Д.Ганбат
/УТБА-ийн Удирдах зөвлөлийн дарга/
Шинэ толь №37, 2001
Хүн төрөлхтний түүхийн он тоололд XX зуун онцгой байр суурь эзэлнэ. Нэг бус, нэг хэсэг улс нэгэн цаг хугацаанд ардчилсан үнэт зүйл, үнэлэмжинд суурилсан хөгжлийг сонгон, хувьслын болон хувьсгалын замаар түүнд шилжиж эхэлжээ. Энэхүү үйл явц XIX зуунаас эхтэй бөгөөд ардчиллын давалгаа эдүүгээ даяарших түвшний асуудал болон судлагдаж эхэлсэн билээ. Ардчиллын эхний хоёр давалгааны үед ардчилалд шилжсэн улс орнууд ерөнхий байдлаараа эдийн засаг, улс төрийн ижил нөхцөлөөс гараагаа эхэлсэн бол ардчиллын гурав дахь давалгааны үед байдал өөр болсныг ажиглаж болохоор байна. Үүнийг тухайлбал, америкийн нэрт судлаач С.Хантингтон дараах байдлаар тайлбарласан байна.
1.Ардчилалд шилжих нь глобал үйл явц юм. Өөрөөр хэлбэл, ардчиллын янз бүрийн хэлбэр, түүнд шилжих үйл явц нь түгээмэл шинжтэй хийгээд энэ бүгд нь дэлхий нийтийн улс төрийн үйл явцын тодорхой илрэл болно. Ардчилалд шилжих үйл явцын хэлбэр, эрч болон бусад шинж чанарт түүх, эдийн засаг, социал ба соёлын зэрэг зөвхөн үндэсний бус мөн олон улсын хүчин зүйлс нөлөөлдөг байна. Өнөөдөр аль ч улс орон, ардчилсан бус улс төрийн дэглэмтэй ч гэсэн нийтийн ардчилсан хөдөлгөөний нөлөөллөөс ангид байх аргагүй байдлаар ардчилсан үйл явцын глобал шинж илэрч байна. Ардчиллын гурав дахь давалгаа нь олон улсын харилцааны хүрээг мөн хамарч түүнийг илүү ардчилсан агуулгатай болгож байна.
2.Ардчиллыг тодорхой үнэлэмж, үнэт зүйлс хэмээн үзэж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, ардчиллыг тогтоох асуудлыг зөвхөн түүнд хүрэх прагматик хэрэгслийн талаас бус харин байх ёстой хэрэгцээ гэдэг талаас нь илүү тодорхойлжээ. Ардчилсан байгууллыг практик дээр эдийн засаг, социал асуудлыг шийдвэрлэх явдалтай холбодог. Гэтэл өнөөдөр ардчиллыг өнөөгийн нөхцөл байдалд илүү тохирсон улс төрийн дэглэм гэхээсээ илүү хүмүсийн хэрэгцээ юм гэж үзжээ. Тийм ч учраас эдийн засгийн хямралын нөхцөлд ч гэсэн ардчилал харьцангуй тогтвортой байдаг нь батлагдсан билээ.
3.Ардчилсан дэглэм олон хувилбартай байж болно гэж үздэг. Үүнтэй холбоотой дараах асуудал гарч ирсэн. Эдүүгээ дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, баримтлаж ирсэн либерал ардчиллын давуу ба сул талыг шүүн тунгаах. Хоёрт, ардчиллын бусад хэлбэрийн илрэлийг судалж, тэдгээрт хүлээцтэй хандах.
4.XX зууны эцэст болж буй улс төрийн өөрчлөлт нь ардчиллах үйл явцаар дуусч байгаа биш бөгөөд ардчиллын түүх үүгээр эцэслэхгүй. Энэ утгаараа ардчиллын үйл явц бол уналт, сэхэлтийг хосолсон үзэгдэл гэсэн санаанд тулгуурлана. Өөрөөр хэлбэл, зарим улс ардчилалд шилжиж байхад, зарим улс ардчиллаас ухарч болох бөгөөд XXI зуунд ардчиллын дөрөв дэх давалгаа илэрч болох юм. Тийм ч учраас, улс төрийн онолд ардчиллын шинэ хэлбэрийн хөгжлийг урьдчилан харах хандлага давамгайлах болно.
5.Ардчилалд хүрэх хөдөлгөөн эргэж буцалтгүй үзэгдэл болсон гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ үүднээс хүний ардчилсан мөн чанар, агуулгын тухай үзэл санааг тэрээр гаргаж тавьжээ.[1]
Гэтэл өнөөдөр дэлхийн ихэнхи улс ардчилсан болсон уу гэвэл хараахан тийм биш л байна. Дэлхийн нэр хүнд бүхий судалгааны байгууллага болох Freedom-House-ийн сүүлийн 2000 оны судалгааны дүнгээр тусгаар тогтносон нийт 195 орны 88 (45 орчим хувь) нь чөлөөт, 59 (30 орчим хувь) нь хагас чөлөөт, 48 буюу 25 орчим хувь нь чөлөөт бус гэсэн ангилалд багтаж байна[2]. Уг нэр хүнд бүхий байгууллагын баримтладаг хэмжүүр, арга зүйд ардчиллын хөгжил, хүний улс төрийн ба иргэний эрх чөлөө, эрх хэрхэн хангагдаж байгаа зэрэг асуудал орж байгаа нь ойлгомжтой.
Өнөөдөр ардчиллын үзэл санаа, онол нь тухайн улсын бодит амьдрал, онцлогоос үл хамааран түгээмэл шинжтэй зүйл мөн үү, тухайн улсын шашин, соёл, эдийн засгийн түвшин, үндэс угсаа, нийгмийн бүтэц зэрэг нь ардчиллын хөгжлийн түвшинд нөлөө үзүүлдэг эсэх, бүхэлдээ ардчиллын хөгжлийг ямар түвшинд хүрсэнээр нь нийгмийн хөгжлийг тодорхойлогч болсон үгүйг хэмжих вэ зэрэг асуудал ганц онолын биш олон орны практик асуудал болсоор байна.
Бүр XIX зууны эхэнд францын түүхч, улс төрийн философч Алекс Токвиль (Alexis de Mocquevillie, 1805-1859) өөрийн алдарт “Америк дахь ардчилал” бүтээлдээ ардчилал бол эргэж буцалтгүй үйл явц мөн[3] гээд үүнийгээ хэд хэдэн нөхцөлтэй уялдуулан тайлбарласан байдаг. Эдгээрийн дотор, эдийн засгийн өсөлт, хувийн өмч, технологи, батлан хамгаалах, гэгээрэл болон христын үзэл зэргийг онцлон, тэдгээрийн утга учрыг өрнөдийн ба америкийн ардчиллын хөгжилтэй хамааруулан харуулсан ажээ.
Ардчиллын нөхцөл байдлын асуудлыг гаргахдаа баримтласан А. Токвилийн логик, арга зүй бүхэлдээ ач холбогдлоо алдаагүй ч ХХ-ХХI зууны хөгжлийн үзүүлэлтийн чанарын түвшнийг XIX зууны эхэн үетэй харьцуулах аргагүй юм. Ямар ч байсан ардчилал ба түүнийг нөхцөлдүүлж буй болон харилцан хамаарч байгаа асуудлыг дараах гурван бүлэгт хувааж үзэх боломжтой гэж үзэж байна.
Ардчиллын нөхцөл байдлын асуудал
Дээр дурьдагдсан Freedom House судалгааны байгууллагын дүнгээс үзэхэд судалгаанд нь хамрагдсан 195 улсын 45 гаруй хувь л улс төрийн ба иргэний эрх чөлөөг хангаж буй байдлаараа чөлөөт ангилалд багтаж байна. Эдгээрийн дотор эдийн засгийн өндөр хөгжилтэй улс байгаагийн зэрэгцээ энэ үзүүлэлтээрээ чөлөөт бус ангилалд багтдаг улсаас хамаагүй доогуур байгаа Bонгол, Намиби, Гана, Мали зэрэг улс орсон байна. Тэгэхлээр, ардчиллын хөгжил эдийн засгийн хөгжилтэй хэрхэн уялддаг вэ? хоорондоо хамааралтай юу? эсхүл, ардчилал эдийн засгийн өсөлтfнд хүргэдэг юм уу? зэрэг асуудал гарч ирдэг нь үүнтэй холбоотой.
Ардчилал ба эдийн засгийн хөгжил
Франсис Фукуямагийн (Francis Fukuyama) саяхны нийтэлсэн нэгэн өгүүлэлд, хөгжлийн аль ч түвшинд байгаа улс ардчилалд шилжиж болно гэхдээ ардчилсан хэвээр үлдэх нь тухайн улс илүү чинээлэг болохоос ихэд хамарна гэжээ[4]. Адам Пшеворски (Аdam Prezeworski) ардчилсан хөгжил нь тогтвортой болох эдийн засгийн түвшнийг тооцоолохдоо нэг хүнд ногдох ДНБ 6000 ам. долларт хүрсэн байх учиртай гэсэн байдаг. Үүний эсрэг ч тайлбар байдаг ба энэ нь Сингапур улсын ерөнхийлөгч асан Ли Куан Еүгийн нэртэй холбоотой эдүгээ яригддаг. Тэрээр, харин ч ардчилсан бус дэглэм нь эдийн засгийн өсөлтийг хангах хамгийн боломжит систем юм хэмээн “таамаглал” дэвшүүлж байсныг бид мэднэ.
Ардчиллын хөгжил ба эдийн засгийн өсөлт, түвшний хооронд хамаарал байгааг эрдэмтэдийн дийлэнхи нь хүлээн зөвшөөрдөг. Энэ нь ч ерөнхий судалгаанаас харагдана, тухайлбал, газрын тосоор баян улсыг оролцуулалгүй үзэхэд дэлхийн чинээлэг бүх улс ардчилсан бөгөөд Энэтхэг зэрэг ганц хоёр улсаас бусад бүх ядуу улс ардчилсан бус хэвээр байна. Эдийн засгийн дундаж хөгжилтэй улсууд гэхэд зарим нь ардчилсан, зарим нь ардчилсан бус байх жишээтэй. Freedom House -ийн 2000 оны судалгааны дүнг жишээ болгож үзэхэд чөлөөт ардчилсан улсын (дээд) ангилалд багтаж буй улсын ДНБ-ий нэг хүнд ногдох дундаж үзүүлэлт 18927 ам.долларт тэнцэж байхад чөлөөт бус (доод) ангилалд багтдаг улсын хувьд уг үзүүлэлт 3763 ам. доллартай тэнцэж байна. Ерөнхий шугаман корреляцийн хувийг гаргаж үзэхэд 0,37 буюу сул хамаарал харагдаж байна. Энэ нь чөлөөт бус ангилалд орж буй улсуудын тоонд ДНБ-ий нэг хүнд оногдох үзүүлэлтээрээ нэлээд дээгүүрт ордог Кувейт (25314 ам. доллар), Сингапур (24210 ам. доллар), Катар (20987 ам. доллар), Арабын Нэгдсэн Эмират (17719 ам. доллар) зэрэг улс орж байгаатай холбоотой[5].
Өөрөөр хэлбэл, улс төрийн ба иргэний эрх чөлөө гэсэн үзүүлэлтээр “чөлөөт” ангиллын дээд хэсэгт багтаж буй улсуудын хувьд эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаа нь өндөр үзүүлэлттэй байх нь шууд хамааралтай байгаа бол “чөлөөт бус” улсуудын хувьд эдийн засгийн үзүүлэлт доогуур байх хамаарал ажиглагдахгүй байна. Гэхдээ чөлөөт улсуудын ДНБ-ий жилийн дундаж өсөлт 2,56 %, хагас чөлөөт улсуудын хувьд 1,81%, чөлөөт бус улсуудынх 1,36% байгаа нь[6] улс торийн эрх чөлөөт байдал ба эдийн засгийн өсөлтийн хооронд тодорхой хамаарал байгааг гэрчлэх юм. Энэ үзүүлэлт “чөлөөт”, “хагас чөлөөт” ба “чөлөөт бус” ангилал тус бүрийн дотор багтаж буй ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 5000 ам. доллараас доогуур байгаа улсуудын хувьд 3,23% (чөлөөт улсын хувьд), “хагас чөлөөт” улсад 1,47% болон “чөлөөт бус” улсын хувьд 1,41 %-тай тэнцэж байна.[7]
Бүхэлд нь авч үзэхэд, эдийн засгийн хөгжил ба нийгмийг ардчиллах үйл явц хоёр хамааралтай байх магадлал өндөр юм. Ардчилалд шилжсэний эхэн үед орлогын тэгш бус байдал бий болдог ч алсдаа эл байдалд өөрчлөлт орон тэгш байдал руу чиглэх хандлага ихэнхи тохиолдолд ажиглагдсан байна. Ардчилал эдийн засгийн бүрэн төгс, тэгш байдлыг хангах боломжгүйн адил аж байдал, орлогын хувьд тэгш бус их зөрүүг бас бий болгодоггүй. Эдийн засгийн өсөлт нь өөрөө энэ тэгш бус байдлыг багасгаж ардчилалд учирч болзошгүй аюулыг ямар нэг хэмжээгээр зайлуулна.
Энд дараах зүй тогтол ажиглагдана. Эдийн засгийн өсөлт дундаж түвшинд ойртох тусам улс төрийн системийг илүү нээлттэй, ардчилсан болгоход нөлөөлдөг байна. Нобелийн шагналт Амартия Сэнийн (Аmarya Sen) тэмдэглэсэнчлэн хэдхэн жилийн өмнө болсон Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн хямралд өртсөн Өмнөд Солонгос, Тайланд, Индонези зэрэг улсад санхүү, төсөв мөнгөний бодлого нь олон түмнээс хаалттай явж ирснээр асуудал илүү хүндрэхэд нөлөөлсөн гэсэн нь үүнийг давхар нотлохуйц болжээ [8]. Нeritage Foundation (АНУ) болон The Wall Street Journal хамтарсан эдийн засгийн эрх чөлөөт байдлын талаархи 150 улсыг харьцуулсан 2001 оны судалгааны дүгнэлтэд дарангуйлалт дэглэм бүхий улсад нэг хүнд ногдох жилийн орлогын дундаж нь 2800 ам.доллар байхад хагас чөлөөт эдийн засаг бүхий улсад 11054 ам, доллар, чөлөөт эдийн засагтай улсад 21206 ам, долларын үзүүлэлт гарч буйг тэмдэглээд ядуурал ба чинээлэг байдлын хоорондын ялгаа нь эрх чөлөөтэй холбоотой гэдгийг онцложээ.[9]
Ардчилал ба соёл
А.Токвиль соёл, гэгээрлийн хөгжил нь төрийн үйл хэрэгт орчин үеийн хэллэгээр “хүний хүчин зүйлсийг” нэмэгдүүлж тэр нь улмаар ардчиллын хөгжилд таатай орчныг бүрдүүлнэ гэжээ[10]. Тодорхой цөөн хүмүүсийн ямбанд байсан соёл нь бүх нийтийнх болсноор олон авьяастнууд тодрох үүд хаалга нээгдэж энэ нь хүмүүсийн эрх чөлөөт сэтгэлгээнд асар их нөлөө үзүүлж нийгмийн хөгжил, дэвшилд үсрэнгүй өөрчлөлт орж ирснийг түүхийн олон баримт гэрчилнэ.
Боловсрол, гэгээрэл бол ардчилсан нийгмийн зорих учиртай нэг үнэт зүйл, тэр тусмаа ардчилсан нийгмийн зарчим гэхэд хүмүүс эргэлзэхгүй. Ардчилалд гэгээрсэн иргэд хэрэгтэй санаа нь түгээмэл утгатай ба үүнд өрнөд, дорнод зэрэг ялгаа байдаггүй нь хүн төрөлхтний түүхээс харагдсан.
Ардчилсан бүх улсын иргэд бүрэн боловсорч гэгээрсэн үү гэхэд бас тийм биш юм. Тэгэхлээр, боловсрол хөгжиж байж л ардчилсан нийгэм үүсэх боломжтой гэж үзэх нь бас буруу болно. Энэ хоёр зүйлс хоорондоо маш уялдаатай байдаг хийгээд ардчилал хөгжих нь боловсролын түвшин дээшлэхэд нөлөөлөхтэй адил боловсрол хөгжих тусам ардчилал бэхжих зүй тогтолтой ажээ. ,
Ардчиллын гурав дахь давалгаа болон түүний даяарших үйл явцтай холбож соёлын илүү өргөн хүрээний асуудал хөндөгдөх болсон нь ардчилал нь өрнөдийн соёлоос улбаатай тул дорно зүгийн улс орнуудад тэрээр хэр тохиромжтой вэ гэдгээс үүдэлтэй юм. Судлаач Артур Шленсингер/Artur Schlesinger JR./ “Европ бол хувь хүний эрх чөлөө, улс төрийн ардчилал, эрх зүйт төр, хүний эрх болон соёлын эрх чөлөөт байдлын давтагдашгүй эх булаг мөн. …Эдгээр нь Ази, Африк, Ойрхи Дорнодын биш гагцхүү Европын үзэл санаа юм. Бусад нь үүнийг өөртөө шингээсэн.” гэжээ.[11]
Ф.Фукуяма мөн энэ асуудлыг хөндөхдөө ардчиллын хөгжилд христын шашины үзүүлсэн нөлөөллийн тухай Токвилийн дээр өгүүлсэн санааг жишээ болгожээ. “ Ардчилал ба Христын үзлийн хамаарал болон түүний дэлхий нийтийг хамрах чаДамжийн асуудлууд ардчиллын ирээдүйн хувьд тулгуур ач холбогдолтой юм”. Түүний үзэж байгаагаар бол ардчилал ба хөгжлийн хоорондын хамаарлын асуудлын цаана ардчилал ба өрнөдийн христын үзлийн хоорондын хамаарал оршиж байж магадгүй ажээ. Учир нь хөгжсөн орнууд болон протестант эсхүл католик шашинтай улсууд гэдэг бол эдүгээ бараг давхардсан ойлголт гэдэг нь тодорхой юм гэжээ[12].
Самуэль Хантингтон мянга гаруй жилийн түүхтэй Өрнөд Европын соёл иргэншил хүн төрөлхтний дэвшилд асар их нөлөө үзүүлсэний дотор ардчиллын асуудал зүй ёсоор багтах ёстой гээд ардчиллын гурав дахь давалгааны үед өрнөдийн ардчиллын нийтийг хамрах чадамж баталгаажиж, бусад, ялангуяа өрнөдийн бус бүс нутагт түүний түгэлт чиглэгдсэн нь тодорхой болсныг онцолсон байна. Гагцхүү, тавьж буй асуулт нь: “өрнөдийн бүтээгдэхүүн болох орчин үеийн ардчилал аль хүртлээ өрнөдийн бус нийгэмд түгэх бол?” гэжээ.[13]
Энэ бүгд нь ардчиллын хөгжил ба улс төрийн соёл, түүнийг нөхцөлдүүлж буй олон асуудлын хооронд хамаарал байгааг нотлохын зэрэгцээ хүн төрөлхтний соёл иргэншлийн асуудлыг давхар хөндөж, тухайн улс орны үүсэл хөгжил, түүхэн уламжлал, зан үйл, шашин, нийгэм дэх үнэлэмжийн систем зэрэг олон асуудлыг судлахын чухлыг харуулсаар байгаа билээ.
Ардчилал ба сонгууль
Ардчилал бол засаглалыг бүрдүүлэх, тэдгээрт хариуцлага хүлээлгэх нэгэн хэрэгсэл юм. Ардчиллаас бусад системд олон түмэнд “заяах” удирдагчид нь гарал үүсэл, эд хөрөнгө, харъяалал, томилолт зэргээр бий болдог. Ардчиллын үед удирдагч, удирдуулагч хоёр аль аль нь ижил эрхтэй. Шийдвэр гаргагчид өрсөлдөж олон түмний шударга сонголтын дүнд засаглах эрхээ тодорхой хязгаар бүхий хугацаанд олж авдаг. Энэ утгаараа сонгууль бол ардчиллын мөн чанар юм гэсэн ойлголт Дэлхийн II дайнаас хойш ихэд түгээмэл болж иржээ. Ардчилсан улс төрийн дэглэм бүхий улс орныг тодорхойлох нэг гол шинж бол шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс нь бүх нийтийг хамарсан, тогтмол явагддаг, шударга сонгуулиар тодорч, нэр дэвшигчид санал авахын тулд чөлөөтэй өрсөлдөх боломжоор хангагдсан байдагт оршино. Ардчиллын энэхүү “дэг жаягт” тулгуурласан тодорхойлолтыг австри гаралтай америкийн эдийн засагч Жозеф Шумпетер (Joseph A. Schumpeter, 1883-1950) тавиад жилийн өмнө нийтлүүлсэн “Капитализм, социализм ба ардчилал” (Capitalism, Socialism and Democracy ) 1942) номондоо гаргасан хийгээд үүнийг судлаачид ерөнхийд нь хүлээн зөвшөөрдөг байна
Сонгуулийн ач холбогдлыг янз бүрээр үзэх хандлага ч бас байдаг байна. Тухайлбал, хүмүүс засгийн эрх баригчдыг эсэргүүцэх, шүүмжлэх, лоббидох зэрэг бүрэн эрх чөлөөтэй юм бол сонгууль нэг их шаардлагатай зүйл биш гэнэ. Нөгөө нэг нь, нийгмийг ардчилах үйл явцад чөлөөт сонгуулиас илүү чөлөөт хэвлэл чухал гэдгийг нотлоно. Энэ бүгд нь тийм их анхаарал татахуйц түвшний асуудал биш боловч ардчиллын амин сүнс нь сонгууль юм гэсэн хандлагыг туйлын утгаар нь хүлээн зөвшөөрөхөд эргэлзэж буйн илрэл гэж үзэж болох юм.
Сонгуультай холбоотой анхаарал татдаг асуудлын нэг бол өрнөдийн болон өрнөдийн бус улсуудад явагддаг сонгуулийн онцлог юм. Өрнөдийн бус улсад сонгуулиар гарсан улс төрийн удирдагч эсхүл бүлэглэл эргээд ардчилалд сөргөөр нөлөөлөх хандлага сүүлийн жилүүдэд хүчтэй ажиглагдсаныг дээр дурьдсан Freedom House байгууллагын судалгаанд харуулсан байна[14]. Латин Америкийн хэд хэдэн оронд, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан зарим улсад засгийн эрх баригчид ардчилсан бус арга замыг сонгож захиран тушаах механизмыг ашигласаар байна. Тэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан өөрсдийн засгийн эрхэнд байх хугацаагаа сунгах зэрэг үйлдэл хийж байгаа нь үүний жишээ болно. Өрнөдийн бус улсад либерализмын уламжлал тогтоогүйн улмаас хувь хүний эрхийн асуудалд бага анхаарал хандуулах, цөөнхийг дарамтлах, хэвлэлийн эрх чөлөөнд халдах зэрэг явдал илэрдэг. Үүнээс гадна сонгуулийн явцад яс угсаа, манайхаар бол нутгархах, шашин, үндсэрхэг үзэл зэрэгт анхаарлаа илүү хандуулдаг нь түгээмэл болж ингэснээр ардчиллын эсрэг чиглэсэн улс төрийн хүчнийхнийг гаргаад ирэх ч магадлал байсаар байна. Өрнөдийн соёл иргэншлийн нэг том ололт болох ардчилсан тогтолцоог өөртөө бүрэлдүүлэх явцдаа өрнөдийн эсрэг чиглэсэн хүчнийхнийг сонгуулиар гаргаад ирэх нь цөөнгүй байна. Энэ нь лалын ертөнцөд хүчтэй илэрдэг нь нууц биш юм гэж Самуэль Хантингтон тэмдэглэжээ[15].
Ардчилсан бус улс төрийн системд сонгууль өөрийн тодорхой үүргээ гүйцэтгэж ирснийг социалист гэгдэж байсан улсын түүх болон өнөөдрийн Иран зэрэг улсын жишээ харуулсаар байгааг бас анхаарах хэрэгтэй. Энэ бүгдээс үзэхэд, ардчиллын нэг чухал хэмжүүр болох сонгуулийг янз бүрийн хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд энэ нь тийм ч бас “сөрөг” үзэгдэл биш ажээ. Учир нь, үүний дараагийн логик алхам бол сонгуулийн шударга байдлыг хангах, түүнийгээ шаардах зэрэг хүний эрх чөлөөтэй холбоотой асуудлууд урган гарч ирэх магадлал өндөр байдаг байна.[16]
Ардчилал ба сонгуулийн хамаарал өндөр гэдэг нь ардчиллын мөн чанар сонгуулиар л тодорхойлогдоно гэсэн үг бас биш ажээ. Үүнийг ялгаж салгах үүднээс ардчиллын хөгжил, тогтворжилтийн түвшний асуудлыг гаргаж ирсэн бөгөөд энэ нь өнөөдөр ардчилалд шилжиж буй улсуудын чанарын ялгааг тодорхойлох арга зүй болоод байна.
Ардчиллын хэлбэр, хөгжлийн асуудал
Гүверийн хүрээлэнгийн улс төр судлаач Ларри Даймонд ‘^Journal of Democracy” сэтгүүлд бичсэн нэгэн өгүүлэлдээ[17] ардчилал ба сонгуулийн хамаарал, ардчиллын хөгжлийг тодорхойлоход сонгуулийн ач холбогдлыг ямар түвшинд авч үзэх тухай асуудлыг хөндөж лиdерал ардчилал, сонгуулийн ардчиллын ялгааны заагийг тодорхойлох өөрийн саналаа дэвшүүлсэн юм. Ерөнхийлөн үзвэл либерал ардчилалд чөлөөт сонгуулиас гадна гүйцэтгэх эрх мэдлийн өндөрлөг, бие даасан шүүх, хувь хүний эрхийн хамгаалалт, цөөнхийн эрхийн баталгаа, засгийн эрх барьж буй намаас сонгуульд нөлөөлөх боломжийн хязгаар, цагдаагийнхний мөрдлөгийн хүрээг хуулиар тогтоосон, цензургүй байдал, хэвлэл мэдээллийг төрөөс хамгийн бага хянах зэрэг асуудал хүчтэй тавигддаг. Сонгуулийн ардчилалд засгийн газар чөлөөт, шударга сонгуулиар бий болдог боловч либерал ардчилалд байдаг шиг эрх, эрх чөлөөний олон баталгаа байдаггүй байна.
Л.Даймондын тооцоолсноор сонгуулийн ардчилалтай улсын тоо сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өсөж байгаа бол харин либерал ардчилалтай улсын тоо харьцангуй хэвээр байгаа ажээ. Үүнийг Freedom Housе-ийн судалгаа давхар нотлож байгаа ба 2000 оны байдлаар 120 орон сонгуулийн ардчилалтай байгаа хэдий ч тэдгээрийн зөвхөн 88 нь чөлөөт буюу либерал ардчилалтай гэжээ. Сонгогддог засаглалтай боловч “хагас чөлөөт” гэгдэх 32 орны дотор Орос, Украин, Турк, Бразил зэрэг том улс багтаж байна.[18]
Ардчиллын хүрсэн түвшнийг тодорхойлохдоо сонгуулийн асуудлыг суурь үзүүлэлтийн хэмжээнд авч үзэх үзлийг дэлгэрүүлэхэд Ж.Шумпетер их хувь нэмэр оруулсан билээ. Түүнийхээр бол ардчиллын амин сүнс болох сонгуулиас ардчилсан системийн бусад шинж чанар урган гарна гээд ардчилал бол “өрсөлдөөний замаар ард түмний саналыг авсны үндсэн дээр тодорхой бие хүмүүс шийд гаргах эрх мэдэлтэй болж улс төрийн шийдвэрт хүрдэг” систем юм хэмээн онцолжээ.[19]
Ардчиллын тухай Шумпетерийн үзэл баримтлал нь ардчиллын хамгийн наад захын шаардлагыг хангах нөхцөл юм гээд энэхүү “явцуу” буюу минималист үзэл баримтлал нь нийгэм дэх улс төрийн өрсөлдөөн, оролцоо хамгийн чухал зүйл учраас түүнийг бодит утгатай байлгах үүднээс л иргэд тодорхой эрх чөлөөтэй байх ёстойг голлон хүлээн зөвшөөрдөг. Сонгуулийн ардчиллын талынхан суурь эрх чөлөөний асуудлыг онцгойлон “анхаардаггүй” хийгээд иргэнд рационал хандлага эдүгээ хүчтэй илрэх болсон тул хувийн эрх ашиг нь түүнд голлох сэдэл нь болж улс төрийн оролцоо нь намын мөрийн хөтөлбөрийг үе үе сонгох, эс сонгохоор л хязгаарлагддаг хэрэглэгч болсон гэж үзнэ. Ийм учраас, хүний суурь эрх чөлөөний асуудлыг ардчиллын бодит хэмжүүрт багтаан харгалзахыг чухалчилдаггүйд хамаг учир оршино[20] Энэхүү байр суурийг тухайлбал, эдийн засагт мөн илэрдэгийг тэмдэглэж рационал сонголтын онолын чиглэл хөгжсөн байна. Шумпетерийн үзэл баримтлал нь өрнөдийн өндөр хөгжилтэй улсын өндөр албан тушаалтнуудын дунд их дэлгэрч дэмжигдэдгийг ихэнхи судлаачид тэмдэглэдэг.
Сонгуулийн өрсөлдөөнийг юу юунаас чухал гэж үзсэнээр ардчиллын бусад хэмжүүрийг умартахад хүргэж болзошгүй ба хэдийгээр олон намын өрсөлдөөн бодит байгаа мэт боловч хүн амын томоохон бүлэг хэсгийг эрх мэдлийн төлөө өрсөлдөх боломжгүй болгох, сонгуульт албан тушаалтнуудын хэт хяналтын хүрээнээс шийдвэр гаргах чухал, чухал асуудлыг тэдгээрийн “монопольт” эрх мэдлээс салгаж чадахгүйд хүрдэг байна. Ардчилсан тогтолцоо бүхий улс төрийн системд сонгууль, тэр тусмаа олон нам оролцсон өрсөлдөөнт сонгууль ч’/хал боловч сонгуулийн хооронд багагүй цаг хугацаа өнгөрдөг бөгөөд яг амьдрал дээр иргэдийн хувьд улс төрийн намуудаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн ерөнхий зарчмуудтай танилцаж улс төрд оролцох боломж л үлддэг байна.[21]
Ардчиллын тухай минималист хандлага сүүлийн жилүүдэд нэлээд шүүмжлэлд өртөж нэг ёсны “их засварт” орох болсон билээ. Энэ нь юуны түрүүнд ардчилсан улсуудын тоонд орж ирсэн боловч сонгуулиар бий болдог албан тушаалтнуудын хяналтаас гадуур бие дааж шийдвэр гаргах эрх бүхий бүлэглэл (тухайлбал цэргийнх эсхүл шашны) тогтсон зарим улсыг ардчилсан гэдэг ангиллаас хасч судлах шаардлага зүй ёсоор гарсантай холбоотой. Нөгөө талаас, энэ янзаар “шинэчлэгдсэн” ардчиллын тухай ойлголт нь хүн амын цөөнхи болох бага орлоготой эсхүл үндэстний, шашны зэрэг цөөнхид үзүүлж буй улс төрийн дарамтыг таниж мэдэхэд тус дөхөм үзүүлэх боломж багатай ажээ.
Уг үзэл баримтлалын төгс бус байдал нь судлаачдын зүгээс улс төрийн эрх чөлөө хэмээх чухал үзэгдлийн зарим ялгааг бие даасан түвшинд тодорхойлж, ухагдахууны хэмжээнд авч үзэх гээд байдагтай холбоотой [22]гэж Ларри Даймонд тэмдэглэсэн байна. Тухайн улсад өрсөлдөөн бүхий сонгууль явж байгаа эсэх нь ардчиллын нэгэн хэмжүүр болж байгаатай хэн ч маргалдахгүй. Гэтэл сонгуулийн ардчилал бүхий зөвхөн тэр улсуудын хүрээнд аваад үзэхэд хувь хүн, бүлгийн хүсэл зориг, эрх ашгийг илэрхийлэх эрх чөлөө, эвсэн нэгдэж сайн дурын байгууллага байгуулж сонирхол хэрэгцээгээ нэгтгэх эрхийн түвшин өөр өөр байгааг ажиглаж болохоор байна.
Тухайлбал, курд үндэстний эсрэг хүчирхийллийг хэтрүүлэн хэрэглэсэн Турк улс, Кашмир муждаа цэрэг, аюулыг хамгаалах байгууллагын хүчээр иргэдээ барьж буй Энэтхэг улс, бие даах сонирхол илэрхийлсэн Чечнягийн эсрэг цэргийн хүчээр зохицуулалт хийхийг оролдож буй ОХУ болон Югослав, Колумби, Гватемал зэрэг улсыг либерал ардчилалтай улс гэж үзэхэд хүндрэл бий болж байгаа нь судлаачдыг ардчиллын асуудалд илүү нухацтай хандахад түлхэж байгаа нь тодорхой билээ. Эдгээр улсад олон нам оролцсон өрсөлдөөн бүхий сонгууль явагдаж улс төрийн хүчнүүд засгийн эрхийг ээлжлэн барьж буйгаар ардчилсан улс гэж тооцох нь хангалттай биш юм гэж үздэгтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Тэгвэл, ардчиллын минималист хандлагын үүднээс дээр дурьдагдсан болон үүнтэй төстэй улс төрийн нөхцөл байдал бүхий улсыг ардчилсан гэж тооцох бүрэн үндэстэй болж байгаа юм.
Харин либерал ардчиллын байр сууринаас буюу илүү нарийн хэмжүүр хэрэглэвэл байдал өөр болох билээ. Сонгуульт болон либерал ардчиллын хооронд оршиж буй эдгээр тод томруун ялгаа нь ардчиллын “гурав дахь” давалгааны үед хурц мэдрэгдэж эхэлсэн нь улс төрчид, судлаачдын хувьд анхаарал татах асуудал болж ирсэн байна.
Цаг үе улирах тусам Шумпетерийн ардчиллын тухай товч тодорхойлолт илүү баяжих шаардлагатай тулгарсан нь зүй тогтлын гэж үзэх үндэстэй. Эдгээрээс хамгийн их “боловсронгуй” болж, нэлээд өөрчлөлтөнд орон улмаар ардчиллын онолын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн нь Роберт Доолын “полиархийн” үзэл баримтлал юм. Уг үзэл баримтлалаар бол ардчилал нь улс төрийн өргөн өрсөлдөөн оролцооны зэрэгцээ үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг эрх чөлөөний өндөр түвшин, иргэд өөрсдийн улс төрийн хүсэл зориг, тэмүүллийг илэрхийлэх олон ургальч байдлыг нөхцөлдүүлэх учиртай ажээ.[23]Энэхүү үзэл баримтлал нь ардчиллын хөгжпийн түвшнийг тодорхойлох арга зүйн үндэс нь болсон гэж үзэх үндэстэй бөгөөд ч эдүүгээ ардчилсан хэмээн нэрлэгдэж буй улсуудын дотор либерал ардчилалтай улсыг бусдаас нь ялгах шалгуурын үзэл сана^ны суурь болж иржээ.
Либерал ардчиллын үзэл баримтлалын үүднээс харьцуулбал улс төрийн системд тавигдаж буй шалгуур нь ардчиллын минималист хандлагаас юугаар илүү байна вэ? Энд юуны түрүүнд дараах шинжийн ялгаа тод харагдана.
1.Чөлөөт, шударга, тогтсон цаг хугацаанд явагддаг өрсөлдөөн бухий сонгууль хийгээд бүх нийтийн сонгох эрхийн зэрэгцээ либерал ардчиллын нөхцөлд сонгогчдын хараа хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулдаг эрх мэдэл бүхий улс төр, цэргийн зэрэг бүлэглэл байдаггүй.
2.Эрх баригчид олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг босоо тогтолцооны зэрэгцээ төрийн албан тушаалтнууд мөн хэвтээ хяналтанд байх ба энэ нь ялангуяа, гүйцэтгэх эрх мэдлийг хязгаарлан тэнцвэржүүлж, үндсэн хуульт ёс, хуульд захирагдах, зөвшилцөх үйл явцыг хамгаална.
3.Либерал ардчилал нь иргэдийн улс төр, нийгмийн олон ургальч байдлыг хөгжүүлэх, иргэний болон социал бүлгийн эрх чөлөөг тэтгэх асар их боломжийг бүрдүүлсэн байна.
Ардчилал тухайн улс үндэстний хэмжээнд хөгжлийн загвар болон хүлээн зөвшөөрөгдөх эсхүл хоосон тунхаглагдах хоёр өөрөө эрс тэс өөр үр дүнд хүргэдэг бөгөөд бидний судалгаанд илүү анхаарал татаж буй асуудал бол ардчиллын хөгжлийг бодит байдалд хэрэгжүүлэхийг эрмэлзэж буй практик үйл явц юм. Тийм ч учраас ардчилсан гэж өөрсдийгөө өмгөөлж буй боловч амьдрал дээр тоталитар улс төрийн дэглэм бүхий улсуудын жишээг тусгайлан энд авч үзэхийг бид зориогүй болно.
Ардчилал нь тухайн улсын хөгжлийг тодорхойлох үзэл баримтлал болж үндсэн хуулийн хэмжээнд тунхаглагдах нь уг хөгжлийн улс төрийн зөвхөн гарааны нөхцөлийг хангаж байгаа бөгөөд нийгмийн амьдралын бүхий л хүрээг тодорхойлох, иргэдийн улс төр, иргэний, эдийн засгийн зэрэг эрх чөлөөг хангахуйц болтлоо хөгжихөд нэлээд хүчин чармайлт шаардадгийг бусад улсын жишээ тод харуулж байна. Ардчиллын замаар хөгжиж буй улсууд, нэн ялангуяа уг үйл явцад шинэхэн хамрагдсан улс үндэстнүүд өмнөө учирч буй хөгжлийн олон бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж буй байдлыг бүхэлд нь харьцуулахад ардчиллын дэвшлээс ухрах магадлал бас байгааг олж харж болохоор байна. Энэхүү хөгжлийн үйл явцыг илүү тодорхой судлах, харьцуулах, хөгжлийн явцад бий болж болзошгүй зөрчил, саад бэрхшээлийг урьдчилан таамаглах үүднээс ардчиллын хэлбэрийг ялгаж зааглаж, түүний хөгжпийн түвшин, тэдгээрийн онцлогийн асуудлыг судлах арга зүй чухал болно гэж бид үзэж байна.
Бидний судлаж тусгасан зүйлсийг нэгтгэн дүгнэхэд, ардчиллын үнэлэмж, хэм хэмжээ, түүнд хувь хүний улс төрийн болон иргэний эрх чөлөөг ямар хүрээнд багтааж ойлгож байгаа байдлаараа хуурамч ардчилал (энэ нь либерал ардчиллын хэлбэрийг шууд бий болгохгүй боловч сонгуульт ардчиллын хэлбэрт хүргэх магадлалтай байдаг), сонгуульт ардчилал (либерал ардчилалд хүргэх магадлал өндөртэй боловч эргээд ухрах, захиран тушаах харилцааг сэргээх магадлал мөн өндөртэй) болон либерал ардчилал гэсэн гурван хэлбэрийг ялгаж үзэх нь зүйтэй гэж үзэж байна.
Ардчиллын үнэлэмж, үнэт зүйл, хэм хэмжээ, эдгээрийг нөхцөлдүүлж буй улс төр, хууль эрхийн ерөнхий болон дэд системүүдийн үйлчлэл нь ардчилсан хөгжлийн тогтвортой байдлыг хангах бөгөөд энэ нь эргээд иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болдог байна. Нийгмийн амьдралын хөгжлийг тодорхойлох ардчилсан хэм хэмжээ нь нийгмийн бүхий л харилцааг харилцан хамааралтай зохицуулж байгаа болон ялангуяа, нийгэмд үйлчилж буй улс төрийн ардчилсан соёл нь харьцангуй тогтвортой хөгжиж ирсэн улсуудын ардчиллыг нягтарсан ардчилал хэмээн нэрлэж байна. Энэ нь ардчилсан хөгжлийн чанарын илэрхийлэл болох бөгөөд ардчиллыг сонгосон улс үндэстний хувьд ерөнхий утгаараа зорьж буй зорилтын хэмжээнд ойлгогдож байгаа болно.
[1] Huntington S. Democracy `s Third Wave. Journal of Democracy .Spring 1991.
[2] http;//www.freedomhouse.org/research/2000/
[3] Al-xis De Tocquevillie .democracy in America .New York,1958 .p.5-7
[4] Francic Fukuyama .the march of equality .Journal of democracy . Volume 11# 1 ,2000, p.13
[5] http;//www.freedomjouse.org/2000,raiting of freedom/
[6] Adrian Karatnycky .the 2000-2001 Freedom House Survey of Freedom /internet information/
[7] Мөн тэнд
[8] Amartya Sen .Democracy as a Universal Value .Journal of Democracy, 1999, july, p.7
[9] 2001 index of Economic Freedom.www. heritagefoundation.org
[10] Alexis de Tocquevillie Democracy in America .NewYork ,1958, p.52-55/
[11] Jornal of Democracy ,Oct,1997, Volume8,,#4 ,6
[12] Francis Fukuyama .The march of equality .Journal of democracy Volume 11, #1 2000 ,p16-17
[13] Samu-l O.Huntungton Journal of Democracy ,Oct,1997, Volume 8 , #4 , p.6
[14] http;//www.freedomjouse.org/nations in transit/
[15] Samuel P.Humtington .after twenty years;the future of the third wave.Journal of Democracy ,oct, 1997 ,Volume 8 #4, 6-9
[16] Larry Diamond .is the Third Wave over? Journal of democracy ,Jun 1996#7 .,p.20-37.
[17] Мөн тэнд
[18] http: //www.freedomhouse.org/2000,raitings of freedom/
[19] Hans-Joachim Lieber. Politische Theorien von der Antike bis zur Gegenwart
[20] Dieter Nohlen. Lexikon der Politik. Band 7, Politische Begriffe. Muenchen, 1998, s.
[21] Schmitter P.C. Karl L.L. What democracy ls … and Is Not. “Journal of democracy”, 1991, vol.2, p. 78.
[22] Diamond L. Is the Third Wave over? “Journal of democracy”, 1996, vol.7, p.15.
[23] Dahl R. A. Polyarchy: Participation and Opposition. New Haven, 1971, p. 3.