Н. Цолмонтуяа
/ТЗУХИ-ийн багш, магистр, аспирант/
Шинэ толь №25, 1999
Түлхүүр үг:
Ардчилсан нийгэмд төлөөллийн ардчиллын үзэл санааг хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудыг зөв оновчтой бүрдүүлэх гол арга зам нь чөлөөт, ардчилсан, шударга сонгууль байдаг. Сонгуулиар ард түмэн төр барих эрх хуульчлан баталгаажиж иргэдийн зүгээс Үндсэн хуулинд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэж өөрсдийн төлөөлөгчдөөр дамжуулан хууль тогтоох болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцон нөлөөлөх боломж бүрддэг.
Монгол оронд 1990-ээд оны үеэс иргэдийн сонгох, сонгогдох, эрх жинхэнэ утгаараа баталгаажиж төрийн үндсэн байгууллагуудыг сонгуулийн зарчмаар бүрдүүлэх боломж анх
бүрдсэн.
Харин өмнөх тогтолцооны үеийн сонгууль нь хэдийгээр сонгох сонгогдох эрхийн хувьд бүх нийтийн зарчмыг баримталж байсан боловч сонгуулийн мөн чанар, агуулгын хувьд иргэддээ сонголт хийх боломжийг бүрдүүлж чадаагүй хэлбэрийн төдий сонгууль байсан гэдгийг нэгэнт өнөөдөр бид хүлээн зөвшөөрөх болсон билээ.
1990 онд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ, байнгын үйл ажиллагаатай хууль тогтоох байгууллага Улсын Бага Хурлыг бүрдүүлсэн. 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталснаар төрийн тогтолцоог ардчилсан зарчмын үндсэн дээр шинээр бүрдүүлэх хууль зүйн орчин бүрдэж 1992 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, 1996 онд Монгол Улсын УИХ-ын сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай” хуулиудыг тус тус батлан гаргасан билээ. Эдгээр хуулийн дагуу 1992, 1996 онд УИХ-ын, 1993, 1995 онд Ерөнхийлөгчийн 1996 онд орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуулийг тус тус зохион байгуулсан. Үүний үр дүнд ардчиллын тулгуур үндэс болсон сонгуулийн эрх, үндсэн зарчмууд бодитой хэрэгжиж, Монголчууд бид сонгуульд оролцож сурах, сонгууль зохион байгуулах талаар багагүй туршлага хуримтлуулан бүхэлдээ Монголд сонгуулийн тогтолцоо телевших хандлагатай байна.
Гэвч цаашид нийгмийн хөгжлийн өнөөгийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгуулийн тогтолцоо, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь нэн чухал болж байна.
Монгол улсын сонгуулийн тогтолцоо нь УИХ-ын, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй ойлголт билээ. Тиймээс энэхүү сэдвийн хүрээнд зөвхөн УИХ-ын сонгуулийн хуулийг боловсронгуй болгох асуудлаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэхийг зорьсон болно.
Энэхүү асуудлыг хөндөхийн өмнө сонгуулийн тогтолцоо, сонгуулийн систем хэмээх ойлголтын талаар товч өгүүлье.
Төрийн төлөөллийн байгууллагыг сонгох асуудалтай холбогдон үүссэн нийгмийн харилцааны цогцыг сонгуулийн тогтолцоо хэмээн тодорхойлж болно. Сонгуулийн тогтолцоо нь аливаа улс орны түүхэн уламжлал, улс төрийн систем, улс төрийн дэглэм, хүн амын улс төрийн боловсрол, соёлын түвшин, нийгэмдэх улс төрийн хүчнүүдийн харьцаа зэрэг хүчин зүйлүүдээс хамааран тус бүрийн өвөрмөц онцлогтой байдаг.
Харин сонгуулийн үр дүнг тооцох, санал хуваарилах зарчмыг сонгуулийн систем хэмээн нэрлэдэг. Сонгуулийн систем нь аливаа улс орны сонгуулийн тогтолцооны өвөрмөц онцлогоос шалтгаалан өөр өөр байж болох боловч дэлхийн улс орнуудад сонгуулийн үр дүнг тооцсон санал хуваарилах хэд хэдэн үндсэн зарчим байдаг.
Манайд сонгуулийн мажоритар буюу пропорционал гэсэн хоёр үндсэн систем байдаг гэсэн ойлголт нэлээд түгээмэл байдаг. Энэ үүднээс одоогийн мөрдөж байгаа сонгуулийн хуулийн дагуу зохион байгуулсан 1992, 1996 оны УИХ-ын сонгуулийг мажоритар системээр явагдсан гэж тайлбарлах хандлага нийтлэг ажиглагддаг. Гэтэл дэлхийн улс орнуудад УИХ-ын сонгуулийн хуулинд тусгагдсан санал хуваарилах энэ зарчмыг плюрал (харьцангуй олонхийн) хэмээн нэрийддэг бөгөөд бие даасан сонгуулийн систем гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Мажоритар систем (Олонхийн төлөөллийн)
Majority гэдэг нь олонхи гэсэн англи үгнээс гаралтай Сонгуулийн тойрогт 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцдог мажоритар системийг дэлхийн улс орнуудад дангаар нь төдийлөн түгээмэл хэрэглэдэггүй бөгөөд харин голдуу Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг тооцоход хэрэглэдэг.
Мажоритар системээр сонгууль явуулахад сонгууль ихэвчлэн хоёр үе шаттай байдаг бөгөөд эхний санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нэг нь 50-иас дээш хувийн санал авч чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтанд оролцуулдаг.
Плюрал систем (Харьцангуй олонхийн)
Плюраль буюу харьцангуй олонхийн хэмээн нэрлэгддэг систем нь үндсэн шинжээрээ мажоритар системтэй төстэй боловч сонгуулийн тухайн тойрогт ердийн олонхийн бус, харин нэр дэвшигчдийн дотроос хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцдог. Энэхүү системийн сул тал нь парламентын гишүүн маш бага төлөөллөөр сонгогдох магадлалтай байдаг бөгөөд тиймээс тодорхой босго буюу хязгаарлалт тогтоох шаардлагатай болдог. Дэлхийн улс орнуудад энэхүү хязгаарлалтыг 30 орчим хувиар тогтоодог. 1996 оны УИХ-ын сонгуульд сонгуулийн тухайн тойрогт 25%-иас доошгүй хувийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох хувилбарыг хэрэглэсэн билээ.
Мажоритар болон плюрал систем нь сонгуулийн тойргуудад хүчтэй цөөн нам буюу намуудын эвсэл парламентад төлөөлөгдөх магадлал ихтэй байдаг бөгөөд энэ нь улс төрийн намууд эвсэх, нэгдэх үйл явцад нөлөөлдөг онцлогтой. Энэ нь хоёр намын буюу хүчтэй цөөн намын системийн төлөвшилд эерэг нөлөөлдөг онцлогтой. Түүнчлэн парламентын гишүүдийг сонгогчид шууд сонгодог учраас тэдгээрийн үйл ажиллагаанд сонгогчдын зүгээс хяналт тавих, хариуцлага тооцох боломжтой байдаг. Санал өгөх, хуваарилах зарчим энгийн ойлгомжтой зэрэг давуу талыг улс төр судлаачид хүлээн зөвшөөрдөг.
Гэвч санал хуваарилах эдгээр зарчмууд нь сонгогчдын авсан санал, парламент дахь тэдгээрийн төлөөллийн харьцаа алдагдахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойргуудад харьцангуй олон санал авсан нам парламентад түүнээсээ цөөн суудал авах, эсхүл сонгуульд цөөн санал авсан нам парламентад түүнээсээ илүү төлөөлөлтэй болох магадлалтай байдаг. Түүнчлэн сонгогдсон парламентын гишүүн тойргийн сонгогчдоос хараат байдалд орох, парламентын гишүүд орон нутгийн болон тодорхой хэсэг, бүлгийн эрх ашгийг төлөөлсөн шинж давамгайлах хандлагатай байдаг. Сонгогчид улс төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэгч улс төрийн намын төлөө бус нэр дэвшигчийн хувь хүний шинжийг харж сонголт хийхэд нөлөөлдөг улс төрийн нам, тэдгээрээс нэр дэвшигдэж сонгогдсон парламентын гишүүн, улс төрийн намын хоёрын хооронд хариуцлагын зарчим алдагдах зэрэг зарим сул тал ажиглагддаг.
Пропорционал систем (Хувь тэнцүүлэх)
Пропорционал систем нь сонгуульд улс төрийн намууд болон тэдгээрээс нэр дэвшигчдийн авсан саналыг харгалзан парламентын суудлыг хувь тэнцүүлэн хуваарилдаг. Пропорционал систем дотроо олон янзын хувилбартай боловч улс төрийн намуудын нэрсийн жагсаалтаар болон улс төрийн нам, тэдгээрээс нэр дэвшигчдийн төлөө санал хураалт явуулж түүний үр дүнг улс төрийн намуудад сонгуульд авсан саналын дагуу хувь тэнцүүлэн хуваарилдаг хоёр үндсэн хэлбэр зонхилдог.
Санал хуваарилах энэхүү зарчмын онцлог нь сонгуульд улс төрийн намуудын авсан саналын дагуу парламентын суудлыг шууд хувь тэнцүүлэн хуваарилдаг, тухайн тойрогт нэр дэвшигч сонгогдох эсэхээс үл хамааран санал бүрийг тооцож гаргадаг учир сонгогчдын санал болгон төлөөлөгдөх боломжтой сонгуулийн бусад системтэй харьцуулахад илүү шударга хэмээн улс төр судлаачид үздэг.
Энэхүү систем нь нийгэмдэх социал бүлгүүдийн болон улс төрийн хүчний харьцааг парламентад зөв тусгах чадвартай учир олон намын системийн төлөвшилд эерэгээр нөлөөлдөг. Тийм ч учраас парламентын засаглалтай ихэнх улс оронд пропорционал системийн аль нэг хувилбарыг хэрэглэх нь түгээмэл байдаг. Түүнчлэн пропорционал систем улс төрийн намууд болон тэдгээрээс нэр дэвшигдэж сонгогдсон парламентын гишүүд, улс төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, түүний төлөө сонгогчдын өмнө хамтын хариуцлага хүлээх чадварыг дээшлүүлэх улс төрийн нам, парламентын гишүүн хоёрын хооронд хариуцлагын тогтолцоо төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна.
Харин пропорционал системийг хэт олон нам парламентад төлөөлж энэ утгаараа улс төрийн нэгдсэн шийдэл, зөвшилд хүрэх, парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд бэрхшээл учруулж улс төрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэх хандлага байдаг. Гэвч энэ сөрөг үр дагаврыг сонгуулийн хуулиар зохицуулан хязгаарлах боломжтой. Тухайлбал, сонгогчдын тодорхой хувийн санал авч чадаагүй намуудад суудал хуваарилахгүй байхаар сонгуулийн хуулинд хязгаарлалт хийж болдог. Энэ хязгаарлалтыг дэлхийн улс орнуудад 1.5 – 5 хувиар тогтоодог. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцож сонгогчдын 1,5 – 5 хүртэлх хувийн санал авч чадаагүй намууд санал хуваарилалтанд оролцдоггүй.
Ийнхүү сонгуулийн мажоритар, плюрал болон пропорционал систем нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой, давуу болон сул талтай. Тиймээс дэлхийн улс орнуудад сонгуулийн үр дүнг тооцох, санал хуваарилах эдгээр зарчмыг өөрийн орны өвөрмөц онцлогт тохируулан бүтээлчээр хэрэгжүүлж энэ нь эдгээр орны улс төрийн болон төрийн тогтолцооны тогтвортой байдлын эх үндэс болж байна.
1992 онд батлагдсан, 1996 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Монгол Улсын УИХ-ын сонгуулийн хуулийг цаашид боловсронгуй болгоход юуны өмнө сонгуулийн ямар системийг авч сонгуулийн хуулинд тусгах вэ? гэдэг асуудал өнөөдөр улс төрчид, судлаачдын анхаарал татсан чухал асуудал болж байна.
Сонгуулийн аль ч системийн хувьд өөрийн давуу болон сул талтай тул тэдгээрийг сонгуулийн хуулиар зохицуулан хязгаарлаж, өнгөрсөн сонгуулийн туршлага, сургамжинд тулгуурлан өөрийн орны өвөрмөц онцлогт тохируулан хэрэглэх нь чухал юм. Энэ үүднээс УИХ-ын сонгуулийн хуулинд пропорционал системийн аль нэг хувилбарыг тусгах, түүний хамт сонгуулийн тойрогт нэр дэвшигдэн сонгогдох боломжтой байхаар зохицуулах нь дараахь хэд хэдэн эерэг үр дагавартай гэж үзэж байна.
Юуны өмнө 1992, 1996 онд УИХ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн зарим сөрөг үр дагаврыг багасгахад ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн тойргийн сонгогчдын өмнө амлалт өгч сонгогдох, энэ нь тэднийг ямар нэгэн байдлаар тойргийн сонгогчдоос хараат байдалд хүргэх, нийгмийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалсан төрийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нөлөөлөх байдал ажиглагдаж байна. Түүнчлэн зөвхөн нэр дэвшигчдийн төлөө санал хураалт явуулах нь нутгийн хүнийг сонгох сэтгэл зүйн хандлага давамгайлахад нөлөөлөх талтай байдаг.
Пропорционал системийн аль нэг хувилбарыг сонгуулийн хуулинд тусган хэрэгжүүлэх нь улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Учир нь улс төрийн нам тэдгээрээс нэр дэвшигчид зөвхөн тойргийн сонгогчдын санал авахын төлөө өрсөлдөх явцуу хүрээнээс гарч үндэсний хэмжээний нам болж төлөвшихийн тулд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай болно. Тийм учраас сонгогчид зөвхөн хувь хүний төлөө бус улс төрийн тодорхой бодлого дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай улс төрийн намыг харж сонголт хийх боломж бүрдэх юм.
Түүнчлэн энэ системээр сонгууль явуулбал Сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигдэж сонгогдсон эсхүл намын авсан суудлыг төлөөлж буй парламентын гишүүний улс төрийн намын өмнө хүлээх хариуцлага дээшилнэ. Улс төрчдийн ёс зүйн байдал хамгийн эмзэг асуудлын нэг болж буй өнөөгийн нөхцөлд тэдгээрийн үйл ажиллагаанд улс төрийн намуудын зүгээс тавих хяналтын механизмыг боловсронгуй болгох нь нэн чухал болж байна. Тухайлбал, 1996 онд “Улс төрийн намуудын тухай” хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “УИХ-ын гишүүн намыг төлөөлөх боломжгүй гэж үзвэл УИХ-ын гишүүнээс түүнийг эгүүлэн татах тухай саналаа тухайн нам УИХ дахь өөрийн намын бүлэг болон хууль санаачлах эрх бүхий этгээдээр уламжлан УИХ-д тавих эрхтэй” гэсэн заалт пропорционал төлөөллийн системийг УИХ-ын сонгуулийн хуулинд тусгасан тохиолдолд л хэрэгжих боломжтой болно.
Ийнхүү УИХ-ын сонгуулийн хуулийг боловсронгуй болгоход пропорционал ситемийн аль нэг хувилбарыг сонгуулийн хуулинд тусгахын хамт сонгуулийн тойрогт улс төрийн намуудаас нэр дэвшигдэн өрсөлдөх боломжийг хангах нь зүйтэй. Учир нь өмнөх сонгууль, түүнчлэн өмнөх сонгууль зохион байгуулж ирсэн туршлага, монголчуудын хувь хүний төлөө саналаа өгч дадсан сэтгэл зүйн онцлог зэргийг харгалзан үзэх нь зүйтэй санагдана. Чингэхдээ дээрх санал хуваарилах зарчмуудын аль алиных нь давуу талыг шингээж, сул талыг нь хязгаарлахаар сонгуулийн хуулинд зохицуулалт хийх нь чухал юм.