Х.Батцэнгэл
/Эдийн засгийн ухааны доктор/
Шинэ толь №19, 1997
Түлхүүр үг: тогтвортой хөгжил, хөгжлийн шинэ хандлага, тогтвортой хөгжлийн зарчим, чиглэлүүд
- Хөгжлийг шинэ хандлага
Хөгжил гэж юү вэ? Аливаа өөрчлөлт хувьслыг хөгжил хэмээн ойлгох нь зөв үү? Эсвэл хүн, нийгэм байгаль орчны оршин тогтноход эерэг нөлөө үзүүлж буй үр дүнг ойлгох уу? Зэрэг зарчмын асуудлын талаар эрдэмтэн мэргэд өнөөг хүртэл ном хүртэл ном хаялцсаар байгааг үл өгүүлэн өгүүлэх нь.
Хөгжлийг ойлгож тайлбарлаж байсан “сонгодог” үзэл онолын бүх урсгал -чиглэлээс өөр төсөөлөл, үзэл санаа 70-аад онд гарч ирсэн юм. Улс орнууд түүнийг эхлээд хүлээж авахгүй эсвэл анхаарахгүй явж ирсэн боловч XXI зууны босгон дээр дэлхий дахины хөгжилд шинэ хандлага бий болсныг зөвшөөрөхөөс аргагүй боллоо. Харамсалтай нь нэлээд тохиолдолд хүн төрөлхтний оршин тогтнохуйн суурь үнлэс “аюулд” учирсан нь “тусалсан” гэж үзэх үндэстэй. Нөгөөтэйгүүр шинэ хандлагын талаар онол номлолыг боловсруулах шинжлэх ухааны системтэй судалгаа явуулах ажил ихээхэн хоцорч байснаас дэлхий нийт хожуу ойлгож эхэлсэн юм. Онол, номлолын тухайд энэ чиглэлээр XIX зууны сүүлчээс томоохон нээлт, бүтээл гарсан юм. Тухайлбал, Оросын эрдэмтэн Вернадскийн “Ноосферийн сургааль”-д хөгжлийн тухай шинэ үзэл онолын үндсийг тавьж сав-шим ертөнц, хүн нийгмийн оюун ухаарал, үйл мандал болж хувирах үзэл дэвшүүлсэн нь XXI зууныг угтсан “нээлт” байсныг хэлэх хэрэгтэй. “Буруу” нь цаг хугацаанаасаа “хэт” түрүүлж, үүний дээр бид хүндэлж ойлгож чадаагүйд байгаа юм.
Хөгжлийн шинэ хандлага нь товчоор хэлбэл хүн, нийгэм маань сав шим ертөнц, үйл мандлын жам ёсны нэгдмэл орчинд зүй зохистой амьдрах, хөгжих дэвших нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэсэн үг юм. Үйл мандал буюу нийгэм хүний бүтээл (орчин үед улам бүр оюун, технологийн шинжтэй болж байна) нь байгаль орчинтой хүйн холбоотой. Үүнийг аман дээрээ хүлээн зөвшөөрч ухаарч ойлгож байгаа мэт харагддаг. Хэрэг дээрээ эсрэг үйл ажиллагаа ирсний уршиг үр дагавар өнөөдөр нэн тодорхой боллоо. Техникийн гарвалтай соёл иргэншлийн “ололт амжилт”-ын тухай ярилгүй түүний утга агуулгыг авч үзвэл сав шим ертөнц, үйл мандлын нэгдмэл орчинд “эвдрэл сүйрэл” авчирсныг эрдэмтэд судлаачдын үндэслэл тооцоо харуулж байна. Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засгийн хурдац болон байгалийн нөөцийн хомсдол цаашид сүүлийн 10 жилийнх шиг үргэлжилбэл 2020-2040 оны үед нөөц шавхагдсанаас дэлхий сүйрэх аюулд хүрнэ (америкийн судлаач Д.Медоуз, Норвегийн эрдэмтэн И. Рендэрс). Оросын эрдэмтэн В.Горшков болон бусад олон судлаачид төстэй дүгнэлт хийж байна. Тэд нар байгаль орчны өөрийгөө нөхөн сэргээх чадварт тулгуурлан дэлхийн био орчины ачаалал даах чадварыг судалж ийм дүгнэлтэд хүрчээ.
Хөгжлийн шинэ хандлага гэж нэрлэхдээ хэд хэдэн зүйлийг иш үндэс болгож байна.
- Хэт өрөөсгөл, явцуу утгатай ойлгож ирлээ. Цаад учир шалтгаан буюу техникийн гарвалтай соёл иргэншилд суурь өөрлөлт гарч мэдээлэл, технологийн эринд шилжих эхлэл нь шинэ хандлагыг нөхцөлдүүлж байгаа юм. Харин эвдээд сүйтгэж орхисон байгаль орчноо “сэргээх”, хамгаалах асуудал маш чухал хэдий боловч нэг л тал нь гэдгийг хэлэх хэрэгтэй.
- Экологийн баримжаатай хөгжилт гэсэн ойлголттой холбоотой боловч адилтгаж болохгүй. Яагаад гэвэл тогтвортой хөгжил нь өөрчлөлт хувьслын чиг баримжааг биш, дотоод утга агуулгад гарсан “өөрчлөлт”-ийг харуулж байгаа юм.
- Хандлага гэдэг нь зөвхөн өнөөгийн шатанд экологи-нийгмийн байгууламжийн бүх талыг өөрийн утга агуулгад нийцүүлэн зохион байгуулах, өөрчлөх эхлэл тавигдсныг илэрхийлж байна. Цаашдаа хандлага маань хөгжлийн дотоод механизм, өөрийгөө тэтгэж зохицуулах хүч болж хувирна. Тэр хүртэл энэ ойлголтыг ашиглаж болно.
- Тогтвортой хөгжил гэж юу вэ?
Нийгэм, хүн өөрийн гэсэн жам ёс, заяа төөрөг, зам мөрөөр хөгжинө. Үүний цаана ертөнц дахин халдашгүй хууль, зүй тогтол байгаа юм. Гэтэл энэ бүхнийг танин мэдэж ухаарах, түүнд зохицож амьдрах, хөгжих гэж оролдох, тэмцэхийн оронд байгаль ертөнцийг “удирдах, захирах” мулгуу номнол гаргаж муйхар загнасны эцэст өнөөгийн гажуудал, уршиг дагавартай учирлаа. Хамгийн еранхий байдлаар томъёолбол, жам ёсны хөгжлийг тогтвортой гэж ойлгож болно.
“Тогтвортой” гэдэг нэр томъёоны тухайд доорхи санааг хэлье. “Sustainable development “ гэсэн ойлголт байдаг. Энэ талаарх судлаачдын дунд байгаа нийтлэг санааг дурьдахад:
- Энэ нь экосиситемийн тэтгэх даацын хүрээнд аж төрж буй хүмүүсийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хүнийг ьал бүрээр хөгжүүлэн дэвжээх, тогтвортой хөхүүлэн тэтгэж хөхүүлнэ гэсэн утга санааг агуулж байна.
- Тогтвортой хөгжил гэдэг нь үл өөрчдөгдөх явц, байдлын номнол биш. Энэ бол эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн талаархи экологи-эдийн засгийн баримжаатай хөгжлийн зорилгод нийцсэн эдгээр салбарын үр ашигтай төрийн бодлого, шийдвэр гаргахад чиглэсэн динамик өөрчлөлтийн явц юм. Тогтвортой хөгжил нь хөгжилтэй, хөгжиж буй, буурай хөгжилтэй г.м. аль ч улс гүрний улс төр, эдийн засаг, нийгэм, экологийн зорилго болно.
- Сонгодог утгаар ойлгосон өсөлт, хөгжлөөс ялгаатай.Хэрэглээ, үйлдвэрлэл, хүн ам, баялаг өсөх, тэлэх, нэмэгдэх талаас нь хандахдаа үүний цаана, чанар бүтэц, өөрчлөгдөж байвал тогтвортой хөгжил гэж үзнэ.Амьжиргааны түвшин, хэрэглээ өсөхөд нөгөө талд нь чанар, арвилан хэмнэлт, хэрэглээний бүтцийн асуудлыг тавина.Хүний аливаа үйл ажиллагааг хөгжлийн явцтай чадамгай зохицуулан нийцүүлж, ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хангахад байгалийн нөөцийг зохистой ашиглах нь тогтвортой хөгжил юм.
- Экологи, эдийн засаг, нийгэм, соёлын хавсарсан цогцолбор учраас дурьдсан салбар бүрт тогтвортой, тэнцвэрт байдлыг хангах, гажуудал, сүйрлээс сэргийлэх, холбогдох дэд системийг хөгжүүлж харилцан дэм болох, нэг нэгийгээ нөхөн сэргээх асуудлын цогц утгыг тогтвортой хөгжил илэрхийлнэ.
Тогтвортой хөгжил нь сав шим ертөнц, хүн, нийгмийн амьдралын бүх хүрээг хамарч хэрэгжих болохоор түний тухай ойлголтын утга агуулгыг цаашид тодруулж үзэх шаардлага гарна.Сурталчилгаа, сургалтын эхний ээлжинд дээрхи ойлголтынг ашиглаж болно.
Дэлхийн улс орнууд өнөө үед тогтвортой хөгжил гэсэн үзэл баримтлал, загварыг хүлээн зөвшөөрч өөр өөрсдийн хэмжээнд нарийвлан боловсруулж хэрэгжүүлэх ажилд орлоо.Энэ талаар НҮБ, түүний мэргэжлйн байгууллагууд онцгой анхаарах болсон нь тохиолдлын зүйл биш.Хөгжил, хүрээлэн буй орчны асуудлаар 1972, 1992 онуудад дэлхий дахиныг хамарсан НҮБ-ын хэмжээний бага хурал зарлан хуралдуулж хүн төрөлхтөний дараагийн зуунд мөрдөх үол чиг баримжааг тодорхойлсон юм.Бразил улсын Рио Де Жанейро хотноо 1992 онд НҮБ-ын “Байгаль орчин, Хөгжил” бага хурал хуралдаж дэлхийн 179 орны төрийн тэргүүн нар “21 дүгээр зууны мөрийн хөтөлбөр” (Agenda 21) болон тунхаглал (Rio declaration)-ыг батлан гаргасан улс орнуудад “Хөтөлбөр” боловсруулах баримтлах үндсэн баримт бичиг болсон байна.
Хөтөлбөрийн тухай товч дурдахад …
Тогтвортой хөгжлийн зорилго, зарчим, чиглэл, энэ талаар явуулах бодлогын үндсийг хөтөлбөрт дэлгэрэнгүй тусгасан учир зарим зүйлийг хөндөж яръя.Тогтвортой хөгжлийн зорилгыг эдийн засаг, экологи, улс төр, нийгэм, соёл, хүмүүнлэгийн гэж зааглан үзэж болно. Тэгэхдээ аль аль нь нэг зүйл дээр нэгдэж байгааг анхаарах хэрэгтэй. Бүгд л хүнийг төвдөө тавьж түүний ая тухтай амьдарч хөгжих зохистой нийгэм, экологийн орчин бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
“Хөтөлбөрт”-т боловсруулсан асуудлыг дурьдвал тогтвортой хөгжлийн хүрээ, чиглэийг ямар нэг хэмжээгээр төсөөлж болно. Үүнд:
- Нийгэм, эдийн засгийн хүрээ
- Олон улсын хамтын ажиллагаа
- Ядуурлыг арилгах
- Хэрэглээний бүтцийг өөрчлөх
- Хүн ам, тогтвортой хөгжил
- Хүн амын эрүүл мэндийг хамгаалах
- Тогтвортой хөгжлийн талаар шийдвэр гаргах
- Байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах
- Агаар мандлыг хамгаалах
- Газрын нөөцийг зохистой ашиглах
- Ойн нөөцийн хомсдолтой тэмцэх
- Цөлжилт, гантай тэмцэх
- Уулархаг нутгийн тогтвортой хөгжил
- Хөдөө аж ахуйн болон хөдөөгийн хөгжил
- Биологийн төрөл зүйлийг хамгаалах
- Биотехнологи
- Далайг хамгаалах, ашиглах
- Цэвэр усыг хамгаалах, ашиглах
- Химийн хортой бодисыг ашиглах
- Хортой хог хаягдлыг зайлуулах
- Хатуу хог хаягдал ба бохир ус
- Цацраг идэвхт хаягдал
Эндээс үзэхэд төр, засгийн байгууллага болон эрдэмтэн судлаачдын боловсруулсан үндэсний хөгжлийн үзэл баримтлалын хувилбаруудыг харьцуулан үзэж тогтвортой хөгжлийн нэгдсэн хөтөлбөр хийх зорилт тулгарч байна.Энэ талаар эхний алхам хийж Монгол улсын тогтвортой хөгжлийн байгуулалтын арга хэмжээ авлаа.Үүнд, Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хамтран “Монгол улсын тогтвортой хөгжил” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.Тогтвортой хөгжлийн Үндэсний зөвлөлийг байгууллаа.(Засгийн газрын 1996 оны 199 дүгээр тогтоол).
Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмууд:
- Хүнийн дээдлэн халамжлах, байгаль орчинтой зохицон эрүүл, үр бүтээмжтэй ажиллах, амьдрах эрхийг хангах,
- Нийгмийн бүх хүрээнд шударга ёсыг баталгаажуулах ядуурлыг арилгах, амьдралын түвшний ялгааг багасгах
- Дэлхийн экосистемийн бүрэн бүтэн, эрүүл байдлыг сэргээх, хадгалах, хамгаалахын тулд буурай хөгжилтэй орнуудад туслах, амьдрах чадваргүй үйлдвэрлэл, хэрэглээ, технологийг өөрчлөх
- Экологийн асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн бүлэг давхаргыг идэвхтэй оролцуулах, экологийн хууль стандартыг баталж хэрэгжүүлэх, , улс орнуудын хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэх
- Экологийн гарз хохирол, бохирдлоос сэргийлэх, зардлыг бохирдуулагч нөхөх зарчмыг баримтлах, сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа үйл ажиллагааг хязгаарлах хаах, бусад оронд нөлөөлж болох байгалийн гамшиг, онц байдлын тухай шуурхай мэдээлэх
- Энх тайван, хөгжил дэвшил, ардчилал болон хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал салшгүй холбоотой учир энэ салбарт бүх маргаантай асуудлыг тайван замаар шийдвэрлэх, нээлттэй эдийн засаг, ардчиллын замд шилжиж буй орнуудын бүх талаар дэмжиж хамтран ажиллах, тогтвортой хөгжлийн олон улсын энрх зүйг цаашид хөгжүүлэх зэрэг болно (Эдгээр зарчмуудыг “хүрээлэн буй орчин, хөгжил” Рио-де-Жанейрогийн Тунхаглалаас нэгтгэж авав.)
Тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах нь дан ганц төр, засаг мэргэжлийн байгууллага, эрдэмтэд судлаачдын ажил биш.Энэ ажилд орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагууд, хүн амын бүх давхаргууд өргөн оролцохёстой.Үүргээрээ тогтвортой хөгжил бас онцлогтой.
Бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл:
- хөгжлийн төлөвлөлт
- санхүүжилт
- технологи шилжүүлэх
- шинжлэх ухаан
- боловсрол, сургалт, олон нийтийн сурталчилгаа
- үндэсний чадавхийг бий болгох
- зохион байгуулалт, удирдлага
- хууль, тогтоомж
- мэдээлэл
4.Орон нутгийн давуу талыг ашиглах нь
Тогтвортой хөгжлийг хангахад орон нутгийн захиргаа, хүн амын бүлэг давхаргад урьд урьдаас илүү үүрэг хариуцлага ногдож байгаа юм. “Хөтөлбөр”-т нутгийн уугуул иргэдээс эхлээд эрдэмтэд мәргэжилтэн, мэдээлэл, сурталчилгааны ажилтнууд хүртэлх бүх хэсэг бүлгийн гүйцэтгэх хариуцлагыг үүрэг тусгайлан авч үзсэн нь гүнзгий учир шалтгаантай.
Oрон нутагт тогтвортой хөгжлийн асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх ажил олон талтай. Гэхдээ эхний ээлжинд бус нутгийн давуу талыг нарийвчлан тодорхойлж түүнд нийцсэн эдийн засгийн үр ашигтай, оновчтой бүтцийг бий болгоход анхаарах шаардлагатай. Тэгэхээр давуу тал ( онцгой, харьцангуй, шинэ г.м.) нэг бүрийг судалж тооцохоос бидний ажил эхлэх учиртай. Нэг жишээ: аймаг, сум ямар нөөц, чадавхитай вэ? Хэдэн хувийг ашиглаж байна вэ? гэдгийг бодитой тооцож чадалгүй өнөөг хүрлээ. Иймд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заахдаа: “Бүс нутаг, аймаг, сумдын эдийн засгийн чадавхийг тодорхойлж (X.Б) үүний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой бүтэц бүрдүүлэх, нутаг усандаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг хангахын тулд бүс нутгийн зохион байгуулалтаар хөгжих бодлого баримтална” гэжээ.
Бүс нутгийн онцгой, харыцангуй давуу талыг бусдаас илүү анхаардаг бол шинэ давуу тал бий болгох талаар бараг ярихгүй орхиж байна. Энэ нь бүс нутгийн нөхцөл, бололцоо, боловсон хүчний чадавхи, давуу талд түшиглэн оюун технологийн багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой бүтцийг бүрдүүлнэ гэсэн үг юм. Орон нутгийн захиргаа хөрөнгө хүч, бололцоогоо энэ чиглэлд төвлөрүүлэх бодлого явуулж чадвал тогтвортой хөгжлийг хангах гол нөхцөл болно. Газар зүйн байршил, байгалийн нөөц баялгийн тархалт болон орон нутгийн бусад онцгой, харьцангуй давуу талыг ашиглах бүх хөшүүрэг, механизмыг цогц байдлаар хөдөлгөх нь үр дүнтэй.
- Орон нутгийн чадавхи бололцоонд тулгуурлаагүй байгаль орчинд сөрөг үр дагавартай аливаа аж ахуйн нэгжид татаас, хөнгөлөлт хөнгөлөлт, олгохгүй, нэмэлт зардлыг өөрөө дөөх зарчим баримтлах
- Орон нутгийн давуу тал, байгалийн бүх төрлийн нөөц баялгийн технологи, эдийн засгийн ач холбогдлыг бүрнээ илэрхийлсэн үнэлгээний иж бүрэн систем тогтоож, түүний дагуу ашиглах, эзэмших, захиран зарцуулах
- Байгалийн нөөц байялгийг оновчгүй ашиглах, нөхөн сэргээх дэьшилт технологи, арга ажиллагааг урамшуулах, үнэ, төлбөрийн хөшүүргийг ашиглах, орон нутгийн өөрөө удирдах эрх мэдэл, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх
- Бүс нутаг, аж ахуйн секторын хөгжлийн богино, урт хугацааны иж бүрэн хөтөлбөр, мастер төлөвлөгөө, мэдээ мэдээллийн шуурхай, оновчтой сүлжээг тогтоох
зэрэг чиглэл болно.
Бүсчилсэн хөгжлийн бодлого
- Түүх сөхвөл…
Монгол улсын түүхэн хөгжлийн бүх үе шатанд бүсчилсэн хөгжлийн асуудал онцгой байр эзэлж байсныг түүх харуулж байна. Монголын тулгар төр, эзэнт гүрэн бүрэлдсэн үеэс эхлэн бүсчилсэн хөгжлийн бодлогын өвермөц үзэл баримтлал, загварын үндэс тавигдсан гэж үзэж болно. Энэ бол алтан ургын бодлогын тулгуур төвийн нэг байсан бөгөөд цаанаа гүнзгий учир шалтгаантай. Учир шалтгааныг эдийн засаг, аж ахуй гэхээс өмнө нүүдэлчин (Төв Ази)-ний соёл иргэншлийн оршихуйн учир холбогдол, орчин ахуйгаас эрж хайх ёстой. Хүн-байгаль орчин-нийгмийн зохицолдоо тэнцвэрийн хууль, зүй тогтлыг ухаарч, түүнд зохицож амьдрах гэсэн дээдсийн маань хүсэл эрмэлзэл, ухаан бодлыг энэхүү бодлого илэрхийлж байв. Гэтэл өнөөдөр асуудлыг хөндөхдөө 2 төрлийн нийтлэг алдаа гаргаж байна.
Нэгд, түүх талаасаа хувьсгалын өмнөх ба дараах үеийн засаг захиргаа, аж ахуйн зохион байгуулалтын хуваариас цааш өнгийж харахгүй байна. Нэлээд тохиолдолд хуучин Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаарын нутаг дэвсгэрийн хуваарьтай төстэй бүсчлэл “хийх” санал ч гарч байгаа юм.
Хоёрт, эдийн засаг, аж ахуйн хэрэгцээ шаардлага үнэхээр нэн чухал боловч нүүдлийн соёл иргэншлийн оршихуйн орчин, үндэс суурьтай юуны өмнө холбоотой гэдгийг бага анхаарч байна. Үүний улмаас эдийн засгийн бүсчлэлээр дамжин улс орны хөгжил дэвшлийн бусад суурь асуудал хөндөгдөх тул бүх талын үр дагаврыг урьдчилж тооцох, системтэй судалгаа шинжилгээнд тулгуурлах шаардлагатай болно.
Энэ утгаар нь авч үзвэл бүсчилсэн хөгжлийн бодлого гэсэн нэр томъёо эдийн засгийн хүрээгээр хязгаарлагдахгүй. Улс төр, нийгмийн бусад хүрээнд “бүсчилсэн” хөгжлийн тухай ярьж болно. Гэхдээ өөр өөр өнгө аяс, утга агуулгатай гэдгийг бодолцох нь зүйтэй. Энэ тухай ярьж хөндөхгүй байгаа боловч амьдрал шаардах л болно. Улс төрийн хүрээнд гэхэд нутаг нугын үзлийг жишээ болгоё. Энэ үзэлд тодорхой эерэг хүч байдаг боловч түүний хэт явцуу хил хязгаарыг тэлж өргөтгөх нь үндэсний эрх ашигт нийцэж таарна. Харин яаж, ямар арга механизмаар, хир хэмжээтэй гэдгийн тухайд бүсчилсэн хөгжлийн бодлогод түүний шийдийг суулгаж өгөх учиртай. Үүнийг дан ганц эдийн засгийн бүсчлэлээр шийдэж чадна гэж бодвол эндүүрэл болно. Энэчлэн бусад хүрээнд эл бодлого ямар ямар онцлогтой хэрэгжих учиртай вэ гэдгийг тусгайлан авч үзэж байх нь зүйтэй болохыг “Түүх сөхвөл. харж болно.
- Ойлголтын тухайд
Бүсчилсэн хөгжлийн тухай олон янзаар ойлгож томъёолж байгаа нь түүний олон талтай, өргөн гүнзгий утга агуулгатай болохыг харуулж байна. Хэдий тийм боловч зарим нэр томъёо, ойлголтын тухайд нэг мөр болгох зүйл байгаа юм.
Бүс, бүс нутаг, бүсийн хөгжил, бүсчилсэн хөгжил, бүсчилсэн хөгжлийн эсвэл бүсийн хөгжлийн бодлого зэрэг ойролцоо буюу давхардсан утгатай 10 орчим нэр томъёо, ойлголт сүүлийн үеийн албан ёсны болон судлаачдын бичсэн материалд тааралдаж байна. Бүсийн тухай сум аймгаас эхлээд тив дэлхийн түвшинд зааглан ярьж болох учраас нэр томъёо давхардах юм гарч байгааг үгүйсгэхгүй. Жишээ нь, Ази, номхон далайн бүсийн гэхээс бүс нутгийн орнууд гэсэн ойлголт нь шинжлэх ухааны хувьд зөв юм. Энд бие даасан нутаг дэвсгэр, улс үндэстний тодорхой хүрээнд хамтарч ажиллах бүсийн тухай ярьж байгаа учир бүс нутаг гэж нэрлэх нь тохиромжтой. Харин нэг үндэстэн улс орны дотор бүсчилсэн хөгжлийн тухай ярихад “бүс” гэсэн ойлголтыг хэрэглэх нь зүйтэй. Гэтэл бүсийн доторхи тодорхой аж ахуй, соёлын нэгдлийг хүрсэн түвшинг харгалзан бүс нутаг эсвэл дэд бүс гэж ялгавартай үзэж болно. Дэд бүс гэж илүү нэгдмэл, хөгжилтэй аж ахуй, соёлын цогцолборыг хэлнэ. Жишээ нь, Эрдэнэт, Дархан хот гэхэд тодорхой бус дотор бие даасан дэд бүс болох магадлалтай. Нэгэнт бүрэлдэж эхэлсэн “бүсийн хөгжил” гэж ярих нь “бүсчилсэн хөгжил”-өөс ялгаатай. Хоёр дахь нь бүсчлэлийг бодлого, зохицуулалтын арга хэрэгсэл болгон ашиглах тухай ойлголт юм. Бүс бүрэлдэж эхлээгүй шатанд бүсийн хөгжлийн бодлого гэж ярих боломжгүй. Харин бүсчилсэн хөгжлийн бодлого гэж томъёолох нь зөв юм. Энэ ч утгаар нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэрэглэж байгаа гэж ойлгож байна. Хөтөлбөрт стратегийн зорилтыг томъёолохдоо “бүс нутгийн хөгжилд өөрийн гэсэн байр сууриа эзлэх” гэсэн нь олон улсын тавцанд явуулах үйл ажиллагаанд хамаатай. Хөтөлбөрийн холбогдох хэсэгт бүсийн хөгжил, бодлого гэж ярихгүй байгаа нь дээр дурьдсан учир шалтгаантай холбоотой. Гол төлөв “бүс нутаг”. түүний хөгжил, бодлого гэсэн ойлголтыг хэрэглэж байна.
- Шаардлага хэрэгцээ
Бүсчилсэн хөгжил нь олон талтай ойлголт боловч энд зөвхөн эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн тухай товч хөндөе. Ном, хэвлэлд эдийн засгийн бүс, түүний хөгжил ба бүсчилсэн хөгжил, бодлого зэрэг ойлголтыг урьдын нэгэн адил хольж хутгасаар байгааг үл өгүүлэн өгүүлэх нь. Эдийн засгийн бүсчлэл тогтоох асуудал нь шинэ зүйл биш. Сүүлийн жишээ дурьдахад л энэ тухай 30-аад оноос эхлэн ярьж судалгаа тооцоо хийж байсан бөгөөд 1960 онд Эдийн засгийн Төв, Өрнөд, Дорнод гэсэн 3 бүсийг Зөвлөлт (тэр үеийн нэрээр), монголын эрдэмтэд тогтоож сургалт, эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн практикт ашиглаж ирсэн юм. Энэхүү бүсчлэл нь эдүгээ Монголын эдийн засгийн онол, газар зүйн сургалт, эрдэм шинжилгээний ажлын хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн “бүдүүвч, загвар” болсоор байна. Гэтэл түүнийг хийх болсон шаардлага, хэрэгцээ, боловсруулахад баримталсан үзэл онол, зарчим, арга зүйн талаар эргэж харах, шүүмжлэлтэй хандаж үнэлэлт дүгнэлт өгөх тухай огт бодохгүй өнөөг хүрлээ. Энд өнгөцхөн, улс төр, үзэл суртлын аястай үнэлэлт дугнэлт өгөх тухай ярьж байгаа юм биш. Шинжлэх ухааны өнөөгийн оргил, тогтвортой хөгжлийн тухай шинэ ойлголт ухаарал (энэ талаар тусгайлан ярина)-ын үүднээс хандаж асуудлыг боловсруулах шаардлага гарч байна. Тэр тусмаа 60-аад оноос хойш өнөөг хүртэл дурьдсан “бүдүүвч, загвар”-ын онол-арга зүйн үндсийг өөрчлөөгүй мөртлөө хоорондоо ялгаатай бүсчлэлийн хэд хэдэн чиглэл, хувилбарыг эрдэмтэд судлаачид гаргаж “уралдуулж” байгаа учраaс асуудлыг нягталж ойлгох хэрэгтэй. Зөвхөн 90-ээд оноос хойших хугацаанд бүсийн тоо, хувилбар, хэд хэдэн удаа өөрчлөгдөж ирлээ. Эхлээд 7-12 бүсийн тухай ярьж байснаа одоо 4-5 бүстэй хувилбарыг тойрч тооцоо үндэслэл дэвшуулж байна.
“Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” нэртай теслийг өмнөх хоёр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байсан юм. Эл төслөөр эдийн засгийн 4 бүсийг тогтоох үндэслэлийг боловсруулсан бол саяхан шинэ Засгийн газрын хуралдаанаар 5 бүстэй хувилбарыг дэмжин (1996.12.27-ний өдрийн Засгийн газрын мэдээ сонин) УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Энэ бүхнээс дүгнэхэд асуудлыг дахин нягталж боловсруулах, түүний шаардлага, хэрэгцээг гүнзгий ухаарч ойлгох хэрэгтэй нь тодорхой байна. Юуны өмнө асуудлын онол-арга зүйн үндсийг анхааралтай судлах нь чухал. Зөвхөн улс төр, үзэл суртлын талаас нь тайлбарлах гэж оролдох хандлага хүчтэй хэвээр байгааг өөрчлөх ёстой. Эдийн засгийн бүсчлэлийн асуудлыг боловруулахад социализм, нийгмийн өмч, захиргаадалтын төлөвлөлт гээд хуучин тогтолцоо бүхэлдээ нөлөөлж олн төрлийн гажуудал бий болгосон тухай дэлгэрэнгүй ярьж тайлбарлах нь зүйтэй. Гэхдээ үүний цаана илүү гүнзгий, глобаль шинжтэй учир шалтгаан байсныг огт дурьдахгүй явж ирлээ. Тухайлбал, дэлхий нийтийн аж ахуй олон зууны турш аж үйлдвэржсэн нийгэм, салбарын бүтэцтэй, техникийн гарвалтай соёл иргэншлийн орчинд oршин тогтнож ирснээс бүсчлэлийн олон асуудал, тэр дотроо сөрөг үр дагавар, гажуудал ч гэх үндэстэй. Социалист “ертөнц”-ийг Өрнөдийн хөгжилтэй, ардчилсан тогтолцоо энэ байдлыг ХХ зууны 30-аад оны үеэс ухаарч өөрчлөх алхам хийж эхэлснээрээ ялгаатай. Энд л асуудлыг тавих болсны гүнзгий учир шалтгаан нуугдаж” байгаа юм. Энэ утгаараа бүсчилсэн хөгжлийн асуудлыг тухайн упс үндэстний хүрээнд тавихаас гадна улам бүр дэлхий нийтийг хамарсан глобаль шинжтэй болж байгааг ухаарах цаг болжээ.
Шаардлага, хэрэгцээ гэхэд манай эхдэмтэд судлаачид нийтлэг хэдэн санаа хэлсээр байгааг дурдъя. Үүнд:
- Түүхийн үүднээс авч үзвэл Монгол улс байгаль, газар зүйн онцлогдоо зохицон хөгжихийн тулд нутаг дэвсгэрээ 3-5 том аймаг болгон зохион байгуулж ирсэн байна.
- Түүхийн ийм хөрс дэвсгэр дээр өнгөрсен 70 гаруй жилийн турш тус улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны олон жижиг нэгж болгон хуваарилан эзэмшүүлсний зэрэгцээ тэдний хэрэгцээг нэгдмэл төвөөс хангах бодлого баримталж ирлээ. Yүний улмаас Улаанбаатар, Дархан зэрэг цөөн хотод хүн ам, үйлдвэрлэл хэт бөөгнөрч хөгжил хөдөөгөөс улам тасран холдож байна.
- Нээлттэй, зах зээлийн эдийн засагт шилжих, төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдэл, бие даасан байдлыг дээшлүүлэх шинэ нөхцөл шаардлагад өнөөгийн байдал огт зохицохгүй, маш их саад бэрхшээл учруулж байна.
- XXI зуун хүн төрөлхтний хувьд хөгжлийн цоо шинэ үзэл номнол, хандлага чиглэлийг тулгаж байна. Үүний гол утга санаа бол Сав-шим ертенц, байгаль орчиндоо зохицож амьдрах, хөгжих зарчим юм. Энэ дагуу бүслэлийн загвар шинээр боловсруулах шаардлага тулгарч байна. Сум, аймгийн түвшинд хүртэл хөрөнгө хүч, бололцоо маш хязгаарлагдмал ч гэсэн энэ бүхнийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх ёстой. Ийм бодлого л Монгол улсын Үндсэн хуульд томъёолсон “бүс нутгийн бодлого” гэсэн ойлголтын утга агуулгатай нийцэж чадна.
Yүний зэрэгцээ дараахь шаардлагыг бас нэрлэж болно. Үүнд:
- Газар нутаг, эдийн засаг, оюуны чадавхиа жигд зохистой ашиглахад чиглэсэн эдийн засаг, аж ахуйн оновчтой бүтэц бүрдүүлэх,
- Нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлж засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгдмэл байдлыг баталгаажуулах,
- Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн ялгааг багасгах,
- Хүн, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тэнцвэрт хөгжлийг хангах,
- Байгаль орчныг хамгаалах,
- Байгаль, эдийн засгийн чадавхид түшиглэсэн тэргүүлэх салбар, чиглэлийг сонгон хөгжүүлэх.
Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлснээр дараах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх боломжтой. Үүнд:
- Бүс нутгийн болон аймгуудын эдийн засar, аж ахуйн харилцан уялдааг хангах тэнхлэг, таталцлын төвийг зөв тогтоож “бүс нутгийн зохион байгуулалтаар хөгжих” (эвслийн гэрээ) бодлого боловсруулах,
- Хүн амын нутагшил, хот байгуулалт, дэд бүтэц, ашипт малтмал, нөөц ашиглалт, гадаад худалдаа, чөлөөт бүс зэрэг салбар дундын ба функциональ бүсчлэлийг зөв тогтоож, “бүс нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах үндсэн дээр нийт хүн ам, нийгэм, харьцангуй жигд хөгжлийг хангах” (эвслийн гэрээ),
- Өргөн уудам орон зайд тархан байршсан байгаль, түүхий эд, хөдөлмөрийн нөөц, шинжлэх ухаан, технологийн чадавхийг нийгмийн эрэлт, хэрэгцээ, экологийн тэнцвэрийг хангах шаардлагад нийцүүлэн солилцох дотоод, гадаад зах зээл, санхүү, мэдээллийн оновчтой сүлжээг бүрдүүлэх,
- Hүүдлийн соёл иргэншлийн уламжлалд тулгуурласан суурин соёл, ахуйн зохистой бүтцийг хөгжүүлж улс, аймаг, сум, аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг үндэсний нэгдмэл эрх ашиг, глобаль хөгжлийн шаардлагатай хослуулан хэрэгжүүлэх боломж, арга замыг тодорхойлох.
- Бодлогын хувилбар, чиглэл
- Бүсчилсэн хөгжлийн бодлогын 5 бүстэй хөгжих хувилбарыг шинэ Засгийн газар дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон боловч бусад хувилбар, үндэслэлийг үгүйсгэж болохгүй. Хүн амын нутагшил, дэд бүтцийн хөгжлийг барьж хийсэн дээрхи хувилбарын тухай “Нутгийн өөрөө удирдах ёс (УТБА, 1997 он) лекц, сонин хэвлэлийн материалаас (АЭ 1996.03.29) тодорхой ойлголт авч болно. Өмнөх Засгийн газраас баталсан “Төсөл”-өөр эдийн засгийн Өрнөд, Хангай, Төв, Дорнод гэсэн 4 үндсэн бүс тогтоож зарим практик алхам хийж байв. Тухайлбал, бүс нутгийн зөвлөлүүд (4 бүсээр) байгуулан ажил төрлөө зохицуулах эхлэл бий. Энэ хувилбарыг зохиогчид дараах үндэслэл санааг харгалзаж үзсэн байна. Yүнд:
- Монгол улсын газар зүйн байрлалын чадавхийг бүрэн ашиглах, байгалийн иж бүрдлийн дотоод уялдааг хангах,
- Түүхэн уламжлалыг сөхвөл Монгол улсын нутаг дэвсгэр Баруун, Зүүн гар, Төв хэсэг, хожим эдийн засгийн Өрнөт, Дорнод, Төв гэсэн 3 бүсэд хуваагдаж ирсэн төрийн байгуулалтын болон эрдэм судлалын ажлын уламжлальг гагцхүү Төв хэсгийг хөгжлийн тэргүүлэх чиглэлийг зөв тогтоох, нутаг дэвсгэрийн тэнцлийг хангах үүднээс төрийн зохицулалтыг хэрэгжүүлэхэд дөхөмтэй болгох талаас нь Хангайн, Төвийн гэж 2 бүс болгон хэсгийг задалж хуваах,
- Монгол үндэстний болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн байдал, үндэстэн угсаатны аж ахуй, соёлын талаар хоршин хөгжих боломжийг хангах зэрэг болно. Энэ хувилбараар: Өрнөд бүс-Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай (төв нь Ховд, Улиастайн дэд бүс-Говь-Алтай, Завхан), Хангайн бүс-Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Төв бүс-Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорнод бүс-Дорнод, Хэнтий, Сүхбаатар (төв нь Чойбалсан) аймгаас бүрдэхээр тооцжээ.
Дүгнэлт: Хоёр хувилбарын аль аль нь салбарын хөгжлийн үзэл санаа, үйлдвэрлэх хүчний байршил хөгжлийн хуучин арга зүй, зарчимд үндэслэж байгаа тул дахин нягталж боловсруулах шаардлагатай болж байна. Түүнчлэн эрдэмтэд судлаачдын өөр хувилбар, үндэслэл байгааг харьцуулан үзэх нь зүйтэй.
- Хөгжлийн тэргуүлэх чиглэл. Yүнд:
- Нийгэм төрийн үйл ажиллагааны хурээнд газар нутгаа жигд ашиглан, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгдмэл байдлыг батжуулах, үндэстэн, угсаатны аж ахуй, соёлын хэлхээ холбоог бэхжүүлэх, аймаг, нийслэл, сумдын удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хоорондын бие биеэ дэмжсэн хамтын ажиллагааны сэтгэлгээг төлөвшүүлэх, төв орон нутгийн мэдээллийн сүлжээг сайжруулах бодлого явуулах
- Эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд аймгуудын аж ахуйн биеэ даасан байдал, харилцан уялдсан цогц хөгжлийг хангах, макро эдийн засгийн бүсүүд, тэдгээрийн тулгуур төвүүдийг үүсгэж, бүс тус бүрийн хөгжлийн нийтлэг ач холбогдолтой асуудалд төрийн болон хувийн хэвшлийн хүч анхаарлыг төвлөрүүлэх, бүс нутгийн нөөц чадавхийг бүрэн ашиглах, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх,эдийн засаг зохион байгуулалтын механизмыг нь бий болгох, бүс нутаг хоорондын эдийн засгийн хоршилтыг гүнзгийрүүлэх.
- Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд газар нутгийн жигд бус ачааллыг багасгах чиглэлээр хүн ам, үйлдвэрлэлийн зохисгүй бөөгнөрлөөс сэргийлэх, хамгаалалттай бүс нутаг, хөдөө аж ахуй бүс нутгийн сүлжээг тогтоох, экологи-эдийн засгийн тогтолцоог шинэчлэх.
- Хүн амын нутагшилт, хот байгуулалтын үйл ажиллагааны хүрээнд хүн ам төв суурин газар руу олноор шилжин суурьших явдлыг зохицуулах, хүн ам эрүүл аж төрж ажиллах хот суурины орчинг буй болгох, хөдөө нутгийг хот сууринтай холбож хосолсон нутагшилтын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, эдгээр чиглэлээр хот хөдөөгийн хөгжлийн болон бүс нутаг хот байгуулалт, дэд бүтцийн байгууламжийн нэгдмэл бодлого боловсруулах хэрэгжүүлэх.
- Гадаад бодлогын үйл ажиллагааны хүрээнд макро эдийн засгийн бүсүүдийн газар зүйн байрлалын боломжийг бүрэн ашиглаж, олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд зохицсон бүс нутгийн үйл ажиллагаатай уялдсан хөгжлийн арга хэмжээг хэрэгжүүлэх.