Х. Гүндсамбуу
/Дэд доктор/
Шинэ толь №25, 1999
Түлхүүр үг:
Ерэн оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын хувь заяа эгзэгтэй болсон үед бид амьдарч байна. Монгол улс эдийн засгийн ба улс төрийн шинэтгэлийг зэрэгцуулан хийснээрээ, шилжилтийн гэгдэх орнуудыг манлайлж, айргийн тавд багтсанаараа бахархаж байсан бол одоо үүний улмаас ардчилсан хувьсгал гүнзгийрч, эрч хүчээ авах бус, харин аливаа хувьсгалыг дагалдаж явдаг хувьсгалын эсэргүү явдал, сөрөг хувьсгалын шинж тэмдгүүд тодорч байна. Нөгөөтэйгүүр манай ерэн оны хувьсгал уймсэн олон, ардчилсан хөдөлгөөн, номенклатурчуудын гурамсан хувьсгал бөгөөд ардчилсан шинж бүдгэрэх, номенклатур шинж нь тодрох хувирал илэрхий ажиглагдах боллоо. Ийм учраас хувьсгалын тухай сэргээж өгүүлэх нь цагаа олсон танин мэдэхүйн ач холбогдол бүхий зүйл хэмээн үзнэ.
Хувьсгал бол нийгмийн өөрчлөлт, хөгжлийн онцгой хэлбэр
Хувьсгал бол нийгмийн өөрчлөлтийн тод томруун илэрхийлэл бөгөөд хувьсгалын үр дүнд нийгмийн суурь харилцаа, институт, бүтэц бүхэлдээ өөрчлөгдөж түрүүчийн эрин үе төгсөж шинэ эрин үе эхэлдэг. Нийгмийн хувьсгалын явцад нийгэм шинээр бүтээгддэг. Энэ утгаараа нийгэм эрүүлжиж, чийрэгждэг.
Хувьсгал нь нийгмийн бусад өөрчлөлтөөс дараахь таван шинжээр ялгагддаг. Үүнд:
- Тэр нь нийгмийн бүхий л түвшин, эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн хүрээ, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг бүхэлд нь хамардаг.
- Нийгмийн байгууллалын, оршин тогтнолд нэвчин, нэвтэрсэн суурь бөгөөд эргэлтийн шинжтэй хувьсгалт өөрчлөлтүүдийг агуулдаг.
- Хувьсгалт өөрчлөлтүүд нь түүхэн хөгжлийн алгуурхан урсгал үйл явцыг гэнэтхэн, хурдхан өөрчилдөг.
- Хувьсгалд оролцогчид ба гэрчүүдийн зүгээс санаанд багтамгүй эсэргүүцэлтэй тулгардаг.
- Олон түмэн эрс идэвхижиж, урам зориг нь бадарч, баяр хөөр өөдрөг сэтгэл, итгэл үнэмшилд автаж, амьдралын утга учир өөрчлөгдөж, сүр хүч эр чадалдаа эрдэцгээдэг болой.
Хүн төрөлхтний түүхнээ “агуу их хувьсгалууд дараалсан болохоос жигд хуваарилагдаагүй. Англид 1640 онд Америкт 1776, Францад 1789 онд тохиож, өнөөгийн шинэ эрин үеийг нээсэн. Коммунист хувьсгал Оросод 1917 онд Хятадад 1949 онд болж, 1989 онд Дорнод Европын орнуудад коммунизмын эсрэг хувьсгал өрнөв. Зарим судлаачид 1830-аас 1930-аад оныг “Үймээний зуун” гэдэг, түүн лүгээ нэгэн адил улиран буй ХХ зууныг “Хувьсгалын зуун” гэдэгт социологчид санаа нийлцгээдэг.
Хувьсгалын талаарх өнөөгийн үзэл баримтлал
Хувьсгалд нэг талаас түүхийн, нөгөө талаас социологийн үүднээс хандах хоёр хандлага, хоёр үзэл бодол байдаг. Нэгдэхээр нь бол түүхэн хөгжил тасалдаж, гүн гүнзгий өөрчлөлтөнд орохыг хэлдэг бол хоёрдахиар нь бол олон түмний хүчирхийлэл, албадлагын тусламжтайгаар засгийн эрхэнд гарахыг тэмүүлдэг. Тийм үед анхаарлын төвд хувьсгалын хөдөлгөгч хүч, түүний механизм, түүхэн хөгжлийн тайз засал, зэрэгцээ хувилбаруудын сонголт онцгой байр эзэлдэг.
Түүхэн ба логик хандлагын явцад хувьсгалын талаар дараахь гурван хэв маягийн тодорхойлолт, ойлголтууд хуримтлагджээ.
Нэгдэх бүлэгт нь:
“Их хувьсгалуудад” хамрагдах бөгөөд нийгмийн суурь харилцаа, язгуур бүтцийг өөрчлөх, өөрөөр хэлбэл өөрчлөн байгуулалтын цар хүрээ, гүн гүнзгий байдлаар хэмжигдэнэ. Ийм тохиолдолд хувьсгал нь “шинэтгэлийн” эсрэгцэл төдийгүй түүнээс хамаагүй өргөн дэлгэр, гүн гүнзгий, нарийн ширийн юм. Хувьсгалын үр дүнд нийгмийн бүтэц, үндсэн хүрээнүүд бүхэлдээ, нэлэнхүйдээ өөрчлөгддөг. Зарим тохиолдолд “Нийгмийн хувьсгалтай”, “технологийн”, “шинжлэх ухааны”, “урлагийн”, “зохион бүтээгчдийн хувьсгалыг ч зэрэгцүүлдэг, хавсаргадаг.
Хоёр дахь бүлэгт нь:
- “Хүчээр өөрчлөлт хийхийг оролдох”.
- Хүчирхийллийн замаар нийгэм-улс төрд язгуур өөрчлөлт хийх”.
- Урьд засгийн газрын эрхэнд гараагүй хүч, нутаг дэвсгэр улс төрийн нэгдмэл байдлыг алдагдуулахгүйгээр, гэнэтийн шийдвэртэй халаа сэлгээ хийх”.
- “Төрийн удирдлага татвар ногдуулалт, албадлагын хэрэгслийг гартаа авч, төрийн хяналт, зохицуулалтын хэрэгслийн тусламжтайгаар нэг анги, бүлэг, эвсэл засгийн эрхийг авах”.
Гурав дахь бүлэгт нь:
- Нийгэмд ноёлж буй үнэт зүйл, үлгэр домгийг ашиглан төрийн бодлого, үйл ажиллагаа, хошуучлал манлайлал, нийгмийн бүтэц, улс төрийн институтэд дотроос нь хурдан хугацаанд, эрс шийдэмгий өөрчлөлт хийх.
- “Доодсын хийсэн эргэлтээр нийгмийн болон ангийн бүтцийг хоромхон зуур, сууриар нь өөрчлөх”.
- “Олон нийтийн хөдөлгөөний хошуучлагчид хүчирхийллийн замаар засгийн эрхэнд гарч, дараа нь нийгмийн өргөн цар хүрээтэй шинэчлэлийг хэрэгжүүлэх” зэрэг багтана.
Орчин үед хувьсгалын талаарх үзэл баримтлал дээрхи ойлголт, тодорхойлолтуудаас халин гарч байгаа ч судлаачид хувьсгал гэдгийн дор нэгд, нийгмийг бүхэлд нь хамарсан суурь болоод язгуур өөрчлөлтийг, хоёрт, дотоодын хувьсгалт хөдөлгөөн, хот хөдөөгийн бослогод олон түмэн хамрагдах явдлыг, түүнчлэн “дээрээс” хийсэн өөрчлөн байгуулалтыг (Японы Мейжийн хувьсгал, Египтийн Насерын хувьсгал, Горбачевын өөрчлөн байгуулалт), гуравт, албадлагын ба хүчирхийлэл хавсрахыг багтаан үзэж байна.
Мөн Румынээс бусад социалист орнуудад гарсан “тайван” хувьсгалыг “Иргэний бус”, “тусгаар тогтнолын төлөөх дайныг” хувьсгалд хамаатуулж байна. Гэхдээ хууль бусаар, хуйвалдаан, ордны эргэлтээр засгийн эрхэнд гарах, цэргийн эргэлт хийх, олон түмний дургүйцэл, эсэргүүцлийн хөдөлгөөн, аян, нийгмийн самуун, “хэв журам зөрчих” явдлыг хувьсгал гэдэггүй.
Хувьсгалын явц, үе шатыг социологчид дараахь
байдлаар тоймлож байна
- Аливаа хувьсгалын өмнө олон түмний дургүйцэл, эгдүүцэл эрс нэмэгдэх, нийгмийн хэв журам алдагдах, хяналтаас гарах, эдийн засгийн юмуу татварын хямрал нүүрлэх зэрэг урьдач нөхцлүүд” бүрэлдэнэ. Ялангуяа ядуучууд болон дарамтлуулагчид тарчиг зүдүү байдлаа үлэмжхэн мэдрэнэ.
- Нийгмийн “Оюуны сор манлай” болсон хүмүүсийн ачаар “хувьсгалт үзэл санаа” бүрэлдэнэ.
- Эрх баригч дэглэм хэсэгчилсэн шинэтгэлийг сонгон авна, тэдгээр нь түүний сул доройг харуулна.
- “Төрийн толгойд цус харвалт” болж, эцсийн дүндээ засгийн эрх хувьсгалчдын мэдэлд шилжинэ.
- Хуучин дэглэм нурж, ялалтын дараа хувьсгалчдын бал сар эхэлнэ.
- Ялагчдын дунд ан цав сууж, зарчмын асуудлаар оролдож хуучныг баримтлагчид хэсэгчилсэн өөрчлөлтийг шинэчлэгчид эрс тууштай өөрчлөлтийг, аядуу бүлгийнхэн алгуурхан, зугуухан өөрчлөлтийн төлөө тэмцэнэ.
- Өмнөх дэглэмийг залгамжлах, өвлөх замаар аядуу шинэчлэгчид давамгайлах бөгөөд тэр нь олон түмний хүсэл эрмэлзлэл, итгэл найдвар, мөрөөдөлтэй зөрчилдөж гайхлыг нь төрүүлнэ.
- Шинэчлэгчид юмуу дураараа даврагчид олны дунд түгэн дэлгэрсэн дургүйцэл, эгдүүцлийг ашиглан, аядуу булгийг замаасаа зайлуулна.
- Шинэчлэгчид дэг журам тогтоож, хуучин дэглэмийнхнийг арчихын хэрээр “аллага хядлагын үе шат эхэлж, улмаар дарангуйлагч, эсхүл цэргийнхэнд засгийн эрхийг булаан авах шимт хөрс бүрдүүлнэ.
- Хувьсгалчдын “халуун” бууж, улс төрийн өөрчлөлтөөс эдийн засгийн хөгжилд анхаарахын хэрээр нийгмийн тогтвортой байгууламж хөлөө олж, шинэ үнэт зүйлс хуримтлагдана.
Хувьсгалын загварууд
Хувьсгал нь түүхийн янз бүрийн үед ээлж дараалалтай, янз бүрийн цар хүрээтэй тохиолдоод зогсохгүй олон төрөл загвар, дүр төрхтэй байдаг байна. Тэдгээрийг хураангуйлан, бас телеелүүлэн дурьдваас:
- “Галт уул” загварын хувьсгал бол ард түмний дургүйцэл, эгдүүцэл, үзэн ядалт, эсэргүүцлийн улмаас үүдэн гардаг. Ийм хувьсгалд ард түмэн аяндаа, урсгал байдлаар, заримдаа хүчээр ч гэмээр, хуурамчаар ч гэмээр оролцоно. Энэ нь газрын гүнд буй галт уулын хайлмагтай төсөөтэй, дэлбэрэлт нь болохоороо асар хүчтэй оргилно. “Галт уул”
загварын хувьсгалын учир шалтгаан нь хүмүүсийн ухамсартай ба ухамсаргүй, урсгал ба зохион байгуулалттай үйл ажиллагаа байдаг.
- “Хуйвалдаачдын загвар. Ийм хувьсгал нь олон түмний үйл ажиллагаанд бус харин нийгмийн бүтцүүдэд тулгуурладаг. “Хуйвалдааныг” сэдэгчид суртал ухуулга, үзэл суртал, шүтлэг бишрэлийг ашиглан, ард түмнийг ховсдоно, араасаа дагуулна. Хувьсгалын удирдагчид, ухуулагч, үзэл сурталчдын үүрэг маш их байдаг тул цөөнгүй тохиолдолд ард түмэн тэдний золиос болдог. Хуйвалдагчид” олон түмнийг өдөөн хатгадаг, албаддаг, хүчирхийлдэг, хуурдаг. Тийм учраас “хуйвалдагчдын”загвар бүхий хувьсгал нь зохиомлоор ургуулсан үртэй адилавтар. Үржил шимтэй хөрсөнд үр цацахад тариачны хөдөлмөргүйгээр ургац авдаг шиг хувьсгалчид олон түмнийг хувьсгалд босгож, оролцуулж чаддаг. Энэ утгаараа хувьсгалыг “бүтээдэггүй, харин “чөлөөлдеr”, төр засгийн хяналт сулрах, хорио цээр алдрах, зөрчил хямралд автахлаар олон түмний хүчийг барьж байсан хавхар нээгдэж сул чөлөөтэй болно. Тийм тохироог ашиглан “хуйвалдагчид” хувьсгалыг хийх нь олонтой.
- “Эрдэнэсийг олох” загвар гэж бас байдаг. Хувьсгалын явцад шинэ нөөц, шинэ боломж олдож, дээр нь агуу их хүч, бүтээн байгуулалт болон хувирдаг. Жишээлбэл, Дэн Сяо Пины “нэг улс – хоёр систем” номлол нь хятадын ард түмний дотоод “эрчим хүчийг” суллаж өгсөн юм. Ийм боломж, ийм хувилбар бишгүйдээ л байдаг ч түүхийн “ов заль” түүнээс илүү гарах нь түгээмэл бөгөөд нийтлэг хувьсгал нь дээрх гурван загвараар хязгаарлагдахгүй, харин ч олон хэмжээс, ургальч үзэл холимог үзэл бодлыг шаардана гэдгийг мартаж болохгүй.
Орчин үеийн хувьсгалын талаарх онолууд
Хувьсгалын талаар цөөнгүй онолууд байдгийг бүлэглэж, бихеворист, сэтгэл зүйн, бүтцийн, улс төрийн гэсэн дөрвөн гол “сургуулийг” дурдъя:
1917 оны Оросын хувьсгалуудад оролцон явсандаа дулдуйдан П.Сорокин 1925 онд хувьсгалын талаарх эхний онолоо бүтээжээ. Тэрбээр “хувьсгал бол хүмүүсийн зан үйлийг өөрчилдөг гээд түүний үндсэн шалтгаан нь тэдний суурь инстинкт, хэрэгцээ өөрчлөгдөх явдал юм” гэжээ. Сорокин онолын хоёр таамаглал дэвшүүлсний нэгдэх нь бол хүн амын олонхийн суурь инстинкт эвдрэх магадлал ихэсдэг. Тухайлбал, “хүмүүсийн хооллох, хувцаслах, бэлгийн харилцаанд орох, аюулгүй амьдрах, өмчлөх, өвлөх, өөрийгөө илэрхийлэх, бусадтай адилсах зэрэг бүхий л анхдагч инстинкт, хэрэглээ алдагдаж, дутагддаг, тэгэхээр хувьсгал болдог” гэжээ. Хоёр дахь таамаглалаар бол хувьсгалт эргэлтийн үед нийгмийн дэг журам, хэм хэмжээ сахиулах, хадгалах гэсэн бүлэг хүмүүс хүч хэрэгслээр дутагддаг. Өөрөөр хэлбэл, “дороос” бургилах олны түрэлт, “дээрээс” барих хүч сульдаж, хоёулаа давхцахлаар хувьсгалд зайлшгүй хүргэдэг ажээ. Олон түмний инерци нь
шинэ гэсгээл цээрлэлийг бий болгож, тэгснээрээ дарангуйлагчийг төрүүлдэг. Ийнхүү бүхий л хувьсгал эмгэнэлтэйгээр, инээдэмтэйгээр хувьсгалын эсэргүү явдлаар шувтардаг болой.
Хувьсгалын талаарх сэтгэл зүйн онол нь хүмүүсийн сэдлийн тогтолцоо, хам шинжүүдийн хүлээлт ба бодит боломжийг эш үндэс болгодог. Энэхүү онол нь үнэнд хамгийн дөхүү, сайтар боловсрогдсон гэгддэг. Түүнийг Ж.Дэвие, Т.Гурын “харьцангуй депривацийн” (горьдлого тасрах) онол ч гэдэг. Энэ онолыг нэгэн бодлын хялбарчилж, нөгөө бодлын ойлгомжтой болгож АНУ-ын Пристоны их сургуулийн зөвшөөрсөн графикаар дүрслэн үзүүлье.
Бүтцийн онолоор бол хүмүүсийн рефлекс, инстинкт, сэрэл, менталитет (тогтвортой хам шинок) ron нь биш, харин нийгэмд байдаг том, дэд бүтцүүдээс хувьсгал хамаардаг Сайх онолын төлөөлөгч Тед Скокпол Франц, Орос, Хятадыг харьцуулан судлаад нэгдүгээрт, хуучин дэглэм эдийн засаг, улс төрийн хямралд орно. Нэг талаас дотоодын ангийн тэмцэл, нөгөө талаас гадаад ертөнцийн дарамт хавсарснаас арми задарч, засгийн эрх салрахаар (хүч муу болох) хувьсгал гардаг. Хоёрдугаарт, дэглэмийн хямрал нь хот, хөдөөгийн, ялангуяа тариачдын бослогыг дэгдээдэг. Гуравдугаарт, хувьсгал ялалтад хүрэхийн тулд шинэ дээдсүүд дахин хүчээ нэгтгэж, шинээр зохион байгуулагдсан байх шаардлагатай. Хувьсгалын төлөө арми, ард түмэн, төр засгийн байгууллагууд хамтдаа тэмцэх, хамтран ажилласан тохиолдолд амжилтад хүрдэг аж. Гэхдээ бүтцийн онолыг сүрхий шүүмжилдэг, үгүйсгэдэг эрдэмтэд бий.
- Улс төрийн онолын төлөөлөгчдийн үзлээр бол хувьсгал хүчний тэнцвэр алдагдсан. засгийн эрхийн төлөө өрсөлдөгчид олширсон нөхцөл, ер бусын, онцгой, сондгой үзэгдэл, үйл явц тохиодог. Энд хувьсгалын а) сөргөлдөөн, өрсөлдөөний, б) хамтын ажиллагаа, нэгдлийн гэсэн хоёр загвар тодорч, аль нэг нь давамгайлдаг.
Хувьсгалын тохироо ба үр дүн
Хувьсгалын тохироо:
- Улс төрийн нэгэн байгууллага бусад байгууллагыг захирах
- Улс төрийн байгууллага бие даасан байдал, тусгаар тогтнолоо олох,
- Өрсөлдөгч хүч нь хүчээ төвлөрүүлж, төр, засгийн аппаратыг хяналтдаа авах
- Улс төрийн байгууллагууд задарч, хоёроос доошгүй эвсэлд хуваагдах гэсэн дөрвөн янз байдалд гол төлөв оршино.
Хувьсгалын тохироо нь дараахь шалтгаан, нөхцөл байдлыг үүсгэнэ.
- Мэдэгдэхүйц сөрөг хүч, эсэргүйцэгчид, өөрөөр сэтгэгчид бий болсон нөхцөлд засгийн эрх авахаар тэрсэлдэнэ. Ийм үед харизмат удирдагчид, интеллектуалууд онцгой үүрэг гүйцэтгэнэ.
- Тэд эхлээд татварыг багасгах, газар өгөх, цэргийн албыг өөрчлөх гэх мэт амлалт авч, дараа нь хэрэгжүүлж эхэлнэ.
- Төр засгийн эрх мэдэлтнүүд сөрөг хүч, өрсөлдөгчөө дотоодын (бослогод идэгдэх, ажил хаялтад нэрвэгдэх) болон гадаадын (дайнд оролцох, эвсэл холбоонд нэгдэх) учир шалтгаанаас болж хүчирхэхээ болино.
Хувьсгалын явцад засгийн эрх улс төрийн нэг хүчнээс нөгөөд шилжих эсэх нь:
а) Засгийн эрх баригч ба сөрөг хүчний тэмцэл, мөргөлдөөний цар хэмжээ, сүр хүч, хатуу ширүүнээс хамаарна. Хүн амын олонхи нэг талд зогссон харилцан шингэх зэрэгцээ хувилбар бүрэлдсэн, тэмцлийн энгийн хэлбэр давамгайлсан тохиолдолд засгийн эрх мэдэл бүрэн шилждэг.
б) Эвслийн цар хэмжээ өргөн, улс төрийн хүчнүүд олон байвал хүч тулгамдаж, засгийн эрх хагас дутуу шилжинэ.
в) Хүчний бүтэц арми, цагдаа, аюулаас хамгаалах эрх баригчдын талд байвал засгийн эрхэнд сөрөг хүчний гарт шилжихгүй байх жишээтэй.
Хувьсгалын дараалал
Тиллийн долоон үе шат гэвэл:
- Засгийн эрхэнд санаархсан сөрөг хүч аажмаар бүрэлдэх.
- Ийм санаархлыг дэмжигчид хүчээ төвлөрүүлэн дайчлах.
- Засгийн газар хүчээр түрээ барих, гэсгээн цээрлүүлэх гэсэн оролдлого сүйрэх.
- Сөрөг хүч бүс нутаг, төр засгийн бүтэц, аппаратад хэсэгчилсэн, ил далд хяналтаа тогтоох
- Тэд хяналтаа тэлэх,
- Түрүүчийн дэглэм сүйрч, шинэ хүч ялах.
Төр засгийн нэгдмэл, бие даасан хяналт тогтож, эдийн засаг, соёл, эрх зүй, ёс суртахууны бүтцүүд шилжилт хийнэ. Энэ бүхэн “их хувьсгалын” үед л тохиодог, бодит биелэлээ олдог
гэдгийг санагтун. Хувьсгалын “үл мэдэгдэхтэй тэгшитгэл” Хувьсгалын талаар олон олон онол, тайлбар зүүлт байгаа ч гэсэн дараах таван гажилт, оньсого, үгийн сүлжээнд хариулт
олдоогүй байна. Энэ утгаараа хувьсгалын онол төгсөөгүй, дуусаагүй байна. Бид Герцены хэлснээр хувьсгалын алгебртай танилцлаа. Харин доорх тэгшитгэлийн хариуг олох шаардлагатай. Үүнд:
Хувьсгалд янз бүрийн хүч оролцдог. Тэдгээр нь олон хүчин зүйлээс хамаарч янз бүрийн түвшинд үйлчилдэг, “ажилладаr”. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төр, нийгэм соёл, сэтгэл зүй, угсаа гарвалын олон зүйлс алаглаж, харилцан нөлөөлж, нөхцөлдөж, зөрчилдөж, тэмцэлдэж байдаг. Тэгэхээр тухайн нийгэмд, тухайн цагт хувьсгал үүсэхийг мэдэхийн аргагүй.
- Хувьсгалд олон нийт хэрхэн оролцох, саад тотгор, хаалт, бэрхшээлийг хэрхэн давах, хэрхэн идэвх гаргах, эрсдэл, золиосонд хэрхэн өртөх, замын дундаас буцах эсэх зэрэг нь бас л үл мэдэгдэнэ.
- Хувьсгалын өв уламжлал, “амьдралын мөчлөг, үе шат, тохироо ч ямар байх нь бас л тодорхойгүй.
- Хувьсгалын үр дүн янз бүр. Францын их хувьсгал хүртэл “алдар гавьяатай чээрлэг хэрцгий” байлаа. Хувьсгалын явцад олон янзын үлгэр домог зохиогддог, гэтэл тэдний ихэнх нь худлаа байдаг.
- Хувьсгалын ирээдүйг төлөгчилж болно. Харин хэн ч урьдчилан хэлж чадахгүй. Жинхэнэ хувьсгал санамсаргүй мэт болдог шигээ, жинхэнэ утгаараа, агуулгаараа, хүсэл мөрөөдлөөрөө төгсөх нь үгүй.
Энэ бүхэн бол хувьсгалын талаарх бидний мэдлэг хязгаарлагдмал, мэдээлэл хомс, нарийн тооцоолсон математик загвар хувилбар үгүйлэгдэж буйг маргаангуй гэрчилнэ.