Ж.Бямбадорж
/УИХ-ын гишүүн/
Шинэ толь №28, 1999
Түлхүүр үг: Бүх нийтийн сонгууль , ашиг сонирхол, Сонгуулийн хэлбэр , Сонгуулийн шууд зарчим, чөлөөт зарчим
Үндсэн хуулийн эрх зүйд сонгууль нь нэг талаас төрийн тэргүүн, парламент, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хуульд заасан журмаар байгуулах ардчилсан арга хэрэгсэл, нөгөө талаас иргэд төрийг удирдах хэрэгт шууд оролцож байгаа ардчиллын нэг хэлбэр болдог. Ийм ч учраас бүх нийтийн сонгууль нь ардчиллын гол хэмжүүр байдаг байна.
Сонгуулийн мөн чанарыг бүрэн танин мэдэж, нийгмийн улс төрийн амьдралд үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд түүний нийгмийн үүрэг, хэлбэр, тогтолцоо, зарчим, процесс зэргийг нарийвчлан судалж, цаашид улам боловсронгуй болгож байх хэрэгтэй байдаг байна.
Сонгуулийн нийгмийн үүрэг
Бүх нийтийн сонгууль нь нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Сонгууль нийтийн засгийн байгууллагыг бүрдүүлэх гол арга хэрэгсэл юм. Парламент, төрийн тэргүүн, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллыг зарим цөөхөн оронд шүүх, Засгийн газрыг сонгуулиар байгуулдаг. Ардчилсан оронд төрийн дээрх байгууллагыг бүрдүүлдэг сонгуулиас өөр арга байдаггүй байна.
- Сонгууль иргэдийн улс төрийн чухал эрхийн нэг сонгох, сонгогдох эрхийг хангах гол боломжийг бий болгодог.
1948 онд НҮБ-ын баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ард түмний хүсэл зориг бол засаг төрийн үндэс мөн. Мөн хүсэл зориг нь бүх нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүлэх үндсэн дээр саналыг нууцаар хураах, эсхүл саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр бусад хэлбэрийг ашиглах замаар тогтмол, хуурамч бус сонгууль явуулахад илрэлээ олно” гэж заасан нь дэлхий нийтээр сонгох эрхийг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл бол бүх нийтийн сонгууль гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.
Манай улсад ардчилсан төрийн байгуулал тогтсон 1921 оноос эхлэн иргэдийн сонгох эрхийг хуульчлан тогтоож хэрэгжүүлж эхэлснийг төр, эрх зүйн түүхээс харж болно. 1992 оны шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Монгол Улсын иргэд “шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлал төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг.
- Сонгууль улс төрийн амьдралын тухайн үеийн нөхцөл байдлыг илэрхийлдэг барометр (хэмжүүр) болдог.
Сонгуулийн явцад улс төрийн хүчнүүдийн ашиг сонирхол, үзэл бодол ямар байгаа нь харагддаг төдийгүй тэдэнд ард түмний зүгээс тодорхой үнэлэлт өгч улс төрийн амьдралын цаашдын чиг хандлага тодорхойлогддог.
- Сонгууль улс төрийн удирдагчдыг солих боломжийг ард түмэнд олгодог. Монгол Улсын Үндсэн хуулийн ёсоор УИХ-д олонхийн суудал авсан нам эвсэл төрийн эрх барих, Засгийн газраа байгуулах эрхийг ард түмнээсээ олж авдаг. УИХ-ын бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд олон түмний итгэлийг олж, сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй, алдаа эндэгдэл гаргаж нэг ёсондоо тааруу ажиллавал дараагийн сонгуулиар тэр улс төрийн хүчин ард түмний дэмжлэг авдаггүй, харин өөр улс төрийн хүчинд эрх мэдлийг шилжүүлдэг байна.
Сонгуулийн хэлбэр
Сонгуулийн хэлбэр гэж түүний илрэх гадаад дүр төрхийг хэлдэг.
Сонгууль нь сонгогчдын өгсөн саналын үр дүнгээс хамаарч шууд буюу шууд биш гэсэн хоёр хэлбэртэй байна.
Сонгогчдын өгсөн саналын үр дүнд сонгогдох байгууллага бий болж байвал өөрөөр хэлбэл,парламент бүрдэж ерөнхийлөгч сонгогдсон байвал түүнийг шууд сонгууль гэнэ. Шууд биш сонгууль олон янз байх ба ихэвчлэн хоёроос дээш шат дамждаг. Ийм сонгуулийн хэлбэр Монгол улсад 1921-1949 он хүртэл байсан төдийгүй 1992 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг шууд бусаар байгуулж байв.
Сонгууль хамарч байгаа хүрээгээрээ нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан (орон даяар) эсхүл хэсэгчилсэн (тойрог) гэсэн хоёр хэлбэртэй.
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль бүх нутаг дэвсгэрийг хамарч орон даяар явагддаг бол УИХ-ын гишүүн орон гарсан үед нөхөн сонгууль зөвхөн тэр тойрогт явагдана.
Сонгуулийн тогтолцоо
Сонгуулийн тогтолцоо нь өргөн, явцуу хоёр утгаар илэрхийлэгдэнэ. Сонгуулийн тогтолцоо өргөн утгаараа сонгууль явуулахтай холбогдон үүссэн сонгууль явуулах журмуудаар зохицуулагдсан нийгмийн харилцаа юм. Монгол улсын сонгуулийн тогтолцоо өргөн утгаараа УИХ, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох эрх зүйн хэм хэмжээ (сонгуулийн хуулиуд, эрх зүйн бусад хэм хэмжээ) эрх зүйн бус хэм хэмжээгээр (намын сонгуулийн журам гэх мэт) тодорхойлогдсон сонгууль явуулах журам, дэглэм, сонгуулийн явцыг хамарсан бүхий л харилцаа юм. Сонгуулийн тогтолцоо явцуу утгаараа сонгогчдын өгсөн саналын үр дүнгээр нэр дэвшигчдэд суудал хуваарилах аргыг хэлдэг байна.
Суудал хуваарилах аргыг мажоритар (олонхийн саналаар) пропорционал (хувь тэнцүүлсэн), холимог гэж ангилж үздэг байна. Дэлхийд 150 шахам арга байдаг хэмээн бичжээ. Эндээс үзвэл улс орон бүр сонгуулийн суудал хуваарилах аргыг өөрийн орны өвөрмөц онцлогт тохируулан хэрэглэдэг болохыг харуулж байна. Эдгээр гурван аргын талаар товчхон авч үзье.
Мажоритар буюу олонхийн саналаар сонгох арга. Энэ арга нь Францын majorite буюу утгачилбал олонхи гэсэн үгнээс гаралтай юм байна.
Мажоритар арга нь өрсөлдөгч дотроос хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгогддог энгийн, ойлгомжтой, бараг анхдагч арга гэж хэлж болно. Энэ аргаар сонгууль явуулж байгаа тохиолдолд сонгогчид зөвхөн нэр дэвшсэн хүний төлөө л санал өгдөг. Мажоритар аргыг нэг мандаттай, олон мандаттай тойрогт хэрэглэж болдог. УИХ-ын сонгуулийг 1992 онд олон мандаттай 1996 онд нэг мандаттай тойрогт мажоритар аргаар явуулсан юм. Аль аль нь сөрөг нөлөөтэй байсан билээ.
Мажоритар аргыг хэрэглэж байгаа улс сонгогдсонд тооцох зарчмыг туйлын, харьцангуй гэсэн хоёр байдлаар хэрэгжүүлж байна.
Харьцангуй олонхи гэж (манай улсад хэрэглэж байгаа) бусад нэр дэвшигчдээсээ хамгийн олон санал авсан нь сонгогдсонд тооцогддог аргыг хэлдэг. Энэ нь дотроо саналын доод хязгаартай, хязгааргүй гэсэн хувилбартай.
УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдохын тулд хамгийн олон санал авахын зэрэгцээ доод тал нь сонгогчдын 25 хувийн санал авах ёстой. Доод хязгааргүй нөхцөлд 10 хувийн түүнээс ч бага хувийн саналаар сонгогдох магадлалтай.
Туйлын олонх гэж сонгогчдын олонхийн (50% 1 санал) санал авч байж сонгогдохыг хэлдэг байна.
Мажоритар арга нь сонгогчдод ойлгомжтой. Сонгогч, нэр Дэвшигч нар нүүр тулан уулздаг зэрэг сайн талтай боловч багагүй сөрөг үр дагавартай байдаг байна.
Заримаас нь дурьдвал:
- Сонгогчдын өгсөн саналын харьцаа алдагдсан үр дүн гардаг. Хамгийн муугаар бодоход ганц нам бүх суудлыг авч нөгөөх нь юу ч үгүй хоцорч ч болох юм. Хүснэгтээс жишээ татан үзье. Бодоход амрыг бодолцон 760.000 хүчинтэй саналын хуудастай тойрог бүр 10.000 саналтай гэж үзье.
Эндээс харахад сонгогчдын 50 хувийн санал авсан боловч тойрог бүрт ганц нэг сонгогчийн санал илүү авсан нам нь улсын хэмжээгээр 76 суудал авч байна.
Цөөн хувийн санал авсан нам ч УИХ-д олонхи болох магадлалтай.
Энэ 5 тойрогт А нам сонгогчдын 59 хувийн санал авсан боловч 2 суудалтай болж, 41 хувийн саналтай нь 3 суудал авч ийм маягаар улсын хэмжээний дүн гарна гэсэн үг.
- УИХ популистуудаас бүрдэж аль ч нам олонхи болж чадахгүй ингэснээрээ Засгийн газар байгуулах, түүнийг ажиллуулахад төвөгтэй байдал үүсч болзошгүй. Социологийн судалгаа болон ажиглалтаас харж байхад хуурамч эх орончид, шинэхэн баячуудын нэр хүнд олон түмний дунд өндөр байх жишээтэй.
- УИХ-ын гишүүд төрийн бодлогыг тодорхойлохдоо ямагт тойрог руугаа чангааж улсын нийтлэг эрх ашиг хохирох талтай гэх мэт нотлогдсон олон дутагдал дурьдаж болно.
Хувь тэнцүүлэн сонгох арга. Сонгогчдын өгсөн саналтай хувь тэнцүүлэн суудал хуваарилдаг энэхүү аргыг дэлхийн олон улсад хэрэглэж байна.
Хувь тэнцүүлэн сонгох арга тойрог томрох тусмаа илүү үр ашгаа өгдөг. Жижиг улсад улс нэг тойрог болж байж хамгийн сайн үр дүнд хүрдэг. Израилийн Киесент (парламент) 120 депутатаа улсаа сонгуулийн нэг тойрог болгож сонгодог.
Хувь тэнцүүлэн сонгох аргаар сонгууль явуулахдаа сонгогчид тодорхой нам, эвслийн төлөө саналаа өгдөг. Тухайн намд сонгогчдоос авсан саналын хувьтай тэнцэх суудал хуваарилж, тэр суудалд намын нэр дэвшигчид урьдчилан тогтоосон жагсаалтын дарааллаар сонгогддог ерөнхий зарчимтай. Ерөнхий зарчим гэж байгаагийн цаана улс болгон өөрийн орны онцлогт тохируулан олон хувилбарыг хэрэглэж байгаа билээ.
Хувь тэнцүүлэн суудал хуваарилахад сонгуулийн КВОТ буюу нэг нэр дэвшигчийн авч болох хамгийн бага саналын тоог (дундаж тоо) ашигладаг. Энэхүү квотыг олон янзаар тогтоодог боловч энд заримаас нь авч үзье.
1855 онд английн өмгөөлөгч Томас Хэр саналын тоог мандатын тоонд хуваадаг энгийн аргыг гаргалаа. (х: y) х-саналын тоо, у-мандатын тоо
1996 оны сонгуулийн дүнг хувь тэнцүүлэн, улс нэг тойрог гэсэн байдлаар авч үзэж дээрх томъёололд оруулбал: Нийт хүчинтэй санал (саналын тоо) 1010157-ыг УИХ-ын 76 суудалд (мандатын тоо) хуваахад квот нь 13291 болж байгаа юм. Ардчилсан холбоо эвслийн 475267 санал буюу 47.07 хувьд оногдох суудал (475267:13291) 35, МАХН-ын 408977 санал буюу 40,48 хувьд оногдох суудал 30 байна гэсэн үг. Хуваарилаад МАХН-д 10247, Ардчилсан холбоо эвсэлд 10082 санал тус тус үлдэж байна.
Мөн Ардчилсан төр эвсэл 2, МУНН, МХН, МҮЭНН тус бүр 1 суудал авч 70 суудал шууд хуваарилагдав. Бүх суудал шууд хуваарилагдахгүй, хуваарилалгүй үлдсэн цөөн суудлыг хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн хуваарилах буюу зарим улсад шодох, хамгийн ахмад настайг нь сонгох зэрэг өөр аргыг ч хэрэглэдэг байна. 6 суудал хамгийн олон үлдэгдэлтэй саналаас эхлэн хуваарилвал МYЭНН (8664) 1, Ардчилсан төр (4835) 1, МУНН (4604) 1, MXн (4291) 1, МАХН (10247) 1. Ардчилсан холбоо эвсэл (10082) 1 суудал тус тус нэмж авах жишээтэй юм.
Т.Хэр-ийн дээрх аргыг цаашид хөгжүүлж английн өмгөөлөгч Генри Друп 1868 онд, Бельгийн их сургуулийн профессор Эдуард Гоrенбах-Бишоф 1888 онд шинэ квот гаргасан нь нэлээд тархсан байна.
Г.Друпийн томъёолол нь нийт саналын тоог мандатын тоон дээр нэгийг нэмж хуваагаад гарсан дээр нь нэгийг нэмэх ([х:(y 1)] 1) бол Гогенбах Бишофынх нийт саналын тооr мандатын тоон дээр нэгийг нэмээд хуваах (х:(y 1)) юм. Эдгээр аргууд Т.Хэр-ийн аргыг бодвол арай олон суудал шууд хуваарилагддаг онцлогтойгоороо давуу талтай. Г.Друпийн аргаар дээрх жишээн дээр бодож үзвэл Ардчилсан холбоо эвсэл 36 суудал, үлдэгдэл суудал 2942 МАХН 31 суудал, үлдэгдэл суудал 2257 болж байна.
Гогенбах-Бишофын аргаар бол Ардчилсан холбоо эвсэл 36 суудал, 2983 үлдэгдэл суудалтай, МАХН 31 суудал, 2288 үлдэгдэлтэй болж байна.
Бусад нам эвслийг дээрх аргуудаар суудал авсан байдлыг авч үзье.
Квот тогтоолгүйгээр нийт саналаа дэс тоо, эсхүл сондгой тоо зэрэг тоонд шууд хувааж суудал хуваарилдаг аргуудыг ч хэрэглэж байна.
1889 онд профессор Виктор Д. Хондт нийт саналаа дэс тоонд хуваах саналыг, Италийн судлаач Империалли дээрхтэй адил боловч 2-оос эхлэх, Францын эрдэмтэн А. Сент-Лагюе 1910 онд cондгой тоонд хуваахыг тус тус санал болгожээ.
Энэ аргаар суудал хуваарилахад Ардчилсан холбоо эвсэл 38, МАХН 33, Ардчилсан төр эвсэл 2, МУНН, МҮЭНН, МАН тус бүр 1 суудал авч байна.
Хувь тэнцүүлэн сонгох аргаар сонгууль явуулахад бие даасан нэр дэвшигч сонгуулийн квотоос (бидний авсан жишээгээр 13291) дээш санал авбал сонгогдоно гэсэн үг.
Хувь тэнцүүлэх аргаар сонгууль явуулахад нийт саналын тодорхой хувийг аваагүй байвал тэр намыг суудал хуваарилалтанд оролцуулдаггүй бөгөөд түүнийг сонгуулийн босго гэдэг. Энэ нь улс орны амьдралд нөлөө багатай жижиг намуудыг парламентад оруулахгүй байлгах зорилготой юм. Германд 5%, Болгар, Унгар, Итали-д 4%, Испани 3%, Израиль 1%-ийн босго тавьдаг гэх мэт олон жишээг дурьдаж болно.
Сонгуулийн холимог арга. Олонхийн саналаар болон хувь тэнцүүлэн сонгох аргын аль аль нь сайн муу талтайгаас гадна улс болгон өөрийн онцлогт тохирсон аргаар сонгууль явуулж байгаа учир зарим оронд энэ хоёр аргын аль алийг нь хэрэглэх тохиолдол ч байдаг бөгөөд түүнийг холимог арга гэнэ.
Тухайлбал, ХБНГУ-ын Бундестагийн депутатуудын талыг нь нэг мандаттай тойрогт олонхийн саналаар сонгох аргаар, талыг нь муж улсаар хувь тэнцүүлэн сонгох аргаар явуулдаг байна.
Ийм аргаар сонгууль явуулдаг улс цөөнгүй байдаг бөгөөд ихэвчлэн хоёр танхимтай парламентыг холимог аргаар сонгодог байна.
Сонгуулийн эрхийн зарчим
Сонгуулийн эрхийн зарчмыг үндсэн ба туслах гэж хоёр ангилж үздэг. Үндсэн зарчимд бүх нийтийн, шууд. чөлөөтэй, тэгш, саналаа нууцаар гаргах, туслах зарчимд сонгуулийг иргэд өөрсдөө зохион байгуулах, заавал нэр дэвшүүлэн сонгох, сонгуулийн нутаг дэвсгэрийн сонгуулийн санал хураахаас бусад ажил ил тод байх, сонгогдсонд тооцох зарчмууд орно.
Сонгуулийн үндсэн зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулийн 21-р зүйлийн 2, 32-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан байна.
Сонгуулийн бүх нийтийн зарчим. Сонгуульд оролцох бүхий л эрхийг иргэдэд хуулиар хэрхэн олгосноор сонгуулийн бүх нийтийн зарчим тодорхойлогдоно. Гэвч амьдрал дээр бүх хүнийг сонгуульд оролцуулах боломж байдаггүй. Хуулиар зайлшгүй зарим хязгаарлалт тогтоодог.
Насны хязгаарлалт
Сонгуульд зөвхөн насанд хүрсэн хүн оролцох ёстой. Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасны дагуу сонгох эрхийг 18 наснаас эдлэх ба сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтоодог. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр 45. УИХ-ын гишүүнээр 25 нас хүрсэн иргэнийг сонгодог.
1992 онд дэлхийн 150 оронд явуулсан судалгаанаас (уг нь 186 орон хамрагдах ёстой байжээ) үзэхэд 109 улс 18 нас, Бразил, Куба, Иран, Никарагуад 16 нас бусад цөөхөн улс 19-21 насанд хүрсэн иргэнд сонгох эрх олгожээ.
Иргэний харъяаллын хязгаарлалт
Дэлхийн ихэнх улсад түүний дотор манай улс сонгох сонгогдох эрхийг зөвхөн өөрийн улсын иргэнд эдлүүлдэг. Иргэдийн аливаа улс төрийн эрх, эрх чөлөө нь тэр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхтэй холбоотой байдаг болохоор энэ нь ч зүйн хэрэг юм.
Оршин суугаа газрын хязгаарлалт
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд сонгуулийн өдөр эх орондоо байгаа иргэн сонгох эрх эдлэнэ гэж заасан юм.
Гадаадад алба, амины ажлаар яваа, тэнд амьдарч байгаа иргэдийг сонгуульд оролцуулах техник, зохион байгуулалтын боломжгүй болохоор ийм хязгаарлалт тогтоосон байна.
Эрхийн чадамжийн хязгаарлалт
Эмнэлгийн дүгнэлт, шүүхийн шийдвэрээр ухаан солиотой болох нь нотлогдсон бол сонгуульд оролцох эрхгүйг хуульд заасан байгаа.
Өөрөөр хэлбэл, улс төрийн энэ чухал үйл ажиллагаанд өөрийгөө жолоодож, ухамсартайгаар хандаж чадах иргэн оролцох ёстой.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцохгүй. Ийм практик олон оронд байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний салшгүй эрхээс бусад эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулсан байдаг болохоор сонгуулийн эрхийг ч мөн тэр хугацаагаар эдлэх боломжгүй болдог байна.
Сонгуулийн шууд зарчим. Сүүлийн үед зарим улс төрчид, судлаачид сонгуулийг хувь тэнцүүлэх аргаар явуулбал Үндсэн хуульд заасан шууд зарчим зорчигдөх юм шигээр ярьж, бичдэг боллоо. Шууд сонгуулийн талаар дээр өгүүлсэн билээ. Монгол улсын иргэн УИХ, Ерөнхийлөгч, ИТХ-ыг ямар нэгэн томоололгүйгээр оороо саналаа гаргаж сонгоно. Энэ нь нэр дэвшсэн хүний ч, нам эвслийн ч толоо саналаа өгч болно гэсэн үг. Гагцхүү энэ саналын үр дүнгээр УИХ, ИТХ бүрдэж, Ерөнхийлөгч сонгогдож байх ёстой.
Сонгуулийн чөлөөт зарчим. Сонгуульд оролцох, эс оролцох, хэний ч дарамт шахалтанд оролгүйгээр саналаа илэрхийлэх, нэр дэвшигчдийг бүгдийг татгалзах зэргээр сонгуулийн чолоот зарчим хэрэгжинэ. Сонгуулийн бүх нийтийн зарчим нь сонгуулийн чөлөөт зарчмыг хондох ёсгүй. Бүх нийтээрээ сонгуульд оролцох эрх, боломжийг хуулиар бүрдүүлж, түүнийг эдлэх эсэх нь уг иргэний сайн дурын хэрэг юм.
Гэтэл сонгуулийн хуулиудад байгаа хоёр ч заалт энэ зарчимд харшилж байгаа юм.
Нэгдүгээрт, нэр дэвшигчдийн аль нэгийг нь дэмжихийг шахаж Ингэснээрээ алийг нь ч дэмжих сонирхолгүй байгаа хүнд сонголт хийх боломж олгоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшсэн хүнээс аль нэгийг нь сонгосон тэмдэглэгээ хий, өөр тэмдэглэгээ хийвэл саналын хуудас хүчингүй байхаар хуульчилсан юм. Ийм нөхцөлд сонгогч нэг бол хүчээр аль нэгний нь төлөө санал өгнө эсхүл хуудсаа хүчингүй болгохоос өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгвэл энэ байдлыг өөрчилж саналын хуудсанд алийг нь ч дэмжихгүй гэсэн сонголтыг нэмж өгөх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, сонгуульд нийт сонгогчдын олонхи (50-иас дээш хувь нь оролцоогүй бол сонгууль улсын хэмжээгээр эсхүл тухайн тойрог хүчингүй гэж үзэж дахин сонгууль явуулахаар заасан байна. Одоохондоо сонгуульд манай иргэд 70-аас дээш хувиар оролцож байгаа болохоор уг зөрчил нуугдмал байгаа юм. Цаашдаа энэ байдал удаан үргэлжлэхгүй нь ойлгомжтой.
Социализмын үеийнх шиг сонгуульд оролцох явдлыг албан журмын болгон саналаа өгөхийг шахан шаардаж, чөлөөт зарчмаасаа татгалзах, эсхүл сонгууль дахин дахин хүчингүй болох байдалд хүрэх нь. Нэгэнт чөлөөт зарчмыг Үндсэн хуульдаа заасан бол сонгогчдын оролцоонд хязгаар тавих шаардлагагүй билээ.
Саналаа нууцаар гаргах зарчим. Сонгогч хэний ч нөлөөнд автахгүй зөвхөн өөрийн ухамсартай үйл ажиллагаагаар саналаа илэрхийлэх боломжийг нууц санал хураалт олгодог. Сүүлийн үед явагдсан сонгуулиудаас харахад хэт өндөр настай, бичиг үсэг үл мэддэг зэргээс болж саналаа оороо тэмдэглэж чадахгүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авдаг. Гэтэл энэ “итгэмжилсэн” хүн нь тухайн хүний саналыг өөрийн үзэмжээр илэрхийлж өөрт нь болохоор “таны хэлсэн нэр дэвшигчийг сонгохоор тэмдэглэлээ” хэмээн хуурдаг явдал элбэг тохиолдож байв. Цаашид зөвхөн өөрөө саналаа тэмдэглэдэг болох хэрэгтэй.
Сонгуулийн тэгш эрхийн зарчим. Сонгуулийн тэгш эрхийн зарчмыг шинэ Үндсэн хуульд нэр зааж оруулаагүй ч аль ч улсад энэ зарчмыг сонгуулийн үндсэн зарчимд оруулж хэрэгжүүлэх арга механизмыг нь боловсронгуй болгосоор байна.
Энэ зарчмын мөн чанар нь нэг сонгогч нэг удаагийн сонгуульд нэг л удаа саналаа өгөх, сонгогчид адил саналын эрхтэй байх явдлаар илэрхийлэгдэнэ. Манай улсын иргэний бүртгэлийн замбараагүй байдлаас шалтгаалж төв суурин газрын зарим сонгогч хэд хэдэн хэсэг дээр нэрийн жагсаалтад бичигдэж тэр тоогоороо сонгуульд оролцох нь нэлээд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд саналаа өгсөнийг нь паспорт дээр нь тэмдэглэдэг байхаар заасан боловч УИХ-ын сонгуулийн хуульд орхигдуулснаас дээрх дутагдал газар авсан юм. Цаашид сонгогч сонгуулийн өдөр дахин дахин санал өгдөг дутагдлыг арилгахад чиглэсэн хяналтын механизмыг зөв тогтоох ёстой.
Сонгуулийг иргэд өөрсдөө зохион байгуулах зарчим. Төрийн сонгуулийг аливаа нэг төрийн байгууллага хариуцан гүйцэтгэх нь сонгуулийн дунд субъектив хандлага нолоолох магадлал нэн ондор байдаг дутагдалтай. Ийм ч учраас манай улсад бүх сонгуулийг иргэдийн толооллоос бүрдсэн сонгуулийн тусгай байгууллага болох сонгуулийн нутаг дэвсгэрийн, тойргийн, хэсгийн хороод зохион байгуулдаг. Эдгээр хороодод намуудын төлөөллийг ч харгалзан оруулдаг. Сонгуулийн хороод түүнд ажиллаж байгаа хүмүүс аль нэгэн нам хүчин, нэр дэвшигчийн талыг дагаж барилгүй шудрага ажиллаваас энэ зарчим хангагдах боломжтой.
Заавал нэр дэвшүүлж сонгох зарчим. Торийн сонгуулиар сонгогдох иргэнийг заавал урьдчилан нэр дэвшүүлж сонгодог. Энэ нь хоёр гол шаардлагыг хангах үүднээс гарч ирсэн гэж үздэг байна.
Нэгдүгээрт, сонгогчдыг нэр дэвшигчийн талаар мэдээллээр хангаж сонголтоо хийх боломжийг бүрдүүлж, хоёрдугаарт, сонгуулийн үр дүнг гэнэтийн үйл явдлаас шалтгаалуулахгүй байлгахын үүднээс. Сүүлчийн шалтгааныг товч тайлбарлая.
Улс төрийн тогтворгүй байдал үүсч улмаар улс оронд ямар нэг хүчирхийлэл бий болж болзошгүй үед сонгуулийн өмнө цэрэг зэвсгийн хүчээр, шашны сурталчилгаагаар өмнө нь сонгогчдод огт мэдэгдээгүй хүнийг гэнэт гаргаж ирж буруу үйл ажиллагаандаа сонгуулийг ашиглах явдал байдаг байна.
Заавал урьдчилан нэр дэвшсэн хүний төлөө л саналаа өгөхийг хуульчилсан байдаг тул ямар ч зохион байгуулалт хүчирхийлэл байгаад өөр хүнийг саналын хуудсан дээр бичиж Тэр нь сонгогдсон ч хүчингүй байх учраас уг хүчирхийллийн замыг хааж байгаа юм.
Сонгуулийн нутаг дэвсгэрийн зарчим. УИХ-ын сонгуулийг тойргоор явуулдаг ба энэхүү тойрог нь сонгуулийн нутаг дэвсгэр юм. Сонгуулийн нутаг дэвсгэр засаг захиргааны нутаг дэвсгэртэй заавал давхцах ёсгүй. Сонгуулийн тойргийг олон мандаттай, ганц мандаттай байгуулж болдог. Олон мандаттай тойргийг улсын хэмжээгээр нэг (улс нэг тойрог), томруулсан гэж ангилж үздэг. Олон мандаттай томруулсан тойргоор 1992 онд УИХ-ын сонгуулийг явуулахдаа засаг захиргааны нутаг дэвсгэрт зохицуулах гэснээс тойргууд харилцан адилгүй мандаттай болж сонгуулийн тэгш эрхийн зарчим зорчигдоход хүрч байсан юм. Сонгуулийн ил тод байдлын зарчим. Сонгууль нь ардчиллын чухал хэмжүүр юм бол түүний бүхий л үйл яви (санал хураахаас бусад олон түмэнд ил тод байх ёстой.
Сонгуулийн хороод, төрийн байгууллага сонгуультай холбоотой үйл ажиллагааныхаа талаар сонгогчдод байнга мэдээлж байх ёстой. Сонгуулийн хуульд ил тод байдлыг хангах ухуулга сурталчилгаа явуулах журмыг нарийвчилж өгсөн байдаг.
Сонгогдсонд тооцох зарчим. Нэр дэвшигчийг нийт сонгогчдоос, сонгуульд оролцсон нийт сонгогчдоос саналын хүчинтэй хуудаснаас сонгогдсонд тооцох гэсэн гурван үндсэн хэлбэр байдаг байна. УИХ-ын гишүүдийг саналын хүчинтэй хуудаснаас сонгогдсонд тооцдог бол Ерөнхийлөгчийг Үндсэн хуульд заасны дагуу сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авснаар сонгогдсонд тус тус тооцдог билээ.
Үндсэн хуулийн энэхүү заалтыг цаашид эргэж харахгүй бол Ерөнхийлөгчөө сонгож чадахгүй байдалд хүрч болзошгүй юм.
Сонгуулийн үйл явц (процесс)
Ямарваа сонгууль нарийн дэс дараатай, тодорхой хугацаатай үйл явц байдаг. Сонгуулийн үйл явц нь дараах үе шаттай байна.
- Сонгууль товлон зарлах
- Сонгуулийн тойрог байгуулах
- Сонгуулийн хэсэг байгуулах
- Сонгуулийн хороод байгуулах
- Сонгогчдыг бүртгэх, нэрсийн жагсаалт үйлдэх
- Нэр дэвшүүлэх
- Ухуулга сурталчилгаа явуулах
- Санал авах
- Санал тоолох, дүнг гаргах
- Хоёр дахь санал хураалт, зарим тохиолдолд дахин сонгууль явуулах
- Сонгуулийн эцсийн дүнг нэгтгэн гаргаж холбогдох этгээдэд хүргүүлэх.
Сонгуулийн үйл явцад холбогдох байгууллага, албан тушаалтны гүйцэтгэх ажил, дээрх үе шатанд хийх үйл ажиллагааны хугацаа зэргийг хуульд нарийвчлан тусгасан бөгөөд энэ нь манайд үндсэндээ хэвшиж байгаа.
Сонгуулийн оноогийн тогтолцооны талаар
цаашид анхаарах зарим асуудал
Иргэдийн сонгох эрхийг хангах, түүний үр ашиг, үр дүн, төрийн байгууллагын ялангуяа Улсын Их Хурлын зохион байгуулалт, vйл ажиллагаа, ажиллах чадварт зөв тусгалаа олоход өнөөгийн сонгуулийн тогтолцоо ихээхэн учир дутагдалтай байгаа юм.
1996 онд Улсын Их Хурлын сонгуулийг нэг мандаттай 76 тойргоор мажоритар буюу олонхийн саналаар сонгох аргаар явуулсан билээ.
Улсын Их Хурлын 1996 оны сонгууль сонгогчдын сонгох эрхийг хэр зэрэг хангасан, түүний үр дүн өнөөдөр ямар байгааг зарим судалгаан дээр үндэслэн харж болно.
- Сонгогчдын хүсэл зоригийг хамгийн бага тусгасан сонгууль болсон билээ. Энэ сонгуульд нийт сонгогчдын 92,15 хувь буюу 1057182 сонгогч оролцож 76 гишүүн сонгогдсон юм.
Эдгээр 76 гишүүдийн төлөө 542937 сонгогч 51,35 хувь нь саналаа өгчээ. Үлдсэн 514245 сонгогч буюу 48.65 хувийн санал Монгол Улсын Их Хуралд орж ирсэнгүй. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн сонгох эрх, хүсэл сонирхол ялагдсан нэр дэвшигчтэйгээ хамт үр дүнгүй өнгөрлөө гэсэн үг. Улсын Их Хурлын 76 гишүүний 25 нь тухайн тойргийнхоо сонгуульд оролцсон сонгогчдын хүчинтэй саналын 50 хүрэхгүй хувийн санал авч сонгогдсон нь үүнийг гэрчлэх нэг баримт мөн.
- Сонгогчдын өгсөн саналыг улсын хэмжээгээр тооцоход хамгийн шудрага бус болсон сонгууль. Нэг сонгогч нэг санал өгсөн, тэр өгсөн саналыг тухайн нэр дэвшигчийн намд нь өгсөн санал гэж үзээд хувь тэнцүүлэн бодож үзвэл өгсөн санал, гарсан үр дүн хоёр маш хол зөрөөтэй байгаа юм. “Ардчилсан холбоо” эвслийн төлөө 475267 сонгогч буюу 47.4 хувь нь, МАХН-ын төлөө 408977 сонгогч буюу 40.48 хувь нь саналаа өгчээ. Эдгээрийн зөрүү ердөө 6.56 хувь байгаа. Харин үр дүнд нь “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал, МАХН 25 суудал авч суудлын тоо 2 дахин бага байх жишээтэй.
- 1996 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн хууль, уг хуулийн дагуу явагдсан сонгуулиас харахад сонгууль болсон өдрийн үр дүн – Улсын Их Хурлын бүрэлдэхүүн тухайн бүрэн эрхийн хугацаанд өөрчлөгдөж ингэснээрээ төрийн тогтвортой байдал алдагдах муу талтай тогтолцоо бий болсон.
1996 оны сонгуулиас хойш 4 удаа нөхөн сонгууль хийж 1996 оны үр дүн өөрчлөгдсөн төдийгүй нөхөн сонгууль бүрд зарцуулсан мөнгө, сүр дуулианаараа бараг бүх нийтийн сонгуультай адил болж байсныг бид санаж байгаа. Цаашид энэ тогтолцоо хэвээр байх тохиолдолд энэнээс ч таагүй байдал үүсч болохыг үгүйсгэх аргагүй.
Санал ойролцоо буюу аль нэг нам нь 39 суудал авч олонхи боллоо гэж бодоход нөхөн сонгууль ямар ч хувь заяаг авч ирж, эрх баригч нам хэд дахин солигдож, Засгийн газар төдий хэмжээгээр өөрчлөгдөх магадлал нэн их.
4.Улсын Их Хурлын сонгууль нь Улсын Их Хурлыг бүрэлдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа боловч иргэд сонгох эрхээ хэрэгжүүлэх, улс төрийн нам сонгуульд оролцсон амлалтаа биелүүлэх боломжийг тус тус олж авдаг.
Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулиар олонхийн суудал авсан нам болон эвсэл болон намууд Засгийн газрыг байгуулахад тодорхой үүрэг рольтой болохыг заасан байдаг.
Гэтэл өнөөгийн сонгуулийн тогтолцооноос болж Улсын Их Хурлын үйл ажиллагаанд парламентад суудалтай намуудын үүрэг роль сүрхий суларлаа. Ингэж намын үүрэг роль суларсан нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд асар муугаар нөлөөлж өнөөдөр Улсын Их Хурал Засгийн газраа хуульд заасан хугацаанд нь байгуулж, улсын төсвөө ч хугацаанд нь баталж чаддаггүй болж олонхи болсон улс төрийн хүчний нэгдмэл бодлого алдагдлаа.
Энэ нь иргэд-сонгогчдын ажил амьдралд сөргөөр нөлөөлж байна.
Өөрөөр хэлбэл, сонгогч – Улсын Их Хурал – Нам гэсэн гурван субъектын зөв харилцаа алдагдсан гэсэн үгээ.
- “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн заалтыг биелүүлэх боломжийг алдагдуулсан сонгуулийн тогтолцоо Монголд үйлчилж байна.
Сонгуулийн үеэр сонгогчдыг татах хууль бус үйлдэл олон арваараа гарч байсан. Тэгвэл өнөөдөр сонгогдсон тойрогтоо улсын болон олон улсын хандивын хөрөнгөөр бэлэг өгөх, ажил үйлчилгээ үзүүлж байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж бичигдэх боллоо. Мөн улсын төсөв батлагдахад зөвхөн өөрийн сонгогдсон тойрог руу татаж чангаах явдал ч хэвийн үзэгдэл болсон.
Дээр дурьдсан гажуудлыг арилгах гол арга зам бол сонгуулийн тогтолцоог шинэчлэх явдал гэж үзэж байна. Дэлхийд сонгууль явуулдаг 150 шахам арга байдаг тухай дээр өгүүлсэн. Эндээс харахад улс болгон өөрийн онцлогт тохирсон сонгуулийн тогтолцоог сонгож авсан байдаг биз.
Миний бодоход Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлж (пропорционал) сонгох аргыг олонхийн саналаар сонгох аргатай хослуулах тогтолцоонд шилжих шаардлагатай байна.
Энэ талаар гол зүйлүүдийг нь тайлбарлая.
Сонгуулийг улс нэг тойрог болгож зохион байгуулна. Сонгогч дэмждэг нам, эсхүл тухайн намаас нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Нам, нэр дэвшигчийн төлөө зэрэг өгсөн ч болно. Дээрхийн алинаар нь өгсөн ч энэ саналыг тухайн намын төлөө өгсөн саналд тоолно.
Харин нэг намын төлөө санал өгөөд өөр намын нэр дэвшигч эсхүл бие даан нэр дэвшигчийн төлөө өгч болохгүй.
Улсын хэмжээгээр намуудын төлөө өгсөн саналд нь хувь тэнцүүлж Улсын Их Хурлын гишүүний суудлыг хуваарилна. Тухайн намд оногдсон суудалд тэр намаас нэр дэвшигчдийн хэнийг нь сонгох вэ гэдгийг тогтоохын тулд нэр дэвшигчийн төлөө сонгогчоор санал өгүүлж байгаа билээ. Сонгуулийн пропорционал тогтолцоотой улсад намын төв байгууллагын монополи эрх их байдаг гэсэн шүүмжлэл байдаг. Ийм учраас тухайн намын нэр дэвшигчдийн сонгогдох дарааллыг нам нь биш сонгогч шийдвэрлэж байгаа хэрэг юм.
Пропорционал тогтолцоог сонгож авсан нөхцөлд бие даасан нэр дэвшигч сонгогдох магадлал багатай хэмээн эмзэглэдэг хүмүүс бий. 1996 оны сонгуулийн дүнгээс харахад улсын хэмжээгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдоход шаардлагатай дундаж санал 13291 байгаа юм. Хэрэв бие даан нэр дэвшигч үнэхээр нэр хүндтэй улс төрч мөн бол энэ саналыг зовлонгүй авах нь ойлгомжтой.
Пропорционал тогтолцоотой орнууд парламентад олон жижиг нам оруулах сонирхолгүйн (шаардлага ч үгүй) улмаас тодорхой хувийн босго тавьдаг.
Улсын Их Хурлын 1996 оны сонгуульд оролцсон намуудын авсан саналыг хувилж харвал:
1.”Ардчилсан холбоо” эвсэл 47 04%
2.ΜΑΧΗ 40.48%
3.”Ардчилсан төр” эвсэл 3.1%
4.МУНН 1.8%
5.МҮЭНН 2.1%
6.MXH 1.7%
7.MAжH 0.03%
Эндээс харахад манайд 4 эсхүл 5 хувийн босго тавихад л болж байгаа юм.
Сонгуулийн энэхүү тогтолцоог авснаар бид ямар үр ашгийг хүлээж байна вэ?
Хамгийн түрүүнд дээр дурьдсан дутагдал бүрэн арилах болно гэдгийг дахин тэмдэглээд зарим зүйлийг тодруулъя.
- Сонгогч бүрийн санал бараг бүгдээрээ Улсын Их Хуралд орж ирнэ гэсэн үг. Ингэснээрээ Улсын Их Хурал маань сонгогчдын төлөөлөл сайтай болно.
- Төрийн байгууллага, ялангуяа Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны чадавхи дээшилнэ.
- Намын үүрэг роль дээшилж ингэснээрээ төрийн албан тушаалтны хууль бус болон ёс зүйн алдаа гаргах явдал багасна. Өөрөөр хэлбэл, намын нэр хүндийг унагаж, төрийн албыг цалгардуулж байгаа гишүүдтэйгээ нам хариуцлага тооцох механизм бүрдэнэ гэсэн үг.
- Нам улс төрийн боловсон хүчний байршлыг зөв тогтоох чадвартай болно. Сонгогдсон гишүүдээсээ Засгийн газрын гишүүнээр томилох, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж өрсөлдүүлэхэд ямар нэгэн бэрхшээл учрахгүй билээ.