Д. УРТНАСАН
МУИС-ЫН АРДЧИЛАЛ СУДЛАЛЫН ТӨВ
УЛС ТӨР СУДЛАЛЫН МАГИСТРАНТ
Д. УРТНАСАН
МУИС-ЫН АРДЧИЛАЛ СУДЛАЛЫН ТӨВ
УЛС ТӨР СУДЛАЛЫН МАГИСТРАНТ
Abstract
The COVID-19 pandemic has spread around the world and affect many social, economic, political activities of countries. One of the obvious manifeststions of this is that countries facing difficulties in influencing elections, such as postponing and organizing elections in risky conditions. The 8th parliamentary election was held in Mongolia on June 24, 2020, after making risk assessments. This research article aims to analyze the electoral process of some countries, including Mongolia, since The COVID-19 pandemic was confirmed. Some of the experiences in analyzing the electoral process, such as challenges and solutions, have covered in three sections: decision-makers, voters, election management and budgeting. Although it is impossible to discuss all the articles of The COVID-19 pandemic and electoral process, it is hoped that it will contribute to further researches.
Түлхүүр үг: Сонгууль, сонгуулийн үйл явц, санал хураалт, ардчилал, санал хураалтын тусгай зохион байгуулалт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын Сонгуулийн тухай хууль
The COVID-19 pandemic has spread around the world and affect many social, economic, political activities of countries. One of the obvious manifeststions of this is that countries facing difficulties in influencing elections, such as postponing and organizing elections in risky conditions. The 8th parliamentary election was held in Mongolia on June 24, 2020, after making risk assessments. This research article aims to analyze the electoral process of some countries, including Mongolia, sinse The COVID-19 pandemic was confirmed. Some of the experiences in analyzing the electoral process, such as challenges and solutions, have covered in three sections: decision-makers, voters, election management and budgeting. Although it is impossible to discuss all the articles of The COVID-19 pandemic and electoral process, it is hoped that it will contribute to further researches.
Түлхүүр үг: Сонгууль, сонгуулийн үйл явц, санал хураалт, ардчилал, санал хураалтын тусгай зохион байгуулалт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын Сонгуулийн тухай хууль
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Удиртгал
“БНХАУ-ын Хубэй Мужийн Үхань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа гарсан нь ДЭМБ-ын Хятад улс дахь оффист 2019 оны 12-р сарын 31-нд анх мэдээлэгджээ. 2020 оны 01-р сарын 30-нд Олон Улсын Эрүүл Мэндийн Яаралтай Тусламжийн Байгууллагаас өвчний дэгдэлтийг зарласан ба улмаар 3-р сарын 11-нд ДЭМБ-аас Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын хэмжээнд хүрсэн гэж мэдээллээ”[1]. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар Ковид-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2020 оны 07 дугаар сар 25 –ны байдлаар Коронавируст халдвар (КОВИД-19) дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдэж, нийт 15,5 сая хүн өвчилснөөс 8,87 сая хүн эдгэж, 634000 хүн нас бараад байгаа”[2] билээ. Тиймээс уг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд олон нийтийн төвлөрлийг сааруулах зорилгоор улс орнууд хэсэгчлэн болон бүх нийтийн хөл хорио тогтоох, олон нийтийн үйл ажиллагааг цуцлах, хилийн хориг тогтоох, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь эерэг, сөрөг шүүмжлэлийг дагуулж байна.
Коронавируст (КОВИД-19) халдварын идэвхжилт, халдварын тодорхойгүй байдал нь шийдвэр гаргагчдын яаралтай шийдвэр гаргах, үр дагаварыг тооцоолох зэрэгт хүндрэл учруулж, олон улс орнууд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааг цуцлах, хойшлуулахаас өөр аргагүйд хүрч байна. Үүний нэг илрэл бол сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд юм. Сонгууль бол олон нийтийг хамарсан нийгмийн томоохон үйл ажиллагаа, ардчилсан орны төрийн болон бүс нутгийн удирдлагаа сонгох ард түмний улс төрийн эрхийн хэрэгжилт, улс орны энхтайван байдал, ардчилал тогтвортой байгаагийн гол шалгуур, улс орны ил тод, аюулгүй, нэгдмэл байдлын илрэл байдаг. Иймд Коронавируст халдварын (КОВИД-19) үед сонгууль зохион байгуулах, эс зохион байгуулах нь ардчилал болон олон нийтийн эрүүл мэндийн аль нь чухал эсэх тал дээр олон сорилтыг дэлхий нийтийн өмнө бий болгож байна.
Аргазүй
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд Коронавируст халдварын (КОВИД-19) эрсдэлтэй нөхцөл байдал сонгуулийн үйл явцад хэрхэн нөлөөлж буйг олон улс болон Монгол улсын туршлагатай харьцуулан судлах онцлогоос хамааран нийгэм, улс төрийн шинжлэх ухааны харьцуулал болон кейс шинжилгээний аргуудыг хослуулан ашигласан болно. Эрдэм шинжилгээний мэдээлэл цуглуулах гол мэдээллийн эх сурвалж нь “Government published data” буюу “засгийн газрын албан ёсны мэдээлэл” болон олон улсын судалгааны байгууллага, судлаачдын хийсэн судалгаа шинжилгээ, холбоо бүхий ном, бүтээлүүд юм. Эрдэм шинжилгээ, судалгааны эх сурвалжуудыг судалгааны мэдээллийг боловсруулахад ашиглах ба энэ нь харьцуулсан судалгааны эрдэм шинжилгээний ач холбогдлыг нэмэгдүүлсэн хэмээн үзэж байна.
Олон улсын зарим туршлагаас
Коронавируст халдварын (КОВИД-19) үед сонгуулийн жил нь таарч байгаа улс орнуудын хувьд дараах сонголтуудыг хийж байна. Үүнд:
- Сонгуулийн үйл явцыг өөрчлөхгүй төлөвлөсний дагуу явуулах
- Сонгогчид болон санал авах байранд ажиллаж байгаа ажилчид, албан хаагчдын аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр сонгуулийн үйл ажиллагааг дахин тооцоолж, үргэлжлүүлэх
- Сонгуулийг хойшлуулах
Олон улсын Ардчилал болон Сонгуулийг дэмжих хүрээлэн /IDEA/[3]– гээс 2020.02.21-2020.07.19 хооронд дэлхий нийтээр сонгуулийн үйл явцадтай хобоотой үйл ажиллгаанд дүн шинжилгээ хийсэн бөгөөд эдгээрт бүх нийтийн санал хураалт, улсын болон орон нутгийн сонгуулиудыг хамруулжээ.
- 67 улс, нутаг дэвсгэрт улсын болон орон нутгийн чанартай сонгуулиа Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлаас болж хойшлуулсан бөгөөд үүнээс улсын сонгууль, бүх нийтийн санал хураалтаа 23 улс хойшлуулсан байна.
- 49 улс, нутаг дэвсгэрт улсын болон орон нутгийн чанартай сонгуулиа Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлаас болж хойшлуулалгүй явуулсан бөгөөд үүнээс улсын сонгууль, бүх нийтийн санал хураалтаа 31 улс зохион байгуулсан байна.
- 14 улс, нутаг дэвсгэрт Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлаас болж хойшлуулсан улсын болон орон нутгийн чанартай сонгуулиа зохин байгуулсан бөгөөд үүнээс улсын сонгууль, бүх нийтийн санал хураалтаа 10 улс зохион байгуулсан байна.
Зураг №1 Улсын болон бүс нутгийн чанартай сонгуулиуд (Map generated)[4]
Энэ хугацаанд хойшилсон улс болон орон нутгийн сонгуулиуд, бүх нийтийн санал хураалтуудыг нэгтгэн үзвэл Африк тивд 12, Америк тивд 19, Ази тивд 11, Европ тивд 29, Далай тэнгисийн бүсүүдэд 6 байна. Түүнчлэн зохион байгуулагдсан сонгуулиуд болон бүх нийтийн санал хураалтуудыг сараар нь авч үзвэл 2 сард 4, 3 сард 20, 4 сард 8, 5 сард 6, 6 сард 14, 7 сард 13 дэлхий нийтэд зохион байгуулагдсан бол 2020 оны 08 сараас 2020 оны 11 сарыг дуустал 27 сонгууль зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Зураг №2 Хойшлогдсон сонгууль болон бүх нийтийн санал хураалтууд
Зураг №3 Зохион байгуулагдсан сонгууль болон бүх нийтийн санал хураалтууд
Шийдвэр гаргагчид
Улс орнууд бүх шатны сонгууль болон бүх нийтийн санал хураалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, хойшлуулах нь тухайн улсын улс төрийн системийн онцлог, туршлага, эдийн засгийн хүндрэл, улс орны эрүүл мэндийн аюулгүй байдлын нөхцөл зэргийг харгалзан үзэж хууль тогтоох байгууллага, шүүх байгууллага, гүйцэтгэх байгууллагуудын аль нэгний эсвэл хамтарсан шийдвэрийн үндсэн дээр гаргаж байна. Ардчилсан үйл явцын суурь нь улс төрийн сонгууль бөгөөд сонгууль нь хүрэлцээтэй, тогтвортой, хууль ёсны байх зарчмыг баримтлан тогтмол хугацаанд зохион байгуулагдах нь чухал юм. Иймд цар тахлын үед явагдах сонгуулийн үйл явцад шийдвэр гарагчдын өмнө дараах сорилтууд тулгарч байна. Үүнд:
- Хэрхэн хөл хорионы үед хууль ёсны, иргэдээ төлөөлөх чадвартай ардчилсан институцийг сонгоход үр дүнтэй, найдвартай, аюулгүй аргуудаар сонгогчдын оролцоог хангах
- Сонгууль зохион байгуулах явцад сонгогч болон сонгуулийн ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах
- Цар тахлын үед сонгуулийн үйл явцыг ил тод, хүлээн зөвшөөрөгдөх байдлаар зохион байгуулах
- Сонгуульд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, угсаатны цөөнх зэрэг бүлгүүдэд соёлын хүчин зүйл, хэлний онцлог, орлогын тэгш бус байдал, арьс өнгөний үзэл, ажил мэргэжлийн сул тал, амьдарч буй газрын байршил зэргээс үл шалтгаалан оролцуулах боломжийг хангах
Сонгогчид
Иргэдийн Коронавируст халдварын (КОВИД-19) үед улс төрийн сонгуульд саналаа өгөх, сонгуулийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцохын төлөө эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаатай холбоотойгоор сонгуулийн үйл явцад олон нөлөө үзүүлж байна. Үүний тод илрэл бол халдварын эрсдлээс айх айдас ба энэ нь сонгуулийн ирцэд нөлөөлж буй явдал байна Тухайлбал, Франц улсад Хотын захиргааны анхан шатны сонгуулийн ирц 2014 онд 63,5% байсан бол 2020 онд 46% болж 17,5 хувиар буурчээ. Ираны Парламентын ээлжит сонгуулийн ирц 2016 онд 62% байсан бол 2020 онд 43% болж 19 функтээр буурсан нь 1979 оны Исламын хувьсгалаас хойших хамгийн бага ирцийн үзүүлэлт болж байна.
Мэдээллийн хүртээмжгүй байдал, буруу ташаа мэдээлэлд автах явдал нь сонгуулийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэх, иргэдийн халдвараас айх айдсыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Тухайлбал, Нигер улсад Коронавирусын халдвартай холбоотой мэдээллийг сонгуулийн үйл явцыг тасалдуулах зорилготой ашиглажээ. Сонгуулийн эрх бүхий байгууллагууд тодорхой бүс нутагт сонгогчдын бүртгэлийн явцыг зогсоосон гэсэн мэдээллийг хуурамчаар үйлдсэн хэмээж Үндэсний сонгуулийн хороо мэдээлэл хийсэн байна[5].
Хөл хорио, хязгаарлалтууд нь нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа үйл ажиллагаа боловч иргэдийн улс төрийн эрхүүд зөрчигдөх нэг үндэслэл болж байна. Тухайлбал, БНСУ-д 2020.04.02-04.14- ний хооронд зохион байгуулагдсан 21 дэх удаагийн парламентийн Сонгуульд “Гадаад оршин суух сонгогчдын санал авах үйл ажиллагаа КОВИД-19-ийн тархалттай холбоотой нэлээд олон улсад санал хураах байр ажиллуулах боломжгүй болсон. ҮСХ-ны тооцоолсноор 55 улсад санал хураах байр ажиллуулах боломжгүй болсноос үүдэн 87000 тооны сонгогч сонгуульд оролцож чадахгүй болсон нь гадаадад байгаа гэсэн бүртгэлтэй 172000 сонгогчдын бараг 51% юм. ҮСХ-ны зүгээс зарим хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөлтэй тулгарсан ба 2020 оны сонгуульд гадаадад оршин суугаа сонгогчдын дөнгөж 23,8% нь саналаа өгчээ”[6]
Сонгуулийн менежмент ба төсөв
Сонгуулийг аюулгүй, шударга, үр дүнтэй зохион байгуулахын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, зохистой зохион байгуулалт, дэг журам, ил тод байдал шаардагддаг. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын энэ үед нэр дэвшигч, сонгогч, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах хариуцлагатай үйл хэрэг зохион байгуулагчдад давхар оногдож байна. Сонгууль зохион байгуулах зардалд сонгуулийн бүх шатны ажилчдын цалин хөлс, сонгогчидын боловсролд зориулсан мэдээ мэдээллийн төлбөр, сонгуулийн тараах материал болон сонгогчдын саналын хуудас зэрэг хэвлэлийн өртөг, шаардлагтай тоног төхөөрөмж, программ хангамжийн өртөг зэрэг сонгуулийн зохион байгуулалттай холбоотой бүхий л зардал багтдаг. Коронавируст халдварын (КОВИД-19) үеийн сонгуулийн зардал өмнөх сонгуулиудаас нэмэгдсэн бөгөөд зардлын зориулалтыг голлох үйл ажиллагаагаар авч үзвэл:
- PPE буюу Хувийн хамгаалалтын хэрэгслүүд \Personal protective equipment\: Үүнд, амны хаалт, эмнэлэгийн бээлий, хамгаалалтын хувцас, гар ариутгагч шингэн болон цаасан алчуур, халуун хэмжигч, хамгаалалтын шил гэх мэт
- Эрүүл мэндийн ажилчдын цалин хөлс
- Special voting arrangement буюу санал хураалтын тусгай зохион байгуулалт: Урьдчилан санал өгөх \early voting\- Өмнөд Солонгос улсад, шуудангаар санал өгөх \postal voting\- Австралийн Сидней, Германы Бавариа, АНУ зарим муж, Польш улсад, хөдөлгөөнт хайрцаг \mobile box\- Сингапур улсад, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр санал өгөх \proxy voting\-Франц улсад тус тус ашигласан.
Хүснэгт №1 Сонгуулийн зарим нэмэлт зардлын нэгтгэл[7]
Харьяалал | Нэмэлт зардал | Нэмэлт зардлын тооцсон үнэ (Америк доллараар) | Сонгуулийн насны иргэд | Нэг сонгогчид ноогдох нэмэлт зардал(Америк доллараар) |
Австралийн нийслэлийн бүс | Урьдчилсан санал хураалт, цагийн ажилчид, олон нийтийн мэдээллийн зохион байгуулалттай ажил | 1,6 сая | 283,162 | 5,65 |
Канадын Саскачеван (Saskatchewan) муж | Амны хаалт болон гар ариутгагч, ариутгалын бодис | 0,3 сая | 815,000 | 0,38 |
Индонез | Эрүүл мэндийн арга хэмжээ | 98,8 сая | 191,671,984 | 0,52 |
Өмнөд Солонгос | Хувийн хамгаалалтын хэрэгслүүд | 16 сая | 43,814,504 | 0,37 |
Шри-Ланка | Гар ариутгагч болон нэмэлт ажилчид | 32-37 сая | 15,262,770 | 2,26 |
Уганда | Санал авах албаны хүмүүсийн сургалт, гар ариутгагч, халуун хэмжигч | 14,6 сая | 17,110,660 | 0,85 |
Украйн | Тодорхойгүй | 46 сая | 35,723,124 | 1,29 |
АНУ | Шуудангаар санал өгөх, биечлэн санал өгөх, цахим бүртгэл, олон нийтийн боловсрол | 2 тэрбум | 255,152,703 | 7,84 |
Дээрх хүснэгтээс харахад Коронавируст халдварын (КОВИД-19) эрсдлийг сонгуулийн үйл ажиллагааны үед бууруулахын тулд сонгуулийн явцад заавар зөвлөгөө өгч, хяналт шинжилгээ хийж байгаа эмч, эмнэлэгийн ажилчдын цалин хөлс болон урьдчилан сэргийлэх эмнэлэгийн тоног төхөөрөмжийн зардал мөн сонгуулийн үйл ажиллагаанд олон хүн цуглуулахгүй тулд авч хэрэгжүүлэх санал хураалтын өөр аргуудыг зохион байгуулахад түлхүү хөрөнгө мөнгө зарцуулжээ.
Санал хураалтын тусгай зохион байгуулалт жишээ №1
АНУ-ын Кентаки мужийн сонгуульд шуудангийн санал хураалтын аргыг хэрэглэсэн бөгөөд хоёр хүн тутмын нэг нь уг аргаар санал хураалтад оролцсон нь 9 сая долларын зардлыг 12 сая болтол нэмэгдүүлсэн байна. Учир нь шуудангийн зардал, хэвлэх зардал, санал тоолох нэмэлт ажилчдын зардал зэрэгт зарцуулсан байна.
Санал хураалтын тусгай зохион байгуулалт жишээ №2
2020.09.28-2020.10.17-ны хооронд зохион байгуулагдах Австралийн Нийслэлийн Хурлын сонгууль (Australian Capital Territory general election) 16 сая доллар нэмэлтээр шаардагдаж байгаа бөгөөд урьдчилсан санал хураалтад (early voting) зориулан олон нийтийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахын тулд ажиллуулах 5 мэдээллийн төвийг 15 болгож 20 өдрийн турш үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна.
Коронавируст халдварын (КОВИД-19) үед Special voting arrangement буюу санал хураалтын тусгай зохион байгуулалтыг хэрэгжүүлэхдээ санал хураалтын олон сонголтод аргуудыг ашиглах, санал хураалтын өөр хэрэгслүүдийг ашиглах, тав тухтай санал өгөх боломжийг бүрдүүлэх, санал хураалтын онцгой сувгуудыг ашиглах зэргийг харгалзан үзэж байна.
Монгол улсын туршлагаас: 2020 оны УИХ-ын сонгууль
2020 он Монголын улс төр, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт, шинэчлэлүүд хийгдсэн, түүнчлэн дэлхий нийтийг цочроож буй Коронавируст халдварын (КОВИД-19) үед УИХ, Орон Нутгийн ээлжит сонгууль зохион байгуулагдаж буй өрнүүн жил болж байна. 1992 онд батлагдсан Монгол улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд 2019.11.14-ний УИХ-н нэгдсэн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн 28,5% буюу 19 зүйл, З6 заалтад өөрчлөлт оруулахыг дэмжин баталснаар Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020.05.25-ны өдрийн 12 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхлэсэн юм. Түүнчлэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль зэрэг 40 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль зүйн хувьсгал хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм.”[8] Коронавируст халдварын (КОВИД-19) үеийн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөл байдалд УИХ, Орон Нутгийн ээлжит сонгууль зохион байгуулагдах болсон нь олон нийтийн зүгээс халдварын эрсдлээс айх, сонгуулийг хойшлуулах, сонгуулийн зардлыг бусад шаардлагатай үйл ажиллагаанд зарцуулахыг дэмжих зэрэг хандлага ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020.03.25-ны өдөр ард түмэндээ хандан зургаан зүйл “Улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах, үүний тулд энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх, хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх шаардлагатай байна” [9] хэмээх агуулга бүхий уриалга дэвшүүлсэн хэдий ч Монгол Улсын Үндсэн Хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль зэрэгт заасны дагуу сонгууль хойшлуулах эрх зүйн үндэслэлгүй, мөн дотооддоо Коронавируст халдвар (КОВИД-19) алдаагүй[10] зэргийг харгалзан үзэж УИХ, Орон нутгийн ээлжит сонгуулийг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулахаар шийдвэр гарсан.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн 13 нам, 4 эвслийг бүртгэж батламж олгосон бөгөөд УИХ-ын сонгуульд нийт 606 хүнийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосноос 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч сонгуульд оролцжээ. УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнгээр Монгол Ардын Намаас – 62, Ардчилсан Намаас – 11, “Та бидний эвсэл”-ээс /МАХН-ИЗНН-МҮАН/ – 1, “Зөв хүн электорат” эвслээс – 1, бие даан нэр дэвшигч – 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо.
Шийдвэр гаргагчид
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж энэхүү журмыг нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлж, зөвлөмж, чиглэл өгч ажилласан.
Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дараахь зарчмыг баримтална:
- Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх;
- Ил тод, хариуцлагатай байх;
- Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;
- Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах
Сонгогчид
Монгол улс 1992 оноос хойш 2020 он хүртэл нийт 8 удаагийн парламентын сонгууль явуулсан бөгөөд эхний 6 удаагийн сонгуулийн ирц тогтмол буурсан бол 2016 онд 73,58%-д хүрч өмнөх сонгуулиас 6,28 функтээр өссөн бол 2020 онд 73,60% болж өсөлтөө хадгалсан үзүүлэлттэй байна.
Зураг №2 Сонгогчдын ирцийн мэдээллийн харьцуулал[11]
УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль Коронавируст халдварын (КОВИД-19) эрсдэл, түгшүүр дунд зохион байгуулагдсан хэдий ч ирцийн үзүүлэлт өндөр байгаа нь сонгогчдын боловсролд зориулсан сургалт сурталчилгаа, уриалга, мэдээ, мэдээллийн хүртээмж, цахим нөлөөлөл, сурталчилгааны үүрэг маш их болсонтой холбоотой. Төр, төрийн бус байгууллага, нам, нэр дэвшигчид, олон улсын байгууллагууд сонгуулийн ба сонгуулийн бус үед цахим орон зайг ашиглан сонгогчдод нөлөөлөх зорилготой мэргэжлийн багууд ажиллуулах болсон. Тухайлбал, USAID, IRI, The Asia Foundation зэрэг олон улсын байгууллагуудын зохион байгуулсан ӨГЛӨӨ, НАДАД НЭГ САНАЛ БАЙНА зэрэг залуучуудын сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх зорилго бүхий цахим хөтөлбөрүүд нь үр нөлөө өндөртэй байсан.
Зураг №3 Сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх цахим хөтөлбөрийн жишээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 02 хүртэлх хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов. Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглосон. Монгол улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр 2020.01.28-07.15-ны хооронд нийт 44 улс орноос 13853 иргэнээ татан аваад байгаа бөгөөд 55 улсаас 10513 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн байна. Монгол улс болон хилийн хориг тавьсан бусад улс орнуудын шийдвэрээс шалтгаалан янз бүрийн зорилгоор урт, богино хугацаагаар гадаад улс орныг зорьсон иргэд Монгол улсдаа ирэх боломжгүй болсон нь сонгуульд оролцох бололцоогүй болгожээ. Мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд “Гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын сонгогчдын УИХ-ын сонгуульд оролцох, саналаа өгөх эрхийг хуульчилж заагаагүй.”[12]байгаа нь гадаадад оршин суугаа, сонгуулийн насны 150 мянга гаруй иргэдэд мөн л сонгох эрх олгогдсонгүй.
Сонгуулийн менежмент ба төсөв
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 2015.12.25 нд батлагдсан “Сонгуулийн тухай хууль” 2019.12.20 нд шинэчлэгдэн батлагдсан бөгөөд өмнөх хуулиар бүх сонгуулийг нэг багц хуулиар зохицуулдаг байсан бол шинэ хуулиар УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийг тус тусдаа бие даасан хуулиар зохицуулахаар хуульчилсан байна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд нэг танхимт парламент болох УИХ-ын 76 гишүүнийг томсгосон тойрог бүхий мажоритар системээр сонгохоор заажээ. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг тус бүр 2-4 мандат бүхий 29 тойрогт хуваасан. Энэ удаагийн сонгуулийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгууллаа”[13]. Коронавируст халдварын (КОВИД-19) УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг сонгогч болон сонгуульд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс сонгуулийн санал авах байр, нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааны үйл ажиллагаа явуулах өрөө тасалгааны ариутгал халдваргүйжилтыг ханган, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүж, оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд танхимд хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулахыг журамлажээ. Түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлий өмсөн, гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ хэмээн заасан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд сонин хэвлэл, радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид иргэдийг сонгох эрхээ эдлэх, сонгуульд оролцохдоо коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх журам, дэглэмээ мөрдөх, сонгуулийн явц, санал хураалтын дүнг нийтэд шуурхай мэдээлж ажилласан байна. Санал авах байранд сонгогчийн санал авах үед болон сонгуулийн үйл явцын бүхий л үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын нийт 35772 төрийн алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавин ажилсан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль нь хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд явагдсан ч гадаад орны хэвлэл мэдээллийн 11 байгууллагын 14 сурвалжлагч, Монгол Улсын хэвлэл мэдээллийн 72 байгууллагын 380 сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжилж мэдээллийг цаг тухайд нь шуурхай дамжуулж ажиллалаа хэмээн СЕХ-оос мэдээлжээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 20,5 тэрбум, Орон нутгийн сонгуульд 16,6 тэрбум, сонгууль зохион байгуулахтай холбоотой цагдаагийн байгууллагад 1 тэрбум, УБЕГ 4,8 тэрбум, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт 0,1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төсөвлөсөн байна. 2016 оны УИХ, Орон нутгийн хамтарсан сонгуульд 16,4 тэрбум төгрөг зарцуулсан. Сонгуулийн зардлын өсөлт нь дараах хэд хэдэн шалтгаантай хэмээн таамаглаж байна.
- Инфляцийн түвшний өсөлт: Статистикийн Мэдээллийн Нэгдсэн Сангийн мэдээгээр инфляцийн түвшин 2015 онд 1,9, 2016 онд 1,3 байсан бол 2019 онд 5,2 хувь болсон байна.
- Сонгогчдын тоо: 2020 онд 2,003,969 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,475,780 нь сонгуульд санаа өгсөн бол 2016 онд 1,911,047 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,406,123 нь сонгуульд санаа өгсөн байна.
- Коронавируст халдварын (КОВИД-19) эрсдэлтэй холбоотойгоор PPE буюу Хувийн хамгаалалтын хэрэгслүүд \Personal protective equipment\ зардлууд нэмэгдсэн.
- Коронавируст халдварын (КОВИД-19) эрсдэлтэй холбоотойгоор сонгуулийн ажилчид болон хэсгийн хорооны тоо нэмэгдсэн: 2016 онд 1998 хэсгийн хороо, 20000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байсан бол, 2020 онд 2070 хэсгийн хороо, 35772 төрийн албан хаагч ажилласан байна.
Дүгнэлт
Коронавируст халдварын (КОВИД-19) үед бүх шатны сонгууль болон бүх нийтийн санал хураалт товлогдсон улс орнууд, Монгол улсыг оролцуулан тухайн улсын улс төрийн системийн онцлог, туршлага, эдийн засгийн хүндрэл, улс орны эрүүл мэндийн аюулгүй байдлын нөхцөл зэргийг харгалзан үзэж төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, хойшлуулах эсэх нь шийдэгдэж байна.
Сонгууль болон бүх нийтийн санал хураалтыг зохион байгуулж буй улс орнуудын шийдвэр гаргагчид үйл ажиллагаа төлөвлөхдөө сонгогчид болон сонгуулийн үйл явцад оролцож буй бүх шатны албан хаагчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан, халдвараас урьдчилан сэргийлж ажиллах , сонгуулийн үйл явцыг ил тод, хариуцлагатай, шударга, хүлээн зөвшөөрөгдөхүйцээр зохион байгуулах, сонгогчдын тэгш оролцоог хангах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангаж ажиллах зэрэг зарчмуудыг баримтлан ажиллаж байна.
Сонгогчид Коронавируст халдварын (КОВИД-19) эрсдлээс айх, хол хорио тогтоох шийдвэрийн улмаас олон улс оронд сонгогчдын оролцоо болон ирц бага байх, мэдээ мэдээллийн хүртээмжгүй байдал, буруу мэдээлэлд автах зэрэг нь мөн нөлөөлж байна.
Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад зарцуулах төсвийн хэмжээ өмнөх сонгуулиудаас нэмэгдсэн бөгөөд улс орны эдийн засгийн нөхцөл байдал, инфляци зэргийн нөлөө байгаа хэдий ч PPE буюу Хувийн хамгаалалтын хэрэгслүүд \Personal protective equipment\, эрүүл мэндийн ажилчид болон нэмэлтээр ажиллаж буй сонгуулийн ажилчдын цалин хөлс, special voting arrangement буюу санал хураалтын тусгай зохион байгуулалт зэрэг цар тахлын эрсдлийг бууруулахтай холбоотой зардлууд ихээхэн нөлөөлсөн байна.
Коронавируст халдварын (КОВИД-19) эрсдлээс сэргийлэх, бууруулах зорилгоор санал хураалт, сонгогчдын бүртгэл, сургалт сурталчилгааны олон хэлбэрт аргуудыг хослуулан ашиглаж байна.
Ашигласан эх сурвалж
- Erik Asplunds, James Toby, Clark Alistair, 2020.07.14, democraticaudit.com, int., electoral-officials-need-more-money-to-run-elections-during-covid-19 (нэвтэрсэн 2020 оны 07 24).
- Fernando Buril, Darnolf Staffan, 2020.03.27, Low voter Turnouts, fear, disigformation and disrupted supply chains: How Election Commissions are unprepared for COVID-19, org.. (нэвтэрсэн 2020 оны 07 22).
- James Toby S, 2019, Austerity and Financial Investment in Electoral Management; Chapter 12.” Comparative Electoral Management: Performance, Networks and Instruments-Д, Toby S James-ээр. Routledge,.
- “Multimedia reports/ Global overview of COVID-19: Impact on election.” int. 2020. 07. 22, (нэвтэрсэн 2020 оны 07 23).
- Patterson Thomas E, 2008, The American Democracy. New York: McGraw-Hill Companies, Inc,
- Voting in the year of COVID-19, org. 2020. 07.07, (нэвтэрсэн 2020 оны 07 20).
- Антонио Спинелли, 2020, КОВИД-19 халдварын тархалтын үед сонгууль зохион байгуулах нь Өмнөд Солонгос улсын туршлага, org/10.31752/idea, (нэвтэрсэн 2020 оны 07).
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн Цэцэд заллаа.” gov.mn. 2020.01.13, (нэвтэрсэн 2020 оны 07 24).
- Т. Түмэнжаргал, Г.Эрдэнэбаяр, 2020, Монгол Улсын Сонгуулийн Хуулийн өөрчлөлт: Хэрэгжилт, Боловсронгуй болгох асуудал, Политлоги №18 (534),: 94-116 тал
- Ч. Содномцэрэн, 2020, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Илтгэл, Улаанбаатар,.
- Э. Саранцэцэг, 2020, БНСУ-ын 21 дэх удаагийн Парламентийн сонгуулийн нөхцөл байдал.” Политлоги №18 (534), 77-85 тал
- gec.gov.mn
- 1212.mn
- legalinfo,mn
- mof.gov.mn
- idea.int
- nso.mn
- www.ifes.org
Ишлэл зүүлт:
[1] Э. Саранцэцэг. “БНСУ-ын 21 дэх удаагийн Парламентийн сонгуулийн нөхцөл байдал.” Политлоги №18 (534), 2020: 77-85.
[2] www.who.int, Coronavirus disease (COVID-19)
[3] International IDEA: Олон улсын Ардчилал болон Сонгуулийг дэмжих хүрээлэн нь бүх нийтийн хүсэл эрмэлзлэл болон тогтвортой хөгжлийг идэвхжүүлэгч байж дэлхий нийтээр ардчиллыг хөгжүүлэхэд зөвлөгч байх эрхэм зориго бүхий засгийн газар хоорондын байгууллага юм. Үүний тулд ардчилсан бүх шатны үйл ажиллагааны болон улс төрийн институтуудын хүчирхэг, аюулгүй байдлыг дэмжих замаар ажилладаг. Үйл ажиллагаа нь 3 гол чиглэлд анхаарлаа хандуулдаг. Үүнд: сонгуулийн үйл явц, үндсэн хууль боловсруулах үйл явц, улс төрийн оролцоо ба төлөөлөл.
[4] 2020.07.22 Олон улсын IDEA-ын “Согуулийн эрсдлийн менежментийн арга хэрэгслүүд (ERM Tool)
[5] Fernando Buril, Darnolf Staffan, 2020.03.27, Low voter Turnouts, fear, disigformation and disrupted supply chains: How Election Commissions are unprepared for COVID-19, ifes.org.. (нэвтэрсэн 2020 оны 07 22)
[6] Антонио, Спинелли. “КОВИД-19 халдварын тархалтын үед сонгууль зохион байгуулах нь Өмнөд Солонгос улсын туршлага.” doi.org/10.31752/idea.2020.18. 2020 оны 07. (нэвтэрсэн 2020 оны 07).
[7]Erik Asplunds, James Toby, Clark Alistair, 2020.07.14, democraticaudit.com, idea.int., electoral-officials-need-more-money-to-run-elections-during-covid-19 (нэвтэрсэн 2020 оны 07 24)
[8] “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн Цэцэд заллаа.” conscourt.gov.mn. 2020 оны 01 13. (нэвтэрсэн 2020 оны 07 24)
[9] https://president.mn/14129/
[10]ДЭМБ-ын мэдээлж байгаагаар Коронавируст халдварын (КОВИД-19) анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2020 оны 7 дугаар сар 25 –ны байдлаар “Коронавируст халдвар (КОВИД-19) Монгол улсад нийт 288 хүн өвчилснөөс 217 хүн эдгэж, нас баралт 0 байна
[11] Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан
[12] Т, Түмэнжаргал, ба Эрдэнэбаяр Г. “Монгол Улсын Сонгуулийн Хуулийн өөрчлөлт: Хэрэгжилт, Боловсронгуй болгох асуудал.” Политлоги №18 (534), 2020: 94-116
[13] Ч, Содномцэрэн. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай.” Илтгэл, Улаанбаатар, 2020.