Хэрээд Жамсрангийн Урангуа
/МУИС-ийн багш , түүхч,/
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: Тусгаар тогтнолын төлөөх тэмцэл , /Улсын Дээд, доод хурал/
Монголын ард түмэн 1911 онд Манжийн дарлалын түлхэн унагааж ,улс төрийн тусгаар тогтнолоо тунхаглан зарласан билээ. Ингээд шашин төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр Монголын төр сэргэсэн нь Монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний их ялалт, хувьсгалт эргэлт байлаа.
Таван яам бүхий Засгийн газрыг байгуулан,Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам нь
Тэргүүлэх яам болж ,тэргүүн сайдаар нь Да лам Цэрэнчимэд томилогдсон бөгөөд тэрбээр ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх болсон амуй.
Үндэсний тулгар төр сэргэн мандсан түүхэн нөхцөлд улс орныхоо эдийн засаг,нийгмийн хөгжилтэй холбогдсон чухал асуудлыг хэлэлцэн эцсийн нэгдсэн шийдвэр гаргаж байх шаардлага бий болов. Энэ шаардлагын үүднээс төрийн аппаратыг цаг үеийн үүднээс зохицуулан өөрчлөх зорилгоор Олноо Өргөгдсөний 4 дүгээр оны (1914) 2 дугаар сарын 20 ны өдөр Улсын Хурлыг байгуулах шийдвэрийг гаргажээ. Энэ тухай Богд Гэгээний Зарлигт “Дэлхий дахины олон хүчирхэг бөгөөд баян боловсорсон улс цөм улсын хурал нээн шийтгэж,төлөөний хүнээ гаргаж, дээд хуралд газар орны тус бүхий ,үгүйн их төлөвийг тайлбарлан хэлэлцэхэд тус тэргүүн байгуулж,нийтийн бодлого нэгтгэвээс бүх хүчийг олжээ. Манай улсын хурлын тэргүүн ,төлөөний хүнийг энэ улааа сонгон гаргасангүй хэмээвч харъяат сайд түшмэл газар орны байдлын төлөвийг мэдэж чадахын тулд зүй нь урьдаар Улсын дээд ,доод хэмээх хоёр хурлыг үүсгэн шийтгэсэгүэй[1]” гэснээр Улсын дээд ,Доод хурлыг байгуулж ,8 зүйл бүхий дүрмийг баталжээ.
Дүрэмд Дээд ,Доод хурлын бүрэлдэхүүнд ,хэлэцэх асуудлын чиглэл,хуралдах өдөр цагийг тогтоож ,хурлаас хожимдсон , хурал тасалсан хүмүүст ял шийтгэл оноох , чөлөө авах зэрэг явдлыг журамласан байна. Үүнд : Дээд хурлын сайд, ноёд Ням гаригт ,Доод хурлын түшмэд Баасан гаригт 11 цагт Бүгд Ерөнхийлөн захирах яамны газар хуралдана. …. Доод хурал ,улс төрд тустай болох хэргийн санаа гаргаж ,зөвлөн хэлэлцээд Дээд хуралд өргөн тогтооно. Дээд хурал ,улс төрийн чухал хэрэгт бодлого гарган хэлэлцээд ,ойлголтыг айлтгасан , таслан шийтгэхийг нь хянан хэлэлцүүлнэ. …. үнэхээр чухал хэрэг учир тохиолдож, хурлын хэрэст орж чадахгүй болбоос тухайд учрыг гаргаж … өөр өөрийн хурлын газар хуудас бичиг өргөж чөлөө гуйсугай.Ер хуудас бичиг мэдүүлэхгүй дэмий хүн төлөөнөө зарж, чөлөө гуйваас шууд тасалсан ял хэлэлцсүгэй” гээд ялыг тогтоож … эл хоёр хурлын сайдууд ба түшмэдүүд хуралд хэрэг хэлэцэхэд… цөм дүгрэг малгай ,охор хүрэм хэрэглүүлсүгэй[2]. Хэмээн заажээ.
Дээд хуралд олон яамын тэргүүн ,эрхэлсэн зөвлөх дэд сайд ,жич нийслэл хүрээнд бүхий засаг ,засаг бус[3] ноёд ван ,бэйл,бэйс ,Гүн нар ,Их шавь[4] Хөлөн буйр,Дарьганга,Цахар зэргүүдийн бүгдийн дарга нар орох бөгөөд хурлын ерөнхий сайд даргална. Тус хурал нь засгийн газраас шийддэг асуудлын зөвхөн заримд нь оролцдог байсан ба хууль цаазын чанартай зүйлийн талаар саналаа хаанд айлтгана.
Доод хуралд олон яамын дэс түшмэл, эх зохиогч түшмэл,нийслэл хүрээний Эрдэнэ Шанзодбын яам[5] халхын 4 аймгийн жанжин[6] ,суурин жасаадаас нижгээд түшмэл тус тус оролцох бөгөөд хурлыг ,Ерөнхий сайдаас томилсон тусгай түшмэд даргалдаг аж. Тус хурал нь засгийн газраас оруулсан аливаа асуудлыг хэлэлцэн ,санал гаргах бөгөөд Богдод оруулсан эхний саналыг Дээд хурал гаргадаг байв. Ер нь энэ байгууллага нь эзэн хааны дэргэд зөвлөх эрхтэйгээр байгуулагдсан бөгөөд эцсийн шийдвэрийг Богд Жибзундамба гаргадаг ажээ.
Доод хуралд оролцогчдын дотор ард олны хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэгчид цөөнгүй байсан бөгөөд тус орны эдийн үасагт төрж байсан ,шинэ маягаар аж ахуйгаа эрхлэгчид ,хөрөнгө мөнгөө арвижуулах гэсэн болон ер нь дэвшилт шинэлэг үзэл бүхий хүчнүүд цөөнгүй байв. Энэхүү улсын хурал тэр үеийн монголын нийгэм дэх улс төрийн хүчнүүдийн үзэл санаагаа илнэрхийлэх талбар болсон бөгөөд нийгмийн дэвшилт хүчнүүд түүнийг өөрсдийн шинэтгэлийн үзэл бодлогыг биелүүлэхэд ашиглахыг оролдож байжээ.
Доод хурлаас улс орны амьдралыг ардчилах, эдийн засгаа өөд тататхад чиглэгдсэн олон чухал санал хэлэлцэж Дээд хуралд оруулдаг байсан боловч монголын нийгмийн нилээд консерватив хэсгийн төлөөлөгчид болох язгуур угсаа бүхий дээдэс хуралддаг Улсын дээд хурал нь тэдгээр саналыгы уламжлалт аж төрөх ёс,шашин шүтлэгт харш хэмээн үзэж л авч хэлэлцэхгүй байх явдал нэлээд гардаг байжээ. Тухайлбал газар тариалангийн ажлыг өргөтгөх ажлыг зохион байгуулж эхлсэн үед “одоо газар шорооү хагалбарлан тариа тарихад уул,голын тэнгэр сахиус ч мөн ойшоон таалахгүй …..,тариа тарихад зүйл бүрийн харшлалтай явдал буй гэх мэт шалтаг заан асуудлыг хойш тавьжээ[7].
Сэцэн хан аймгийн харъяат ,тэр үеийнхээ өндөр боловсрол бүхий ,дэвшилт сэхээтний нэг занги[8] Бадрахбаатар Засгийн газар, Дээд,Доод хурлын үйл ажиллагааг шүүмжтлж “энэ хурлын дотор асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх тогтоосон нарийн дүрэм,журам байхгүй ,олон сайд ,ноёд цугларч хуралдах боловч эцэст хэдэн хүний эрх сүрээр хамаг асуудлыг шийдвэрлэж ,улсаа өөд татахад чухал хэрэгтэй шинэ асуудлыг хүлээн авч зохих ёсоор шийдвэрлэж дэмжихгүй байна[9] хэмээн бичиж байжээ. Гэхдээ хурлын дүрэм ёсоор сахилга алдсан эрхэм гишүүдийг торгон шийтгэсэн болон нөгөө талаар гишүүд ч дүрмэээ хүндэтгэн сахин биелүүлж байсныг нотолох баримт тус улсын Түүхийн Төв Архивт нэлээд байдаг. Ганц нэг жишээ дурдахад чөлөө гуйн ийнхүү бичжээ: “Шадар сайд Эрдэнэ Ван Намсрай хагудас бээр Улсын дээд хурлын газар өргөн мэдүүлэх учир ину .Эдүгээ миний биед ханиад өвчин тохиолдсон тул энэ өдрийн хурлаас чөлөөгөө олгох ажааму. Үүний тул илгээв[10]. Мөн хурлыг нэг мөчөөр тасласан хүнд 12 жин шар тос ,2 мөч буюу түүнээс дээш хугацаагаар гишүүнийг 120 жин шар тосоор /дүрмийн дагуу/ торгон хураасан тосыг Эрдэнэ Шанзодобын яаманд тушаадаг байжээ[11].
Улсын дээд ,Доод хурал нь өөрийн дүрэм ёсоор жилд 47-48 удаа тус тус хуралдаж ,хурлын үйл ажиллагаа нь нэлээд тонтмолжих байдал эхний жилүүдэд гарсан боловч сүүл сүүлдээ хуралдах нь цөөрч дүрэм журмаа зөрчих явдал гарах болсон бололтой. Улсын Дээд, Доод хурал 1914оноос 1919 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилж байгаад хамгийн эцсийн хурал болох мөн сарын 25 –ны өдөр Монгол улсын автономит засгийг устгах тухай Хятадын цэргийн эрхтний шаардлагыг зөьшөөрүүлэх зорилгоор Доод хурлаар хэлэцүүлжээ. Гэв Доод хурлынхан энэ асуудлыг эрс эсэргүүцэн Дээд хурлаар хэлэцүүлэхийг шаарджээ. Тиймээс Доод хурлыг Шанздоба Бадамдорж хөөн тарааснаар мөн автономит засгийг устгах ёслол үйлдсэний дараа төрийн яамдыг татан буулгахын хамт төгсгөл болсон билээ.
Монгол улсын хурал нь хэдийгээр сонгуулийн бус албан тушаалтнаас бүрдэл болдог , хаанд зөвлөх эрхтэй ,таслах эрхгүй байгууллага боловч өрнө,дорнын олон орын парламенттай зарим талаар төстэй байв. Парламент Феодалын ёс мөхөх тийшээ хандсан цагт бий болдог нийгмийн шинэ дэвшилт хүчний эрх ашгийг хамгаалсан байгууллага билээ. Улсын хурал яваандаа сонгуулийн журамд орох ганц замтай. Энэ утгаар улсын Дээд ,Доод хурлыг Монгол улсын парламентын эх үүсвэр байсан гэж үзүүштэй. Эзэн хааны дэргэд зөвлөх эрхтэй байсан Оросын Думтай Монгол улсын хурал нэлээд төстэй байсан. Гэхдээ улсын хурлыг байгуулсан ерөөс дэлхийн бусад орны нөлөө туршлагаас гадна “Шинэ засгийн бодлогын[12]” үед Улсын хурлын тухай яригдаж хийгдэж байснаас санаа авсан зүйл байсан гэж үзэх үндэстэй юм. Олноор цуглаж чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёс Монголын улс төрийн амьдралд аль эртнээс байсан (Их хуралдай, Ноёдын чуулган) зүйл бөгөөд манжийн ноёрхлын үед /1691-1911/ ч “аймгийн чуулга” “хошуу цуглаан” хийгддэг байсан нь улсын Дээд ,Доод хурал буй болоход үндэс болсон гэж үзэж болох юм.
Эцэст нь хэлэхэд Улсын хурал нь Монгол оронд үндэсний ардчилсан үзэл санаа дэлгэрүүлэгч болж өгсөн юм.
[1] УТТАф№А-1, Д№01
[2] “Монгол ард түмний 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл”Баримт бичгийн эмхэтгэл УБ.,1982 т. 159
[3] Засаг ноён- хошуу захирсан ноёдын засаг гэнэ .Засаг бус нь захирах хошуу нутаг байхгүй ,засаг ноёдтой адил шүүх ,засаг захиргааны өргөн эрх эдлэхгүй .
[4] Их шавь Богд гэгээний хамжлага нь 17-р зууны үед үүссэн.1912 оноос Богд хааны Их шавь нь улсын бүхий л албан татвараас чөлөөлөгдсөн бөгөөд зөвхөн Богдын хувийн шашны хурал ном ,бурхан тахилын зардлыг төлнө.
[5] Эрдэнэ Шанзодбын яам нь хутагтын шавь нарыг захирна.Тус яам аймгийн чуулган даргын эрхтэй .
[6] Халх 4 аймаг аймаг тус бүр цэргийн хэрэг эрхэлсэн аймгийн жанжны тушаалыг 1733 онд буй болгосон .
[7] Ж.Урангуа ХХ-р зууны эхэн үеийн Ар Монгол дахь шинэтгэл ,УБ.., 1997, т.44
[8] Занги-сумын захирагч
[9] “Шинэ толь” 1914 №20
[10] Утта-Ф-А1 ,Д-01, ХН 62
[11] УТТА-Ф-А1 ,Д-01, ХН 73
[12] “Шинэ засгийн бодлого” – 19 –р зууны сүүлчээс Манжийн төрөөс явуулсан Монголыг бүр мөсөн Колончилоход чиглэгдсэн харгис бодлого .