Ph.D Б. Дэлгэрмаа
/Шинэ толь сэтгүүлийн Ерөнхий редактор (1993-2017), Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан/
Шинэ толь №24, 1998
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Хүчирхэг бөгөөд үр өгөөжтэй үйл ажиллагаатай үндэсний түвшний байгууллагууд нь хүний эрх, үндсэн эрх чөлөөг бататгахад ихээхэн ач холбогдолтой билээ. Ийм байгууллагуудын үр өгөөж бодит чадвар нь тэдгээрийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин хэр бүрдсэн, эрх зүйн статусаас шууд шалтгаална. Үндэсний түвшний байгууллагууд нь хоорондоо бүтэц, үүргийн хувьд нэлээд ялгаатай бөгөөд энэ нь улс орнуудын соёл, улс төр, түүх ба эдийн засгийн ялгаатай холбоотой.
Монгол Улсад Үндсэн хуулиар 6 жилийн өмнө тунхагласан хүний эрхийг хангах, хамгаалах механизмыг бий болгоход өөрийн гэсэн үндэсний байгууллагыг бий болгож төлөвшүүлэх нэн тулгамдсан зорилт тавигдаж байна. Энэ салбар дахь монголын бодит байдалд задлан шинжилгээ хийхээс өмнө Хүний эрхийн үндэсний байгууллагын түүхчилсэн тайлбар ба ерөнхий тойм хийх шаардлагатай болов уу.
Хүний эрхийг хамгаалах тогтолцоо
Үндэсний байгууллагууд нь хүний эрхийг дэмжин, хамгаалах олон түвшний түвэгтэй системийн зөвхөн нэг элемент мөн. Энэхүү илтгэлд үндэсний байгууллагуудын уг системд гүйцэтгэх байр суурь, үүрэг, зорилтын талаар товч дурдъя.
НҮБ ба Хүний эрх
НҮБ хүний эрхийн салбарт өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой институтуудыг бий болгож, хүний эрхийн хэрэгжилтийг хангах бүхэл бүтэн механизмыг бий болгосон билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь хүний эрх, эрх чөлөөг бүх нийтэд эдлүүлэхэд дөхөм үзүүлэх зорилгоор судалгаа хийхийг санаачлах ба зөвлөмж гаргах эрхтэй юм. Ийнхүү Ерөнхий Ассамблей нь тодорхой арга хэмжээний тухай тогтоол баталж, хэрэгжүүлдэг. НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл нь Конвенциудын төсөл бэлтгэж ЕА-д оруулах, олон улсын бага хурлуудыг зарлан хуралдуулах эрхтэй. Зөвлөл өөрийнхөө болон EA-аас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээнүүдийн талаар илтгэл гаргуулж авахаар гишүүн орнууд ба төрөлжсөн байгууллагуудад хандаж болно. Хүний эрхийн олон улсын гол байгууллага болох Хүний эрхийн комисс 1946 онд байгуулагдсан. Комиссын нарийн бичгийн дарга нарын газар нь Женевт байрладаг Хүний эрхийн төв юм. Тус төв хүний эрхийн салбар дахь үндэсний хүч чармайлтад туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх хэлбэрээр засгийн газруудтай хамтран ажиллаж байна.
Хүний эрхийг хамгаалах бүсийн тогтолцоо
Олон улсын тогтолцоог бэхжүүлэхэд Африк, Америк ба Европт үйлчилж буй бүсийн хүний эрхийг хамгаалах тогтолцоо чухал ач холбогдолтой. Эдгээр бүсийн байгууллагууд нь тухайн тивийн нийгэм, түүх ба улс төрийн нөхцөл байдалтай уялдаа бүхий асуудлуудыг шийдэх боломжийг бүрдүүлэн, олон улсын хэм хэмжээ, механизмыг сайжруулахад туслах үүргийг гүйцэтгэж байна. Энэ нь Европ, Америк, Африкийн бүсийн зөвлөлүүд юм. Европ тивд Европын Хүний эрхийн Конвенц батлагдсанаар түүний хэрэгжилтийг хангах хоёр том байгууллага ажиллах нөхцөл бүрдсэн. Энэ нь хүний эрхийн Европын Комисс ба Хүний эрхийн шүүх юм. Америк тив мөн ийм бүтэцтэй. Харин Африк тивд Хүний эрхийн комисстой боловч шүүх байхгүй. Ази Номхон далайн бүс нутгийн хувьд ганцаараа хүний эрхийн төрөлжсөн ба тивээ төлөөлсөн тусгайлсан байгууллага үгүй юм. Энэ бүс нутаг дахь сүүлийн үеийн хандлага нь Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Форум байгуулж түүнийг энэхүү бүс нутгийн хүний эрхийн төрөлжсөн байгууллага болгох эрмэлзэл юм гэж хэлж болно. Тэр ч үүднээс манай улс сүүлийн хоёр жил бүс нутгийн хэмжээнд зохиогдсон бүхий л арга хэмжээнд идэвхтэй байр суурьтай оролцож Хүний эрхийн үндэсний байгууллагыг бий болгох талаас хичээн зүтгэсэн билээ. Ази Номхон далайн бүс нутагт хамаарах орнуудаас Шинэ Зеланд, Австрали, Энэтхэг, Шри Ланкийн комиссууд тусгай хуулиар, Филиппин Үндсэн хуулиараа, Индонезийнх Ерөнхийлөгчийн шийдвэрээр тус тус байгуулагджээ. Манай орны хувьд ажиглагчийн статусыг 1996 онд олж авч улмаар хүний эрхийн үндэсний комисс байгуулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад 1998 оны 1 дүгээр сард хуулийн төслөө өргөн барьсан хэдий ч манай парламентаас ач холбогдол өгч хэлэлцээгүй хэвээр байна. Манайтай адил гараагаа эхэлсэн Бангладеш, Тайланд, Непал зэрэг 4-5 орон хуулиа батлан гаргаж комисс байгуулчихсан байгаа.
Төрийн бус байгууллагууд
Хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй ТББ-ууд нь олон улсын хэм хэмжээг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм. ТББ-ууд нь мөн чанараараа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой уян хатан үйл ажиллагаатай хөрвөх чадвартай байдгаараа засгийн газрууд бөгөөд засгийн газар хоорондын байгууллагууд шийдэж чадахгүй байгаа асуудлыг шийдэхэд үлэмж үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.
Засгийн газрууд
Сүүлийн 20 жилд олон орон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх үүргийг хуульчлан бататгасан хүний эрхийн үндсэн гэрээнд нэгдэн орсон. Хүний эрхийн асуудал нь хүмүүсийн хоорондын харилцааг хамардаг. Хүний эрхийг хамгаалан дэмжих нь юуны өмнө засгийн газруудын үүрэг, хариуцлага мөн. Үндэсний түвшинд хүний эрхийн хэрэгжилтийг хангахын тулд шүүх эрх мэдэл хараат бус байх, хувь хүний эрхийг баталгаажуулах хэрэгслүүдийг хуульчлан тогтоож хэрэгжүүлэх ба ардчилсан институтуудыг байгуулах явдал чухал. Үүнээс гадна мэдээлэл ба ухамсрыг дээшлүүлэх үр өгөөжтэй ажил бол орон нутгийн соёл ба уламжлалыг тусгасан кампанит арга хэмжээнүүд байж болно.
Хүний эрхийн аливаа гэрээнд нэгдэн орсон улсууд нь гэрээний заалтуудыг үндэсний хууль тогтоомжиндоо тусган, хэрэгжүүлэх үүргийг хариуцдаг. Ийм учраас хүний эрхийн хүрээнд бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хэм хэмжээнүүд нь ихэнх орнуудын үндэсний хууль тогтоомжид тусгагдсан бөгөөд манайд ч энэхүү жишгийг баримталсан билээ. Гэсэн хэдий ч зөвхөн хуулиндаа тусгах нь хангалттай биш учраас түүнийг баталгаажуулах эрх мэдэл бүхий институтуудыг бий болгох нь чухал.
Үндэсний түвшинд үүнийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх асуудал сүүлийн үед ихээхэн анхаарал татаж байна. Хүний эрхийн үндсийг хангахуйц хууль ба улс төрийн нөхцлийг бүрдүүлэх ардчилсан институтуудыг байгуулах явдал нь ардчилсан засаглалыг сонгон авч эхэлж буй орнуудад чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна.
Ийнхүү хүний эрхийг баталгаажуулан хэрэгжүүлэх явдал нь үндэсний дэд бүтцийг шаардаж байна. Сүүлийн жилүүдэд олон оронд ийм байгууллагууд төрөн гарсан юм. Эдгээр байгууллагын зорилго нь орон бүрийн онцлогоос шалтгаалан янз бүр байх боловч, ерөнхий зорилго нь нэг учраас хүний эрхийг дэмжин, хамгаалах үндэсний байгууллагууд хэмээн нэрлэж байна.
Үндэсний байгууллагуудын стандарт ба зорилгыг тогтоох нь
60, 70-аад онуудад энэхүү үндэсний байгууллагын асуудлаар өрнөсөн өргөн хэлэлцүүлгийн явцад тэдгээрийн үр өгөөжтэй ажиллах арга замуудыг тодорхойлоход онцгой анхаарсан. 1978 онд Хүний эрхийн комиссоос Үндэсний байгууллагын ажил үүрэг, бүтцийн харилцаа дахь удирдлагын зарчмуудыг боловсруулах зорилгоор семинар зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Ийнхүү 1978 оны 9 дүгээр сарын 18-29-ны хооронд Женевт зохион байгуулсан Хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих асуудал эрхэлдэг Үндэсний болон орон нутгийн байгууллагуудын семинараар хэд хэдэн удирдлагын зарчмуудыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү удирдлагын зарчмуудыг зөвшөөрсөн Үндэсний байгуулагууд дараах үүргийг биелүүлэх ёстой.
- хүний эрхийн тухай мэдээллийн эх сурвалжид тулгуурлан ажиллах
- нийгмийг гэгээрүүлэх, хамтын ажиллагааны давуу талыг ухаарах, хүний эрхийг хүндэтгэхэд туслалцаа үзүүлэх
- аль нэгэн улс оронд төр засаг нь хэлэлцэхэд төвөгтэй асуудлыг ямар нэгэн ажил хэргийн харилцаанд оруулж үнэлэлт өгөх, хэлэлцэх, анхааран үзэх
- төр засгаас тэдэнд хүлээлгэн өгсөн хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар зөвлөгөө өгөх
- хүний эрхийг хөхүүлэн дэмжих чиглэл, засаг захиргааны захирамж, хуулийн шийдвэрүүдийг даган мөрдөх, судлах Мөн эдгээр асуудлаар холбогдох байгууллагуудад илтгэл бэлтгэх.
Эдгээр байгууллагуудын зарчмуудад:
- хүний эрхийн талаар шийдвэр гаргах процессд хүн амын янз бүрийн давхаргыг татан оруулах үүднээс нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөллийг өөрийн бүрэлдэхүүнд оруулах
- улсын байгууллагын төлөөлөгч эсхүл ТББ-ын гишүүн түүнд орох саадгүй нөхцөл байдлаар хангах зэрэг орно.
Удирдлагын эдгээр зарчим Хүний эрхийн Комиис, Ерөнхий Ассамблейгаас сайшаагдсан байна. Ерөнхий Ассамблей нь бүх гишүүн улс оронд хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих асуудал эрхэлдэг үндэсний байгууллага одоохондоо байхгүй байгаа тийм улс оронд бий болгох талаар зохих алхам хийхийг санал болгохын зэрэгцээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Үндэсний байгууллагуудын талаар дэлгэрэнгүй тайлан тавихыг Ерөнхий нарийн бичгийн даргад хүссэн байна.
Олон улсын анхны зөвлөлгөөн (1991 он. Парис)
1990 онд Хүний эрхийн комисс хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих асуудал эрхэлдэг үндэсний болон бүс нутгийн байгууллагууд оролцсон зөвлөлгөөн хийхийг санал болгосон юм. Зөвлөлгөөний зорилго нь НҮБ, түүний салбар байгууллагууд гэх мэт олон улсын байгууллагуудтай үндэсний байгууллага хамтран ажиллах хэлбэрийг авч үзэх, үндэсний байгууллагуудын үр өгөөжийг дээшлүүлэх арга замыг судлахад оршиж байсан. 1991 оны 10-р сарын 7-9-нд Парис хотноо Хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих асуудал эрхэлдэг Үндэсний байгууллагуудын талаарх асуудлаар олон улсын анхны зөвлөлгөөн болсон юм. Зөвлөлгөөнөөс гарсан хүний эрхийг хамгаалах хөхүүлэн дэмжих асуудал эрхэлсэн үндэсний байгууллагуудын статус, чиг үүрэгтэй холбоотой зарчмыг (Парисийн зарчмууд) Ерөнхий Ассамблей 1993 оны 12 дугаар сарын 20-ны 48/134 тогтоолоор дэмжсэн байна. Үндэсний байгууллагууд нь Хүний эрхийг хамгаалах хөхүүлэн дэмжих эрх мэдлийг хэрэгжүүлэх түүнчлэн Үндсэн хууль, эрх зүйн бусад актаар баталгаажуулсан өргөн хэмжээний мандатаар хэрэгжүүлэхийг энэ зарчмууд дахин баталсан байна.
1978 онд боловсруулсан Үндэсний байгууллагын удирдлагын зарчмуудыг өргөжүүлэх, тодотгох, эдгээр зарчмуудыг даган мөрдөхдөө:
- Хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжихтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах, тайлан, илтгэл тавих талаар парламент, эрх мэдэл бүхий бусад байгууллагад танилцуулах,
- Хүний эрхийн олон улсын баримт бичгүүдтэй холбоотой үндэсний эрх зүйн болон практик үйл ажиллагааг зөвшөөрөх, сайшаах, Олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх,
- Олон улсын бичиг баримтыг батлахад хамтран ажиллах,
- Олон улсын баримт бичгүүдтэй нийцсэн тайлан илтгэл бэлтгэхэд хамтран ажиллах,
- Хүний эрхийн асуудлаарх судалгаа, сургалтын программ боловсруулахад оролцох, хүний эрхийн тухай мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг энэ асуудалд татан оролцуулах тэр дундаа мэдээллийн болон соён гэгээрүүлэх үйл ажиллагааны аргыг өргөн хэрэглэх,
- НҮБ, бусад улс орны бүсийн болон Үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах зэргийг удирдлага болгоно.
Хүний эрх зөрчигдөж байгаа талаар хувь хүний гаргасан санал. Гомдлыг хүлээн авч зохих арга хэмжээ авах бүрэн эрхийг Үндэсний байгууллагад эдлүүлэхийг дээрх зарчмууд хүлээн зөвшөөрч байна.
Энэ харилцаан дахь Үндэсний байгууллагын чиг үүрэг дараахь зарчмууд дээр үндэслэгддэг юм. Үүнд:
- Шийдвэр биелүүлэхэд зайлшгүй авах, эсхүл бусад арга хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн процедурын аргаар нөхөрсөг зохицуулалт хийхийг эрмэлзэх,
- Гомдол гаргагчийн эрх болон түүний эрх зүйн хамгаалалтын арга, хэрэгсэл, эрх мэдлийн тухай мэдээлэл өгөх,
- Гаргасан гомдлыг хүлээн авч үзэх, эрх мэдэл бүхий байгууллагад шилжүүлэх,
- Чөлөөтэй хэрэгжихэд саад болж буй засаг захиргааны практик үйл ажиллагаа, байдал, хуулийг өөрчлөх, санал оруулах замаар эрх бүхий байгууллагуудад үнэлэлт өгөх.
Дээрх зарчмууд нь Үндэсний байгууллагын бүрэлдэхүүн, тэдгээрийн ажилтныг томилох, ажлын арга, олон ургальч үзэл, хараат бус байдалд баталгаа өгөх тодорхой заалтуудыг мөн багтаасан байна.
1993 оны Хүний эрхийн дэлхий нийтийн чуулган
Дэлхий нийтийн Хүний эрхийн чуулганд бэлтгэх явцад Үндэсний байгууллагуудын төлөөлөгчдийн зөвлөлгөөнийг чуулган явуулахтай зэрэгцүүлэн зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ зөвлөлгөөн дээр Үндэсний байгууллагуудын зорилго, танилцуулга түүнчлэн байгууллага хоорондын үйл ажиллагааг зохицуулах механизмыг хамарсан эрчимтэй үйл ажиллагааны үндсэн нөхцлүүдийг нарийвчлан судалсан байна.
Дэлхий нийтийн чуулганаар гаргасан Венийн тунхаглал
Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөрт хүний эрхийн хуваагдашгүй, харилцан холбоо бүхий зарчмуудыг багтаасан олон чухал зарчмуудыг баталсан. Мөн 21 дүгээр зуун дахь хүний эрхийн талаар хэлэлцэх асуудлын томъёоллыг найруулан гаргасан.
Үндэсний байгууллагатай холбоотой дараах зүйлийг Дэлхий Нийтийн чуулганаас гаргасан баримтад дахин баталсан юм.
“… Хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих асуудал эрхэлсэн Үндэсний байгууллага нь маш чухал үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэсэн байна. Тэр дундаа эрх мэдэл бүхий байгууллагуудын дэргэд зөвлөгөө өгөх тогтолцоотой байгаа нь Хүний эрх зөрчигдөх байдлыг арилгах, хүний эрхийн асуудлаар сургалт явуулах, мэдээлэл түгээн дэлгэрүүлэхэд түүний гүйцэтгэх үүрэг их байна”.
Мөн дэлхий нийтийн чуулга нь Үндэсний байгууллагуудаа бэхжүүлэхийг төр засгуудад уриалаад Үндэсний байгууллагыг бэхжүүлэх, үүсгэн байгуулах хэрэгт туслалцаа үзүүлэх төр засгийн хүсэлтийг хангах зорилготой НҮБ-ын хөтөлбөр, үйл ажиллагааны нягтралд НҮБ, бүс нутгийн хамтын ажиллагааг үнэлж, Үндэсний байгууллагуудын ажлын туршлага, мэдээллээ харилцан солилцох замаар хамтран ажиллахыг сайшаажээ.
Хүний эрхийн Үндэсний байгууллагын тодорхойлолт
НҮБ-ын дотоод гадаад үйл ажиллагаатай холбоотой практик ажил, чиг үүргийг агуулсан хүчин төгөлдөр байгаа баримт бичгүүдээс харахад “Хүний эрхийн Үндэсний байгууллага” хэмээх нэр томъёоны хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт одоогоор байхгүй байна. Энэ хүрээн дэх НҮБ-ын үйл ажиллагааны үзэл баримтлал хангалттай уян хатан хийгдсэн тул түүнийг их өргөн утгаар нь тодорхойлж болох юм. Шүүх эрх мэдлийн байгууллага засаг захиргааны илтгэгчид, хуулийн байгууллагууд, төрийн бус байгууллага, нийгмийн хангамжийн хөтөлбөрүүдийн үндэсний комисс, омбудсманы институт болон холбогдох бүтцүүдийг нэгэн адил хамруулжээ.
Гэвч иймэрхүү өргөн хүрээтэй томъёолол нь энэ салбар дахь НҮБ-ын дараа дараагийн ажлын үр дүнд байнга нарийссаар байна. Одоогоор байгууллагын явцуу бүлгүүд байхгүй тэр дундаа боловсролын болон соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хүний эрхийн хүрээн дэх асуудлаар засаг төрд зөвлөгөө туслалцаа үзүүлэх, төрийн субъектын үйлдсэн хүний эрхийг зөрчсөн асуудлаарх гомдол саналыг зохицуулах, судлах ерөнхий чиг үүрэг тодорхойгүй байна. Ийм байгууллага
Үндэсний байгууллагын статустай холбоотой Парис зарчмууд нь энэ хувьсан өөрчлөгдөж буй процесст чухал алхмыг өөртөө агуулж байна. Хүний эрхийн Үндэсний комисс зөвлөлгөө өгөх үүрэг, статусын стандартыг тогтоох замаар “Үндэсний байгууллагын” үзэл баримтлалын тодорхой оролдлого хийгдсэн байна. Хэрвээ эдгээр стандартыг Үндэсний байгууллага хэмээх ерөнхий нэр томъёоны хувьд авч үзвэл зөвхөн байгууллага гэж ойлгохоос гадна “комисс” хэмээн ойлгох тохиолдолд Үндэсний байгууллага нь хүний эрхийн хүрээнд хуулийн дагуу тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэгч эсхүл Үндсэн хуулиар баталгаажуулагдсан байгууллага юм. Энэ процесс нь дараагийн шатанд ерөнхий чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудыг хаагаад зогсохгүй хуулинд оруулаагүй төрийн бус байгууллагыг зогсоох хандлагатай болно.
Ийнхүү Үндэсний байгууллагын үзэл баримтлал нь эхэндээ хангалттай боловсруулагдаагүй болох нь илт бөгөөд практик дээр үйл ажиллагаа явуулах хил хязгаар өргөн уудам учир маш уян хатан байхыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ хүрээнд НҮБ-ын үйл ажиллагааны хувьд “Үндэсний байгууллага” хэмээх нэр томъёог хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих гэсэн чиг үүрэг нь товч тодорхой, хууль эсхүл Үндсэн хуульд нийцэхүйц засгийн газрын зүгээс үүсгэн байгуулсан байгууллага гэдэг талаас нь ойлгож байна.
Үндэсний байгууллагын практик үйл ажиллагаа
Байгууллага нь амьдрал практик дээр “засаг захиргааны” шинж чанартай дээр өгүүлсэн тодорхойлолтыг агуулсан гэсэн утгаараа хэм хэмжээ тогтоогч, эсхүл шүүх байгууллага биш юм. Зүй ёсоороо байгууллагад үндэсний эсхүл олон улсын түвшинд хүний эрхийн харилцаан дахь өдөр тутмын зөвлөлгөө өгөх эрх мэдлийг олгосон байна. Эдгээр зорилгыг хувь хүний болон хэсэг бүлэг хүмүүсийн гаргасан гомдол, саналыг зохицуулах, судлан үзэх замаар хэлэлцэх, үнэлэлт өгөх, санал дэвшүүлэх ерөнхий арга хэрэгслүүдээр дамжуулан биелүүлнэ. Зарим улс оронд хүний эрхийн үндэсний байгууллага байгуулах талаар Үндсэн хуулинд тусгасан байдаг. Үндэсний байгууллага гол төлөв гүйцэтгэх эрх мэдэлтэй ямар нэгэн замаар холбоотой ч хараат бус бодит байдлыг тэд өөрийн үйл ажиллагааны арга, санхүүгийн эх үндэс, бүрэлдэхүүнээ багтаасан хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай байхаар ашигладаг байна.
Үндэсний байгууллагын ангилал
Өнөөдрийн байдлаар ихэнх Үндэсний байгууллага нь “Хүний эрхийн хороо” буюу “парламентын тусгай үүрэг хүлээсэн гишүүдийн институт” гэсэн хоёр том категорийн аль нэгэнд харъяалагдахаар ангилагдсан байна.
Хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжихтэй шууд холбоотой зөвлөгөө өгөх чиг үүрэг (хүний эрхийн хүрээнд засгийн газрын бодлого), нийгэм үрүү хандсан соён гэгээрүүлэх чиг үүрэг, судалгааны гэж нэрлэж болох чиг үүргийг агуулсан нэг болон хэд хэдэн чиг үүргийг хүний эрхийн хороо гүйцэтгэж байна.
Тусгай үүрэг хүлээсэн парламентын гишүүдийн институт гол ТӨЛӨВ судалгааны чиг үүрэгт анхаарлаа төвлөрүүлдэг байна. Хэрвээ зөвхөн шууд чиг үүрэг нь төрийн засаг захиргааны хүрээн дэх хууль ёс, шударга ёсыг сахин хэрэгжүүлэхэд хяналт тавихад хамаарахгүй тохиолдолд үйл ажиллагаагаа эртнээс явуулж ирсэн энэхүү институт хүний эрхийн асуудлыг шууд эрхэлдэггүй байна. Бусад тэр дундаа сүүлийн жилүүдэд үүсэн байгуулагдсан институтууд үндсэн хууль болон бусад хууль зүйн актуудад тусгагдсан эрхүүдтэй холбоотой хүний эрхийг хамгаалах тодорхой мандатуудыг хүлээн авсан байдаг.
Эдгээр шалгуурыг үл харгалзан гүйцэтгэх чиг үүргээр нь хуваасан байдал тухайн байгууллагыг оновчтой ангилахад тэр бүр нийцдэггүй. Жишээ нь, “Тусгай үүрэг хүлээсэн парламентын төлөөлөгч” гол төлөв хорооны үүрэг болгосон хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих өргөн хүрээтэй төрөл бүрийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой.
“Хүний эрхийн хороо” хэмээх ангилалд багтах байгууллага нь төрийн засаг захиргааны хүрээнд уламжлалын дагуу холбогдох салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Үйл ажиллагаагаа явуулж буй Үндэсний байгууллагын ерөнхий дүр зургаас Үндэсний хороо, мэргэжлийн хороо, тусгай үүрэг хүлээсэн парламентын төлөөлөгчидтэй холбоотой дараах тодорхойлолтыг өгье.
Хүний эрхийн хороо
Ихэнх улс оронд хүний эрхийн хороо бусад төрийн байгууллагуудын адилаар хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч хууль тогтоох байгууллагын өмнө тогтмол тайлагнасан байх үүргийг хүлээдэг. Хүний эрхийн хороо гол төлөв ялгаварлан гадуурхах янз бүрийн хэлбэрээс иргэдээ хамгаалах, мөн хүний эрхийн улс төрийн болон иргэний эрхийг хамгаалах асуудал эрхэлдэг байна. Хороо түүнчлэн эдийн засгийн, нийгмийн, соёлын эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих үүргийг хүлээдэг. Тухайн хорооны чиг үүрэг, эрх мэдэл нь хууль зүйн актаар тодорхойлогдоод байна. Хүний эрхийн хороо хүний эрхийг зөрчсөн үйлдэл, хүний эрхийн бүдүүлгээр ашигласан талаар хувь хүмүүсийн (заримдаа була хүмүүсийн) гомдлыг хүлээн авах, мөрдөн шалгах эрх мэдэлтэй байдаг.
Гомдол гаргах хувь хүн болон байгууллагын зүгээс хамтран ажиллах эрмэлзлэл үгүй болсон тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй нөхцлүүдээс зайлсхийх, зохицуулах янз бүрийн ажиллагааны явцад тэдний ихэнх нь арбитражийн эсхүл эвлэрүүлэх процедурыг ашигладаг байна. Хороо нь хоёр талын зөрөлдөөнийг арилгах оролдлого явуулж харилцан зөвшөөрөх үр дүнд хүргэхийг чухалчилдаг байна. Хүний эрхийн хороо нь маргааныг заавал эрх зүйн талаас нь хянан үзсэн тогтоол гаргах ёсгүй. Гэвч энэ нь санал болгож буй зохицуулалтын аргууд эрх зүйн хамгаалалтын зохих арга хэмжээнүүдийг анхаарлын гадна орхино гэсэн үг биш юм.
Мэргэшсэн байгууллагууд
Улс орон бүрт их бага хэмжээгээр тохиолддог асуудал бол ялгаварлан гадуурхах үзэл юм. Юуны өмнө засгийн газраас хүлээн зөвшөөрсөн ашиг сонирхлыг нь хамгаалах, хүний эрхийн мэргэжлийн байгууллага шаардлагатай байгаа тийм нийгмийн гишүүдэд угсаатны, хэлний, шашны цөөнх бологч хүн амын тодорхой хэсэг, гадаадын иргэд, шилжин суурьшигчид, цагаачид, дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд тэрчлэн ядуус, тахир дутуу иргэд хамаарна.
Хүний эрхийн мэргэжлийн байгууллагыг голдуу нэг болон хэд хэдэн бүлгийг хамгаалах талаар асуудал боловсруулсан улсын болон нийгмийн бодлогыг явуулахад хамтран ажиллахын тулд байгуулдаг байна. Үндсэндээ ийм байгууллагууд нь тухайн нэг бүлгийн болон хувь хүмүүсийн харилцаан дахь ялгаварлан гадуурхах үзлийн хэлбэр, маяг, тохиолдлуудыг мөрдөн судлах эрхтэй. Ямар нэгэн бүлгийн гишүүн өөр этгээд болон төрийн байгууллагад гаргасан гомдлыг мөрдөн шалгах ерөнхий эрхтэй мэргэжлийн эдгээр байгууллага нь хүний эрхийн үндэсний бусад байгууллагын адил хариуцлагатай шийдвэр гаргах, эсхүл шүүх ажиллагааг сэргээх эрх мэдлээс хол байдаг.
Хувь хүн болон бүлэг хамтлагт мэдээллийн болон зөвлөлгөө өгөх, туслалцаа үзүүлэх эдгээр байгууллага тодорхой бүлэгтэй холбоотой ямар нэгэн хэмжээнд даган мөрдөж байгаа хууль болон үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Ийнхүү тэд парламент зэрэг төр, засгийн байгууллагад зөвлөх гэсэн утгаар үйл ажиллагаа явуулдаг байна.
Тусгай үүрэг хүлээсэн парламентын гишүүн
Өнөөдөр энэхүү институт нь олон улс оронд байгуулагдсаар байна. Гэхдээ зарим улс оронд дээрх нэр томъёог “Advocat du people”, “Depensar del Pueblo”, “Mediateur de la Republique” rox мэтээр нэрлэж хэрэглэж байна. Энэ институтын гол чиг үүрэг нь төрийн засаг захиргааны байгууллагын үйл ажиллагаа шударга, хууль ёсны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог байна. Тодруулж хэлбэл, өөрийгөө төрийн засаг захиргааны аль нэг байгууллагын шударга бус үйл ажиллагааны золиос болж байна хэмээн үзэж буй хувь хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд байгуулагддаг байна. Омбудсман нь засгийн газар, хохирогч иргэний хооронд шударга зуучлагч гэдэг утгаар нь ойлгогддог.
Омбудсман нь гомдол хүлээн авах ба тэдгээр гомдлыг өөрсдийн мэдлийн хүрээнд мөрдөн шалгах эрхтэй байна. Мөрдөн шалгах процесс нь Омбудсманд төрийн холбогдох бүх байгууллагын баримт бичигтэй танилцах эрх олгодог ба түүнчлэн зохих мэдээллийг төрийн түшмэлээс шаардаж болно. Дараа нь тэрээр өргөдөл гаргах эсхүл мөрдөн шалгалтын үндсэн дээр зөвлөмж гаргадаг.
Үндсэндээ энэ зөвлөмж анхаарлын гадна орхигддог тул Омбудсман хуулийн байгууллагад тодорхой илтгэл явуулах нь олонтаа тохиолддог.
Өөрийн эрхийг зөрчигдсөн хэмээн үзэж буй аливаа иргэн Омбудсманд хандаж гомдлоо илэрхийлж болох ба ихэнх улс оронд гомдол гаргагч нь засаг захиргааны болон хуулийн бүхий л боломжит хэрэгслийг хэрэглэж эцсийн шатанд хүртэл явсан байх ёстой гэсэн нөхцөл тавигддаг байна. Түүнчлэн гомдол илгээх тодорхой хугацаа тогтоож өгч болно. Үүнээс гадна Омбудсманы бүрэн эрх төрийн засаг захиргааны бүх хүрээнд тархаж байгаа хэдий ч ихэнх Омбудсман шүүх болон хуулийн бусад байгууллагад холбоотой гомдлыг хянан үзэх эрхгүй.
Дээрхи товч тоймоос дүгнэн хүний эрхийн үндэсний байгууллагууд ямар их ач холбогдолтой болохыг эрхбиш ухааран түүнийг аль болох цаг алдалгүй байгуулж төлөвшүүлэх шаардлагатай байна. Харин манайх ямар хувилбарыг сонгож авах нь Монголын хөрсөнд илүү сууж үр өгөөжөө өгөх талаас нь хүний эрхийн үндэсний байгууллага байгуулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг жил гаруй ажиллаж хүний эрхийн хорооны төрөл нь Үндсэн хуулийн утга санаа, агуулгад илүү нийцэж байна хэмээн үзсэн юм. Ийнхүү хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцэх ёстой атал Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхгүй тодорхой бус шалтгаанаар хойшлуулсаар ирсэн юм. Уг хууль батлагдан гарваас манай орон дэлхий нийтийн хүний эрхийн салбарт гаргаж буй хүчин чармайлтад оролцох, бүс нутагтаа хүний эрхийн асуудлаар зарчмын чухал байр суурь эзлэж ажиллах, Монголдоо хүний эрхийг бодитой хэрэгжихийг хариуцах эзэнтэй болно гэсэн үгээ.