П.Очирбат
/Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч/
Шинэ толь №34, 2001
Түлхүүр үг : Парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал, Ерөнхийлөгч , Улсын их хурал, Засгийн газар, Ерөнхий сайд,Сонгууль,Үндсэн хууль,Гүйцэтгэх засаглал, Эрх мэдэл
Улсын Ерөнхийлөгчийн засгийн газартайгаа харилцах харилцаа нь засгийн эрх мэдэл хуваарилах зарчмаасаа үүдэн янз бүр байна.
Ерөнхийлөгчийн засаглалтай орны хувьд Ерөнхийлөгч нь Гүйцэтгэх засаглалаа тэргүүлж бие даасан шийдвэр гаргадаг, Сайд нарын танхим нь зөвлөх эрхтэй байгууллагын статустай байна.
Гүйцэтгэх засаглалын байгууллагуудын ажилтнуудын зарим хэсгийг Ерөнхийлөгч өөрөө томилоод Конгрессоор батлуулдаг.
АНУ-ын засгийн газарт ажилладаг 11 мянган хүнээс 1000 орчмыг нь Ерөнхийлөгч өөрөө томилж Конгрессоор батлуулж, бусдыг нь Ерөнхийлөгчийн томилсон хүмүүс түүний нэрийн өмнөөс томилдог.
Парламентын засаглалтай орнуудад Гүйцэтгэх засаглалын гишүүд, Ерөнхий сайдыг Парламентаас томилдог учраас Ерөнхийлөгч нь засгийн газрын үйл ажиллагаанд оролцдоггүй юм байна.
Монгол улсын хувьд байдал арай өөр. Манайх хэдийгээр Парламентын засаглалтай боловч Төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн эрхийг нилээд өргөн хүрээтэй хуульчилж өгсөн.Тийм ч учраас манайхыг зарим судлаачид хагас Ерөнхийлөгчийн засаглалтай орон гэж үздэг тал бий.
Монгол улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг бүрдүүлэх, Ерөнхий сайдыг томилох асуудлыг шийдвэрлэхэд шууд оролцдог.
Энэ талаар Монгол улсын Үндсэн хуулийн 33дугаар зүйлийн 1-ийн 2-т Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг заахдаа : “Улсын их хурлын олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах”
Анхны Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа гурван засгийн газрыг бүрдүүлсэн.
Нэг дэх нь Д.Бямбасүрэнгийн толгойлсон Эвслийн засгийн газар байлаа.1990 оны сонгуульд МАХН ялж олонхийн Засгийн газар байгуулж болох байсан боловч аль аль талаасаа улс төрийн их ухаан гаргаж Засгийн газрын бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөлөл Да.Ганболд, Д.Дорлигжав нарыг оруулж хамтарч ажилласан нь их үр дүнтэй, бие биенээ ойлгох, ардчилал шинэтгэлийн төлөө хамтран ажиллах, зөвшилцлийн зарчмаар асуудлаа шийдвэрлэхэд их чухал байсан юм.
Хоёр дахь нь 1992 оны сонгуулиар МАХН олонхи болж Засгийн газраа бүрдүүлэх эрх тэдний гарт байлаа.
Бид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Ерөнхий сайдаар томилох хүний талаар саналаа бичиж МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүдэд зөвшилцөхөөр гардууллаа.
Бид саналаа харилцан ярилцсаны дараа МАХН-ын Бүгд хурлаар хэлэлцэж хариу өгөхөөр тохиролцов.
Ерөнхий сайдад миний санал болгосон хүн бол түрүүчийн Засгийн газрын шадар сайдын алба хашиж байсан Ч.Пүрэвдорж байлаа.
МАХН-ын Бүгд хурлаас МАХН-ын Улс Төрийн Товчооны Тэргүүн байгаад ардчиллын эхний үед хувийн хэвшлийн төлөвшүүлэх шинэ ажил эрхэлж байсан П.Жасрай гуайн нэрийг дэвшүүлэх саналтай байгаагаа мэдэгдэв.
МАХН-ын Бүгд хурлын гишүүдтэй нилээд удаан санал бодлоо солилцож халуухан яриа болсоны эцэст Ерөнхий сайдаа томилож Засгийн газраа бүрдүүлж чадахгүй цаг алдах , үүнээс болж Төрийн хямрал үүсвэл тун хариуцлагагүй ажил болно.
Би төрийн хямрал үүсэх хэрэгт оролцмооргүй байна гэдгээ хэлээд МАХН-ын саналыг зөвшөөрч П.Жасрайг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулахаар тохиролцож ёсоор болгосон билээ.
Гурав дахь нь М.Энхсайхнаар толгойлуулсан Засгин газрыг 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд МҮАН-МСДН-ын Ардчиллын Холбоо Эвсэл ялж засгийн газраа байгуулах эрх олж авсан.
М.Энхсайханыг сонгуулийн ерөнхий менежерээр ажиллуулж өөрийг нь сонгуульд өрсөлдүүлэхгүй байхаар охион байгуулсан явдал хэн бүхэнд ойлгомжтой тактик байсан шүү дээ.
Сурталчилгааны явцад зарим судалгаагаар Ардчилсан хүчний сонгуульд ялах магадлалд эргэлзээтэй тоо гарах үед М.Энхсайханыг сонгуульд өрсөлдүүлэх санал, шаардлага тавигдаж байсан боловч бид өөрсдийн байр суурийг хатуу баримталж байсан.
Сонгуульд ялсан тохиолдолд Ерөнхий сайдаар томилох хүн М.Энхсайхан байсан болохоор түүнийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгуулж болохгүй. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн Хуулийн 29 дүгээр зүйлд “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гж заасан учир Үндсэн хууль зөрчиж болохгүй.
Миний бие Эвслийн намын удирдлагуудыг урьж М.Энхсайханыг Ерөнхий сайдаар томилуулах саналаа зөвшилцөөд хоёр намын Улс Төрийн Зөвлөлийн гишүүдийг урьж саналаа дахин ярьж эцэслэн зөвшилцөөд М.Энхсайханыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулахаар тохиролцож Улсын Их Хурал М.Энхсайханыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилов.
Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд санал гаргаж Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд оруулдаг хуулийн дагуу хэрэгжүүлж байсан болно.
Засгийн газрыг огцруулах тухайд гэвэл анхны Ерөнхийлөгч байх хугацаандаа энэ бүрэн эрхээ эдлээгүй. Харин огцрох огцруулах тухай санал гар байсныг огцруулах үндэслэл байхгүй гэдэг дүгнэлтийг Улсын Бага Хурал (УБХ), Улсын Их Хуралд (УИХ) гаргаж байлаа.
Д.Бямбасүрэн Ерөнхий сайдаас огцруулж өгөхийг хүссэн өргөдөл гаргасныг Ерөнхийлөгч хянаж үзээд огцруулах үндэс байхгүй гэдэг дүгнэлтийг гаргасныг УБХ хэлэлцээд зөвшөөрч огцруулахгүй гэж шийдвэрлэсэн.
Дараа нь 1994 онд П.Жасрайн засгийн газрыг огцруулахыг шаардаж өлсгөлөн зарласныг зохицуулж хоёр өлсгөлөнг зогёоож уг асуудлыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр (ҮАБЗ) хэлэлцж улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмжийг УИХ-ын тогтоолоор батлуулж байлаа.Монгол уулс гурванзасгийн газар оцруулсан нь миний сонгуулийн бүрэн эрхийг хугацаа дууссанаас хойш болсон хэрэг. Энэ гурван огцруулалт гурвуулаа хууль зөрчсөн хэрэг байсан боловч Засгийн газрыг огцруулах ёстой УИХ, Ёрөнхийлөгч,Үндсэн хуулийн Цэцийн аль нь ч дүгнэлт гарагаж хэлэлцүүлэгүй, буруу үндэслэлээр, буруу процедураар огцруулсаныг түүх,баримт гэрчилнэ.
Эрх зүйт төрийн хэргийг “чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг эрх зүйн бус аргаар шийдвэрлэж байсныхаа шанг 2000 оны сонгуулиар амсав бололтой.
Гүйцэтгэх засаглалаыг тогтвортой ажиллуулахад Ерөнхийлөгчийн үүрэг чухал гэдгийг дээрхи баримт харуулж байгаа бус уу?
Засгийн газрын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн оролцооны хэд хэдэн хэлбэр бий тухайлбал:
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа тухай бүр Ерөнхийлөгчид урьдчилан танилцуулдаг. Тхайн асудлаар гаргах гэж буй шийдвэрийн төсөлд нэмэлт өөрчлөлт орууулах шаардлагатай гэж үзвэл түүнийгээ бичиж Засгийн газарт өгдөг.
Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд тааллааараа оролцож саналаа илэрхийлж болдог бөгөөд хэрэв өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлнэ.
Ерөнхи йсайд зарлигийн төслийг хүлээж авахад 7 хоногийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэ хариу өгнө. Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.
Анх удаа 1993 онд бүх ард түмнээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын 180 удаагийн хуралдааны материалтай танилцаж 323 саанал өгсөний 263 санал буюу 81.4 хувь нь холбогдох шийдвэрт тусгагдан хэрэгжсн байна.
Гол төлөв иргэд, олон түмний тавьсан саналыг харгалзан улс төр,эдийн засаг, нийгмийн чухал асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн 10 зарлиг гаргаж нийт 39 асуудал шийдвэрлэсний 34 буюу 87,2 хувийг Засгийн газар хэрэгжүүлээд байна. Ерөнхийлөгч Засгийн газрын 12 хуралдаанд оролцож санал бодлоо илэрхийлжээ.
Дээрх байдлаас дүгнэж үзвэл Ерөнхийлөгч Засгийн газар хоорондын харилцаа хуулийн дагуу хэвийн хэмжээнд байжээ гэж үзэх үндэстэй байна.
Монгол улсын Үндсэн хуулинд тодорхойлсон Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх нь Гүйцэтгэх Засаглал руугаа ойр байхаар тодорхойлогдсон байдаг нь хүчтэй Ерөнхийлөгчтэй парламентын Засаглалтай орон гэгдэх үндэстэй юм.
Засгийн газрын гишүүдээр томилох хүний талаар Ерөнхий сайд өөрийн биеэр танилцуулж Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа албан бичгээр нотолж УИХ-д оруулан хэлэлцүүлж батлуулна.
Гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Засгийн газрын саналыг үндэслэн УИХ-тай зөвшилцөн томилох буюу ргүүлэн татдаг.
Зэвсэг хүчний Ерөнхий штабын даргыг Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөн Ерөнхийлөгч томилдог.
Миний бие Төрийн тэргүүн Ерөнхийлөгч байх хугацаандаа МАХН-аас нэр дэвшин сонгогдож МАХН-ы олонхи бүхий УИХ-тай Эвслийн Засгийн газартай ч ажиллаж үзлээ(1990): 1993 оны Ардчилсан хүчнээс нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдож МАХН-ы олонхи бүхий УИХ мөн намын Засгийн газартай ажиллаж үзсэн. Энэ бүрэн эрхийн сүүлийн бүтэн хагас жил МҮАН-МСДН-ы Ардчилсан Холбоо Эвслийнхэн 1996 оны УИХ-ын сонгуульд ялж УИХ, Засгийн ггараа байгуулахад хамтарч ажилласан.
Аль алинтай нь хуулийн дагуу эв эе, үндэсний эрх ашгийг эрхэмлэн хамтран ажиллаж болж байсан. Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хуль, Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Төрийн бс байгууллагын тухай зэрэг хуулиуд нь Төрин харилцааг зохицууулах үндэс болж чадаж байгаа учир хууль зөрчихгүй даган мөрдөж ажиллаваас болохгүй бүтэхгүй зүйлгүй бөгөөд гагцхүү эрх зүйт төрийн зарчмийг ёсчлон дагавал зохилтой гэдгийг хэлмээр байна.
Хүчтэй Ерөнхийлөгч бүхий Парламентын Засаглалтай Өрнө, Дорнын орнуудад Ерөнхйлөгч Засгийн газар хоёрын хооронд гардаг зарим хүндрэл манайд ч байна.
Францын Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдааныг даргалж болох боловч ганцаараа шийдвэр гаргах эрхгүй. Ерөнхийлөгч шийдвэр гаргавал Ерөнхий сайд буюу тухайн асуудлыг хариуцсан сайдын контрассигнацтай зурдаг байна. Энэ нь зөвшилцлийн нэг хэлбэр юм.
Парламентын олонхи болон Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн сөрөг намынх болох үед Ерөнхийлөгчид өөрийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэлээд хэцүү байдаг байна. 1986-1988 онд Ж.Ширак Ерөнхий сайд байхдаа хэд хэдэн улсын компаниудаас хураасан хөрөнгийг эргүүлж эздэд нь олгохоор шийдвэрлэсэн нь түрүүчийн Засгийн газрын бодлогын эсрэг байсан боловч Ф.Миттеран түүнд саад хийх боломжгүй байжээ.
Дараа нь Э.Баладюрын Засгийн газрын үед байдал хэвээр үргэлжилсэн байна.
Засгийн газрынхаа хурлыг даргалах эрх Польш, Грек, Финляндын хуулиудад байдаг.
Хүчтэй Ерөнхийлөгчтэй Парламентын засаглалтай орнуудад байдаг нийтлэг нэг жишиг бол Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа ,хэлэлцэж буй асуудал, гаргах шийдвэрийнхээ талаар ерөнхийлөгчид байнга мэдээлж байхыг Ерөнхий сайдаа шаарддаг бөгөөд түүний үүрэг гэж заасан явдал юм.
Энэ зарчим Монгол улсын Засгийн газрын хуульд тодорхой заагдсан байдаг. (5дугаар бүлэг 26 дугаар зүйл)
Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ мэтийн оронд засгийн газар нь хамтын удирдлагын биш зөвхөн зөвлөлдөх үүрэгтэй байдаг.
Засгийн газрын кабинетийн хурлын шийдвэрийг зөвхөн Ерөнхийлөгчийнхээр гарагана. Кабинетын гишүүдийн олонхи нь уг шийдвэрййн эсрэг байлаа ч гэсэн Ерөнхийлөгчийнхөөр шийдвэрлэнэ.
Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хүн байвал өөрөө огцроно, эсхүл Ерөнхийлөгч түүнийг хална.
Ардчилал хөгжөөд удаагүй,дураараа аашлах дуртай араншинтай Монгол засаглалын ийм хэлбэр хэрэг байна уу?