Ph.D Б. Намсрай
/Доктор, Профессор/
Шинэ толь №8, 1995
Түлхүүр үг:
Хөгжил бол хувирал өөрчлөлтийн утгаараа амьдралын үзэгдлийн гол хэлбэр юм. Panta rhei буюу бүх зүйл усрдаг гэсэн нь философийн хандлага төдийгүй, бас түүхэн туршлагын үр дүн юм. Дэлхий, түүний оршин суугчид өөрчлөгдсөн, гэхдээ бас энэ өөрчлөлтийг ойлгох, хүлээн авах ыявдал нөлөөлөлд автагддаг. “Хөгжил” хэмээх ойлголтыг бүх зүйлд хүчин төгөлдөр байхаар юм уу, бас бүх цаг хугацаанд тогтоож тодорхойлж болохгүй юм. Хөгжил бол янз бүрийн байр сууринаас авч үзвэл ямар нэгэн байдлаар ялгаатай зүйл бөгөөд тухайн цаг үеийн гол утга учиртай холбож үзэх ёстой. Норматив шинж чанартай хөгжлийн тухай төсөөлөл субъектив чанараас ангижирч чаддаггүй. Харин хөгжлийн байдлыг буюу хөгжлийн үйл явцыг эерэг чанартай тодорхойлж тогтооход объектив бодитой байх нь хүсүүштэй зүйл, гэхдээ нарийвчлан авч үзвэл түүнийг баримталж чаддаггүй. Сонгон авч буй үзүүлэлт, шалтгаант холбоо харилцааны эргэлзээтэй байдал нь субъектив байдалд үүд хаалга нээдэг.
- Хөгжлийн ухамсар
Манай гариг ертөнц дээрхи нөхцөл байдлын өөрчлөлтийн тухай аливаа бодол санаа тухайн цаг үед ноёрхож буй үзэл санааны хүрээнд багтаж байдаг. Туршлага, нээлт нь чиг зүг зааж байдаг билээ. Дэлхийн бөөрөнхий хэлбэртэйг, тойрч явж болно гэдгийг таньж мэдсэнээр улс түмэн харилцан хамааралтай байгаа тухай ухамсар өсөж нэмэгдсэн. Зэргэлдээ орчны хязгаарлагдман байдлыг даван туулж, дэлхий ертөнцийг судлах хүсэл сонирхол нэмэгдэв. Шинэ шинэ нээлт хязгааргүй алс холын хэмжээг хурднаар нэгтгэж ойртуулав. Орон зай тэлэхийн хэрээр хүмүүсийн ухамсарт дэлхий маань улам бүр жижиг бага болов. Ухамсрын энэхүү өөрчлөлт соён гэгээрүүлэлт, хүнлэг энэрэнгүй ёс, хувьсгалт өөрчлөлт зэрэг оюун санааны өөрчлөлт хөгжлийн хамт нийгэм-эдийн засгийн орчинд ахиц алхам хийсэн.
Гэхдээ өнөөдөр хүртэл “нэгэн ертөнц” хэмээх үзэл санаа хараахан хэрэгжээгүй байна. Харин ч хөгжил, өөрчлөлт гэдэг нь гол төлөв хөгжиж буй орнуудад хамаарч байх мэт төсөөллөөр хөгжлийн ухамсар заримдаа тодорхойлогдож байсан, одоо ч бас тодорхойлогдож байна. Аливаа арга хэмжээний зорилго нь материаллаг амьжиргааг сайжруулах явдал гэж үзэж байдаг. Тэгэхдээ ухамсрын хоёр ч чухал аспект илэрхий болж байна. Модернизаци хараахан болоогүй нийгэмд “гүйцэх” зорилт бол хөгжил юм. Ингэхдээ “үйлдвэржсэн орон” гэсэн дүр зургийг харахгүй байж болохгүй. Хөгжил гэдэг нь бас гол төлөв эдийн засгийн зорилт байдаг, энэ нь хоёр дахь аспект юм. Ингэж үзсэнээр эдийн асгийн талыг онцлох төдийгүй эдийн засгийн нит үйл ажиллагааг үнэмлэхүй тэргүүлэх чиглэл болгож байгаа юм. Хөгжлийн эдгээр ухамсар нь өсөлтийн болон модернизаци шинэчлэлийн онолыг бий болгосон. Энэ нь бас нэгэн зэрэг үйлдвэржсэн орнууд дахь өсөлт бол олон улсын тусламжийн арга хэмжээний урьдач нөхцөл, хөдөлгөгч хүч байсан, байдаг гэсэн үг болой.
Хүн ам, өлсгөлөн, ажил эрхлэлт, эрчим хүч, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг салбарын байдал улам ноцтой болсны улмаас хөгжлийн ухамсар өөрчлөгдөж байна. Өсөлтийн хязгаарыг сэрэмжлүүлсэн төдийгүй, бас хүн төрөлхтөн эргэлтийн цэгтээ хүрсэн гэдгийг өгүүлсэн дэлхийн загвараас иш үндэс авч хөгжлийн санаа бодлын хувьд илүү их глобал ухамсар үүсэж бий болсон. Үйлдвэржсэн орнуудад хувьд ч гэсэн шинэ дүр зураг бий болж байгаа нь, тухайлбал, тусламжийн тоо бус, харин чанар улам их ач холбогдолтой болж байгаатай холбоотой байна.
- Хөглжлийн ойлголт
Хөгжлийн ухамсар өөрчлөгдсөн нь сүүлийн үед хөгжлийн ойлголт үлэмжхэн өөрчлөгдөх урьдач нөхцөл болсон. Модернизацийн стратеги бол буурай хөгжилтэй орнуудын хувьд хөгжлийн зохистой зам гэсэн төсөөллөөр тавь, жараад оны үед эдийн засгийн өсөлт бол хөгжлийн эрмэлзэж буй зорилго хэмээн томъёолсон. Эдийн засгийн үйл ажиллагааны энэхүү өсөлт нь үндэсний нийт бүтээгдэхүүний (ҮНБ) өсөлтөнд илэрч байв. ҮНБ бол гагцхүү эдийн засгийн үйл ажиллагааг хэмжихээс бус, чинээлэг сайхан байдлыг хэмжихгүй гэдэг нь гагчүү өнөөдөр цагаан толгойн үнэн болсон биш, бүр тэр үед ч бас мэдэгдэж байсан. Стратегийн төсөөллийн дотоод салшгүй хэсэг trickledown гэдэг үзэл санаа, өөрөөр хэлбэл, хамгийн доод түвшинд чинээлэг сайхан байдал гоожих үзэл санааг ҮНБ-ний үзэл баримтлалд шилжүүлсэн.
ҮНБ-ээр хэмхихтэй холбогдсон сул тал нь бас нэгэнтээ мэдэгдэж байсан. Төрийн үйл ажиллагааг ангилахад тодорхой бус зүйл байгаа нь давхар тооцоонд хүргэдэг. Төрийн үйлчилгээ, жишээлбэл, дэд бүтцийн үйлчилгээ тооцоонд завсрын бус, харин эцсийн үйлчилгээ болж ордог. Урт хугацаатай хэрэглээни баялагийг худалдан авахыг орон сууцнаас бусдыг нь хөрөнгө оруулалт биш, харин хэрэглээ гэж үздэг. Цаашилбал, үндэсний бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуйн хүнсний секторт үйлдвэрлэсэн баялагийг бүрэн дүүрэн хамаардаггүй. Чухам энэ баялаг нь наад захын үндсэн хангамж, тэнд аж төрж буй хүмүүсийн сайн сайхан байдалд үйлчилж байдаг. Гэхдээ эдгээр баялаг нь зах зээлд очдоггүй, бас “худалдагддагүй” учир, тэдгээр нь ҮНБ-ний үзэл баримтлалд зах зээлийн үнэгүй, чингэхлээр түүнийг гагцхүү болзолт байдлаар харгалзаж байдаг. Нөгөө талаас, хөгжих буй орнууд дахь үйлчилгээний секторыг нэн өндөр үнэлж байдаг, энэ нь амьжиргааны нөхцөлийг сайжруулахад түүний оруулж буй хувь нэмэртэй төдийлөн тохирдоггүй.
Хөгжлийг эдийн засгийн дээшлэлт хэмээн ойлгох явдлыг бас тэр үеийн судалгааны түвшингийн үндэс суурин дээр үзэх ёстой. Эдийн засгийн сектороос бусад салбарын байдлын талаархи тоо баримт дутагдаж байснаас оршин буй харилцаа холбоог гагцхүү таамаглахад хүрч байв. Нийгмийн шинжлэх ухааны иж бүрэн таамаглалыг томъёолох, шалгаж нягтлах явдал эзэмшиж буй сорилт туршилтын материалын хувьд ч аргачилсан үзэл баримтлалын хувьд ч бололцоогүй байв. Хөгжийн ойлголтын нэгэн хэмжүүрт байдал н;ь ийм учраас өнөөдөр тоймлон харж болох хэд хэдэн шалтгаан дагавартай байсан.
Бодит орлогын өсөлтэй холбоотой үйлдвэрлэлийн потенциалын жигд, аль болох байнгын өсөлт хэмээн ойлгосон өсөлтийн зорилго нь урьдын адил хөгжлийн бодлогын дэвшүүлж буй зорилгын сан хөмрөгт байсаар байна. Зорилгын каталогийн тодорхойлолтоос үзвэл, одоо үед хөгжлийн бодлогын бусад зорилгыг өсөлттэй зэрэгцүүлж тавих явдал хэвийн болжээ. Ингэж өргөжүүлсэн нь түүхэн туршлагын үр дүн юм. Өнгөрсөн үэед дан ганц өсөлт нь баячуудыг улам баян, ядуусыг улам ядуу болгоход хүргэж байв. Үүний улмаас орлогын шударга хуваарилалтыг эрмэлзэх, тэгш ёс, шударга ёсыг хөгжлийн зорилго хэмээн томъёолох нь зайлшгүй чухал байна. Энэхүү зорилго өсөлтөнд нэмэгдэл шаардлага тавьж байна. Үүнийг чанарын засвар гэж ойлгодог.
Тэгш байдал, шударга ёс гэдэг нь бас тухайн улс орны бүх оршин суугч хүн ам өсөлтийн үйл явцад хувь оролцож чадна гэсэн үг. Орон зайн утгаар шурдарга хуваарилалт нь, жишээлбэл, нутаг дэвсгэрийн мужийг онцлох, түүнчлэн эмэгтэчүүдийн байр суурийг хүчтэй болгох зэргийн аль алиныг эрмэлзэнэ. Өсөлтийн өрөөсгөл зорилго нь гагцхүү хуваарилалтын аспекттэй байсан төдийгүй, бүтцийн чанарын өөрчлөлт хийхэд оршино. Ингээд үүнээс хойш өсөлтийг нийт нийгмийн чинээлэг сайхан байдлыг арвижуулах явдалтай адилтгаж байсан тул үндсэн хэрэгцээг хангах явдал хөгжлийн үйл ажиллагааны нэн чухал зорилгоо гэж тогтоосон. Тооны бус, харин чанарын өсөлт нь ядуурлыг шууд бууруулахад үйлчилдэг бөгөөд түүнийг 20 буюу 30 жилийн өмнө байсан зорилгын төсөөлөлтэй адилтгаж болохгүй юм.
Бас нэг зорилго бол ажилгүйдэл, дутуу ажил эрхлэлтийг даван туулах явдал хэмээн үзэж байна. Хөдөлмөр бол хүний өөрийгөө хэрэгжүүлэх урьдач нөхцөл юм. Хөдөлмөр тэгэхдээ бас хөгжиж буй орнуудын эзэмшиж буй хамгийн том (хөгжлийн) потенциал юм. Энэхүү нөөц баялагийг ашиглах нь эдийн засгийн хувьд утга төгөлдөр, хүсүүштэй зүйл төдийгүй, бас сэтгэл зүйн элементийг өөртөө агуулж байна. Гол зүйл болгодог “өөрийн хүчээр” (self-reliance) гэдгийн урьдач нөхцөл бол ажиллах хүчийг ашиглаж чадах боломж юм. Хөдөлмөрлөх эрхтэй тохирч буй хөдөлмөрийн үндсэн зорилго бол өсөлтийн зорилготой нягт холбогдсон байдаг. Гэхдээ үйл ажиллагааны хэлбэр арга нь урвуугаар эргэсэн байдаг. Хэрэв хөгжилд хамаарах зарчмын эхэнд хөдөлмөрийг хөгжлийн үр дагавар гэж илүүтэй үзэх юм бол ажил эрхлэлтийг баримжаалсан үйл ажиллагаа нь “ажлын байр бий болох нь хөгжилд хүргэнэ” гэх мэтийн төсөөлөлд хүргэнэ.
Хэрэв хөгжил нь “илүү их чинээлэг байдалд хүрэх” гагцхүү богино хугацааны “сэгсрэлт” байх ёсгүй, ямар нэгэн орны бүх нөөцийг богинохон хугацаанд тухайн үед өссөн хэрэгцээнд хэрэглэ зорилгогүй байвал энэ нь бүх оролцогчдын ойлго ухаарснаар явагдаж болох юм. Хөгжил бол бүгдээрээ ачаа үүрч, оролцогчдын тус дэмээр биелэх үйл явц болохоор олон түмнийг дайчлахгүйгээр хэрэгжих боломжгүй юм. Ингэхдээ хэрэв бүгдээрээ хөгжлийн үйл явцад оролцож байх ёстой гэвэл энэ үйл явдын тухай бүх хүмүүс мэдээлэл авсан, оролцоно гэдэгт шийдвэртэй зөвшөөрсөн байх ёстой. Энэ үндсэн зорилгыг оролцоо гэдэг бөгөөд энэ бол материаллаг эд баялаг, соёлын үнэт зүйлд хувь хүртэж оролцох төдийгүй, бас улс төрийн салбарт оролцоно гэсэн үг. Хөгжиж буй орнууд ихэнхдээ хараат муж нутаг байсан. Тэдгээр орныколоничлолын үед олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцсон байдал нь ихэнхдээ сайн дурын бодол санааны үр дагавар гэхээсээ илүү хүчээр тулгасан зүйл байв. Улс төрийн тусгаар тогтнол олсноор бас эдийн засгийн талаар тусгаарлах төсөөлөл хүчтэй болсон. Эдийн засгийн тусгаар тогтнолын зорилго бол дэлхийн зах зээлээс тасран сална гэсэн үг биш, харин эдийн засгийн салбарт ч бие даасан шийдвэр гаргах эрх мэдэлтэй байгааг онцолж байгаа юм. Үйлдвэрлэлийн бүтэц, экспорт, импорт, технологийн стандарт зэрэг нь гадаадын зааварчлагад захирагдах бус, харин өөрсдийн эрх мэдлээр сонгож байх юм. Энд ч гэсэн бас өөрийн хүчинд итгэж байх ёстой бөгөөд өөрийн нөөц баялагийг нэгэнт тавьсан зорилгоо харгалзан улс орныхооо хөгжилд үйлчилж байхуйцаар ашиглаж байна гэсэн үг.
Хөгжлийн ойлголтыг ийнхүү хязгаарлагдмал байдлаас гаргасан дээр өгүүлсэн таван зорилго өсөлт, тэгш байдал, хөдөлмөр, оролцоо, эдийн засгийн тусгаар тогтнолыг Д. Ноолэн, Ф.Нушелер[1] нар “хөгжлийн шидэт таван өнцөг” хэмээн нэрлэсэн бөгөөд бусад зохиогчдын янз бүрийн зарчмыг холбож байна. Таван үндсэн зорилго нь бие биетэйгээ олон талтай, гагцхүү шидэт байдлаар бус холбогдсон абидаг. Хөгжлийн ойлголтын олон хэмжээст чанарыг нэвтрүүлснээр бас шинэ асуудал илэрсэн. Бүх үндсэн зорилго бие биетэйгээ нийцэж байдаггүй. Нэг зорилго хэрэгжүүлэхэд нөгөө зорилго аяндаа өөрөө бүтнэ гэсэн үг биш. Зорилгын конфликт мөргөлдөөн байгааг харгалзахад хүргэдэг. Ийм үед ямар зорилгыг эдүгээ хэр хэмжээгээр тавих вэ гэдгээ цэгнэж үзэх хэрэгтэй болдог. Энэ нь эхлээд зэрэгцэн зогсож байгаа хөгжлийн зорилтыг шатлал эрэмбэлэл буюу иерархид оруулах нөхцөл болдог. Цаашдаа нэг зорилго биелүүлэх нь (жишээлбэл, хөдөлмөр) өөр зорилгод хүрэх (жишээлбэл, өсөлт) урьдач нөхцөл байж болох юм. Хөгжлийн ойлголт өргөжсөнөөр шийдвэрлэх асуудал хялбар болдоггүй, харин нарийн түвэгтэй болдог нь харагдаж байна. Түүнээс гадна янз бүрийн зорилгод хүрэхийн тулд ямар хэрэгсэл, стратеги хэрэглэж болох вэ гэдгээс хамааран хөгжлийн ойлголтын онолын үндэслэл нь ямар нарийн түвэгтэй холбоо харилцаатай болохыг үзэж болно.
Хөгжиж буй орнууд хөгжлийн төлөвлөгөөндөө тухайн орон ямар дэвшилд хүрэх ёстой вэ гэдэг төсөөллөө томъёолдог. Тэдгээр орон дээр өгүүлсэн хөгжлийн ойлголтыг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, өөрсдийн хөтөлбөрөө тодорхойлдог. Ингэж зорилгоо тодорхойлох нь нэн ялгаатай гурван байдлаар хийгдэж болно:
- Засгийн газрын жинхэнэ явуулж байгаа бодлогоос тодорхой зорилгуудыг уламжлан гаргаж, нийтэд хүчин төгөлдөр зорилгын каталог бүрдүүлдэг. Энэ бол улс орны ирээдүйн тухай урьдаас цэгцтэй төсөөлөл биш. Харин жижиг хэсэг зорилгуудаас нийт зорилгыг (индуктивээр) “дархлан хийсэн” зүйл байх юм. Энэхүү төсөөлөлд ямар нэгэн зүйл ингэж байх ёстой гэсэн үнэт зүйлсийн баримжаа байхгүй, харин гагцхүү жинхэнэ явуулж буй бодлогыг (позитив байдлаар) тодорхойлдог учир ийм аргыг позитивист индуктив арга гэж тэмдэглэдэг. Хөгжлийн зорилгыг тодорхойлоход энэ арга нэн их эргэлзээтэй байдаг. Нэг талаас, талаас, засгийн газар энэ аргын зохиомжоор нөхцөлдсөн цорын ганц зүйлийг ямагт нотолж байдаг, учир нь гэвэл өөрийн бодлогыг ямагт оршин буй зорилгод чиглүүлж байдаг. Нөгөө талаас, тодорхой томъёолол дутагдаж, тунхаглаж зарласан зорилгоо үе үе өөрчилж, эсвэл янз бүрийн тэргүүлэх зорилтыг тавьж байдаг. Ийм байдлаар ухаалаг, оновчтой хөгжлийн нэг бодлого байх боломжгүй байдаг. Сүүлийн дөрөв таван жижлийн Монгол орны хөгжлийн бодлого (хэрэв ийм бодлого байна гэвэ) ерөнхийдөө энэ байдалд хамаарч болох юм.
- Хэрэв хөгжиж буй орнууд дэвшиж хөгжсөн орнуудыг баримжаалах боломжтой байвал эдгээр оны хөгжлийг хуулбарлаж болох юм. Энэ арга хоёр давуу талтай байдаг. Хэрээс хэтэрсэн зорилго томъёолох ёсгүй, учир нь гэвэл зорьсон замынхаа эцсийн байдлыг нэгэнтээ мэдэж байдаг. Үйлдвэржсэн орны дүр зураг оршиж байдаг. Хоёрдугаарт, дэвшиж хөгжсөн орны туршлагаас суралцаж болдог, тэдгээр орны гаргасан алдааг амжилттай тойро боложтой. Энэхүү түүхэн харьцуулсан байдлаар зорилгоо тодорхойлох аргын үндэс нь модернизацийн онолын үзэл санаа юм. Удаан хугацаанд ийм маягаар хөгжлийн төлөвлөгөөтэй үзэл баримтлалыг гаргаж, хөгжлийн бодлогыг практикт хэрэгжүүлж байв. Хөгжлийн нэн эртний шатанд ийм хүрээ үнэхээр төгс утга төгөлдөр байж болох бөгөөд тухайн улс “өсөн бойжихын” хэрээр өөрийн гэсэн төсөөллийг боловсруулах ёстой. Ямар ч орон өөр бусад оронтой тохирохгүй. Нийгмийн тогтолцоо болгонд өөр янзтай байдаг өвөрмөц бодигал харилцаа холбоог боловсруулахаас татгалзах нь өвөрмөц бие даасан байдлаа алдана гэсэн үг биш төдийгүй, бас соёлын адил төстэй байдлыг анхаарахгүй байна гэсэн биш. Энэ байдлыг “Монгол ухаанаар явахгүй байна”, “Үндэсний эдийн засагчдыг сонсохгүй байна (тэгсэн атлаа өөрсдөө дэлхийн эдийн засгийн, хандлагын талаар төсөөлөл багатай)”, “гаднын загвар хуулбарлав” хэмээн зэмлэгч манай монголын зарим хэт “халуун толгойтон” ойлгож хандууштай байгаа юм.
- Хөгжлийн зорилго нь бие даасан, цаашид хязгаарлахгүй зорилт болж, ямар нэгэн зүйлийг ийм байх ёстой (норматив) хэмээн илэрхийлэх ёстой. Энэ бол тухайн орны болон бусад орны түүхэн туршлагыг хэрэглэхээс татгалзах ёстой гэсэн үг биш, харин чиг эсрэгээр байх юм. Туршлага болон цаг үеийн байдлыг таньж мэдэхэд тулгуурласан олон боломжийн дотроос утга төгөлдөр зорилгыг ялган зааглах боломжтой байдаг. Гагцхүү зорилгыг норматив байдлаар тодорхойлох замаар хөгжлийн бодлогын бодит чармайлтыг шалгаж туршдаг. Янз бүрийн элементийг харгалзаж, зорилгоо тод томъёолж, холбоо харилцаа болон хөгжиж буй орны бие даасан байдлыг анхаарах явдалтай холбогдсон найдвар нь эдүгээ сорил шалгалтын үедээ байна. Олон тооны нийтлэл, судалгааны бүтээл нь өнгөрсөн үеийн алдаа дутагдлыг бүрэн арилгахыг шинжлэх ухаан чармайж байгааг харуулсан. Гэхдээ хөгжлийн ойлголт, түүний тодорхойлолт улам цогцолбор шинжтэй болж байгаа нь үйл ажиллагааны хэрэгжиж болохуйц заавар зөвлөмж бий болгож чадах эсэхийг эргэлзээтэй болгож байна. Зорилгын төсөөлөл өөрчлөгдөж байгаа нь бас асуудал бий болгож байна. Бидний мэдэлд байгаа зорилгодоо хүрэх арга хэрэгсэл нь урьдын адил хязгаарлагдмал зорилгод үйлчилж байна. Өнөөдөр хүмүүс баталгаатай сайн мэдэж байгаа зүйл гэвэл анх бодож байсныг бодвол юм бүхэн хүнд хэцүү болж байгаа явдал л юм.
- Хөгжлийн үйл явцын хэмжүүр
Хөгжилд ойлголтыг янз бүрийн элементэд задалж ангилах нь хөгжил гэдэг бол хялбархан тодорхойлж үл болох үзэгдэл гэдгийг харууллаа. Чингэхлээр энэ үзэгдлийг хэмжинэ гэдэг бас нарийн түвэгтэй зүйл юм. Юуг хэмжих ёстой вэ, энд тохирсон арга бий эсэх гэсэн асуулт тавигдаж байна. Анхны алхам бол хөгжлийн байдлыг төлөөлж буй амьжиргааны түвшингийн шинжилгээ юм. Хэрэв энэ байдлыг тодорхой цаг хугацаанд ангилж үзвэл, ямар нэгэн орны туулсан хөгжлийн үйл явц тодорхой болно,.
Олон улсын янз бүрийн байгууллага амьжиргааны түвшингийн бүрдэл хэсгийг танин мэдэж, тодорхойлохыг хичээж ирлээ. Чингэхдээ түвэг хүндрэлтэй эсрэг тэсрэг зүйл тэмдэглэхгүй харин тодорхой бүрдэл хэсгийн харилцан адилгүй урт жагсаалт байдаг. Амьжиргааны түвшингийн нэн чухал бүрдэл хэсэгт дараах зүйлсийг тэмдэглэж болно.
- Эрүүл мэнд,
- Хүнс, хоол тэжээл,
- Боловсрол,,
- Хөдөлмөр,
- Тээвэр,
- Орон сууц,
- Хувцас хунар,
- Амрал, чөлөөт цаг,
- Нийгмийн баталгаа,
- Хүний эрх чөлөө
Ийнхүү тоочсон зүйлээс аль ч бүрдэл хэсгийг шууд хэмжих боломжгүй гэдэг нь харагдаж байна. Хүмүүс ажилтай буюу ажилгүй байж болох бөгөөд энэхүү хөдөлмөр өөрөө янз бүрийн хэлбэртэй байж болно, өөрөөр хэлбэл, энэ бүрдэл хэсгийг цэгнэхэд хөдөлмөрийн нөхцөл шийдвэрлэх ач холбогдолтой.
Хэрэв бүрдэл хэсгийг өөрийг нь хэмжих боломжгүй бол ”хэмжих нэмэлт хэмжигдэхүүнийг” олох шаардлагатай байдаг. Дээд шатны байдалд дүгнэлт өгөхийн тулд өдөр тутам ашигладаг олон түшиг цэг байдаг. Цэвэр тохитой сууц байна гэдэг жинхэнэ ажилсаг гэрийн эзэгтэйтэй холбоотой, сайхан айрагтай айл байна гэдэг нь айрагны амтыг жинхэнэ мэддэг хүнтэй холбоотой. Эдгээр түшиг тулгуур цэгийг индикатор буюу үзүүлэлт хэмээн нэрлэдэг. Үзүүлэлтүүд нь ямар нэгэн зүйлийг зааж байдаг, тэгэхдээ тэр зүйлийг чухам өөрийг нь биш эсвэл гагцхүү хагас хэсгийг нь заадаг. Дундаж наслалтыг дайн, аллага зэргээс шалтгаалсан оруулаад осол эндэгдлээр биш, гагцхүү эрүүл мэндээр тодорхойлдог, энэ бол дундаж наслалт бол эрүүл мэндийн чухал үзүүлэлт байдаг гэсэн үг.
Цаашилбал, үзүүлэлтийн гурван үндсэн хэв маягийг ялган үзэж болно.
- Хүн ам тутамд ногдох үзүүлэлт:
Энэ үзүүлэлт нь байгаа хэмжигдэхүүнийг хүн амд хувааж гаргадаг дамжуулах үнэ цэнтэй юм. Гэхдээ энэ үед жинхэнэ хуваарилалтыг огт харгалзахгүй үйлдээдэг (жишээлбэл, хүн ам тутамд ногдох үндэсний орлого). - Хувь процентын үзүүлэлт: Энэ үед хүсэн зорьж буй байдлыг аваад түүнийг бодит байдалтай жишиж зэрэгцүүлнэ. Эдгээр үзүүлэлт нь эн тэргүүнд нийгмийн шинж чанартай байх бөгөөд хуваарилалтыг харгалзана (жишээлбэл, хүн амын ундааны усны хангамж).
- Бүтцийн үзүүлэлт : Энэ юмны тодорхой нөхцөл байдлыг янз бүрийн бүлэгт хуваадаг. Энэ нь гарцаагүй хувь процентоор хийгдэнэ. Гэхдээ өмнөх хувь процентын хэв маягаас ялгаатай нь гэвэл ямар нэгэн зорилго (100%) урьдаас таньдаггүй (жишээлбэл, хөдөө аж ахуйн ажиллагсдын эзлэх хувийн жин).
Юуг хэмжих ёстой вэ гэдэг асуудалд эдүгээ зарим талаар хариулах боломжтой юм. Янз бүрийн бүрдэл хэсгээс тогтож байгаа амьжиргааны түвшинг шууд хэмжих болдоггүй, гэхдээ янз бүрийн хэв маягийн олон үзүүлэлт байдаг, тэдгээрийг ашиглаж хөгжлийн түвшингийн талаар дүгнэлт гаргаж болдог.
Тоо томшгүй олон үзүүлэлтээс тохирох төлөөлөгчийг хэрхэн сонгож болох, тэдгээрийг дараа нь хэрхэн цэгнэж жигнэх вэ гэдэг нь бас хариулбал зохих асуулт юм.
Нэгдсэн үндэсний байгууллагын нийгмийн хөгжлийн судалгааны институт (United Nations Research Institute for Social Development UNRISD) үй олон мэдээллийн дотроос чухал бүрэлдэхүүн хэсгийг шүүж гаргах талаар үлгэр жишээ оролдлого хийжээ. 120 орчим орны эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн салбарын 73 үзүүлэлтийг шилж сонгон судалгаа хийжээ. Ойлголтын болон сорилт туршилтын үүднээс сонголт хийсэн. Ингэхдээ жишээлэхэд, дараахь шалгуур баримталсан ажээ :
- Олдоц, хүртээмжтэй байдал;
- Зэрэгцүүлж жишиж болдог (Улс орон бүрт, тухайн цаг бүрт нэгэн адил зүйлийг хэмжиж байгаа эсэх);
- Нягт нямбай (консистенц) чанар (Тоо баримтыг бүрэн дүүрэн найдвартай цуглуулсан эсэх?);
- Хүчин төгөлдөр (валидитэт) байдал (тоо баримт ер нь судлахыг хүссэн зүйлээ хэмжиж байна уу? Холбоо харилцааг нотлох онолын үзэл баримтлал байгаа эсэх?);
- Ач холбогдолтой (сигнификанц) чанар (гол чухал зүйлийг, эсвэл хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйлийг хэмжиж байгаа эсэх);
- Ялгах зааглах хүч (хөгжлийн янз бүрийн түвшингийн орнуудын хоорондын ялгааг тогтоож чаддаг эсэх?);
- Жигд жигнэж цэгнэсэн байдал (бүхий л үзэл бодлыг адил тэгш харгалзсан эсэх?);
- Жигд жигнэж цэгнэсн байдал (бүхий л үзэл бодлыг адил тэгш харгалзсан эсэх?);
- Давхар тоолол (нэг л нөхцөл байдлыг янз бүрийн үзүүлэлт хэмжиж буй эсэх?);
Статистикийн янз бүрийн арга, туршилтын дараа 18 гол үзүүлэлт үлдсэн байна. Эдгээр үзүүлэлтийг дараа нь нэгэн индекс болгон нягтруулсан бөгөөд энэ нь амьжиргааны түвшинг харьцангуй яв цав хэмжих хүсэл нь түүнийг биелүүлж чадах хэмжигдэхүүн гаргаагүйтэй холбоотой гэдгийг харуулж байна.
Нэгтгэсэн тотал индекс боловсруулах гэсэн олон янзын оролдлогоос 1977 онд Далайн чандахь Зөвлөл гэдгээс дэвшүүлсэн Physical Quality of Life Index (PQLI) “амьжиргааны индексийн биет чанар гэдэг нь олон улсын түвшинд үнэхээр их анхаарал татсан. PQLI гэдгийн үндэс нь гурван үзүүлэлт байдаг. Үүнд :
- Нэг наснаас амьдрах хугацаа
- Төрөгсдөд ногдох нялхсын эндэгдэл
- Насанд хүрсэн хүн амын бичиг үсэг мэдэх хувь
Амьдрах нас, нялхасын эндэгдэл нь бүхэлдээ амьжиргааны түвшингийн янз бүрийн бүрдэл хэсгийн хувьд сайн үзүүлэлт хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Тэдгээр нь эрүүл мэнд, хоол тэжээлийн байдал, орлого, хүрээлэн буй орчны нөхцлийн янз бүрийн аспектыг тусгадаг. Бичиг үсэг мэдэх явдлыг эдийн засаг, нийгмийн хөгжилд хүн амын оролцооны үзүүлэлт хэмээн үздэг. Эдгээр гурван үзүүлэлт бас олдоц хүртээмжтэй, жишиж зэрэгцүүлэх боломжтой, консистенц, валидитэт, сигнификанц чанар байдлаараа давуу талтай байдаг. Энэ гурван үзүүлэлт тус бүрт нь хэмжээс шкaлаар дүүргэх хэр хэмжээг тогтоосон байна. Энэ нь тэгээс нэг зуу хүрэх бөгөөд 0 нь хамгийн доод, 100 нь хамгийнн дээд дүүргэх хэмжээг төлөөлдөг. Энэ гурван үнэлэмжээс дараа нь арифметикийн тоо хэрэгсэл бүрдүүлдэг. Ингэж янз бүрийн орныг хооронд нь жишиг боломж олддог PQLI үзүүлэлтийн эсрэг янз бүрийн үл зөвшөөрөх байдал гарч байсан, жишээлбэл үзүүлэлтүүдийг адилхан жигнэх эсвэл 0-с 100 хүртэл хязгаарлах зэрэг зүйл гарч байсан боловч энэхүү үзүүлэлт нь нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн гэсэн цэвэр эдийн засгийн үзүүлэлтийг сөргүүлж тавих сайн альтернатив болсоор байна.
Амжиргааны түвшингийн үзүүлэлтийн загвар
Энд нэгэн зүйлийг тайлбарлаж хэлэхэд ийнхүү нэлээд хэдэн орны байдлыг зэрэгцүүлсэн индекс сүүлийн жилүүдийн тоо баримтаар олдоогүй тул энэхүү хориод жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийг энэ хүснэгт тусгаж чадаагүй байна. Жишээлбэл, улсын худалдааны орон гэж тооцогдож байдаг Куба орны индекс тэр үед нэлээд сайн байсан бол өнөөдөр улс төр, эдийн засгийн нэн их бэрхшээлд орсон хүн ам нь хэдэн зуун мянгаараа эх орноо орхин цагаачлан гарч буй энэ орны байдал түвэгтэй болсон зэргийг харгалзах нь зүйтэй юм.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс (UNDP) толилуулсан 1990 оны Хүний хөгжлийн (Human Development Report 1990) илтгэлд Human Developtment Index (HDI) буюу хүний хөгжлийн индекс гэдэг олон улсын шинэ хэмжигдэхүүн гаргаж тавьсан. Энэ шинэ баримтлалын үед үндэсний нийт бүтээгдэхүүнийг худалдан авах чадвар гэж өөрчилж тооцсон.
70-аад оны эхэн үеийн зарим орны Physical Quality of life index харьцуулсан нь
Улс орон | PQLI | Хүн ам тутамд ногдох ҮНБ 1979 оны US$ | Төрсөн үеийн амьдрах нас | 1000 төрөгсөд оногдох хүүхдийн эндэгдэл | Бичиг үсэг мэдэх эсэх |
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс | 18 | 210 | 41 | 190 | 5-10 |
Афганистан | 19 | 110 | 40 | 182 | 8 |
Габун | 21 | 1960 | 41 | 178 | 12 |
Нигери | 25 | 290 | 41 | 180 | 25 |
Танзани | 28 | 160 | 44 | 162 | 15-20 |
Гана | 31 | 430 | 44 | 156 | 25 |
Катар | 32 | 8560 | 47 | 138 | 10-15 |
Арабын нэгдсэн Эмират | 34 | 11710 | 47 | 138 | 20 |
Пакистан | 37 | 130 | 50 | 124 | 16 |
Кени | 40 | 200 | 50 | 119 | 20-25 |
Энэтхэг | 41 | 140 | 50 | 139 | 34 |
Алжир | 42 | 710 | 53 | 126 | 26 |
Ливи | 42 | 4640 | 53 | 130 | 27 |
Боливи | 45 | 280 | 47 | 108 | 40 |
Мексик | 75 | 1090 | 63 | 61 | 74 |
Өмнөд солонгос | 80 | 480 | 61 | 47 | 88 |
Шри-Ланка | 83 | 130 | 68 | 45 | 81 |
Куба | 86 | 640 | 70 | 29 | 78 |
Тайван | 88 | 810 | 69 | 26 | 85 |
Ирланд | 96 | 2320 | 72 | 17 | 98 |
АНУ | 96 | 6670 | 71 | 17 | 99 |
Нидерланд | 99 | 5250 | 74 | 11 | 98 |
Эх сурвалж : Martin Kaiser /Nortbet Wagner Entwicklungspolitik. Grundlagen-Probleme-Aufgaben, Bundeszentrale fuer politische Bildung, Bonn, 1991, S.73
Түүнчлэн эрүүл мэндийн хэмжүүр болгосон дундаж нас, орон бүрийн бичиг үсэг мэдэх хэмжээг боловсролын шалгуур болон HDI гаргахад татан оруулсан нь PQLI үзүүлэлттэй ойролцоо харилцаатай болох нь харагдаж байна.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс шинээр маргаан хэлэлцүүлэгт оруулсан HDI бол сул талтай бөгөөд энэ үзүүлэлт ирээдүйн хөгжлийн хэлэлцүүлэг маргаан, хөгжлийн бодлогод ямар хувь нэмэр оруулж чадах вэ? Гэдгийг гаргаж тавих ёстой. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг хөгжлий цорын ганц шалгуур болгодгийг даван туулах, эрүүл мэнд, боловсролын салбарыг тооны шинжилгээнд татан оруулах нэг шинэ оролдлого хийсэн нь чухал юм. Олон улсын байгууллагын ийм эхлэл санаачилга нь ямар ч гэсэн дэвшил юм.
Хөгжиж буй орнуудын тоо баримтыг тайлбарлахад гардаг бэрхшээл нь олон шалтгаантай байдаг. Хөгжиж буй орнуудын тоо баримт бүрэн бус байх нь олонтаа, түүнчлэн итгэхэд хэцүү байдаг. НҮБ болон Дэлхийн Банкны тоо баримт хүртэл үнэлгээ, туршлагын үнэлэмжинд тулгуурлах нь элбэг байдаг. Валютын нэгжээр хийгдэх тоо баримт нь ихэвчлэн US$-аар тооцогдоно. Энэ тооцооны үндэс нь солилцооны ханш байдаг, харин энэ ханш нь жинхэнэ худалдан авах чадвараас ихээхэн ялгаатай байдаг. Дэлхийн банкны нэгэн судалгаа зарим орны хүн ам тутамд ногдох үндэсний бүтээгдэхүүн хэрэв энэхүү тооцоог худалдан авах бодит чадварт баримжаалж чадвал гурав дахин их өртөгтэй байж болох тухай өгүүлсэн ажээ.
Доор өгүүлэх жишээ гутрангуй болон өөдрөг үзэл бие биедээ хэр зэрэг ойрхон оршиж болохыг тодруулна. Хоёр санаа агуулгын хувьд хоёулаа зөв юм:
- Гуравдагч ертөнцийн өсөн нэмэглэж буй хүн амын байдал сүүлийн жилүүдэд, хэдэн арван жилд сайжирсангүй, харин ч доройтов. Үүнийг тоо баримтаар нотолж болно. 30 жилийн өмнө дэлхийд өлсгөлөн хүмүүс барагцаалбал 500 сая байсан бол эдүгээ 800 сая орчим байна. 1990 онд 1970 онтой зэрэгцүүлбэл дэлхий дээр 150 саяар илүү бичиг үл мэдэгч байна.
- Гуравдагч ертөнцийн хэдэн зуун сая хүмүүсийн хувьд сүүлийн жилүүдэд, хэдэн арван жилд байдал сайжрав. 30 жилийн өмнө гуравдахь ертөнцөд 900 сая орчим хүн хүрэлцээтэй хооллож байсан бол өнөөдөр 2.5 тэрбум хүн ингэж хооллож байна. Тэр үед хөгжиж буй орнуудын нийт оршин суугчдын 36 хувь нь өлсгөлөнд нэрвэгдэж байсан бол одоо 24 хувь нь ийм байдалд байна. 1950 онд хөгжиж буй орнуудын нийт насанд хүрэгчдийн гуравны нэг орчим нь уншиж бичиж чаддаг байсан бол өнөөдөр ойролцоогоор 60 орчим хувь нь ингэж чаддаг болжээ.
Хөгжиж буй орнуудын тухай болон эдгээр орноос ирж буй тоо хэрэглэгдэхүүнтэй харилцах явдал хүнд бэрхшээлтэй төдийгүй, бас хоёрдмол утгатай байдаг. Янз бүрийн байдлаар хөгжлийг хэмжиж болно, гэхдээ олсон үр дүнг зөв тайлбарлах явдал шийдвэрлэх ач холбогдолтой хэвээр байна.
Хөгжлийн тухай асуудлыг Өрнөдийн ардчилсан орнуудад үздэг байдлаар ойлгох нь Монгол орны хувьд харьцангуй шинэ үзэгдэл юм. Гэхдээ нэлээд хэдэн жилийн өмнө олон улсын байгууллагын шугамаар Монголд зохиогдсон хоёр чухал арга хэмжээ, түүний ач холбогдлыг цохон тэмдэглэмээр байна. Энэ бол 1980 онд ЮНЕСКО, НҮБ-ын Их Сургуультай хамтран “Хөгжлийн үйл явцад онолын шинэ концепцийн роль” сэдвээр зохиосон мэргэжилтний уулзалт, 1982 онд ЮНИТАР (НҮБ-ын сургалт, судалгааны институт) зохиосон “Хөгжлийн альтернатив зам Монголын туршлага” сэдэвт олон улсын симпозиум бөгөөд тэр үед хэдийгээр хуучин тогтолцоо ноёрхож байсан боловч оролцогчдын сэтгэлгээнд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм. Учир нь гэвэл энэ хоёр арга хэмжээнд дэлхийн олон орны нэртэй эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон билээ. Монгол орны хөгжлийн үзэл баримтлалд эрс эргэлт гарч, ардчилсан ёс, зах зээлийн эдийн засагт шилжих болсноор өнөөдөр хөгжлийн онолын талаар дэлхий дахинаа нэгэнт бүрэлдэн тогтсон үнэт зүйлийг хүлээн авч шинэ бодлого боловсруулж хэрэгжүүлэх таатай нөхцөл болож бүрэлдээд байна.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/
[1] D.Nohlen / F.Nuscheler, Handbuch der Dritten Welt, Bd.1., Hamburg 1982. 54ff