Түлхүүр үг: манлайлал, удирдагч, хошуучлалын төрлүүд, тэргүүн хүн
Л. Пүрэвдoрж
/УБИС-ийн Нийгмийн ухааны тэнхмийн эрхлэгч,дэд доктор/
Шинэ толь №25, 1999
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Аливаа нийгмийн улс төрийн системийн үйлчлэлийн механизм бол улс төрийн хошуучлал юм. Энэ утгаараа, улс төрийн хошуучлал нь төр, улс төрийн систем зэргийн нэгэн адил түгээмэл ойлголт билээ. Тэрбээр, хүн төрөлхтний хөгжлийн бүхий л үед байсаар ирсэн байна. Гэвч иргэншил бүр улс төрийн хошуучлалын тодорхой хэв маягийг төлөвшүүлэн хөгжүүлдэг. Иймд улс төрийн хошуучлал нь дэлхий дахин түгээмэл шинжтэй, түүх-Нийгмийн өвөрмөц бодит үзэгдэл мөн. Өөрөөр хэлбэл, тухайн үзэгдэл нь аливаа нийгмийн улс төрийн хөгжлийн хэрэгцээ, шаардлага төдийгүй түүний үр дагавар, үнэт зүйл болон илэрч хэрэгжсээр ирэв. Ийнхүү улс төрийн хошуучлал урт удаан хугацааны, нийтлэг үзэгдэл мөн учраас түүний мөн чанарыг танин мэдэж, шинжлэх ухааны үүднээс нэг мөр тодорхойлж хараахан чадаагүй байна.
Улс төрийн хошуучлал нь хүмүүсийн өөр хоорондын харилцан нөлөөлөх нөлөөллийн нэг өвөрмөц хэлбэр билээ. Гэвч энэ нөлөөллийн онцлог тал, түүнийг хүргэж буй онцлог шинжүүдийг тодорхойлох талаар судлаачид санал нэгтэй биш юм. Улс төрийн хошуучлал судлалын гол зангилаа, нэн тэргүүний зорилт бол ойлголтыг тодорхойлох асуудал мөн.
Улс төрийн хошуучлал хэмээх ойлголтыг боловсруулж, тодорхойлох нь ээдрээтэй, нарийн төвөгтэй хэрэг юм. Бернсийн хэлсэнчлэн “улс төрийн хошуучлал нь хорвоод хамгийн илэрхий мэт атлаа, нэн ойлгомжгүй үзэгдлийн нэг[1]” ажээ. Иймээс хошуучлалын тодорхойлолтууд маргааныг шийдвэрлэхдээ биш харин ч улам их өргөжүүлж, үндэслэлтэй томъёоллуудад тулгуурлан шаардлагатай загвар, онолуудыг боловсруулах суурь болдог сайн талтай. Ойлголтын суурь, оновчтой тодорхойлолт нь судалгаа, боловсруулалтын сайн эх үндэс болно. Гэтэл улс төрийн хошуучлалын тухай ойлголтын боловсруулалт сайндаа л эхний шатанд байгаа гэж болно.
Судлаачид аливаа юмс үзэгдлийг танин мэдэхийн тулд түүний тухай тодорхойлолт гаргахыг эрмэлздэг. Ийм эрмэлзэл хошуучлал судлалд ч элбэг тохиолдож байсан нь мэдээж. Гэвч судлаачдын гаргасан тодорхойлолт ихэвчлэн шүүмжлэл даадаггүйгээс өргөн хэрэглээнд орж чадахгүй байгаа юм.
Улс төрийн хошуучлалын талаар тодорхойлолт гаргахын өмнө нэр томъёо сайтар тогтоогүй байгааг харгалзан Leadership, лидерство хэмээн англи, оросоор хэлэлцдэг эл нэр томьёоны монгол нэрийн асуудлыг хөндье.
Юуны өмнө, хошуучлал хэмээх ойлголтын нэр томьёоны үг зүйн болон шинжлэх ухааны утгыг тайлбарлах нь тодорхойлолтыг боловсруулах эх сурвалж болно. “Leader” хэмээх англи үгийг нэрт эрдэмтэн Ч.Дарвин адгуус амьтны сэтгэцийн давамгай зан байдлыг судлахдаа хэрэглэсэн юмсанжээ. Үүнээс улбаалж нийгэм-улс төрийн сэтгэлгээ, амьдралд хүмүүсийг араасаа дагуулан залж тэргүүлдэг онцгой чадварт субъектийг илэрхийлэхэд хэрэглэдэг болсон түүхтэй. Ер нь энэхүү “leader” гэгч нэр томъёо нь тэргүүн удирдагч, толгойлогч гэсэн утгатай үг билээ. Өөрөөр хэлбэл, улс төр, олон нийтийн хөдөлгөөн, байгууллага, бүлгийн болон олон түмний ба шилэгдмэл цөөнхийн, албан ёсны ба албан ёсны бус толгойлогч, тэргүүлэн удирдагч, дагуулан тэргүүлж манлайлагч гэсэн үг юм. Лидер гэдэг үгийг монголын улс төр судлаач, улс төрчид, төрийн албаны мэргэжилтнүүд янз бүрээр орчуулж байна. Нэг хэсэг нь манлайлагч хэмээн орчуулж тайлбарласан байх юм.
Монгол хэлний тайлбар толь бичигт “манлайлал” хэмээх нэр томъёоны үг зүйн утгыг “тэргүүнд явах, тэргүүн юм, тэргүүн[2] гэж тайлбарлажээ. Уг үгийн үйл нэр нь манлайлах, манлайчлах гэсэн идэвхтэй үйлүүдтэй бол “манлайлуулах гэсэн үйлдүүлэх хэвтэй аж. Монгол хэлэнд энэхүү манлайлагч гэдэгтэй ойролцоо утгатай өөр нэг үг байгаа нь хошуучлагч юм. Монголчуудын улс төрийн хэллэгт “манлай нам”, “манлайбаатар”, “хошууч баатар”, хошууч” гэх мэт нэр томъёо байдаг нь дээрх үгүүд ялгаатай утгатай гэсэн үг. Гэвч энэ хоёроос лидер гэдэг нэр томъёоны утгыг илүү гаргаж чадах монгол үг бол “хошуучлагч” юм. Толь бичигт “хошууч, хошуучлал-хошуучлагч” гэдэг үгийг “хамгийн түрүүнд явагч, бусдыг дагуулагч, амьтныг ямар нэгэн юм руу түрүү татсанаа дагалдан цувах[3]” хэмээн томъёолж тайлбарласан байдаг. Тухайн үг нь хошууч, хошуучлагч, хошуучлах зэрэг идэвхтэй, шууд үйлтэй бол хошуурах, хошуучлуулах, хошууруулах, хошуучлагдах зэрэг үйлдүүлэх олон хэвтэй байгаа нь хамтын үйлийг дагуулан тэргүүлэх гэсэн ойлголттой утгын агуулга, хүрээгээрээ дүйцэж байгаа билээ. Нөгөө талаар манлайлагч гэдэг үг нь манай улс төрийн хэллэгт илүү үзэл сурталчилсан өнгө аясыг олсон ба бусад хэлэнд орчуулагдахдаа ч “авангард” хэмээн орчуулагдах болсон нь энэ нэр томъёо нэгэнт тодорхой агуулгатай болсныг гэрчилнэ. Иймд лидерийг хошуучлагч хэмээн орчуулж тайлбарлавал зүйтэй санагднам. Хошуучлагч бол бүлэг дэх хүмүүсийг араасаа дагуулан тэргүүлж, нөлөөлөн манлайлж зохицуулагч субъект билээ. Улс төрийн хошуучлагч нь олон нийтийн улс төрийн оролцооны цувааны тэргүүн бол хошуучлагчид нь дэмжин түлхэх хүч юм. Иймээс ч нийгэм-улс төрийн амьдралд төвд тэмүүлэх хүчний харилцаа зонхилох үед хошуучлагч төлөвшин тодордог байна.
Иймээс улс төрийн хошуучлагч гэдэг нь зохион байгуулах удирдах ёсны ч, үзэл санааны ч дагуулан тэргүүлэгч оргил субъект болж байдаг онцлогтой.
Хүмүүсийн бүлэг, нийгмийг тэргүүлэн зохицуулах үйл ажиллагааны нэгэн чухал тал нь хошуучлал юм. Хошуучлах хошуурах-ын нэгдэл, хошуучлал хэмээх нийгмийн үзэгдлийг төрүүлнэ. Эл үзэгдэл, ойлголт нь засаг, удирдлага зэрэг ухагдахуунуудтай ойролцоодуу боловч давхцан дүйцэх, ялгарах тодорхой утга илэрхийллүүдтэй. Ер нь бүгд л нийгэм дэх зохион байгуулалтын хүрээний үзэгдлүүд юм.
Гэхдээ тэдгээр нь агуулга, хүрээ, түвшин, хандлага төлвөөрөө ялгагддаг ажээ. Улс төрийн хошуучлалын мөн чанарыг тодорхойлоход суурь болж өгөх зүйл бол хошуучлал нь хүмүүс хоорондын харилцан нөлөөллийн нэгэн хэлбэр гэдгийг харгалзах явдал юм. Иймд ерөнхий ойлголтын тодорхойлолт гаргах гарааны нөхцөл болгон хошуучлалыг аваад хувь хүний зүгээс нийгмийн том, жижиг янз бүрийн бүлгийн гишүүдийг удирдах, зохион байгуулах, зохицуулах, дагуулах нөлөө үзүүлдэг бусад узэгдлээс ялгагдах шинжийг нь тодорхойлбол зохино. Ийм үзэгдлүүдийн тоонд, юуны өмнө эрх мэдэл “power” гэдэг үзэгдэл багтдаг. Эрх мэдэл бол цэрэг цагдаа болон бусад албадлагын хэрэгсэл (Р.Даль, М.Дюверже, М.Вебер) мөн. Өөрөөр хэлбэл, засаглах үзэгдэл нь хүмүүсийн хоорондын харилцан нөлөөллийн хүрээнд хамрагдах боловч тэр бүр талуудын сайн дурын харилцаанд үндэслэдэггүй, засаглалын субъект бусдыг эрх мэдэлдээ байлгахын тулд маш өргөн хүрээтэй хүчин зүйлсийг (эрх мэдлийн нөөцийг ашигладаг байна.
Гэхдээ эрх мэдэл, хошуучлал хоёр бие биедээ багтаж, огтлолцож байдаг. Энэ нь ч зарим талаар эдгээр үзэгдлийг судлаачид хооронд нь ялгаж үзэхгүй байхад хүргэдэг. Хошуучлал албан ёсны ямар ч эрх мэдэлгүйгээр оршин тогтнож байж болох юм.
“Удирдагч”, “хошуучлагч” хэмээх ойлголтуудыг онол, улс төрийн номлолоос эхлээд өдөр тутмын хэл ярианд хүртэл ижил утгатай хэрэглэх хандлага байна. Түүний зэрэгцээ “удирдагч” (Headship) гэдэг ойлголтыг хошуучлагчаас ялгаж үздэг судлаачид бас бий.
“Хошуучлал”, “удирдагчид” хэмээх ойлголтууд утга агуулга, хүрээгээрээ биеэ даасан тусгай ухагдахуунууд мөн. Эдгээр үзэгдлүүдийг философи, улс төр судлал, нийгэм-сэтгэл зүйн үүднээс судлах явцад энэ хоёр ойлголт агуулга, бүтцийн хувьд адил ба ялгаатай байдгийг судлаачид цохон тэмдэглэдэг. Юуны өмнө, хошуучлал, удирдлага хэмээх нэр томъёонууд нь зохицуулан зохион байгуулахуйн үзэгдлийг илэрхийлдэг учраас, тэдгээрийг адилтган, ижил утгатай гэсэн байдлаар хэрэглэдэг учир тухайн ойлголтуудыг ялгалгүй, нэгэн зүйл ухагдахуун, үзэгдэл хэмээн тайлбарладаг явдал бий. Иймд тэдгээрийн ялгааг онолын харьцангуй утгаар тодорхойлдог. Харин бие даасан утга бүхий “хошуучлал”, удирдлага” гэдэг ялгаатай нэр томъёонуудыг улс төрийн онол-практикт өргөн хэрэглэж байна. Тухайн ойлголтууд нь агуулга, хүрээгээрээ давхцдаг төдийгүй ихээхэн ялгаатайг улс төр, сэтгэл зүйн чиглэлийн судалгааны зохиол бүтээлүүдэд цохон тэмдэглэсэн байдаг. Хошуучлагч, удирдагч хоёрын төрж гарах эх сурвалж, шалтгаан, механизм ч өөр хоорондоо ялгаатай. Хошуучлагч өөрийн санаачлага, үлгэр дуурайлал, авъяас чадвар, гавъяа зүтгэл, нэр хүнд зэрэг шилдэг чанараараа тухайн бүлэг нийгэм дотроосоо тодрон гардаг бол удирдагч хүн нийгмийн албан ёсны бүтцийн тодорхой бүрдэл, механизмуудын туслалцаатайгаар тухайн албан тушаалд урьдчилан төлөвлөснөөр сонгогдох буюу томилогддог. Иймд хошуучлагч бол нийгмийн жам ёсны өрсөлдөөнт шалгарлын үр дүн байдаг бол удирдагч нь ухамсартай, тодорхой зорилго чиглэл бүхий төлөвлөсөн сонголтын үр дүн байдаг төдийгүй эрх зүйн хувьд баталгааждаг онцлогтой ажээ. Тэдгээр нь үйл ажиллагааны хүрээгээр ч хоорондоо ялгаатай.
Удирдагч үйл ажиллагаагаа тогтоосон зохион байгуулалт, эрх зүйн хэм хэмжээний тодорхой орон зай цаг хугацаанд явуулдаг байхад хошуучлагчийн хувьд түүний үйл ажиллагаа нээлттэй, чөлөөтэй, нэр хүндийн хариуцлага, ёс суртахууны хүрээнд хэрэгжүүлдэгээрээ ялгаатай. Ийм ялгаатай байдал тэдний үйл ажиллагааны чиг хандлага, арга барил, чадварын хүрээнд ч илэрдэг. Нийгэм-сэтгэл зүйн судалгааны үр дүнд дээрх хоёр ойлголтын агуулгын ялгааг тодорхой илэрхийлсэн байдаг. Үүнд:
- Хошуучлагч- бүлэг, нийгэм дэх бие хүмүүс хоорондын харилцааг зохицуулахад голлон анхаардаг бол удирдагч-бүлэг, байгууллагын албан ёсны дотоод харилцааны зохицуулалтыг хэрэгжүүлдэг талтай.
- Хошуучлал гол төлөв сэтгэл зүйн эх сурвалж, хүрээний үзэгдэл, удирдлага албан ёсны зохион байгуулалтын орчны нэгж бүрдэл болж байдаг онцлогтой юм.
- Хошуучлалын үзэгдэл динамик, уян хатан шинж төлөвтэй байхад удирдлагын үзэгдэлд тогтвортой, бюрократ шинж хэлбэр давамгайлдаг.
- Хошуучлал хошуучлагчийн хувийн нэр хүнд, итгэлийн нөлөөллийн зарчим дээр тулгуурлан хүмүүс бүлгүүдийг зохицуулдаг бол удирдлага төрийн эрх мэдэл, хуулийн болон бусад албадлагын системийг ашиглан иргэд, байгууллагын үйл ажиллагааг зохицуулж зохион байгуулдаг.
- Хошуучлал бүлгийн гишүүдийн үйл байдлын сэтгэл зүйн шинжийг голлон тодорхойлдог бол захиран зохион байгуулах ёс-удирдлага нийгэм, байгууллага дахь харилцааны албан ёсны шинж. бүтцийг илтгэн, эрх мэдэлд тулгуурлан зохион байгуулах хэм хэмжээний дэглэм байдаг.
Энэ бүхнээс үзэхэд хошуучлал нь нийгэм-сэтгэл зүйн нөлөөллийн хэв шинж зонхилсон үйл явц, удирдлага бол нийгэм-эрх зүйн зохицуулалтын шинж төлөв давамгайлсан үйл явц болдог тус тусын онцлогтой түүхэн үзэгдлүүд мөн. Ийнхүү хошуучлал нь бүлэг нийгмийн динамик үйл явцад хамаарагддаг нийтлэг шинжит үзэгдэл билээ. Нийгэм дэх хошуучлалын бие даасан нэгэн төрөл бол улс төрийн хошуучлал юм. Улс төрийн хошуучлал нь хүмүүсийн нийгэм-улс төрийн харилцааны явцад төлөвшин хэрэгждэг онцлогтой. “Хошуучлал”, “удирдлага” хэмээх хоёр үзэгдлийн адилсал, ялгааг нэгтгэн дүгнэж товч тодорхойлъё. Хошуучлал, удирдлага хоёулаа хүмүүсийг зохион байгуулах үйл ажиллагаа, түүний хэлбэр, чиг үүрэг, арга барилын илэрхийлэл болдгоороо адил төстэй үзэгдлүүд мөн. Үйлдвэрийн ба аль нэгэн албан байгууллага дахь удирдлагаас хошуучлал үйл ажиллагааны хүрээ, шинжийн хувьд илүү түгээмэл нийтлэг үзэгдэл байдгаараа ялгаатай билээ. Удирдлага зохион байгуулалтын шинж, хэмжээний үзэгдэл бол хошуучлал нийт нийгмийн хүрээний сэтгэл зүйн-улс төрийн шинжит үзэгдэл болон илэрдгээрээ онцлогтой. Удирдлага технологийн бүрдлүүдийг агуулдгаараа хошуучлалаас ялгагдах утга агуулгыг илэрхийлдэг. Мөн түүнчлэн, удирдлага зөвхөн албаны шинж, хүрээний үзэгдэл бол хошуучлал түүний зэрэгцээ албан бус шинж төлөвтэй илрэн хэрэгжиж байдгаараа ялгагддаг аж.
Мөн түүнчлэн, үйл ажиллагааны зорилго, цар хүрээ, бүлэг нийгмийн гишүүдтэй харилцах байдал зэргээрээ ялгаатай байдгаас үүдэн удирдагч, хошуучлагч хоёр сэтгэл зүйн шинжээрээ ялгагдана.
Улс төрийн хошуучлал хэмээх үзэгдэл нь аль нэгэн улс төрийн зүтгэлтний дүр төрх, шинж чанарыг тодорхойлоход чиглэгдсэн явцуу ойлголт төдий зүйл биш, харин улс төрийн системийн хөгжлийн ерөнхий чиг хандлага загвар, агуулгыг тодорхойлоход чухал ач холбогдолтой өргөн ойлголт юм. Улс төрийн хошуучлал нь нийгэмшил, бүлгийн хүрээний үзэгдэл учраас нийгэм-улс төрийн бүтэц дэх хүмүүсийн идэвхтэй оролцооны үйл байдлын бүрдэл (институт) хэмээн үзэж болно. Өргөн утгаар авч үзвэл, улс төрийн хошуучлал бол хүмүүсийн сэтгэл зүйн харилцан нөлөөлөлд тулгуурласан харилцаа мөн. Эл харилцааны онцлог тал нь олон түмнээс хошуучлагчид үзүүлж байгаа сайн дурын дэмжлэг, сэтгэл хөдлөлийн шинж давамгайлсан байдал болно. Хошуучлал бий болдог үндсэн нөхцлийн нэг нь хошуучлагчийн үйл ажиллагаагаар юмуу эсхүл өөр ямар нэгэн шалтгаанаар олон түмний сонирхол зорилгын болон зарим талаар үнэлэмжийн адилсал бий болдог явдал билээ. Энэ нь нийгмийн том бүлгийн гишүүдийн үйл ажиллагаа өөр хоорондоо зохицон, нэгэн чиглэлтэй болох хөрс болдог байна. Тийм учраас хошуучлал бол зөвхөн бүлэг болон хошуучлагч хувь хүн хоёрын хоорондын харилцан нөлөөлөл төдийгүй, бас бүлгийн гишүүдийн нэгдэн нягтрах үйл явц юм. Энэхүү үйл явцын үр дүнд бүлгийн дотор хошуучлал үүсэх нэн таатай сэтгэл зүйн уур амьсгал бүрдэх бөгөөд түүний гол шинж нь хошуучлагч гарч ирвэл түүнийг дагалдан тодорхой үйл ажиллагаанд ороход бэлэн болсон байх явдал юм. Сэтгэл зүйн энэ үзэгдэл хөдөлгөөний (динамик) шинжтэй учраас түүнийг улс төрийн сэтгэл зүйчдийн хэрэглэдэг сэтгэл зүйн урсгал гэдэг ойлголтоор дүрсэлж болох юм.
Хошуучлал, түүний дотор улс төрийн хошуучлалын хүмүүс хоорондын нөлөөллийн бусад төрлүүдээс ялгагдах ялгаа болон дээр өгүүлснийг үндэслэн түүний зарим онцлог шинжийг дурьдаж болох юм. Үүнд:
- Энэ нь хүмүүс хоорондын харилцан нөлөөлөл бөгөөд уг нөлөөлөл ихэвчлэн сайн дурын харилцаанд үндэслэсэн, сэтгэл зүйн шинжтэй нөлөөлөл байдаг явдал юм.
- Хошуучлал нь зөвхөн бүлэг, хошуучлагч хоорондын харилцаа биш бас бүлгийн гишүүдийн харилцан нөлөөллийг шаарддаг нарийн нийлмэл үзэгдэл юм. Тэгэхээр энэ нь бүлгийн үзэгдэл юм. Улс төрийн хошуучлалын хувьд бүлэг нь нийгмийн том бүлэг юм уу нийгмийг бүхэлд нь хамардаг явдал юм.
- Хошуучлагч нь бусдаас ялгарах сэтгэл зүйн болон авъяас чадвар зэрэг шилдэг шинж чанарыг агуулсан бие хүн байх боловч түүний шилдэг шинжүүд үнэмлэхүй биш. “Шилдэг” гэдэг нь их төлөв тухайн үед том бүлгийн сэтгэл санаанд бүрэлдсэн хэвшмэл дүр-стереотипээр тодорхойлогддог.
Энэ бүхнийг үндэслэн улс төрийн хошуучлалын тухай тодорхойлолт өгөхийг оролдъё. Улс төрийн хошуучлал гэдэг нь түүхэн тодорхой нөхцөлд олон түмэн, нийгмийн том бүлэг болон тэдний нэгдмэл сонирхлыг илэрхийлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бие хүмүүсийн хооронд үүсдэг сэтгэл зүйн нөлөөлөлд тулгуурласан өвөрмөц үзэгдэл юм.
Тэгэхдээ “нэгдмэл сонирхлыг илэрхийлэгч” гэдгийг үнэхээр илэрхийлэгч гэсэн норматив утгаар авч үзэж болохгүй.
Практик хэрэглээний утгаараа, хошуучлал бол улс төрийн хошуучлагч буюу улс төрийн нөлөөллийн онцгой чадварт субъектын загварын тухай асуудал мөн. Өөрөөр хэлбэл, хошуучлал бол бүлгийн гишүүд, нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцооны нийгэм-сэтгэл зүйн дүрүүдийн сүлжээ билээ. Улс төрийн хошуучлагч гэдгийг улс төрийн зүтгэлтний сэтгэл зүйн өвөрмөц дүр төрх хэмээн онол-арга зүйн үүднээс энгийнээр тодорхойлж болох талтай. Нийгмийн ердийн ухамсрын түвшин, хүрээнд авч үзвэл улс төрийн хошуучлагч бол шилдэг, шалгарсан улс төрчдийн нийгэм-сэтгэл зүйн өвөрмөц дүрийн илэрхийлэл мөн. Улс төрийн хошуучлалын асуудлыг ерөнхий онол-арга зүйн номлолын хүрээнд авч үзэх нь шилжилтийн хямралт нийгэмд зохицуулалт, удирдлагын асуудлыг шийдвэрлэх нэгэн тулгуур арга зам болоод зогсохгүй, нийгмийн шинэчлэл, ардчилалыг зохистой, оновчтой хэрэгжүүлэх боломжийг өсгөн нэмэгдүүлдэг. Энэ нь улс төрийн хошуучлал улс төрийн хүрээнээс хальсан илүү өргөн цар хүрээтэй үйл явц болохыг илтгэн харуулж байгаа юм. Улс төрийн хошуучлал бол нийгмийн хөгжлийн тухайн орон зай, цаг үеийн бүх хүний хамтын бүтээлч үйл мөн.
[1] Герман Г.М. Манлайлах ухааны арга билгийн тухай (орчуулсан Д.Гантуяа).
Бодрол, бясалгал, 1992, №4, 32 дахь тал.
[2] Я. Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. УБ., 1996, 331 дэх тал
[3] Мөн тэнд, 701- 702 дахь тал.