Ж.Баясах
/Профессор/
Шинэ толь №30, 2000
Улиран өнгөрч буй энэ зууны 70-аад оны үеэс дэлхий нийтийн хөгжил нь глобалчлах үйл явцад хамрагдах боллоо хэмээн бичих болсноос хойш глобалчлал нь олон орны эрдэмтэд, улс төрч нар хийгээд дипломатуудын ярих дуртай сэдэв нь болжээ.
“Globalization” буюу “Глобалчлал” хэмээх энэхүү нэр томъёо дэлхийн олон хэлэнд тэр чигээрээ шууд хэрэглэгдэх болсон бөгөөд сайтар ухаарахыг оролдвоос “бүх дэлхийг хамарсан үйл явц” л хэмээн монголчилбол зөв буюу. Глобалчлалын тухай өгүүлэхэд нэлээд нарийн судалгаа шаардагдах агаад энэ талаар ойлгосон зүйлийг доор өгүүлсү.
Эдийн засгийн глобалчлал
Хүн төрөлхтөн энэ XX зуунд орон зай, цаг хугацааны уламжлалт ойлголтуудыг эвдэн орон зайг тодорхой богино цаг хугацааны дотор гэтлэн туулах болсон нь төмөр зам, их хурдны засмал зам, усан зам, агаарын тээвэр, сансар огторгуйг эзэмшиж ирснээр өөрчөгдөх боллоо. Мөн 100 жилийн дотор дэлхий ертөнц нь тухайлбал, улс гүрнүүд улам бүр бие биенээсээ хамааралтай, шүтэлцээтэй болж ирэхийн хамт мэдээллийн технологи улам бүр хурдацтай хөгжин амьдралын бүхий л салбарыг өөртөө хамааруулж чадсанаар дэлхий маань өөрөө багасч, “бэлчээр” нь улам багасах болов. Энэ нь хүний харилцааны хэрэглүүр болох хэлний хөгжилд нөлөөлж, зарим хэл тухайлбал, англи хэлний нөлөө улам бүр ихэсч тэрээр мэдээллийн гол хэл болсноор техник, цахим, интернетийн гол хэл болж бусад хэлнээс давамгайлан хөгжиж, Европын соёл иргэншлийн гол төвүүд Франц, Итали зэрэг улсын хүн ардын дургүйг улам ноцоож энэ эрин зуунд “Англи хэл ноёрхож”, “Олон соёлыг залгилаа”. Энэ нь манай л АНУ-ын ноёрхлын илэрхийлэл хэмээн “cultural diversity” буюу “олон соёлыг” үгүй болгож байна хэмээсэн дуу хоолойг гаргахад хүргэсэн ажээ.
Өнөөдөр дэлхийн аж үйлдвэрлэлд асар их өөрчлөлт гарч аль нэг улсын эдийн засаг дэлхийн хөгжлийг тодорхойлох нь төдийлөн багасч байна. Тухайлбал, 1995 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын дэлхийн хэмжээ 2.6 тэрбум ам.доллар байсан бол 1996 онд 235 тэрбумаар өсчээ. Үүний 90 хувийг транснационал корпорацууд эзэлж байна. Мөн 1992 онд дэлхийн капиталын эргэлт нэг өдөрт 1 тэрбум доллараас давж байв. Түүнчлэн, 1992 онд л гэхэд олон үндэстний корпорацууд 5.5 тэрбум долларын худалдаа хийсэн нь мөн оны дэлхий нийтийн экспортын хэмжээ 4 тэрбум доллар болж байснаас давж гарчээ. 1987 онд гадаадын хөрөнгө оруулалт 1 тэрбум байсан бол 1992 онд л гэхэд 2 дахин өсч 2 тэрбум болж өсчээ9.
Дэлхийн эдийн засагт интеграцчлагдах үйл явдал хүчтэй болж буй бөгөөд өнөөдөр л гэхэд ийм байгууллагуудын тоо 15-д хүрчээ. Үүний зарим нь эдийн засгийн хийгээд улс төрийн бодит хүчин чадалтай болсон нэг байгууллага гэхэд Европын Холбоо юм.
Транснационал корпорацуудын үйл ажиллагааны хүрээ тэлж, мөн капиталын урсгал нэмэгдэхийн хамтаар улс хоорондын хил хязгаар онцын үүрэггүй болж байна. Дэлхийн Банк, Олон Улсын Валютын сан гэх зэрэг санхүүгийн байгууллагуудын нөлөө улам бүр нэмэгдэж байна. Жишээ нь, ОУВС-г анх 35 орны төлөөлөлтэй байгуулсан бол одоо бүх дэлхийг хамарсан том байгууллага болон өргөжив.
Урьд санхүү, хөрөнгийн том том биржүүд Лондон, Парис, Ром, Берлин, Нью-Йорк, Сан-Франциско хотод төвлөрч байсан бол одоо шинээр Токио, Хонконг, Сингапур, Сөүл, Истамбул, Каир зэрэг хотуудад нээгдэж дэлхийн эдийн засгийн том төвүүд болж байна.
Эдийн засгийн глобалчлал нь ирэх XXI зуунд улам бүр гүнзгийрч дэлхийн эдийн засгийн том том төвүүд хийгээд олон улсын байгууллагууд үүсч түүнийг тойрсон эдийн засгууд бүрэлдэн тогтож глобалчлалыг дагаад “decentralization” буюу “төвөөс зугтаах” үйл явц улам бүр газар авна10.
Үүний нэг жишээ бол ОХУ-ын 89 субъектуудын дийлэнхи нь Үндсэн хуультайгаа зөрчилдсөн заалт бүхий хуулиудыг олноор батлан гарган, мужууд нь хоорондоо худалдаа хийх бодолгүй болж өгвөл гадаадын түнштэй шууд харилцах сонирхолтой, гадаад улс байгууллагууд ч Москвагийн хүнд суртлаас залхан мужуудтай харилцахыг эрхэмлэх болжээ. Судлаач Р.Болд цааш нь өгүүлэхдээ, “ийнхүү эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалсан ОХУ-ын дотоод задрал зогсохгүй ирэх 5-10 жилд эдийн засгийн хямралтайгаа зууралдсаар байх төлөвтэй“11 хэмээн үзэж байна.
Их нүүдэл
XVIII-XIX зуунд дэлхийн хүн амын тоо огцом өссөн нь тухайлбал XIX зууны эхэнд дэлхийн хүн амын тоо 1 тэрбум хүрэхгүй байсан бөгөөд 100 жилийн дараа гэхэд 1.6 тэрбумд хүрч, ХХ зууны эцэс болоход 6 тэрбумаас давлаа. Сүүлийн 100 жилийн дотор хотын хүн амын тоо 10 дахин, дэлхийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 20 дахин нэмэгдсэн. Мөн 100 жилийн өмнө хүний дундаж наслалт 30-35 байсан бол 100 жил өнгөрөхөд хүн амын дундаж наслалт уртасч хөгжингүй орнуудад 75 нас хүрчээ. 1992 оны хагаст аж үйлдвэржсэн орнуудын хүн амын тоо 1 тэрбум 224 сая хүн амд хүрч, 2010 он гэхэд 1 тэрбум 333 сая болж өсөх бөгөөд 2025 он гэхэд энэ тоо урьдчилсан тооцоогоор 1 тэрбум 992 сая хүнд хүрнэ. Хятадыг оролцуулан хөгжиж байгаа орнуудын хүн ам 1992 оны хагаст 4 тэрбум 196 сая хүнд хүрсэн бол 2010 он гэхэд 5 тэрбум 781 сая, 2025 он гэхэд 7 тэрбум 753 сая хүн болж өсөх магадлалтай. Өнөөдөр дэлхийн хүн амын 4-5 хоногийн дотор 1 саяаар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, цаашид хүн амзүйн өсөлт “их нүүдлийн” асуудал дэлхийн глобалчлалын асуудлын чухал хүчин зүйл болно.
Манай эриний эхэнд Азийн улс түмнүүд Европт суурьшин очоод нутгийн уугуул ардуудтай уусч шинэ улс орнууд бий болсон билээ (Унгар, Турк зарим нэг талаар). Мөн шинэ үеийн эхэнд Европын хүн ам Америкт орчиж суурьших болсон бөгөөд энэ нь өнөөгийн соёл иргэншлийн дүр төрхийг бүрэлдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн хэдэн үеийн Европын хүн ам бөмбөрцөгийн өмнөд хэсэг рүү их нүүдэл хийж Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африкийн хүн амыг бүрдүүлсэн байна/“Монгол улсын аюулгүй байдал”, УБ., 1999. 12-р тал/.
Энэ их нүүдлийн тухай нэг баримт өгүүлэхэд хангалттай бизээ. Жишээлбэл, 1851-1901 онд Ирландын хүн амын 72 хувь нь далайн чанад руу нүүдэллэсэн байна. Энэ мэтчилэнгээр дэлхийн хүн амын тархалтанд асар их өөрчлөлт гарсан. Гэтэл глобалчлалын өнөө үед явагдаж байгаа их нүүдэл нь хэд хэдэн зүйлээр ялгарч байна. Одоо явагдаж байгаа их нүүдэл нь ихэвчлэн их зах зээл нээх мөн капитал нүүлгэх байдлаар явагдаж байна.
Өнөө үед явагдаж байгаа нүүдэл нь өөрийн онцлогтой. Тухайлбал, хоцрогдсон бүс нутгаас хөгжингүй орон руу чиглэсэн хандлагатай. Тухайлбал, Ази, Африкийн орнуудаас Европ, Хойд Америк руу, Латин Америкаас АНУ руу, ТТУХН-ын орнуудаас Орос руу, БНХАУ-аас хөгжингүй орнууд руу, мөн Зүүн өмнөд Ази руу чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, Европ руу цагаачлах нь нэмэгдэж Европоос өөр газар руу дүрвэх нь багассан байна.
Энэ зууны эхнээс Францад олон ястан үндэстэнүүд цагаачлан ирж суух болсон. Зөвхөн Европын орнуудаас төдийгүй Африк (Марокко, Алжир, Тунис), мөн Азиас (Вьетнам) цагаачид ирж суурьших болсон. Иймээс ч өнөөдрийн Францын 5 хүний нэг нь гадаад гаралтай. Өөрөөр хэлбэл, нийт өнөөдрийн Францын хүн амын 10 сая нь гадаад гаралтай Францууд байна. Цаашид энэ мэтийн нүүдэл үргэлжлэх бөгөөд хаана илүү амьдрал сайн байна тэр газар очих цагаачдын тоо нэмэгдэх юм. Энэ нь XXI зууны глобалчлалын асуудалд бас нэг чухал байр эзэлнэ.
Улс төрийн бодлогын глобалчлал
Дэлхийн II дайны дараагаар нийгмийн өөр өөр чиг баримжааны лагерь бий болсон (капиталист, социалист). Мөн түүнчлэн олон улсын шинэ шинэ байгууллагууд бий болсон. Жишээ нь, НАТО, НҮБ, ГАТТ, ОУВС, Дэлхийн Банк зэрэг байгуулагдсан нь өнөөдрийн Европын Холбоог байгуулахад нөлөөлсөн билээ. Ийнхүү олон улсын байгууллагууд нэмэгдсэнээр дэлхийн хамтын нөхөрлөлийн орнуудын тоо нэмэгдэж глобалчлах үйл явцыг түргэсгэж өгсөн. Азийн орнууд ч гэсэн ийм өөрчлөлтөнд орсон. Жишээ нь, АСЕАН, АСЕАН-аас АРФ, мөн энэ зууны 70, 80-аад он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт том том эдийн засгууд бий болсноос АПЕК байгуулагдсан. Мөн энэ бүс нутагт ялангуяа, Зүүн Хойд Азид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Түмэн гол” төсөл хэрэгжих болсноор XXI зууны эхэнд энэ бүс нутгийн интеграцчлалын үйл явцад тодорхой нөлөө үзүүлэх байх гэж судлаачид үзэж байна.
Хүйтэн дайнаас хойш олон улсын харилцаанд асар их өөрчлөлт гарч “2 туйлын” сөргөлдөөний үе дуусч “олон туйлт” харилцаа өргөжиж байна. Гэхдээ энэ олон туйлт харилцаа нь үнэн хэрэгтээ байхгүй байна гэж бүс нутгийн их гүрнүүд (БНХАУ, ОХУ, Энэтхэг) үзэж байгаа бөгөөд хэрэг дээрээ АНУ-ын ноёрхсон ганц туйлт “дэг журам” тогтоод байна гэж шүүмжилж байна. Түүнчлэн НАТО нь Дорно зүгт хүрээгээ тэлж шинээр ардчиллыг сонгож авсан Унгар, Польш, Чех зэрэг улсууд нэгдэж орсон. Энэ нь мэдээж хүчний тэнцвэрт өөрчлөлт орж АНУ-аар тэргүүлсэн НАТО-гийнханд ашигтай хувилбар болсон юм.
Геополитикийн үндсийг тавигч Х.Маккиндер тэртээ 95 жилийн өмнө Евроази нь “Heartland” Консерватив чиглэлтэй өөрөөр хэлбэл, хөгжил нь зогсонги байдалд орсон, харин Евразийг хүрээлсэн далайн эрэг хавийн улсууд болон арлын улсууд “Rim-land” нь харьцангуй дэвшингүй байх бөгөөд тэдгээр нь геополитикийн хувьд төдийлөн чухал ач холбогдолтой биш, харин “World Island” буюу Америк тив хүн төрөлхтөний хөгжлийг геополитикийн төв болно гэж бичиж байсан. Энэ геополитикийн онолыг АНУ-ын улс төрчид өвлөж аваад XX зууны 10 жилд ХХI зууны тэргүүн хагаст америкийн ноёрхол дэлхий дахинаа тогтож цорын ганц “удирдагч” болж энэ нь хэр удаан үргэлжлэх нь Евразид буюу “Heartland”-д хэр зөв шатрын нүүдэл хийх гэдгээс хамаарч байна. Цаашдаа ХХI зуунд олон улсын байгууллагууд дэлхийн цорын ганц “удирдагч” АНУ хоёрын хүчний харьцаа ямар байхаас улс төрийн глобалчлалын асуудал шалтгаалах болно.
Монгол улс глобалчлалын хаана нь явна вэ?
Монгол улс нь их эзэнт улсын үеийн эс тооцвол XVII зуун хүртэл зөвхөн урд талаараа Хятадтай хөрш зэргэлдээ оршиж байсан. Монгол дундад зууны үе, шинэ үеийн эхэнд бусад тивүүдэд болсон шиг “их нүүдэлд” өртөж байсангүй. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээгээд, 1990 он хүртэл ганц улсын хараат марксизм-ленинизмын үзэл сурталтай бөглүү орон байлаа. Социалист лагерь оршин тогтож байх үед ЭЗХТЗ-ийн гишүүн болж, дэлхийн интеграцын үйл явцад зэрэмдэг хэлбэрээр оролцож байсан. 1990 оноос хойш ардчиллын замаар замнах болсноор эдийн засаг, улс төрийн глобалчлалд ямар нэг хэмжээгээр оролцох боллоо. 1990 оноос хойш гадаадын зээл тусламж авах болсон. Ингэснээрээ ОУВС, ДБ, бүс нутгийн Азийн Хөгжлийн банк, Европын Холбоо зэрэгтэй харилцах болж тусламж авч байгаа бөгөөд ГАТТ, Дэлхийн Худалдааны байгууллага, мөн АРФ-д нэгдэн орлоо. Бидний хувьд глобалчлалын асуудалд орохдоо бүс нутгийн үйл явцад нэгдэх боллоо. Хэдийгээр Монголд транснационал корпорацууд хөлөө тавиагүй ч гэсэн эдийн засгийн интеграцчлалд эхний алхамуудаа хийж байна. Мөн мэдээллийн технологитой холбогдож интернетийг ашиглаж, интернетийн “англи хэлийг сурч байна.
Дүгнэлт
Нэгэнт бид ардчилал, зах зээлийн замыг буцалтгүй сонгосон болохоор Монголд дэлхий нийтээрээ хамрагдсан глобалчлалд холбогдохын тулд бүс нутгийн үйл ажиллаганд идэвхтэй оролцох хэрэгтэй. Ингэснээрээ бид ирэх зууны глобалчлалд оролцох нэрийн хуудсаа олж авах юм.