Чи.Баатар
Шинэ толь №26, 1999
Түлхүүр үг: хувьчлал, улсын төсөв, инфляци, төрийн сектор, хувийн хэвшил, хөрөнгө оруулах эрхийн бичиг
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Юуны өмнө яагаад “их британы туршлага” гэсэн тухай өгүүлье. Яагаад гэвэл өмч хувьчлах хөтөлбөр чухамхүү энд үүсэн боловсрогдож, эндээс л дэлхий даяар түгэн тархсан юм. 1979 оноос эхэлсэн тэдний туршлага олон зүйлээр анхаарал татаж байна. Төрийн өмчийг худалдсан бүх арилжааны нийлбэр дүн нь эхний арав гаруй жилд 30 орчим тэрбум паунд болжээ. Үүний ихэнхи хэсгийг хоёрдахь таван жилд олсон бөгөөд энэ үед хувьчлалын жил бүрийн орлого нь улсын төсвийн гурван хувийг бүрдүүлж байв. Эдүгээ Их Британид янз бүрийн салбар, бүс нутаг, улс орнуудад хувьчлал хэрхэн явагдсан талаар бүхэл бүтэн мэдээллийн банк бий болжээ. Иймд манай улсын өмч хувьчлалын асуудалд британы туршлагыг судлахад илүүдэхгүй юм.
Доор бид Их Британы хувьчлалын туршлагыг арван жилийн үр дүнд тулгуурлан авч үзэв. ЗХУ-д (хуучнаар) хувьчлалын тухай анх яригдаж, олон янзын үзэл бодол өрнөж байгаа үед хэвлэлд нийтлэгдсэн нэг тохиолдол сонирхон Оросууд “манай уурхайчид ажилладаг уурхайгаа хувьчлахын төлөө байдаг” гэхэд барууны мэргэжилтнүүд багагүй гайхжээ. Учир нь Их Британид хувьчлагдах үйлдвэрийн ажиллагчид, ялангуяа үйлдвэрчний эвлэлд нэгдсэн нь хувьчлалыг эсэргүүцэж, бүх нийтийн ажил хаялт хүртэлх тэмцлийн бүх хэлбэрийг ашиглан идэвхтэй сөрөн тэмцдэг аж. Гэвч орос ба британы уурхайчдын эрс ялгааны учир мөдхөн тайлагдав. Зөвлөлтийн уурхайчид уурхайгаа хувьчлахын төлөө саналаа өгөхдөө алдагдалтай үйлдвэртээ улсаас авах татаас, баталгааг шаарддаг гэнэ. Тэд өөрсдийн үйлдэлдээ эрх чөлөөтэй мөртлөө түүнийхээ үр дүнгийн төлөөх эдийн засгийн хариуцлага хүлээхгүй байхыг хүсдэг аж. Өөрөөр хэлбэл, орлогоо хувьчлахаас, зарлагаа яасан ч хувьчлахгүй хэмээжээ. Нэгэн зэрэг нийтийн болоод хувийнхад байлгана гэсэн үг. Үүнийг хоёр сандал дээр сууж, хоёр тавагнаас хооллох санаархал гэж мэргэжилтнүүд шоглосон. Хэрэг дээрээ оросын уурхайчид ашгаа хувьчилж аваад алдагдлаа улиг болсон улсдаа үлдээх гэжээ.
Энэхүү үзэлд автсан хүмүүс төвлөрсөн төлөвлөгөөт ба хуваарилалтын систем нь түүхэн ирээдүйгээ нотолсон учир богино хугацаанд түүнээс салах ёстой. Ингэхийн тулд бүгдийг өмчийн эзэн болговол зохино гэдэг. Гайхамшигтай санаа л даа. Гэвч хоёрхон дутагдал бий. Нэгд үүнийг хэрэгжүүлж болохгүй. Хоёрт хийж болдог юм гэхэд эдийн засгийн үр ашгийн хувьд асар их гарзтай.
Хэрэв өдгөө хуримтлагдсан олон улсын туршлагыг улс төр, нийгэм, ёс суртахууны шинж чанарын бус эдийн засгийн үүднээс авч үзэхэд хувьчлалын үндсэн хэд хэдэн зарчим байна. Тэр бүхнийг тоочилгүй нийтлэг зүйлээр нь хэлэхэд хувьчлал бол төрийн ба хувийн (хамтын ч орно) өмч зэрэгцэн оршсон холимог эдийн засгийн хүрээн дэх үйл явц бөгөөд тэдгээр өмчийн хоорондох хил зааг нь тодорхой тохироон дахь эдийн засгийн үр ашгийн ололт амжилтын нөхцлөөр тодорхойлогдоно. Хувьчлал нь мэдэл мэдэц бүхий бодит аж ахуй эрхлэгч хувийн өмчтөнийг хамарснаас илүү өргөн нийтийн байж чаддаггүй. Тэгээд ч эдгээр өмчтөний өөрсдий нь хийгээд зах зээлийн зохих бүтцүүдийн төлөвшин бүрдэлтээс түрүүлж ч үл чадна. Түүнчлэн хувьчлал бүх талын бэлтгэл дээр тулгуурлах ёстой бөгөөд нэг хэв загвараар явуулж болдоггүй, тодорхой тохиолдол бүрт өвөрмөц онцлогтой байдаг байна. Хичнээн нөхцөл байна, төдий чинээ хувьчлах хэлбэр бий. “Бага” хувьчлалыг (орон сууц, дэлгүүр, жижиг үйлдвэрлэл) “их” хувьчлал (томоохон үйлдвэр, аж ахуйн газар) шиг явуулж болохгүй нь ойлгомжтой. Төрөл бүрийн салбар дахь хувьчлалын явцууд нэг нь нөгөөгөөсөө ялгаатай болохын адил эдийн засгийн янз бүрийн сектор, бүс нутаг, улс орнуудад тийм байдаг. Эцэст нь өмч хувьчлал бол эдийн засгийг шинэчлэх ерөнхий үйл явцын хэсэг л бөгөөд зах зээлийн эдийн засагт угийн байдаг үнийн г.м. эдийн засгийн либеральчлалын явцаас ангид байх ёсгүй. Санхүүгийн тогтворжилтыг ч үүнд хамааруулна. Үнэ цэнэтэй, үр ашигтай аж ахуй эрхлэлтэнд шилжих шилжилт нь төрөөс эдийн засгийн үр нөлөөтэй сайн бодлогыг шаарддагийг батлах шаардлагагүй.
Хувьчлалын дурьдсан нөхцлүүдийг хангах нь ерөнхий эдийн засгийн төдийгүй бага зардлаар их ашиг олох буюу өндөр бүтээмжийг эрэн хайсан нийт хүн төрөлхтний үйл явцын бүрэлдхүүн хэсэг мөн. Үүний тулд зарим тохиолдолд хувьчлал явдал гардаг. Гэвч энэ нь нэгэн далайлтаар кампаничлан зуун хувь хийгддэг зүйл биш. Энэ бол холимог эдийн засгийн хөгжлийн хэвийн орчил юм. Эс тэгвэл хувьчлал нь ээлжит захиргаадсан арга хэмжээ, “бүр эхнээс нь тэгээд дараа нь” гэх маягаар явагдах эдийн засгийн утгагүй хөдөлгөөн л болж, эцэс төгсгөлгүй ахиад, дахиад л үргэлжлэх нь тэр.
Үзэл сурталжуулалтаас хол хөндий англичууд хувьчлалд яарсангүй. Гэтэл тэдэнд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааны зах зээлийн орчин, хүн амын зах зээлийн сэтгэлгээ, банк нь хөгжингүй бүтэц, үнэт цаасны зах зээл, мэдлэг чадвартай мэргэжилтнүүд зэрэг бүхэл шаардлагатай гэсэн байлаа.
Их Британид хувьчлал явуулах зайлшгүй шаардлага нь эн тэргүүн төрийн сектороос үйлдвэрлэлийн хэвийн үр ашиг өрсөлдөөн, хэрэглэгчдийн сонголтыг хангах чадваргүйгээс урган гарчээ. Басхүү төрийн секторын зардал тус орны төсөвт хүнд ачаа дарамт болж, тэгснээрээ инфляцийн өсөлтийг хөөрөгдөж байв.
Их Британи дахь хувьчлалын хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжжээ. Нэгдүгээр шатанд (1979-1984 он) төрийн мэдлийн боловч хувийнхны нэгэн адил зах зээлийн өрсөлдөөний ижил нөхцөлд ажиллагч компаниудын хувьцааг хувьд худалдсан байна. Харин энэ үед “Бритиш стил”, “Бритиш телеком”, “Электросити” зэрэг төрийн монополь аж ахуйг хувьчлах бэлтгэл ажлыг л хийжээ. Тэдгээрийг “улсаас тусгаарласан” ба “олон нийтийн корпораци” болгон өөрчлөн зохион байгуулсан. Эл явдлыг Их Британид корпорацчлал гэж нэрийджээ. Корпорацчлагдсан аж ахуйнуудын хувьд хувьчлах хөтөлбөр нь зөвхөн хоёрдугаар шатанд (1984-1989 он) хэрэгжиж эхэлсэн юм. Энэ үед төрийн мэдэлд байгаа компаниудын хувьцаа эзэмшигчид олон сая хувийн хөрөнгө оруулагчид болов. Гуравдугаар шатанд хувьчлал үргэлжлэн явагдсан ч гол нь хувьчлагдсан үйлдвэрүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгджээ.
Өмчийг төрийн мэдлээс хувьд шилжүүлэх ажил нь нэлээд түргэн явагдсан байна. Уг арга хэмжээ нь хэдэн долоо хоногоос хэтэрч байгаагүй. Харин тухайн компанийг хувьчлалд бэлтгэх ажил удаан өрнөдөг. Дээд тал нь хэдэн жил ч болно. Засгийн газар хувьчлах аль нэг пүүсийн хувьд эхлээд шийдвэрээ гаргана. Тэгээд засгийн газраас хараат бус тусгай шинжлэн магадлагаа явуулж, тооцоо тэнцлийг зохицуулан (хувьцааны шинэ эзэн нь бусдын өрийг мөнгөөрөө худалдан аваагүй гэдэгт итгэлтэй байх ёстой), удирдлагын бүтцийг оновчтой болгож, менежментийг бэлтгэнэ. Дараагийн шатанд хувьчлалын тодорхой хэлбэрийг сонгож, хувьчлах үнийн хэмжээг тогтоодог. Энэ бол маш хүнд бөгөөд хариуцлагатай ажил. Яагаад гэвэл зах зээл өмнө нь хэзээ ч тухайн улсын компаний хувьцаатай харьцаж байгаагүй. Иймд бусад улс орон, салбарын ижил төстэй пүүсүүдтэй нарийн төвөгтэй харьцуулалт хийж, үр ашгийн жишсэн тооцоо гаргана. Ингээд баримт бичгийг нэгтгэн боловсруулдаг. Гуравдахь шатанд мэдээлэл зар сурталчилгааны арга хэмжээ явагдана. Хувьчлагдах пүүсэд сонирхол татахуйц “имиж” бий болгож, шаардлагат төсөл танилцуулгыг тараан радио ба телевизийн зар сурталчилгаа явуулна. Одоо л засгийн газар эцсийн шийдвэрээ гаргаж, хувьцааны арилжаа эхэлнэ.
Хувьчлалын үндсэн хэдэн хэлбэр бий. Энэ нь нэгд, үйлдвэрийг шинэ өмчлөгчид (хувь хүн болон хуулийн этгээд) шууд худалдах арга хэмжээ юм. Голцуу жижиг болон дунд үйлдвэрийн газруудыг хамардаг. Хоёрт. үйлдвэр аж ахуйн газрын хувьцааг санхүүгийн нээлттэй зах зээл дээр худалдана. Энд улсын томоохон корпорациуд орно. Гуравт, хувьчлагдах объектыг тухайн газрынх ажиллагчид ба захиргаа (заримдаа худалдан авагч хамт олонд тэрхүү үйлдвэрт ажиллаж байгаа тэтгэврийнхэн ч багтана) худалдаж авдаг. Дээрх хэлбэрүүдийг хослон хэрэглэсэн хувилбар ч байж болно.
Их Британы Засгийн газар “бүхний тусын тулд хувьчлах”, “хувьцаа эзэмших жирийн хүн”-ийг дэмжих албан ёсны бодлогыг явуулдаг байна. Үүний тул хувьцаа эзэмших журмыг хялбарчлан өөрчилжээ. Ингэхдээ хувьчлах объекттой хамааралгүй хүнд тухайн бизнес өөрийн нь боломжийн талаар төсөөлөл авахад нь тустай зар сурталчилгаа мэдээллийн арга хэмжээ зохиож, хэрэгцээт багц баримт бичгийг илгээдэг байна. Дээрх зорилгоор хувьцааны нэрлэсэн үнийг маш доод хэмжээнд (паундаар биш бүр пенсээр илэрхийлэгдэнэ) тогтоодог аж.
Хувьчлагдах компаний хувьцааг ажиллагчид нь авахад зориулж хөнгөлөлт опгосон тусгай зүйл анги байдаг. Их биш багц хувьцааг (хэдэн арван паунд) ажиллагч нь ердөө үнэ төлбөргүй авч болно, Худалдан авах хувьцааны нь тодорхой тоотой үнэгүй эзэмших хувьцааг уялдуулсан хувилбар ч бий. Жишээ нь; Бритиш телеком-д ажиллагч компанийхаа өөртөө худалдан авсан таван хувьцаа бүрт гурван хувьцааг үнэгүй авч болдог (200 паунд хүртэл дүнгийн). Мөн голдуу арван хувийн хямдралтай эсхүл татвар ногдуулахгүй зарах арга хэмжээг явуулдаг байна. Үнийн бус хөнгөлөлт үзүүлэх практик ч бий. Тухайлбал, Британы эрчим хүчний корпорацийн хувьцаа эзэмшигч нь тухайн газар ажилладагтүй боловч хий ашигласны төлбөрийг нь хойшлуулж өгдөг аж.
Их Британы Засгийн газрын ийм бодлого нь үр дүнтэй хэрэгжиж байна. Хувьчлагдсан томоохон компаниудын хувьцаг эзэмшигчдийн тоо сая саяар тоологдох болжээ. Тэр дор нь зах зээлийн ханшаар эргүүлэн зөрүүг нь халааслахын тулд л олсон хүн хөнгөлөлттэй хувьцаа худалдан авах бололцоог ашигладаг нь үнэн. Гэвч энэ бол тийм оновчтой сайн арга биш гэдгийг практик харуулж байна. Учир нь хувьчлагдсан ихэнхи үйлдвэрийн хувьцааны зах зээлийн үнэ биржийн дундажаас илүү түргэнээр тогтвортой өсдөг.
Орон сууцны хувьчлал багагүй амжилт олж байна. Хэнийг ч шавдуулж, өөрийнх нь орон байраар гийгүүлэхийг хэн нэгэн эрмэлздэггүй бөгөөд бүх зүйл сайн дурын үндсэн дээр чанд явагддаг. Гэвч орон байраа өмчлөхөөр шийдвэл ямарч хүнд суртлын саадтай тулгарахгүй. Их Британы хувьчлалын эхний арван жилийн эцэст Лондон дахь дунд зэргийн гурван өрөө байр 50-60 мянган паундын үнэтэй байв. Гэхдээ бүх үнийг заавал нэг дор төлдөггүй. Яагаад гэвэл эзэмшигч нь хэдэн жилийн хугацаанд түрээсний үнийг өгсөн бол байрныхаа өртөгний хэсгийг төлсөн гэж үзээд зохих хөнгөлөлт эдлэх эрхтэй болдог. Байрандаа хэр удаан суусан байна, төдий чинээ их хөнгөлөлттэй байна. Дээд хэмжээ нь гэхэд тухайн байрандаа 15 ба түүнээс дээш жил амьдарсан бол байрны өртөгний 70 хувийг хөнгөлнө. Өөрөөр хэлбэл байрны хувьчлагдах үнийн зөвхөн 30 хувь буюу 15-18 мянган паундыг төлнө. Эл мөнгийг шууд өгчих ч албагүй, цувруулан төлж болдог. Энэ тохиолдолд ч гэсэн шинэ өмчлөгч нь байраа түрээслэх буюу зарж болох бүх эрхийг шууд эдэлнэ.
Эдийн засгийн аль ч секторт хувьчлал нь дангаараа явагддаггүй. Хаана ч тэр монопольчлолыг халах, өрсөлдөөнийг хөхүүлэх, санхүүг эрүүлжүүлэх, удирдлагыг боловсронгуй болгох арга хэмжээ хувьчлалтай зэрэгцэн өрнөдөг. Чухам ийм цогцолбор хандлага нь хувьчлалын үйл явцын амжилтыг нөхцөлдүүлдэг юм.
Хувьчлап нь Их Британид юу өгөв өө? Энд олон зүйл хэлж болох ч хамгийн гол нь үйлдвэрлэлийн үр ашгийн үлэмж өсөлт байна. Жишээлбэл, “Бритиш телеком” компани хувьчлагдсаны дараа хөрөнгө оруулалтын эрх чөлөө эдэлж, техникийн шинэчлэлт хийсний дүнд дэлхийн теле холбооны бизнес дэх томчуудын нэг болсон. Түүний хувьцаа өөрийн өртгөөсөө өсөн нэмэгдэх хурдцаараа биржийн дээд амжилт тогтоож, тус пүүсийн ашиг нь жилд тэрбум паундаас хэдийнэ давжээ
Төр улс ч гарз хохирол үзсэнгүй. Хувьчлалаар эзэмшсэн хувьцааны ногдол ашиг, тухайн компаниас авах албан татвараас үлэмж мөнгө улсын төсөвт орж ирдэг.
Ийнхүү алдаа оноог нь амьдрал шалгаад британичуудын хувьчлалын туршлагад амжилт гэсэн дүн тавьсан билээ.