Ч.Эрдэнэчулуун
/БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан, социологич/
Шинэ толь №9, 1996
Түлхүүр үг: Батлан хамгаалах, Иргэний хяналт, аюулгүй байдал, хяналтын тогтолцоо
Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК
Зэвсэг хүчин бол төрийн биеэ даасан институт, хүчирхийллийн хэрэгсэл, нийгмийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн. Иргэний ардчилсан нийгмийн тогтолцооны үед зэвсэгт хүчин нь улс төрийн үйл ажиллагааны гадна өөрөөр хэлбэл, улс төрийн амьдралд сайн дураар төвийг сахих байдлаар хандаж, улс орны тусгаар тогтнол, бүхэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, агаарын болон хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж шаардлагатай үед энэ үүргээ амжилттай биелүүлэхэд бэлэн байх ёстой.
Тоталитар нийгмийн тогтолцооны үед зэвсэгт хүчин нь улс төрийн хүчин байж түүний үйл ажиллагаа нь төржсөн намын хараа хяналтанд байдаг бол иргэний ардчилсан нийгмийин тогтолцооны үед төрөөс удирдаж, үйл ажиллагаа нь иргэний хяналтанд байх зарчимд тулгуурладаг дэлхий нийтийн жишиг байна.
Манай орны хувьд зэвсэгт хүчин бусад цэрэгт тавих иргэний хяналтын уламжлалт тогтолцоогүй тул энэ асуудлыг нэлээд ул суурьтай авч үзэж зарим практик алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Монгол Улсын Үндсэн хууль Зэвсэгт хүчин бусад цэрэгт иргэний хяналт хэрэгжих үндсийг тавьж өгсөн. Тэрчлэн Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулинд “УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагаанд иргэний хяналт тавина”. (2) гэж заасан. Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт нь хэдийгээр эрх зүйн хувьд ийнхүү тусгалаа олсон боловч зохион байгуулалт үйл ажиллагааны хувьд бодит ажил болж цаашид хэрэгжих зүгширсэн механизм хэвшиж бүрдээгүй эхлэл төдий байна.
Иймд Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын онол практикийн хувьд нарийвчлан судалж тодорхойлох нь арга зүйн төдийгүй иргэний ардчилсан нийгмийн Зэвсэгт хүчний байгуулалтын тулгамдсан олон арван асуудлыг шийдвэрлэхэд хариу өгөх чухал холбогдолтой юм.
Судлаач Р.Болд нэгэн бүтээлдээ Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг улс төрийн үүднээс Зэвсэгт хүчний байгуулалтын тэргүүлэх үндсэн зарчим, эдийн засгийн хувьд татвар төлөгчдөөс төрийн цэргийн бодлогод тавих хяналт, цэргийн үүднээс Зэвсэгт хүчин бусад цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нийгмийн үндсэн нөхцөл гэж тодорхойлох болох юм. Чухамхүү иргэний хяналт бодитой үйлчилж байж сая мэргэжлийн армийн түвшинд хүртлээ хөгжиж, байлдах өндөр чадвартай болдгийг олон орны туршлага харуулж байна гэсэн чухал санаа дэвшүүлжээ.(3)
Иргэний хяналтын үндсэн зорилго нь Зэвсэгт хүчний эрх мэдлийг хязгаарлах, түүний үйл ажиллагаа хянах, эрх мэдлийг засаглалын өндөрлөгүүдэд харилцан бие биеэс хамаарал тэнцвэртэй хуваарилан хэрэгжүүлж, ил тод мэдээллээр дамжуулан олон түмний хараа хяналтанд байлгахын сацуу Зэвсэгт хүчнийг “мэргэжлийн чадварлаг, цомхон бүтэц” бүхий болгох бүх талын нөхцөл бололцоогоор хангахад чиглэгддэг байх явдал юм.
Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн, Батлан хамгаалах төрийн захиргааны төв байгууллага нь Зэвсэгт хүчин бусад цэрэгт тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэгч субьект юм. Харин Монгол Улсын иргэд дээрх төрийн байгууллагуудаар дамжуулж Зэвсэгт хүчин бусад цэрэгт хяналт тавихаас гадна Батлан хамгаалах талаарх бүх төрлийн мэдээ мэдээллийг судалж нууцын хязгаарлалттай мэдээллээр дүгнэлт хийж төр засгийн байгууллагад давхар хяналт тавьдаг хүчтэй субьект юм.
Зэвсэгт хүчинд тавих хяналтыг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, оюун санааны гэсэн үндсэн хэлбэрт ангилж авч үзэж болох юм. Эдгээрийн аль нэг нь доголдвол иргэний хяналт жинхэнэ утгаараа хэрэгжиж хэлбэр тус бүрд юу хамаарах, энэ нь чухам яаж хэрэгжиж хэлбэр тус бүрд юу хамаарах, энэ нь чухам яаж хэрэгжиж байгаа, цаашид хэрхэх тухай өөрт төсөөлөгдөж буй зарим асуудлаар уншигч тантай санал бодлоо солилцож байна.
Зэвсэгт хүчин бусад цэрэгт тавих иргэний хяналтын нэг хэлбэр бол улс төрийн хяналт юм. Энэ нь Зэвсэгт хүчин бусад цэргийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь үүрэг зорилготойгоо хэрхэн нйицэж байгаа эсэх, Монгол улсад учирч болзошгүй заналхийлэл, түрэмгийллийн үед Зэвсэгт хүчнийг хэрэглэх механизм арга байгаа, төр, улс төрийн намуудын бодлогод Зэвсэгт хүчин бусад цэргийн талаарх бодлого хэр оновчтой илэрхийлдэг ард түмэн, зэвсэгт хүчний хоорондын харилцан холбоо бэхжилт, дэмжлэг хэр зэрэг өндөр байгаа, эрх мэдлийн өндөрлөгүүдийн Зэвсэгт хүчний талаарх үзэл бодол, байр суурь зэрэг нь хэр ил тод байгаа гэх мэтчилэн асуултад иргэд, байгууллага хариулт өгөх чадвартай байна уу гэх мэт олон зүйл хамрагдана. Харамсалтай нь иргэд байтугай төрийн өндөрлөгүүд энэ асуултад оновчтой хариулт тэр бүр өгч чадахгүй болов уу. Энэ нь: нэгд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчны болон Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагааны мэдээллээр иргэд, төрийн байгуулалгуудыг хангах тогтолцоо бүрдээгүй; иргэний ардчилсан нийгмийн сонгодог загвараар батлан хамгаалах иргэний хяналтын тогтолцоог; гуравд, Зэвсэгт хүчин бусад цэрэгт тавих иргэний хяналтын тогтолцоо төлөвшүүлж зүгшрүүлэх бодлого хүчтэй биш байгаатай холбоотой.
Мөн энэ үүргийг хэрэгжүүлэх үндсэн субьект болох БХЯ цэвэр цэргийн мэргэжилтнүүд тул мэргэжлийн, салбарын явцуу эрх ашгаас хөндийрч чадахгүй байна. Энэ бүхэн нь иргэний ардчилсан нийгмийн нөхцөл дэх Зэвсэгт хүчин бусад цэрэгт тавих үйл ажиллагаа иргэний улс төрийн хяналтанд байх зарчимтай зөрчилдөж байна.
Иргэний хяналтын эрх зүйн хэлбэр. Зэвсэгт хүчинд бусад цэрэгт тавих иргэний хяналт нь Батлан хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хянах үйл ажиллагаа мөн. Батлан хамгаалах бодлого, үндэсний аюулгүй байдал, цэргийн номлолын хэрэгжилт, УИХ-аас батлагдсан хууль Ерөнхийлөгчийн (Ерөнхий командлагч) зарлиг, илгээлт, Засгийн газрын тогтоол, хөтөлбөр зэргийн гүйцэтгэлд хяналт тавих явдал юм.
Өнөөдөр Батлан хамгаалах салбарын хүрээнд шууд холбогдох хууль, хөтөлбөр, тогтоол, зарлиг, илгээлт Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байна. Хэдийгээр эдгээр эрх зүйн актууд Батлан хамгаалах салбарын харилцааг зохицуулж байгаа ч амьдралын үйл ажиллагаанд нийцэхгүй шинэчилж өөрчлөх заалтууд багагүй байна. Хууль тогтоох болон гүйцэтгэх байгуулагууд баталж гаргасан хууль тогтоомжийн биелэлтээ шалган туслах ажиллагаа өнгөрсөн сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд илт үгүйлэгдэж байв.
Эдийн засгийн хяналтын хэлбэр. Зэвсэгт хүчин бусад цэрэгт тавих иргэний хяналт нь Батлан хамгаалах төсвийн санхүүжилт зарцуулалтыг хянах үйл ажиллагаа мөн. Улс орныг Батлан хамгаалах зардлыг зөв төлөвлөж гаргах, зарцуулалт гүйцэтгэлд хяналт тавих, ил тод, мэдээлэлтэй байж чадаж байгаа эсэх зэрэг асуудлыг хамаарч хэрэгжинэ. Өнөөдөр УИХ Батлан хамгаалах төсвийг хэлэлцэж хуваарилдаг боловч түүний зарцуулалт, гүйцэтгэл, энэ чиглэлийн харилцааг хянаж чадахгүй байна.
1992-1996 оны УИХ-ын гишүүдийн зарим хэсэг нь батлан хамгаалах зардлыг үндэслэлгүй хасах гэх сэтгэлгээгээр хандаж байсан нь тэднийг олон улс, бүс нутгийн цэрэг улс төрийн төлөв байдал, стратеги, улс орны Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагааны мэргэжлийн нарийн асуудлаарх мэдлэг, мэдээллээр тогтмол хангаж чадахгүй байсантай холбоотой.
Батлан хамгаалах зардал нь хэрэглээний чиглэлтэй байгаа төдийгүй “Цомхон чадварлаг, мэргэжлийн зэвсэгт хүчинтэй байх” (1) Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх түвшинд хүргэхэд чамлалтай байгааг дашрамд тэмдэглэх хэрэгтэй.
Ялангуяа зэвсэглэлийг шинэчлэх, засвар үйлчилгээг хийх хөрөнгө зардал хомс хэвээр байна. Төсвийн хөрөнгийг оновчтой бус зарцуулах, байлдааны зэвсэг техникийг тонож, эвдэх, үрэгдүүлэх, зах зээлд хямд үнэтэй бараа материаллыг өндөр үнээр худалдаж авах, бусдад шамшигдуулах бололцоо олгох, анги байгууллагын ойг бие биеэс өрсөлдөн ихээхэн хөрөнгөөр тэмдэглэх гэх мэт зохисгүй хандлагад хяналт шаардагдаж байна. Ямар ч салбар, нэгж, байгууллага өөрөө өөрийгөө тийм ч их сайн хянаж чаддагүй. Хөндлөнгийн хүчтэй хяналтын механизм зайлшгүй шаарддаг.
Төрийн хяналтын хороо зэвсэгт хүчин бусад цэргийн төсвийн зарцуулалт гүйцэтгэл, цэргийн дээд удирдлагын генерал офицеруудын ёс зүйн байдалд хяналт тавих боловч тэр нь цэргийн удирдлагын шаталсан тогтолцооны болоод мэргэжлийн онцлогоос шалтгаалан амьдралын бодит үнэнд төдийлөн хүрч чадахгүй байж болох юм.
Энд анхаарах нэг зүйл бол Батлан хамгаалах төсвийн ангилал, бүтэц, төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалтыг хэлэлцэх, хянах олон улсын Зэвсэгт хүчний жишигт ойртуулан шинэчлэх явдал ч шаардагдаж байна.
Олон нийтийн иргэний хяналтын хэлбэр. Энэ нь Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагааг иргэд хөдөлмөрчид ил тод мэдээллийн тусламжтайгаар хянах явдал юм. Зэвсэгт хүчин бол нийгэмд хүлээсэн үүрэг, зорилго, мэргэжил, хөдөлмөрийн онцлог, эрхэлдэг ажил, үйл ажиллагаагаараа нийгмийн бусад бүлгүүдээс ялгагдах онцлогтой авч нийгмийн биеэ даасан нийтлэгийн шинж чанарыг агуулж байдаг.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дийлэнх болох цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч нар нь эх орноо батлан хамгаалах цэргийн мэргэжлийг эзэмшиж, жил бүр шинээр солигдож халагддаг. Энэ утгаараа Зэвсэгт хүчний үйл ажиллагаа шууд болоод дам хэлбэрээр олон нийтийн хяналтанд байгаа гэж үзэж болно. Харин тэд алба хаагаагүй иргэдээсээ Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагаанд хяналт тавих чадвартай нийгмийн бүлгийг нэмэгдүүлдэг.
Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагаа нийгэм, олон нийтийн хяналтын хүрээний гадна байгаа гэхэд хилсдэхгүй. Иргэний ардчилсан нийгэм хөгжсөн улс орнуудад Батлан хамгаалах төсвийн зарцуулалтыг цагаан номын (white book) хэлбэрээр татвар төлөгчдөд ил тод тайлагнах механизм бий болсон, Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн систем бүрэлдэн тогтсон, Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагааны талаар олон нийтийн санал бодлыг судлах зэрэг ажлууд хийгддэг байна.
Зэвсэгт хүчин бусад цэрэгт тавих иргэний хяналтын механизмыг шинээр бүрдүүлж хэрэгжүүлэх олон зүйл бий. Юуны өмнө Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагааны тухай мэдээлэл түгээх системийг бий болгон өргөжүүлэх явдал юм. Монгол улсын Үдэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах засгийн газрын бус тогтолцооны үйл ажиллагааг дэмжих” (4) гэсэн үзэл санааг үндэслэн олон нийтийн үүсгэл санаачилгын хэлбэрээр ажиллах, цэргийн албан хаагчдын эрх ашиг сонирхлыг хамгаалахын сацуу Парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар мөн гишүүдэд туслах Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагаанд иргэний хяналт тавих ажлыг гардан хариуцах бүтцийг бий болгох явдал манай орны хувьд хамгийн үр ашигтай хувилбар байж болох тул санал болгож байна.
Энэ нь зэвсэгт хүчинд иргэний хяналтыг хэрэгжүүлэх субъектүүд болох төрийн өндөрлөгүүдэд энэ ажыг тасралтгүй явуулах бололцоог олгож байгаагаараа нөгөө талаар тэдгэр субъектүүдийн үйл ажилллагаанд давхар хяналт тавьж идэвхжүүлэхэд нөлөөлөх талаараа ач холбогдолтой юм.
БХЯ нь Төрийн захиргааны төв байгууллагын хувьд Зэвсэгт хүчинд иргэний хяналтыг хэрэгжүүлэх үндсэн субъект юм. тэр утгаараа БХЯ нь зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдал, байлдах чадвар, сургалтын чанар, мэргэжлийн удирдлага гэх мэтийн өдөр тутмын үйл ажиллагаанд иргэний хяналтыг тавьж байх ёстой. Гэтэл манайд захиргааны удирдлага (БХЯ) мэргэжлийн удирдлага (ЗХЕШ) бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд нэгдмэл байгаа нь иргэний хяналт хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байна.
Дээр тэмдэглэсэн бүхэнтэй холбогдуулан цаашид авч хэрэгжүүлбэл зохих зарим практик алхмуудыг дараах байдлаар төсөөлж байна. Үүнд:
Нэг: Зэвсэгт хүчин бусад цэрэгт иргэний хяналт тавих, хэрэгжүүлэх үр ашигтай, зөв бүтэц бол Зэвсэгт хүчнийг улс төрийн удирдлагаар хангах, батлан хамгаалах бодлого боловсруулж, улс орны хэмжээнд хэрэгжүүлэх, цэргийн хэргийн боловсрол, мэргэжилтэй иргэний мэргэжилтнүүдээс бүрдсэн иргэний Батлан хамгаалах Нам бүхий бусад орны жишиг, туршлагыг өөрийн орны өвөрмөц онцлогт зохицсон хэлбэрээр авч үзэх; мөн Зэвсэгт хүчин бусад цэрэгт тавих иргэний хяналтын хууль гаргах нь энэ ажлыг бүр ч тодорхой болгох юм.
Хоёр: Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд Парламентаас зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлж, хууль бусад шийдвэрийн гүйцэтгэлийг хянах, Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газарт туслах, тэднийг мэдээллээр хангах, чадварлаг цомхон аппаратыг бий болгож түүний бүтэц, үүрэг статусын эрх зүйн үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх:
Гурав: УИХ, Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллага, улс төрийн нам, нийгэм, олон нийт, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх баригчид, ажилтан нартай олон улсын болон бүс нутгийн цэрэг-улс төр, стратеги, батлан хамгаалах болон цэргийн бодлогын асуудлаар сургалт явуулах, энэ чиглэлийн мэдээллээр хангах үр ашигтай механизмыг бүрдүүлж зүгшрүүлэх;
Дөрөв: Улс орныг батлан хамгаалах болон Зэвсэгт хүчин бусад цэргийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өргөн олон нийтэд хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэргэд орон тооны болон орон тооны бус мэдээллийн групп байгуулж, үйл ажиллагааг нь БХЯ-ны хэвлэл мэдээллийн албатай нягт уялдуулах;
Тав. Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах болон цэргийн бодлогын асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулах ажлыг судалгааны байгууллагуудтай хамтран цэргийн судлаачид санаачлан эхэлж хэвшүүлэх болно.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/