Д.Ламжав
/УИХ-ын Тамгын газрын ажилтан/
Шинэ толь №31, 2000
Түлхүүр үг: Үндсэн хууль, батлах, нэмэлт өөрчлөлт, шаардлага, зүй тогтол, өөрчлөлтийн хэлбэр
Оршил хэсэг
- 1990 оны хавар “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль”-иас МАХН-ын удирдан чиглүүлэх үүргийг хасах, “БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль”-ийг Үндсэн хуулийн салшгүй хэсэг болгон батлах зэрэг өөрчлөлтийг3 оруулж хэрэгжүүлснээр одоогийн дагаж мөрдөж байгаа “Монгол Улсын Үндсэн хууль” батлагдах урьдчилсан нөхцөл бүрдсэн билээ. Нэмэлтийн тухай хуулийн төгсгөлийн заалтаас энэ талаар төсөөлөл авч болно.
Төгсгөлийн заалт
- Энэ хуулийг БНМАУ-ын Ардын Их Хурал шинэчлэн сонгогдож ажилдаа орсноос эхлэн БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
- БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурал байгуулагдмагц БНМАУ-ын Үндсэн хуулийн (1960 оны) гурав, дөрөвдүгээр бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцно.
Нэмэлтийн тухай хуулийн дагуу 1990 оны АИХ, УБХ-ыг анх удаа олон намын оролцоотой, чөлөөт сонгуулиар4 бүрдүүлэв. АИХ-ыг 1951 оноос эхлэн тэгш эрхийн үндсэн дээр, бүх нийтээр сонгодог болсон байна. Гэвч энэ нь нэг тойрогт “МАХН-ын бодлогоор” гэсэн сүрдүүлгийн дор нэг л хүн нэр дэвшдэг чөлөөт биш сонгууль байв. Энэхүү байнгын ажиллагаатай УБХ, байнгын бус ажиллагаатай АЙХ гэсэн хоёр танхимтай парламентад өмнө нь төр нийгмийн албан ёсны үзэл суртал болж байсан Марксизм-ленинизмын эсрэг олон ургалч үзэл бодлыг, хувийн өмчийг хориглож байсны эсрэг өмчийн олон хэлбэрийг түүний дотор хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн, хүний эрхийг дээдэлсэн жинхэнэ утгаар ардчилсан Үндсэн хуулийг батлан гаргах, өмч хувьчлалыг цаг алдалгүй эхлүүлэх үүрэг оногдсон юм.
- Ийм эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийх шаардлага гарсан нь өмнөх Үндсэн хуулиудын гол үзэл баримтлал, хэрэгжилттэй холбоотой учраас эдгээр үзэл баримтлалыг товч боловч дурдах нь зүйтэй болов уу
- 1922 онд Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг байгуулжээ. Барууны болон бусад улсын Үндсэн хуулиудыг судлан төсөл дээр ажиллаж байсан уг Комиссыг 1924 оны намар Коминтерний шахалтаар тарааж, Коминтернээс үндсэндээ санал болгосон төслийг 1924.11.25-26-нд Улсын анхдугаар Их Хурлаар хэлэлцэн санал нэгтэй баталжээ. Их Хуралд оролцсон 77 төлөөлөгчийн 6 нь язгууртан байв. 1924 оны “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль”-д5 Хаант төрийг халж, газрыг хувьд өмчлүүлэхгүй байх, гадаад худалдааг улсын онц эрх болгон авах, шашны хэргийг улс төрөөс тусгаарлах, Ван гүн, тайж нарын хэргэм зэрэг болон хутагт хувилгаадын урьдын эрх мэдлийг устгах, зөвхөн тэднээр үл барам бусдыг хөлслөн хөрөнгө орлогынхоо ашгаар амьдрагч аливаа этгээдэд сонгох болон сонгогдох эрхийг хориглох, хөрөнгөтний ёсыг устгаж нийгэм журамт ёсыг эрмэлзэх заалтуудыг тусгажээ;
- 1940 оны “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль”-д6 БНМАУ бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан “малчид, ажилчид, сэхээтэн” хөдөлмөрчдийн тусгаар тогтносон бөгөөд цаашид нийгэм журамд давшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн гэж зааснаас гадна хувьд өмчилж болохгүй зүйлсийн жагсаалтыг 1924 оны Үндсэн хуулийнхаас мэдэгдэхүйц өргөтгөж, улсын байгууллага, ардын Нэгдэлд газар үнэ төлбөргүй олгогдохоор заажээ.
- 1960 оны “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль”-ийн7 үзэл баримтлалыг дараахь заалтуудаас нь харж болно:
“Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол В.И.Лениний сургаалыг мөрдлөг болгон феодализмаас капиталист хөгжлийн шатыг алгасч социализмд шилжих замдаа нийгэм, эдийн засгийн хувьсгалт их үндсэн өөрчлөлт хийж, социалист шинэ эдийн засгийг байгуулж, социалист үйлдвэрлэлийн харилцааг бүх улс ардын аж ахуйд ялуулж, хөдөлмөрчин ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэх талаар түүхэн их амжилт олов.
БНМАУ-ын зорилго бол социализмыг төгөлдөр байгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн. БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол Ардын Хувьсгалт Нам мөн.
94 дүгээр зүйл. Коммунизмын үед төрийн зарим үүрэг мөхөх тутам тэр үүргийн тухай үндсэн хуулинд бичигдсэн зүйлс хүчингүй болж байна. Социализм, коммунизм байгуулах гол зэвсэг болсон төр байх хэрэгцээгүй болж, түүнийг хөдөлмөрчдийн коммунист эвлэлээр сольсон цагт БНМАУ-ын үндсэн хууль халагдана.”
- 1924 оны Үндсэн хуулийг батлах үеийн онцлог нь нэг талаас 1921 оны хувьсгалын дунд эрх мэдэл нь хязгаарлагдмал болсон8, 1911 оны тусгаар тогтнолын төлөө хувьсгалын дүнд шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт Богд хаан хэмээн өргөмжлөгдөж9 байсан төрийн тэргүүн Жавзандамба хутагт нас барсан; Нөгөө талаас дэлхий дахинд пролетарийн диктатур тогтоох зорилго бүхий Коминтерний нөлөө улс төрийн хүрээнд давамгайлах болсноор тодорхойлогдож байв. Ийм ч учраас анхдугаар Үндсэн хуулиар пролетарийн диктатур гэж алдаршсан дарангуйллын тогтолцоог сонгох чигийг тодорхойлжээ.
1940 оны Үндсэн хуулийг батлах үеийн онцлог нь нэг талаас манай улс пролетарийн диктатурыг дэлхий дахинд тогтоох үйлсийг манлайлагч Зөвлөлт Холбоот Улсын нөмөр нөлөөнд орсон; нөгөө талаас хар, шар феодалын хөрөнгийг хурааж, тэднийг мөлжигч ангийн төлөөлөгч хэмээн үзэж, “зорилго аргыг зөвтгөнө” гэдэг зарчмыг баримтлан, алж устгаж дууссан, хувийн өмчийн өсөлтөд хязгаарлалт хийж чадсанаар тодорхойлогдож байв. Энэ байдлыг 1990 оныг хүртэлх албан ёсны баримт бичгүүдэд “хөрөнгөтний бус хөгжлийн зам дээр баттай зогслоо” гэж илэрхийлсэн байдаг. Ийнхүү хоёрдугаар Үндсэн хууль бол анхдугаар Үндсэн хуулийн шууд үргэлжлэл нь байв.
1960 оны Үндсэн хуулийг батлах үеийн онцлог нь нэг талаас дэлхийн хоёрдугаар дайн Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Англи зэрэг холбоотон гүрнүүдийн ялалтаар төгссөн боловч, Англи-Америкийн нөлөөллийн бүсэд оршигч улсууд төрийн ардчилсан тогтолцоонд шилжсэн бол Зөвлөлт Холбоот Улсын нөлөөллийн бүсэд оршиж байсан улсууд төрийн пролетарийн диктатурын тогтолцоонд шилжсэнээр барууны, зүүний гэсэн бие биеийг сөрөн зогссон хоёр лагерь бий болж, хүйтэн дайны хийрхэл ид хүчээ авсан, нөгөө талаас албан журмын өсгөн нэмэгдүүлэх татварын хөшүүргийг улс төрийн хавчлагатай хослон хэрэглэх замаар малчдыг бараг 100 хувь нэгдэлжүүлж хувийн өмчийг устгасан зэргээр тодорхойлогдож байв. Ийнхүү гуравдугаар Үндсэн хуулиар тэр үеийн коммунист ажилчны намуудын зөвлөгөөнөөр тодорхойлсон үзэл санааны дагуу пролетарийн диктатурт шилжиж байгааг нотлов.
Албан ёсны баримт бичгүүдэд “социалист лагерийн орнууд гучаад жилийн дараа бараг нэгэн зэрэг социалист байгууллын дээд үе шат болох коммунизмд шилжин орно” гэж тунхаглаж байлаа. Гуравдугаар Үндсэн хууль нь хоёрдугаарынхаа иймээс анхдугаар Үндсэн хуулийн шууд үргэлжлэл гэдэг нь ойлгомжтой.
- Энэхүү хувьсгалт өөрчлөлтийн үед эвлэрэхийн аргагүй эмгэнэлт явдлууд олонтаа давтагдсаны зэрэгцээ дэлхий ертөнцөөс таслагдсан, дундад зууны хоцрогдсон бүдүүлэг байдлыг түүхэн богино хугацаанд халж, улсынхаа тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд баталгаажуулжээ. 1911-1945 оны хооронд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй явж ирсэн манай улсын тусгаар тогтнолын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Гурван их гүрний Крымын Бага хурлаас тодорхой шийдвэр10 гаргажээ:
Алс дорнодын асуудлаарх гурван ихгүрний хэлэлцээр
Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс болон Их Британ-гурван их гүрний удирдагч нар Герман бууж өгч Европт дайн дууссанаас хойш хоёроос гурван сарын дараа Зөвлөлт Холбоот Улс Японы эсрэг Холбоотнуудын талд дараахь нөхцөлтэй дайнд оролцохоор хэлэлцэн тохиролцов:
- Гадаад Монголын (Бүгд Найрамдах Монгол Ард Улсын) одоогийн байдлыг хадгалах;
- 1904 онд Япон итгэлийг эвдэн довтолсноор зөрчигдсөн Оросын дараахь эрхүүдийг сэргээх:
- Сахалины хойгийн өмнөд хэсэг болон түүний орчмын бүх арлуудыг Зөвлөлт Холбоот Улсад буцааж өгөх;
- Дайрены худалдааны боомт дахь Зөвлөлт Холбоот Улсын давуу сонирхлыг ханган уг боомтыг олон улсын болгох, мен Порт-Артурыг Зөвлөлт Холбоот Улсын тэнгисийн цэргийн бааз болгосон түрээсийг сэргээх,
- Хятадын Зүүн mөмөр зам, Дайрен руу гарц болох Өмнөд Манжуурын төмөр замыг Зөвлөлт Холбоот Улсын давуу эрхийг хангасан Зөвлөлт-Хятадын хамтарсан нийгэмлэгийн тусламжтайгаар хамтран ашиглах, ингэхдээ Хятад Манжуур дахь бүрэн эрхээ хадгалах болно.
- Зөвлөлт Холбоот Улсад Курилийн арлуудыг шилжүүлэн өгөх.
Гадаад Монгол болон дээр дурдсан боомтууд, төмөр замуудын талаархи хэлэлцээрт генералиссимус Чан Кай-ши-гийн зөвшөөрөл шаардлагатай гэж үзэж байна. Маршал И.В. Сталины зөвлөснөөр уг зөвшөөрлийг авах талаар Ерөнхийлөгч арга хэмжээ авна.
Гурван их гүрний Засгийн газрын тэргүүн нар Японыг ялсны дараа Зөвлөлт Холбоот Улсын эдгээр санаархлыг ямар ч болзолгүйгээр заавал хангана гэдэг дээр хэлэлцэн тохиролцов.
Хятадыг Японы дарлалаас чeлeeлөх зорилгоор зэвсэгт хүчнээрээ түүнд тусламж үзүүлэхийн тулд Хятадын Үндэсний Засгийн газартай СССР, Хятадын хооронд найрамдал ба холбооны тухай гэрээ байгуулахад Зөвлөлт Холбоот Улс бэлэн байгаагаа өөрийн зүгээс илэрхийлж байна.
Ардын Комиссар И. СТАЛИН Ерөнхийлөгч ФРАНКЛИН РУЗВЕЛЬТ Ерөнхий сайд УИНСТОН ЧЕРЧИЛЛЬ 1945.02.11″
- Зөвлөлт Холбоот Улс болон Бүгд Найрамдах Дундад Иргэн улсын гадаад харилцааны сайд нарын 1945.08.14-нд солилцсон нот бичигт Хятадын талаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг энэ тухай ард түмний нь хүсэл зоригийг үндэслэн зөвшөөрнө гэсний дагуу 1945. 10. 20-нд бүх нийтийн санал асуулга явуулснаар Гурван их гүрний хэлэлцээрт Гадаад Монголын талаар орсон заалт хэрэгжих эрх зүйн бүрэн үндэслэлтэй болов. Улмаар манай улс 1946.12.13-нд Дундад Иргэн Улстай, 1949.10.01-нд Хятадын хувьсгалын дараахь Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тусгаар тогтнолоо харилцан зөвшөөрч дипломат харилцаа тогтоож, НҮБ-д элсэх өргөдлөө 1946 онд гарган 1961 онд элссэн байна. Манай улсын тусгаар тогтнол ийнхүү олон улсын эрх зүйн түвшинд найдвартай баталгаажсан билээ.
- Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх Ардын Их Хурлын депутатуудыг сонгох хоёр шаттай сонгууль 1 мандаттай 430 тойргийн (5, 8, 79, 278 дугаар тойргоос бусад) 426 тойрогт 1990.7.22-нд анхан шатны, 29-нд хоёр дахь шатны бүх нийтийн санал хураалт явагдаж дүнгээ гаргав. Сонгогчдын нэрийн жагсаалтад 1027100 хүн бүртгэгдсэний 98.0% сонгуульд оролцжээ. Улсын Бага Хурлын 50 гишүүний суудлыг намын нэрээр авсан саналд хувь тэнцүүлэх замаар, тэгэхдээ нам тус бүрийн хувьд 3 УБХ-ын гишүүн тутмын 2-оос доошгүй нь АИХ-ын депутат байхаар хуваарилжээ.
Тухайн үед төрийн эрхийг дангаар барьж байсан МАХН өөрийн ялалтыг хангахын тулд өмнө байсан 370 тойргийг 430 болгон өсгөсөн бөгөөд ингэхдээ хөдөөгийн тойргийн тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэж, баталсан байдал:
- УБХ Монгол Улсын Их Цааз (Үндсэн хууль)-ын 78 зүйлтэй төсөл (1991.4.18)-ийг 1991 оны хаврын чуулганаар хэлэлцээд,
- 81 зүйл бүхий Монгол Улсын Их Цаазын төслийг14 нийтээр хэлэлцүүлэхээр 1991.06.05 ба 12-нд нийтэлжээ.
- Их цаазын төслийн талаар Улаанбаатарт НҮБ-ын техникийн тусламжийн хүрээнд15 олон улсын бага хурал болов.
- УБХ намрын чуулганаар дахин хэлэлцээд 70 зүйл бүхий “Монгол Улсын Их Цааз”-ын төслийг түүний “Хавсралт”-ын хамт АИХ-ын чуулганд оруулав.
- АИХ уг төслийг 1991.11.13-аас 1999.01.13-ны хооронд бүтэн хоёр сар орчим хэлэлцсэний дунд “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг батлав.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага
Эргэлтийн шинжтэй өөрчлөлтийг эхлээд арав дахь жилдээ, парламентат ёс бүхий иргэний нийгэм төлөвших тогтолцоог сонгосон Үндсэн хуулиа хэрэглэж эхлээд найм дахь жилдээ явж байна. Энэ бол хөлд орж байгаа хүүхдэд тохиолддогийн нэгэн адил алдаж онох, амжилт бэрхшээл, хийх суралцах хосолсон түүхэн сургамжийн он жилүүд байлаа. Үндсэн хуулийг баталж байх үед туршлага үгүйн улмаас ойлгох боломжгүй эсвэл мэдээллийн гачигдлаас болоод орхигдсон буюу учир дутагдалтай тусгагдсан тийм зүйлс Үндсэн хуульд маань байна. Үндсэн хуульдаа байгаа согогийг цаг алдалгүй оношилж бодитой засаж залруулж байх нь тохиолдож байгаа бэрхшээлийг даван туулж хөгжихөд нэн чухал хүчин зүйл юм.
Үндсэн хуулийг бий болгох үзэл санаа нь анх хүний эрхийг хамгаалах, үүний тулд хүний эрхийг хамгийн их зөрчиж болох төрийг нийгмийн хяналтад авах, ийнхүү хяналтад авахын тулд төрийн эрх мэдлийг хязгаарлах зорилттой уялдан гарч ирсэн байдаг.
Ардчилсан нийгэмд төрийн эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Төрийн эрх мэдлийг Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэл гэж ангилдаг бөгөөд энэхүү гурван эрх мэдлийг хэр зэрэг тэнцвэртэй бөгөөд харилцан хяналттай тогтоосон байдлаас төрийн эрх мэдлийг хэр зэрэг хязгаарлаж чадсан байдал, улмаар нийгмийн ардчилал шууд тодорхойлогддог.
Энэ бол дэлхийн улсуудын эерэг болон ихэнхдээ сөрөг практикаар хангалттай нотлогдсон, төрийн эрх мэдлийг бодитойгоор хязгаарлахад чиглэсэн постулат юм. Төгс ардчилсан үндсэн хуультай улс байхгүй боловч хангалттай ардчилсан үндсэн хуультай улсууд олон байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг16 энэ постулатын үүднээс шалгаж үзэх нь зүйд нийцнэ.
Үндсэн хуульт ёсны энэхүү суурь үзэл санааг амьдрал дээр элдэв янзаар мушгин гуйвуулж ирсэн нь олонтаа бөгөөд тэдний нэг сонгодог жишээ нь бидний туулж өнгөрүүлсэн зөвлөлт маягийн төрийн тогтолцоо юм. Энэ тухай Оросын Коммунист Большевикуудын Намын VIII Их Хурлын шийдвэрт “Парламент ёс гэдэг нь парламент толгойлсон төрийн удирдлагын тогтолцоо юм. Харин Зөвлөлт засаг бол, парламент ёсны сөрөг талуудыг, ялангуяа төрийн эрхийг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлд хуваах, төлөөлөгчдийн байгууллага олон түмнээс тасархай байх зэрэг явдлыг устгаж байна”17 гэжээ.
Ардчилсан үндсэн хуулийн мөн чанар нь “цөөнх”-ийг хамгаалахад чиглэсэн байдаг. “Цөөнх” гэдгийн дор парламент дахь цөөнхөөр үл барам, үзэл бодол, шашин шүтлэг, арьс өнгө, үндэсний гэх мэт аливаа цөөнхийг хамааруулан хэлж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд парламентын засаглалыг хадгалан дараахь шаардлагын үүднээс өөрчлөлт оруулах, Үүнд:
- Парламентын эрхийг зохистой хязгаарлах
- Гүйцэтгэх эрх мэдлийн дээд түвшинд хуваагдмал байдал үүсгэхгүй байх
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай Үндсэн хуулийн заалтыг ард нийтийн санал асуулгатай уялдуулан нарийсгах
- олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимтай нийцүүлэх
- иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх
- хүний эрхийг хамгаалах явдлыг албан тушаалтны хариуцлагыг өндөржүүлэх явдалтай уялдуулах.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөвхөн нэг эрх мэдлийн, тухайлбал УИХ-ын хүрээнд шийдэгдэх ёсгүй тул энэ тухай Үндсэн хуулийн заалтыг боловсронгуй болгох хүртэл дараахь улс төрийн тохиролцоонд урьдчилан хүрэх нь асуудалд бодитой хандах, итгэлцэл төрүүлэх уур амьсгалыг бий болгоно гэж үзэж байна. Үүнд:
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг нийтэд ил тод мэдээлж, олон түмний зүгээс бодол санаагаа илэрхийлэх бололцоо олгох
- УИХ, Ерөнхийлөгч санал нэгдсэн байх
- Үндсэн хуулийн Цэцээс төслийг бүхэлд нь буюу тухайн заалтуудын талаар үл зөвшөөрөх санал ирүүлээгүй байх.
Парламентын засаг ч тэр, Ерөнхийлөгчийн засаг ч тэр төрийн ардчилсан тогтолцооны хэлбэр юм. Иймээс “парламентын засаглал бол анархизм юм байна” эсвэл “ерөнхийлөгчийн засаглал бол тоталитаризм болно” гэх нь эсрэг талын байр суурийг олон нийтийн дунд жигшүүлэх замаар өөрийнхийг бэхжүүлэх санаархлаас цааш хэтрэхгүй зүйл юм. Манай Үндсэн хуульд парламентын эрх мэдлийг хангалтгүй хязгаарласан, парламентын засагтай гэх мөртлөө Ерөнхийлөгчөө бүх нийтээр сонгодог, үүнээс болж гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд зөрчил үүсдэг зэрэг нь Үндсэн хуульдаа парламентынхаа засгийн механизмыг тууштай суулгаж чадаагүйтэй холбоотой. Ерөнхийлөгчийн засгийг тогтоох хэмжээнд Үндсэн хуулийг шинээр найруулан баталлаа гэхэд бас л бэрхшээл гарах болно. Жишээлбэл, парламентаас олонхийн дэмжлэг авдаггүй Засгийн газартай байх явдал тохиолдоно. Энэ үед яггүй бэрхшээл гарч магадгүй. Тэгэхээр энэ чинь тоталитаризм байна гээд буцаад парламентын засаг тогтоох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах болж байна уу? Ийм байдлаар байран дээрээ дэвхцээд байх уу? Нэгэнт хийсэн сонголтоо тууштай барих нь зарчмын ач холбогдолтой гэж үзэж байна.
Үндсэн хуульд өөрчлөлтийг ямар хэлбэрээр оруулах вэ?
Энэ асуудалд хариулахын тулд иргэний нийгэм төлөвших механизмыг бүрдүүлсэн зарим улс одоогийн дагаж мөрдөж байгаа үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудалд хэрхэн хандаж ирсэн байдалтай товч танилцая.
АНУ. Үндсэн хуулиа 1787 онд баталсан. АНУ-ын Үндсэн хууль бол дэлхий дахины хувьд хамгийн анхны бичмэл Үндсэн хууль бөгөөд 200 гаруй жилийн турш тогтвортой үйлчилж байна. “Тогтвортой” гэдэг нь өөрчлөлт ороогүй гэсэн утгаар биш, харин түүний үзэл санаа тогтвортой хадгалагдсан, зохих өөрчлөлтийг оруулсаар ирсэн нь түүний үйлчлэх чадварт сайнаар нөлөөлсөн гэсэн утгаар ойлгож болохыг баримт нотолдог.
Энэ хугацаанд нийт 26 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд эхний 10 орчим өөрчлөлтийг Үндсэн хуулиа баталснаас хойш 2 жилийн дараа, 1789 онд, хамгийн сүүлчийн 26 дахь өөрчлөлтийг 1971 онд оруулжээ. АНУ Үндсэн хуульдаа оруулсан өөрчлөлтийг Үндсэн хуулийнхаа бичвэр дотор биш, араас нь залгуулан өөрчлөлт І, Өорчлөлт ІІ гэх мэт зүйлчлэн бичиж заншжээ. Америкчуудын шинээр бүтээсэн юм бол зөвхөн Үндсэн хууль, бусад нь бүгд гадных гэсэн өөрсдийн нь хошигнол байдаг. Үндсэн хууль нь америкчуудын үнэхээр бахархал юм. Нэг талаас энэхүү бахархал, нөгөө талаас уг Үндсэн хууль нь хуулийн биш хэллэгээр бичигдсэн нь түүнд өөрчлөлт оруулах америк загварыг аяндаа нөхцөлдүүлсэн байж магадгүй.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа нийгмийн ардчилсан тогтолцоог сонгон авсан улсуудын үндсэн хуулиуд нь хуулийн хэллэгт илүү ойрхон бичигдсэн бөгөөд тэдгээрт оруулсан өөрчлөлтийг, бусад хуулийнхтай адил бичвэр дотор нь оруулж заншсан байна. Өмнө дурдсан жишээнд тухайн улсын одоо дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд 1982 оноос хойш орсон байж болох өөрчлөлтийн он тусгагдаагүйг тэмдэглэе.
Монгол Улсын Үндсэн хууль ч мөн адил хуулийн хэллэгт илүү ойрхон бичигдсэн тул түүнд оруулах өөрчлөлтийг америк загвараар биш, бусад хуулийнхтай адил бичвэр дотор нь оруулдаг жишгийг дагах нь хэрэглэхэд илүү тохиромжтой гэж үзэж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал
- Үндсэн хуулийг олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэх үүднээс оруулах өөрчлөлтийн талаар
Санал 1.1 Үндсэн хуулийн 10.4 заалтыг хасч оронд нь дараахь заалтыг нэмэх:
- Монгол Улсын олон улсын гэрээний заалт дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Санал 1.2 Үндсэн хуулийн 66.2.1 заалтаас “Монгол Улсын олон улсын гэрээ” гэснийг, 66.4 заалтаас “Монгол Улсын олон улсын гэрээ”, “батламж” гэснийг хасах.
Тайлбар
Үндсэн хуулийн 10.4-т Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан Монгол Улсын олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй гэж, 66.2.1-д Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуулийн Цэцээр шийдвэрлэх маргааны объект мөн гэж, 66.4-т хэрэв уг гэрээ Үндсэн хуультай нийцээгүй гэж Цэц шийдвэр гаргавал уг гэрээ болон түүний батламж даруй хүчингүй болно гэж заажээ.
Гэтэл эдгээр нь “Олон улсын гэрээний эрхийн тухай Венийн Конвенцийн19 дараахь хоёр заалттай нийцэхгүй байна:
Зүйл 26. Расta sunt ѕеrvanda
Аливаа хүчин төгөлдөр гэрээг түүний оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээг шударга сайн санаагаар хэрэгжүүлэх ёстой.
Зүйл 27. Дотоодын эрх зүй ба гэрээг биелүүлэх
Оролцогч нь гэрээгээ биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй.
10Олон улсын гэрээний эрхийн тухай Венийн Конвенц 1969.05.23-нд НҮБ-ын Дипломат Бага хурлаар батлагдсан бөгөөд 1980.01.27-ноос хүчин төгөлдөр болсон. Монгол Улс түүнд 1988.05.16-нд тайлбартайгаар нэгдэн орсон бөгөөд уг тайлбараа 1990.07.19-нд албан ёсоор эгүүлэн авч, энэ тухайгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулахад НҮБ-ын дүрмээр зөвшөөрөгдсөний дагуу Хүний эрхийн Төвөөс ихээхэн техник туслалцаа үзүүлсэн билээ. Тус төвөөс их цаазын төслийн талаар ирүүлсэн саналын дотор дараахь зүйлийг дурджээ:
“39. Монгол Улсын нэгдээгүй гэрээний заалтыг биелүүлэх, нийтийн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлээгүй гэрээнд гарын үсэг тулган зуруулж байсан түүхийг харгалзан олон улсын гэрээ хэлэлцээрийг эрхэмлэхийн эсрэг үзэл санаа байдаг гэж мэргэжилтэн20 нарт тайлбарлаж байлаа.
Монголын ард түмэнд л ашигтай болох Хүний эрхийн эдгээр гэрээ хэлэлцээрт иймэрхүү хандаж болохгүй юм. Ийм учраас хүний эрхийн холбогдолтой конвенцийг тусгайд нь дээдэлж үндсэн хуульд тусгахыг Үндсэн хуулийн төсөл зохиогчид анхаарна уу.
Тухайлбал, Перу ийм байр суурийг баримталсан болно. Перугийн Үндсэн хуульд: 101.Перугийн баталсан олон улсын гэрээ хэлэлцээр нь дотоодын хууль тогтоомжийн бүрэлдэхүүн хэсэг байх болно. Хэрэв гэрээний заалт дотоодын хууль тогтоомжийн хооронд зөрчилтэй байвал гэрээний заалтыг мөрдөж байна”
Германы Үндсэн хуульд ч (Зүйл 25) Дээрхийн адил заалт байна.
Үндсэн хуульд 10.4 заалт орсон шалтгаан нь дотоодын хууль тогтоомжоос илүү хүчтэй олон улсын эрх зүйн хамгаалалт байсныг тухайн үед тодорхой мэдээгүй буюу Хүний эрхийн талаар ташаа ойлголт давамгайлж байсантай холбоотой. Дээрх болгоомжлол илүүц болох нь Венийн Конвенцийн21 дараахь заалтуудаас тодорхой байна:
Зүйл 49. Заль мэх
Улс хэлэлцээнд оролцогч бусад улсын хуурамч уйлдлийн нөлөөгөөр гэрээ байгуулсан бол гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүчингүйд тооцох үндэслэл нь тухайн заль мэх байсан гэж үзэх эрхтэй.
Зүйл 50. Улсын төлөөлөгчийг хахуульдах
Улс гэрээг заавал биелүүлэхээ зөвшөөрч байгаагаа хэлэлцээнд оролцогч бусад улс түүний төлөөлөгчийг шууд буюу шууд бусаар хахуульдсаны улмаас илэрхийлсэн бол гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлийг хүчингүйд тооцох үндэслэл нь тийнхүү хахуульдах явдал байсан гэж үзэх эрхтэй.
Зүйл 51. Улсын Төлөөлөгчийг албадах
Улсын төлөөлөгчийн эсрэг чиглэсэн үйлдэл буюу сүрдүүлгээр түүнийг албадсны улмаас уг гэрээг заавал биелүүлэх зөвшөөрлөө илэрхийлсэн бол тэр нь хууль зүйн ямар ч ач холбогдолгүй байна.
Зүйл 53. Олон улсын нийтлэг эрх зүйн императив хэм хэмжээнд харшилсан гэрээ
Гэрээ нь байгуулагдахдаа олон улсын нийтлэг эрх зүйн императив хэм хэмжээнд харшилж байвал түүнийг ямар ч ач холбогдолгүй гэж үзнэ. Энэ нь энэхүү Конвенцид хамаарагдах учир олон улсын нийтлэг эрх зүйн императив хэм хэмжээ нь түүнээс татгалзахыг зөвшөөрөхгүй хэм хэмжээ гэж бүхэлд нь олон улсын хамтын нийгэмлэгийн улс баталж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд зөвхөн олон улсын нийтлэг эрх зүйн тийм шинж чанартай дараагийн хэм хэмжээгээр өөрчлөгдөж болох хэм хэмжээ байна.
- Үндсэн хуульд Хүний эрхийн үндэсний байгууллагын тухай заалтууд нэмэх талаар
Санал 2.1 Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд дараахь 4 дэх заалтыг нэмэх:
- Хүний эрхийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх, хамгаалах үүрэг бүхий үндэсний байгууллагыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээ, зарчмуудад нийцүүлэн байгуулна.
Санал 2.2
Үндсэн хуулийн 66.1 заалтад “буюу” гэсний дараа “Хүний эрхийн үндэсний байгууллага,” гэж нэмэх. Цаашилбал мөн заалтад “Улсын Их Хурал” гэснийг “Улсын Их Хурлын 8 гишүүн” гэж өөрчлөх.
Тайлбар
1990 онд НҮБ-ын Хүний эрхийн комиссоос Хүний эрхийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр ажилладаг үндэсний болон бүс нутгийн байгууллагуудыг оролцуулсан зөвлөгөөн хийхийг санал болгожээ. Зөвлөгөөний зорилго нь эдгээр байгууллага, НҮБ болон түүний харъяа байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, мөн эдгээр үндэсний байгууллагын үр нөлөөг дээшлүүлэх арга замыг судлахад оршиж байлаа.
Ийнхүү 1991.10.07-09-нд Парис хотноо болсон, олон улсын анхдугаар зөвлөгөөнөөс хүний эрхийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр ажилладаг үндэсний байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн зарчмууд (Парисын зарчмууд гэж алдаршсан)-ыг тунхагласан байна. Парисын зарчмууд нь НҮБ-ын Хүний эрхийн комиссын 1992/54 тогтоолоор, Ерөнхий Ассамблейн 1993.12.20-ны 48/134 тогтоолоор тус тус сайшаагдсан байна. Эдгээр зарчим нь Хүний эрхийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлдэг, хамгаалдаг чиглэлээр ажилладаг үндэсний байгууллагыг Үндсэн хууль буюу бусад хууль эрхийн актаар баталгаажсан аль болох өргөн эрхээр хангах зайлшгүй шаардлагатайг нотолж байгаа билээ22. Хүний эрхийн үндэсний байгууллага нь комиссийн буюу Омбудсманы тогтолцоотой байдаг. Ардчилал нэлээд төлөвшсөн улс нэг буюу хэд хэдэн ийм байгууллагатай байна.
Монгол Улс ийм байгууллагыг бий болгох талаар Хүний эрхийн Төвтэй хамтран ажилласаар ирсэн боловч үр дүнд хүрэхгүй байгаа юм. Хуулийн төсөл нь, “Үндсэн хуулийн бус байгууллага байгуулах гэж байна, эрх хэмжээ нь хууль хяналт, шүүхийн байгууллагуудын эрх хэмжээнд халдсан байна” гэсэн шалтгаар хуульчдаас голлон
бүрддэг Хууль зүйн байнгын хорооны босгыг давж чадахгүй 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ.
Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллагыг Парисын зарчмуудын үндсэн дээр комиссын буюу омбудсманы аль нэгэн хэлбэрээр байгуулж, түүнд хуулийн этгээдийн эрх олгохоос гадна 66.1-д заасан төрийн институцүүдийн нэгэн адил Цэцэд хүсэлт гаргадаг эрхээр хангах нь зүйтэй юм. Хүний эрхийн Төвийн Их цаазад өгсөн саналын 137 ба 138-д энэ тухай санал болгосон байдаг.
Үндсэн хуулийг хэрэглэсэн 8 орчим жилийн хугацаанд УИХ-аас Цэцэд хандсан нэг ч тохиолдол гараагүй байна. Харин албан ёсны цөөнх буюу тодорхой асуудлаар цөөнх болсон гишүүд хурал хаях замаар Үндсэн хуулийг “хамгаалдаг” тохиолдол гарч байв. Иймээс 8 буюу түүнээс дээш тооны гишүүн Цэцэд хүсэлт гаргах эрхийг баталгаажуулах нь зүйтэй. Ингэснээр Үндсэн хуулийг хамгаалахад ч, хамгаалах нэрийн дор хуурамчаар санал хураалтыг бойкотлох явдал ч зогсох юм.
- УИХ-ын хуралдааны ирцэд өөрчлөлт оруулах талаар
Санал 3.1
Үндсэн хуулийн 27.6 заалтад байгаа “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол” гэж өөрчлөх.
Санал 3.2
Үндсэн хуулийн 27 дугаар зүйлд дор дурдсан 7 ба 8 дахь заалтыг нэмэх:
7.Улсын Их Хурал дээр бүх төрлийн санал хураалт ил байна.
- Улсын Их Хурал санал хураалт бүрийг, гишүүн бүр яаж саналаа өгсөн тухай мэдээг тухай бүр нийтэд ил тод мэдээлнэ.
Санал 3.3
Үндсэн хуулийн 24. 1-ээс “саналаа нууцаар гаргаж” гэснийг хасах.
Санал 3.4
Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд дор дурдсан 4 ба 5 дахь заалтыг нэмэх:
- Улсын Их Хурлын гишүүн нь хууль буюу дэгийн дагуу товлосон бүх санал хураалтад хэний ч шахалт шаардлагагүйгээр, өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох үүрэгтэй. Бүрэн эрх нь эхэлснээс хойш 364-өөс доошгүй хоногийн хугацаанд болсон санал хураалтын хорь буюу түүнээс дээш хувьд оролцоогүйг нь тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэлд тооцож болно.
- Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байна гэж Цэц дүгнэлт гаргасан бол Улсын Их Хурал түүнийг даруй эгүүлэн татна.
Санал 3.5
Үндсэн хуулийн 25. 1-ээс аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд”, “онцгой” гэснийг хасах.
Тайлбар
“Хуульд өөрөөр заагаагүй бол тэгнэ” гэсэн заалт нь, хэрэв өөр хязгаарлалт Үндсэн хуульд байхгүй бол, Үндсэн хуулийнхаа “тэгнэ” гэсэн заалтыг бусад хуулиар үгүй хийх бололцоо олгодог. Үндсэн хуульд ийм маягийн заалт оруулах нь тун зохимжгүй. Санал 3.1 нь 27.6 заалтын үндсэн санааг бэхжүүлэх зорилготой юм.
Санал 3.2 нь УИХ дээрх бүх санал хураалтыг ил тод болгох, Ингэснээр гишүүдийн ямар санал өгч байгааг, хамгийн гол нь сонгогчдод ил тод болгох, хоёр нүүр гаргах боломжийг хаах зорилготой.
Санал 3.3 нь УИХ-ын дарга, дэд даргыг нууц санал хурааж сонгоно гэсэн заалтыг өмнөх саналтай нийцүүлэх үүднээс орсон. Харин намын хүрээнд хувь хүнтэй холбоотой санал хураалтыг нууцаар явуулдаг байх нь намын дотор захиргаадалтын тогтолцоо бүрдэхээс урьдчилан сэргийлэхэд тустай гэж үзэж байна.
УИХ-ын үйл ажиллагаанд, улмаар улс орны хөгжил дэвшилд хамгийн их саад болж байгаа зүйл бол УИХ-ын гишүүдийн санал хураалтанд оролцохдоо цаг баримталдаггүй, тэднийг санал хураалтанд нь оруулах буюу шийдвэр гаргахыг нь хүлээх зэрэгт ардаа албатай өчнөөн олон хүн цаг, хүчээ дэмий үрж, хүнийхээ нэр төрийг барж байдаг явдал юм. Энэ байдлыг эцэс болгож чадах эсэхээс их зүйл шалтгаална. Хариуцлагын механизм байхгүй учир энэ байдал арваад жил үргэлжилсээр байна. Энэ байдлыг тэгшрүүлэх зорилгод санал 3.4 зориулагдсан. Нөгөө талаас ирцийг ёслол буюу санал хураалтын үед л бүрдүүлж байхыг шаардаж байгаа тул гишүүдийн ачааллыг ч хөнгөлж байгаа тал бий.
УИХ-ын буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгогдсон этгээдийн бүрэн эрхийг батламжлахдаа Сонгуулийн Ерөнхий Хорооны саналыг үндэслэн наанадаж хэлэлцүүлэггүйгээр санал хураах, цаанадаж ердөө л тус хорооны шийдвэрийг уншин сонсгосноор бүрэн эрх нь баталгааждаг журамд шилжих нь “3.1 Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалтад илүү нийцэх юм. Ер нь бол, хэлэлцэхгүй байхаар үл барам санал хураахгүй байх нь илүү зохистой.
Гишүүнийг эгүүлэн татах дүгнэлт гаргах бүрэн эрх Үндсэн хуулиар Цэцэд олгогдсон байдаг боловч бусад хуульд үүнийг хэдийд хэрэглэх талаар ганц ч заалт байдаггүй. Үндсэн хуулийн энэ заалтыг амьдруулах, ингэснээр УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор санал 3.4 орсон болно. Зүй нь гишүүнийг эгүүлэн татах шийдвэрийг УИХ биш, Сонгуулийн Ерөнхий Хороо гаргадаг байх нь илүү зохимжтой юм. Ийм санал нь хойноосоо Үндсэн болон бусад хуульд олон тооны өөрчлөлтийг дагалдуулах тул түүнээс бэрхшээв.
Санал 3.5 нь УИХ-д олгосон хэт их эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн болно. Энэ талаар анхны гашуун туршлага тохиолдсон. Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг хувьчлах асуудлыг нэг нэгээр нь УИХ дээр хэлэлцэн шийдвэрлэх тухай гарсан тогтоолын эрх зүйн үндэс нь “УИХ дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох тухай дээрх заалт байсан гэж УИХ-ын зарим гишүүд мэдээлж байгаа билээ.
- Засгийн газрын гишүүдийг УИХ томилж байгааг өөрчлөх талаар
Санал 4.1
Үндсэн хуулийн 39.3 заалтыг дор дурдсанаар өөрчлөх:
- Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын санал болгосноор Ерөнхийлөгч томилно.
Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд дор дурдсан 4 дэх заалтыг нэмэх:
- Ерөнхий сайд Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулна.
Санал 4.2
Үндсэн хуулийн 40.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөх:
- Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас түүнд итгэл үзүүлснээр эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.
Санал 4.3
Үндсэн хуулийн 42 дугаар зүйлд дор дурдсан 1, 2, 3 дахь заалтыг нэмэх:
- Улсын Их Хурлын чуулган дээр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн үг хэлэхийг хүсвэл Улсын Их Хурал түүнийг сонсох үүрэгтэй.
- Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайдын санал болгосноор Ерөнхийлөгч, чөлөөлөх буюу огцруулна.
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй.
Санал 4.4
- Үндсэн хуулийн 43.3 болон 33.1.2-т “Засгийн газрыг” – гэснийг “Ерөнхий сайдыг” гэж өөрчлөх.
- Үндсэн хуулийн 25.6 заалтыг дор дурдсанаар өөрчлөх:
- Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх, огцруулах;
- Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөх: Ерөнхий сайд Засгийн газарт итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч тогтоолын төсөл оруулсан бол Улсын Их Хурал асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ. Үл итгэх uruuдэр гарсан бол Засгийн газар огцорно.
- Үндсэн хуулийн 26.1 заалтыг дор дурдсанаар өөрчлөх
- 5. Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд буюу сонгуулийн эрх бүхий арван мянган иргэн хамтран хууль санаачлах эрх эдэлнэ. Хууль санаачлах эрхийг хуулиар хамгаална.
Тайлбар
Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх дээд байгууллага болох Засгийн газрын үйл ажиллагааг шуурхай болгох, түүний хамтын хариуцлагыг өндөржүүлэхэд Засгийн газрын гишүүдийг УИХ томилж байгаа нь Засгийн газрыг жижигхэн парламент мэт болгож, хүнд цаг ирэхэд сайд нар нь Ерөнхий сайдаа гарзанд гаргадаг явдал хоёр ч удаа давтагдав. НҮБ-ын Хүний эрхийн Төв ч үүнтэй холбогдуулан “89. Их Хурал аль нэгэн сайдыг огцруулахаар заажээ. Энэ нь хамтын хариуцлагын зарчимд харшилж байна. Парламентын сонгодог системд Ерөнхий сайд верийн багаа бүрдүүлдэг ба Парламент дангаараа аль нэгэн сайдыг өөрчлөх эрхгүй байдаг гэсэн саналыг ирүүлж байв.
Хамтын хариуцлагын зарчмыг баримталж байгаа нөхцөлд хууль санаачлах эрх Ерөнхий сайдад байна уу, Засгийн газарт байна уу гэдэг үндсэндээ адил боловч Засгийн газрын бүрэн эрх итгэл үзүүлснээр эхэлж байгаа нөхцөлд энэ эрх Ерөнхий сайдад байхгүй бол Засгийн газраа бүрдүүлээд итгэл үзүүлэх эсэх талаар тогтоол санаачлах эрх хаагдахад хүрэх юм.
Засгийн газрыг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдэж байгааг харгалзан түүнд хууль санаачлах эрхийг олгохоос татгалзах нь эрх мэдлийг цэгцтэй хуваарилахад хэрэгтэй зүйл юм.
- УИХ тарах нөхцөлийг өөрчлөх талаар
Санал 5.1
Үндсэн хуулийн 22.2 заалтыг дор дурдсанаар өөрчлөх
- Улсын Их Хурал эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл өөрөө тарах шийдвэр гаргаж болно.
Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд дор дурдсан з ба 4 дэх заалтыг нэмэх:
- Дор дурдсан эс үйлдэл Улсын Их Хурал дахь олонхиос шалтгаалан, 30 буюу түүнээс дээш хоног үргэлжилж байгаа бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай зарлиг гаргах бөгөөд зарлиг гармагцаа хүчин төгөлдөр болно:
1) тухайн санхүүгийн жилд дагаж мөрдөх төвлөрсөн хууль байхгүй,
2) Ерөнхий сайд итгэл үзүүлэх эсэхийг хүссэнээс хойш Улсын Их Хурал дээр санал хураахгүй;
3) Анхдугаар чуулган эхэлснээс буюу Ерөнхий сайд огцорсноос хойш Ерөнхий сайдыг томилохгүй;
4) Улсын Их Хурлын сонгуулийг Үндсэн хуульд заасан хугацаанд зарлахгүй.
- Улсын Их Хурал өөрөө тарах буюу түүнийг тараах тухай шийдвэр гарсан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
Тайлбар
Хууль тогтоох, гүйцэтгэх хоёр эрх мэдэл тэнцвэртэй байх зарчмын үүднээс парламентын засагтай улсад парламентыг тараах эрхийг төрийн тэргүүнд, Ерөнхийлөгчийн засагтай улсад Ерөнхийлөгчийг огцруулах эрхийг парламентад, өөрөөр хэлбэл бага эрх мэдэлтэйд нь их эрх мэдэлтэйгээ тараах буюу огцруулах эрхийг Үндсэн хуулиар олгохыг онолын үүднээс зөв гэж үздэг бөгөөд үүнийг хэрэгжүүлсэн улс цөөнгүй байна.
Энэ санааг хэрэгжүүлэх, улмаар УИХ-ын эрх мэдлийг хязгаарлах зорилгоор өмнө нь зөвхөн УИХ өөрийнхөө шийдвэрийн дагуу тарж болно гэж байсан дээр нэмж, тодорхой үндэслэлээр Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж болохыг санал болгож байна.
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай заалтуудыг өөрчлөх талаар
Санал 6.1
Үндсэн хуулийн 68, 69 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөх:
Жаран наймдугаар зүйл.
- Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хууль санаачлах эрх бүхий этгээд санаачлах бөгөөд төслөө нийтэд албан ёсоор мэдээлнэ.
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал хураалтын ирц нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй байна.
- Улсын Их Хурал төслийг хэлэлцсэн бол анхны хэлэлцүүлгээр Үндсэн хуульд оруулах уг төслийн бичвэрийг эцэслэн батлах санал хураалтыг явуулна.
- Бичвэрийг эцэслэн батлах санал хураалтаар нийт гишүүний гуравны хоёрт хүрэхгүй дэмжлэг авсан бол Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хэлэлцүүлгийг зогсооно.
- Бичвэр нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан бол Улсын Их Хурал түүнийг Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэц болон нийтэд албан ёсоор ёсоор мэдээлнэ.
- Ийнхүү мэдээлснээс хойш гуч хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Ерөнхийлөгч эсхүл Цэцээс бичвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг зөвшөөрөхгүй тухай албан ёсоор мэдэгдээгүй бол Улсын Их Хурал хоёр дахь санал хураалтыг даруй явуулна.
- Хоёр дахь санал хураалтаар нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан бол уг бичвэрийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт орно.
- Хоёр дахь санал хураалтаар нийт гишүүний гуравны хоёрт хүрэхгүй дэмжлэг авсан бол Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай уг бичвэрийг батлах эсэх талаар ард нийтийн санал асуулга даруй явуулна.
Жаран есдүгээр зүйл.
- Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг жаран наймдугаар зүйлд заасны дагуу хэлэлцсэн боловч батлагдаагүй бол Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар асуудал авч хэлэлцэхгүй.
- Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэхгүй.
- Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт нь Үндсэн хуулийн салшгүй хэсэг байна.
Санал 6.2
Үндсэн хуулийн зургадугаар бүлгийн гарчгийг “Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах” гэж өөрчлөх.
Санал 6.3
Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд дор дурдсан 2, 3 дахь заалтыг нэмэх:
- Үйлдэл буюу эс үйлдлээрээ Үндсэн хуулиар тодорхойлсон төрийн тогтолцоог бусниулахыг оролдсон этгээдээс шүүхээр хамгаалуулах бололцоогүй нөхцөлд Монгол Улсын бүх иргэн түүнд эсэргүүцэл үзүүлэх эрхтэй.
- Үндсэн хуульд оруулах өөрчлөлт нь Бугд найрамдах улс байх тухай Нэгдүгээр зүйлийн 1, эсэргүүцэх эрхийн тухай Далдугаар зүйлийн 2 дахь заалтыг үл хөндөнө.
Санал 6.4
Үндсэн хуулийн 70.2 заалтыг тусгайлан төгсгөлийн заалт болгон, дор дурдсанаар өөрчлөх:
Төгсгөлийн заалт
Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө.
Мэдэгтүн, сахигтүн!
Тайлбар
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай Үндсэн хуулийн зургаадугаар бүлэг бол хамгийн сул боловсрогдсон юм. Энэ тухай НҮБ-ын Хүний эрхийн Төвөөс ч 144-148 саналаараа дохио өгч байжээ. Дээр дурдсан өөрчлөлтийг оруулснаар энэ байдлаас гарч болно гэж үзэж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хоёр зүйлийг хөндөж болохгүй. Нэгдүгээрт Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг ямагт бүх нийтээр сонгон байгуулдаг байна. Хоёрдугаарт санал дотор томьёолсон эсэргүүцэх эрхийг ямагт хадгална.
Бүлгийн гарчигтай нийцүүлэх зорилгоор Төгсгөлийн заалтыг зургадугаар бүлгээс тусгаарлахыг санал болгож байна. Төрөөс шашныг тусгаарласан явдал бол иргэний нийгмийн нэг чухал зарчим юм. Иймээс төрийн хуульд зарим өдрийг сайн гэж ингэснээрээ муу өдөр байхыг зөвшөөрсөн мэт сүсэг бишрэлийн үг байх нь зохимжгүй гэж үзэж байна.
- Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох талаар
Санал 7.1
Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 1-6 заалтыг дор дурдсанаар өөрчлөх
- Ерөнхийлөгчийг Улсын Их Хурал сонгоно.
- Улсын Их Хурал дахь намын бүлэг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй.
- 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
- Ерөнхийлөгчийг сонгох журмыг хуульчлан тогтооно.
Санал 7.2
Үндсэн хуулийн 30.2 дахь заалтаас “дөрвөн жилийн хугацаагаар” гэснийг хасч, мөн зүйлд дор дурдсан 3 дахь заалтыг нэмэх:
- Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь түүнийг сонгосон Улсын Их Хурлын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
Тайлбар
Энэхүү саналын гол санаа нь Ерөнхийлөгч нь УИХ дахь олонхиос нэр дэвшиж сонгогдоогүй байх нөхцөлд гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд үүсдэг үл илгэтцэх байдлыг залруулахад оршиж байгаа бөгөөд энэ заалт орвол парламентын засаг гэсэн утгандаа ч илүү нийцтэй болж байгаа юм.