Т.Агиймаа
/УТБА-ийн багш/
Шинэ толь №25, 1999
Tүүхийн аль ч үед, нийгмийн ямар ч тогтолцоонд улс орнын бодлогыг тодорхойлж, ард түмнээ удирдан залж чиглүүлж байдаг цөөнхийн давхарга үргэлж оршин тогтносоор ирсэн. Нийгмийн хөгжил дэвшил, улс төрийн бодлогод цөөнхийн гүйцэтгэх үүрэг, нөлөөллийн асуудал нь голлох байр суурь эзэлдэгийн хувьд энэ хүрээнийхний хэв шинж, бусад хүрээнийхнээс ялгагдах онцлог, төлөвшилт бүрдлийн процессыг онол болон практикийн түвшинд шинжлэн судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Манай хуучин нийгэмд “дээдэс”, “доодос” гэсэн ухагдахууныг үгүйсгээд, энэ нь зөвхөн мөлжин шулагч хөрөнгөтний нийгэмд байдаг ойлголт гэдгийг ард түмний ой тойнд ягштал суулгаж байсан. Ийм ч учраас тухайн үеийн нам төрийн удирдлагын үнэн дүр төрх, хөрөнгийн эзэмшил, орлогын хэмжээ, үйл ажиллагааны талаар ямар ч судалгаа шинжилгээ хийгдэж байгаагүй бөгөөд ард түмэн саяхныг хүртэл улс төрийн удирдах албан тушаалтан болон элитийн талаар бүрэн дүүрэн мэдээлэл авч байсангүй.
Харин энэ асуудлыг барууны нийгэм судлаачид, түүний дотор улс төр судлаачид хангалттай судлан боловсруулж, үнэлэн дүгнэж ирсэн бөгөөд энэ талаар улс төр судлалын шинжлэх ухаанд ихээхэн хувь нэмэр оруулсан Г.Моска, В.Парето, Р.Михельс, Р.Миллс, О.Штаммер, Д.Рисмен, С.Келлер зэрэг олон судлаачыг нэрлэж болно.
Элитийн онолыг тайлбарлахын өмнө энэ онол ямар үндэслэлээр, ямар нөхцөл байдал бүрэлдсэний улмаас дэвшигдэн гарч ирсэнийг дурьдах нь зүйтэй болов уу.
Ямар нэг онол, үзэл баримтлал анх гарч ирэхдээ өөр нэг онол үзэл баримтлалыг халж солих, шүүмжлэх, эсхүл сайжруулах зорилгоор гарч ирдэгийн адилаар элитийн онолыг үүсгэгчид сонгодог ардчиллын онолыг эсэргүүцэж гарч иржээ.
Сонгодог ардчиллын үзэл санааны гол зарчим бол төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох, цөөнхийн саналыг харгалзан олонхийн хүслээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх, бүх нийтийн тэгш байдал гэх мэт юм. Эдгээр зарчим нь ард түмний хүсэл эрмэлзлэлийн дээд илэрхийлэл болж байдаг ч энэхүү сонгодог үзэл санааг хаана ч бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй юм.
Ийм учраас хоорондоо эсрэг тэсрэг сонирхол бүхий нийгмийн нөхцөлд сонгодог ардчиллын үзэл санааг хэрэгжүүлэх боломжийг үгүйсгэгчдийн зүгээс нийгмийг ямар ч тохиолдолд цөөнх захирдаг гэсэн үзэл санааг гаргаж, улмаар элитийн онолыг бий болгожээ.
Одоо энэ онолын талаар авч үзье.
Үг гарвалын хувьд “элит” гэдэг нь латины “eliger”, францын “elite” буюу утгачилбал шилдэг, шалгарсан гэсэн утгыг агуулдаг.
Элитийн онолын үр хөврөл эртний сэтгэгчид болох Плато, Кунзийн сургаалд зарим талаар тусгагдсан байдаг ч орчин үеийн элитийн онолыг боловсруулагчид Италийн эрдэмтэн
Вильфредо Парето (1848-1923), Гаэтэна Моска (1858-1941). Германы эрдэмтэн Р. Михельс нар юм.
Одоо сонгодог элитийн онолын дээрх гол төлөөлөгчдийн үзэл баримтлалыг авч үзье.
Г.Моска ямар ч нийгэмд амьдарч буй хүмүүсийг нийгмийн байр суурь, бүлгийн үүрэг ролиор нь хоёр хэсэгт хуваасан бөгөөд эхнийх нь тооны хувьд цөөн, засгийн эрхийг барьж байдаг, улс төрийн амьдралд гол үүрэг гүйцэтгэдэг, бусдаас давуу эрх мэдэлтэй бол дараагийнх нь тооны хувьд олон, эхнийхээрээ удирдуулан зохицуулагддаг, мөн тэдний ахуй амьдралд шаардагдах материаллаг эд хөрөнгийг гаргаж байдаг гэжээ. Тэгвэл В.Парето нийгмийг сэтгэл зүй, нийгмийн онцгой шинж бүхий цөөнх удирдах ёстой гэж үздэг. Мөн хүмүүс угаасаа байгалиас тэгш бусаар заяагддаг. Харин бусдаас давуу (өмч хөрөнгө, авъас чадвар, эрдэм боловсролоор) шилдэг хүмүүс нь төрийн эрхийг барьж, ард олныг удирдан дагуулж байдаг бөгөөд энэ бүлэг нь элитийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл аливаа үйл ажиллагааны хүрээнд үлгэр дуурайл болохуйц ажилладаг, үр дүнгээрээ ялгагдаж чаддаг бодгалиудын цогцыг элит гэнэ гэсэн сэтгэл зүйн шинжтэй тодорхойлолтыг өгчээ. Мөн Парето хоёр янзын хэв маягийн элит нийгмийн хөгжлийн явцад гарч ирдэг гэжээ. Эхнийх нь үнэг маягийн, шинж нь уян хатан бодлоготой асуудлыг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг хичээдэг, найр тавимтгай бөгөөд ийм шинжийнхэн их зальтай, зарим тохиолдолд хуурч мэхэлнэ. Арслан маягийн элит нь ширүүн, эрс шийдэмгий, асуудлыг хүч хэрэглэж шийдэх хандлагатай гэж элитийн хэв шинжийг тодорхойлсон бол Михельсийн хамгийн гол гавъяа нь тэрээр нийгэмд элит бүрэлдэх механизмыг судалсан богоод нийгмийн байгуулал нь өөрөө элитийг шаардан, зүй тогтлынхоо дагуу тэднийг төрүүлэн гаргадаг гэж батлаад нийгэмд цөөнхийн засаглалын “томор хууль” үйлчилдэг ба ямар ч нийгэм зохион байгуулалтгүй байх боломжгүй юм гэж үзэж байлаа.
Улс орныг жолоодогч, удирдагч бүлгийн онолын болон практик судалгаан дахь Моска, Парето, Михельс нарын элитийн тухай үзэл баримтлал дээр суурилж орчин үеийн элитийн онол янз бүрийн урсгал чиглэлээр салбарлан хөгжжээ. Түүхийн хувьд анхдагч, өнөөг хүртэл утга санаагаа алдаагүй онолын нэг чиглэл бол Макиавеллын сургууль юм. Гол үзлийг нь жагсаавал:
- Ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр суурийнхаа онцлогоор төрөлжсөн нийгмийн бүлэг нь элит төрөх үндэс болдог. Нийгмийн идэвхтэй бүлэгт тулгуурлаагүй хүн элит болох магадлал тун бага байна.
- Элит легитимт байна. Өөрөөр хэлбэл, тэдний улс төрийн эрхийг олон түмэн хүлээн зөвшөөрсөн байх ёстой.
- Элитийн бүтэц нь өөрчлөгддөг ч засаглал нь тасралтгүй байна.
- Засгийн эрхийн төлөө тэмцлийн явцад элит халагдаж солигдож байдаг ч эрх баригч элитүүд өөрсдийн байр сууриа бусдад сайн дураараа тавьж өгдөггүй. Иймд тэмцлийн ил, далд хэлбэр байх нь зайлшгүй.
Энэ сургууль нь эрх мэдлийн төлөө ичгүүргүй тэмцдэг, нийгмийн бодит байдлыг харгалзан үздэггүй, олон нийтийн идэвхийг бүрэн дүүрэн үнэлдэггүй, элитийн үүрэг ролийг хэт дөвийлгөдөг, дэндүү сэтгэл зүйн шинжтэй гэж шүүмжлэгддэг ч энэ нь үндэслэл багатай юм.
Үнэт зүйлсийн онолынхон Макиавеллийн сургуулийн үзэл санааг зөөлрүүлэхийг оролдсон бөгөөд тэдний адил элитийг нийгмийн бүтээлч хүч гэж үзсэн. Өөрсдийн үзэл баримтлалын эерэг талыг ардчилалтай холбон, ардчилсан орны бодит амьдралд нийцүүлэхийг хичээжээ. Үнэт зүйлсийн онолын олон чиг хандлага байдаг ч онолчид нь дараахь зүйл дээр санал нэгддэг.
- Элит бол улс орны хувьд, үйл ажиллагааны бүхий л хүрээнд өндөр авнъас чадвар үзүүлэлтээр илэрхийлэгдэх нийгмийн үнэт зүйл юм.
- Засгийн эрхийн төлөө тэмцлийн дүнд гарч ирсэн элит төдийлөн тууштай бус, байгалийн төрөлх чанарын давуугаар гарч ирсэн элит тууштай байна. Өөрөөр хэлбэл, тэмцлийн дүнд элитийг бүрдүүлбэл нийгэм хямарна, элитийг сонгох механизмыг бүрдүүлж чадвал нийгэм ардчилагдана.
- Элитүүд төрөх гарааны нөхцөл ижил байлгахыг төрөөс хангах хэрэгтэй. Ардчиллын шаардлага ч ийм юм. Хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, авъас чадвар, амьдралын эрч хүч, идэвх нь харилцан адилгүй учир барианд орохдоо янз бүр байх нь ойлгомжтой гэсэн үзэл баримталдаг.
Энэ онолынхон нийгмийн удирдах давхрааны хувьсах өөрчлөлтийг хүмүүсийн үнэт зүйлсэд хандах хандлагын өөрчлөлтийн үр дүн гэж үздэг. Нийгмийн хөгжлийн явцад хуучин хэрэгцээ арилж, шинэ хэрэгцээ, үнэт зүйлсийн хандлага гарч ирсээр байдаг. Энэ нь тухайн үеийн шаардлагаар гарч ирсэн хүмүүсийг орчин үеийн шаардлагад нийцсэн хүмүүсээр аажмаар шахан зайлуулахад хүргэдэг. Энэ онолыг баримтлагчид үнэт зүйлсийн онолоо орчин үеийн ардчилсан нийгмийн бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэхийг үргэлж эрмэлзсээр ирсэн. Энэхүү үзэл баримтлалыг одоогийн неоконсерватор баримталж байна. Тэд “ардчилсан нийгэмд элит байх нь зайлшгүй юм. Элит өөрөө ард түмэнд ёс суртахууны хувьд үлгэр дууриал үзүүлэхээс гадна өөрийн эрхгүй хүндэтгэл төрүүлдэг байх ёстой. Жинхэнэ элит засаглан захирдаггүй, олон түмнээр хүлээн зөвшөөрөгдсөний үндсэн дээр тэднийг удирдан чиглүүлдэг” гэж үздэг.
Элитийн ардчиллын онолын хувьд гол төлөөлөгчид Р.Даль, С.М. Липсет, Л.Зиглер нар юм. Энэхүү онол нь ардчилал бол сонгогчдынхоо итгэлийг, үүнээс үүдэн саналыг нь авахын төлөө оюуны потенциал, удирдах чадвар бүхий элитүүдийн хоорондын өрсөлдөөн юм гэсэн И.Шумпетерийн үзлээс эх авсан. К.Мангейм “ардчилал нь элитийн үзэл баримтлалын эсрэг үзэл санааг өөртөө агуулдаг ч олон түмэн, элит хоёрыг тэгшитгэх гэсэн үл гүйцэлдэх үзлийг сайшаагаагүй юм…” гэжээ. Элитийн ардчиллын онолын удирдагч анги гэдэг бол нийгмийг удирдахад зайлшгүй байх ёстой шинж чанарыг эзэмшсэн бөгөөд олон нийтийн сэтгэл хөдлөл, улс төр, үзэл суртлын иррационализмыг тогтоон барих чадвартай ардчиллын үнэт зүйлсийг хамгаалагчид юм.
Энэ онолын төлөөлөгчид дарангуйллыг шүүмжилж олон ургальч үзэлд тэвчээртэй ханддаг, улс төрийн өрсөлдөөн хувийн эрх чөлөө, уг хэлэх, хэвлэн нийтлэх гэх мэт либерал ардчиллын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрдгөөрөө oлолттой ч нийгмийн хамгаалал, эвлэлдэн нэгдэх, ажил хаях, хөдөлмөрлөх зэрэг нийгэм-эдийн засгийн эрхийг хэрэгжүүлэх хүлээн зөвшөөрөхдее консерватив ханддаг.
Элитийн олон ургальч хандлага
Үнэт зүйлсийн онолын зарим ардчилсан чиглэлийнхэн элитийн олон ургальч хандлагыг хөгжүүлж баяжуулсан (эрдэмтэн О. Штаммер, Д.Рисмен, С.Келлер). Зарим судлаач, тухайлбал РДаль “энэ хандлага нь элитийн онолыг үгүйсгэсэн” гэж үздэг ч үнэн хэрэгтээ Макиавеллийн сургуулийг үгүйсгэсэн гэж хэлбэл илүү үнэнд нийцэх юм.
Олон урьталч хандлагыг элитийн функционал онол гэж нэрлэж болох бөгөөд дараахь үзэл санааг агуулдаг.
- Нэгдэл нягтрал бүхий онцгой эрхтэй элитийн булгийг үгүйсгэдэг. Элитийн нөлөөллийн хүрээ нь үйл ажиллагаа явуулж байгаа салбараараа хязгаарлагдах бөгөөд тэдгээрийн аль нь ч нийгмийн бүхий л салбарт нэгэн зэрэг зонхилох чадваргүй. Нийгэмд байдаг мэргэжлийн шашны хүн амын зэрэг бүлэглэл бүр өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлдэг, үнэт зүйлсийг хамгаалдаг, тухайн үед түүний хөгжилд идэвхтэй нөлөөлдөг элитээ гаргаж ирдэг. Иймээс элит тусгай эрх дархтай, байгалиас заяагдсан бүлэг биш, тэд нийгэм дундаас гарч ирэх бeгeeд гол шалгуур нь олонхынхоо эрх ашгийг илэрхийлэн хамгаалах чадвар юм.
- Элит ба олон түмний ялгаа төдий л их биш бөгөөд орчин үеийн эрх зүйт төрт нийгмийн иргэд элитийн бүрэлдэхүүнд орж, шийдвэр гаргахад оролцож болно. Улс төрийн амьдралын гол субъект нь элит биш. сонирхлын бүлгүүд юм. Олон түмэн, элит хоёрын ялгаа нь шийдвэр гаргахад ашиг сонирхол нь ижил бус байдагт оршино.
Олон ургальч элитийн онол нь олон ургальч ардчиллын үзэл суртал, онолын үндэс болон байдаг.
Элитийн бүрдэл ба улс төрийн элитийг бүрдүүлэх механизм
Нийгмийн элит нь хоер хэсэгт хуваагддаr (улс төрийн шийдвэр гаргагчид ба улс төрийн бодлого үйл явцад дарамт үзүүлэгчид). Улс төрийн элитийн шийдвэрүүд нь бүх нийтэд зориулагдсан бөгөөд заавал биелүүлэх шинжтэй. Гэвч шийдвэрийг хэнээс ч хамаарахгүйгээр зоргоороо гаргаж болдоггүй бөгөөд ард түмний эрх ашиг г.м зүйлсийг заавал харгалзах хэрэгтэй болдог. Харин тоталитар, дэглэмтэй улсуудад гаргасан шийдвэр нь ихэнх тохиолдолд улс төрийн элитийн үзэмжийн асуудал байдаг.
Улс төрийн элитийн хамт улсын болон хувийн компаниудын эздээс бүрдэх эдийн засгийн элит нийгэмд байдаг ба тэдний нөлөөллийн хүрээ маш өргөн. Аливаа улс орны хөгжлийн
үзүүлэлтийг эдийн засгийнх нь байдлаар хэмждэгийн хувьд эдийн засгийн элит улсынхаа хамгийн хүнд ачааг үүрдэг. Улс төрийн элитийн хувьд тэд шахалтын шийдвэрлэх бүлэг болдог бөгөөд улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлөх хэлбэр нь олон янз. Жишээ нь, сонгуулийн кампанийг санхүүжүүлэх, засгийн газарт парламентаар дамжуулан дарамт үзүүлэх, парламентын гишүүдэд хээл хахууль өгөх, өөрсдөд нь ашиггүй улс төрийн дэглэмийг унагахын тулд нууц үйл ажиллагаа зохион байгуулах г.м.
Эдийн засгийн элитээс харьцангуй бага ч гэсэн хүрэлцэхүйц нөлөөллийг бюрократ элит үзүүлдэг. Заримдаа тэднийг улс төрийн элитийн гол бүрэлдэхүүн хэсэг ч гэдэг. Бюрократ элит
- Улс төрийн элитэд нөлөө үзүүлэхүйц чухал шийдвэр гаргах хуульчлагдсан эрхтэй байдаг.
- Улс төрийн элитийн шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулдаг.
Үүнээс гадна урлаг, соёл, шинжлэх ухаан, олон нийтийн нэрт зүтгэлтэн, шашны тэргүүн зэргийг багтаасан оюуны элит байна. Эрх баригчдын үйл ажиллагааг олон нийтийн зүгээс хүлээн зөвшөөрүүлж, тэднээс дэмжлэг авахад нийгмийн оюуны салбарт тэргүүлэгчдийн зүгээс идэвхтэй оролцоо шаарддаг. Гэвч тэд улс төрийн амьдралаас холхон байхыг хичээдэг.
Улс төрийн элитийг бусад (цэргийн, эдийн засгийн, оюуны, бюрократ) элитээс ялган салгахад бэрх байдаг бөгөөд тэдний бүрэлдэхүүн нь тодорхой бус байдаг.
Барууны эрдэмтэд улс төрийн элитийн бүрэлдэхүүнийг албан тушаалаар нь зааглах аргыг амжилттай хэрэгжүүлж байна. Жишээ нь, АНУ-д ерөнхийлөгч, Засгийн газрын сайд, цагаан ордны зөвлөхүүд, сенатын бүх гишүүд, том хотын дарга нар, муж улсын хууль тогтоох байгууллагын удирдлага, Ардчилсан ба Бүгд Найрамдах намын лидерүүд улс төрийн элитэд тооцогддог.
Ямар ч нийгмийн нөхцөлд улс төрийн элит тухайн нийгмийнхээ тогтолцоог хэвээр нь хадгалах сонирхолтой байдаг.
Тэдний нэлээд хэсэг нь хоорондоо хувийн болон садан төрлийн холбоотой байдаг. Тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалж улс Төрийн элитийг бүрдүүлэх гильдийн ба антрепренерийн систем хэрэглэгддэг байна.
Гильдийн систем голдуу тоталитар дэглэм бүхий улсуудад, антрепренерийн систем ардчилсан улсуудад хэрэглэгддэг.
Гильдийн систем
- Хаагдмал явцуу байдалтай бөгөөд дээд албан тушаал горилогчдыг нийгмийн дунд, доод давхаргаас шилж сонгох урт хугацааны үйл явц юм.
- Хамгийн гол нь зөв үзэл суртал бөгөөд шилж сонгохдоо хэлбэрийн төдий шалгууруудыг шаарддаг (намын харъяалал, нас, ажилласан жил, боловсрол, эрхэлж байсан албан тушаалын жагсаалт, удирдлагын тодорхойлолт г.м).
- Сонгон шалгаруулагчдын бүрэлдэхүүнд дээд удирдах байгууллагууд болон Засгийн газрын гишүүд. Намын Хорооны нарийн бичгийн дарга г.м ямар нэг удирдах албан тушаалтнууд ордог.
Тэгвэл Антрепренерийн систем нь:
- Hэгдмэл байдалтай, нийгмийн аль ч давхаргаас албан тушаалд нэр дэвших боломжтой.
- Хэлбэрийн төдий шаардлага шалгуур бага.
- Шилж сонгогчдын хүрээ өрген, тухайн улс орны бүх сонгогчид оролцдог.
- Сонирхолтой мөрийн хөтөлбөр, сонгогчдыг өөртөө татаж, дэмжлэгийг нь олж авах г.м хувийн идэвх, бие хүний шинж нь нэгдүгээр зэргийн ач холбогдолтой.
- Улс төрийн элитийн хүрээнд орохын тулд маш их өрсөлдөөнтэй, шилж сонгох механизм нь нарийн байдаг.
Энэ систем нь ажилласан жил. г.м субьектив хүчин зүйлсийг харгалзахгүйгээр үнэхээр шилдэг, гарамгай хүмүүсийг үнэлж чаддаг юм. Иймээс залуу бөгөөд чадвартай хүмүүст улс төрийн өндөр албан тушаал эрхлэх боломж олгодог ба тэд олон шатыг дамжих цаг алддаггүй. Ийм систем нь ардчилал өндөр хөгжсөн улс оронд үйлчилдэг бeгeeд өрсөлдөгчид сонгуулийн үеэр ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцах, өөрийгөө сурталчлах г.м өргөн эрх эдэлдэг.
Монгол дахь улс төрийн элитийн төлөвшил
Төрт ёсны 2200 гаруй жилийн баялаг уламжлалтай Монголчууд дэлхийн нүүдлийн соёл иргэншил улсаас анх түрүүн төрийнхөе голомтыг бадруулсан учраас төрийн элитийг сурган бэлтгэх талаар өөрийн дадлага туршлагатай байсан нь эргэлзээгүй бизээ.
Монгол дахь улс төрийн элитийн төлөвшлийн асуудлыг авч үзвэл уламжлалт элитийн асуудал дээр бусад улс орны адил элитийн хүрээнд сурвалжит гаралтай эд хөрөнгө, эрх ямба ихтэй хүмүүс ордог байсан бөгөөд улс орноо удирдах хэргийг явуулахдаа угсаа залгамжлах ёсонд тулгуурладаг байсан нь ажиглагддаг.
Монголын эртний өвөг Хүннү гүрнээс эхлэн Монгол угсааны улсын хувьд ч мөн иймэрхүү байв. Монгол улс эртнээс хаант терийн уламжлалтай. Ийм учраас элит нь хааны хамаатан, ураг төрлийнхөн байсан бөгөөд тэдний үр хүүхэд угсаа залган өмч хөрөнгө, эрх ямба, албан тушаалыг нь өвлөн авдаг байжээ.
Харин Их Монгол улсын үед Чингис хаан ураг төрлийн өндөр язгууртнуудаас гадна Монголын төрд шударга зүтгэсэн хэнийг ч адилаар үзэж, төрийн түшээ болгодог байлаа. Иймээс энэ үеийн элитийн бүрэлдэхүүнд хааны ураг төрлийн өндөр язгууртнуудаас гадна эрдэм мэдлэг, эр зориг, үнэнч сэтгэлээр шалгарсан хүмүүс, Чингисийн анд нөхөд байдаг байсан.
Монголын төрийн цөмийг бүрдүүлэх Чингисийн энэ бодлого хойшдоо элитийн хүрээг бүрдүүлэх байнгын бодлого болж чадаагүй бөгөөд зөвхөн шинэ тутам нэгтгэн байгуулагдсан улсын төрийн элитийн шинэ угсаа залгамжлалыг л эхлүүлсэн хэрэг байжээ.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр Монголчууд манжийн ноёрхлоос ангижирсан бөгөөд энэ хөдөлгөөнийг удирдагч гол цөм нь ноёд, язгууртнууд байж, хуучин дэв зэрэг, улс орноо захирах эрхийг эргүүлэн авчээ. Энэ байдал үндсэндээ 1920-иод он хүртэл үргэлжлэв. Харин энэ үеэс нийгмийнхээ тухайн үеийн нөхцөл байдал, бас гадны хүчний нөлөөгөөр Монголд Ардын хувьсгал өрнөж, өмнөхтэй харьцуулбал шинэ маягийн элитийн бүлэглэл үүсэх үндэс суурийг тавьжээ.
1924 онд Хэмжээт эрхт Богд хаант Монгол улсыг татан буулгаж, Бүгд Найрамдах Монгол Улсыг байгуулсан бөгөөд Монголын түүхэнд анх удаа түүхэнд анх удаа элитийн угсаа залгамжлах амжлалт ёсыг харж, элитийг ард нийтийн сонгуулиар сонгож их журмыг хуульчлан баталжээ. Энэ үеэс язгууртан ноёдыг төрийн эрх барилцах явдлаас эрчимтэй шахан зайлуулж, улс төрийн элитийн гол цөм нь Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулсан ард гаралтай сэхээтнүүд болжээ.
Нэгэнт Зөвлөлтийн тусламжаар Хятадын савраас мултарсан Монголын дотоод хэрэгт Коминтерний зүгээс хутгалдан оролцох болж. Тэд өөрсдийнх нь заавраар хөдөлж байдаг коммунист үзэл сурталт нам-төрийн элитүүдээр дамжуулан Монгол орныг удирдах боллоо. Энэ бол Монголын түүхийн нэгэн эмгэнэл бөгөөд их хэлмэгдүүлэлтийн уршгаар ард түмэн асар ихээр өнчрөл, хагацлыг амсан бие сэтгэлээрээ энэ зовлонг туулсан юм. Энэ үеийн нам-терийн элитийн ихэнх нь орос сэтгэлгээтэй, орос боловсролтой, түүгээрээ ч өөрийнхөө байр суурийг бэхжүүлдэг байсан онцлогтой.
20 дугаар зууны 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр дэлхийн улс төрийн байдалд огцом өөрчлөлт гарч социализмын байр суурь ганхаж, энэ систем задран унах үйл явц өрнөсөн. Монгол орныг ч энэ нь тойроогүй бөгөөд ард түмэн Сталинизмын хуарангийн социализмыг нуран унахыг тэсэн ядан хүлээсээр байв.
Яг энэ үед шинэ нөхцөл байдлыг мэдэрсэн шинэ залуу үеийнхэн эвсэн нэгдэж, нам-төрийн хүнд сурталт элитийн засаглалыг огцруулахын төлөө тэмцсэнээр 1990-ээд онд социализм нуран унажээ. Ардчилсан хувьсгалын “Алтан хараацайнууд” бол ирээдүйн шинэ залуу улс төрийн элитийн үр хөврөл байсан юм.
Ардчиллыг Монгол оронд тунхаглаж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувийн сектор үүсэх нөхцөл бүрэлдэж, улс төрийн элитээс гадна эдийн засгийн элит жинхэнэ утгаараа төлөвших үндэс суурь тавигдсан юм.
Одоогийн байдлаар улс төрийн элитэд хамгийн их нөлөө үзүүлдэг элитийн хүрээ бол эдийн засгийн элитүүд юм. Ер нь манай орны нөхцөлд улс төрийн болон эдийн засгийн элитүүдийн хоорондын харилцаа нягт уялдаа холбоотой бөгөөд зааг ялгаа нь маш бага. Боловсролын хувьд шинээр гарч ирсэн улс төрийн элитүүд зөвхөн ЗХУ, Орос улсад боловсрол эзэмшсэн байгаад зогсохгүй, барууны гэгдэх өндөр хөгжилтэй улсад тодорхой хэмжээний боловсрол эзэмшжээ. Харин удам гарлын хувьд нэлээд хэсэг нь хуучин нийгмийн үеийн сэхээтний давхаргаас гаралтай юм. Эдгээрээс дүгнэж үзвэл манай улсад
- Уламжлалт элит (угсаа залгамжилсан)
- Үзэл сурталт элит (нам төрийн)
- Ардчилсан элит (шинэ үеийн) гэсэн гурван хэв шинжийн элит засгийн эрхийг ээлжлэн барьжээ.
Энэ бол манай улсын улс төрийн элитийн төлөвшлийн үе шат юм.
Түүхийг үзэх, тайлбарлах, түүнд цөөнхийн эзлэх байр суурь, үүрэг, ач холбогдлыг үнэлэх талаар олон янзын үзэл баримтлал байдаг нь олон ургальч үзлийн илрэл. Түүх бол эцсийн бүлэгт хүмүүсийн бүтээл. Ухаант хүмүүс хөдөлмөр бүтээлийнхээ үр шимээр аливаа амьтнаас ялгагдах бөгөөд тэд зохион байгуулалтгүйгээр юуг ч бүтээх бололцоогүй юм. Хүмүүсийн эд материалын болон оюун санааны үнэт зүйлсийг бүтээх чадвар, тэдний зохион байгуулалт удирдлагаас хамаардаг бөгөөд нийгмийг зохион байгуулах үүргийг цөөнх буюу элитүүд хүлээдэг нь ямар ч нийгмийн зүй тогтолт үзэгдэл болдог.