Д.Баярсайхан
/МУИС-ийн ХЗДС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн тэнхмийн багш, доктор (Рh.D)/
Шинэ толь №31, 2000
Түлхүүр үг: Хуулийн цоорхой, Эх газрыг эрх зүйн систем, Зах зээлийн нийгэм, шилжилтийн нийгэм, шинээр боловсруулах, эрх зүйн хийдэл
Сүүлийн үед эрх зүйг бүтээх үйл ажиллагаа илт доголдох болсон нь нэлээд анзаарагдах болов. Энэ нь манай хууль тогтоогчдын ихэнх нь уг асуудалд санаачлага муутай, хайхрамжгүй хандах болсноос үүдэлтэй байж болох юм. Нийгмийн амьдралын шаардлагаар зайлшгүй батлах ёстой хуулиудыг тухайн цаг үед нь гаргахгүй хугацаа алдаж байгаагаас эрх зүйн үйлчлэл дутагдах явдал даамжирч, энэ нь цаашдаа удаашран давтагдахад хүрвэл нийгмийн ноцтой үр дагаварт ч хүргэж болзошгүй байна.
“Хуулийн цоорхой” хэдий чинээ их байх тусам нийгмийн хэрэгцээ, эрх зүйн зохицуулалт хоорондын зай улам ихсэж, хуульчлах ёстой орон зайн хүрээнд хийдэгдэл үүсч, сөрөг орчны нөлөөлөл нэмэгддэг байна.
Эрх зүйн хийдлийн тухай асуудал нь хууль зүйн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн нэг онцгой судлагдахуун болдог. Эрх зүйн хийдэл гэдэг нь эрх зүйн хэм хэмжээгээр шууд зохицуулагдах ёстой харилцаа тийнхүү хуульчлагдаж чадаагүйгээс эрх зүйн үйлчлэл дутагдан, хууль зүйн үр дагавар бий болгосон нийгмийн сөрөг нөхцөл байдал мөн. Эртний Герегийн нэрт сэтгэгч Аристотелийн хэлсэнчлэн “…Жам ёсны зүй тогтолт хэм хзмжээнээс гадуур шийдвэрлэх ямар ч боломжгүй”61, негатив нөлөөллийг бий болгон, нийгэмд оршсоор ирсэн түүхэн үзэгдэл ажээ.
Эрх зүйн хийдэл бол ямар ч улсад, аль ч нийгэмд байдаг зүйл. Гэхдээ тухайн нийгмийн үндэсний онцлог, ёс заншил, хүн ардын сэтгэл зүй, соёл, улс орны хөгжлийн чадавхи, түвшин ямар байгаагаас ихээхэн хамаарч, эрх зүйн хийдлийн илрэх байдал нь янз бүр байх ажээ. Эрх зүйн социологичдын үзэж байгаагаар
“…Шилжилтийн нийгмийн үйл явцыг хэрэгжүүлж буй ямар ч улс орны хувьд эрх зүйн хийдлийн түвшин харьцангуй өндөр байх бөгөөд ялангуяа хууль тогтоомжуудад эрх зүйн хэм хэмжээ дутагдах, эрх зүйн бүтцийн зохистой тэнцвэр алдагдах явдал нэлээд түгээмэл гардаг”62 байна. Энэ зүй тогтол Монгол Улсын хувьд илүү хамааралтай байж болох юм. Монгол улсад хуулийг олноор гаргах, тэдгээр гаргасныг нь хэрэгжүүлэх гэж олон журам, заавар тогтоон мөрдүүлэхэд голлон анхаардаг ч амьдралд хэрэгждэг нь тэр бүр хангалтгүй. Түүнчлэн шинээр гаргасан органик болон төрөлжсөн хуулиудын нэлээд нь амьдралын шалгуурыг даахгүй орхигдоход хүрч, зарим нь “хугацаанаасаа өмнө” ойр, ойрхон засварт ордгоос УИХ-ын хууль тогтоох ажиллагааг судлан ажиглаж байхад УИХ-ын эрхэм гишүүдийн зарим нь хувийн буюу бүлэг хэсгийн сонирхолд хөтлөгдөн, хэт субъектив хандлага гаргасаар байгаа нь эрх зүйн хийдлийг улам өдөөхөд хүргэж буй нэг хүчин зүйл юм. Гэтэл хууль бол тодорхой хэсзг хүмүүст зориулагдсан бүтээгдэхүүн биш. Энэ нь ард түмний язгуур ашиг сонирхлоор нөхцөлдсөн нийгмийн амьдралын объектив тусгал нь болсон зүйл.
Эх газрын эрх зүйн системийн онолд “Тухайн үеийн нийгмийн харилцааг тухайн цаг үеийнх нь хуулиар зохицуулах ёстой. Хуулиуд нь тодорхой цаг хугацаанд шинэчлэгдэн өөрчлөгдөж байх бөгөөд эрх зүйн зохицуулалтанд парламентаас тогтоосон хууль голлох нөлөөтэй байх нь зохимжтой”63 хэмээн номлосон байдаг. Энэ номлол Монгол улсад ягштал мөрдөгдөж байгаа мэт. Үүний хамт “хуулиар зөвшөөрөөгүй бүхнийг хатуу хориглоно” гэсэн нэгэн бичигдээгүй хууль уг системд идэвхтэй үйлчилдэг. Монгол улсын хууль тогтоомжуудыг эрх зүйн зориулалтын түвшинд бүхэлд нь авч үзвэл үүрэг болгосон, хориглосон, хязгаарласан заалтууд нь эрх олгосон, зөвшөөрсөн хэм хэмжээнээсээ хавьгүй илүү буюу илүү баталгаатайгаар тогтоогдож зохицуулагдсан харагддаг. Эрх олгосон заалт өргөн хүрээнд томъёологдсон боловч ихэнх нь хэлбэрийн төдий ба ямар ч баталгаагүй байх нь олонтаа.
Шинээр гарч буй төрөлжсөн хуулиудын бүтцийг харахад заримынх нь зорилт тодорхой бус, хэт ерөнхий, хуулийн нэр томъёоны тайлбарууд нь онолын болон эрх зүйн үндэслэл муутай, зарим талаар заалтууд, агуулга нь хоорондоо зөрчилтэй хийгдсэн явдал ч нэлээд гарчээ.
Зах зээлийн нийгэмд төр, иргэний харилцан үүрэг хүлээхтэй холбогдсон харилцааг зөв тэнцвэртэй, уян хатан зохицуулахад ихэд анхаарч, төрийн бодлогод тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийг санаачлах, хэлэлцэх, батлах болон ер нь эрх зүйн хэм хэмжээний актыг гаргахад баримтлах төрийн бодлогын үзэл баримтлал маш оновчтой, тогтвортой байх ёстой ажээ. Тэгвэл ийм бодлого Монгол улсад ихээхэн үгүйлэгдэж байгаа нь илт. 1998 онд УИХ-аас баталсан “Эрх зүйн шинэтгэлийн болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлийг” эс тооцвол энэ талаарх төрийн бодлогын чиг баримтлал бүрэн цэгцэрч гараагүй байна.
Эрх зүйн хийдлийн илрэл хэдий чинээ хурц, тод ил байх тусам эрх зүйн зохицуулалтын сөрөг нөлөөлөл төдий чинээ ихэсдэг байна. Эрх зүйн хийдэл гарч буй шалтгааныг эрдэмтэд олон янзаар тайлбарласан нь бий. Гэхдээ ихэнх нь түүний нийгмийн шалтгаан нэлээд бодитой хүчин зүйл болдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Оросын судлаачид уг асуудлыг тайлбарлахдаа “нийгмийн хөгжлийн хүндрэл, бэрхшээл, сөрөг үзэгдлүүд шийдвэрлэгдэхгүй ужигран даамжрах”64 явдалтай холбон авч үзсэн байдаг бол Герман, Франц, Шведийн эрдэмтэд энэ тухайд “тухайн төрийн тогтолцооны негатив шинж, нийгмийн төлөвших үйл явцын зөрчилт байдалтай” холбон тайлбарлажээ.
Хууль тогтоомжууд амьдралаас хоцрох, зарим үед цаг үеэс хэт түрүүлэх, эсхүл хуулийг гаргахдаа нийгмийн шаардлагаар дэвшигдсэн нөхцөл байдлыг тооцохгүй орхигдуулах, тухайн объектив өгөгдөхүүнийг хуулинд буруу тусган томъёолох, өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзахгүйгээр бусад орны хуулийн практикийг хуулбарлан дуурайх зэрэг субъектив хүчин зүйл нь эрх зүйн хийдэл үүдэн гарах нийгмийн нэг үндсэн шалтгаан нь болдог байна. Манай зарим судлаачид “эрх зүйн хийдэл бол зөвхөн эрх зүйг бүтээх үйл ажиллагааны доголдлоос шалтгаалж гардаг,
Харин эрх зүйг хэрэгжүүлэн биелүүлэх үйл явцтай холбоогүй”65 мэтээр тайлбарласан нь өрөөсгөл хандлага бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрх зүйн хийдэл нь эрх зүйн үйлчлэл дутагдсан байдлын объектив болон субъектив илрэл мөн тул эрх зүйг бүтээхэд төдийгүй эрх зүйг хэрэгжүүлэх бүхий л үйл явцад илэрсэн байдгийг үгүйсгэж болохгүй юм. Тэр тусмаа нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэхийн тулд хуулиас гадуур элдэв заавар журам тогтоох, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах явцад төрийн бодлогыг буруу тодорхойлсон зэргээс хамаарч эрх зүйн үйлчлэл дутагдах, улмаар эрх зүйн хийдэлд хүрдэг нь өнөөгийн практикт үзэгдсээр байгааг анхаарах ёстой.
Эрх зүйн хийдлийн ихэнх хэлбэр нь позитив эрхийн сөрөг үйлдлээр дамжин илэрдэг. Иймээс зарим үед хуулийн заалтууд, Үндсэн хуульд нийцэхгүй байх, хуульчилсан актууд нь хуулийн хэм хэмжээг зөрчих, хууль тогтоомжийн заалтууд хоорондоо зөрчигдөх явдал цөөнгүй гардаг нь түүний нэг шинж нь болж өгдөг. Эрх зүйн хэм хэмжээнүүд нь бүтцийн зөв бүрдэлтэй, хоорондын уялдаа сайтай байх нь нэн чухал юм. Гэтэл түүний бүтцийг бүрдүүлж буй гипотез, диспозици, санкцийн хамаарал алдагдах, эсхүл тухайн бүрдэл хэсгийн (элемент) агуулга нь байх ёстой түвшиндээ хүрч илэрхийлэгдэж чадахгүйд хүрвэл эрх зүйн үйлчлэлд хий орон зай хийдэгдэл бий болдог байна.
Монгол улсад олон хууль, хуульчилсан актууд батлагдан гарсан боловч тэдгээрийн агуулга, үзэл санаа нь Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээний заалт, зарчмуудтай хир нийцдэг вэ? Гэсэн асуулт тавихад хүрвэл бас л бодууштай зүйл гарч мэднэ. Ялангуяа хүний эрхийн салбарт Монгол улсын нэгдэн орсон гэрээнүүд бол иргэн, хөдөлмөр, гэр бүл, тэтгэвэр, орон сууцны болон холбогдох олон зүйл хууль тогтоомжуудад заавал тусгах ёстой хэм хэмжээ болдгоороо онцгой ач холбогдолтой. Гэтэл манай практикт энэ нь тэгтлээ тусгагдан уялдаж чадахгүй байх нь олонтаа.
Өнөөдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүний нэр төрийг гутаахаас; өөрийгөө өмгөөлөх, гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг гэмт хэргийг нуун дарагдуулахаас хэрхэн ялгах эсэх нь манай хуульчдын дунд зарим талаар маргаан
үүсгэхэд хүргэх нь бий. Хуулиудын зориулалт болон үйлчлэх хүрээ нь олон түмэнд хүртээмжтэй, тайлбар, тодотол сайтай байх учиртай. Энэ талаас нь авч үзвэл хуулийн бүтцэд тайлбарласан хэм хэмжээ маш ховор байдгаас үүдэн хуулийн заалтыг ихэвчлэн хуульчилсан актуудад томъёолох замаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд төдийлөн зохимжтой зүйл биш юм. Манайд зах зээлийн харилцааны үйл явц улам гүнзгийрч, нийгмийн амьдрал шинэ агуулгаар баяжин тэлсээр байгаа нь зайлшгүй хуульчлах ёстой харилцааны хүрээг өргөтгөн тогтооход биш, харин ч тэрхүү орчных нь хязгаарыг улам бүр хумин, явцууруулахад хүргэх боллоо. Нийгмийн харилцааны заавал хуульчлах ёстой ийнхүү хүрээ хумигдан хомсдох болсон нь нэг талаас хууль тогтоомжийн олон талт акт эрх зүйн үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байгаатай, нөгөө талаас зах зээлийн жам ёсны хууль, техникийн гарвалтай технологийн нөхцөлүүд нь позитив эрхийн хязгаарыг түрэн орж ирж байгаатай холбоотой юм.
Тэгвэл эрх зүйн хийдлийн сөрөг урсгал позитив эрхээс гадуур жам ёсны хүчин зүйлээс хамаарч бий болж байна уу, эсхүл жам ёсныхоос гадуур позитив эрхийн нөхцөлөөс шалтгаалсан байдаг уу. Энэ хоёр асуулт нэгэн зэрэг тавигдах болсон нь орчин үеийн шаардлагаар дэвшигдэн гарч ирж буй нэн тулгамдсан глобал асуудал болж байна.
Шилжилтийн нийгмийн үе шатыг даван туулж чадсан улс, орнуудын туршлагаас үзэхэд эрх зүйн хийдлийн илрэх түвшин хэлбэлзэл нь хэдий чинээ өндөр, илүү хурц байх явдал нь позитив эрхийн хүчин зүйлээс шууд хамаарсан шинжтэй байдаг.
Иймээс түүнийг шийдвэрлэх арга замыг хангах гол нөхцөлийг юуны өмнө позитив эрхийн хүчин зүйлээс эрж хайх нь илүү оновчтой сонголт болдог байна. Харин жам ёсны буюу нийгмийн шинжтэй хүчин зүйл нь уг асуудлыг хангах шууд бус нөхцөл нь болдгийг судлаачдын нэлээд нь хүлээн зөвшөөрсөн байдаг аж.
Эрх зүйн хийдэл бодитойгоор оршдог зүй тогтлыг хүлээн зөвшөөрснөөр түүнийг даван туулах арга замыг зөв тодорхойлох боломж нээгдэнэ. Эрх зүйн хийдлийг бүрэн шийдвэрлэж, алга болгоно гэдэг нь өрөөсгөл бөгөөд түүнийг даван туулна гэдэг нь илүү зохимжтой ойлголт. Эрх зүйн хийдлийн сөрөг нөлөөллийг аль болох хумиж багасгах, түүний илэрч болзошгүй негатив үйлдлийг таслан зогсоох, шалтгаан нөхцөлийг нь засч арилгах явдал хамгийн гол асуудал юм. Эрх зүйн хийдлийг даван туулах арга замыг:
- нийгмийн арга зам,
- хууль зүйн арга зам
гэсэн хоёр чиглэлээр авч үзэж болно.
Нийгмийн арга замыг хангахын тулд юуны өмнө улс орны эдийн засаг, оюун санааны амьдралын түвшинг эрс дээшлүүлэх, ядуурал, ажилгүйдэл болон бусад сөрөг үзэгдлийг таслан зогсоох, төр засгийн нэгдмэл, тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн нөөц чадавхийг сайжруулах хүн амын ерөнхий соёлын түвшинг дээшлүүлэх, эрх зүйн хийдлийн объектив, субъектив шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэгдсэн төрийн оновчтой, цэгцтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээг авах нь зохилтой.
Хууль зүйн арга замыг хамгийн найдвартай хангах зорилгоор эрх зүйг бүтээх үйл ажиллагааг бүхэлд нь өөрчлөн шинэчлэх, эрх зүйн зохицуулалтын оновчтой, зохистой хувилбарыг боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал юм. Нэн түрүүнд хуулийн төслийг санаачлах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийг шинэчлэн боловсруулах, хуулийн төслийг хэлэлцэх, нийтлэх журмын тухай хуулийг шинээр гаргах зайлшгүй шаардлагатайн дээр хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхэд баримтлах төрийн бодлогын үзэл баримтлалыг яаралтай боловсруулж гаргах нь зүйтэй юм. Тэрчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг ч хуульчлан зохицуулах нь зайлшгүй бөгөөд ингэхгүйгээр уг асуудлыг оновчтой зөв шийдвэрлэх боломж бий болохгүй. Хуулинд хэн нэгэн субъект ямар ч үндэслэлгүйгээр дураараа нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг санаачилж, түүнийгээ ямар нэгэн аргаар батлуулж амжддагаас эрх зүйн хийдэл улам ихэсдэгийг анхаармаар. Түүнчлэн хуулийг тайлбарлах үйл ажиллагаа нь илт хоцрогдонгуй, Улсын Дээд шүүхээс гаргаж буй тайлбарууд эрх зүйн онолын үндэслэл муутай, цаг үеийн шинэ шаардлагыг бүрэн тусгаж чадахгүй байгаг анхаарч энэ талаар дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ер нь ч дээрх асуудлаар тусгайлан зохицуулсан хууль гаргасан ч болохгүй гэх зүйлгүй. Хуулийг тайлбарлах үйл ажиллагааг УДШ-ийн тайлбараас гадна тухайн гаргах гэж буй шинэ хууль буюу эсхүл нэмэлт өөрчлөлт оруулах хуулинд нэр томъёоны хийгээд заалтын тайлбарыг тодотгол хэм хэмжээ болгон оруулж өгвөл илүү оновчтой алхам болох болов уу. Хуулийг төсөөтэй хэрэглэж буй практикийг өөрчлөн эрх зүйн зохицуулалттай болгох нь зүйтэй.
Цаашдаа эрх зүйн хийдлийн үйл явц, чиг хандлага ямар түвшинд байгааг ямагт анхаарч, энэ талаар тодорхой судалгаа хийх, тухайн үед хуримтлагдсан асуудлыг дор бүр нь цаг алдалгүй шийдвэрлэж байх, эрх зүйг бүтээх, хэрэглэх үйл явцын хэвийн оновчтой байдлыг хангах зэрэг олон зангилаа асуудал бий болж байгааг анхаарч үзэх цаг болжээ.