг бидний оюун ухаан нь өөрийнхөө хуулиудыг байгальд нялзааж байна гэдгээр тайлбарлахыг оролдсон. Үүний адилаар конвенционалистууд энэ энгийн байдлыг бидний зохиосон зүйл гэж үздэг. Тэд зөвхөн байгалийн хуулиуд л энгийн бөгөөд тэдгээр нь бидний өөрсдийн бүтээсэн, зохиосон, тохиролцсон шийдвэрийн үр дүн хэмээн үздэг. Харин байгальд энгийн байдал гэж байдаггүй гэж үзжээ. Тийм учраас, онолын байгаль шинжлэл гэдэг бол байгалийн дүр зураг биш, харин логик байгууламж. Энэхүү логик байгууламж нь зохиомол ертөнцийн буюу ойлголтын ертөнцийн шинжийг нөхцөлдүүлдэг. Энэ зохиомол ертөнцийн тухай л шинжлэх ухаан авч үздэг, ярьдаг. Иймд тэдний үзлээр бол байгалийн хуулиудыг ажиглалтаар фальсификацид оруулж болохгүй ажээ. Харин байгалийн хуулиуд нь ажиглалт хийж болох эсэх, тухайлбал, шинжлэх ухааны хэмжилт гэж юу болохыг бидэнд тодорхойлоход хэрэгтэй гэж үзжээ.
К. Поппер конвенционализм нь ямарч хүлээн зөвшөөрч болохгүй тийм зүйл биш, харин түүнийг хүлээн зөвшөөрөх тодорхой хүрээ байх ёстой гэжээ. Тэдний шинжлэх ухааны зорилтын тухай, шинжлэх ухааныг ойлгох явдал нь К.Попперийн үзлээс их хол зөрж байгаа юм байна. Тухайлбал, конвенционализмын үзлийг нэлээд хурц тодорхой илэрхийлсэн Динглерийнхээр бол шинжлэх ухааны мэдлэгийн систем нь төгс, дуусгавар болсон үндэслэл дээр түшиглэх ёстой гэсэн. Харин К.Поппер хэлэхдээ, би шинжлэх ухаанаас төгс баттай үнэнийг шаардахгүй бөгөөд түүнд хүрэх зам ээдрээтэй юм гэсэн байна.
Конвенционализмын дээрх ойлголт нь шинжлэх ухааны ямар ч системийг өөрийнхөө бүх гүнзгий, далд тодорхойлолтонд хүрсэн систем гэж тайлбарлахад хүргэж байгаа юм. Энэ бол бидний үзлээр шинжлэх ухааны тодорхойлолтуудын систем нь нээлттэй байх тухай орчин үеийн арга зүйн ойлголттой тохирохгүй байгаа гэсэн үг. Харин энэ ойлголт нь К.Попперийн санаатай тохирч байгааг дээрхээс харж болох юм.
Шинжлэх ухаан дахь хямралт үеийн талаарх асуудлыг авч үзэхгүйгээр конвенционализм, фальсификаци хоёрын зохистой холбоог тогтоож болохгүй гэж К.Поппер үзэж байна. Ийм хямрал буюу үсрэлт хувьсгал гарч байгаа асуудал эрс өөрөөр тавигдах ёстой. “Сонгодог систем нь шинэ шинэ туршилтын үр дүнтэй зөрчилдөхийг фальсификаци хэмээн тайлбарлаж болох юм. Гэтэл конвенционалистууд үүнийг тэгж үзэхгүй байгаа бөгөөд тэд үүсэн гарсан зөрчлийг бид системийг буруу хэрэглэсэнтэй холбоотой гэж үздэг. Энэхүү зөрчлийг ямар нэг туслах таамаглал болон хэмжилтийн багажуудыг өөрчилснөөр шийдвэрлэж болно гэдэг ажээ.
К.Поппер хэлэхдээ: “миний үзлийг дэмжиж байгаа хэн ч гэсэн шинэ нээлт гаргахын төлөө, энэхүү шинэ нээлтийн замаар шинжлэх ухааны шинэ систем бүтээхийг зорьдог. Үүний хамт фальсификацид оруулж байгаа туршилтуудад гол анхаарлаа тавих хэрэгтэй. Энэхүү туршилтуудыг шинэ амжилт, туршилтын шинэ ертөнцөд нэвтрэн орох замыг гаргаж өгч байна гэж талархан хүлээж авах хэрэгтэй юм. Тэр ч бүү хэл эдгээр туршилт нь хамгийн сүүлийн үеийн онолын эсрэг аргумент (өчил баримт) гаргаж өгч байгаад ч бид баярлах ёстой юм” гэсэн.
К.Попперийн үзлээр бол конвенционалист дүгнэлт зарчмууд нь байгалийн бодит хуулиудад нэгдэн илэрхийлэгдэж байгаа бодит ертөнцийн хамгийн тогтвортой энгийн шинж байх ёстой гэж үзсэн. Гэтэл Конвенционалистууд, энэ нь байгалийн хуулиас хамаагүй, санааны байгууламж гэж үзжээ. Энэ үзэл болон энэ үзлээс фальсификацийн зарчмын талаар гарах дүгнэлтийг К. Поппер дараахь байдлаар хөөж тайлбарласан байна. Үүнд:
Пуанкарегийн онол бол санааны хэтэрсэн байгууламж мөн гээд энэхүү конвенционалист үзлийн үүднээс фальсификацийн зарчим бол демаркацийн асуудлыг шийдвэрлэх шалгуур болж чадахгүй гэж гарч байна гэжээ. К. Поппер өөрөө конвенционализмыг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Чухам конвенционализм нь демаркацийн асуудлыг шийдвэрлэх шалгуур болж чадахгүй тийм хэмжээнд хүрэх учиргүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, К. Попперийнхоор фальсификацийн зарчмыг байж болохгүй гэж үзэх тийм хэмжээнд конвенционализмыг хүргэж болохгүй юм.
Демаркацийн тухай асуудлын санааг анх гаргасан хүн бол И.Кант юм. Ийм учраас, өрнөдийн философийн түүхэнд энэ асуудлыг “Кантын асуудал” гэж нэрлэдэг. Индукцийн асуудлыг Кант “юмны асуудал” гэж нэрлэж байснаас үүсвэрлэж гарсан байна. Демаркацийн асуудал гэдэг бол шинжлэх ухааны мэдлэгийг шинжлэх ухааны бус мэдлэгээс, эмпирик шинжлэх ухааныг формаль нарийн чанд шинжлэх ухаанаас ялгах шалгуурыг олох асуудал юм. Энэ асуудлыг К. Поппер верификацийн зарчмын эсрэг дэвшүүлэн тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор неопозитивизмын верификацийн зарчмыг тодруулан авч үзэх хэрэгтэй юм.
Верификацийн зарчим бол шинжлэх ухааны мэдлэг эцэстээ мэдрэхүйгээр шалгагдах ёстой гэж үздэг. Баримтуудыг энгийн баримт болтол задлах, энгийн баримтуудыг мэдрэхүйн тусламжтайгаар шалгах тухай ярьдаг. Энэ нь Декартын эргэлзэх зарчимтай олон талаараа төсөөтэй. Мэдрэхүйд шалгана гэж үзсэнээрээ Декартаас ялгаатай юм. Верификацийн зарчмын өөр нэг онцлог бол шинжлэх ухааны бүх мэдлэгийг мэдрэхүйн мэдлэгт авчирч шингээх оролдлого хийсэн. Энэ нь бүх мэдлэгийг хамгийн энгийн мэдлэгт шингээх тухай Гуссерлийн феноменологи үзэлтэй төсөөтэй. Ингэж мэдлэгийг өөрийнх нь нэг хэсэгт шингээж, түүнийг судлах замаар шинжлэх ухааны арга зүйн асуудлуудыг, түүний дотор үнэний тухай асуудлыг шийдвэрлэх гэж үзсэн нь арга зүйн хувьд алдаатай биш юм. Чухам мэдлэгийг аль хэсэгт нь авчирч шингээх вэ? гэдэгт алдаа нь гардаг неопозитивизмын верификацийн зарчим нь үнэний тухай асуудлыг мэдрэхүйн баримтуудаар төгс шийдвэрлэнэ гэж үзсэнд гол алдаа нь оршдог. Өөрөөр хэлбэл, неопозитивистуудын молекул фактуудыг атом баримтуудад задалж, эдгээр атом баримтыг шалгах замаар үнэний асуудлыг шийдвэрлэнэ гэдэг үзэл нь Тэдний верификацийн зарчмын мөн чанарыг илэрхийлж байгаа гол дүгнэлт юм. Гэтэл К.Попперийн үзлээр бол хатуу универсал бодомжуудыг ийм хэлбэрт тавьж болохгүй гэж үзэж байна.
Ерөнхийдөө синтетик универсал бодомжуудыг төгсгөлөг тооны сингуляр болон нэгж бодомжуудын конъюнкци хэлбэртэй тавьж болно гэсэн үзэл неопозитивизмыг үндэслэгчдийн нэг Л.Витгенштейн болон түүнийг баримтлагч-интерпретацлагч Кауфман нарын үзэлд хамгийн хурц тодорхой илэрхийлэгдэж байна”. Квантортой онол нь хэллэгийн (пропозиционал) логикт шингээн, өөрөөр хэлбэл, экзистенциал кванторчлал нь дизъюнкци: “зарим х-нь F” гэдэг бол “х1 – нь F” … буюу “хn – нь F” хэмээн Л. Витгенштейн бичсэн байдаг.
Энэ бүх ярьсан зүйл нь “верификацийн зарчим бол шинжлэх ухааны үнэний хамгийн түгээмэл шалгуур болох тухай неопозитивист үзэлд тодорхой хэмжээгээр няцаалт өгч байгаа аж. Эндээс үзвэл, аливаа зүйлийг ангилах нь зорилгогүй биш, тодорхой үзэл баримтлалыг хамгаалахад чиглэгддэг юм гэдгийг батлан үзүүлж байна. К. Поппер байгаль шинжлэлийн дүгнэлтүүдийг, синтетик универсал хуулиудыг хатуу универсал ба тоон универсал гэж ангилснаараа л энэ дүгнэлтэд хүрч байгаа юм. Оновчтой ангилал бол танин мэдэхүйн асар их ач холбогдолтой болохыг дээрхээс харж болох юм.
Энэ бүхнийг дүгнэж үзэх юм бол К. Попперийн үзлээр демаркацийн зарчим нь мэдлэгийн үнэн болон худал болохыг шийдвэрлэх зарчим биш, харин тухайн мэдлэгийн эмпирик шинжлэх ухааны хүрээнд орох, үгүй эсэхийг тодорхойлох зорилготой гэнэ. Энэ зарчим нь фальсификацийн зарчим болно гэж тэрээр үзсэн. Тиймээс ч К.Поппер үзэхдээ шинжлэх ухаанч чанарыг илрүүлэх гол зарчим бол фальсификацийн зарчим гэсэн байна
Конвенционализмын бүрэн конвенционализмаас зайлсхийх арга замын асуудалд дараа нь К.Поппер шилжиж байна. Энэ үүргийг арга зүйн дүрмүүд гүйцэтгэнэ гэж үзсэн. Энд шинжлэх ухаанд туслах чанарын таамаглал хэрэглэх, бидний ярьдагаар ажлын таамаглал хэрэглэх, ил болон далд тодорхойлолтуудын хоорондын харилцааг тодорхойлох, туршилт болон кoнтр – туршилтуудыг хэрэглэх, асуудлын шилжилт хийх зэргийг хамааруулж үзсэн байна. Жишээ нь, асуудлыг янз бүрийн хэл, янз бүрийн хувилбараар нь авч үзэхгүйгээр шийдвэрлэхэд хүнд гэж үзсэн байна. Мөн шинжлэх ухааны асуудлыг дэд асуудлуудад задаргах, эдгээр асуудлаар нь дамжуулж шийдвэрлэх гэх мэт арга зүйн зарчмуудыг хэрэглэх ёстой гэнэ.
Онолыг фальсификацид оруулах асуудлыг онол дотор оршиж байгаа логик харилцаанууд, энэ онолын суурь дүгнэлтүүд хоёрын харьцаагаар тодорхойлсон байна. К. Попперийн үзлээр бол суурь дүгнэлтүүд гэдэг нь онолын үндсэн хэсэг болж байхын зэрэгцээ нэлээд өргөн хүрээтэй зүйлийг хамааруулдаг гэж үзсэн байна. Зөрчилгүй бүх сингуляр бодомжуудыг онолын суурь дүгнэлтүүд гэж үзжээ. Энэ сингулярууд нь уг онол дотор оршиж байгаа дүгнэлтүүд юм гэдгийг санах хэрэгтэй. Энэ сингуляр дүгнэлтүүд бол баримтын тухай өгүүлж байдаг. Ийм учраас суурь дүгнэлтүүдийн анги нь харилцан бие биендээ тохирохгүй, хамаарахгүй маш олон боломжийг агуулж байдаг. Энд К.Поппер баримтын тухай мэдлэг бол атом мэдлэг байх тухай неопозитивист дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. К.Поппер эмпирик онол, фальсификацид орох онол гэсэн ойлголтуудыг ижил гэж үзжээ.
Фальсификацид орж байгаа системийн логик шинж чанарын асуудлыг К. Поппер цааш авч үзсэн. Онол фальсификацид орох явдлыг онол ба суурь бодомжуудын хооронд байдаг логик харилцааны хэрэгслээр тодорхойлж болно гэж К.Поппер үзжээ. К. Попперийн үзлээр суурь бодомж гэдэг ойлголт бол их өргөн хүрээтэй юм. Суурь бодомж гэдэгт баримтуудын тухай логик хэлбэрийн хувьд зөрчилгүй байх бүх сингуляр бодомжуудыг багтаасан. К. Поппер үзэхдээ баримтуудын тухай мэдлэгийг илэрхийлж байгаа бодомжуудын баттай үнэн болох нь урьдчилан ямар нэгэн аргаар тогтоогдсон байх ёстой бөгөөд суурь бодомжууд нь өөр хоорондоо, бие биеэсээ логик хамааралгүй юм гэжээ. Тухайлбал, К.Поппер: “Миний хэрэглэж байгаа суурь бодомжуудын систем гэдэг нэр томъёо бол тодорхой логик хэлбэртэй бүх сингуляр дүгнэлтүүдийг буюу баримтын тухай сэтгэхүйн сингуляр дүгнэлтүүдийг хамаарна. Ийм маягаар суурь бодомжууд бол өөр хоорондоо логик хамааралгүй, логик зохицолгүй юм” гэжээ. К. Попперийн энэ дүгнэлтээс үзвэл, суурь бодомж гэдэг ойлголтонд онолын үндсэн зарчим, тулгуур дүгнэлтүүд хамаарч байна. Жишээ нь, Ньютоны онолын суурь бодомжинд бие бүхэн масстай. энергитэй, масстай биесүүд хоорондоо таталцаж, түлхэлцэнэ, харилцан үйлчилгээний хурд хязгааргүй байна гэх мэт олон дүгнэлт энд хамаардаг. Үүнээс үзвэл сингуляр дүгнэлт гэдэг бол ерөнхийг илэрхийлсэн бодомж, дүгнэлтүүд юм. Бүх боломжит суурь бодомжууд нь дараахь хоёр ангилалд хуваагдах тийм онолыг эмпирик онол буюу фальсификацид ордог онол гэж үзээд суурь бодомжуудаа дотор нь хоёр хуваасан байна. Үүнд:
- Онолдоо зөрчилдөж, түүнийг хязгаарлаж саатуулж байдаг тийм суурь бодомжууд;
- Онолдоо зөрчилдөхгүй, түүнийг шийдвэрлэж байдаг суурь бодомжууд;
Эндээс К.Поппер фальсификацийн зарчимаа тодорхойлжээ. Онолыг саатуулж, хязгаарлаж, түүнтэй тохирохгүй байгаа бодомжуудыг энэ онолын потенциал фальсификаторууд гэж нэрлэсэн. Онол фальсификацлагдах гол шинж нь түүнийг потенциал фальсификаторуудын олонлог хоосон биш байх явдал мөн гэж үзсэн. Ийм мэдлэгийн системүүдийг шинжлэх ухааны гэж нэрлээд, бусдыг нь шинжлэх ухааны бус гэж нэрлэсэн. Үүгээрээ К.Поппер демаркацийн асуудлыг шийдвэрлэж байна гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны мэдлэгийг шинжлэх ухааны бус мэдлэгээс ялгах шалгуурыг бий болголоо гэж үзжээ.
Дээрх потенциал фальсификаторийн тухай ойлголтоо логик маягийн ойлголт гэжээ. Демаркацийн асуудал бол логик маягийн шалгуураар шавхагдаж дуусахгүй юм. Бас өөр нэг эд бүрдэлийг агуулна гэж үзжээ. Жишээ нь, арга зүйн маягийн фальсификаци буюу няцаалт байх ёстой. Үүнийг тодорхойлохдоо шинжлэх ухааны арга гэдэг ойлголтыг өөрийнхөөрөө авч үзжээ.
Арга гэж юу вэ? гэдэг асуудлыг тодорхойлоход нэлээд хүнд байдаг, Ф.Бэкон аргыг зорилгод хүргэх хэрэгсэл гэж тодорхойлсон. Энэ нь “арга бол арга мөн” гэж үзсэн тавтологи маягийн тодорхойлолт юм. К.Поппер арга бол үнэнд хүрэх зам мөн гэсэн уламжлалт тодорхойлолтыг хүлэн зөвшөөрөөгүй байна. Арга гэдэг бол шинжлэх ухааны дүгнэлтүүдтэй ажиллах маяг гэж тодорхойлсон,
Онолыг аргын тусламжтайгаар судлахыг арга зүй гэж К. Поппер тодорхойлсон. Мөн арга зүй гэдгийг шинжлэх ухааны мэдлэгийн логик гэсэн утгаар ч хэрэглэдэг. Энэ хоёр бол үндсэндээ ижил утгатай бөгөөд шинжлэх ухааны мэдлэгийн логик: гэдэг бол онолуудын онол гэсэн байна
К.Поппер дээрх аргыг тодорхойлсон “маягаа” эрдэмтдийн хоорондын Конвенциалийн шинжтэй байдаг юм гэжээ. Өөрөөр хэлбэл, хэлцлийн, тохиролцлын шинжтэй байдаг юм гэсэн. К.Поппер- ийн энэ үзлээс конвенционализмыг дүгнэлт зарчмуудын хувьд хэрэглэгдэхээсээ шинжлэх ухааны аргын системд ашиглах нь илүү тохиромжтой юм гэсэн санаа гарч байна.
К. Попперийн энэ тодорхойлолт нь орчин үеийн шинжлэх ухааны хөгжилтэй ерөнхийдөө тохирдог юм байна. Үнэхээр шинжлэх ухааны дотор арга ажиллагааны талаар тохиролцол, хэлцэл их байдаг. Ийм учраас, шинжлэх ухааны болон онолын дотор конвенционализм огт байж болохгүй гэж бидний баримталдаг хуучин үзэл зохих хэмжээний буруу юм. Эдгээр арга зүйнхээ үүднээс К.Поппер өөрийнхөө үеийн нэлээд нэртэй, дорвитой онолуудыг шинжилж үзсэн. Тухайлбал, мapксизмын онол, Фрейдийн психо-анализын онол гэх мэт.
Марксын болон Фрейдийн онол бол логик фальсификацийн зарчимд тохирч байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, энэ үүднээс нь эдгээр онолыг зөв гэжээ. Жишээ нь, ангийн тухай тодорхойлолт, ангийн тэмцлийн онол орчин үед зөрчилтэй байгаа юм. Тийм учраас, тэдгээрийг засах, засварлах хэрэгтэй байгаа болно. Харин арга зүйн фальсификацийн үүднээс эдгээр онолыг буруутгаж үзжээ. Өөрөөр хэлбэл, марксизм болон фрейдизмд гаргаад ирсэн дүгнэлтүүдтэй ажиллах тодорхой хэв маяг байдаггүй. Ингэж ажиллах арга нь тодорхой биш учраас үзэл сурталд өөрийнхөө байрыг тавьж өгдөг гэж тэрээр шүүмжилсэн байна.
Дээрх ярьсан зүйлээс авч үзэх юм бол фальсификацийн зарчим нь онолын бүх зүйлийг няцаана гэсэн үг биш юм. Зөрчил гарах, түүнтэй холбогдсон бэрхшээлүүдийг шийдвэрлэх, түүнтэй холбогдсон хэсгүүдийг засварлах тухай асуудал юм гэж үзэх ёстой. Энэ үүднээс онолын баттай үнэн байх шинж нь улам өснө гэж үзсэн.
Энэ бүхэн бол тийм ч буруу биш юм. Орчин үеийн судалгаануудын эерэг үр дүнтэй тохирч байгаа юм Эргэлзээтэй зүйл нь бүх онол, шинжлэх ухаанд тохирдог ерөнхий арга зүй байх болно гэж үзсэн явдал юм. Фальсификацид орох ба фальсификаци хоёрын ялгааг К.Поппер тодруулж ярьсан. Фальсификацид орох гэдгийг гагцхүү бодомжийн системийн эмпирик шалгуур байдлаар авч үзэж болно. Харин фальсификаци гэдэгт ямар нөхцөлд онолын систем фальсификацчлагдсан гэж үзэж болохыг тогтоох тусгай дүрмүүдийг боловсруулах ёстой.
Хэрэв суурь бодомж нь онолдоо зөрчилдөж байвал тийм онолыг фальсификацчлагдсан онол гэж үзсэн. Энэ нөхцөл нь зайлшгүй боловч хангалттай биш юм. Учир нь, зарим санамсаргүй суурь бодомжууд нь онолтойгоо зөрчилддөг боловч онолыг фальсификацид орсон гэж бүрэн баталж чадахгүй. Тэгвэл онолыг няцааж байгаа тийм үр дүн өгсөн тэр тохиолдолд бид онолыг фальсификацид орсон гэж үзэх хэрэгтэй хэмээн К.Поппер үзсэн. Өөрөөр хэлбэл, тэрхүү үр дүнг өгдөг универсалийн доод түвшингийн эмпирик таамаглал дэвшигдэн гарсан тэр тохиолдолд л онолын фальсификацийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Эдгээр таамаглалыг фальсификаци явуулагч таамаглал гэж нэрлэсэн. Таамаглалын чухал шаардлага нь эмпирик таамаглал байх ёстой. Учир нь, эмпирик таамаглалууд нь суурь бодомжтойгоо тодорхой логик харилцаанд оршдог тул фальсификацид ордог байна. Иймд дээрх шаардлага нь зөвхөн тийм таамаглалуудын логик хэлбэрт л хамаарч байна. Ийм учраас суурь бодомжууд нь хоёр үүрэг гүйцэтгэж байна гэж К. Поппер үзжээ. Нэг талаар, бүх суурь бодомжууд нь эмпирик бодомжийн хэлбэрээр ашиглагдаж байна. Нөгөө талаар, энэхүү суурь бодомжууд нь таамаглалыг гаргах үндэс болж байдаг. Хэрэв суурь бодомжууд нь зарим онолд зөрчилдөхөд (энэ нь фальсификацийн онолд хангалттай үндэслэлийг өгч байвал) тэр нь фальсификаци явуулагч таамаглалаар гарч байна гэсэн үг юм.
Фальсификацид орох шаардлагыг К.Поппер хоёр хэсэгт хувааж үзсэн байна. Үүнд:
- Арга зүйн постулат (баталгаагүй хэрэглэгдэх дүгнэлт),
- Логик шалгуурууд.
Энэхүү логик шалгуурыг К.Поппер ихэвчлэн формал хэлбэрээр, өөрөөр хэлбэл, онолын ба суурь дүгнэлтүүд хоёрын хоорондын логик харилцаа байдлаар авч үзжээ. Дараа нь үүнийгээ интутив болон ердийн бодит хэлний байр сууринаас тодорхойлсон. Энэ бодит хэл нь сингуляр болон суурь бодомжууд нь үзэгдлийг дүрсэлж байдаг байна. Үүний хамтаар онолын хэсгийг үгүйсгэж, хязгаарлалт тавьж байдаг суурь дүгнэлтүүдийн тухай ярьсан байна. Хэрэв онол нь зарим боломжтой үзэгдлүүдийг үгүйсгэж байвал энэ онолыг фальсификацид орж байна гэж үзсэн. Гэхдээ энэ боломжтой үзэгдлүүд үнэхээр бодитойгоор явагдаж байх учиртай. Гэвч үзэгдэл гэдэг ойлголтыг тодорхойгүй утгаар хэрэглэх юм бол тэр нь шүүмжлэлд заавал өртөх ёстой. К. Поппер энэхүү үзэгдэл гэдэг ойлголтыг (түүний тухай), түүнд тохирох сингуляр бодомжтой л адилтгаж үзсэн байна. Ийнхүү үзэгдэл гэдэг ойлголтыг тодорхойлоод, энэ үндсэн дээрээ хоёр сингуляр бодомж нь нэг үзэгдлийг дүрсэлж байвал тэдгээрийг логик эквивалент буюу харилцан бие биенийхээ мөрдлөг гэж үзсэн байна. Энэ тодорхойлолт нь логик эквивалент бодомжуудын тухай формал логикийн тодорхойлолттой төсөөтэй боловч сингуляр бодомжуудыг тэдгээрийн онтологи үндэстэй нь хамт илэрхийлж байгаа учраас энэ бол цэвэр формал логикийн хүрээний асуудал биш юм. Илүү их агуулгыг илэрхийлж байгаа ойлголт.
Дараа нь “үйл явдал” гэдэг нэр томъёог тодотгож авч үзсэн байна. Энд РR РI…-үүд нь үзэгдлүүдийн ангийн элементүүд, эдгээр нь зөвхөн бүрдүүлж байгаа индиви дүүдээрээ (R, I,…-ийн индивидуал нэр буюу Координатуудын тоо) ялгаатай юм.
Өөрөөр хэлбэл, орон зай, цаг хугацааны координат буюу мужуудаар ялгаатай. Ийм ангиудыг “үйл явдал” гэж нэрлэсэн байна. Ийм учраас, “энд устай аяга хагарсан” гэсэн хэллэгийн тухай ярихдаа “Устай аяга хагарсан” гэдэг үйл явдлын элемент гэж ойлгох хэрэгтэй. Харин энд үзэгдэл, үйл явц гэсэн ойлголтуудын харилцаа нь бидний хэрэглэж заншсанаас өөр, эсрэг байдалтай байгааг анхаарахад илүүдэхгүй.
Ердийн бодит хэлэнд PR үзэгдлийг дүрслэх, PR сингуляр хэллэгийн тухай яриа бол P үйл явдлын орон зай, цаг хугацааны ямужийн үзэгдлийн тухай ярьж байгаа хэллэг юм. Иймд бид PR хэллэгтэй эквивалент сингуляр хэллэгүүдийн PR анги нь Pүйл явцын элемент болж байна гэж үзэж болох юм.
К.Поппер эдгээр нэр томъёог фальсификацийн зарчмыг тодорхойлохдоо үндэс болгон хэрэглэжээ.
Хэрэв ямар нэгэн үзэгдлийг төдийгүй дор хаяж нэг үйл явцыг үгүйсгэж, хориглож байгаа талаар тухайн онолын хувьд ярьж болж байвал энэхүү онолыг фальсификацид орж байна гэж үзжээ. Иймээс хориглолт, хязгаарлалт үзүүлж байгаа суурь дүгнэлтүүдийн анги, өөрөөр хэлбэл, онолын фальсификаторуудын нөөц (сан) хоосон биш бол энэхүү онол тоо томшгүй олон суурь дүгнэлтийг агуулж байдаг. Учир нь онол бол индивидүүдийг (үзэгдлийг) ярьж байгаа биш, үйл явдлуудыг авч үздэг байна. Товчоор хэлэхэд, үзэгдэл бол орон зай, цаг хугацааны зөрөөтэй байдлыг илэрхийлж байгаа ойлголт. Харин үйл явц бол нэг төрлийн үзэгдлүүдийг хамарсан, тэдний нийтлэг тал, үндсэн онцлогийг илэрхийлсэн ойлголт юм. Жишээ нь, бороо орж байна гэдэг бол нэг үйл явц. Улаанбаатарт бороо орж байна гэвэл үзэгдэл болно. Онол фальсификацид орох хангалттай үндэслэгээ нь онол ядаж нэг буюу түүнээс дээш үйл явцад харшлах явдал юм.
Ийнхүү К.Поппер онол фальсифиkацид орох буюу онол доторх зөрчлийн асуудлыг авч үзсэн байна. Тэрээр онол доторх зөрчлийг засварлана гэдэг байр сууринаас авч үзэж байна. Тухайлбал, фальсификацийн зарчим бол жинхэнэ хэрэг л дээрээ формаль зөрчилгүйн зарчим мөн гэсэн дүгнэлтийг бий болгосон. Энэ асуудлыг тодруулан авч үзье.
Формал аксиоматиk онол дотор аливаа А томъёоны хувьд энэ томъёо (энэ хэллэг бодомж) түүний үгүйсгэл хоёр нэгэн зэрэг нотлогдохгүй байвал энэ онолыг зөрчилгүй онол гэж нэрлэдэг. Эсрэг тохиолдолд бол зөрчилтэй онол гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, өөрөө болон үгүйсгэлийн нэгэн зэрэг батлагдэх хэллэг олдож байвал түүнийг зөрчилтэй онол гэж нэрлэнэ. Эмпирик болон эмпирик бус онолууд бүгд зөрчилгүй байх ёстой. Энэ бол онолд тавигдах хамгийн чухал шаардлагуудын нэг юм гэж К. Поппер үзсэн байна.
Зөрчилгүйн тухай асуудал нь хэдийгээр формал онолын хүрээнд яригдаж байгаа ч гэсэн онтологийн чухал ач холбогдолтой шаардлага юм. Энэ нь уг онолын найдвартай хэрэглэгч дэх үндэслэл баталгааг бий болгоно. Ер нь зөрчилгүй хууль ч гэсэн Аристотелийн логикт онтологийн хууль болон томъёологдсон байдгийг нэмж анхаарах хэрэгтэй юм К. Поппер үзэхдээ онол зөрчилгүй байх зарчим нь тэр онол фальсификацид орох шаардлагууд байна. Онол дотор зөрчил илэрч болно (бидний дээр ярьсан утгаар). Энэ бол уг онол зохих хэмжээнд фальсификацид орж байгаа хэрэг юм. Энэ илэрсэн зөрчилдөө холбоотой бүх хэсгийг засварлах шаардлагатай. Энэ засварлагдсан хэмжээгээр онол фальсификацлагдаж байгаа хэрэг юм. Ийм учраас, онол бол байнгын засварт, түүний зэрэгцээгээр байнгын үйлчилгээтэй байдаг систем гэж үзэх ёстой. К.Попперийн эдгээр зарчмыг уламжлалт сонгодог философийн үүднээс авч үзвэл энд скептизмын зарчим буюу эргэлзэх зарчим маш тодорхой утгатайгаар хэрэгжиж байна гэж үзэж болно. Гэхдээ К.Поппер абсолют скептизмыг баримтлагч бас биш. Онол бол засварлагдсаар байгаад зөрчилгүй төгс боловсронгуй онолд ойртож болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энд түүний онолыг үзэх өөдрөг үзэл илэрч байгаа юм. Гэтэл шинжлэх ухааны арга зүйн тухай И.Лакатосын үзэлд абсолют скептизм томоохон байр суурь эзэлдэг. Энд тэдгээрийн арга зүйн тухай сургаалын зарчмын ялгаа гарч ирж байна гэж ойлгох юм. И. Лакaтoc үзэхдээ бидний хамгийн найдвартай гэж ойлгож байдаг арифметикийн мэдлийг зөрчлөөс хэзээ ч салшгүй гэж батлахыг зорьсон байдаг
И.Лакатосын гол алдаа бол маш найдвартай интуицийн тухай сургаалыг ашиглаагүй явдал юм. Гэтэл К. Поппер Голландын эрдэмтэн Брауэрын эгистемологи дахь интуицийн тухай сургаалыг шүүмжлэхийн зэрэгцээ өндөр хэмжээнд үнэлж түүнийг хэрэглэх асуудлыг эрдэмтдийн хэлцэл ба конвенцийн тухай асуудалтай холбоотой авч үзсэн юм. Брауэрын сургаалын гол зүйл нь интуици гэдэг ойлголтыг ялган авч үзээд, энэ дотроосоо хамгийн илэрхий интуици гэдгийг гол болгон авч үзсэн. Энэ нь Оросын философид “Праксеологи интуици” гэдэг нэр томъёогоор түгэж дэлгэрсэн байна. Эмпирик интуици гэдэг нь онол бүтээхэд гол ач холбогдолтой гэж үзсэн. Харин онолын үнэнийг үндэслэхэд онц холбогдолгүй гэж үзжээ. Ингэхлээр праксеологи интиуци бол онолыг үндэслэх мэдлэгийн гол сан гэж үзэж байгаа юм.
Энэхүү бүлэгт яригдсан зүйлүүдээс үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
Онол гэдэг ойлголт бол К.Попперийн логик – арга зүйн сургаалын гол нэгж ойлголт юм байна. Онолыг бүтээж байгаа дүгнэлтүүдийн бүтцийг авч үзэх нь энд тэргүүн зэргийн үүрэгтэй. К.Поппер шинжлэх ухааны бодомжийг зарим үед утга агуулга, төлөөлж байгаа юмнаас нь салгаж үздэг. Зарим үед тэдгээртэй нягт холбоотой ч авч үзэх аж. Энд түүний арга зүйн сургаалын томоохон урлаг оршиж байна гэж бид үзэж байна. Үүнээс үндэслэн К. Попперийн арга зүйн сургаалыг цэвэр хэлбэрчлэгдсэн сургаал гэж үзэж болохгүй. Цэвэр онтологийн сургаал ч гэж бас үзэж болохгүй. К. Попперийн сургаал бол онтологи, эпистемологи хоёрын нэгдэл, огтлолцол дээр яригдаж байгаа сургаал гэж бид үзэж байна. Тухайлбал, сингуляр бодомжийн тухай ойлголтыг зарим үед цэвэр формал логикийн хүрээнд, зарим үед түүний цаад үндсэнд оршиж байгаа баримтын үүднээс авч үзэх хоёр хандлагыг үргэлж хослуулж байгаа билээ. Ийм учраас, К. Попгер арга зүйн тухай сургаалаа утгын талд илүү хандуулжээ гэж дүгнэж болох юм. Хэлбэрийн үүднээс авч үзэх нь энэхүү сургаалын зайлшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж болно.
Онолын тухай “К.Попперийн дээрх үзэл санаа нь түүний шавь нарын бүтээлд цаашдынхаа хөгжлийг олсон юм. Энд И.Лакатосын “Судалгааны программ” гэдэг ойлголтыг авч үзэж дурьдахгүйгээр өнгөрч болохгүй юм. Энэ нь хатуу цөм гэж нэрлэгдэх хэсэг дээр огтлолцож, давхцаж байгаа онолуудын системийг илэрхийлж байгаа ойлголт юм. Өөрөөр хэлбэл, К. Попперийн онол гэдэг ойлголтыг багтаан өргөтгөж байгаа ойлголт гэж бид үзэж байна. Энэ нь шинжлэх ухааны арга зүйг илүү өргөн хүрээнээс харах боломжийг олгож байна. Тухайлбал, материаллаг цэгийн механикаас түүн дээр зохих нэмэлт шаардлагуудыг авч үзэх замаар гидромеханик, статистик механик, хатуу биеийн механик зэрэг олон онолд шилжиж байгаа юм. Эдгээр онолын хатуу цөм гэдэг нь материаллаг цэгийн механик өөрөө болж өгнө. Тэр нэмэлт шаардлагууд бол хамгаалах бүс гэдгийг бүрдүүлж өгнө.
К. Поппер дээрх онол гэдэг ойлголтоо бүрдүүлж байгаа өгүүлбэр дүгнэлтүүдийн төлөв байдлыг нарийн шинжилжээ. Энд синтетик универсал гэдэг ойлголт гол зүйл болон яригдана. Энэ ойлголтыг К.Поппер Кантын уламжлалт тодорхойлолтоор ерөнхийд нь авч үзжээ. Байгалийн шинжлэл болох фикик, хими, биологи, астрономийн мэдлэгүүд энд хамаарагдахаас гадна математикийн шинжлэх ухааны дүгнэлтүүд оролцож байдаг юм. К.Поппер байгалийн шинжлэлийн мэдлэгүүдийг өөрийнхөө судалгааны гол суурь болгон үзжээ. Гэхдээ энд математикийн мэдлэгийн тухай огт яригдаагүй гэж бид үзэхгүй байна. Энэ ойлголтыг задалж дүрсүүдэд хуваах замаар арга зүйн сургаалаа бүтээжээ гэж дүгнэж болно. Байгалийн шинжлэлийн мэдлэгүд бол туршилтын үр дүн болно. Математикийн мэдлэгт энэхүү туршлагаас хамаарахгүй мэдлэгүүд оролцоно. Үүнийг априор мэдлэг гэж Кант нэрлэж байсан. К. Поппер энэ уламжлалыг хүлээн авч хэрэгжүүлж байна.
Фальсификацид орох гэдэг ойлголтыг үзэгдэл, үйл явц гэсэн ойлголтуудын үндсэн дээр тодорхойлж байна. Үйл явц бол өөртөө нэгэн төрлийн тоо тоймшгүй олон үзэгдлийг агуулж байдаг. Үзэгдлүүд бол зөвхөн өөрсдийн орон зай, цаг хугацаагаар ялгагддаг. Энэ нь фальсификацийн зарчмыг тодорхойлох үндэс гэж К. Поппер үзжээ. Ганц нэгэн баримтад харшлах явдал бол фальсификаци бүрэн хэмжээгээр явагдаж байгаагийн хангалттай нөхцөл биш юм гэж үзсэн.
Хянсан: Б. АРИУНБАЯР