О.Батсайхан
/Түүхч, Засгийн газрын Архивт судлаач/
Шинэ толь №7, 1995
Түлхүүр үг: (Үндэсний хувьсгал, Гадаад харилцаа, Хөгжил дэвшил, Комитерн, Хилс хэрэг)
Монголын ард түмний бүхий л уеийн хөгжлийн түүх нь тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө явуулж ирсэн тэмцэлтэй салшгүй холбоотой байжээ. Бидний Монгол улсын оршин тогтож ирсэн нөхцөл байдлын талаар Монгол улсын хаан Богд Жавзан Дамбын нэгэн айлтгалд: “Гадаад Монгол улс хүчирхэг улсын завсарт хавчигдаж орох эсэх хоёрт бэрх. Хэрэв өөртөө эс тогтновоос гөрөөчинд олзлогдохоос хэлтрэхүйеэ бэрх” (Н.Магсаржав /хурц/) Монгол улсын шинэ түүх УБ, 25 дахь тал) хэмээн тодорхойлогдсон нь манай Монголын үнэн байдал, дүрсийг илэрхийлсэн хэрэг байлаа.
Монгол улсын хегжлийн замыг тодорхойлоход юуны өмнө тус улсын тусгаар тогнол, эрх чөлөөний асуудал орж байсан бөгөөд дээр гарсан нөхцөл байдлын улмаас байгалийн жам ёсоор “голын эрэг хаашаа вэ? Ус тийшээ урсдагийн” нэгэн адил Монгол орон 20 дугаар зууны эхээр аль их гүрнийг түшихээс түүний хөгжлийн чиг хандлага хамаарч байлаа.
1911 онд Монгол орон Их Орос улсад түшиглэн Манж Чин улсаас тусгаар тогтнолоо эгүүлэн авсан билээ. Тэрхэн агшинд “биеэ дааж байхаас татгалзаж Хятадад захируулах”-ыг Богд хаанд ятган сэнхрүүлэхээр Хятад улсаас төлөөлөгч илгээсэнд Богд хаантан тэрхүү төлөөлөгч “ноён То-гийн дэвшүүлэн барьсан бичгийг уншилгүйгээр ураад…. буцаасан” тухай 1912 оны 6 сард хятадын “Чжу-го-жи-бао” сонинд бичжээ. Богд тэргүүтэй монголын төрийн зүтгэлтнүүд Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалан зогоод төдийгүй урьд үе үеийн төрийн уламжлалыг өвлөн авч улс орноо хэрхэн авч явах талаар нэгдмэл бодлого байр суурийг боловсруулж эхлүүлсэн байдаг. Энэ үед тусгаар тогтносон Монголын төр иргэний бүхий л харьцааг зохицуулсан, дотоод гадаадад хэрэгжлүүлэх төрийн бодлогыг тодорхойлсон Монгол улсын хууль зүйлийн бичиг (65 дэвтэр), Монгол улсын цаазын бичиг зэрэг томоохон баримт баримт бичгүүдийг Улс доод, дээд хурлаар удаа дараа хэлэлцүүлэн Богд хааны зарлигаар баталсан нь бий. Тэдгээр баримт бичгүүдэд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол төрийн нарийн ухаан, үе үеийн баримталж ирсэн төрийн бодлого зэрэг нь тусгалаа олсон нь харагддаг юм. Чухамдаа 1911 оны үндэсний хувьсгалын үргэлжлэл нь 1921 оны Монголын үндэсний ардчилсан хувьсгал даруй мөн бөгөөд энэ үед ч бид Зөвлөлт Оросоос тусламж авсан нь үнэн түүх билээ.
Гэвч тэр үеийн монголын төр, засгийн удирдагчид, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд Зөвлөлт Оросын зааж өгсөн замаар улс орноо чиглүүлэх нэгэн үзүүрт санал бодолд нэгдэж чадахгүй байв. Учир нь тэд өөрийн толгойтой байж, өвөрмөц онцлогтоо тохирсон хөгжлийн замаар замнахыг эрмэлзэж байсан юм. Иймээс бүр “Хятад, Орос, Монгол гурван этгээдийн 19,5 оны гэрээний дараа үеэс эхлэн Шударга баатар гүн Бавуужав нар автономийг үл зөвшөөрөн, Японы эзэн хаанд тусламж хүссэн бичиг илгээж байсан бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үеэр, дараа ч бас тийм явдал гарч байлаа. Богд хааны зөвшөөрлөөр АНУ, Япон, Зөвлөлт Оросоос тусламж эрсэн тус тусдаа бичгүүдийг илгээж байв. (1920 оны зун Жалханз хутагт нарын АНУ-аас, Шадар ван нарын Японоос, Ардын намынхны Зөвлөлт Оросоос тусламж эрсэн бичгүүдэд Богд хаан тамга дарсан тухай Х.Чойбалсан нарын Монгол ардын үндэсний хувьсгалын товч түүхийн 76 дахь талд байдаг.)
Мөн 1922 оны 11-р сарын 16-аар өдөрлөж “Монголын олон аймаг шавийг (савыг) баригч ачит номун дуйнхор Манзшири хутагтын” батлан үсэг зурсан Жи бин (Япон) улсын эзэн хаанд явуулсан Цэрэнпил гүнгийн бичиг байдаг. Уг бичигт: “буруу үзлээр эзэрхэн газар орныг эзлэн түйвээсэн улаан нам, тэдэн лүгээ урван нийлсэн монгол харгис хүмүүсийг хамтаар хядан сөнөөж, ойр дахинаар баярлалдах, хол дахинаар сүсэглэгдэх гэгээн гэрэлт их засгийн их хишгийг батад тогтоохыг” (БНМАУ-ын анхдугаар их хурал, УБ., 1984, 318 дахь тал) эрж байжээ.
Энэ бүхэн бол Монголын эрх мэдэлтэн бүгдээр гадны нөлөө, ангид үзэл бодол нэвтрэн орж ирэх явдлаас болгоомжилж, улс орноо Монголын ард түмний үе үеийн түүх, соёл, уламжлал, зан заншил, шашин тэргүүтнийг хадгалж, улмаар нүүдлийн өвөрмөц аж ахуйд зохицох хөгжлийн тийм замыг урьтал болгож байсныг илтгэсэн хэрэг хэмээн үзмээр. Амьдрал дээр бүрэн төгс боловсорчихсон хөгжлийн тийм цэгцтэй үзэл баримтлал хаа ч байдаггүй бөгөөд энэ нь үе үеийн хүмүүсийн оюун санааны ололт, ард түмний тэмцэлт үйл ажиллагааны үр дүнгээр баяжигдан боловсордог түүхэн жамтай.
Монголын төрөөс хөгжлийн үндэсний ардчилсан чиг баримтлалаа боловсруулах явдал багагүй саад бэрхшээлийг туулж, нэлээд урт хугацааны турш үргэлжлэн хөгжиж ирснийг тэмдэглэх хэрэгтэй.
Хориод оны заагаар улс орноо харийн дарлалаас чөлөөлөхийг урьтал болгосон, өөртөө үндэснийхээ өв уламжлал, оюун санааны баялаг санг агуулсан Түшмэдийн нам, Ноёдын нам, Ардын нам нь цаг хувьд ойролцоо зохион байгуулалтад орж, Монголын нийгмийн тавцан дээр гарч ирсэн нь шинэ үзэгдэл байв. Тухайн үеийн дотоод, гадаад нөхцөл байдлыг сайтар тооцож бодолцсоны эцэст “үндэс язгуурыг алдагдахгүй сахих баа дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжлах” үүднээс “ноёдын нам”, ”түшмэдийн нам ” ,”ардын нам” өөр хоорондоо нэгдсэн байж болох бөгөөд үүний ч улмаас үндэсний эв нэгдлийн бодлого хувьсгалийн эхний шатанд давамгайлах өнгө аястай явж ирсэн болов уу.
Ийнхүү “үндэс угсаагаа” хэмээн ”тэнгэрийн заяа, цагийн улирлыг” дагаж нэгдсэн дээрх нам, бүлгүүдийн үзэл санаа нь 1921 оны 3 дугаар сарын 1-ээс 3-нд Хиагтад болсон Монголын хувьсгалчдын зөвлөлгөөнөөс баталсан “Монгол Ардын Намаас Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичиг”-т тусгалаа олжээ. Үүнд: “Эдүгээ дэлхий дээр аливаа үндэсний аймаг улс бүгд цөм өөр өөрийн үндэс ёс суртлыг бадруулан хүмүүжих эрхийг эрхлэн бүхий цаг” мөний тул “манай монголын газар бүрийн олон хошуу шавийн ард түшмэд санал нэгдээд чин үнэнхүү зоригоор манай монгол үндэсний олон үндэсний олон амьтан, уул, газар, ус юугаа эзэлж, түмэн ардын зовлон жаргалын аливаа явдлыг цөм бүгдээр зөвлөрөн шийтгэж хүмүүжин боловсрох их замыг нээж, мөхсөн төр юүгээн дахин шинэчлэн босгож, тасарсныг залган, хэмхэрснийг эвлүүлэн нийлүүлэх үйлсэд амь бие эд зоорио огоортол зүтгэсүгэй ”хэмээн Монгол орны хөгжлийн ойрын төдийгүй алс хэтийн зорилтыг ч зүйлчлэн тодорхойлсон байна. МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичгийн үзэл санаа нь тодорхой цаг үеэр хязгаарлагдах ойрын зорилтоос үлэмж хальсан монголын хөгжлийн үндэсний ардчилсан баримтлалын гол агуулга , ноён нурууг илэрхийлснээрээ нам, төрөөс боловсруулсан дараа дараагийн баримт бичгүүдэд улам тодотгогдон боловсорч, удаа дараагийн мөрийн хөтөлбөрийн үндэс болсон гэж үзэх магадлалтай юм.
Хөгжлийн үндэсний ардчилсан үзэл баримтлалын чухал бүрэлдэхүүн хэсэг нь эдийн засгийн бодлого байдаг. Энэ талаар Монголын нам төрөөс явуулсан бүтээлч эрлийн нэг чухал үр дүн бол “Эдийн засгийн үндсэн бодлого” (МАН0-ын I их хурлын 1923 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар сайшааж баталсан) хэмээх баримт бичиг юм. Энэхүү сэдэвт: Монголын үндсэн уламжлалт аж ахуй-мал аж ахуйг хөгжүүлэхийг гол болгох нь төрийн эдийн засгийн бодлогын үндэс гэж тодорхойлоод өвс тэжээл, хашаа саравч, худаг усыг элбэгжүүлэх, малын элдэв өвчнийг эмчлэх зэргээр боловсон арга ажиллагааг нэвтрүүлэх, зарим нутагт тариа будаа , хүнсний ногоо, малын тэжээл тариалах, тариалан эрхлэх хүмүүсийг аль болохоор хөхүүлэн дэмжихийг онцлон зааж байжээ.
Мөн”Улс эрдэм мөхөс болбоос ажил үйлдвэр нь бүдүүлэг, эд хөрөнгө ба сүр хүчин буураад хэрэв эрдэм дэлгэрсэн болбоос элдэв зүйлийн боловсон арга хэрэглэж, эд хөрөнгө зузаан, сүр, хүчин их болно”. Иймийн тул “эдийн засгийг үүрд бат нот арвин зузаан болгоё хэмээвээс ард түмнийг эрх биш ердийн үсэг бичиг утга уянга ба тусгай ашиг тус бүхий эрдмүүдэд сургахад урьдал болговол зохино” гэж Эдийн засгийн үндсэн бодлогод тэмдэглэсэн нь түүнд дэвшүүлсэн зорилтууд зөвхөн цаг зуурын төдий бус үндэсний болон үндэсний ардчилсан хувьсгалийн ялалтаар эх нь тавигдсан үндэсний хөгжлийн ардчилсан шинжийг хадгалсан агуулгатай бөгөөд нэлээд урт удаан хугацаанд тогтвортой мөрдөгдөх шинжлэх ухааны үндэслэл бүхий чиг баримтлалыг тусгасан нь илэрхий байна.
Ийнхүү хувьсгалын эхний жилүүдэд ардын нам, төр монгол төрийн үе үеийн баялаг уламжлалд тулгуурлан улс орныхоо бодит нөхцөл, эрэлт хэрэгцээнд нийцсэн бодлого явуулахын төлөө бүтээлч эрэл хийж, шургуу ажилласаны үр дүнд Монгол орны нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан хөгжлийн цэгц чиг баримтлал боловсрогдсон байна. Энэхүү чиг баримтлалын үзэл санаа өнөөдөр ч ач холбогдолоо алдаагүй байгаа гэхэд болох буй за. Монголын өвөрмөц онцлог байдалд зохицсон хөгжлийн үндэсний ардчилсан үзэл баримтлагчид хувьсгалын дараахан үед олон байсны дотор МАН-ы Төв хорооны анхны дарга С.Данзан, Ерөнхий сайд Д.Бодоо, Жанжин Д.Сүхбаатар нараас эхлээд Намын Төв Хорооны дарга Ц.Жамбадорж , дэд дарга Н. Жадамба, нарийн бичгийн дарга Г.Гэлэгсэнгэ, Ерөнхий сайд Б. Цэрэндорж, А.Амар зэрэг хориод оны үеийн төр засгийн олон зүтгэлтнийг нэрлэж болох юм. Тэдний үзэл баримтлал урьд урьдынхаасаа илүү ардчилсан дэвшилтай байсан юм. Монголын хувьсгалчдын зөвлөлгөөнөөс баталсан Эрмэлзэх арван зүйлийн нэгдүгээрт: “Монголын олон аймгийн ард амьтны эрх мэдлийг мандуулан, дарлал боолчлолын зүйлүүдийг устган, түмэн ардын гашуун зовлонг арилгаад, энх түвшнээр аж төрөн, бусад олон үндсэн улсын адил аливаа эр чадал, эрдэм билэг юугаан бадруулан гэгээрүүлж, улам улам боловсрон хэн тэгш жаргацгаахыг хүснэ ” хэмээн тунхагласан нь улс үндэстнийхээ өвөрмөц байдлыг харгалзан нийгмийн дэвшилд хүрэх гэсэн тэдний эрмэлзлэлийг илэрхийлсэн хэрэг байв. Үүний зэрэгцээ эрс хувьсгал хийх, “дэлхийн хувьсгалийн онолыг ” Монголд турших үзэлтэй Коминтерний зорилгыг биелүүлэгч Элбэгдорж Ринчино мэтийн хүмүүс гарч ирж, Ардын намаас коммунист нам төрүүлэх, Залуучуудын эвлэлийг коммунист нам болгохыг оролдож, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Дорно дахины хөдөлмөрчдийн их сургууль (КУТВ) –д залуучуудыг илгээж суралцуулж байлаа. Энэ талаар “Үүнээс төдий л удахгүйгээр манай дорнод зүгийн эв хамт сургуулийн монгол сурагчид уул нутаг дор эгж буцах бөгөөд энэхүү сурагчдыг үлгэрлэвээс монголын уулуудыг төдий л өндөр дор үзэх үгүйгээр үл барам өргөж баруун тийш тавихаас үл татгалзмаар чанартай буйгаа Коминтерний төлөөлөгч Т.Рыскулов илэрхийлсэн байдаг.”
Коминтерний зүгээс, Монголд байсан Зөвлөлтийн элчин төлөөлөгчид, Зөвлөлтөд сургууль төгсөгчдөөр дамжуулан монголыг хөгжлийн үндсэний ардчилсан үзэл баримтлалын дагуу бус, эв хамтын ёсоор өөрөөр хэлбэл, хувийн өмчгүй, шашингүй, үндэсний уламжлалт бүх зүйлийг үгүйсгэсэн тийм үзэл онолыг хэрэгжүүлж эхлэх замыг нээж, түүнийг эсэргүүцэгчидтэй хатуу ширүүн тэмцэх болсон бөгөөд 1922 онд Бодоо тэргүүтэй хувьсгалын эсэргүү хэрэг гэгчийг зохиомлоор бий болгон нэр бүхий 15 хүнийг цаазалж өөрсдийн үзэл баримтлалыг үл хүлээн авбаас ингэнэ шүү хэмээн сүрдүүлэхээ харуулсан. Энэхүү Бодоогийн хэрэг гэгчийн талаар Коминтернд Ринчиногоос:”Бодоогийн явдал нь намд хамгийн аюултай бөгөөд ноцтой шалгалт болсон боловч нам түүнийг нэр төртэй давж гарав” хэмээн илтгэж байлаа.
Тийнхүү Бодоо нарыг хилс ташаа хэргийн учир золиосолсны дараа ч Монголоо хэмээсэн сэтгэл өвөрлөсөн төрийн олон зүтгэлтэн байж хөгжлийн үндэсний ардчилсан үзэл баримтлалаа улам цэгцтэй боловсронгуй болгож байжээ. Тухайлбал, С.Данзангийн Төв Хороонд мэдүүлсэн саналын өргөдөл, дээр дуридсан “Эдийн засгийн үндсэн бодлого” зэрэг олон баримт бичгийг дурьдаж болох юм. Тэдгээрийн дотроос С.Данзангийн саналын өргөдлийн үзэл санааг тоймловоос, тэрээр хүн төрөлхтний хөгжлийг “олон зэрэг дэс-ээр” явагддаг үлгэрлэвээс “авирах гишгүүрт нэгээс үүсгэн дэвших ба усан дор гүехнээс гүн дор орохоор утгын адил” хэмээн үзэж, “Үүний зэрэг дэс солигдвоос үл болох буюу өвсөдөө бүхий ёс мөн болобу хэмээлтэй” гэсэн нь Монгол улсын хөгжил нь байгалийн хуулын дагуу явахаас бус бүхэл бүтэн нийгмийг тухайлбал, (формацын онолоор) капитализмыг алгасан харайж хөгжиж эс болохыг тодорхойлсон бололтой. Чингэхдээ тэр нүүдлийн соёл иргэншлийг “илэрхий тэнэмэл ”, суурин, соёл иргэншлийг “нүүдэл суурьшсан ба боловсорсон” хэмээн нэрлэж, тэдгээрийн хөгжлийг өөрийн бодлоор тайлбарласан нь сонирхолтой бөгөөд түүгээрээ ч С.Данзангийн болон тухайн үеийн монголын зүтгэлтнүүдийн нийгмийн хөгжлийн талаарх үзэл онолыг лавшруулан судлууштай зүйл гэдгийг нотлож байна уу гэмээр.
Мөн өргөдөлд “олон улсад эрт ба эдүгээ дор өөрийн тогтсон хэв суртал нэн үлэмжхэн” хэмээн улс орон бүр өөрийн үндэсний зан заншил, соёл зэрэг өвөрмөц онцлогтой болохыг тэмдэглээд манай Монгол “шинэ ёсон алиныг үзээд тус үл мэдэн атал жигшин ухарсхиймой” гэсэн нь аливаа шинэлэг үзэл санаа, зүйлийг дотночлон үзэж хулээн авах нь мөн авч түүний тус, хорыг эхлээд сайтар ялган салгаж хандахгүй аваас нэг талаас бэлэнчлэн хуулбарлан дууриах туйлшралд, нөгөө талаас аливааг шүүмжлэн эсэргүүцэх туйлшралд хөтлөгдөх аюултайг хэлсэн холч санаа хэмээн үзмээр. Чингэсэн авч тэрээр “засах шинэтгэхийг алгуурлаваас аанай унтсан мэт” болно хэмээн үзсэн нь үндэсний онцлогоо хадгалахын зэрэгцээ нийгмийн дэвшил, шинэлэг соргог санааг хулээн зөвшөөрч байсныг харуулсан хэрэг юм. Иймээс С.Данзан 20 дугаар зууны эхэн үеийн Монголын хөгжлийн хүрсэн түвшин, дотоод гадаад байдал зэргийг сайтар тунгаан үзсэний эцэст “хоёрын дундыг үзэж зөвхөн хэмжээт эрхт засгийн ёсыг батлан байгуулах” саналаа боловсруулан Төв Хороонд айлтгасан нь тэр байв. Тэрхэн үеййн Монгол улсын түүхийг эргэцүүлэн харж байхад 1921-1924 онд (Богд хааныг таалал төгстөл байсан) Хэмжээт цаазат засагт Монгол улсын хэлбэр тухайн үөдээ үнэхээр зохицож байсан гэж хэлж болох бизээ.
Чухамдаа тийм л үзлийг С.Данзан болон хувьсгалын удирдагчид баримталж байсан юм. Энэхүү үзэл нь Монгол улсын хөгжлийн үндэсний ардчилсан үзэл баримтлалын хүрээнд даруй багтах бөгөөд үүгээрээ ч хойноос хуч түрэн орж ирсэн “социалист утопи” үзэлтэй харш байсан нь лавтай. Тиймээс ч ердөө л хоёрхон жилийн дараа Ринчино “Данзан бол хулгайч, урвагч, Данзан Засгийн эрхэнд байгаа цагт манай улс хэзээ ч амар тайван байхгүй нь илт байна. Тэгэхээр энэ хулгайчийг устгах хэрэгтэй” (МАН-ын 3 дугаар их хурал. УБ., 1966. 176 дахь тал) гэж намын 3 дугаар их хурлын индрээс дурэмдэж асан бол голлох оролцоотойгоор С.Данзан, Баваасан нарыг хурлын үеэр “хувысгалын эсэргуү” хэмээх хилс хэргийн учир устгажээ. Энэ тухай намын 3 дугаар их хурал дээр Зөвлөлтийн элчин төлөөлөгч Васильев: “ийм явдал ганц Монголд болсон юм биш, Орос оронд ч гарч байсан. Та нар их зөв юм хийлээ. Бид цөмөөр цус асгаруулахыг боддоггүй улс, гэвч олон хүнийг бүрэлгэхгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог удаа хааяа тохиолддог юм. Та нарын хийсэн үйл хэрэг Монгол 3СБНХУ хоёрын холбоо хэлхээг бэхжүүлэхэд дехөм болж, ач тусаа үзүүлэх болно гэж би бодож байна. Та нарын гаргасан шийдвэр бол аль ч талаар үзсэн хууль ёсны шийдвэр мөн. Та нар элдвийн юм бүү бодоорой” (МАН- ын 3 дугаар их хурал. УБ., 1966. 212 дахь тал) хэмээн Данзан нарыг устгасан тухайгаа цагаатгаж, тайлбарласан байдаг.
Энэ бухэн бол Монголын хөгжлийн үндэсний ардчилсан үзэл баримтлагчдыг шил шилийг Дараалуулан замаасаа зайлуулж, Монголд “Социализмын үл гүйцэлдэх” онолыг туршиж хэрэгжүүлэх замаа улам нээлттэй болгох зорилгоор Коминтерн, Зөвлөлтийн удирдлагын зүгээс хийсэн жигшүүрт алхмууд байсан юм.
1928 онд Б.Шмераль тэргүүтэй Коминтерний kомисс өөрийн биеэр Монголд ирж Ц. Дамбадорж нарын “баруунтан” хэмээгчдийг зайлуулснаар Коминтерн, тэдний гар хөл болсон “зүүнтнүүд” хөгжлийн үндэсний ардчилсан үзэл баримтлалыг түр хязгаарлаж, “социализмын үл гүйцэл дэх онолоо туршиж эхэлсэн нь үнэн түүх бүлгөө.
Эх түүхээ эрхбиш эргэж харж байх нь одоо болоод ирээдуйгээ арай тод харахад дөхөм болох бусуу.
Хянасан: Б. АРИУНБАЯР