/МУИС-ийн ОУХДС-д олон улсын харилцааны багш/
Шинэ толь №25, 1999
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Оршил
20 жилийн өмнө дэлхийн одоогийн байдлын тухай хэн үнэн зөв таамаглаж байв? Барууны ба Зүүний системүүдийн зөрчил тэмцэл, зэвсэглэлийн өрсөлдөөн болон харилцан адилгүй хөгжлийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий салангид бүс нутгуудад хуваагдсанаас 2000 оноос цааших дэлхийн урьдчилсан нарийн таамаглалыг хэн ч гаргаж чадсангүй. Өнгөрсөн 20 жил нь шинжлэх ухаан, технологийн эрин зуун, хүн төрөлхтний түүх ба хувь тавиланг хэрхэн хурдан өөрчилж чадахыг харууллаа. Энэ нь хөгжил дэвшил зөв замаа олбол нам ба суртал нэвтрүүлгийн зорилго нь хоёрдугаар буюу түүнээс цаана тавигдах асуудал юм. Бид “Баруун-Зүүн”, “Умард-Өмнөд” гэсэн маргаан үүрд үргэлжилнэ гэж итгэж байв. Дэлхийн Худалдааны байгууллагыг байгуулсан зорилго нь тодорхойгүй, Уругвайг тойрсон хэлэлцээрүүд нь үүрдийнх юм шиг санагдаж байв.
Агуу их ЗХУ болон түүний социалист нэгдлийн задран уналт нь мөхөж байхдаа хүртэл боломжгүй мэт санагдан бид үл итгэн гайхан харж байсан. Ийм нүсэр системийн доор нуугдаж байсан Хятадын хөгжлийн чиг, бодлогыг хэн ч олж гаргаж ирээгүй билээ. Ази Номхон далайн орнуудын аж үйлдвэржсэн бүлэг байх болно гэж зүүдлээ ч үгүй.
Бид нийгмийн тэмцлийн түүх бол хүн төрөлхтний түүх гэсэн энгийн бааз мэдлэгтэй явж, иржээ, Зөвлөлтийн ноёрхол нь Румын, Английн ноёрхол шиг үргэлжлэх юм шиг итгэж явлаа.
Хөгжлийн гол цөм нь ямагт Европт төвлөрнө гэж бүхэл нийгмээрээ боддог байв.
Санаанд багтамгүй үйл явдлууд болсноор 1990-ээд оноос хойш ирээдүйн тухай ойлголт төсөөлөл тогтворгүй болж, нэг дэглэм агшин зуур балран унаж хэний ч төсөөлөөгүй бүхэл бүтэн шинэ дэглэмээр солигдлоо. Энэ тогтолцоонд анги, Холбооны ашиг сонирхол бус харин дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, хөгжлийн төвүүдийн өөрчлөлт болон соёл, иргэншлийн зөрчилдөөн нөлөөлнө.
2000 оны босгон дээр урьдчилан хэлж тааварлахад хэцүү шинэ дэлхийн тогтолцоотой учирлаа. Дэлхийн тогтолцоог байгуулах асуудал ирээдүйн зорилт болон үлдлээ. Үүнийг хэн баталж чадахыг шалгах цаг ирлээ. Социалист, капиталист системүүдийн тусгаарлалт, гуравдагч ертөнц зэрэг нь үндсээрээ өөрчлөгдсөн бөгөөд эдгээр нь эдийн засгийн хөгжил, улс төрийн нөлөөлөл болон цэргийн хүчээрээ өөр өөр хөгжлийн төвүүдээр ялгагдаж байгаа бөгөөд үүнийг дор өгүүлье.
- Барууны төв. АНУ, Баруун Европ (Европын холбооны улсууд). Энэ төв нь дайны дараахь аж үйлдвэржүүлэлтийг амжилттай шийдсэн, хөгжлийнхөө дараагийн үе шатанд орсон, дэлхий нийтийг ба бүс нутгийг нэгтгэх үйл явцад гүнзгий орсон, глобалчлах үйл явцыг тэргүүлж яваа жигүүр юм.
- Зүүн Азийн төв. Эдгээр улс нь аж үйлдвэржүүлэлтийг амжилттай дуусгаж байгаа бөгөөд зарим талаараа Америк, Европыг гүйцэж түрүүлсэн бөгөөд бүс нутгийг нэгтгэх үйл явцад (интеграцчилах) идэвхтэй оролцож хөгжлийн шинэ загварыг гаргаж ирж байгаа.
- Оросын Холбооны Улс, СIS, Зүүн Европын төв. Энэ төв нь хуучин тогтолцоогоо халж шилжилтийн үедээ явж байгаа бөгөөд хөгжлийн “Европын” гэсэн шинэ тогтолцоог бий болгож байна. Шилжилтийн эхэн үедээ (1990-1995) эдгээр орнууд нь барууны хөгжлийн загварыг шууд хуулж байв Харин одоо тэд үндэснийхээ онцлогтой нийцсэн загварыг сонгон авчихаад байна. Зарим улсад тусгаар тогтносон үндэстэн-улс байгуулах зэрэг бэрхшээлүүд тулгараад байна.
- Хөгжиж байгаа орнуудын бүлгийн төв. Хойд Африк, Латин Америк, Өмнөд Азийн зарим орнууд нь эдийн засгийн хараат байдал, импортын оруулалтыг бууруулахыг хичээж байгаа бөгөөд нээлттэй бие даасан бодлого явуулж, зарим талаар дэлхийн эдийн засгийн интеграцчилалд оролцож байна.
- Байгалийн баялгаар баян хөгжиж байгаа орнуудын төв. Эдгээр улс нь бүс нутгийн болон дэлхийн интеграцчилалд төдийлөн идэвхтэй оролцдоггүй бөгөөд дэлхийн эдийн засгийн нэгдэлтэй түүхий эд олборлолт, экспортын зохицуулалт, тээвэрлэлтээр л хамтран ажилладаг.
- Сүүлчийн төв нь буурай хөгжилтэй орнуудаас бүрдэнэ. Улс орны хөгжил нь хөдөө аж ахуйгаасаа хамаардаг бөгөөд олон улсын техникийн тусламжин дээр л тогтдог.
Улс гүрнүүдийн хөгжлийн ийм их зөрүүтэй байдал нь дэлхийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход сөргөөр нөлөөлж байна. Эцэст нь дээр дурьдсан тэнцвэргүй байдлаас үүдээд бүс нутгийн мөргөлдөөн, тогтворгүйжилт зэрэг сөрөг үзэгдлүүд ирэх зуунд ч гарч магадгүй.
Иргэншлийн эхлэл ба соёлын уналт
ЮНЕСКО-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлснээр дэлхийн нийт нөөц баялгийн 80 хувь нь хүн амын дөнгөж 20 хувьд харъяалагдаж байна. Хар тамхи ба зэвсэг мөн үүнтэй адил нөхцөлд байна. Ажилгүйдлийн өсөлт нь ирээдүйд шийдвэрлэх асуудал юм. Учир нь орчин үеийн өндөр технологи нь ажилчдыг ажлын байраар хангахаас илүүгээр ажлаас халахад хүргэж байна. Эдгээрийг яаж шийдвэрлэх вэ? Бизнесийн бодлого болон үр дүн нь тодорхой, хатуу байдаг. Ажилгүйдэл XXI зуунд хамгийн эмзэг асуудал байх болно.
Судлаач Д.Бзежинскийн хэлснээр “дэлхийн түвшин дэх тэнцүү биш байдал нь XXI зууны гол асуудал болно” гэжээ. Түүний судалгаагаар 1960 онд аж үйлдвэржсэн улсууд ядуу улс орнуудаас 30 дахин баян байсан бол 1990 онд 150 дахин баян болжээ. XXI зуунд энэ тоо өндөр хурдтайгаар өсөх болно. Энэ аюул олон улс үндэстнүүдэд нүүрлэх болно гэжээ.
Дэлхийн банкны статистикаар үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтөөр эхний 10-т яваа улс:
Улс | 1995 он тэрбум доллар | 2020 он тэрбум доллар | |
1 | Хятад | 3205 | 20004 |
2 | АНУ | 6920 | 13470 |
3 | Япон | 2595 | 5052 |
4 | Энэтхэг | 1320 | 4802 |
5 | Индонез | 666 | 4157 |
6 | Өмнөд Солонгос | 547 | 3412 |
7 | Тайланд | 382 | 2384 |
Энэ харьцуулсан зургаас харахад дэлхийн хөгжил хаашаа явж байгаа нь тодорхой байна. Дээрх 10 орноос 7 нь Ази Номхон далайн бүсэд, 2 нь Европт, 1 нь Латин Америк байна.
Дэлхийн хөгжлийн энэ өөрчлөлт нь цөөн хэдэн орон дээд зэргийн нөлөөтэй байдалд хүрснээр дэлхийн хэмжээнд өөрсдийн байр сууриа бэхжүүлэх өрсөлдөөнд хүргэж болно.
Япон, Германаас гадна одоогийн байр сууриа хэн дээшлүүлэх юм бэ? Итали, Канад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байнгын гишүүнээр нэрээ дэвшүүлэх боломжтой болж магадгүй. Их долоогоос гадна Бразил, Өмнөд Африкийн БНУ нь бүс нутгийн хөгжилд зонхилох нөлөөтэй болж болох юм.
Мөн тус бүр тэрбум гаран хүнтэй гурван аварга улс (Хятад, Энэтхэг, Исламын ертөнц) Их долоотой өрсөлдөж магадгүй юм. Тэр ч байтугай тэд ямар нэг холбоо байгуулж, дэлхийн хөгжилд нөлөөлж ч болох юм. Жишээлбэл, Энэтхэг улс “Хөгжиж буй 15 орон”-ы бүрэлдэхүүнд элсч Их долоотой өрсөлдөж байна.
Глобалчлалын зэрэгцээгээр бүсчлэл хурдан хөгжиж байна. Сонгодог жишээ нь, Европын холбоо, Хойд Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (ASEAN). Энэ нь мэдээж ийм загварын холбоод бусад тивд үүсэн гарах болно. Төв Азийн Ислам үндэстнүүд холбоо байгуулах үндэс сууриа аль хэдийн тавьжээ. Орос, Белорус улс шинэ тойрог байгуулахаар оролдож байна. Исламын буюу газрын тосны холбоод нягт хамтран ажиллах болно. Нийт Зүүн Өмнөд Азид ASEAN өөрийн нөлөө, хүрээгээ тэлж тун ч магадгүй юм.
Үндэстэн дамнасан хамтын ажиллагаа нь дэлхийн нэгдэлд гол үүрэг гүйцэтгэж байна. Зарим тохиолдолд тэд зарим улс үндэстний хэмжээнээс халин гарчихаад байна. Одоогоор Баруун Европын болон Японы 200 гаруй корпорац дэлхийн эдийн засгийн гол ачааг авч явж байна. Тэдгээр корпорациуд өөрсдийн улс болон хилийн чанадад 2100 гаруй тэрбум долларын хадгаламж болоод хөрөнгөтэй бөгөөд дэлхийн худалдаа аж үйлдвэрийн гуравны нэгээс илүүг удирдан явуулдаг.
Тэдгээр 200 корпорацуудын 20 нь АНУ (6), Их Британи, Япон, Герман (тус бүр 3), Франц, Швейцар, Голланд (тус бүр 2) улсынх юм. Дээрх тоо баримтаас үзвэл баялаг ба үйлдвэрлэл нь харилцан адилгүй тархсан нь харагдаж байна.
Үүнээс үүдээд тэнцвэргүй байдал ба харилцан адилгүй тархалт нь дэлхийн зөрчилдөөний нэг гол үндэс байх болно. Газрын тосоор баян Исламын орнууд, Ази, Номхон далайн хүчирхэг аж үйлдвэржсэн орнуудыг харахад дэлхийн баялаг тэнцүү тархах хандлагатай байна. Малайз, Иран, Энэтхэг улс нь үүний тод жишээ юм.
Хамгийн сонирхолтой нь эрх, давуу тал, зарчим нь энэ бүхний тайлбар болж байна. Исламын ба Хиндийн иргэншил нь барууны Христийн иргэншилтэй сөргөлдөж магадгүй юм.
Чөлөөт капитализмын (ардчилал, хүний эрх) үйл явц нь дагаж мөрдөөд байх сонголт биш гэж дүгнэсэн зүйл ч байна. Өөрөөр хэлбэл, дарангуйлсан засаг, төрийн хатуу чанга зохицуулалтан дор байгаа эдийн засгийн хөгжил эрчимжиж чаддаг.
Шашны ёсыг зах зээл, түүхий эд, цаг хугацааны орон зай руу чиглэсэн шинэ сонирхол, дэлхий нийтийн үйл явцын тэнцүү хувиарлалтын өмнө нь тавьсан төрийн бодлого явуулдаг улс орон олон байна.
Исламын фандементалиум, Арабын универсалиум улам хүчирхэгжиж, цөмийн зэвсгээр өрсөлдөж байгаа бөгөөд энэ бүс нутагт дайн болж байна.
Тэдгээр түгшүүртэй бүс нутгууд хаана байж болох вэ? Ази Номхон дайлайн бүс нутагт:
- Солонгосын хойг ямар нэг өөрчлөлтгүй одоогийн байгаагаараа үлдэж магадгүй. Хойд Солонгосын дэглэм дотроосоо задран унаж магадгүй. Хэрвээ тэгэх юм бол энэ нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй.
- Хятад хийгээд Тайван улс нэлээд ноцтой маргалдаж магадгүй.
- Энэтхэгийн Исламын бүс нутагт Энэтхэг Пакистан улсын хооронд дайн гарч магадгүй.
- Өмнөд Хятадын тэнгист байдаг Спратли арлуудын орчим мөргөлдөөн гарч болзошгүй.
- СIS-ийн нутаг дэвсгэрт Исламын зарим үндэстнийг татан оролцуулсан салан тусгаарлагчдын дайн үргэлжилж, Төв Азид хүндрэл бэрхшээл үүсгэж магадгүй.
- Хил хавийн оршин суугчдын суурьших, нүүх зэргээс үүдэн Орос-Хятадын хооронд хилийн мөргөлдөөн гарч магадгүй.
XXI зуун ба Хятад
Хятад улс хаашаа явж байна? Зорилго нь юу юм бэ? БНХАУ нь коммунист гэгээрэлд хүрэх үү? Баримтаас үзвэл Хятадын коммунист намын сүүлчийн их хуралд XXI зуун бол Хятад улс хийгээд гэгээрэлд хүрэхэд хангалттай хугацаа биш бөгөөд ирэх зуун бол социализм руу орох анхны алхам байх болно гэж тунхаглажээ. Миний бодлоор энэ нь ердөө ЗХУ-ын задралын дараах үзэл суртлын хоосон зайг бөглөхөд чиглэгдсэн товч төөрөлдүүлсэн онол юм. Хэрвээ Зиан Земин энэ мэдэгдлийг хүлээн зөвшөөрвөл үндэсний өвөрмөц онцлог, Кунзийн соёл иргэншил, үндэсний бүсчилсэн бүтэц зэргийн утга учир, ач холбогдол нь ямар байх вэ?
Үнэн хэрэгтээ Хятад улс коммунист чиглэлийг бариагүй байна. Эдийн засгийн үүднээс авч үзвэл Хятад шиг нээлттэй, бие даасан чөлөөтэй шинэчлэлийг явуулж байгаа улс алга. Энэ утгаараа энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг маш ихээр татаж чадаж байна. Хятадын одоогийн өөрчлөлт шинэчлэлт нь дайны дараах Японы хөгжлийн стратегээс ялгагдах юм алга.
Жианг Жианго-ийн Тайван, Рак Жен Хи-ийн Солонгос, Ли Куан Юү-ийн Сингапур бүгд энэ стратегийг хэрэгжүүлсэн бөгөөд одоо Ден Сяопины Хятад мөн адил замаар замнаж байна. Энэ замын онцлог нь ирээдүйн ардчилалд хүрэх зөв замыг нээж өгч байгаа юм. Үүний жишээ нь, саяхан Өмнөд Солонгос, Тайван, Сингапур, Филиппинд ардчилсан зарчим бий болсон.
Хятад улс одоо байгаа хатуу чанга коммунист байгууллаа эвдэх болно. Учир нь анги холбоодын үзэл суртал нь бодитой үүргийг удаан гүйцэтгэж чадахгүй; дэлхийн хувь заяаг тодорхойлж байдаг зөрчилдөөнүүд өөрчлөгдлөө. Хятад улс дэлхийн хөгжлийг тодорхойлдог их долоогийн үйл ажиллагаанд оролцох шаардлагатай боллоо. АНУ, Япон, Канад улс нь Хятадын дэргэд АРЕС-ийн гишүүн юм. Орос мөн “7+1” төсөлд оролцох шаардлагатай байна.
Хятадын түргэн хөгжил, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өөр бүс нутаг, улсуудтай харьцуулаад улс төрч, эрдэмтэд дараах урьдчилсан таамаглал гаргажээ. 2010 он гэхэд Хятад улс Япон, Баруун Европыг хөгжлийн үзүүлэлтээрээ түрүүлж, 2020 он гэхэд бүх үзүүлэлтээр АНУ-тай зэрэгцэх болно. Өөрөөр хэлбэл, олон туйлт замаар явах уу, эсхүл хоёр туйлт зам руугаа эргэн орох уу гэдгийг Хятад улс шийдэх болно.
Эдийн засгийн үүднээс Хятад улс дараахь давуу талуудтай. Хязгааргүй зах зээл, хүн амын хязгаартай байдал, ингэснээрээ олон тооны Хятад ажиллах хүч эцэст нь байгалийн баялаг, түүхий эд.
Аляскаас Ирланд хүртэлх бүх зах зээлийг Хятадад хийгдсэн зүйлсээр дүүргэх боломжтой. Энэ нь бүс нутгийн төдийгүй дэлхийн худалдаа эдийн засгийн замыг эвдэж байна.
Хятадад үйлдвэрлэгдсэн хямд үнэтэй зүйлс нь олон орны хэрэглээнд аажмаар оржээ. Энэ нь зөвхөн өнөөдрийн хэрэг биш ирээдүйн дэлхийн эдийн засгийн байдалд өгч байгаа дохио. Энэ дохио бидэнд юуг сануулж байна вэ? гэвэл одоогоор эрэлт, хэрэгцээ, хангамж болон бүтээгдэхүүний хүчтэй шилжилт явагдаж байгаа бөгөөд XXI зуунд дэлхий бүхэлдээ өөрчлөгдөх болно. Хойд Америк, Европ болон Япон улс ихэнх аж үйлдвэрийнхээ зорилгыг өөрчлөх буюу үйлдвэрүүдээ хаах болно. Энэ бүгдийн учир нь Хятад гол үйлдвэрлэгч болно.
Дээр дурьдсан хэрэгцээг хангах нь гол асуудал биш юм. Гол нь хүчирхэг гүрнүүдтэй харилцаатай улсын эдийн засгийн удирдлага нь ирэх зуунд улам илүү итгэлтэй байх болно. Эдийн засгийн асар их чадвартай байснаараа энэ хүчирхэг гүрэн нь олон улс орны гол өрсөлдөгч байх нь тодорхой бөгөөд тэдэнгүйгээр сонгох эрхтэй байх болно.
Хятад ба түүний хил залгаа хөршүүд
Хятадын ноёрхлоос өмнө бүс нутгийн олон улсын холбоод тийм ч их сонирхол татаж байгаагүй. Гэвч өнөө үед тэдгээр нь байгуулагдацгааж байна. ASEAN бол үүний сонгодог жишээ. Үзэл суртлын дайсан юм шиг санагддаг байсан Вьетнам 1995 онд тус холбоонд гишүүнээр элсчээ. Олон зүйлээрээ өвөрмөц байсан Камбод, Лаос улсын бүх сөрөг үзүүлэлтийг нь үл хайхран тус холбоонд элсүүлэхээр боллоо. Энэ нь сэрж байгаа аварга лууны эсрэг эдийн засаг, цэрэг улс төрийн үр нөлөөтэй байгууллагыг байгуулах суурь нь юм. ASEAN анх байгуулагдахдаа өөр зорилготой байсан бөгөөд олон жилийн турш АНУ-Японы ивээл дор өөрийн үүргээ гүйцэтгэсээр иржээ. Одоо зорилго нь өөрчлөгдөж байна. Вьетнам улс Хятадын өмнөд хил дээр ASEAN-ы аюулгүй байдлын жийрэг бүс боллоо. Энэ жил Лаос, Камбод улс мөн адил үүрэг гүйцэтгэх нь илэрхий боллоо.
Хятадтай харилцаагаа тэнцүүлж чадсан өөр нэг нөлөө бүхий гүрэн бол Япон улс. Одоо Япон ба Зүүн Өмнөд Ази нь Хятад, эдийн засгийн арга ухаан, цэргийн талаар АНУ-ыг багтаах болно гэж олон хүн тааж байна.
Түгээмэл өөр онолоор бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь Хятадад хэрэгжиж буй олон улсын үйл ажиллагаа, түүнд мөрдөх мөрдлөг нь хангалттай хэмжээнд явагддаггүй. Энэ нь WTO ба СТВТ-ийн албан ёсны төлөөлөгчдийн нийгэмд эзлэх байр суурь, түүний хэрэгжилтийн тухай асуудалтай холбон ярьж байгаа юм.
Хэдий тийм боловч Хятадад боломж олгох олон улсын бүх үйл ажиллагаанд түүний хойд хөрш Орос оролцож магадгүй. Орос улсын хувьд АНУ-ын ард үлдэж, бүх үйл явдлын гадна үлдсэн ба их гүрнийхээ хувьд амжилт олж чадахгүй л байна. Орос Хятад хоёр 100 тэрбум долларын зэвсгийн наймаа хийсэн тухай баримт нь энэ хоёр улсын аль нь ч ороогүй байгаа дэлхийн шинэ тогтолцоо руу орох шилжилтээс цаг хожихыг оролдож буйг харуулж байна. Тайваны хоолой дахь цэргийн үйл ажиллагаанаас Хятад улс технологийн хөгжлөөс хэр хойно хоцорсноо ойлгосон. Орос улс, НАТО хүрээгээ баруун тийш тэлж байгаагаас үүдсэн геополитикийн хохирлоо яаж дахин олж авах бол? Евроазийн тавцанд Хятад, Энэтхэг, Исламын орнуудтай АНУ-ын эсрэг холбоо байгуулснаар дээрх алдагдлаа дахин олж авах болов уу гэж таамаглаж байна.
Дүгнэлт
Дэлхийн шинэ тогтолцоо нь дэлхийн эдийн засгийг авч үзлээ. Урьдын хоёр туйлт тэмцэл нь бүсийн асуудалд шилжлээ. Одоогоор дэлхийд Европын Холбоо, Хойд Америк, Номхон далайн баруун хэсэг буюу бидний нэрлэдгээр Зүүн Ази гэсэн эдийн засгийн гурван гол талбар байна. Зүүн Ази руу хөгжлийн төв шилжиж байгаа бөгөөд хоёр дахь нь Атлантын далайн хоёр эрэгт, гурав дахь нь Номхон далайн баруун эрэгт, сүүлчийн хөгжлийн төв нь Газрын дундад тэнгисийн бүст байна. Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийн хөгжил нь хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн чиг байх болно гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрнө биз ээ.
НҮБ нь эдгээр хүчирхэг улс, бүсүүдийг багтаасан зохицуулах механизм билээ. Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал нь бүх нийтийн хүсэлт шаардлага, чармайлтаар амжилтанд хүрч чадна гэдэг нь Иракийн эсрэг дайны үеэр батлагдсан. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн таван байнгын гишүүд нийтээрээ чармайхын тулд нэгдсэн нь түүхэнд анхных нь байлаа.
Үндэстэн улсыг бий болгох бүтэц, тогтолцоо нь нэлээд бодитой болж байна.
Хэрвээ Европын Холбоо эдийн засаг, улс төр, үзэл суртлын дайсагналцлаас гараагүй байсан бол хэзээ ч Европын Холбоо болохгүй байсан юм. ASEAN өөрийн нөлөөгөө тэлж байгаа бөгөөд ангийн сонирхлыг үл харгалзан Вьетнамыг элсүүллээ. Европын Холбоо болон ASEAN-ы нэгдсэн дээд хэмжээний уулзалт боллоо.
Ази Европыг багтаасан нэг том бүтэц тогтолцоо гараагаа эхэллээ. Үүнээс үндэслээд улс орнуудын өөрөөсөө хамаарах байр суурь хязгаарлагдаж байна. Үндэстэн дамнасан корпорацууд, банк-санхүүгийн бүлгүүдийн ашиг сонирхол нь үндэстний нийгмийн хамгааллаас илүү чухал болж байна. Энэ нь үндэстэн-улс бий болохоос өөр замаар тодорхойлогддог.