О.Баттулга
/УТБА-ийн багш-эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №20, 1997
Түлхүүр үг: улс төрийн экологийн бодлого, хүрээлэн буй орчин,үйлвэрлэлийн хэт бөөгнөрөл, экотехнологи,дэлхийн улс төрийн экологийн бодлоготой уялдуулах
Орчин үед экологийг организм хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн харьцах тухай асуудлыг судалдаг шинжлэх ухаан гэж ойлгох явдал нэлээд түгээмэл дзэлгэрсэн байдаг.
Өдгөө дэлхийн хөгжингүй орнууд нийгмээ орон зайд зохион байгуулахдаа экологийн (хүмүүнлэгийн) шалгуурыг гол болгон хөгжил дэвшлийн ирээдүйтэй загварыг сонгох шинэ гарц хайж байна. Энэ нь байгаль, нийгмийн орон зайн харилцан үйлчлэлийн хүрээгээр улс бүрийн бодлогыг уялдуулан хөгжлийн хурдцыг сааруулахгүйгээр байгальтайгаа хэрхэн зохицон аж ахуй эрхлэх вэ гэдэг адармаатай асуудлыг зохицуулсан улс төр, нийгэм, эдийн засгийн нэгдмэл үзэл баримтлал буй болгох асуудал юм. Чухам үүнтэй холбогдон 1970-аад оны үеэс хүний ба нийгмийн экологи бүрэлдэн бий болж байгаль орчныг хамгаалах асуудал 1990-ээд оны үед дэлхий дахиныг хамарсан амин чухал асуудал болсон нь бүр HYБ-ын хэмжээнд нийгмийн ба экологийн хөгжлийн чиглэлийг дэвшүүлэн тавихад хүргэжээ. Үүний бодит тусгал болох улс төрийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг болон улс төрийн экологийн бодлого дэвшин гарч ирсэн байна.
Улс төрийн экологийн бодлого нь хурээлэн буй орчныг хамгаалах, сэргээх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, социосферийг хадгалах, хөгжүүлэх, хүний экологийн аюулгүй байдал, амьдралын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн хэмжээнүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно.
Олон улсын аюулгуй байдлын хурээнд экологийн аюулгүй байдал юуны өмнө нь улс төрийн арга хэрэгслүүдээр хангагдана. Олон улсын экологийн харилцаанд “Сонирхлыг тэнцвэржүүлэх” зарчим ач холбогдол утга санаа нь болж байна. Экологи нь цогцолбор асуудлын хувьд биологийн шинжлэх ухааны (генетик, биофизик), биологийн бус шинжлэх ухааны (физик, хими, газар зүй г.м.) түгээмэл судлагдахуун болно. Гэхдээ эдгээр нь өөр өөрийн онцлогтой.
Хүний экологийн үндсэн асуудал нь хүрээлэн буй орчны өөрчлөлтийн нөхцөл дэхь хүний байр суурийг тодорхойлох явдал юм. Тэгвэл нийгмийн экологийн судлах зүйл нь байгаль болон нийгмийн харилцан үйлчлэлийн үйл явц, үр дүн байдаг. Хүний үйл ажиллагааны хүрээ байнга өргөжсөөр далайн гүнээс сансрын огторгуйд хүрэх болсон билээ. Энэ явцдаа хүрээлэн буй орчиндоо асар их хямралыг буй болгосон байна. АНУ-ын “Уорлд-Уотч” хэмээх байгууллагын судалгаагаар сүүлийн 20 жилд дэлхийд 200 сая га ой сөнөж, цөлжсөн талбайн хэмжээ 120 сая га-гаар нэмэгдэж газрын хөрсний 180 тэрбум тонн үржил шимтэй давхарга устсан бөгөөд байнга нэмэгдэж буй далай, тэнгисийн усны түвшин, хэт дулааралт, озоны цоорхой, генетикийн фондын өөрчлөлт, эрчим хүчний дутагдал, хүн ам зүйн тэнцвэргүй байдал, хорт хаягдлын хуримтлал нь дэлхий ертөнцөд сүйрлийн аюулыг сануулж байна. Энэ нь хүмүүс нэгэнт хийсний дараа л юуг хаана яаж хийх ёстой байсныг хожим ухаарч ойлгодгийн балаг, сургамжийн үнэнийг үнэлдэггүйн гай юм. Цөмийн энэ эрин үед бид “туршиж эндэх” аргаар урагш дэвших боломжгүй болсныг нэгэнт ойлгож, эдүгээ их ухаарлын үед тулж ирээд байна. Хүн төрөлхтөнд олон улсын энэ салбарт нягт хамтран тухайлбал, улс орнууд экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хоорондоо солилцох экотехнологийг шинэчлэх, дайны аюулыг сэрэмжлэн зайлуулах хамтын үйл ажиллагааны эрхийн хэм хэмжээнүүдийг боловсронгуй болгох, дэлхийн эко- мониторингийн глобаль системийг бүрдүүлж байгуулах зэрэг тулгамдсан асуудлууд хурцаар тавигдах болов. Энэ асуудлаар HYБ онцгой үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, “НYБ-ын хурээлэн буй орчины программ” /ЮНЕП/ экологийн асуудал эрхэлдэг олон улсын байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох болон экологийн боловсролыг хөгжүүлэх зөвлөмжийг боловсруулдаг байна. Одоо шинжлэх ухааны бараг бүх салбар экологийн чиглэл, агуулгатай болжээ. Мөн Европ дахь Ногооны намуудын (Европарламентад суудалтай) болон олон улсын “Greenpeace” байгууллагын идэвхтэй үйл ажиллагаа бодлогыг тодорхойлоход хүчтэй нөлөөлж байна. Үүнээс үзвэл улс төрийн экологийн бодлого нь нийгэм, эдийн засаг-хууль- соёл-үзэл суртлын бүх хүрээг цогц байдлаар хамарсан, дэлхий нийтийн шинжтэй, хүний ирээдүйн хувь заяаны асуудлыг багтаасан өргөн ойлголт гэж үзэж болно.
Монголд “экологи” хэмээх ойлголт нь шинжлэх ухааныхаа мөн чанарын бүрэн агуулгаар дэлгэрээд удаагүй ч байгаль орчноо хамгаалах өнө эртний уламжлалтай, байгалиа унаган төрхөөр нь хадгалан үлдсэн цөөн орны “нэг” болж үлдэхэд үлэмж хэмжээгээр нөлөөлсөн нь тодорхой юм.
Аль ч үндэстний, түүний дотроос монголчуудын соёл иргэншлийн үүсэл, хөгжил, оршин тогтнох үндэс нь хүн байгаль хоёрын шүтэлцээт харилцаанаас хамаарна. Энэ утгаараа Монголын нүүдлийн соёл иргэншил байгальтайгаа зохицон хөгжиж ирснээр байгаль нь унаган төрхөөрөө үлдэх боломжийг буй болгожээ. Монгол хүн байгальд ойр дотно хандах сэтгэхүйтэй байсан бөгөөд түүх сөхвөл монголчуудын амьдралын хэв маяг нь байгаль орчин, түүний өвөрмөц араншинд зохицсон нөхцөлд хөгжил нь тогтвортой байж, түүнээс гажуудах бүрийд буюу Манжийн үеийн Монголын байгаль, газар нутгийн тэнцвэрт байдлыг алдагдуулан, засаг захиргааны олон нэгжид хуваасан хор уршиг, мөн харь зүгийн үйлдвэржүүлэх, хотжуулах бодлогыг хуулбарлан механикаар хэрэглэснээс үүдсэн хүн ам, үйлдвэрлэлийн хэт бөөгнөрөл зэрэг зохисгүй явдлын үед хөгжлийн зогсонги буюу уруудах байдалд орж байж болох талтай. Гэсэн ч монголчууд энэхүү сэтгэхүй, хатуу шируүн байгалийнхаа дотоод зохилдлогын ачаар хөгжин дэвших замыг алдалгүй авч явж ирснийг монголын минь байгаль, соёл нь илхэнээ харуулна. Гэхдээ энэ бүгд нь өнөөгийн байдлыг харвал тайвшрах үндэс болж чадахгүй юм. Хүн-мал-газар нутгийн шүтэлцээ алдагдан хуурайшилт, цөлжилт, байгалийн гэнэтийн аюулыг хамрах хүрээ өргөжихийн сацуу зах зээлийн харилцаа ергөжин байгаль орчинд хүний үзүүлэх нөлөөг хүчтэй болгон багагүй сөрөг үр дагаварт хүргэж байна. Улс орны эдийн засгийн үндэс мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх орон зайн боломж хязгаарлагдах, тариалангийн талбайн бараг тал хувь нь звдрэлд орсон, 5 сая га газар элсний нүүлтэд, 500 мян гаруй га газар автомашины замд өртсөн, агаар, ус, хөрс бохирдож буй зэрэг ноцтой баримтууд нотлон харуулж байна. Энэ бүхэн нь байгальд ойр сэтгэхүйтэй монгол хүн техникийн сэтгэхүйн дайралтад нэлээд өртснийг өгүүлж байна гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл, хүн байгальд ихэвчлэн хэрэглэх-өөрчлөхийн талаас хандсаны үр дагавар мөн. Чухамхүү улс төрийн экологийн бодлого нь хүний байгальтай зохицох үйл ажиллагааг, түүнийг хэрэглэх-өөрчлөхтэй зохистой уялдуулахыг дэвшүүлэн тавьж буйг манай улс экологийн бодлогодоо анхаарч нэлээд няхуур хандах нь зүйтэй болов уу. Гэхдээ зохицох, өөрчлөхийн аль нэгийг өрөөсгөлөөр авч хэтрүүлэн хэрэглэвэл хөгжил тасалдана, өөрчлөхийг хэтрүүлбэл экологийн аюул нүүрлэн соёл иргэншил суйрэлд зохицохыг хэтрүүлбэл хөгжил зогсонги байдалд орох аль аль талын зохисгүй үр дагаварт хүргэх аюултай юм.
Монгол оронд нүүдлийн соёл иргэншил, суурьшмал соёл иргэншил хамтдаа хөгжих, нэг нь нөгөөгийнхөө дутууг нөхөх харилцан шүтэлцэж ирээдүйд хамтдаа өнөө үеийн хүнд бэрх, хүч, ухаан шаардсан асуудалд экологийн хүчин зүйлийг онцгой харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх боломжтой юм.
Мухардмал байдалд хүргэх замаар нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлийн зөвхөн аль нэгийг нь хөгжүүлэхийг монгол хүн таашаахгүй нь мэдээж. Иймээс хэрхвэл дээр вэ? Дээрх хоёр соёл иргэншлийг хамтад нь зохицуулан явуулах үүднээс тус бүрийн орон зайн тархалтыг нь зааглаж өгөх хэрэгтэй бөгөөд үүнд байгалийн тулгуур объект болох газар шийдвэрлэх үүрэгтэй оролцож болох юм. Өөрөөр хэлбэл, суурьшмал соёл иргэншлийн үрийг тээх хот суурин болон “шаардлага бүхий онцлог нутаг”, газар тариалангийн талбай бүхий газруудын нутаг дэвсгэрийг тогтвортой хилийн шугамаар зааглан тодорхойлж өргөжихийг нь хязгаарлан бусад нутгаа чөлөөтэй уламжлалт байдлаар нь хөгжүүлэх боломж гарна гэсэн үг. Энэ нь хот суурин бүхий бүс нутаг-газар тариалангийн бүс нутаг “шаардлага бүхий онцлог бүс нутаг” ба хөдөөгийн бүс нутаг гэсэн бүсчилсэн нутгууд буй болох боломжийг хангах бөгөөд хөдөөгийн бсс нутгаас бусад бүх бүс нутагт газар өмчлүүлэх статус бүхий өвөрмөц эрх зүйн зохицуулалттай хөгжингүй орны жишиг, зах зээлийн зарчмыг харгалзсан уламжлалт нийгмийнхээ эерэг зүйлүүдийг шигээсэн байдаг харилцан шүтэлцээт ийм нийгмийн тогтолцоог хөгжүүлж болох үндэстэй юм. Ингэж газрыг чөлөөт газар-чөлөөт бус газар гэж хоёр үндсэн категорид хувааснаар Монголд нийгмийн хоёр өөр зохион байгуулалтын арга, сэтгэхүй, хүсэл зориг, орчин, үнэлэмж бүхий нэг ард түмэн бодитой байгааг хүлээн зөвшөөрөх бөгөөд улмаар эдгээрийн бие биенийгээ харилцан үгүйсгэн зөрчилдөж буй өнөөгийн дүр зургийг харж монгол хүний хөгжил, монгол ахуй, “Монгол байгаль”-д ихээхэн хор уршиг тарьж мэдэх аюулаар нь үнэлбэл хоёр өөр онцлог нийгмийг нийгмийн зохицуулалтын нэг арга хэрэгслээр зохицуулж буй нь бодит байдалд нийцэхгүй уян хатан бус байж хоорондын зөрчлийг нь улам гүнзгийрүүлэн Монгол улсын цаашдын хөгжилд чөдөр болж байна гэж үзэж байна. Иймээс энэ хоёр соёл иргэншлийг харилцан уулзуулах зам нь аль алиных нь хөгжлийн объектив, субъектив хүчин зүйлүүдийг харгалзан зохистойгоор уялдуулан оршин тогтнолыг нь баталгаажуулан тус тусын өвөрмөц статусыг нь хуульчлан тогтоох явдал юм. Энэ нь нэг улс-хоёр иргэншил тогтолцоонд суурилсан, тус тусын онцлог уян хатан зохицуулалттай харилцан шүтэлцсэн Англо-саксоны болон Ром-германы хосолмол эрх зүйн системтэй өвөрмөц хууль цааз бүхий байгаль орчинтойгоо шүтэлцсэн монгол маягийн гэх өөрийн нийгмийн тогтолцоог бүрдүүлэх үндэслэл болж өгнө хэмээн бодож байна.
Өнөө үед байгаль орчинтойгоо зохистой харьцаж, түүний баялгийг оновчтой ашиглахын зэрэгцээгээр өсгөн арвижуулах, хайрлан хамгаалах явдлыг төрийн бодлогын хэмжээнд тавьж зах зээлийн эдийн засаг, нийгмийн арга хэрэгслийг идэвхтэй ашиглан эрх зүйн зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэ дараалалтай авч явуулан олон улсын экологийн хамтын ажиллагааны хэлбэрүүдтэй нягт хослох нь чухал болж байна.
Монгол улс дэлхийн улс төрийн экологийн бодлогыг харгалзан үзсэн үндэсний экологийн бодлого явуулах үзэл санаа нь 1992 онд баталсан шинэ Үндсэн хууль, “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, байгаль орчныг хамгаалах талаар баталсан багц хуулиуд, 1992 онд Рио-д болсон HYБ-ын бага хуралд дэвшүүлсэн манай улсын санал, баталсан конвенцүүд зэрэгт тодорхой хэмжээгээр тусгалаа олжээ гэж үзэж болох бөгөөд миний бодлоор Үндэсний экологийн бодлого явуулах нь манай орны дараах үндсэн шаардлагуудаас урган гарч байна. Үүнд: Үндсэн хуульд зааснаар газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх болсон,
- хүний үндсэн эрх болох: амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь шууд экологитой холбогдож байгаа, түүнчлэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбогдсон экологийн ёс зүй, экологийн соёлын асуудал урган гарч байна,
- нийгмийн баримжаат хөгжлийн замыг сонгох нь зүйтэй боловч зөвхөн энэ нь хангалттай биш, харин экологийн баримжаатайгаар эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх стратегийн бодлогыг Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалд нэмэн маш тодорхой томъёолон тусгах шаардлагатай гэж үзнэ,
- дээрх бугдтэй холбогдон экологийн эрх зүй блрэлдэн экологи-нийгмийн шинжтэй харилцааг хосолмол шинжтэй харилцааг зохицуулах болсоныг хүлээн зөвшөөрөх нь зах зээлийн сэтгэлгээний нэг чухал шалгуур гэж үзэх ёстой.
Монгол улсын үндэсний экологийн бодлого нь зөвхөн Монголдоо төдийгүй бүс нутаг, цаашилбал дэлхий дахинд экологийн аюулгүй байдлын тогтолцоог бүрэлдүүлэхэд чухал нөлөөтэй гэдэг талаас нь хандах нь зүйтэй юм. Тухайлбал өмнөд хөрш БНХАУ-д эдийн засгийн өсөлтийн сүүлийн 10 жилд байгалийн хэвийн оршин тогтнольг тэтгэдэг олон тооны биосистемийн тэнцвэр алдагдсан байдал, манай хилд ойрхон хятадын цөмийн туршлагын талбай байгаа явдлууд манай улсыг түгшээхгүй байж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл манай улс улс төрийн экологийн бодлогыг идэвхтэй явуулан бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны экологийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх санал тавих нь чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Yндэсний экологийн бодлогод тусгай хамгаалалт бүхий газар нутаг чухал байр эзэлнэ. Олон улсын байгууллага эрдэмтдийн судалгаанаас үзэхэд манай оронтой төсөөтэй байгаль цаг уурын нөхцөлтэй орнуудад нутаг дэвсгэрийнхээ 30-aас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авсан тохиолдолд экологийн тэнцвэрт харьцаа зохистой явагдана гэж дүгнэлт гарсан бөгөөд үүнтэй харьцуулахад Монгол оронд тусгай хамгаалалтад авагдсан газар нь нийт нутаг дэвсгэрийн 8 орчим хувийг эзэлж байгаа нь олон улсын энэ жишигт хүргэхэд уг газрын тоо, төрөл, эзлэх талбайг цаашид үндэслэлтэйгээр нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Монголд цөлжилтийн хэд хэдэн голомтууд үүсэж хамрах хүрээ нь өргөжин тэлсээр байна. Нутгийн баруун хэсгийн Их Монгол элс, Говь-Алтай, Увс, Завхан, Дорноговийн (жишээ нь хамрах Замын-Үүд, Зүүнбаян зэрэг) зарим газар элсний нүүлтэд автаж бидний гараар бүтсэн “цөлүүд” болон хувирчээ. Иймд Монголд цөл байхгүй бус; бий болсон гэдгийг ухаарах хэрэгтэй бөгөөд дэлхийн цаг уурын прогнозод ирэх зуунд Монгол орны байгалийн бүс хойд тийшээгээ 100-300 км-ээр шилжихийг тодорхойлсныг үзвэл Монгол Улсын Еренхийлөгч асан П.Очирбатын “Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал”-д нэг зүйл дутуу тусгагджээ гэж үзэж байна. Энэ бол онцгойлон үзэх Монголын говь, түүний ирээдүйд гүйцэтгэх үүргийг тодорхойлох асуудал юм. Говь маань одоо ч гэсэн манай орны томоохон хэсгийн газар нутгийг эзэлдэг экологийн төдийгүй нийгэм-эдийн засгийн онцгой ач холбогдолтой бүс бөгөөд ирээдүйд ач холбогдол, гүйцэтгэх үүрэг өсөх нь дамжиггүй юм. Энэ бүгдийг харгалзан Хөгжлийн үзэл баримтлалын “Г хэсэг буюу “говь” гэж тусад нь зааж өгөн төрийн энэ залгамж бодлогодоо төрөөс баримтлах говийн талаарх бодлогын чиглэлийг тодорхойлох шаардлагатай юм. Энэхүү хөгжлийн үзэл баримтлалд экологийн бодлогын үзэл санаа амин сүнс гэдгийг онцлон хэлэхэд дурьдмаар байна. Эцэст нь хэлэхэд экологийн аcyудал нь байгаль, нийгмийн харьцаанд үндсэн өөрчлөлт оруулан нийгмийн амьдралд зарим талаар ойртсон хэдий ч өөрийн байр суурийг баттай олж авч байна гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн туулсан амьдрал, туршлагаараа хүний гүн ухааны шинэ үзлийг буй болгож “Ноосферийн” жамаар амьдрах замналд орж байна гэсэн үг юм. Ийнхүү хүний нийгэм эргэн экологичлогдож байна.