
М. Энхсайхан
/Олон улсын эдийн засагч, Дэд доктор, Монгол улсын ЕТГ-ын дарга/
Шинэ толь №8, 1995
Түлхүүр үг: Эдийн засгийн хямрал, мөрийн хөтөлбөр, хямралын менежмент, үйлдвэрлэлийн зогсонги байдал
1989/90 оны зааг дээрээс, өөрөөр хэлбэл Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсч, нийгэм бүхэлдээ өөрчлөгдөж ирэх тэр мөчөөс Монгол дахь үйлдвэрлэлийн хэмжээ унаж, эдийн засаг хямарч эхэлсэн нь бодит үнэн. Үүний үндсэн шалтгааныг манай хуучин эдийн засаг шинэ нөхцөлд зохицох чадваргүй, тэгээд ч нэг их гүрнээс хараат байсан хийгээд урьдын адил бэлэн зээл, тусламжинд дулдуйдах бололцоогүй болсон гэх зэргээр тайлбарлаж болно. Социалист гэгдэж байсан бүх орон ардчиллын замыг сонгосон, мөн л эдийн засаг нь хямарч бэрхшээл зовлон амсч байгааг бид харж сууна. Эдийн засгийн хямрал зөвхөн Монголд биш, шилжилтийн шатанд байгаа бүх оронд гарч байгаагаас үзэхэд зүй тогтолт үйл явц гэж үзэж болохоор байгаа юм. Гэвч цаг хугацааны хувьд ардчилал, эдийн засгийн хямрал давхцсан явдал ердийн ухамсарт хямрал гарах болсон үндэс нь ардчилал өөрөө гэж ойлгогдох болсон юм. Энгийн ухамсарт суусан энэхүү ташаа ойлголтыг намынхаа явцуу эрх ашигт хэрэглэх гэж махран зүгэсэн тийм улс төрийн зүтгэлтнүүд өнөөдрийн УИХ-д нилээд бий. Чухам хэн бэ гэдэг нь тийм ч чухал биш. Учир нь тэд парламент дахь “энгийн ухамсрын” тусгал байлаа. Хэргийн учир чухамхүү тийм хүмүүс улс орны эдийн засгийн хямралыг гэтлэн давах талаарх арга замыг зөв олоход сөргөөр нөлөөлдөгт байгаа юм. Хэргийн учир чухамхүү тийм хүмүүс улс орны эдийн засгийн хямралыг гэтлэн давах талаарх арга замыг зөв олоход сөргөөр нөлөөлдөгт байгаа юм. Хэргийн учир чухамхүү тийм хүмүүс шинэ намуудад биш, эрх баригч намд олонхи болж байдагт өнөөдрийн эмгэнэлт байдал оршиж байгаа юм. Хэрвээ 1992 оны УИХ-ын сонгуулийн компанийг эргэн санавал улс төрийн хүчнүүдэд эдийн засгийн хямралыг гэтлэн давах асуудлаар үндсэндээ хоёр өөр байр суурь байлаа. Үүнд:
Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн уналтыг зогсоох, сааруулах асуудлыг төдийлөн анхаарахгүйгээр бүтцийн өөрчлөлтийг шуурхай хийж, ирээдүйн тогтвортой өсөлтийн үндсийг бүрдүүлэх саналтай хэсэг, тухайлбал шинэ намуудын төлөөлөгчид ийм бодолтой байсан болов уу гэж бодогдохоор байгаа юм. Энэ байр суурийг улс төрийн хэллэгээр “цочир эмчилгээ” гэж нэрлэдэг бололтой.
Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн уналтыг сааруулан, зогсоох асуудлыг анхаарлынхаа төвд байлгаж бүтцийн өөрчлөлтийг зугуухан хийх саналтай хэсэг, тухайлбал, МАХН энэ байр суурийг тодорхой илэрхийлэгч нь байсан юм. Дээрх хоёр байр суурийн аль алинд нь сайн, муу талууд байсан нь мэдээж. Гэвч улс төрийн хүчнүүдэд улс орныхоо эдийн засгийн хямралыг гэтлэн давах талаархи байр сууриа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн явцад гүн гүнзгий тайлбарлаж өрсөлдөгчдөөсөө шүүмжлэл сонсох, баримталж байгаа байр сууриа эргэж нягтлах тийм бололцоо, цаг хугацаа ч гарсангүй. Улс төрийн соёлтой маргалдаж чаддаггүйн гай гэх үү, сонгуулийн компанийг зөвхөн сарын хугацаанд зөвшөөрдөг сонгуулийн хуулийн мадаг гэх үү, ямар ч байсан үүнээс монголчууд хэн маань ч хожсонгүй гэдгийг өнөөдөр баттай хэлж чадах байна. Учир нь өнгөрсөн 3 жилд эдийн засгийн хямралыг гэтлэн давах талаар Засгийн газраас дорвитой алхмууд хийж чадсангүй. Дүндээ алдагдсан он жилүүд байлаа. Ирэх сонгууль хүртэл тодорхой зүйл хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болсон үе. Яагаад ийм байдал бий болов гэдгийг товч авч үзэх гэж оролдъё.
Өнгөрсөн сонгуульд МАХН бид эдийн засгийн “муужруулан эмчлэх” аргаас татгалзаж сонгуулийн бүрэн эрхийнхээ эхний 2 жилд үйлдвэрлэлийн уналтыг сааруулан, зогсоож, дараа нь сэргээнэ гэж эдийн засгийн үзэл баримлалаа томъёолсон юм. “Цочир эмчлэх” гэж хэлэх нь улс төрийн өрсөлдөгчөө “муужруулахад” МАХН-д хэрэгтэй байсан гэдгийг ойлгож байна. Гэвч ингэснээрээ “бид бусдаас илүү боловсон хүчинтэй ерөнхий сайдын албыг хашчих хүн манай намд эгнэчихээд байна гэж ярьдаг” МАХН өөрсдийгөө “энгийн ухамсрын” түвшинд хүртэл унах замаа нээж, өөрсдийн эдийн засгийн үзэл баримтлалынхаа сайн, муу талыг ойлгож чадсангүй. Шинэ намууд ч “цочир эмчлэх” гэж юу яриад байгаа юм, түүний сайн муу талыг хэлж чадсангүй дэмий л биднийг “муужруулагчид” хэмээн буруутгаж байна гэж бухимдсаар цагийг барж байсан юм. Ингэж л шинэ намуд өнгөрсөн 3 жилийг монголчуудын хувьд алдагдсан он жилүүд болоход “хувь нэмрээ” оруулсан юм.
Сонгууль явагдаж дүн нь гарлаа. Сөрөг намууд нь байтугай эрх баригч нам нь хүртэл гайхахаар дүн гарлаа. “Цочиж сандарсан” шинэ намууд эдийн засгийг хямралаас гаргах талаарх зөв зүйтэй саналаа ярих, хөгжүүлэх сөхөөгүй боллоо. 1990 оноос хойшхи МАХН бусдын шүүмжлэлийг анхааралтай сонсож хийж алдаж, сурч байсан бол 1992 оноос хойш тэдний үйл ажиллагаанд хэрэг болоод өгчих юм, хэлээд өгчих улс төрийн хүчин алга боллоо. Сонгуульд ялсандаа эрдсэн хүмүүст бусдын үг анзаарагдахгүй байлаа. Дутуу дулимаг бодож боловсруулсан МАХН-ын эдийн засгийн үзэл баримтлалыг чиглэлээ болгосон хуучин “төлөвлөгөөний” эдийн засагчдад засгийн эрхийг мэдүүлжээ. Тэд маань эдийн засгийн үйл явцыг удирдан залъя гэхээр төлөвлөгөөт эдийн засгийг залдаг аргаас өөрийг мэдэхгүй тул эдийн засгийн шинэ үйл явцад садаа болохгүй зарчмыг өнгөрсөн хугацаанд барив бололтой. Дүндээ эдийн засаг урсгалаар явж нэгэн гадаадын хүний дүрсэлснээр Засгийн газар усанд живж байгаа хүнийг санагдуулан, гараа сарвалзаж, үе үе дайралдсан бүрээс зулгааж, татаж байх шиг. Гараа сарвагануулж байхад нь гарт нь Айбекс, МОЛАМ дайралдах жишээтэй. Засгийн газрын маань дүр төрх нэг иймэрхүү байх юм.
Сонгуулиас хойш даруй 3 жилийн хугацаа өнгөрлөө. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа өнгөрлөө. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох дөхөж байна. Улс орныхоо эдийн засгийн хямралыг гэтлэн давах талаар сонгуульд “Ялалт” байгуулсан үзэл баримтлал хэр зэрэг зөв байв гэдгийг тунгааж бодох цаг болсон гэж бодож байна.
Монголд үйлдвэрлэлийн уналт үргэлжилсээр байна. Зэс, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, бусад бүх төрлийн үйлдвэрлэл, унасан дүн мэдээ бий.
Дээрх 2 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээгээр үнэн байдлыг будилуулж үйлдвэрлэл тогтворжиж, сэргэж байгаа мэт ярих нь өөрөө өөрсдийгөө хуурахтай адилхан юм. Дэлхийд хөгжингүй орнууд хар төмөрлөгийн үйлдвэрээсээ салж гуравдагч орнуудад тэр үйлдвэрлэлээ шилжүүлэх хандлага байгааг мэдсээр байж хар төмөр гаргаж эхэлснээр үйлдвэрлэл тогтворжлоо гэх юмуу, бүтцийн ирээдүйтэй өөрчлөлт хийчихлээ гэж ярих нь туйлын гэнэ зүйл. Товчхон хэлэхэд, бүхэлдээ Монгол Улсын эдийн засгийн хямралаас гаргах арга замаар МАХН-ын баримталсан үзэл баримтлал 1992 оны сонгуульд “ялалт” байгуулсан хэдий ч амьдрал дээр ялагдлаа. Сонгуулийнхаа эдийн засгийн үзэл баримтлалыг онолын хувьд энэ Засгийн газар хэрэгжүүлж болох байсан уу гэвэл болох байсан юм. Ингэхийн тулд мөнгөний ханш уналтыг өнөөдрийнхөөс хавьгүй өндөр байлгахаас өөр зам Засгийн газарт үлдэхгүй байх байлаа. Гэтэл энэ нь Олон улсын валютын сантай тохиролцсон тохиролцоог эвдэхэд хүргэх учир Засгийн газарт сонгуулийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зөвхөн “онолын” бололцоо байсан тухай ярихад хүргэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монгол улсын эдийн засгийг хямралаас гаргах талаарх 1992 оны сонгуулийн компанийн үеэр байсан үндсэн 2 гол үзэл баримтлалын нэг нь, нам нь сонгуульд ялагдсан учир хэрэгжих бололцоогүй болсон, нөгөө нь сонгуульд “ялалт” байгуулсан боловч амьдралд хэрэгжиж чадсангүй.
Монгол ганцаараа шилжилтийн шатанд явж байгаа орон бишээ. Бидэнтэй ижил төстэй асуудлыг шийдвэрлэх гэж оролцож буй 30 гаруй орон бий. Тэдний туршлага юу хэлнэ вэ? Нэг ч оронд эдийн засгийн тогтвортой өсөлт төсвийн алдагдал ДНБ-ий 6 хувиас өндөр байх нөхцөлд гарч байсангүй (Монголд энэ үзүүлэлт 8-12%). Мөн ийм нөхцөлд нэг ч оронд мөнгөний ханш уналт жилд 40-өөс доош хувь болж байгаагүй байна. Манай эдийн засаг урт хугацааны зогсонги байдалд орлоо. Монгол улс XXI зууныг тогтвортой хөгжлийн суурь дэвсгэртэйгээр утгтаж чадахгүй боллоо. Монголын эдийн засаг тодорхойгүй төлөв байдалд орж тохиолдолоор сүйрэхэд бэлэн болов.
Эл байдлаас гарах асуудал 1992 онд тавигдаж байсан зорилтоос хэдэн арав дахин хүнд хүч хөдөлмөр хугацаа шаардах болно. Шилжилтийн шатанд яваа орны хувьд 3-4 жилийг алдана гэдэг нь бүхэл бүтэн түүхэн боломж хэдэн арван жилийг алдаж туусантай адил. Үүнийг бид өнөөдөр ойлгож чадахгүй байгаа бол бидэнд зовох л үлдлээ гэж хэлэх байна.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/