Г.Чулуунбаатар
/Философич, Дэд доктор, УИХ-ын дэрэгдэх судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №20, 1997
Түлхүүр үг: төрийн хууль, нийгмийн харилцааны шинж,хуулийн цоорхой,хууль санаачлагч, монголын хууль гурван хоног
- Хууль хаанаас төрж юунд үйлчилдэг вэ?
Хүн сүрэглэн амьдрахаа больж ярьж сэтгэдэг чадварынха ачаар нийгэмшин аж төрөх болсон тэр үеэс өнөөдрийн бидний хууль гэж нэрлэдэг нийгмийн харилцааны зохицуулалтын нэгэн механизмын үндэс тавигджээ. Анхандаа энэ механизм нь сүсэг бишрэлийн эртний хэлбэрүүд, домог сургаалт, зан заншил, ураг төрлийн харилцааны ёс суртахууны номлольн хэлбэрээр үйлчилж байв. Энэ бол нийгэмд төр үүсээгүй, эрхийн ялгаа зааг бүрэн тодорч чадаагүй түүхийн тийм цаг үед хамаарна.
Нийгэмд аажмаар бий болж эхэлсэн эд баялаг, эр чадал, эрдэм ухааны ялгаа зааг нь эрхийн хэм хэмжээний ялгарлыг үүсгэж улмаар түүнийг тусгасан нийгмийн харилцааны шинэ төрлүүдийг бий болгов. Энэ үед төр үүсэв. Иргэдийн хооронд, иргэд ба төрийн хооронд гэх мэтээр шинэ шинэ нийгмийн харилцаа үүссээр байлаа. Тэр бүрд зохицуулалтын механизм шаардагдаж төрийн хууль цааз анхны бичмэл хуулиуд гарчээ. Tүүнээс хойш олон мянган жилийн турш төрийн ёсон, хууль цаазын сэтгэлгээ хөгжин эдүгээ хүн төрөлхтний тэргүүний хэсэг эрх зүйт төрийн тогтолцоонд шилжээд байна.
Энд бид гагцхүү төрийн бичмэл хуулийн тухай ярьж байна. Yүний зэрэгцээ байгалийн хууль амьд организмын хууль гэх мэтээр өдий төдий хуулиудын тухай ярьж болно. Хууль болгон өөрийн гэсэн онц логтой. Төрийн хууль бол нийгмийн амьдралаас төрж зөвхөн хүнд, хүний нийгмийн харилцаанд үйлчилнэ. Байгальд ч харилцаанд төрийн хууль шууд тусч үйлчлэхгүй. Харин нийгмийн амьдрал бүхэлдээ төрийн хуульд захирагдаж, нийгмийн харилцааны бүх төрөл хуулиар зохицуулагддаг гэвэл ташаа дүгнэлт болно. Нийгэмд төрөөс нэг бүрчлэн хуульчилж болдоггүй зөвхөн амьдралын “бичигдээгүй хуулиар” зохицуулагдаж байдаг тийм үзэгдэл үй түм байна. Энд уламжлал, ёс журам, зан заншил, зан үйл, ёс суртахууны хэм хэмжээ хүний соёл, боловсрол, мэдлэги дадал зуршил гээд хүн нийгмийн харилцаанд үйлчилдэг олон механизм бий Тэдгээрийг хэн нэгэн мэргэжилтэн, эсхүл хууль зүйн аль нэгэн субъект зохиох юмуу боловсруулдаггүй. гагцхүү хүмүүс, улс үндэстэн түүхийнхээ явцад хамтаараа бүтээж, хамтаараа өөрчилж боловсронгуй болгоно. Энэ бүхнийг амьдрал зохицуулна.
Байгалийн болон амьд гэх мэтийн хуулиуд нийгмийн харилцаа, төрийн бичмэл хуулийн үйлчлэлд шууд биш байдлаар нөлөөлнө. Yүгээрээ төрийн хууль төрж гарахын нэгэн уг сурвалж, түүний үр нөлөөтэй үйлчлэхийн нэг чухал нөхцөл болно.
Нийгмийн харилцааны шинж байдлыг шууд ба дам нөлөөллөөр тодорхойлж байдаг олон хүчин зүйл буй. Тэдгээр нь нийгмийн амьдралын үндсэн хүрээ, нийгмийн интеграль ахуйн гол төрлүүдийн хөгжлийн ерөнхий түвшинтэй холбоотой. Нийгэмд хөгжил өөрчлөлт явагдаж, түвшин чанар нь дээшлэхийн хэрээр нийгмийн харилцааны шинж төлөв шинэчлэгдэж хувьсана. Төрийн хууль үргэлж шинэчлэгдэн баяжиж байхын объектив үндэс энд байдаг. Бас шинэ хууль бий болж төрөхийн бас нэгэн сурвалж энэ мөн.
Нийгэм, нийгмийн харилцаа гэж ерөнхий яривал энэ хийсвэр зүйл. Түүнийг бодит агуулга, практик утга учиртай болгож буй тэрхүү амьд мөн чанар нь тухайн харилцааны объект ба субъект хоёр. Объект гэвэл хэрэгцээ үйлдвэрлэл өмч хөрөнгө, эрх мэдэл, үүрэг хариуцлага гэх мэт хүмүүсийг хооронд нь холбож байдаг судал сэжгүүдийг хэлнэ. Субъект гэвэл хувь хүн, нийгмийн бүлэг хийгээд нийгмийн социаль бүтцийн элементүүд нийгмийн зохион байгуулалтын янз бүрийн хэлбэр (төр, нам, төрийн бус байгууллага, үйлдвэр аж ахуйн газар гэх мэт), тодорхой улс үндэстэн, бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллага, нийт хүн төрөлхтөн гэх мэт олон арван зуйлүүдийг нэрлэж болно. Эцсийн дүндээ хууль энэ субъектүүдийн харилцаанд л үйлчилнэ. Хууль гарахын тулд үйлчлэх объект ба субъектээ сайтар таних нь чухал. Ийм утгаар нийгмийн харилцааны обьект, субъектийн шинж байдал нь бас хууль төрөхийн нэгэн сурвалж болно.
Хууль нь тодорхой орон зай, орчин-нөхцөлд үйлчилнэ. Тэр нь мега-макро-микро-гэсэн түвшинтэй. Эдгээрийг ялгаж зааглахдаа эрх зүйн шинжлэх ухаанд “үйлчлэх хүрээ” гэдэг ойлголтыг хэрэглэдэг. Орчин нөхцөл буюу орон зай гэдэг өөрөө танин мэдэхүйн маш нарийн төвөгтэй объект юм. Гэвч түүнийг зохих түвшинд таньж тооцохглйгээр хууль гаргаж болохгүй. Тийм болохоор энэ маань бас нэг сурвалж мөн.
Иймэрхүү байдлаар эрэгцүүлээд байвал төрийн хуулийн төрж мэндлэх суурь хөрс нь нийгмийн амьдрал бөгөөд үйлчлэх үндсэн талбар нь ч үй олон салаа мөчиртэй болохыг ойлгож болно. Тэдгээрийг тоймлон багцалж үзвэл дараахи ерөнхий загвараар төсөөлөгдөх юм.
Бүдүүвч бол танин мэдэхүйн зорилгоор хийсвэрлэсэн зохиомж юм. Жинхэнэ бодит амьдрал дээр бүх зүйл будүүвчээр явахгүй. Нийгмийн амьдралын үлэмж олон талтай, ихээхэн нарийн төвөгтэй хэрэгцээ шаардлагыг тусгаж гарсан хуулиуд нийгмийн харилцаанд үйлчлэх явцдаа засварлагдах, өөрчлөгдөх, бүр шинэ хуулийг төрүүлэх зэргээр үргэлж боловсронгуй болно. Энэ хэрээр нийгмийн хөгжил эрчимжиж хүмүүсийн амьдрал дээшлэнэ. Ийм эргэх холбоог хууль тогтоогчид, түүнийг хэрэгжүүлэгчид, хэрэгжилтэд нь хяналт тавигсад бүхнээс түрүүн соргог мэдэрч байх естой. Yүний тулд шинжлэх ухааны судалгаа, мэдээлэл нэн чухал.
- Хууль бүтээхэд судалгаа, мэдээлэл яагаад чухал вэ?
Судалгаа, мэдээлэл нь өнгөрсөн түүх, өнөөгийн бодит байдал, ирээдүйн чиг хандлагыг багтаасан нөхцөлд л хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадна. Монгол улс хууль цаазын баялаг уламжлалтай. “Их засаг”, “Халх журам”, “Монгол ойрдын хууль “Зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичиг” гээд түүхийн тодорхой цаг үед, тэр үеийнхээ бодит амьдралыг тусгасан хуулиуд гарч түүхэн үүргээ гүйцэтгэж ирсэн. Ардын засгийн жилүүдэд бас олон хуультай байсан. Энэ бүхэн өнөөдөр түүх. Түүхийг бид алдсан бол давтахгүй байхын тулд, оносон бол уламжилж хөгжүүлэхийн тулд судалдаг. Энэ утгаараа түүх чухал, харин түүх хэзээ ч яг тэр хэвээрээ давтагдахгүй. Түүхэнд өнгөрсөн үеийн нийгмийн амьдрал, тэр үеийн нийгмийн харилцаа байхаас биш өнөөдрийн амьдрал, маргаашийн ирээдүй бүтнээрээ байхгүй. Ийм маргаангүй үнэнийг тооцож хууль цаазын түүхэн уламжлалыг орчин үеийн хуулийн нэг сурвалж болгох ёстой.
Tүүхийн сурвалжийг судлахдаа ганц монголынхоороо хязгаарлавал учир дутагдалтай. Бид бол нэгдмэл бөгөөд салшгүй хэлхээ холбоонд оршигч олон хэмжээст дэлхий ертөнцийн нэг хэсэг. Тийм болохоор бусдын түүхийг бүтээлч судлах нь зайлшгүй чухал. Дуурайж хуулахын тулд биш, үр ашигтай хамтран ажиллахын тулд, тэднээс өөртөө тохирох оновчтой зүйлийг олж сурахын тулд судлах естой. Америк, Япон, Герман, Англи, Франц, Солонгос гэх мэт өндөр хөгжсөн буюу эрчимтэй хөгжиж буй орнууд дэлхийн жишгийг олон зүйл дээр тогтоож байгаатай хэн ч маргахгүй. Дэлхийн жишгээс тэс өөр юм хийгээд түүгээрээ хөгжинө гэвэл хэзээ ч бүтэхгүй. Гэхдээ жишиг бол загвар биш, зарчим хандлагын үндэснийхээ онцлогийг зөв зохицуулах утгаар тэдний түүхийг ч, туршлагыг ч судалж суралцах ёстой.
Бид эрх зүйт төрийг төвхнүүлэхийн төлөө шинэчлэл хийж байгаа. Ийм төр гэдэг бол чухамдаа хуулийн ноёрхол буюу “хуулийн дарангуйлал” тогтсон төр. Нийгэмд нийгмийн амьдралаа маш нарийн судалж таньдаг. Тэгэж чадаагүй нөхцөлд хуулиуд нэг бол бусдыг сохроор шүтэж хуулсан, “дутуу төрсөн” буюу шүүр шанага шиг түмэн “цоорхойтой, хэрэг дэрээ зэрэмдэг, үйлчлэн “амьдрах” чадваргүй болно. Хэрэв ийм хуулиуд олширвол хожим хойно хэзээ нэгэн цагт гарч үйлчлэх хуулиудын нэр хүндийг унагаж нийгмийн дэвшил, эрх зүйт төрийн төлөвшилтөд уршиг тарина. Нэгэнт хууль амьдралаас төрж түүнд үйлчилдэг нь үнэн юм бол амьдралаа дээд зэргээр шинжлэх ухааны үндэстэй судлан мэдэх нь чухал.
Сайн хууль гаргаад түүнийг мөрдөж нийгмийнхээ харилцааг төгөлдөржүүлэн зүгшрүүлж болохгүй гэж үү? гэдэг асуудал зүй ёсоор гардаг. Энэ бол онолын нарийн асуудал зарчмын хувьд болохгүй гэх газаргүй. Гэхдээ сайн хуулиар залуурдах харилцаа нь нийгэмд байна уу? үгүй юу? Байгаа бол тэр харилцааг үүсгэгч субъектүүд “хүчээр” жолоодохын аяыг даах хэмжээнд хүрч хөгжсөн байна уу? үгүй юу? Хэрэв тийм хэмжээнд хүрсэн бол хуулиа яаж хэрэгжүүлэх вэ? гэх мэтийн аcyудалд хариу өгсөн байхын тулд бас л нийгмийнхээ харилцааг судлах ёстой. Ер нь хууль, амьдралын харилцан хамаарлыг хатуу фаталист маягаар төсөөлж болохгүй. Хууль нийгмийн амьдралаас төрж гарахын зэрэгцээ нийгмийн боловсронгуй биш харилцааг сайн боловсорсон хуулиар жолоодон хөгжүүлж болно. Энд ялгаж зааглах нэг чухал acyудал бий. Юу гэвэл, батлагдаж гарсан хууль нийгмийн амьдралын өөрчлөн зохицуулах аргагүй тийм бодит амьдралын харилцааны дэвшилт чиг хандлагатай зөрчилдөөд байна уу? эсвэл нэгэнт леэ өнгөрөөж нийгмийн дэвшлийг саатуулж буй тийм согог хоцрогдолтой зөрчилдөөд байна уу? гэдгийг ч ялгаж зааглах ёстой. Энэ бол судалгаа, мэдээллийн хамгийн чухал нэг зангилаа мөн.
Ямар ч хуульд маргаашаа харж ирээдүйг угтсан хөтлөгч бөгөөд өөдрөг санаа заавал байх ёстой. Ирээдүйг өнөөдрөөс yргуулж төсөөлөх нь гарцаагүй. Гэхдээ энэ бүрэн хангалттай биш. Бидний хувьд ирээдүйн асуудал болж байгаа олон зүйл дэлхийн хөгжилтэй улс орнуудад түүх болчихсон, бидний хувьд одоогийн гол асуудал болж буй нэлээд зуйл буурай хөгжилтэй ард туоний хувьд ирээдүй нь болж байх жишээтэй тийм дүр зураг өнөөдөр хааяагүй байна. Иймд ирээдүйгээ зөв баримжаалахын тулд бусдын туршлагыг судлах л хэрэгтэй.
Ирээдүй гэдэг шинжилгээний ажлын их хэцүү бөгөөд сонирхолтой асуудал. Орчин үед ирээдүй судлалын шинжлэх ухаан амжилттай хөгжиж улс орны ирээдүйг шууд, ойрын, алсын гэж зааглан тодорхойлох явдал футурологийн шинжилгээний жишиг болжээ. Ирээдүй ихэвчлэн төлөвлөгөө, зорилт, стратеги, таамнал, прогноз зэргээр дамжин томъёологддог. Үүнийг хөгжилтэй улс орнууд төсөл хөтөлбөр, стратеги, төлөвлөгөө, мастер төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө гэх мэтийн олон хэлбэрээр боловсруулан хэрэглэж байна. Гэтэл социализмын үеийн төвлөрсөн төлөвлөлтийг үгүйсгэчихээд оронд нь ирээдүйгээ төсөөлөх орчин үеийн төлөвлөлтийн аль ч хэлбэрийг олигтой ашиглахгүй байна. Энд нарийн чимхлүүр судалгаа, үнэн магадтай бөгөөд сайн боловсорсон мэдээлэл хэрэгтэй.
Өнөөдөр манайд эрх зүйн ч бай, ер нь судалгаа мэдээллийн ажил хангалтгүй байна гэж их ярьдаг. Хэргийн учир ажил хангалтгүйдээ биш, тийм ажлын үр дүн, мэдээллийг үнэлж хэрэглэж сураагүйдээ байна. Тийм ажил эрхлэгчид судалгаа, мэдээллийнхээ ажлын үр дүнг эргэлтэд оруулж чадахгүйдээ байна. Судалгаа, мэдээллийн байгууллагуудыг өөр хооронд нь болон практикийн байгууллагуудтай уялдуулан зохицуулах зохиох байгуулалтын механизм үгүйлэгдэж байна. МУИС-д биеэ даасан хуулийн дээд сургууль, түүний харъяанд хүрээлэни хуулийн мэргэжилтэн бэлтгэдэг олон арван хувийн дээд сургууль, ШУА-ийн харъяанд эрх зүйн судалгаа явуулах чиг үүрэг бүхий хүрээлэн, Засгийн газрын харъяа институт, төрийн байгууллагын хэлбэрээр ажилладаг олон газарт хэдэн зуугаар тоологдох эрдэмтэн судлаачид байна. Энэ баримт бол судалгаа мэдээллийн ажлыг шаардлагын түвшинд явуулах боломж байгаагийн нотолгоо юм. Боломжийг бодит байдал болгохын тулд хоёр нөхцөл шаардагдаж байна. Нэгд, үйл ажиллагааны практик өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын болон эрх зүйн механизмыг бүрдүүлж үр ашигтай ажиллуулах, хоёрт, үйл ажиллагааных нь үр дүнг хэрэглэж үнэлэх, орчин үеийн мэдээллийн тоног төхөөрөмж, хөрөнгө санхүүгээр дэмжих зэргээр санхүүгийн зохистой oрчин бий болгох хэрэгтэй байна.
- Хуулийг хэн, хэзээ, хэрхэн бүтээх вэ?
Олон үеийн мэргэд, төрийн зүтгэлтэн түшээ нар энэ асуудалд нэгэнт хариулт өгчээ. Энэ хариулт дэлхийн бараг бүх үндсэн хуультай улс орны үндсэн хуульд тусгагдсан байдаг. 1924, 1940, 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулиудад ч бий. Хэр оновчтой байсан, хэрхэн хэрэгжиж байсан зэрэг нь өөр аcyудал. Монгол Улсын шинэ Үндсэн хуульд энэ асуудал орчин үеийн ардчилсан орнуудын нийтлэг жишгийн хэмжээнд тодорхойлогдсон. Хэн? гэдгийн тухайд Үндсэн хуулиар олгогдсон эрх бүхий хууль санаачлагчид санаачилж УИХ эцэслэн батална. Хэзээ? гэдгийн хувьд бол нийгмийн амьдралын хэрэгцээ шаардлага, ардчилсан шинэчлэлийн үйл явцын өрнөлт тодорхойлно. Хэрхэн? гэхийн тухайд УИХ-ын үйл ажиллагааны эрх зүйн үндэс болдог УИХ-ын тухай, УИХ- ын хуралдааны дэгийн тухай, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай гэх мэтийн хуулиудад нарийн зааж өгсөн байдаг. Энэ тухай илүү нурших шаардлагагүй.
Монгол улсад хуулийг бүтээж хэрэгжүүлэхтэй холбогдсон ажлыг хариуцан гүйцэтгэдэг бүхэл бүтэн тогтолцоо бий болж байна. Энэ тогтолцооны элемент бүр хуулиар тогтоогдсон өөр өөрийн тодорхой чиг үүрэгтэй. Хуулийг хэрхэн төрүүлж, тэр нь амьдралтай хэр нийцэж байгааг хууль тогтоогчид, хууль санаачлагчид хамтран хариуцна. Хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх, харин түүнийг сахиулах ажлыг шүүх эрх мэдлийн байгууллагууд хариуцах ёстой. Энд яригдаж буй эрх зүйн харилцааны субъект бүхэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад хууль ба нийгмийн харилцааны уялдаа холбоог мэдэрч түүнд ямар нэг байдлаар нөлөөлнө.
Нийгмийн харилцааны янз бүрийн шинж төлөвийг тусгадаг олон янзын үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийг харьцуулан шинжилж, нэгтгэн уялдуулах замаар төрийн бодлогын үндсийг тодорхойлох нь хууль тогтоогчдын ажил. Тэрхүү бодлогын үндсэд хууль амьдралын холбооны талаархи онол, улс төрийн үзэл баримтлалууд цэгцрэн шингэсэн байдаг. Tүүний илрэх хэлбэрийн тухайд бол хууль, Засгийн газрын хөтөлбөр бодлогын шинжтэй бусад баримт бичгүүд байна. Тэгэхээр УИХ бол чухамдаа хууль амьдралын холбоог онол, улс төрийн бодлогын түвшинд цэгцлэн боловсруулдаг өндер зэрэглэлийн лаборатори юм. Энд боловсруулах технологийн хамгийн оновчтой шийдлийг олж байх ёстой. Хууль боловсруулaх энэ шатны технологчид: а) Аль ч асуудлаар өөр хooрондоо бодитой ялгарах улс төрийн үзэл баримтлалын зохицох механизм бүрхэг, б) Төсөл санаачлагчид болон төсөл дээр ажилладаг мэргэшлийн аппаратын аль аль нь үүргээ хангалтгүй биелүүлж байгаагаас тэдний хийх ёстой ажилд их цаг зарж УИХ-ын ачаалал нэмэгдэх, в) Хууль амьдралын холбоог илтгэсэн мэдээлэл, судалгаа хангалтгүйгээс танин мэдэхүйн шинжтэй асуудал дээр цаг их алдах, г) УИХ-д туслах мэрэгшил-арга зүйн болон техник зохион байгуулалтын үйлчилгээ ялгарахгүй байгаагаас хууль амьдралын холбооны талаархи мэдээллийн боловсруулалт судлах зэрэг анхаарч залруулууштай зүйл байгаа тухай мэргэжилтнуүд тэмдэглэсэн байдаг.
Хууль амьдралын холбоо оновчтой байхад хууль санаачлагчид онцгой үүрэгтэй. Манай УИХ-ын гишүүд Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчид л хууль санаачлах эрх бий. Нийгмийн харилцааны өөр бусад бүх субъект хууль санаачлахтай холбогдсон санал бодлоо зөвхөн эдгээр субъектээр уламжлах боломжтой. Ийм нөхцөлд хууль санаачлагч нь санаачилж буй хуулийнхаа төсөлтэй холбогдох бүх төрлийн судалгаа, мэдээлэл, лавлагаа санал зэргийг зохион байгуулж төсөлд тусгах асуудлыг хууль батлагдах технологийн дамжлагын бүх шатанд хариуцах болно.
Хуулийн анхны төсөлд л тэр хуулиар зохицуулагдах нийгмийн харилцааны ерөнхий шинж төлөв, өвөрмөц онцлог, цаашид боловсронгуй болгох чиглэл зэрэг нь хамгийн цэгцтэй тусгагдсан нөхцөлд л уг хууль гараад үр нөлөөтэй үйлчилж нийгмийн дэвшилд нэмэр болно.
- Хуулийн “цоорхой” гэдэг үгийг хуульч биш хүмүүс хэрхэн ойлгодог вэ?
“Цоорхой” гэдэг үгийг ямарч монгол хүн төвөггүй ойлгож байгаа. Харин эрх зүйн онолд ийм нэр томъёо байдаг, эсэхийг мэдэхгүй. Ямар боловч өнөөдөр төрийн албаны өндөр тyшаалтнаас эхлээд захын хүн хэрэглэж ярьдаг үг болчихлоо.
Энэ бол яаж ч тайлбарлаад батлагдаж гарсан хуулийн нийгмийн бодит амьдралд үйлчилж чадахгүй байгаа тэрхүү хэсгийн тухай л ойлголт юм. Нийгмийн нэг багц харилцааг юмуу эсвэл аль нэг тодорхой харилцааг зохицуулах зорилготой гарсан хуулийн зарим нэг тодорхой заалт нь хэрэгжихгүй болохоор түүнийг “цоорхой” гэж нэрлээд байна. Үүний цаад уг сурвалж мөнөөх л нийгмийнхээ харилцааг гүйцэт судалж танихгүйн уршиг. Эсвэл судалж мэдсэн ч гэсэн хуулиндаа тусгаж чадаагүйн үр дагавар юм. Yүний зэрэгцээ батлагдаж гараад бүхэлдээ өгч үйлчлэхгүй шахам хууль ч бий. Тийм хуулийг “цоорхой”-той гэж нэрлэхгүй байгаа. Харин муу хууль, хэрэгжихгүй хууль гэх мэтээр ярьдаг. “Цоорхой” хуулийн тухай яриа нь хууль ба нийгмийн харилцааны уялдаа холбооны өнөөгийн онцлогийг илэрхийлсэн хэд хэдэн бодит байдлын тусгал болж байна. Үүнд:
а. Шилжилтийн үед нийгмийн бүх харилцаа үлэмж эрчимтэй өөрчлөгдөж байгааг эрх зүйн шинэчлэлийн хурдац гүйцэж зохистой хэлбэрээр хэрэгжиж чадахгүй байгаагийн тусгал юм. Нийгмийн тодорхой нэг төрлийн харилцааг зохицуулах хууль дөнгөж мөрдөгдөж эхэлж байхад тухайн харилцааны олон талууд хууль боловсруулах үеийнхээсээ эрс өөр болж хуульд тусгасан зарчмуудтай зөрчилдөж байна. Ийм зөрчлийг тухай бүрд нь арилгаж хуулиа шинэчлэх ажил удааширснаас “цоорхойн” тухай яриа гардаг.
б. Эрх зүйн шинэчлэлийн нэгдсэн үзэл баримтлал, цэгцтэй хөтөлбөр хангалтгүйгээс нийгмийн зарим харилцаа шинэ нөхцөлд тохирсон хуулиар зохицуулагдаж байгаагийн тусгал юм. Өөр хоорондоо нягт холбоотой нийгмийн хоёр харилцааг нэгийг нь хуучин хуулиар зохицуулж байгаагийн завсар зайнаас “цоорхой”-н тухай яриа гардаг.
в. Манай нийгмийн харилцааны олон төрлийг зохицуулж байдаг уламжлалын механизм буюу бичигдээгүй хуулийг төрийн бичмэл хуульд гүйцэд харгалзаж чадахгүй байгаагийн тусгал мөн. Олон зуун жилээр амьдрал ахуйд нь болоод оюун санааны ертенц, хүмүүстэй харьцах харилцаанд нь хэвшин тогтсон дадал зуршилтай нь тэр бүр нийцэхгүй хууль гараад ирэхэд хүмүүс цочирдож түүнийг хэрэгжүүлж чадахгүй байгаагаас “цоорхойн тухай яриа бас гардаг.
г. Бидний хууль хэрэглэх соёл доогуур, хууль нэг мөр яриа гардагийн бас нэг шалтгаан болж байна Энэ бүхнээс үзэхэд “цоорхойн” тухай ойлгомжгүй яриаг нийгмийн харилцааны хөгжлийг дагаж хууль өөрчлөгдөн боловсронгуй болж байх жам ёсны үйл явцтай хольж хутгаж болохгүй нь тодорхой байна.
Аль ч хуулинд тодорхой цаг үед, тодорхой хүрээ хязгаарын дотор үйлчлээд хүчингүй болж өөрчлөгдөх ёстой заалтууд орж болно. Бас хуулийн үйлчлэлийн явцаар нийгмийн харилцаа өөрчлөгдөн шинэчлэгдэж тухайн хуулийн зарим тодорхой бүлэг зүйл, заалтууд, эсвэл уг хууль бүхэлдээ өөрчлөгдөх шаардлага гарна. Yүнийг зарим тохиолдолд “цоорхой”-той хууль гэж ташаа ойлгох явдал гардаг. Гэтэл энэ бол эрх зүйт төрийн төлөвшлийн явц дахь эрх зүйн шинэчлэлийн зүй ёсны үзэгдэл байдаг. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд байнга л гарч байдаг нь үүний нэг практик илрэл мөн. Эрх зүйн шинэчлэлийн ийм үзэгдэл нь тооцож төлөвлөсөн хугацаанд бодлого үзэл баримтлалын дагуу хийгдэж байдгаараа цоорхой нөхөхөөс ялгаатай.
Харин хуулийн төслийг боловсруулах, УИХ-аар хэлэлцэх ажлын сүүлийн үеийн практикт дээрх хоёр үзэгдлийн аль нь болохыг ялгах аргагүй шахам үйл ажиллагаа нэлээд түгээмэл ажиглагдах боллоо. Yүнд олон жишээ дурдаж болно. Тухайлбал, УИХ-ын хуралдааны дэг гэдэг хуулийг 1997 оны 2 дугаар сард батлаад 5, 6, 7 дугаар сард гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулав.
Хүн амын орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа аж ахуй эрхлэгч иргэний орлогын татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Орон сууц хувьчлах тухай, Дундын өмчийн орон сууцны тухай, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийг дагаж мөрдөж эхлээгүй байхад дахин нэмэлт, өөрчлөлт орууллаа. Нийгмийн хөгжил, амьдралын шаардлагыг дагаад хууль өөрчлөгдөж байх ёстой гэдэг үүднээс асуудалд хандвал үүнийг зүй ёсны ажил гэж үзэж болмоор. Гэтэл ямар хугацаанд, ямар учир шалтгаанаар ингэхэд хүрэв гэдгийг нягталбал хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олширсноос шинээр хэлэлцэж батлагдах хуулиуд хойшилж, УИХ төлөвлөсөн асуудлынхаа талыг ч хэлэлцэж амжихгүй завсарлаж байгааг вуны өмнө олж харна. Цаашилбал нийгмийнхээ харилцааг гүйцэт судалж тусгахгүйгээр дутуу хууль баталчихаад баталсан чуулганаараа эргээд байгууллагын өөрчилж байдгийг хууль тогтоох байгууллагын хэвийх ажиллагаа гэж үзэҳ үндэсгүй болно.
- “Монголын хууль гурван хоног” гэдэг орчин үеийн утга юунд орших вэ?
Монголчууд бид ингэж ярих их дуртай. Ялангуяа шинэчлэлийн жилүүдэд олон тооны хуулиуд батлагдан гарах болсноор бүр ч их ярих болжээ. Энэ үгэнд шинжлэх ухааны буюу эрх зүй, философийн оносон утга санаа үгүй юм. Хуулийн юмуу шинжлэх ухааны нэр томъёо ч биш. Зүгээр л хэлбэрийн төдий хуультай, түүнийгээ хэрэгжүүлдэггүй, бүх зүйлийг захиргааны арга барилаар шийддэг байх үеийн хэн нэг шоoч хүний хэлсэн үг яван явсаар цэцэн үгэрхүү юм болчихсон хэрэг. Гэвч энэ үг хууль ба амьдралын харилцаа холбооны онцлогийг олон нийтийн санаа бодлын түвшинд бодитой илэрхийлж байгаа учраас л амь бөхтэй хэрэглэгдсээр ирсэн гэдэгт шинжлэх ухааны үүднээс дүгнэлт хийж, хууль хэрэгжүүлэх практик ажилд харгалзан ажиллах ёстой.
Өнөөдөр “монголын хууль гурван хоног” гэдэг үгний цаана ямар утга учир байгааг тодруулахын тулд:
а. Монгол хүний харьцаж, түүнийг хэрэглэх сэтгэл зүйн үндэсний өвөрмец онцлог,
б. Монгол хүний зан араншин, прагматик сэтгэлгээний онцлог зэргийг тодруулж, тэр онцлогууд нь хуулийн хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж буйг судлах шаардлагатай.
Монголчууд өнө эртнээс “төр түмэн нүдтэй төрсөн бие хоер нүдтэй” хэмээн төрөө дээдэлж, төрийн хуулийг чандлан сахиж ирсэн сэтгэлзүйн уламжлалтай ард түмэн. Төрийн хууль нь цөөн боловч хатуу байсан учраас түүнийг ёсчлон дагахад хэцүү биш байв. Хуулиар хориглоогүй нийгмийн бараг бүхий л харилцаа уламжлальн механизмаар аяндаа зохицуулагдаж байлаа. Энэ үед “монголын хууль гурав хоног” гэдэг үг байгаагүй л болов уу? Харин социалист туршилтын жилүүдэд нэг намын үзэл суртлыг хүчлэх дэлгэрүүлэх хэрэгсэл болгож хэлбэрийн төдий олон арван хууль гаргаж, тэр нь амьдралд хэрэгжихгүй, хоосон тунхаглал болж байсны тусгал болж дээрх үг гарсан бөгөөд улмаар хуульд харьцах сэтгэл зүйн онцлог болтлоо тархжээ. Өөрөөр хэлбэл, сайхан нэртэй сүржин, гоё заалтуудтай хууль гаргаад түүнийгээ богинохон хугацаанд сүр дуулиантай хэсэг сурталчлаад мартчихдаг, харин амьдрал хуучнаараа үргэлжилдэг зуршлын сэтгэл зүйн илэрхийлэл болж “…гурван хоног”-ийн тухай яриа дэлгэрсэн гэж үзэж болно. Хуульд хандах сэтгэл зүйн ийм хандлагын инерцийн хүч өнөөдөр хаана хаанаа их байгаагаас уг үг ч байсаар байна. Эрх зүйн сургалт сурталчилгааг үлэмж прагматик чиглэлтэй болгож, өдөр дутмын чинь амьдрал хуулиар зохицуулагдаж, та хуулийн ертөнцөд түүгээр хамгаалагдан аж төрж байна гэсэн итгэл үнэмшлийг хумүүсд төлөвшүүлэхгүйгээр сэтгэл зүйн ийм хандлага амар арилахгүй.
Монголын нийгмийн харилцааны онцлог бас энэ үгний цаана агуулагдаж байна. Манай нийгмийн харилцааны одоогийн бодит байдалд ураг төрөл, удам судрын харилцаа хамгийн хүчтэй хэвээр байна. Энэ бол үндэсний соёл иргэшлийн мөн чанараас улбаатай туйлын тогтвортой харилцаа. Түүнд нийгмийн эрүүлжүүлэх, сөрөг үзэгдлийг арилгах, хөгжилд тус дэм болох маш олон сэжим судал, механизм бий. Яг мөн тийм хэмжээний сөрөг нөлөө үзүүлэх далдын хүч ч бий. Ийм эерэг сөрөг талыг нарийн ялгаж хуульчлахад тийм ч амаргүй. Харин бүхэлдээ зөв бөгөөд эерэг чиглэлээр хөгжүүлэх үзэл санаатай хууль гаргавал тэр л үр дүнгээ өгнө.
Монголчууд цөөхүүлээ бас нутаг ус, жалга довын сэтгэлгээ ихтэй учраас танил талаа барьж ажил бүтээх аргад их дадсан ард түмэн. Энэ бол өнөөгийн манай нийгмийн амьдралд бодитой харагдаж буй нийгмийн харилцааны онцлог мөн. Гэтэл бараг бүх хуулинд энэ чиглэлээр явагдах үйл ажиллагааг хориглосон байдаг. Тийм заалт амьдрал дээр огт хэрэгждэггүй. Энэ бол хэн ч маргашгүй бодит байдал. Үүнийг хууль боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих бүх шатанд зөв харгалзахгүйгээр “…гурван хоногийн” сэтгэлгээ амар арилахгүй. Үндэстэн бүрд өөр өөрийн араншин бий. Хүн бүр тус тусдаа зан араншинтай. Хүн хүнтэй харьцахдаа араншинг нь мэдэж харьцдагтай адил төр ард түмэнтэйгээ харьцахдаа ард түмнийхээ араншингийн үндэсний онцлогийг мэдэж байх ёстой. Монголчуудыг гэнэн цайлган, итгэмтгий, зочломтгой, тооцоогүй, гүдэсхэн, хэнэггүй гэх мэтээр гадныхан магтах, шоолохын завсар хэлдэг хэдэн үгийг эс тооцвол бид үндэснийхээ сэтгэл зүй, зах араншинг огт мэддэггүй, судлаагүй. Гэтэл төрийн аливаа хууль гагцхүү нийгмийн харилцаанд зуршмал шинжтэй илэрдэг үндэсний зан араншингийн тэр орчинд л хэрэгждэг. Түүнийг тооцож тусгаагүй хууль амьдралд хэрэгжихдээ тааруухан байдаг. Хүнд Монгол үндэстний нь хувьд нийтлэг байгаа зан араншин, сэтгэлгээний өвөрмөц онцлог нийгмийн харилцааны ямар төрөлд, ямар байдлаар илэрч болохыг судалж тухайн нийгмийн харилцаанд үйлчлэх хуулийг боловсруулахдаа нягт харгалзан үзэж байвал “монголын хууль гурван хоног” гэдэг үг монгол хэлний ярианы сангаас хасагдахад багагүй нөлөө үзүүлнэ.
Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/