Шинэ толь №30, 2000
Т.Сэнгэдорж
ХЗДС-ийн Үндсэн хуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор
Ардчиллын үнэт зүйлсийг нийтэд сурталчлах талаар УТБА маш чухал ажлуудыг хийсээр ирсний нэг нь энэхүү цуврал бага хурал гэж бодож байна.
Өнгөрсөн арван жил түүхийн хувьд богино хугацаа боловч бүхэл бүтэн нийгмийн тогтолцоог үндсээр нь өөрчилж чадсан юм. Оноо байхад алдаа байдаг. Ардчиллыг зөв гольдрилоор нь авч явна гэдэг бол их чухал бөгөөд Монголын бүх нам, хүчнүүд энэ тал дээр нэгдэж ажиллах хэрэгтэй. Эрдэмтэн судлаачийн хувьд улс төрчид маань нийгэмд тогтвортой байдлыг хадгалах тал дээр анхаараасай гэж хүсэж байна. Мөн Монгол оронд ардчилал хөгжих эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн, гэвч орчингоо төлөвшүүлэх хэрэгтэй, амьдрал дээр хууль хэрэгжихгүй байгаа тал ажиглагдаж байна.
Засаглалын хэлбэрийн хувьд нэгэнт сонгосон парламентын засаглалыг улам цаашид төгөлдөржүүлээд явах нь зүйтэй гэж бодож байна.
Бид иймэрхүү хурал дээр улс төрчдөөс гадна хөндлөнгийн болоод, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судалгаа, баримтад тулгуурласан үнэ цэнэтэй мэдээллийг сонсох, мөн гадаад дотоодын олон байгууллагын санхүүгийн дэмжлэгээр эдгээрийг захиалга өгч хийлгэх нь ач холбогдолтой юм.
Ц.Гомбосүрэн
Удирдлагын академийн философи, улс төрийн тэнхимийн эрхлэгч, доктор
Эрдэм шинжилгээний үр дүн, онолын сурталчилгаа, практик дүгнэлт аль алиныг шингээсэн өнөөдрийн энэхүү бага хурлын чухал үйл ажиллагаанд оролцуулж, үг хэлэх бололцоо олгосонд талархаж байна. Нийт илтгэлүүд агуулга, мэдээлэл сайтай байна. Энэ илтгэлүүдээс санаа авч, сэтгэгдлийн чанартай хэдэн зүйлсийг хэлье. Тэгэхээр түрүүнд Элбэгдорж дарга улс төрийн харилцаанд жижиг зүйл байдаггүй тухай их зүйтэй юм хэлсэн. Ялангуяа засаглалын хуваарилалтын дээд өндөрлөгийн улсуудын улс төрийн харилцааны асуудал үнэхээр чухал бөгөөд зөвхөн өөрсдийнх нь төдийгүй нийт ард түмний амьдралтай холбоотой. Бид урьд нь нийгмийн амьдралыг материаллаг үйлдвэрлэл, материаллаг хүчин зүйлсээр тодорхойлогддог тухай ярьж, үзэл сурталчилж ирсэн. Юм юмыг харгалзаж үзэх бололцоо нээгдсэн өнөө үед нийгмийн харилцаа нь хүмүүсийн хүсэл эрмэлзлээр тодорхойлогддог болсон бөгөөд энэ нь ч зайлшгүй юм.
О.Энхтуяа
УИХ–ын гишүүн
Өнөө үед иргэд зөвхөн сонгох эрхээр хангагдаад зогсоогүй төрийн бодлого, шийдвэр гаргахад оролцох эрхээр хангагдсан Ялангуяа арван жилийн дараа эргээд харахад эрх чөлөөгөө хариуцлагатайгаар хэрэгжүүлэх эрх зүйн орчинд бодлого, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж чадах Төрийн бус байгууллага төлөвшиж эхэлж байгаа нь бидний хамгийн том амжилтын нэг.
Д.Ламзав
МСДН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн
Гурван зүйлийн талаар саналаа хэлье.
- Санал хураалт нууц байх тухай УИХ дээрх санал хураалт ил байх ёстой. Үндсэн хуульд УИХ-ын дарга, дэд дарга хоёрыг нууцаар сонгох заалт байгаа. Харин бусдыг нь ил болгох хэрэгтэй. Шалтгаан нь УИХ-ын гишүүд сонгогчдын өмнө хариуцлага тооцоход илээр erceн санал нь чухал зүйл юм. Түүнээс бус намын зүгээс хариуцлага тооцоход гол нь биш. Харин намын гишүүдийн доторх элдэв зөрчлөөс сэргийлэхийн тулд нам доторх санал нууц байх хэрэгтэй.
- Ерөнхийлөгчийн болоод парламентын засаглалын асуудал. Аль аль нь байсан ч ардчиллыг хумих зүйл байхгүй. Харин түрүүнд парламентын засаглалын тухай ярилаа. Гэхдээ үүн дээр хэлэхэд манайд ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог нь гүйцэтгэх засаглалын том зөрчил үүсгэж байгаа хэрэг. Нэгэнт сонгосон парламентын засаглалаа цаашид хөгжүүлэх нь чухал.
- Хүний эрх, Гэм буруутайг нотлох асуудал бол гол нь авилгатай холбогдож байгаа. Гэм буруутай эсэхийг нотолж байж шийтгэдэг. Төрийн албан хаагч авилгын хэрэгт холбогдсон тохиолдолд өөрийн хөрөнгийг нотлох, чадахгүй бол бодитойгоор тайлбарлах үүрэгтэй. Харин тайлбарлаж чадахгүй тохиолдолд шүүх түүнийг гэм буруутайд тооцно гэсэн дэлхий нийтэд дагаж мөрддөг чухал зарчим байдаг.
Ж.Занаа
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцын хэрэгжилтийг хянах Үндэсний Сүлжээний төвийн захирал
Бүх хүний төрөлхийн эрх буюу амьд явах, эрх чөлөөтэй халдашгүй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгөтэй байх эрх, түүгээр илэрхийлэгдсэн ашиг сонирхол нь төр, хуулийн чадлаас дээгүүр байдаг ба хүний амьдралын жам ёсны шаардлагаар нөхцөлдсөн байдаг.
Хүний эрхийн асуудлаарх Олон улсын хууль тогтоомжид зааснаар төр нь хүний эрхийг зөрчих аливаа асуудлыг гаргахгүй байх учиртай бөгөөд Монгол улс хүний эрхийг дээдлэн хүндэлсэн хүний эрхийн талаарх олон улсын тунхаглал, гэрээ, конвенцод санал нэгтэй нэгдэн орсон байдаг.
Монгол улсын Үндсэн хуулийн 14, 15, 16-р зүйлүүд нь хүний үндсэн болон жам ёсны эрхүүдийг хууль, эрх зүйн хүрээнд баталгаажуулан тунхагласан нь нийт иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалах үндсэн баримт бичиг болон хэрэглэгдэж байна.
Үндсэн хуулийн 14-р зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй” гэж заасан байдаг бөгөөд үүгээрээ иргэний ардчилсан төрийн үйл ажиллагааныхаа бодлого, зарчмыг хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэх чиглэлээр тод томруун томьёолсон юм. Энэ томьёолол нь манай улсаас 1981 онд нэгдэн орсон “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах Бүх хэлбэрийг устгах тухай” НҮБ-ын Конвенцын үзэл санаанд яв цав нийцэж байна.
Монгол улс улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах тухай тунхагласан нь жендэрийн тэгш эрхийн бодлогыг өөрийн Үндсэн хуульдаа шингээж өгсөн дэлхийн цөөхөн орны тоонд орж байна. Үндсэн хуулийн 16-р зүйлийн 2-11-р заалтууд нь “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” НҮБ-аас тунхагласан Конвенцын зарчмуудтай нийцэж тус Конвенцын 2, 3, 4, 7, 10, 11, 16-р зүйлүүдийн зорилго, үзэл санааг тусгасан байдгаараа манай улсын бусад хууль тогтоомжийн хүрээнд жендэрийн тэгш эрхийг баталгаажуулан хэрэгжүүлэх өргөн боломжийг нээж өгсөн гэж дүгнэж болно.
Үндсэн хуулийн 9-р зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан нь Конвенцын 3, 13-р зүйлд “Оролцогч улсууд нь эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй адил тэгш байх үндсэн дээр хүний эрх, үндсэн эрх чөлөөг эдлэх, хэрэгжүүлэх баталгааг буй болгох зорилгоор тэдний өв тэгш хөгжлийг хангахын тулд бүхий л салбарт зохистой бүх арга хэмжээ, түүний дотор хууль тогтоох арга хэмжээ авна”, “Оролцогч улсууд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр дор дурдсан эрхээр хангахын тулд эдийн засаг, нийгмийн амьдралд бусад салбарт эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахгүй байхад чиглэсэн зохих бүх арга хэмжээг авна” гэж заасантай нийцэж байна.
Үндсэн хуулийн 16-р зүйлийн 4-д “хүн бүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах” гэж заасан нь Конвенцын 11-р зүйлийн а, б, в-д заасан “хүн бүрийн салшгүй эрх болох хөдөлмөрлөх эрхээр хангах”, “ажилд ороход адил нөхцөл бололцоотой байх, түүний дотор ажилд авахдаа адил болзлоор шилж сонгох”, “мэргэжил ажлын төрлийг чөлөөтэй сонгох…” гэж заасантай нийцдэг.
Үндсэн хуулийн 16-р зүйлийн 11-д “улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй гэж заасан нь Конвенцын 16-р зүйлийн а-аас ж хүртэлх заалтуудын “гэр бүл бол адил эрх”, “гэр бүлийн байдлыг үл хамааран эцэг эхийн хувьд хүүхдийнхээ эрхийн талаар адил эрх, үүрэгтэй байна”, овог, нэр, мэргэжил, ажил сонгох эрхийг эхнэр, нөхөр тэгш эдлэх зэрэг зарчмуудтай нийцэж байна.
Дээрхи харьцуулалтаас үндэслэн дүгнэх аваас Монгол улсын Үндсэн хууль нь эрэгтэй, эмэгтэй иргэдийн хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрхийг бодит байдалд хэрэгжүүлэх буюу жендэрийн бодит тэгш эрхийг хангах үүднээс бусад хууль тогтоомжуудыг боловсруулан соёрхон баталсан эсэх асуудал бидний анхаарлын төвд байсаар байна.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц нь хүний эрхийн үндсэн зарчмуудыг тунхаглан, эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг хуулийн хүрээнд баталгаажуулан, бодит амьдралд хэрэгжүүлэхийг улс орнуудад үүрэг болгосон, жендэрийн тэгш эрхийг баталгаажуулах зорилготой олон улсын хууль, эрх зүйн баримт бичиг юм. Тус Конвенц нь 1979 онд НҮБ-аар хэлэлцэн батлагдсан ба Монгол улс 1981 онд бүхий л зүйл, заалтаар нь нэгдэн орсон билээ. Дашрамд хэлэхэд эмэгтэйчүүдийн асуудлаарх тив, дэлхийн олон улсын бага хурлууд тус Конвенцын үзэл санаа, зорилго, үндсэн зарчмуудын хүрээнд явагддаг юм.
Конвенц нь 6 хэсэг 30 зүйл, 90 гаруй заалттай. Конвенцын Нэгдүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхах гэсэн ойлголтод “…эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр улс төр, эдийн засаг, нийгэм соёл, иргэний болон аливаа салбарт хүний эрх, үндсэн эрх чөлөөг эдлэх, хэрэгжүүлэхэд нь хүйсээр ялгах буюу хязгаарлахыг” хэлнэ гэж заажээ.
Ер нь ялгаварлан гадуурхах байдал амьдрал дээр олон янзаар илэрч байгаа ба гол төлөв /1/ хүний аливаа эрх, эрх чөлөөгөө эдлэхэд нь хязгаарлах үйлдэл хийх эсвэл /2/ хүний аливаа эрх, эрх чөлөөг хангах үйлдэл хийхгүй байх нь элбэг байна. Жишээ нь: хүн бүр сурах эрхтэй байтал эрэгтэй хүүхдээ сургуулиас завсардуулах үйлдлийг эцэг, эхчүүд өөрсдийн эрх мэдлийг ашиглан хийх, эсвэл дуртай мэргэжлээрээ сонгон суралцах эрхтэй атал хөдөөгийн сургуулиудын 10-р анги төгсч байгаа охид хөвгүүдэд дуртай мэргэжлээрээ элсэн суралцах боломж олддоггүй гэх зэргээр олон жишээ татаж болно.
Конвенцын зүйл заалт тус бүр нь эмэгтэйчүүдийн улс төр зүйл 7/, хөдөлмөр эрхлэлт ба эдийн засаг зүйл 11/. Нийгэм соёл, иргэний /Зүйл 2, 3, 4, 5, 9, 10, 12, 13, 14, 15, 16/ эрхүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэйг улс орнуудын засгийн газруудад даалгасан байдаг. Харин конвенцын 8-р зүйлд “эмэгтэйчүүдийг ямар нэг хэлбэрээр ялгаварлан гадуурхалгүйгээр эрэгтэйчүүдтэй нэгэн адил нөхцөлд олон улсын хэмжээнд өөрийн засгийн газрыг төлөөлөх, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох бололцоогоор хангахын тулд зохистой бүх арга хэмжээг авах” үүрэгтэйг заажээ. Гэтэл манай орны хувьд эмэгтэй дипломатч хуруу дарам цөөхөн бөгөөд гадаадад суугаа элчин сайдуудад нэг ч эмэгтэй хүн байхгүй байна.
Конвенцын 4-р зүйлд “Улс орнууд эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд тэгш бус байдлыг хангах явдлыг түргэтгэхэд чиглэгдсэн түр зуурын, тусгай арга хэмжээ авахыг энэхүү Конвенцод тодорхойлсноор ялгаварлан гадуурхах явдал гэж үзэхгүй гэж заасан. Гэтэл эмэгтэйчүүдийн эсрэг олон төрлийн хүчирхийлэл, түүний дотор гэр бүл дэх хүчирхийллийн асуудлыг зарим хууль тогтоогчид уламжлал, ёс заншилтай холбон, үүнийг хуулиар зохицуулах ёсгүй гэж үзэж байна. Аливаа хүн хууль эрхийн хүрээнд заагдсан эрхээ эдлэхэд ямар нэг хүчирхийлэл, хязгаарлалтад өртөх ёсгүй бөгөөд хэрэв ийм явдал гардаг бол түүнийг зохицуулан шийдвэрлэх хууль байх учиртай.
Конвенцын 5-р зүйлийн а-д “аль нэг хүйсийг дутуу, эсвэл давуутай үзэх буюу эрэгтэй, эмэгтэйчүүдийн үүргийн талаар хэвшсэн үзэл санаанд дулдуйдсан атгаг сэтгэл, ёс зуршил болон бусад бүх практикийг устгах зорилгоор эрэгтэй, эмэгтэйчүүдийн зан төлөвийн хувьд нийгэм, соёлын хэв ёсыг өөрчлөх” гэж заасан. Гэвч манайд бэр богтлох, сүй тавих, Үүгээрээ хүү буюу хүүгийн талын чадал сүрийг үзүүлэх, эсвэл инж бэлгийнхээ үнэ цэнээр уралдан ирээдүйн гэр бүлийн хосын сэтгэл санаанд муугаар нөлөөлөх зэргээр хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад бодит нөлөө үзүүлэх хүчин зүйлүүд оршсоор байна. Иймэрхүү асуудлуудыг зохицуулах үүрэг хууль, эрх зүйн акт болон төр засгийн бодлогын хэмжээнд тавигдаж Үүнийгээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн тэгш эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд саад болж байгаа асуудал гарахаар “ёс заншил, уламжлалаар шийдэх ёстой асуудал байна” гэж үл тоомсорлон үзэх байдлыг гаргах ёсгүй юм.
Конвенцын 11-р зүйлийн а, б-д “хүн бүрийн салшгүй эрх болох хөдөлмөрлөх эрхээр хангах”, “ажилд авахдаа адил нөхцөл бололцоотой байх, түүний дотор ажилд авахдаа адил болзлоор шилж сонгох” гэж заасан. Гэтэл манай аль ч албан газар боловсон хүчнээ сонгон шалгаруулж авах тодорхой зарчимтай тогтолцоо бүрдээгүй учраас зeвхeн нас, хүйс, улс төрийн намын харьяаллыг нь харах, эсвэл нас, зүс, өндөр нам зэргээр нь ялгаварлан гадуурхах үзэгдэл давамгайлж байна.
Түүнчлэн эмэгтэйчүүдийг хамгаалах халдлагатайгаар тэднийг тэтгэвэрт гаргах насыг хүүхэд төрүүлж өсгөдөг гэдэг шалтгаанаар нь эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад 5-аас 25 жилийн өмнө тогтоож байгаа нь Үндсэн хуулиар заасан эрэгтэй, эмэгтэй хүн бүр адил тэгш хөдөлмөрлөх эрхтэй гэсэн заалтыг зорчих, үүгээрээ эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр, эдийн засгийн эрхүүдийг зөрчих нөхцөл, шалтгаануудыг бүрдүүлдэг гэж дүгнэж байна. Мөн 2-3 настай хүүхдээ асран хүмүүжүүлэх цалин болон тэтгэмжтэй чөлөөг эцэг, нөхөр нь байгаа нөхцөлд зөвхөн эмэгтэйчүүд эдлэхээр Хөдөлмөрийн хуулийн дагуу тогтоосон нь эхнэр, нөхөр, эцэг, эх, гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй байна гэсэн Үндсэн хууль болон Конвенцын үзэл санааг зөрчсөн байна. Мөн энэ ангилалд Гэр бүлийн хуулийн 24.3-т заасан “Хүүхэд эцгийн нэрийг хэрэглэнэ” гэсэн заалт ч хамааралтай. Дээр дурдсан жишээнүүд нь Конвенцын 2-р зүйлийн в, г, д, 3, 5-р зүйлүүд, 11-р зүйлийн 2-р заалт “Гэрлэсэн буюу хүүхэд гаргасан гэсэн шалтгаанаар эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангах…”гэх мэтчилэн заасныг зөрчсөн байна.
Ийм байдлыг зохицуулахад ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийг боловсруулан даруй хэлэлцэн батлах, эсхүл жендэрийн ялгаварлалтай хууль тогтоомжуудаа эргэн харж өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Энэ дашрамд дурдахад Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад “Ялгаварлан Гадуурхалттай тэмцэх хууль”-ийг гаргасан нь эдгээр орнуудад эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрхийг эрхэмлэн үздэг болсныг харуулж байна.
Эцэст нь Олон улсын гэрээ, нэгдэн орсон конвенцуудын заалтууд болон жендэрийн тэгш эрхийг дээд зэргээр тунхагласан Үндсэн хуулийнхаа зарчмуудыг бусад хууль тогтоомжуудаа боловсруулах, соёрхон батлахдаа баримталж байх, дээрхи хууль эрх зүйн баримт бичгүүдийн үзэл санаа, зарчмын дагуу зарим хуучин хууль тогтоомжуудын тодорхой заалтуудыг дахин хянан үзэх шаардлагатай байгааг тэмдэглэе.
Б.Намсрай
дэд доктор, дэд профессор.
Улс төрийн бодлогын асуудлаар шийдвэр гаргахад судалгааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтын менежментийг сайжруулахтай холбогдуулан нэгэн санал дэвшүүлмээр байна. Бодлогын шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэхэд байгаа байдлаа сайн шинжлэх, түүний үндсэн дээр ирээдүйгээ нарийвчлан прогнозлох асуудлаар энд үг хэлж, илтгэл тавьсан хүмүүстэй санал нэгтэй байгаа бөгөөд харин энэ талаар тодорхой механизм бий болгох нь чухал юм. Түүнчлэн судалгааны үр дүнг нэгтгэх асуудал чухал болж байна. Жишээлбэл, Д.Ганбатын тавьсан илтгэлд дунд давхарга нэмэгдэх хандлагатай байгаа буюу аж байдлаа хангалттай гэж үзэж байгаа хүмүүсийн талаар нэлээд өөдрөг дүгнэлт энд яригдаж байна. Харин Үндэстний Статистикийн Газрын судалгаанд орлогын жигд бус байдлыг харуулдаг жини коэффициент сүүлийн жилүүдэд бага зэрэг нэмэгдсэнийг харуулсан тоо баримт бий. Ингэхлээр судалгааны үр дүнг аль болох бодит байдалд ойртуулахад судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрдэмтдийн санал бодлоо харилцан солилцох арга механизмыг боловсронгуй болгох нь манай орны хувьд бас нэгэн тулгамдсан асуудал болж байгаа билээ. Энэ чиглэлээр ардчилсан хөдөлгөөн үүссэний 10 жилийн ойд зориулан УТБА-иас зохиосон цуврал бага хурал дорвитой алхам хийсэн арга хэмжээ болж байна гэж хувьдаа үзэж байна.
Одоо Монгол улс XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Үндэсний хөгжлийн үзэл баримтлал зэрэг суурь шинжтэй баримт бичгүүдтэй болсон. Эдгээр баримт бичгийн үзэл санааг байнга нарийвчлан цаг үеийн бодлогод тусгаж байхын тулд хөгжингүй орнууд, тухайлбал, Германы туршлагаар хошуучлагч хүрээлэнгийн захирлууд (тэднийг таван цэцийн зөвлөл гэж нэрлэдэг) хамтарч, жишээлбэл, тухайн оны эдийн засгийн байдал болон цаашдын төлөвийн талаар жил бүр илтгэл бэлтгэж Засгийн газартаа өргөн барьдаг туршлагыг Монголын нөхцөлд хэрэглэж байвал судалгааны үр дүн бодлогод тусах механизм бүрдэнэ гэж үзэж байна. Нөгөө талаас судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, зохицуулахад ач тустай юм. Удирдлагын Академи, Санхүү Эдийн засгийн Дээд сургууль, МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль, Зах зээл судлалын хүрээлэн хамтарч ийм илтгэл бэлтгэх, түүнийг зохион байгуулах, зохицуулах ажлыг УТБА хийж болох юм. Энд шаардагдах хөрөнгө төсөв гаргаж, чадвал жил бүр, эсвэл хоёр жил тутамд ийм ажил зохиодог байвал зохих үр дүнгээ өгнө гэж найдаж байна.
П.Очирбат
доктор
Монголын ардчиллын хөгжлийн арван жилийн түүхийг олсонтой нь, алдсантай нь дүгнэн ярьж байгаа энэ үед ер нь Монголын ардчиллын цаашдын хөгжилд нь анхаарах зүйл юу байна вэ гэдэг дээр нэг санаа хэлье.
Улс төрийн ардчилал чамгүй үр дүнтэй, магадгүй энэ чиглэлээр гараанаас хамт гарсан улс орнуудаас илүү амжилт олсон тал бий. Ардчилал гэдэг энэ ойлголтод эдийн засгийн ардчилал гэж нэг том юм бий. Эдийн засгийн ардчиллын хамгийн гол зүйл бол иргэдийг өмчтэй болгох асуудал бөгөөд бид үүнийг тууштай хийх ёстой. Ардчиллын хөгжлийн 200 жилийн түүхтэй Америкийг аваад үзэхэд тэнд эдийн засгийн ардчилал зохих түвшиндээ хүртэл хөгжөөгүй гэж үзэж байгаа. Ардчилал гэдэг тусгаар тогтнол, өмч хоёр дээр л тогтох ёстой. Социализмын үед иргэд өмч эзэмшихийг зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл өрнөдийн капиталист орнуудад капитал бол бас л цөөн бүлэглэлүүдийн гарт хуримтлагдсан ба хөлсний ажилчид өмч эзэмшигч болж чадахгүй байгаа. Тийм учраас АНУ-ыг шударга, ардчилагдсан орон гэхэд бас л учир дутагдалтай.
Дээрх судалгаанд шударга ёсны үнэт зүйлсийн өөрчлөлтийн тухай ярьж байна. Гэтэл шударга ёс гэдэг бол эдийн засгийн ардчиллын тэгш байдлыг л хэлээд байгаа юм. Тэгш байдал гэдэг бол тэгш хуваарилалт биш, тэгш байдлыг ашиглах, бүгд өмч эзэмших нөхцөлийг бүрдүүлэх явдал. Бид нар гарааны ижил нөхцөлийг бүрдүүлнэ гэж арван мянган төгрөг иргэддээ өгсөн. Үүнийг ашиглаж чадсан нь чадсан, чадаагүй нь чадаагүй. Тэгэхээр тэрнээс хойш бид өмч хувьчлалыг адрессгүй явуулж байгаа. Хэн мөнгөтэй нь авч байна. Гэтэл бодлого дотроо бид ер нь иргэдээ өмчтэй болгох аргыг яаж хийх вэ гэдгийг үнэндээ олоогүй. Өмч хувьчлал нэг хэсэг зөв, сайн явж байсныг нь дундуур нь удаашруулаад нэлээд цаг алдсан. Одоо эрчимжүүлж байна. Гэтэл энэ эрчимжүүлэлт дотор НЭГ орхигдоод байгаа юм бол өмчтэй болох хүсэлтэй, гэтэл боломж хараахан бүрдээгүй тийм хүмүүсийг өмчтэй болгох аргыг сүвэгчлэх ёстой байсан юм биш байгаа. Хэрэв өмчийн гэдэг утгаар шударга ёс гэдгийг энд үзүүлсэн бол их сайн сан.