А.А Пороховский
Шинэ толь №32, 2000
Түлхүүр үг: АНУ-ын манлайлал, Эдийн засаг-н хөгжил , Үндэстний эдийн засаг, АНУ-ын төрийн зохицуулалт, АНУ-ын хөрөнгийн зах зээл, Технологийн хөгжил
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Шинэ мянганы босгон дээр дэлхий дахины анхаарал цаг хугацааны мөчлөгт хүчтэй татагдаж байгаа бөгөөд энэ нь зөвхөн нэг орны нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлөөд зогсохгүй нийт дэлхий дахины хөгжлийг тодорхойлогч толь болжээ.Хөгжлийн үйл явц түргэсэхийн хэрээр харьцангуй шинэ залуу буурай орнууд өчигдрийн ивээн тэтгэгч, эздийнхээ түвшинд богино хугацаанд хүрэх боломж нээгджээ.
Хүний нас олон зүйл өгүүлдэг, заримдаа бүх зүйлийг нь тодорхойлно, тэгвэл нэгэн улс гүрний нас өндөр байх нь чухал биш, харин тодорхой цаг үед бмй болсон хөгжил, дэвшил хамгийн чухал байдаг. Энэ нь АНУ зэрэг харьцангуй залуу гүрнүүдэд ихээхэн хамааралтай.
Мэдээж Европын олонх оронтой харьцуулахад АНУ залуу үндэстэн билээ. АНУ-гийн хөгжлийн 200 илүү жилийн түүх нь дундад эртний үеэс цэцэглэл, хөгжил нь улбаатай орнуудын хажууд олныг өгүүлэхгүй. Гэвч давтагдашгүй улс төрийн болоод газар зүйн, цаашилбал түүхэн цаг үеийн нөхцөл нь АНУ-ын өөрийн гайхамшигтай эдийн засгийн загварыг бий болгож, бусад үндэстнээс олон үзүүлэлтээр түрүүлэн хөгжих боломж олгожээ. XIX зуун Европын манлайллын зуун байсан бол XX зуун үндсэндээ АНУ-ын манлайлал үүсэн, бэхэжсэн цаг үе байсан гэхэд хэтрүүлэг болохгүй.
XX зууны эхэнд АНУ дэлхийн эдийн засгийн “галт тэргэнд”найдвартай зүтгүүр гэж тооцогдох болоогүй байв. Гэвч тэдний оролцоогүй энэ зүтгүүрт хангалттай эрч хүч байхгүй байсан нь мэдээж. Тэгвэл XX зууны төгсгөлд АНУ үнэхээр дэлхийн эдийн засгийн хөгжлийн “зүтгүүр” болсон гэдгийг батлах шаардлага хэнд ч алга.
Энэ нь Америкийн хөгжлийн зам, зах зээлийн загвар нь бүх дэлхийд түгэн тарах учиртай хөгжлийн чиг хандлага гэдгийн бүрэн төгс баталгаа биш. Гэвч Америкийн эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт болон зах зээлийн загварын харьцангуй тогтвортой шинж чанар нь дэлхийд тэргүүн байранд байдаг бодит баримтыг хэн ч няцаахгүй. Энд хөгжлийн болон гадаад болон дотоод суурь нөхцөлүүд улс орныхоо хувьд хамгийн бага гарз хохиролтой ашиглагджээ. Иймээс ч бүх дэлхий зах зээлийн урагшлагч хөдөлгөөний жам ёсны зам дээр зогссон өнөө үед Америкийн туршлага дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд анхаарлын төвд байгааг гайхах зүйлгүй юм.
Америк маягийн холимог эдийн засаг . Чөлөөт эдийн засгийн хэв шинжийг харуулагч өрсөлдөөн, зах зээл,хувийн өмч, бизнес ба төрийн тогтвортой “ тоглоомын дүрмүүд”аль нь ч Америкийн нийгмийн хамгийн гол “чухал” зорилго байгаагүй.Эдгээрийн дүнд л эдийн засгийн өсөлтийн найдвартай “суурь” болсон нийгмийн тогтвортой байдлыг дэмжин тогтоогч холимог эдийн засаг аажмаар бүрэлджээ. Холимог эдийн засаг нь юуны өмнө аж ахуй эрхлэх олон арга барил, өмчийн ялгаатай хэлбэрүүд юм. Энэ бол зах зээлийн үндсэн зарчмуудад нийцсэн төрийн эдийн засгийн үүргүүд болон эдийн засгийн субъект чөлөөт шийдлийг өөрөө сонгох боломжийн нийлбэр ажээ.Төр эдийн засгийн талбарт харьцангуй нэгэн том өмчлөгч хэвээр үлдэж байгаа ч бизнесийн үйл ажиллагааг шууд эрхэлдэггүй. Энэ нь Америкийн зах зээлийн загварын бусад орныхоос ялгарах нэг ялгаа билээ.
Хөгжлийн явцад аажимдаа эдийн засагт хувь нийлүүлсэн капитал ноёрхож, эдийн засгийн чадавхын үндэс нь томоохон корпорацууд болжээ.
Хувь нийлүүлсэн капиталын үүрэг. XX зууны туршид Америкийн эдийн засагт хөгжлийн суурь чиг хандлага тууштай бэхжин урагшилсан. Юуны өмнө үндэсний эдийн засгийн суурь нь өмчийн олон хэлбэр болж, түүнд тохирсон аж ахуй эрхлэх хэлбэрүүд зэрэгцэн хөгжсөн. Өмчлөлийн хэлбэрүүдийн “плюрализм”өнгөрсөн зуунд өнгө төрхөө нэгэнт олж, цаашид улам боловсронгуй болон хөгжин урагшилжээ. Мэдээж өмчлөл болон аж ахуйн хэлбэрүүдийн харьцаа тогтонги байсангүй, тухайн цаг үеэсээ шалтгаалж өөрчлөгдөж байв. \Хүснэгт 1\ 1939 онд анх удаа бүх төрлийн аж ахуйн нэгжүүдийн талаарх анхны бүрэн мэдээллийг цуглуулахад нийт тоо нь 1,8 сая орчим байжээ.Тэднээс 59 % орчим буюу 1 сая илүү гаруй хувийн өмчийн аж ахуй, 15 % орчим нь нөхөрлөл,26 % нь корпорац байсан гэсэн ерөнхий дүр зураг харагддаг.
Үүнээс хойш 60 гаруй жил өнгөрөхөд үндэсний эдийн засгийн нийт аж ахуйн нэгжийн тоо нь бараг 22 саяд хүрч, энд хувийн аж ахуй 73 хувь, корпорацууд 20 хувь байлаа. Энэ хугацаанд АНУ-ын хүн ам 130 саяас 261 сая болж өссөнийг тэмдэглүүштэй. Энгийн тооцоо энэ хугацаанд хүн ам 2 дахин өссөн бол аж ахуйн нэгжийн тоо бараг 12 дахин өссөнийг харуулна. Энэ нь үндсэндээ хувийн үйлдвэрийн тоо хурдацтай нэмэгдсэнээс хамааралтай. Үүний дүнд 1994 онд нэг аж ахуйн нэгжид хүүхэд тэтгэврийн хүмүүсээ оролцуулаад 11-12 иргэн ногджээ. 1939 онтой харьцуулахад энэ тоо 6 дахин буурчээ. Мэдээж энэ үзүүлэлтүүд тодорхой өөрчлөлтийн хандлагыг харуулахаас бус өмчийн хэлбэрүүдийн талаарх нарийвчилсан дүр зургийг харуулахгүй. Гэвч Америкийн зах зээлийн загварын тогтвортой байдал үүнээс хүчтэй хамаардаг.
АНУ-ын эдийн засаг дахь аж ахуйн нэгжүүдийн өсөлт
Хүснэгтийг ажиглахад хувийн өмчид суурилсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь харьяалагджээ. 90-ээд онд бараг нийт аж ахуйн 3\4 нь энд хамааралтай болжээ. Гэвч эдгээрийн эдийн засагт эзлэх байр суурь нь корпорацуудаас ихээхэн догуур байдаг.1990 –ээд оны эхний хагасын тоон мэдээллээс \хүснэгт 2 \ харахад нийт аэ ахуйн нэгжүүдийн 20 хувь хүрэхгүй хэсэг нь корпорациуд байсан боловч эдийн засаг дахь хөрөнгийн эргэлтийн 89 хувь доошгүй нь тэдэнд ногдож, цэвэр орлого нь нийт цэвэр орлогын 70 хувь дөхөж очжээ.
Энэ нь хувь нийлүүлсэн капитал болон корпорац төлөөлөл нь болдог хувь нийлүүлсэн өмчийн хэлбэрүүд нь Америкийн зах зээлийн загварын эдийн засгийн чадавхын гол цөмийг бүрдүүлснийг харуулна. Гэвч энд корпорацын хэмжээ, орлогын ялгаа их юм. Тухайлбал 1993 онд нийт 3965 мянган корпорацын 667 мянга нь жилд 1 сая доллараас давсан хөрөнгийн эргэлт эзэмшиж байв. Чухам энэ томоохон корпорацуудад бүх колпорацийн хөрөнгийн эргэлтийн 94,4 хувь ногддог. Ийм байдлаар үнэндээ чухал корпорацууд дотооддоо Америкийн эдийн засгийн хөгжлийг урагшлуулагч “зүтгүүр” болжээ. Гэвч корпорацуудын эдийн засгийн үнэмлэхүй давамгайлал нь нөхөрлөл, аж ахуйн алинд нь ч “амьсгалах боломжийг”нь боогдуулахгүй байгаа төдийгүй тэдний тоо жилээс жилд хурдацтай өсч, үндэсний эдийн засагт зохих хувь нэмрээ оруулсаар.
Хүснэгт 2
Жижиг бизнес-нийгмийг тогтворжуулагч. Америкийн зах зээлийн загварын өсөлтийн динамик, тогтвортой шинж чанарыг баталгаажуулагч нэг гол хүчин зүйл нь жижиг бизнесийн эдийн засаг дахь өвөрмөц үүрэг байдаг. Жижиг бизнест өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн газрууд хамаарна. Тухайлбал 1993 онд бүх корпорацуудын 70,8 хувь нь жилд 500 мянган доллараас доош хөрөнгийн эргэлттэй, бүх нөхөрлөлийн дөнгөж 7,4 хувь нь 500 мянган доллараас дээш хөрөнгийн эргэлттэй, хувийн өмчийн үйлдвэрийн газруудын дөнгөж 1,3 хувь нь дээрх хүрээнд багтжээ.
1994 онд бараг 4 сая үйлдвэрийн газар нэгээс дөрвөн ажиллагсадтай байсан бөгөөд 20 хүртэл ажиллагсадтай үйлдвэрүүдэд 25 сая илүү хүн ажиллаж байлаа. Цааш нь илүү нарийвчлалгүйгээр дээрх баримтууд нь АНУ-ын эдийн засагт жижиг бизнес ямар онцгой том үүрэгтэйг нотолно.Нэг талаас жижиг бизнес нь эдийн засаг болон нийгмийн хэвийн хөгжилд орлуулшгүй чухал үүрэгтэй. Нөгөө талаас Америкийн нийгмийн янз бүрийн давхаргынхныг ажлын байраар хангадаг, ингэснээр өөрийн боломжийн хүрээнд зах зээлийн эдийн засгийн хамгийн эмзэг асуудлын нэг болох ажилгүйдлийн асуудлыг шийднэ.Энэ нь томоохон үйлдвэрийн газруудгүй бүс нутагт онцгой хамааралтай ба тэнд ажлын шинэ байр бий болох нь бүхэлдээ тэдний гараар шийдэгддэг. Жижиг бизнес шинэ нөхцөлд уян хатнаар түргэн зохицож, өрсөлдөөний янз бүрийн хэлбэрүүдэд хурдан дасаж, амжилттай өрсөлдөх чадвартай байдаг.Үүний зэрэгцээ нийгмийг тогтворжуулагчийн үүрэг хүлээснээр зах зээлийн эдийн засгийн хамгийн амаргүй талбарын нэг болдог. АНУ-д энэ мөн адил байгаа.Учир нь бараг хүн бүр жижиг бизнесийн үйл ажиллагаа эхэлж болох боловч бизнесээ бэхжүүлж цаашид цэцэглүүлэн хөгжүүлэх боломж бүгдэд тэгш бүрдэхгүй. Иймээс ч том биш пүүсүүдийн дотор дампуурал болон ажил хэргийн бүтэлгүй явдал харьцангуй олон тохиолддог нь санамсаргүй хэрэг бус.
1995 онд АНУ-д 168 мянган шинэ ферм бүртгүүлснээс энэ ондоо 71 мянга нь оршин тогтнохоо больсон, үүнээс бараг 70% нь жижиг бизнест хамаарагджээ. Шүүх дээр хувь хүмүүс болон тодорхой компанийн санхүү, үйл ажиллагааны дутагдалтай холбогдсон 858 мянган хэрэг хэлэлцэгджээ. Өрсөлдөөн хэнд ч тайвшрал өгөлгүй, нэгнийх нь амжилтыг бэхжүүлж, нөгөө талд эдийн засгийн амжилтгүй үйл ажиллагаа явуулагчаас зах зээлийг цэвэршүүлнэ.
Жижиг бизнес Америкийн нийгэмд чухал үүрэгтэй төдийгүй зах зээлийн хатуу орчинд эмзэг болохыг харгалзан АНУ-д жижиг үйлдвэрийн газруудыг дэмжиж бүхэл бүтэн систем үйлчилдэг, үүний зохицуулалтыг холбооны байгууллага болох жижиг бизнесийн алба \ Small Bizness Administration\ атгадаг ажээ. Мэдээж ирээдүйд жижиг бизнес төрийн дэмжлэггүй урагшлан хөгжих боломжгүй ч урьдын адил өөрийн хувь заяаг жижиг бизнес өөрөө л шийднэ.Зах зээлийн орчинд нийгмийг тогтворжуулагч нь өөрөө нийгмээс тэжээгдэгч болох ёсгүй.
Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт. Улс бүрийн зах зээлийн загварын нэг чухал шалгуур нь үндэсний эдийн засгийн салбарын бүтэц байдаг. Эдийн засагт салбаруудын зохистой бүтэц нь тодорхой цаг үеийн турш эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хөрс суурь болж, өсөлтийг хангах төдийгүй дэлхийн үах зээл дээр тухайн улсын барааны өрсөлдөх чадварыг баталгаажуулах боломж бүрдүүлнэ. Нийгэмд хүчтэй доргион үүсгэдэг мөчлөг шинжтэй эдийн засгийн хямралын үед ч салбаруудын бүтцийн өөрчлөлт явагдана.Үүнтэй хамт нэг талаас өөрийнхөө инерцээр эдийн засаг ямарваа хөл үймээнийг тэсвэрлэхгүйгээр, эдийн засгийн удирдлагын болон нөхөн үйлдвэрлэлийн шинэ нөхцөлд дасан зохицож, урагшлах цаг үеийг шаардан байдаг, нөгөө талаас XX зуунд салбарын бүтцийн өөрчлөлт бараг зайлшгүй бөгөөд зогсолтгүй үргэлжлэгч хүчин зүйл болж,өрсөлдөөн ширүүсэн, үйлдвэрлэлийн технологийн баазын өөрчлөлт түргэссэн нь үүнд нөлөөлжээ. XX зууны сүүлчийн арван жилд АНУ-ын эдийн засаг амжилт дүүрэн байсан гэхэд болно. Энэ нь дурдсан цаг үед бүрэлдэн тогтсон эдийн засгийн бүтэцтэй олон талаар уялдаатай.
Хүснэгт 3.
АНУ-ын ДНБ-ний салбарын бүтэц[1]
Хүснэгт 3 -д өгөгдсөн мэдээлэл эдийн засгийн хөгжлийн дүр төрхийг харуулна. Дэлхийн 2 дугаар дайны дараах хагас зуун жилд АНУ-ын ДНБ-д ХАА, ойн болон загасны аж ахуйн эзлэх хувийн жин 28,9 хувиас 17.2 хувь хүртэл буурч, олборлох аж үйлдвэр 1947 онд ДНБ-д 2,9 хувь эзэлж байсан бол 1994 онд дөнгөж 1,3 хувь болтлоо багасжээ. 1994 онд барилгын салбарын ДНБ-д эзлэх хувийн жин 3,8 хувь байгаа нь энэ салбар олон жилийн туршид ДНБ-д эзлэх хувийн жин тогтмол 4 хувь орчим байсныг харуулав.Түлш эрчим хүчний салбарын ач холбогдол зогсолтгүй өсөж, ДНБ-д эзлэх хувийн жин нь бараг 2 дахин нэмэгджээ. Энэхүү хандлага үйлчилгээний салбар\8,8 хувиас 19,3 хувь хүртэл өссөн\ болон 1994 онд ДНБ-д эзлэх хувийн жингээрээ 2 дугаар байранд байгаа санхүүгийн салбаруудад мөн хамаарагдана.Хэрэв 1970 оны байдлаар ДНБ- д Холбооны ба орон нутгийн засаг захиргааны хувийн жин нэлээд өссөн байсан бол энэ үеэс хойш тогтмолжиж 13 хувиас буурсангүй.
ДНБ-д эзлэх хувийн жингээр нь авч үзсэн Америкийн эдийн засгийн салбарын бүтэц нь энэ тохиолдолд түүнийг бий болгосон салбаруудаар нь ялгаж авч үзсэнээс бус хэрэглээний талаас нь харуулаагүй. ДНБ-ий бүтцийг зарлага талаас нь авч үзвэл холбооны ба орон нутгийн захиргааны үүрэг харьцангуй өндөр байдаг. Үйлдвэрлэлийн бүтээмж харьцангуй ижил бол салбарын бүтцийг ажиллагсдын бүтэцтэй уялдуулан авч үзэж болно. Үндэсний эдийн засгийн бүтцийг тогтоодог бусад аргууд ч бий. Удаан хугацааны \100 жил ба түүнээс цааш\ДНБ-ий бүтцийг АНУ-ын статистик бүтээн бий болгосон ба зарцуулсан талаас нь авч үзэхдээ зарцуулалт тал нь салбараар ангилагдсан байдаггүй.
XX зууны босгон дээр эдийн засгийн уламжлалт салбарууд болох олборлох ба боловсруулах аж үйлдвэр, мөн ХАА-н хөгжлийн хурдац нь үйлчилгээ, санхүүгийн бизнес, холбооны салбараас хоцров. Гэвч бүгд ийм гэх боломж бас үгүй. Энэ боловсруулах аж үйлдвэрт өндөр технологи бүхий оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэлийг агуулсан, бүх эдийн засагт хүчтэй түлхэц өгдөг олон салбар, мөн дэд салбарууд хамаардагтай холбоотой.Америкийн төмөрлөгийн үйлдвэрлэл харьцангуй шинэчлэгдэж , үр ашиг нь дээшилж, олон улсын өсөн буй өрсөлдөөнөөс шалтгаалж автомашины үйлдвэрлэл тогтонги байдалд оршиж , электроникийн болон агаар, сансрын салбарууд хөгжлийн тэргүүн эгнээнд гарч ирэв.
Холбооны систем, техникийн хүрээнд хувьсгалт өөрчлөлтүүд гарав. Телефон утасны үйлчилгээний хэлбэрүүд өргөжихийн хамт Интернетийн ачаар энгийн утсан холбооны ач холбогдол маш ихээр өсжээ. Үүний дүнд 1997 онд 46 сая илүү Америкчууд өөрийн электрон хаягтай болж, энэ шинэ системийг харьцангуй олон хүн ашигладаг болжээ.
Интернет зөвхөн мэдээллийн талбарт өөрчлөлт гаргаад зогссонгүй.Шинэ хандлага ба бодит ач холбогдол нь бизнесийн шийдвэр гаргах үйл явцад цаг хугацааны дэвшилтэт хүчин зүйл болоод зогсохгүй хүн амыг мэдээллээр бүрэн төгс, түргэн хангахад чухал юм. Үндэсний эдийн засаг нь цаг хугацааны энэ дуудлагыг ямар нэгэн байдлаар мэдрэхгүй байж чадахгүй бөгөөд интернет үнэндээ хүн амыг бүхэлд нь \Дэлхийн хэмжээнд ч цөөнгүй хүмүүсийг\ үйл явдлын сонирхогч төдийгүй идэвхтэй оролцогч болгож олонх тохиолдолд түргэн хариу үйлдэл хийх боломж бүрдүүлэв. Америкийн эдийн засаг мэдээллийн нийгмийн бүрдэл хэсэг болоход харьцангуй дөхөж очсон гэхэд болно. Үүний дүнд Америкийн зах зээлийн загварын нэн шинэ бүрдэл болсон мэдээллийн орчин бий болон төлөвшиж байна. Энэ нь зөвхөн АНУ-аар хязгаарлагдахгүй ба тусдаа яригдах том сэдэв билээ.
Чухамдаа энэ мэдээллийн орчин л АНУ-д бусад орноос тэргүүлэх боломж өгч, холимог эдийг засгийн загварын чухал бүрдэл хэсэг болоод зогсохгүй зах зээлийн загварын уян хатан байдлыг хангагч болжээ. Мэдээлэл авах тэргүүн зэргийн боломж нь Америкийн пүүсүүд өрсөлдөөний онцгой давуу талуудыг бүрдүүлжээ.
Зах зээлийн тогтолцоон дахь төр. Зах зээлийн хөгжлийг төрийн оролцоотой уялдуулан Америкийн туршлага нэлээн амжилттай “зохицсон гэрлэлт”болсон гэмээр. Гурав дахь мянганы босгон дээр АНУ-ын төр ба зах зээл “найрсаг тохиролцоо”-нд хүрсэн гэдэг тодорхой болжээ. Төр нь эдийн засгийн хөгжлийн зах зээлийн зарчмуудыг бүрэн хүлээн зөвшөөрч, түүний нэг янзын баталгаа болсон ба нөгөө талд зах зээл нь Америкийн нийгмийг эдийн засгийн үр ашиг болон үр дүнгийн ерөнхий үзүүлэлтүүдээр дэлхийн тэргүүлэх байранд аваачжээ.Өнөөгийн үйл явдлууд нь энэ 2 талыг аль нь ч “гэрлэлтийг “цуцлахыг зорихгүй байгаа төдийгүй ирэх зуунд ч энэ шавхагдашгүй ирээдүйтэй болохыг харуулсаар. Хэрэв өнөөдөр онолын бүтээлүүд, улс төрийн маргаанд л эдийн засаг дахь төрийн оролцоо гэсэн асуудал тавигдсаар байгаа бол ерөнхийдөө бодит үйл ажиллагааны талбарт аль хэдийнээ төрийн эдийн засаг, нийгмийн, цаашилбал эрх зүйн үүргүүдийг засаглалын бүх шат,салаа мөчирт оновчтой болгох тухай хэлэлцүүлэг л үлджээ.
Ф.Рузвельтын “Шинэ кур”-сээс алдагдалгүй холбооны төсөвт тэмүүлсэн хандлага. ХХ зууны Америкийн түүхэнд цөөнгүй гайхамшигт үйл явдал бий. Эдийн засгийн хөгжлийн чигийг сонгох үүднээс эргэлтийн цэг нь гарцаагүй Ф.Рузвэльтын “Шинэ курс” хөтөлбөр байсан. 1929-1933 оны эдийн засгийн гүн, удаан үргэлжилсэн хямрал нь нийгэм, эдийн засгийг аймшигт донсолгоонд оруулсан. “Үл үзэгдэх гар” нь өөрөө нөхцөл байдлыг сайжруулах боломжгүй болж, түүнд байнгын тулгуур хэрэгтэй болсныг бүгд ойлгожээ. Энэ тулгуур нь 1934 оны 3 сарын 14 нд Цагаан ордонд ирсэн ерөнхийлөгч Ф.Рузвэльтын засаг захиргаа болжээ. Төрийн бодлогын анхаарлын төвд чөлөөт аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилгыг тавиад Ф.Рузвэльтын эдийн засгийн нөхцөл байдалд идэвхтэй нөлөөлөх бүхэл бүтэн хэрэгслүүдийн цогцолборыг дэвшүүлсэн:
- Санхүү банкны тогтолцоонд очих дэмжлэгийг баталгаажуулах, үйлдвэрийн ба худалдааны газруудад томоохон зээл, татаасаар туслах
- Хувийн хөрөнгө оруулалтыг татварын хөнгөлөлтөөр урамшуулан дэмжих
- Барааны үнэ бууралтыг долларын девальваци ба инфляцын хурдцыг тогтоон барих замаар багасгах
- Аж үйлдвэрийн газруудыг албадан нэгтгэх
- Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээг төрийн зүгээс зохицуулах
- Үнийн нэгдсэн бодлогыг тогтоох,үйлдвэрлэлийн түвшинг баталгаажуулах,борлуулалтын зах зээлийг хуваарилах, цалингийн түвшинг тогтоохтой уялдсан салбарын хэмжээний “ шударга өрсөлдөөний зарчмуудыг” нэвтрүүлэх
Өнөөдөр бол энэ арга хэрэгслүүд зах зээлийн үндсэн зарчмуудыг үгүйсгэсэн, бараг л диктатур гэж тооцогдох нь ойлгомжтой. Гэвч тэр үед байдал сайжирч, улс орон аажмаар сэргэж, эдийн засаг урагшлах замдаа орсон. Тэгээд ч энэ “шинэ курс”хөтөлбөрийн “зэрлэг” зорилтуудыг дараагийн хэдэн жилдээ хүчингүй болгожээ. Үнэндээ Ф.Рузвэльтын тэргүүлсэн төрийн аппарат зөвхөн улс орныхоо хөгжлийн ардчилал, за зээлийн зарчмуудад үнэнч үлдэх үүргийг хүлээгээд зогсохгүй, ХХ зууны нэн төвөгтэй үед хөгжлийн энэ чиглэлээ тууштай баримталж байлаа. Дэлхийн эдийн засгийн зах зээлийн орчинд “Шинэ курс” хөтөлбөр нь зах зээлийн тогтолцоотой төрийн бүтцийг түүний эдийн засгийн болон эрх зүйн үүргүүдтэй нь хамт зохистой хослуулах анхны аргын нэг болсон.
Энэхүү хөтөлбөрийн үр дүн нь тодорхой байсан хэдий ч түүнийг хэрэгжүүлсэн цаг үед болон түүний дараагийн жилүүдэд ч Холбооны засгийн газрын гүйцэтгэх үүрэг, эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо ямар үнэ цэнэтэй талаар хэлэлцүүлэг явсаар байв. Энэ ч бүрэн ойлгомжтой. АНУ-д төр өөрийн хөрөнгөөс бараг орлого олдоггүй, харин холбооны төсөв үндсэндээ иргэдийн болон аж ахуйн нэгжийн орлогын татвараас тогтдог. Иймд төрийн зарлага нь өөрийн иргэд ба бизнесийн нуруун дахь ачаа болох нь ойлгомжтой. Татвар төлөгчид наад зах нь хоёр зүйлийг сонирхдог. Нэгд нь аль болох бага татвар төлөх, хоёрт улс орны хувьд “үнэтэй” ч нийгэмд илүү үр ашигтай үйлчлэх засгийн газрыг хүсдэг. Иймээс ч ХХ зууны АНУ-ын төр,Америкийн эдийн засгийн түүх бол эдийн засгийн бодлогын “алтан дундаж”-ийг олох чармайлт байсан гэхэд болно. Энэ нь нэг талаас “аварга том төр”-ийг бий болгосон гэсэн зэмлэлд өртөхгүй байх, нөгөө талаас хөгжлийн янз бүрийн цаг үед зах зээлийн тогтолцооны бүх давуу талуудыг нээн ашиглахад чухал байв.
Америк загварын нэг тогтонги шинж нь холбооны төсвийн алдагдал байсан.Төсвийн алдагдлыг Ф.Рузвэльт “ шинэ курс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ашигласан, ер нь 1934-1998 он хүртэл АНУ зөвхөн долоон удаа \1947,1948,1949,1956, 1957,1960,1969 оны санхүүгийн жилд\төсвийн алдагдалтай байгаагүй.
Эндээс төр өөрийнхөө эдийн засгийн үүргийг хангахын тулд байнгын төсвийн алдагдлаас үүдэлтэй улсын өрийг нэмэгдүүлэхгүй байж чадахгүй гэмээр. Төсвийн алдагдал үүсэх орчин нь зөвхөн цэвэр эдийн засгийн хүчин зүйлүүдээс үүдэлтэй бус нь ойлгомжтой. Энд улс төрийн үйл явдал болоод цэрэг дайны үйл ажиллагаа, мөн зүгээр л эдийн засгийн хямралын мөчлөг ч бага биш нөлөөтэй. Тийнхүү олон хүчин зүйлээс хамааралтай ч энэ үзэгдлийг “хэвийн” гэх аргагүй.Улсын өр өсөхийн хэрээр түүнийг үйлчлэхийн тулд төсвөөс зарцуулах ёстой санхүүгийн нөөцийн хэмжээ нэмэгдэж, төсвийн нэлээд хэсэг нь ирээдүйдээ бус “хуучин нүглээ” цайруулахад зарцуулагдана.Эдийн засгийн хувьд үр ашигтай төр өөрийнхөө одоогийн зардлыг төлөх үүргийг ирээдүйн хүн амдаа хүлээлгэх ёсгүй.
Хүснэгт 4.
Хүснэгт 4 –т үзүүлсэн тоон мэдээлэл нь ХХ зууны сүүлийн хагаст холбооны төсвийн зарлага ДНБ-ий 20%-иас хэтрэхгүй хандлагатай болж, нөгөө талаас 1999 он хүртэл төсвийн алдагдал аажмаар буурч, орлого нь зарлагаасаа давах болсныг харуулна. Б.Клинтоны тэргүүлсэн засаг захиргаа Америкийн нийгэм дэх төрийн идэвхтэй үүргийг буруулалгүйгээр улс орноо шинэ мянганд төсвийн алдагдалгүй эдийн засагтай оруулж чадлаа.
Дайнаас хойш хамгийн өндөр төсвийн алдагдалтай жил 1983 он \ДНБ-ий 6.1 хувь\байв. Гэтэл энэ үед Р.Рейганы засаг захиргаа төрийн “дарамтаас”ангижрах зорилтыг томоор тунхаглаж байлаа. Үнэн хэрэгтээ “Рейганомика”л улс орныхоо түүхэнд улсын өрийг хамгийн ихээр өсгөжээ.
Зууны төгсгөл үеийн болон Р.Рейганы үеийн эдийн засгийн болон бусад нөхцөлүүд нь мэдээж ялгаатай. Гэвч Б.Клинтоны засаг захиргааны эдийн засгийн бодлого, стратегийг зохих хэмжээнд нь үнэлэхгүй байж боломгүй. Өөрөөр хэлбэл “ардчилсан” засаг захиргаа Америкийн эдийн засгийн мөчлөгийн “ зохистой цэгийг” олж энэ үедээ үндэсний эдийн засгийн боломжоо үр дүнтэй ашиглаж чадсан.
Дотоод пүүсүүд гадаад зах зээлээ өргөжүүлэх явдлыг идэвхжүүлэх чиглэл. Америкийн эдийн засаг нь Дэлхийн хэмжээнд хамгийн их багтаамжтай дотоод зах зээлтэй, энэ нь нөхөн үйлдвэрлэлийн олон асуудлыг үндэсний түвшиндээ шийдэх боломж олгосон. Гэвч ХХ зууны сүүлийн жилүүдэд гадаад хүчин зүйлс ач холбогдол өссөөр байгаа. Хэрэв 1960 –аад онд Европын холбооны хүрээнд Европын орнууд эдийн засгийн хувьд нэгдсэн болон бусад интеграцийн үйл явцад АНУ их анхаарал хандуулдаггүй байсан бол дараа нь өөрөө хойд Америкийн түвшинд болон Номхон далайн бүс нутагт дээрхтэй адил холбоо хамслыг манаачлагч болжээ. Зах зээлийн глобаличлал нь бүх улс орныг дэлхийн эдийн засгийн хуваарьт татан оруулж, өөрөө улс орон бүрийн хөгжилд нөлөөлөх боллоо.
Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа АНУ өөрөө дэлхийн хэмжээний чиг хандлагаас улам бүр хамааралтай болсоор байгаа. Бусад улсуудын эдийн засгийг урд тэдний дэлхийн эдийн засаг дахь хоорондын холбоо хамаарал нь тодорхойлдог байсан бол одоо энэ нь АНУ-ын хувьд ч хөгжлийн нэг том хүчин зүйл болон хувирав.
Иймд аль хэдийнээ Р.Рейганы засаг захиргааны үед холбооны засгийн газар гадаад зах зээлд Америкийн компаниудыг дэмжих идэвхтэй чиг шугам сонгосон. Тэгэх тусмаа олон зүйл гүнзгий хувьсалд орж, трестийн эсрэг хуулиудад өөрчлөлт хийгджээ. Энэ өөрчлөлтийн дагуу хэрэв Америкийн компаниуд олон улсын зах зээлээ өргөжүүлэх зорилго өмнөө тавьсан бол тэдэнд хоорондоо нэгдэх, бусдыг нэгтгэх талаар тавьсан хоригуудыг зөөлрүүлжээ. Үүний ачаар нэг талаас олон улсын өрсөлдөөнд татагдан орсон Америкийн компаниудын тоо олширч, нөгөө талаас дотоодын пүүсүүдийн эдийн засгийн чадамж нь нэмэгдсэн. Америкийн пүүсүүдэд олон улсын зах зээлд нэвтрэх өргөн боломж олгох нь Б.Клинтоны засаг захиргааны эдийн засгийн 3 үндсэн стратегийн нэг байсан, одоо ч хүчинтэй хэвээр нь санамсаргүй зүйл бус. Үүнийг Америкийн ерөнхийлөгч Конгресс-д жил бүр тавьдаг эдийн засгийн илтгэлдээ дурджээ. Сүүлийн жилүүдийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэг нь Америкийн бараа, үйлчилгээг хилийн чанадад борлуулсан үйл ажиллагаанаас үүдэлтэйг Б.Клинтон онцлон тэмдэглэжээ. 1997 онд ДНБ-д экспорт 11,9, импорт 13,1% эзэлжээ. Б.Клинтоны засаг захиргааны зорилт нь зөвхөн гадаад худалдааны эерэг тэмцлийг хангах бус, улам бүр янз бүрийн хэмжээний Америкийн олон пүүсийг гадаад худалдааны бизнест татан оруулахад оршиж байв.
АНУ-ын том корпорацууд аль хэдийнээ олон арван жилийн турш дэлхийн зах зээлд сайтар бэхэжсэн байр суурьтай. Холбооны засаг захиргаа янз бүрийн аргаар өөрийн энэ “аварга загас”-уудыг дэмждэг. Үүний тулд дипломат, улс төрийн болон эдийн засгийн арга хэрэгслүүд, заримдаа цэргийн оролцоо ч ашиглагддаг. Одоо улс орны хэмжээний жижиг, дунд бизнесийг олон улсын зах зээлд нэвтрүүлэн бэхжүүлэх явдлыг төрөөс дэмжих бүхэл бүтэн стратегийн хөтөлбөр боловсруулжээ. Үүнээс гадна энэ чиглэлийн холбооны албад нь Вашингтонд болон орон нутагт Америкийн пүүсүүдэд гадаад зах зээлээ өргөжүүлэх асуудлаар зөвлөгөө өгдөг томоохон сүлжээг ажиллуулдаг. Мөн бүх муж улсад орон нутгийн захиргаанд нь хилийн чанадад худалдаагаа өргөжүүлэх сонирхолтой бизнесменүүдэд тусалдаг өөрсдийн албадыг нээжээ. Бүх чиглэлээр Америкийн төр дотоодын пүүсүүдээ олон улсын зах зээлд идэвхтэй нэвтрэх явдлыг идэвхжүүлсээр байна.
Өөрийн компаниудыг дэмжихийн тулд Америкийн бараа, үйлчилгээг найдвартай хэрэглэгч байж чадах түнш орнууддаа Америкийн засаг захиргаа өөрийн бизнесийн төвийг нээж ажиллуулах нь олонтаа тохиолддог. Тухайлбал, ОХУ-д тэндхийн зах зээлийг сонирхож байгаа болон тэнд хэдийнээ нэвтэрсэн Америкийн иргэд, пүүсүүдэд мэдээллийн, эрх зүйн ба бусад дэмжлэг үзүүлэх зорилготой Америкийн бизнесийн найман төв ажилладаг. Төрийн дэмжлэг нь гадаадад богино хугацаанд үйл ажиллагаагаа үр ашигтай өрнүүлэн хөгжүүлэх боломжийг Америкийн бизнест олгож буй нь ойлгомжтой.
Сүүлийн хэдэн арван жилд Америкийн төрийн эдийн засгийн оролцооны шинэ загвар бүрэлдсэн гэхэд болно. Дотоодын зах зээлд төр төвийг сахиж, аль болох бүх компани, хувь хүмүүст өрсөлдөөний ижил боломж олгох ёстой. Төр гэрээний дагуу бараа, үйлчилгээг захиалагч байсан ч ялгаагүй бүх компаниудад засгийн газрын захиалгын төлөө тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ. Харин олон улсын зах зээлд Америкийн пүүсүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Америкийн капиталын ашиг сонирхлыг хамгаалахын тулд төр бүхнийг хийдэг.АНУ-д гадаад худалдааны монополь байдаггүй, гэвч Америкийн пүүсүүд гадаад зах зээлээ өргөжүүлэхдээ өөрийн засгийн газраас бүх талын дэмжлэг хүлээдэг.
ХIX зууны босгон дээр зах зээлийн глобалчлал нь улс орнуудын эдийн засгийн хөгжлийн загварт мэдэгдэхүйц нөлөөлөгч болов. Америкийн зах зээлийн загварын хувьд дотоод гадаад зах зээлд Америкийн пүүсүүдийн өрсөлдөх чадварыг баталгаажуулах, түүнийг цаашид дээшлүүлэхэд төрийн үүрэг улам нэмэгдсээр байгаа юм. Америкийн капитал гадны өрсөлдөгчтэй тулгарсан газар бүрдээ өөрийн засгийн газрын ар талын дэмжлэгийг хүлээдэг. Шууд хэлэхэд, хэрэв Америкийн пүүсүүд дотоод зах зээлдээ нэр хүнд, худалдааны тэмдгээрээ өрсөлддөг бол гадаад зах зээлд иүүн дээр төрийнх нь хүчтэй дэмжлэг нэмэгддэг.
Хөгжиж байгаа оронд тар нь өөрийн үйлдвэрлэгчдийн дэлхийн зах зээл дээрх байр сууринд хүчтэй анхаарал хандуулдаг.Түүгээр ч барахгүй ДНБ-д экспорт 30-50 хувь зээлдэг тийм орнуудын пүүсүүдийн байр суурь дэлхийн зах зээл дээр суларвал улс орны дотоодод ч ноцтой хүндрэлүүд үүснэ. Иймээс баруун Европ, Япон болон бусад оронд гадаад худалдаа өргөжихөд төр идэвхтэй үүрэг гүйцэтгэх нь зах зээлийн үндэсний загварын бараг уламжлалт хандлага болжээ. АНУ энд өөрийн “түрдэг тэргийг” бий болгоогүй бөгөөд харин зөвхөн дэлхий дахины энэ чиглэлийн хандлагад улам бүр нэвтэрч байна. 123 орны тоон мэдээлэлд үндэслэсэн судалгаанаас үзэхэд 1960-1985 онуудад 1 хувийн гадаад худалдааны өсөлт нь нэг хүнд ногдох бодит орлогыг 0,34 хувь өсгөжээ. АНУ-ын хувьд 1997 онд гадаад худалдааны өргөжилтийн дүнд нэг хүнд ногдох орлого нь 4,3 хувь нэмэгджээ. Экспортын өсөлтийн дүнд сөн ажил эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл буурах хандлага ажиглагддаг. 1993 оноос хойш хоёр жилийн дотор АНУ-д экспортын өсөлтийн ачаар 446 мянган шинэ ажлын байр бий болжээ. “Бүрэн ажил эрхлэлт” гэж нэрлэгддэг нөхцөл хангагдвал экспортын хэмжээний өсөлт нь хөдөлмөр эрхлэлтийн хэмжээнд нөлөөлөхөөс илүүгээр ажиллагсдын бодит цалингийн өсөлтийг бүрдүүлэх нь ойлгомжтой. Энд мөн нэгэн онцгой нөхцөлийг дахин дурдууштай. Хэрэв дотоодын зах зээлдээ Америкийн, мөн бусад орны засгийн газрууд дотоодын пүүсүүддээ нэг янзын “тоглоомын дүрмийг” тогтоож өгдөг бол гадаад зах зээл дээр аль ч улс өөрийн пүүсүүдийн эрсдэлийг бууруулахыг чармайж зарим үед өөрийн пүүсүүдэд тодорхой түвшний баталгаа болох нь бий. Ийм ч учраас дэлхийн зах зээл нь үндэсний дотоод зах зээлүүдийн энгийн нэг томорсон юм уу нийлүүлсэн нэгдэл байдаггүй. Өөрийн гадаад эдийн засгийн үйл ажиллагаа өргөжүүлэхдээ дэлхийн худалдааны болон гадаад эдийн засгийн бодлогын зүй тогтлыг дээд зэргээр харгалзан үзсэн тохиолдолд олон улсын зах зээл дээр ихээхэн амжилттай ажиллана. Америкийн зах зээлийн загвар нь өөрийнхөө давтагдашгүй шинж чанаруудыг хадгалан, нэгд аль болох дэлхийн зах зээлийн “салхины чигийг”улам бүр харгалзах боллоо. Өрсөлдөх чадвар нь дэлхийн зах зээл гэсэн эдийн засгийн тэмцлийн талбарт амжилтыг тодорхойлогч цорын ганц шалгуур болох нь улам тодорхой болсоор.
Ирэх зуун : уламжлалын хүч ба тодорхой бус байдлын эргүүлэг. ХХ зууны сүүлийн 20-30 жилд дэлхийн эдийн засгийн “хүндийн төв” нь Азид бүр тодруулбал түүний Зүүн-Өмнөд хэсэгт шилжин байрших хандлага үүслээ. Энэ бүс нутгийн орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт, хөрөнгийн хуримтлал, магадгүй, энэ үйл явцад “эдийн засгийн аварга наймаалж” Хятад түлхэц өгсөн нь ХХI зуун магадгүй Азийн зуун болно гэсэн асуудлыг зүй ёсоор дэвшүүлэн гаргасан. Энэ ч мэдээж гэж бодогдохоор. Азид хэдийгээр хөгжлийн маш ялгаатай түвшин бүхий орнуул байдаг ч энэ нь аварга том тив эрдэс баялаг, түүхий эд, эрчим хүчний нөөц зэргийн маш их баялагтай. Азийн хөгжлийн загвар нь дэлхийн хөгжлийн нийгэмлэгт XIX зуунд өөрийн хандлагаа тулган хүлээлгэнэ гэж гаднаасаа харагдахаар байв. Гэвч гэнэт 1997-1998 оны санхүүгийн хямралын дараа Азийн энэхүү өнгө төрх эргэлзээтэй болов. Зөвхөн Хятад л санхүүгийн энэ “аймшигт тайфуны” шууд нөлөөллийн бүсээс гадна байв. Үүний үр дагавар нь гэвэл Азийн манлайллын асуудал эргэлзээтэй болов, энэ ямар ч байсан ойрын арван жилдээ ойлгомжтой.
Энэ үйл явдал, цаашилбал ажилгүйдлийн аюул нүүрлэсэн Европын эдийн засгийн “саарал” чиг хандлагын тусгал дор АНУ-гурав дахь мянганд тодорхой амжилттай алхав. Америкийг эмээл дээр нь юу тогтоов-эрүүл саруул тооцоо, бусдын алдааны аль нь вэ? Мэдээж, энд нэгэн төрлийн, тодорхой хариулт алга, дэлхий дахины болон Америкийн дотоодын үйл явдлуудыг бүх талаас нь нарийвчлан шинжилсний дараа л нэг хариулт гарна.Гэвч аль хэдийнээ бий болсон эдийн засгийн чадавх болон цаг үеийн дуудлагыг сайтар мэдэрдэг хөгжлийн сонгогдсон загвар нь Америкийн алдарт тогтвортой орчинг баталгаажуулдаг гэж одоо ч хэлж болно.
Ирэх зуун нь улс орнуудын хоорондын хамаарал бэхжиж, өрсөлдөөний хэлбэр,түүний цар хүрээ, улам эрчимтэй өргөжин тэлэх эрин болох нь тодорхой, энэ хэрээр ч төр үндэсний “өнгө төрхөө” хамгаалахын тулд зарим хуучин аргаа хэрэглэж ,шинийг сэдэх нь гарцаагүй. Энэ чиг хандлага бүх улсад хамааралтай, гэвч үүнийг янз бүрээр л шийдвэрлэнэ. АНУ-д хөдөлмөрлөх чадвартай иргэн бүр өөрийн асуудлыг бүрэн бие дааж шийдвэрлэх ёстой гэдэг зарчим үйлчилдэг, үүний тулд багаар бодоход тэр хүн ажилтай байх хэрэгтэй. Харин ажил эрхлэлтийн түвшин зөвхөн бизнес эрхлэгчдээс бус ,бизнес эрхлэх дотоод ба гадаад орчноос хамааралтай. Энэ нь тодорхой цаг үед эдийн стратеги,тактикийг хэлсэн хэрэг. Хөгжлийн гадаад хүчин зүйлстэй холбовол Засгийн газрын эдийн засгийн бодлого оновчтой байх шалгуур нь үндэсний эдийн засагт боломжийн “бүрэн ажил эрхлэлтийг” хангах, дотоод ба гадаад зах зээлд өөрийн пүүсийн өрсөлдөх чадварыг дэмжих явдал байж болно. Цагаан ордонд аль намын ерөнхийлөгч засгийн эрх барьж буйгаас үл хамааран АНУ-ын эдийн засагт нэг л зорилгыг шийднэ-АНУ-ын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах яюдал юм. XXI- зуунд л үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын асуудал нь АНУ-ын Холбооны засгийн газрын шийдэх ёстой-нийгэм эдийн засгийн бэрхшээлүүдийн бүхэл бүтэн цогцыг өөртөө төвлөрүүлнэ гэхэд болно.
Ингээд зах зээлийн загварт зарчмын хувьд нэмэгдсэн шинэ зүйл алга,гэвч загвар өөрөө шинэ нөхцөлд АНУ-ын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах суурь болно. Харин дэлхийн эдийн засаг дахь Америкийн маргашгүй манлайлал нь өөрөө хэнд ч юуг ч баталгаажуулахгүй. XX-р зууны сүүл үед интеграцын үйл явц эрчимжиснээс үл хамааран дэлхийн янз бүрийн бүс нутгуудад улс орнуудын ба бүс нутгуудын хөгжлийн түвшин, хурдац ойртон ижилсэхгүй байна. Бүр ч эсэргээр тэдний хөгжлийн тэнцвэргүй байдал өргөжсөөр . энэ нь интеграцын чиг хандлагаас бус олон улсын өрсөлдөөн хурцдах чиг хандлагаас хамааралтай.
Хэрэв дэлхийн болон АНУ-ын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг улс төрийн ,цэргийн болон бусад хүчин зүйл,тэдгээрийн нөлөөллийг харгалзахгүйгээр зөвхөн эдийн засгийн хүчин зүйлсийнх нь хамаарал дор авч үзвэл авч үзвэл олон улсын өрсөлдөөний түвшин буюу дэлхийн зах зээлийн өрсөлдөөн ба тодорхой улсуудын хөгжлийн тэнцвэргүй байдлын түвшингийн (divergence) хооронд шууд хамаарал байгаа юм. Энэ нөхцөлд АНУ XXI-р зууны эхэнд гарааны олон давуу талыг шууд эзэмшиж байна. Үүний нэг нь орчин үеийн ба ирээдүйн дэвшилтэт технологийн салбарууд ,түүний дотор мэдээллийн технологийн салбар юм. Гэвч энэ давуу тал нь АНУ-ыг түүнийг манлайллын “ачаалал” нь бий болгож байгаа тэр үнэ цэнийг төлөхөөс ангижруулахгүй. XX-р зууны эхэнд АНУ ийм ачааллыг хүлээж байсангүй. XXI-р зууны энэ эдийн засгийн дүр төрх нь энэ зуунтай харьцуулшгүй ялгаатай байна гэдэг бол бүр одоо ч тодорхой.
Өрнөдийн олон шинжээчдийн үзэж байгаагаар АНУ дээр улам бүр “аянгын үүл” хуралдсаар байна. Онолын үүднээс авч үзвэл Америкийн эдийн засгийн олон үйл явдал нь 1929-1933 оны “Их хямралын” өмнөх үеийг санагдуулна. 1997 санхүүгийн хуурмаг өсөлтийн индикаторууд улам бүр тодорхой болжээ. –хувьцааны үнэ өсч, пүүсүүд нэгдэх ба уусах үйл явц түргэсгэж,үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэж, мөнгөний тооны үзүүлэлтүүд түргэн өсжээ. Ийм байдлаар АНУ-ын хөрөнгийн зах зээл 1997 онд 30 хувь өргөжсөн. Томоохон банк пүүсүүдийн удирдагчид аль болох түргэн хоорондоо нэгдэх, уусах үйл явцыг өрнүүлэх сонирхолтой байна гэж бодогдохоор, магадгүй хэрэв удааширвал энэ нь үхэлтэй адил байх болно. Пүүсүүд хоорондоо нэгдэх,нийлэх үйл явцын нийт дүн нь 1997 онд 957 тэрбум доллар болж ,энэ нь ДНБ-ий 12 хувь байв. Тэгвэл 1988 онд энэ дүн 352 тэрбум доллар байсан нь ДНБ-д 7 хувьтай байлаа. 1998 онд 3 сарын байдлаар мөнгөний агрегат М3 ,жилийн өсөлт нь 10 хувь болж ,М2 ч түргэн өсжээ. Эдгээр болон бусад баримтууд нь АНУ-ын эдийн засаг хэрэглээний үнийн индексийн харьцангуй тогтвортой байдлын үед “савангийн хөөс” шиг л томорч байна гэж бодогдуулахаар. Харин энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт эдийн засаг хэвийн төрөхдөө эргэж очно гэсэн хэрэг болно. Энэ хэзээ тохиолдох ба бусад оронд хэрхэн нөлөөлөх л гол асуудал оршиж байна. Мэдээж АНУ-ын эдийн засагт “нуралт” үүсвэл энэ Азид тохиолдсон хямралтай адил байхгүй.
“Зах зээлд найз үгүй ажил хэргийн түншүүд л бий.” Эдийн засгийн энэ зарчим нь зөвхөн пүүсүүдийн хоорондын харьцаагаар бус ,улс орнуудын хооронд ч батлагдана. Дурдсан энэхүү ажил хэргийн зарчим нь Америкийн эдийн засгийн зах зээлийн загварын гол үзэл суртал нь байсан , одоо ч байгаа , цаашид ч байх нь гарцаагүй.
[1] Суурь оны үнийг ашиглан тооцоологдсон ,тоог тэгшилсэн учир дүн нь 100 байх ёсгүй.