Г.Уранцоож
/Эмэгтэйчүүдийн мэдээлэл судалгааны төвийн ажилтан (Ph.D)/
Шинэ толь №27, 1999
Түлхүүр үг: хөдөлмөрийн зах зээл, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн , жендэр, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Монголын Социал Демократ Эмэгтэйчүүд Хөдөлгөөн, Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо, Эмэгтэйчүүдийн Мэдээлэл Судалгааны Төв
Ардчиллын 10 жилд Монголын нийгэм эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлтүүд нийт хүн амын болон түүний дотор эмэгтэйчүүдийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлсэн гэдгийг бид бүгд сайн мэдэж байгаа билээ. Гэхдээ эдгээр нөлөөлөл нь эмэгтэйчүүдийг өөрчлөөд зогсохгүй тэднийг өөрсдийг нь нийгмийг өөрчлөгч идэвхтэй хүчин болгосон юм. Энэ идэвхтэй хүчний тухай ярина гэдэг нь Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний түхай ярина гэсэн үг юм.
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг судалж, баримт материалыг цуглуулах, цэгцлэх, дүн шинжилгээ хийх зэрэг чиглэлээр хийсэн ажил нэлээд дутагдалтай санагддаг. Ер нь энэ хөдөлгөөнийг Монголын түүхийн томоохон 3 үе шат болох 1921 он хүртэл, 1921-1990 он, 1990 оноос хойших үеийг гуравдахь үе болгон авч үзэж болох юм.
1921 он хүртэл Монголын түүхийн асар их хугацаанд эмэгтэйчүүд нийлэн аливаа хэргийн төлөө тэмцэн тодорхой үйл ажиллагаа явуулж байсан тухай биднийг хүртэл хадгалагдаж ирсэн түүхэн баримт бичиг хэрхэн дурьдсан байдгийг тодорхой хэлэх боломж алга. Гэхдээ монголын эмэгтэйчүүдийн нэрт төлөөлөгчид, тэдний нийгэмд эзэлж байсан байр суурь, гүйцэтгэж байсан үүрэг, оруулсан хувь нэмрийн талаар бид бүгд ухаант мэргэн бодлого, шударга үйл хэргээрээ түмэн олондоо алдаршин түүх болж үлдсэн Өэлүн эх, Мандухай хатан зэргийн жишээн дээр сайн мэддэг. Мөн ардын аман зохиол, үлгэр туулинд эмэгтэй хүн, эх хүн эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг эрхэм болгож үр хүүхдээ энэ үзэл санаагаар сурган хүмүүжүүлж байсан тухай ч бид мэднэ. Мөн тухайн үеийн нийгмийн хэв заншил болсон богтлох ёстой хэрхэн тэмцэж ирснийг ч бид мэддэг. Гэхдээ энэ бүхэн хувь хүний хүрээнд явагдаж байсан бөгөөд тэгээд ч тэр үеийн нийгэмд эмэгтэйчүүд нэгэн хүч болон нэгдэх хөгжлийн түүхэн нөхцөл бүрэлдээгүй байсантай холбоотой байж болох юм.
1921-1990 он хүртэл хугацаанд Монголын эмэгтэйчүүдийн амьдралд гарсан өөрчлөлтүүд одоогийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний хөгжилд маш чухал үүрэгтэй юм. 1924 онд батлагдсан Монгол Улсын анхны Үндсэн хуулиар иргэн бүхний тэгш эрхийг тунхагласан юм.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй болсон нь эмэгтэйчүүдийг нийгмийн нэгэн идэвхтэй бүтээлч хүчин болгоход чухал хүчин зүйл болсон Монголын эмэгтэйчүүд өөрийн байгууллагатай болсон Анх эмэгтэйчүүдийн байгууллага МАХН-ын дэргэд эмэгтэйчүүдийн тасаг нэртэйгээр байгуулагдан ажиллаж байгаад 1940-1969 онд Монголын Эмэгтэйчүүдийн Хороо болон ажилласан түүхтэй. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн байгууллагаас гүйцэтгэж ирсэн үйл ажиллагаа нь бүх нийтийг бичиг үсэгтэй болгох, эрүүл мэнд ариун цэврийг сайжруулах, “соёлын довтолгооны” суртап ухуулгын ажил, ахуй амьжиргааг дээшлүүлэхийн тулд туслах аж ахуйг хөгжүүлэх, хүнсний ногоо тариалах, хоол хүнсэндээ хэрэглэж дадах, гахай, тахиа үржүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэхэд, түүнд бүх нийтийг хамруулахад чиглэгдэн тодорхой амжилтанд хүрч байсан. Энэ хугацаанд монголын эмэгтэйчүүд өндөр боловсролтой, улс ардын аж ахуйн бүх салбарт эрчүүдийн адил ажилладаг, дадлага туршлагатай хүчин болтлоо өсч хөгжсөн юм.
1990 оноос эхэлсэн ардчиллын хөдөлгөөн эмэгтэйчүүдийн амьдралд, тэдний нийгэм эдийн засагт эзлэх байр суурь зэрэгт ихээхэн өөрчлөлтүүд авч ирсэн. Эдгээр сөрөг үр дагаварууд эмэгтэйчүүдийн амьдралд их нөлөөлсөн гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ Ардчилал нийт ард түмэнд түүний дотор Монголын эмэгтэйчүүдэд оюун санааны хувьд ихээхэн хувьсал хийхэд нөлөөлж, тэдний хүч зориг, тэмүүлэп эрмэлзлэлийг өдөөн өөрийнхөө амьдралын төлөө хариуцлага хүлээн, нийгмийн хөгжил, дэвшлийн төлөө, түүнд хувь нэмрээ оруулахын төлөө эвлэлдэн ажиллавал амжилтанд хүрнэ гэдэг итгэл үнэмшлийг авчирсан юм. Ийм ч учраас эмэгтэйчүүдийн олон тооны төрийн бус байгууллагууд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Үүнийг он тооллын дарааллаар харуулбал:
- 1990-1991 онд 2 ТББ (Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Монголын Социал Демократ Эмэгтэйчүүд Хөдөлгөөн, Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо г.м.)
- 1992-1994 онуудад 9 ТББ (Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан, Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн, Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо г м.)
- 1995-1998 онуудад 27 байгууллагууд (Эмэгтэйчүүдийн Мэдээлэл Судалгааны Төв г.м.)
- 1999 онд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгахын төлөө конвенцын хэрэгжилтийг хянах үндэсний сүлжээний төв.
Эдгээр байгууллагууд нь үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, хэлбэр зэргээрээ янз бүр. Гэхдээ нийгмийн дэвшлийн төлөө нийтлэг шинж чанарыг агуулдаг ба үүгээрээ ч эвлэлдэн тодорхой зорилгоор хамтран ажилладаг. Үйл ажилпагааны зорилго нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх, иргэний нийгмийг байгуулахад бүх нийтийн идэвхтэй оролцоог хангах, ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэх, эрүүл мэнд, эрхийн асуудлаар сургалт хийх, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн өрсөлдөх чадавхийг сайжруулах г.м. Эхний үед эмэгтэйчүүдийн байгууллагууд улс төрийн намуудын дэргэд байгуулагдаж байсан. Дараа нь нийгмийн асуудалд хандсан халамжийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бий болсон бол сүүлд нь эмэгтэйчүүдийн асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн чиглэлтэй байгууллагууд үүссэн. Одоогоор Хууль зүйн яаманд бүртгэлтэй эмэгтэйчүүдийн ТББ-дын тоо 50 орчим болоод байна.
Эдгээр олон байгууллагуудын үйл ажиллагаа ямар үр дүнд хүрч байна вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Энэ асуултанд хариулахын тулд юуны өмнө эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн үндэсний механизмтай болох эх суурь тавихад нөлөөлсөн гэж хэлж болох юм. 1992 онд Хүн ам зүй хөдөлмөрийн яаманд Эмэгтэйчүүдийн тасаг байгуулагдсан. Энэ нь 1996 онд гэр бүл, залуучууд, эмэгтэйчүүдийн газар болсон юм. 1996 онд Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Харин энэ хөтөлбөрийн хэрэгжилт төсөв, хөрөнгний асуудлаас шалтгаалан төдий л сайн биш байгааг дурьдахад харамсалтай байна.
Эмэгтэйчүүдийн ТББ-дын хамтын ажиллагаа нэлээд хөгжиж байна 1996 оны сонгуулийн үеэр эмэгтэйчүүдийн ТББ-д анхны эвсэл байгуулан улс төрийн намуудад нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан нь Их Хурлын эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
1996 оны намар эмэгтэйчүүдийн ТББ-дын анхдугаар чуулга уулзалт болсон. Энэ чуулганы үеэр эдгээр олон байгууллагуудыг холбосон, зохицуулсан, нэгттэсэн дээвэр байгуулага хэрэгтэй юм гэсэн санал гарч байхад, нөгөө талаас байгууллага бүр тус тусдаа өөр өөсрдийн зорилгот үйг ажиллагаагаа бие даан гүйцэтгэх боломж нөхцлөөр хангагдсан байх нь туйлын чухал гэж үзэн дээвэр байгууллагыг байгуулах шаардлаггүй гэсэн санал гарч нэлээт мэтгэлцэж байсан боловч Ерөнхий сайдаар толгойлуулсан, эмэгтэйчүүдийн бүх ТББ-Д эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамны ажилтнуудын төлөөлөл бүхий Үндэсний Зөвлөл гэдгийг байгуулсан юм. Гэвч энэ зөвлөлийн үйл ажилпагаа нэг, хоёр удаагийн уулзалтаас хэтрэлгүй зогссон билээ.
1988 онд болсон Эмэгтэйчүүдийн ТББ-дын 2 дугаар чуулга уулзалтаар Зөвшилцөх Зөвлөл гэж байгуулагдсан бөгөөд тодорхой хугацаанд тогтмол уулзалдах, мэдээллээ солилцох, төр засгийн болон Их Хурлын гишүүдтэй уулзалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь эмэгтэйчүүдийн ТББ-д хөгжин төлөвшиж, өөр өөрийн орон зайг олж, хамтран ажиллахад суралцаж байна уудаа гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.
Үүний зэрэгцээ төр засгийн байгууллагуудаас ТББ-г хүлээн зөвшөөрөх болж, аливаа санаачлагадаа урьж, хамтран ажиллах сонирхолтой болсон. Энэ нь Монгол улсад ардчилал гүнзгийрч, иргэний нийгэм хөгжих хандлагадаа орж байгаагийн нэг илрэл юм.
Монголын эмэгтэйчүүдийн ТББ-д ийнхүү ардчиллын 10 жилийн хугацаанд үүсэн хөгжиж, үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ энэ гурав дахь үе шатанд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн Монголд жинхэнэ утгаараа үүсэн бий болсон гэж үзэх нь зүйтэй болов уу. Учир нь эдгээр ТББ-д өөрийн санаачлага дээр үүсэн бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ гадна, дотно, дээрээс хэний ч заалт, зөвлөмжгүйгээр явагдсан үйл явц юм.
Тэгэхээр өнөөгийн шатанд эмэгтэйчүүдийн ТББ-дын анхаарлыг татан тэдний нэгдсэн үйл ажиллагааг шаардаж буй хоёр том асуудал байдаг. Үүний нэг нь эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн үндэсний механизмыг улам боловсронгуй болгох явдал юм. Энэ талаар өнгөрсөн 7 сард болж өнгөрсөн “Бээжингийн бага хурлын шийдвэр Монголын эмэгтэйчүүдийн амьдралд” сэдэвт үндэсний симпозиум дээр нэлээд дэлгэрэнгүй хэлэлцэж тодорхой санал боловсруулан гаргасан байгаа.
Хоёрдугаар чухал асуудал бол жендэр болон эмэгтэйчүүд судлалыг Монголд нэвтрүүлэх явдал гэж үзэж байгаа бөгөөд үүнийг 8, 9 сард ЛЭОС, ЭМСТ-өөс зохион байгуулсан эмэгтэйчүүдийн сургалт жендэр судлалын онол практикийн семинар зэрэг гэрчилж байна. Энэ сургалтуудад Японы болон Төв Европын Их сургуулийн профессорууд ирж хичээл заасан юм. Эдгээр сургалт, семинарт оролцсоны хувьд тэнд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахад эмэгтэйчүүд жендэр судлалыг монголд академик болон олон нийтэд зориулсан танин мэдэхүйн сургалтын хэлбэрээр нэвтрүүлэх мөн жендэрийн онол практикийн судалгааг чанарын өндөр түвшинд аваачих зайлшгүй шаардлага байгаа бөгөөд энэ талаар зөвхөн эмэгтэйчүүдийн ТББ-даар зогсохгүй их дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнуудад хамтран ажиллах их сонирхол байгаа нь ажиглагдаж байсан юм.
Эцэст нь Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний онцлогийн талаар цухас дурдъя гэж бодож байна. Монголтой адил шилжилтийн шатанд яваа Төв Азийн болон Зүүн Европын улсуудтай (хуучин ЗХУ-ын холбооны улсууд) харьцуулахад манай улсын эмэгтэйчүүдийн ТББ-ууд нэлээд төлөвшсөн, материаллаг бааз суурь нь бэхжсэн, чадавхи нь дээшилсэн, ер нь эдгээр шинж чанаруудаар илүү байдал ажиглагддаг. Төв Европын хуучин социалист лагерийн орнуудтай харьцуулахад монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг онолын хувьд судлах, дүгнэх, хэтийн төлөвийг тодорхойлох, мөн монголын нийгмийн ёс заншил, соёл, харилцааны асуудлаар жендэрийн судалгаа хийх явдал нэлээд хоцорч байх шиг санагддаг. Барууны өндөр хөгжилтэй орнууд дахь эмэгтэйчүүдийн хөдөлгөөнтэй харьцуулахад орчин үеийн монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний гол өвөрмөц шинж нь феминист үзэл суртал гэхээсээ ардчиллын үзэл суртлыг өргөн утгаар нь авч жигүүрлэсэн, нийгмийн дэвшил, хөгжлийн төлөө, хөгжилд бүх нийтийн тэгш оролцоог хангахын төлөө үзэл баримтлалтай гэж дүгнэхэд илүү тохиромжтой. Энэ нь мэдээж манай улс орнуудын нийгмийн хөгжлийн түүхэн ялгаагаар тайлбарлагдах байх.
Эцэст нь дүгнэж хэлэхэд 1990 оноос Монголд эхэлсэн Ардчиллын үйл явцад эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хөгжих таатай хөрс бүрэлдсэн. Ардчилал гүнзгийрэх тусам энэ хөдөлгөөн улам хөгжинө. Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хөгжсөнөөр ардчиллыг улам гүнзгийрүүлж, иргэний нийгэм байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм. Ардчилал мандутгай!