Р. Баясгалан
/Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн ажилтан/
Шинэ толь №8, 1995
Хүн төрөхтөний аж ахуйн харьцааны түүхэн хөгжлийг эргэн харахад улс түмнүүдийн зээл, өрийн асуудал газар бүр өөр өөрийн онцлогтойгоор зохицуулагдаж ирсэн түүхтэй. Харин хорьдугаар зууны дунд үеэс эхлэн тэр нь дэлхий, бүс нутаг болон улс төр эдийн засгийн томоохон бүлэглэлүүдийн хэмжээнд дэлхийн хөгжилтэй нягт улдаа холбоотой, олон улсын төр, эдийн засагт хөгжлийн стратеги, менежментийн томоохон асуудал болон хувирчээ. Энэ нь юуны өмнө Дэлхийн хоёрдугаар дайны дараа колоничлолоос ангижирсан, улс төрийнхөө эрх чөлөөг олсон боловч эдийн засгийн хараат байдалд хэвээр үлдсэн, хөгжлийн түвшин дорой орнууд, тэдгээрийн зээл өрийн байдал дааж даагдашгүй хэмжээнд хүрсэнтэй холбоотой. Хуучин социалист гэгдэж байсан. Тэр дотроо түүхий эдийн хавсрага болж хувирсан, эдийн засгийн талаар бие дааж хөгжих чадваргүй зарим орнуудад ч энэ нь цаашдаа эдийн засгийн хөгжилд нөлөөлж болзошгүй, цаашилбал бүр эдийн засгийн аюулгүй байдалтай ч холбоотой холбоотой асуудал болж хувирах нь байна. Одоо ч Монгол улсын хувьд хуучин улс төр, эдийн засгийн хамтын нийгэмлэгийн хүрээнд багтаж байсны “ач”-аар өнөө хүртэл өвөлж авч үлдсэн өрийн эмзэг асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа билээ. Дээдсийн зиндаанд нааштай шийдвэрлэгдэх гэж байгаа мэт боловч яг амьдрал дээрээ чухамхүү ямар гээчийн аргаар зохицуулагдах юм бол гэсэн бодол хэн бүхний санааг зовоож байгаа байх.
Монгол улсын хувьд өрийнхөө асуудлыг нааштайгаар шийдвэрлэхгүйгээр цаашид зах зээлийн жам ёсны хөгжлийн замаар замнах гараа туйлын хүндрэлтэй болох нь ойлгомжтой. Өрийг зохицуулж шийдвэрлэх явдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, улс төрийн эрх ашгийг сахин хамгаалах үүднээс туйлын нямбай ажиллагаа шаардах бөгөөд түүнийг зохистой шийдвэрлэж эс чадваас хойч үеийнхээ хөгжлийн ирээдүйд ихээхэн дарамт учруулж болзошгүй. Өвлөж авч үлдсэн өрөө зохицуулчихдаг юм аа гээд хийсвэрлээд бодсон ч өдгөө 2-3 жилийн өмнөөс авч эхэлсэн зээл, цаашид чавах зээл, түүний хүү, хүүгийн хүүгээд ихэд хуримтлах өр, түүнийг барагдуулах асуудал хурцаар тавигдахгүй гэх баталгаа одоогоор харагдахгүй байна. Иймээс өрийн асуудлыг олон улсын байгууллагын хүрээнд авч үзэн шийдвэрлэдэг прaктикаас дурьдах нь зүйтэй болов уу.
1948 оноос эхлээд Дэлхийн банк нь хөгжиж буй орнуудын засгийн газарт эдийн засгийн хөгжлийг нь дэмжих зорилгоор эхний 5 жилд эргэж төлөгдөхгүйгээр, 20 жилийн хугацаатай засгийн газрын урт хугацааны зээл олгож эхэлсэн түүхтэй. Тодруулбал, Дэлхийн банк нь Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК, 1956 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн). Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА, 1960 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн) зэрэг хоёр салбартай бөгөөд ОУХА нь туйлын ядуу орнуудад хүүгүй, эхний 10 жилдээ төлөгдөх шаардлагагүйгээр нийтдээ 50 жилийн хугацаатай зээл олгодог бол ОУСК нь хөгжиж буй орны хувийн хэвшлийнхнийг дэмжиж, гадаад хөрөнгө оруулалт хийхэд туслах, өөрөө хувь хөрөнгө оруулж оролцох зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Дэлхийн өртэй орнуудын тоонд гол төлөв дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээ, оюуны багтаамж ихтэй бүтээгдэхүүн болон үйлчилгээ үйлдвэрлэгддэггүй, газрын тос үл олборлогч, худалдааны нөхцөлүүд нь харьцангуй ашиг муутай, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн (гол төлөв америкийн) банкуудад их хэмжээний өртэй орнууд ордог. Эдгээр орны өр барагдуулах асуудал юуны түрүүнд тэдний нийлүүлж буй түүхий эдийн үнийн өсөлт хөгжингүй орнуудын бэлэн бүтээгдэхүүний өсөлтөөс байнга хоцорч, тэдний зах зээлд нэвтрэхэд худалдааны элдэв хориг саад ихтэй, газрын тосны үнэ хэд хэдэн удаа эрс нэмэгдсэн, олон улсын санхүү-валютын зах зээл харьцангуй хаалттай, чөлөөтэй хөрвөдөг валют, үндэсний валют хоёрын ханшны хөдөлгөөн нь эсрэг динамиктай, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн уян чанар дорой. Тогтворжилтын бодлого үр өгөөж багатай, үүний улмаас инфляцын түвшин харьцангуй өндөр, гадны зээл, тусламжид дулдуйдан явуулсан хөрөнгө оруулалтын бодлого нь эргэж төлөгдөх баталгаа багатай, экспортын бүтээгдэхүүн нь дэлхийн нийтийн стандартаас байнга хоцорч байдгаас дэлхийн жишигт хүрдэггүй зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч хурцадсан, хурцадсаар ч байна.
Дэлхийн болон хувийн банкуудаас олгосон зээл, түүнийг төлөх бололцоогүй болсон, улмаар гадаад өрөө барагдуулах санхүү, эдийн засгийн тэнхээгүй болсон орнууд өрөө барагдуулахын тулд төв засгийн газрын зардлыг багасгах, импортын хэмжээгээ бууруулж экспортоо нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцэлээ сайжруулах үүднээс дахин зээл авах зэргээр дуртай дургүй ч бодлогын шинж чанартай өөрчлөлт хийх гарцаагүй шахалтанд орохын зэрэг тэр, өрийг төлөх хугацааг хойшлуулах, өрийг нимгэлэх, бүр аргагүй байдалд хүрвэл уучлуулах зэргээр асуудлыг олон улсын хэмжээнд шийдвэрлүүлэхээс өөр арга замгүй нөхцөлд орж зохицуулж байгаа мэт боловч энэ нь үнэн хэрэгтээ асуудлыг зохистой шийдвэрлэх гол хэрэгсэл болж чадахгүй байна гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм байна. Өрийн асуудлаа зохистой шийдсэн орны тоо тун цөөн байгаа бөгөөд уг асуудлыг үндсээр нь шийдье гэвэл дэлхий нийтийн хэмжээнд гадаад худалдааны борлуулалтын хэмжээг олон арван жилийн турш хэдэн зуун тэрбум америк доллараар жил бүр тууштай нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Гэтэл дэлхийн зах зээл гэдэг нь олон үйлдвэрлэгч, худалдаачид, Корпорацын дунд аль хэдийнээ хуваагдсан, бодит эрэлтийн төлөө хатуу ширүүн өрсөлдөөний талбар болон, түүнд нэвтрэх нь зүүний нүхээр ташуурын сур сувлэхийн адил болжээ.
Өнөөдөр их хэмжээний өртэй хөгжиж буй орнуудын эдийн засгийн байдлыг авч үзвэл, тэд зээлээр буюу экспортоор олсон чөлөөт валютын нөөцөө гол төлөв өрийн үйлчилгээнд зориулсанаас өөрийн орны эдийн засгийн өсөлтөд нэмэр болох болоогүй байна. Энэ утгаараа хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийн түвшингээс дунджаар хэдэн арван жилээр хоцрогдож, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур, захиргааны аппаратын төрийн үүргийг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, мэдлэг дорой, тээврийн болоод нийгмийн дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй, цахилгаан эрчим хүчний хангалтын асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд цаашид ч дорвитой ахиц гарах хандлага төдийлөн сайнгүй байна. Өрийн үйлчилгээ нь нэгэнт тухайн орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх биш, харин бүр сулруулж байгаа нөхцөлд Олон Улсын валютын сангаас тувьж буй болзолуудыг зээлдэгч орон тус бүр хангах бололцоогүй болж байгаагаас тухайн орны дотоод байдал, ардчилалд сөргөөр нөлөөлөх байдалтай байна. Хөгжиж буй орнуудад чөлөөт валютын нөөц хуримтлагдахад саад бэрхшээл болж буй нэг зүйл бол эдийн засгийн дотоод байдал, мөнгө, зээл, татварын бодлогоос шалтгаалж чөлөөт валютыг гадаадын банкуудад байрлуулах, чөлөөт валютын зохиомол хомсдол бий болох, улмаар төлбөрийн чадвар алдагдуулахад хүргэдэг. Сүүлийн үед хувийн банкуудаас хөгжиж буй орнуудад шинээр зээл олгох явдал үндсэндээ хумигдаж, олгосон ч тэр нь хуучин зээлийн өр, түүний хүүгийн хүүг төлөхөд гол төлөв зарцуулагдаж байна. Шинэ хөнгөлөлттэй зээл авах, экспортоо эрс нэмэгдүүлэх зэргээр ердийн замаар өрийг барагдуулах нөхцөл бүрдэхгүй байгаа өнөө үед өрөө эргэж төлөх бололцоогүй, бүр дангаар татгалзах явдал олон улсын практикт гарсаар байна. Одоогоос 13 жилийн өмнө Мексикийн засгийн газраас гадаад өрөө төлөх бололцоогүй тухай дангаар зарласан нь өрийг зохицуулах олон улсын нэгэнт хэвшсэн тогтолцоог эвдэж, дэлхийн санхүүгийн системийг хямралын ирмэгт авчирсан төдийгүй засгийн газрын баталгаатай зээл ч эргээд төлөгдөх баталгаагүй болох аюул бий болж эцсийн дүндээ зээлдэгч, зээлдүүлэгч хоёр хэн ч асуудлыг тал талаасаа зохицон шийдвэрлэхийн чухлыг тод томруунаар харуулсан үйл явдал болсон билээ. Зөвхөн 1975-1982 оны хооронд хөгжиж буй орнуудын өр 3 дахин нэмэгдэж 653 тэрбум ам.долларт хүрсэн бол өнөөгийн байдлаар 1,800 тэрбум орчим доллар, зарим орны үндсэн өрийн төлбөр, түүний үйлчилгээний хүү нь экспортын 20-42 хувьд хүрээд байна. Дээрхи хямралаас гарахын тулд олон улсын санхүүгийн байгууллага, хувийн банкуудын зүгээс асуудлыг шийдвэрлэх зорилгоор өрийг нимгэлэх, хойшлуулах, уучлах зэргээр зохицуулах менежментийг улам боловсронгуй болгох талаар тод чармайлт гаргасан ажээ ОУВС-аас цаашид дэлхий нийтийн санок банкны системийн тогтвортой байдлыг хангах, зээлдэгч орнуудад бүтэц, тогтворжилтын бодлого бүхий зохицох хөтөлбөрүүдийг дэмжих санокгийн зах зээлд тэдгээр орнуудын нэвтрэх боломжийг олгох зэрэг 3 гол зорилгыг хэрэгжүүлж ирснээр олон улсын өрийн менежментийн стратеги нь тодорхой амжилтад хүрсэн боловч ОУВС-аас боловсруулсан энэхүү стратегийг Лондон дахь стратегийн судалгааны олон улсын институтийн шинжээчид (Ричард Потог.м) эсэргүүцэж байгаа аж. Харин 1989 оноос хойш Америкийн сангийн сайд асан Николас Брeдийн санаачилгаар 39 орны 70 орчим тэрбум долларын өрийг багасгах зорилго тавьж одоогоор 18 орны 60 орчим тэрбум долларын өрийг бараг дуулсан нь үлэмж үр дүнд хүргэлээ гэж Вашингтон дахь олон улсын эдийн засгийн институтийн төлөөлөгч Вильям Клайн үзэж байгаа аж. Тухайлбал, 1978 оны 10 дугаар сарын 4-нд ХБНГУ-ын Засгийн газар нэн буурай хөгжилтэй орнуудад сангийн хамтын ажиллагааны хүрээнд олгосон зээлийг уучлах шийдвэр гаргаж 1985 он хүртэл нийт 24 орны 4.2 тэрбум дойч маркийн зээлийг хүүгийн хамт хүчингүй болгожээ.
1994 оны 11 дүгээр сард хуралдсан “Парисын Клуб”-д нэгдэн орсон 18 орны төлөөлөгчдийн хурал дээр буурай хөгжилтэй орнуудад хөнгөлөлттэй зээл олгох талаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна. Гэхдээ их долоогийн уулзалтын Неапольд хүрсэн тохиролцооны дагуу (нэн ядуу орнуудын төлөх өрийг 65 хувь хүртэх хэмжээнд уучлах) ядуу орны эдийн засгийн өсөлтөд түлхэц болох арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байна.
Монгол Улсын хувьд өрийн асуудлыг шийдвэрлэж, ирээдүйдээ өрийн дарамтанд орохгүй байх баталгаа нь үндэсний хөгжлийн стратегийн ямар замаар замнах вэ гэдгээс ихээхэн хамаарна. Хөгжиж буй орнуудын хөгжлийн чиг баримжааг үндсэнд нь тухайн орны хүн амын үндсэн хэрэгцээг хангах, дэлхийн худалдаа, ялангуяа хөгжилтэй орнуудтай хийж буй худалдаа, эдийн засгийн харилцаанаас салан тусгаарлах, дэлхийн худалдаанд өөрийн орны эзлэх байр суурийг олох зорилгоор экспортын үйлдвэрлэлийг түлхүү хэрэгжүүлэх гэсэн гурван стратегит хувааж авч үздэг. Иймд өрийн асуудлыг шийдвэрлэхэд хөгжилтэй орнуудын засгийн газар нь ирээдүйн экспортоо баталгаажуулахын тулд хөгжиж буй орнуудын эдийн засгийг сэргээн босгох, тогтворжиход нь дэмжлэг туслалцаа болгож тодорхой томоохон төслүүдийг эргэж төлөгдөх бололцоотойгоор маш бага хэмжээний хүүтэй, урт хугацааны зээлээр санхүүжүүлж байх, зээл авах хязгаарыг экспортын тодорхой хувь хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар тооцож байх аргуудыг ашиглагдагийг анхаарах нь зүйтэй болов уу.
Нөгөөтэйгүүр, манай оронд зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүрэн бүрдээгүй нөхцөлд зээлийг олдосоны хирээр авах биш, харин ч зарим үед бүсээ чангалан татгалзах ч нэг хэсэгтээ тустай байж болох талтай. Энэ нь манайд өр, түүнийг зохицуулах нэгдсэн бодлого, менежментийг буй болгох хэрэгтэй гэсэн үг юм. Учир нь, эцэстээ олон улсын хамтын нийгэмлэгээс үзүүлж буй туслалцаа ямарваа нэгэн хэмжээнд, хэзээ нэгэн цагт өнөөгийх шиг олддогоороо олдохгүй, нилээд хатуу нөхцөлтэй болж хаагдана. Урьд өмнө нь тавьсан өр ширний тооцоо удахгүй нэхэгдэх цаг хугацаа ч ирнэ.
Гадаад хөрөнгө оруулалтыг урамшуулах механизмын тухай
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд хөгжиж буй орнууд хөрөнгө оруулалтыг урамшуулах янз бүрийн арга хэмжээ, тухайлбал, зөвхөн татвар, тарифын хөнгөлөлт бус санхүүгийн ба санхүүгийн бус бусад арга хэмжээ авдаг байна. Орон бүр өөрийн гэсэн хөрөнгө оруулалтын урамшуулах механизмтай боловч хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалтыг урамшуулах механизмд дараах нийтлэг зүйл байна.
- Хөрөнгө оруулалтыг урамшуулах нь үндэсний хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг байна. Тэргүүлэх үйлдвэрийг байгуулах, хоцрогдсон газар нутгийг хөгжүүлэх, ажилгүйдлийг багасгах, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлуулах, дотоодын технологи, судалгааг дэмжих зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглахыг эрмэлздэг.
- Хөрөнгө оруулалтыг урамшуулах нь хөрөнгө оруулалт гэсэн өргөн утгаараа тодорхойлогддог учир гадаадын ба дотоодын хөрөнгө оруулалтад ижил байдаг байна.
- Нефть, уул уурхайн салбар нь хөрөнгө технологи, аз туршсан үйл ажиллагаа их хэмжээгээр шаарддаг тул төслийн байдлаас хамаарч хэлэлцээрийн нэг хэсэг байдлаар урамшуулалтыг хэлэлцэн тохирдог.
- Санхүүгийн бус урамшуулалт гадаадын хөрөнгө оруулалтыг татах бас нэг чухал зүйл юм. Үүнд: Гадаадын хөрөнгө оруулагчдад хууль зүйн баталгаа олгох эрхийн бүртгэл ба ёс журмын энгийн байдал, хөрөнгө оруулах салбаруудыг аль болох нээлттэй болгох, зөвшөөрөх, хянах, батлах ажиллагааг “нэг дамжлагатай болгох, Засгийн газрын бодлого ойлгомжтой байх, зэрэг чухал анхаарууштай асуудлууд орно.
- Хөгжиж буй орнуудад гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах гал механизм: татвар, тарифын урамшуулалт, татварын бус урамшуулалт, хоёр талын татварын хэлэлцээр, хөгжингүй орнуудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хамаалах хоёр талын хэлэлцээр гэсэн бүтэцтэй байдаг.
А. Санхүүгийн урамшуулалт
I. Татварын урамшуулалт
1) Татвараас чөлөөлөх;
2) Татварын хэмжээг багасгах,
3) Татварын зээл;
4) Татвар ногдуулах ашгийг багасгах;
5) Хөрөнгө оруулалтын хөнгөлөлт,
6) Элэгдэл хорогдолын шимтгэлийг өндөр тогтоох;
7) Суутгалын татвар, роялти, төлбөр төлөөс зэргээс чөлөөлөх, хэмжээг нь багасгах;
8) Алдагдлыг урьдчилан баталгаажуулах;
9) Тарифын урамшуулалт: импортын татварыг багасгах, чөлөөлөх, буцааж төлөх, тоног төхөөрөмж, түүхий материал, бусад эд ангиудын худалдааны татварыг багасгах, чөлөөлөх;
10) Тоног нутгийн засаг захиргаанаас ногдуулах татварыг багасгах, чөлөөлөх.
II. Хөрөнгө мөнгөний урамшуулалт
1) Татаас буюу буцалтгүй тусламж,
2) Хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох гадаадын зээлд баталгаа гаргах;
3) Экспортын зээл, экспортын даатгал
4) Газар, үйлдвэрийн барилга, ус, эрчим хүч зэрэг дэд бүтцээр татаас өгч хөнгөлөлт үзүүлэх;
5) Тээвэрлэлтэд татаас олгож хөнгөлөлт үзүүлэх;
6) Ажилчдыг сургахад санхүүгийн тусламж үзүүлэх;
7) Гэрээр ажиллагсдад үзүүлэх санхүүгийн тусламж,
8) Импортод зориулах гадаад валютын хуваарилалт, олж авсан гадаад валютыг илүү чөлөөтэй хэрэглэх,
9) Худалдааны чөлөөт бүс.
Б.Санхүүгийн бус урамшуулалт
1) Бодлогыг тогтвортой байлгах;
2) Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагыг бүртгэх, батлах үйл явцыг хялбар байлгах,
3) Өмчийг хураан авах, шаардах, ялгаварлан гадуурхах, хөрөнгөө гуйвуулах, хөрөнгө оруулалтын ашгаа шилжүүлэх, маргааныг шийдвэрлэх, механизм зэрэг үндсэн асуудлаар бодлого тодохойлогдсон байх;
4) Давхар татвараас чөлөөлөх арга хэмжээ;
5) Хөрөнгө оруулалтыг урамшуулах хамгаалах хоёр талын хэлэлцээрүүд;
6) Өмчлөх, хяналт, ажилчдыг хөлслөх зэрэгт уян хатан бодлоготой байх;
7) Импортын өндөр тариф тогтоож импортын өрсөлдөөнөөс гаалиар хамгаалах;
8) Үнийн хяналт, Засгийн газрын өрсөлдөөнөөс хамгаалах, Дотоодын бус түүхий эд, хоёрдогч материал, сэлбэгийн импортыг илүү чөлөөтэй болгох,
10) Худалдааны тэмдэг, патент, дизайн, зохиогчийн эрх, өмчийн ноу-хау гэх мэт үйлдвэрлэлийн өмчийн эрхийн хамгаалалт
Хянасан: Б. АРИУНБАЯР