Б.Алтансүх
/УТБА-ийн багш, ЭША/
Шинэ толь №37, 2001
Сүүлийн хориос гучин жилд үндэстэн дамнасан корпорациудын дэлхийн эдийн засгийн талбарт эзэлдэг байр суурь эрс өөрчлөгдөж, эдийн засгийн чадавхи, санхүүгийн нөөцийн хувьд тэд олон улсын өрсөлдөөний талбарт цоо шинэ “хүчирхэг тоглогчид” боллоо. Эдийн засаг ба улс төр нягт уялдаатай гэдэгтэй хэн ч маргахгүй.
Гэвч орчин үеийн нөхцөлд эдийн засгийн талбар дахь чанарын өөрчлөлт нь дэлхийн улс төрийн бодлого дахь хүчний харьцааг өөрчиллөө – энэ нь түүний бүтэц, янз бүрийн оролцогчдын хооронд эрх мэдлийг хуваарилахад ч хамаарна. Глобаль эдийн засгийн үйл явц нь дэлхийн улс төрийн харилцааны шинэ систем бүрдэхэд цогц байдлаар шууд нөлөөлж байгаа юм.
Эдийн засгийн глобальчлалын түүхээс
Эдийн засгийн глобальчлал нь тоон хэлбэртэй хуримтлал (баялаг) нь эдийн засгийн орчныг чанарын өөрчлөлтөнд оруулсаар ирсэн олон зууны түүхт үйл явц билээ. Үндэстнүүдийн хоорондын эдийн засгийн харилцаа бүх цаг үед оршсоор ирсэн, ганцхан тэр нь орон нутгийн бөгөөд тогтвортой биш байдалтай байв. Газар зүйн аугаа их нээлтүүд нь эдийн засгийн харилцаа интернациональчлагдсан түүхийн анхны том хөдөлгүүр болсон юм. XIX зуунд “чөлөөт худалдаа” ба дэлхий дахины зах зээлийн тогтолцоо үүслээ. Зарим судлаачдын үздэгээр бол XIX зууны сүулч, XX зууны эхний дэлхийн аж ахуйн харилцааны интернациональчлалын түвшин тодорхой параметруудаар тооцвол одоо үеийнхээс ч өндөр түвшинд байжээ (К.Уолтц).
Гэвч XIX болон XX зууны зааг үеийн дэлхийн худалдааны “алтан үе” нь олон улсын хэмжээний шинж чанартай, цаашид тогтвортой оршин тогтнох глобаль эдийн засаг бүрэлдэн тогтсон хэрэг хараахан биш байв. Үүний шалтгаан нь зөвхөн дэлхийн 1 дүгээр дайны дараа олон улсын эдийн засгийн харилцаа мэдэгдэхүйц суларснаар тайлбарлагдахгүй. Энд хамгийн гол нь эдийн засгийн глобальчлалыг эргэлт буцалтгүй болгох объектив орчин нь хараахан бүрдээгүй байжээ. XIX зуунд тэр үеийн дэлхийн эдийн засгийн манлайлагч болсон Их Британи эдийн засгийн интеграцийн “хөдөлгөгч хүч” нь болж юуны өмнө өөрийн ашиг сонирхлыг хамгаалж байлаа.
Эдийн засгийн глобальчлал зөвхөн XX зууны 60-70-аад онуудад шинэлэг, дэвшилттэй холбоо, харилцааны болон мэдээллийн технологи ашиглах боломж бүрдсэнтэй уялдаатайгаар эргэлт буцалтгүй шинж чанартай боллоо (мэдээж энэ үйл явц зөвхөн хэвтээ чиглэлээр өрнөхгүй бололтой).
САНХҮҮГИЙН ГЛОБАЛЬЧЛАЛЫН ИНДИКАТОРУУД
Түүхийн хувьд гадаадын валютыг худалдан авах болон худалдах нь олон улсын худалдаа явагдахад зайлшгүй шаардлагатай байв. Гэвч валютын зах зээл хөгжлийнхөө явцад худалдааны салбараас тусгаарласан. 1980-аад оны дундуур олон улсын валютын худалдааны хэмжээ дэлхийн нийт бараа, үйлчилгээний чиглэлийн худалдааны 25% орчим болж, дараагийн арваад жилийн турш валютын худалдааны өсөлтийн хурдац уламжлалт худалдааны өсөлтийн хурдцаас мэдэгдэхүйц өндөр байлаа. 1990-ээд оны дундуур валютын худалдааны хэмжээ аль хэдийнээ дэлхийн бараа ба үйлчилгээний худалдааны 80% болж өслөө. Мөнгө өөрөө бие даасан “эргэлтийн” бараа [1]боллоо. Валютын зах зээлийн “тоглогчид” нь мөнгөнөөс мөнгийг бүтээгчид болсон томоохон банкууд, корпорациуд болжээ.
Санхүүгийн глобальчлалын бас нэгэн үзүүлэлт бол тухайн улсын валютын нөөц болон олон улсын санхүүгийн зах зээлийн валютын операцийн хоорондын харьцаа юм.
Улсын Төв банкны нөөцийн нэг чухал үүрэг нь улс орон дахь инфляцийн түвшинг зохицуулах асуудал байдаг. 1980-аад оны дундуур олонхи аж үйлдвэржсэн орнуудын үндэсний банкны валютын нөөц өдөр бүрийн валютын арилжааны хэмжээнээс 2 дахин давж байв. 1990-ээд оны дундуур байдал эсрэгээр өөрчлөгдсөн: өдөр бүрийн валютын арилжаа аж үйлдвэржсэн орнуудын Төв банкны валютын нөөцөөс бараг 2 дахин давах болов. Олон улсын биржүүд дээр валютын арилжааны операцид үндэстэн дамнасан корпорациуд (ҮДК) болон үндэстэн дамнасан банкуудын (ҮДБ) оролцоо нэмэгдэж байгааг харгалзан үзвэл энэ тийм ч гайхалтай биш.
Аж үйлдвэржсэн болон хөгжиж байгаа орнуудын хоорондын валютын нөөцийн хуваарилалт ч эрс өөрчлөгдлөө (Хүснэгт 1).
Хэрэв колоничлалын тогтолцоо нуран унасны дараа аж үйлдвэржсэн орнуудын валютын нөөц хөгжиж буй орнуудын ижил үзүүлэлтээс бараг 6 дахин давж байсан бол гучин жилийн дараа хөгжиж буй орнууд нэгдсэн дүнгээрээ санхүүгийн талбарын “аваргуудыг” бараг даван гарчээ. Тайвань, Сингапур, БНХАУ, Бразил, Таиланд зэрэг санхүүгийн хүчин чадал нь түргэн өсч буй улсууд гарч ирлээ. Аж үйлдвэржсэн орнуудын хүрээнд АНУ санхүүгийн зах зээлийн манлайлагчийн үүргээ Японд хүлээлгэн өгөв. Ерөнхийдөө дэлхийн санхүүгийн зах зээлийн дүр төрх чанарын хувьд эрс өөрчлөгджээ.
Санхүүгийн зах зээлийн мөн нэгэн үзүүлэлт нь олон улсын өр төлбөрийн зах зээлийн өргөжилт юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ОЕСD) мэдээгээр бол зөвхөн 4 жилд 1992-1996 онд олон улсын өрийн хэмжээ бараг 2 дахин нэмэгджээ.
Санхүүгийн глобальчлалын эх сурвалж. Дэлхийн санхүүгийн интеграцийн мөн чанарыг тайлбарлахдаа түүний шалтгааныг эсвэл улс төрд, үгүй бол дэлхийн эдийн засгаас хайдаг. Олон улсын харилцаанд улс орнууд давамгайлагч гэсэн үзлийг баримтлалчид чухамдаа улс орнуудын дотоод эдийн засгийн хэрэгцээ нь ОУВС-ийн зээлийн үйл ажиллагаа, олон улсын биржүүд дэх валютын худалдаа болон бусад зүйлийг шаардаж байна гэж үздэг. Олон улсын эдийн засгийн ялгаатай чиглэл болох эдийн засгийн либерализмийн чиглэлийг баримтлагчид зах зээл тодорхой объектив хуулиудад захирагдаж, “үл үзэгдэх гараар” (А.Смит) удирдуулдаг бөгөөд энэ нь үндэсний хэмжээний саад тотгорыг арилгаж, валютын болон кадиталын чөлөөт урсгалыг баталгаажуулах шаардлагыг улс гүрнүүдэд тулган хүлээлгэж байна гэж тэмдэглэдэг.
Гэвч олон улсын хэмжээнд эдийн засаг ба улс төр нягт хамааралтай учраас дэлхийн санхүүгийн зах зээлийн хүрээнд гарсан энэхүү суурь өөрчлөлтүүдийг тайлбарлах дээрх 2 арга зам адилхан үндэслэл султай, хэтэрхий явцуу нь ойлгомжтой.
Арга зүйн хувьд дараах асуултыг тавих нь илүү үр ашигтай юм: Яагаад эдийн засгийн талбараар дамжин олон улсын харилцаанд оролцогчид болсон томоохон банкууд, корпорациуд зэрэг нь сүүлийн арван жилд олон улсын хэмжээнд тоглоомын дүрмийг тогтоогч хэрэгсэл болсон улс төрийн механизмтай адил нөлөөллийг олж авах болов? Өөрөөр хэлбэл, яагаад улс орнууд өөртөө “тоглоомын дүрмийг” идэвхтэй байдлаар тогтоож буй зах зээлийн “тоглогчидтой (ҮДК болон ҮДБ зэрэг) өөрийн эрх мэдлийг хуваалцах болов?
Дэлхийн хэмжээнд валютын нөөц глобальчлагдсан нь,
1964-1995 он (тэрбум US$)
Хүснэгт 1
Асуудлыг ийм байдлаар тавих нь улс төр болон эдийн засгийн аль нь анхдагч болох талаархи үр ашиггүй маргаанаас зайлсхийх боломж олгоно. Орчин үеийн эдийн засгийн глобальчлалын өрнөл нь юуны өмнө 1970-аад оны шинжлэх ухаан, техникийн хувьсгалтай уялдана.
Шинэ ба хуучин тивийг холбон Атлантын далайгаар анх 1866 онд тавигдсан телеграфын шугам нь тэр үедээ холбоо харилцааны салбарт хувьсгал болсон юм. Гэвч дараагийн зуун жилд мэдээллийг дамжуулах хурд өчүүхэн багаар л нэмэгджээ. XX зууны сүүлийн арван жилд маш өргөн боломжтой, ашиглахад харьцангуй энгийн холбоо харилцааны хэрэгслүүд нэвтэрлээ: энд компьютер, дэлхий дахины интернет сүлжээ, электрон шуудан, хөдөлгөөнт утас, факс болон бусад хэрэгслүүд орно. Энэ нь санхүүгийн зах зээлийн тоглогчдын тоог асар нэмэгдүүлж, энд томоохон банкуудаас гадна жижиг пүүсүүд, бүр ганц хүн ч оролцох боломжтой болов. Мөнгөний хэлбэр нь сүлжээний шинж чанартай болж, ганцхан товч дарснаар л капитал нэгээс нөгөө улс руу шилжин байрших боллоо.
Энэхүү “сүлжээний капиталын” урсгалд төрийн зүгээс хяналт тавих явдал нэн төвөгтэй нь ойлгомжтой. Төр өөртөө маш өргөн боломжийг агуулдаг боловч заримдаа биржийн ганц нэгэн луйварчин юмуу сүлжээний хакерын өмнө ямар ч хүчгүй байх нь бий. Хөгжлийн 232 жилийн алдарт түүх намтартай Их Британий Берингс банк ийм шалтгаанаар л нуран унасан билээ.
Санхүүгийн глобальчлалын үр дагавар
Санхүүгийн глобальчлалыг “оролцогчдынх” нь нүдээр харахыг хичээе. Биржүүд дээр санхүүгийн үйл ажиллагаанд оролцогчид санхүүгийн зах зээл, дэлхийн үйлдвэрлэл, улс төрийн талбарын өөрчлөлтүүдийг маш гярхай ажиглаж байдаг. Тэдний зорилт бол үйл явдлын өрнөлийг урьдчилан харснаар энэ өөрчлөлтийг өөртөө ашигтайгаар ашиглах, бүр ядахдаа үүнээс алдагдал хүлээхгүй байх явдал юм. Энэ нь санхуугийн капитал ямар нэгэн упс орныг орхин, хаана өндөр ашиг олох боломжтой руу нь шипжин байрших чадвартай бөгөөд энэ нь тодорхой улсын нөлөөлөлд “орохгүй” байх боломжтой гэсэн хэрэг.
Үүгээр ч тогтохгүй, санхүүгийн зах зээлийн гол нөлөөтэй оролцогчийн хувьд “үндэстзн дамнасан капитап хүссэн үедээ аль ч улсын санхүүгийн зах зээлийг нураах боломжийг олж авчээ”[2].
Үндсэндээ бүрдэн буй дэлхйй дахины хүчний тэнцвэрт санхүүгийн капиталын цогцолбор шинжтэй нөлөөлөл өсч байна гэж итгэлтэй хэлж болно.
Олон улсын хэмжээнд дээрхи нөхцөлд тохирсон, үндэсний эдийн засгийн ашиг сонирхлыг хангасан, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх боломж нь янз бүрийн улс орнуудад хувь нийлүүлсэн капиталыг ашиглах ерөнхий эрх зүйн орчныг ижил төстэй бүрдүүлэх замаар зохицуулалтыг уялдуулах явдал юм.
Хувийн капиталын бус, гишүүн орнуудынхаа үйл ажиллагааг зохицуулахаар байгуулагдсан Бреттон – Вудсын тогтолцоонд хамаарагч байгууллагууд 1970-аад оноос олон улсын хэмжээний капиталын “түрэмгийлэлтэй” зохицож, түүнийг тогтоон барих боломжоо бага багаар алдлаа. Одоогийн байдлаар, ОУВС, Дэлхийн банк үндэстэн дамнасан капиталын хөдөлгөөнийг хязгаарлагдмал хэмжээнд л зохицуулах чадвартай бөгөөд бүр ч үндэсний засгийн газруудын нөлөөллийг объектив байдлаар бууруулан, үндсэндээ олон улсын капиталаас хамааралтай байдалд оршиж байна.
Ийм байдлаар санхүүгийн капиталын глобальчлалын улс төрийн томоохон үр дагавруудыг дурдаж болно. Дайны дараах ертөнцөд үндэсний эдийн засгийн бодлогыг зохицуулж байсан олон улсын үндсэн механизмууд эхлэлийн үр ашигтай байдлаа алдаж, энэ нь засгийн газруудын өмнө өөрийн санхүүгийн бодлогоо үр ашигтай зохицуулах шаардлагыг хурцаар тавих боллоо. XX зууны сүүлийн 30 жил өрийн болон санхүүгийн хүнд хямралуудаар дүүрэн байв. Өнөөдөр улс орнуудын санхүүгийн бодлого үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхолтой нягт уялдаатай. Одоо засгийн газруудын гол “толгойн өвчин” нь хэрхэн үндэсний эдийн засгийн бодлого болон үндэстэн дамнасан корлорациудын ашиг сонирхлыг уялдуулах вэ гэсэн асуудал боллоо. Энэ нөхцөл маш төвөгтэй: ямар ч засгийн газар үнэт цаас эзэмшигчид өөрийн капиталаа бусад оронд шилжүүлэх явдалд хүргэх магадлал бүхий тийм алхмыг өнөөдөр хийж бараг чадахгүй боллоо.
Үйлдвэрлэлийн глобальчлал
Олон улсын санхүүгийн интеграцитай харьцуулахад үйлдвэрлэлийн салбарын глобальчлал бол гадна талаасаа тийм ч түргэн ажиглагдах, идэвхтэй үйл явц биш юм. Гэвч 1970-аад оноос хойш энэ салбарт гарч буй өөрчлөлтүүд мэдэгдэхүйц их бөгөөд үндэстэн дамнасан корпорациудын тоо нь нэмэгдэж, үйл ажиллагааных нь хүрээ тэлж байгаа нь үүний шууд үр дүн юм. Чухамдаа олон улсын корпорациуд л олон улсын харилцаа ба эдийн засгийн глобальчлалын үндсэн агентууд болж байна гэж олон судлаачид үздэг.
ҮДК-ийн гол шинжүүд бол тэд хилийн чанадад салбар компаниудтай бөгөөд тэдгээр нь “төв” (эх) компанихаа өмнө хариуцлага хүлээж, удирдлагад нь оршдог ажээ. Тухайлбал, Японы автомашин үйлдвэрлэлийн “Тоёота” пүүс 1975 онд зөвхөн Японд л үйл ажиллагаагаа явуулж байв. Тэгвэл 1995 онд 7 оронд машины эд ангиуд үйлдвэрлэх 9 үйлдвэр, 25 оронд 29 угсрах үйлдвэр, 2 оронд 4 судалгааны төвтэй болжээ. “Форд мотор компани” бүр ч илүү өндөр түвшинд глобальчлагдсан бөгөөд 1992 оны байдлаар өөрийн бүтээгдэхүүний тавны гурвыг АНУ-ын хилийн чанадад үйлдвэрлэж байв.
Худалдааны глобальчлал
XIX зууны 40-өөд оноос дэлхийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ, мөн олон улсын экспорт ч дэлхийн 1 дүгээр дайн хүртэл тогтвортой нэмэгдэж байв. 1950-аад оноос энэ өсөлт сэргэсэн бөгөөд гэвч зөвхөн 1970-аад оны дундуур л 1913 оны түвшнээсээ давжээ. Энэ үеэс хойш аж үйлдвэржсэн орнуудын хувьд экспортын бүтээгдэхүүний үйлдвэрпэл нь хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс түрүүпсэн гэж хэлж болно. Үүний хамтаар дэлхийн хэмжээний ДНБ-ний өсөлтийн хурдац дэлхийн худалдааны өсөлтийн хурдцаас хоцрох болов. Ийм байдлаар 1985-1994 онд дэлхийн худалдааны өсөлт дэлхийн ДНБ-ний өсөлтөөс хоёр дахин түргэцтэй байв. 1994 онд дэлхийн хэмжээний үйлдвэрлэлийн орлого 5%, худалдааны орлого 9% нэмэгджээ.
Энэ хандлага мөн зарим улсуудад ч ажиглагдаж байна. Сүүлийн 40 жилд бүх аж үйлдвэржсэн орнуудын ДНБ-д экспортын эзлэх хувийн жин мэдэгдэхүйц нэмэгджээ (хэдийгээр улс орнуудын хоорондын ялгаа өндөр боловч). Ийм байдлаар 1994 онд энэ үзүүлэлт АНУ-ын хувьд хамгийн доогуур – 10%, Бельгийн хувьд хамгийн өндөр – ойролцоогоор 70% байв. Харьцуулахад, 1960 онд энэ нь АНУ-д 5%, Бельгид 40% байжээ.
Дэлхийн эдийн засгийн “зүтгүүр” нь өнөөдөр бие даасан улс биш, харин үндэстэн дамнасан корпорациуд боллоо. Зарим мэдээллээр бол, өнөөдөр тэд дэлхийн аж үйлдвэрийн бараа худалдааны бараг хагасыг, үйлчилгээний хүрээний түргэн өсөн нэмэгдэж буй худалдааны талаас илүүг, үр тарианы экспортын 80 хувийг, дэлхийн технологийн ноу – хаугын зах зээлийг бараг бүхэлд нь хянах болов.
Дэлхийн банк болон “Форчун” сэтгүүлийн эх сурвалжаас үзвэл, олон ҮДК-иудын борлуулалт, санхүүгийн чадавхи эдийн засгийн хувьд хөгжин цэцэглэсэн олон орны ДНБ-ний хэмжээнээс давж гарлаа (хавсралтыг үзнэ үү).
Гадаадын шууд хөрөнгө оруулалт. ҮДК-иудын идэвхжлийн нэг гол үзүүлэлт нь сүүлийн 25-30 жилд нэн хурдацтай өсч буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ юм: 1960-аад онд энэ нь дэлхийн ДНБ-ний өсөлтөөс 2 дахин түргэн нэмэгдэж байсан бол 1980-аад онд 4 дахин түргэн өсчээ. Энэ нь дэлхийн хэмжээнд улам бүр их бүтээгдэхүүн ҮДК-иудын хийсэн гадаадын хөрөнгө оруулалтын үр дүнд үйлдвэрлэгдэж байна гэсэн хэрэг Юм.
Сүүлийн 10 жилд хөрөнгө оруулалтын урсгалын газар зүйн байршил ч хүчтэй өөрчлөгдлөө. Хэрэв 1970-аад онд капиталын урсгал АНУ, Европ, Япон гэсэн эдийн засгийн гурван том төвүүдийн хооронд л оршдог байсан бол сүүлийн арван жилд энэ урсгалд хөгжиж буй орнууд улам идэвхтэй хамрагдах болов (Хүснэгт 2).
Хөрөнгө оруулагчдын хоорондын хүчний харьцаа ч өөрчлөгдлөө. Хэдийгээр энд маргашгүй манлайлагч нь америкийн капитал хэвээр үлдэж байгаа ч 1980-аад онд түүний байр суурийг европын болон японы корпорациуд ихэд бууруулж, 1990-ээд онд Азийн саяхан ядуу байсан бүс нутгийн орнууд нэлээд идэвхтэй хөрөнгө оруулагчид боллоо.
Энд өгөгдсөн тоо баримтуудыг харвал XXI зуунд дэлхийн хэмжээний баялаг болон эрх мэдлийн хуваарилалт эрс өөрчлөгдөнө гэж хэлэх үндэслэл бий.
Үйлдвэрлэлийн глобальчлалын эх сурвалж
Олон улсын тавцанд хүчтэй түрэн орж, ҮДК-иуд энд идэвхтэй тоглогчид нь болсон цаг үе дэлхийн 2-р дайны дараа л тохиосон юм. 1990-ээд оны дундуур дэлхийн хэмжээнд 150000 хилийн чанад дахь салбарыг хянадаг 35000 орчим ҮДК байв.
Дайны дараа ҮДК-иудын тоо эрчимтэй нэмэгдсэн нь дэлхийн эдийн засагт АНУ давамгайлах болсон болон америк долларыг дэлхийн валютын нэгж болгон ашиглах болсон онцгой нөхцөлтэй уялдаатай. Америкийн корпорациудын гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ, үүний дотор бусад орны эдийн засагт оруулсан шууд хөрөнгө оруулалтыг багтаавал 1950-иас 1979 онд 10 дахин нэмэгджээ. Хэдийгээр АНУ дэлхийн эдийн засгийн цорын ганц манлайлагч байхаа больсон ч гэлээ америкийн гадаад хөрөнгө оруулалт арай удаан хурдацтай ч нэмэгдсээр байна.
ҮДК гэсэн үзэгдлийг илүү гүнзгий тайлбарлахын тулд түүнд өсөн нэмэгдэж буй ашгийг хангаж буй, үндэсний хэмжээний пүүсүүд болон улсын үйлдвэрүүдээс ялгагдах түүний давуу талуудыг нээн гаргууштай. Нэгд, дэлхийн зах зээл дэх бараа, үйлчилгээний экспортод саад тотгор учруулдаг худалдааны тариф болон хязгаарлалтын бэрхшээлүүдийг давж гарахын тулд ҮДК-иуд хилийн чанадад өөрийн салбаруудыг нээдэг бөгөөд энэ нь тэдгээрт тээврийн зардлыг хэмнэж, бүтээгдэхүүнийг илүү өрсөлдөх чадвартай болгох боломж бүрдүүлдэг. Хоёрт, хилийн чанадад буюу гурав дахь ертөнцийн орнуудад үйлдвэрлэлийг байршуулснаар ҮДК орон нутгийн ажиллах хүчний давуу тал, хямд түүхий эд, хүрээлэн байгаа орчныг хамгаалах болон хөдөлмөр хамгааллын эрх зүйн хатуу бус орчин болон бусад давуу талуудыг ашиглах боломжтой. Гуравт, ҮДК дэлхийн хэмжээний “дэвшилтэт технологи” болон үйлдвэрлэлийн удирдлагын арга барилыг сайжруулах чиглэлтэй инновацийг эрчимжүүлэгч болов.
Өрнөдийн болон хөгжиж буй орны засгийн газрууд (колоничлалын дараах үед) либерализмын зарчмаар дэлхийн эдийн засгийг нээлттэй болгох үзэл санааг ихэд таашаан хандаж байсан нь ҮДК-иуд түргэн хөгжиж, олшроход түлхэц өгсөн нь гарцаагүй. Шинээр тусгаар тогтносон улсуудын олон удирдагч нийгэм-эдийн засгийн хоцрогдлоо даван туулахын тулд гадаадын капиталд ихээр найдлага тавьж байв. Гэвч энэ чиглэлийн бодлогын үр дүн их л эргэлзээтэй байв.
Үйлдвэрлэлийн глобальчлалын үр дагавар
Орчин үеийн олон улсын харилцааны орчинд ҮДК төрийн үүрэгт хэрхэн нөлөөлж буйг шинжлэхдээ аж үйлдвэржсэн болон хөгжиж буй орнуудын засгийн газруудтай тогтоосон ҮДК-иудын харилцаа эрс ялгаатай байгааг харгалзууштай.
Аж үйлдвэржсэн орнууд өөрийн ҮДК-иудыг идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд эдгээр нь олон улсын эдийн засгийн үйл ажиллагаанаас орох татварын баазыг бүрдүүлэгч болоод зогсохгүй их гүрнүүдийн эдийн засаг, улс төрийн нөлөөллийн хүрээгээ тэлэх гүүр болдог. ҮДК-иуд өөрийн эх оронтойгоо өмчлөлийн харилцааны талд ч, байгууллагын удирдлагын шугамаар ч нягт уялдаатай оршдог.
Глобальчлалын үйл явцад өргөнөөр хамрагдсан хэдий ч олон ҮДК-иуд өөрийн оронд гүнзгий “эх суурьтай” байдаг. Хамгийн томоохон 500 корпорациас дөнгөж 18 нь өөрийн активын ихэнхийг хилийн чанадад байршуулжээ, үлдсэн нь, “Кока-Кола”, “Форд” болон “МакДональдс”-аас эхлээд бүгд л “өөрийн эх орноор” тогтвортой баримжаалсан үйл ажиллагаа явуулдаг. “Кока-Кола” гэхэд өөрийн активын хагасыг АНУ-д байршуулж, борлуулалтынхаа 40 хувийг “өөрийн оронд” гүйцэтгэдэг. “Форд” хэдийгээр “бүх дэлхийн автомашин” зохион бүтээх оролдлогоороо алдаршсан ч өөрийн активын 80 хувийг АНУ-д байршуулжээ. “МакДональдс” корпорацийн сүлжээ хэдийгээр дэлхий даяар тархсан боловч тэд өөрийн борлуулалтын гуравны хоёрыг АНУ-д гүйцэтгэж, энд мөн өөрийн активын хагасыг (1995 оны мэдээгээр) байршуулжээ.
Удирдлагын чиглэлээр ҮДК-иудаас өөрийн засгийн газартай тогтоосон Японы корпорациудын түншлэл нь энд тодорхой жишээ болно. Энэ харилцаа маш нягт учраас Японыг заримдаа “Japan Inc.” гэж нэрлэх нь бий. Европ болон АНУ-д мөн бизнесийн хүрээлэл болон улс төрийн элитийн харьцаа маш нягт юм.
Гэвч ҮДК болон түүний засгийн газрын хооронд зөрчил үүсэх нь цөөнгүй. Хувийн капиталын ашиг сонирхол заримдаа засгийн газрын эдийн засгийн бодлогод хүндрэл учруулаад зогсохгүй, төрийн гадаад бодлогын ашиг сонирхолтой зөрөлдөх нь ч бий. Үүний сонгодог жишээ нь 1980-аад онд Анголын марксист чиг баримжаатай засгийн газартай нягт түншилж, хөрөнгө оруулж байсан АНУ-ын газрын тосны компаниудыг дурдаж болно, харин энэ үед ерөнхийлөгч Рейганы засаг захиргаа Анголын албан ёсны засгийн газрын эсрэг тэмцсэн сөрөг хүчинд дэмжлэг үзүүлж байв.
ҮДК болон хөгжиж буй орнуудын засгийн газруудын хоорондын харилцаа илүү нарийн төвөгтэй юм. Хөгжиж буй орнуудад ҮДК-иуд тэдний эдийн засгийн чадавхийг өрөөсгөлөөр ашиглаж байна гэсэн сөрөг үзэл бодол хүчтэй тархсан. Гэвч асуудалд ингэж хэт нэг талыг барин хандах нь өрөөсгөл юм.
Гадаадын хөрөнгө оруулалтыг өөрийн “нэхэн гүйцэх стратегийн” хүрээнд 1960-80 онуудад зарим улсууд (Япон, Азийн шинээр аж үйлдвэржсэн орнууд, г.м.) үр ашигтай ашиглаж чадсан юм. Зарим орон мөн 1980-аад онд өрийн хүнд дарамтанд нэрвэгдэж байсан ч үндэсний эдийн засгийн хөгжлийн стратегиа амжилттай залруулж чадлаа (энд Бразил, Аргентин болон Латин Америкийн зарим улсыг дурдууштай). Эдийн засгийн глобальчлалын үйл явцтай уялдаатайгаар Азийн болон Сахараас өмнөх Африкийн зарим орон эдийн засаг, улс төрийн нэн хүндрэлтэй байдалд ороод байгаа юм. Дотоодын гүнзгий зөрчил тэмцэл, нийгмийн харилцааны бүх талуудыг зохицуулагч төрийн аппарат коррупци болон бусад хямралд автсан зэрэг нь олон улсын эдийн засгийн интеграцийн давуу талыг’ ашиглах боломжийг бүрэн алдагдуулжээ. Эдгээр орон олон улсын капиталаас бүрэн хамаарах болж, цаашдаа энэ хандлага улам ч дордох байдалтай болжээ.
Үйлдвэрлэл глобальчлагдаж байгаагийн нэгэн үр дагавар нь олон улсын хэмжээний корпорациуд хоорондын альянс (хоёр буюу түүнээс олон корпораци ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэглэл) гарч ирэн, тоо нь улам олширч байгаа явдал юм.
Тухайлбал, 1980-аад онд “General Motors ”, ба “Тоуota хоорондын альянс байгуулагдсан бөгөөд энд “Тоуоta” АНУ-д машин үйлдвэрлэж, “CМ” түүнийг нь борлуулах үүрэг хүлээжээ. Түншлэгч талуудад энэ нь ямар ашигтай байв? Шинэ зах зээл шаардлагатай байсан “Тоуо1а” энэ аргаар бусад автомашин үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахаж, харин америкийн корпорацийн хувьд уян хатан байдлаараа алдартай японы технологи, удирдлагын болон үйлдвэрлэлийн арга барилыг эзэмших боломж бүрдүүлжээ. 1990-ээд онд томоохон компаниуд хоорондоо нэгдэх болон нөгөөдөө уусах үйл явц улам ч өргөн хүрээнд хурдацтай өрнөх болов.
Энэ төрлийн олон ҮДК-ийг багтаасан стратегийн альянс нь өөрийн “сүлжээний” бүтцийн ачаар тэднийг засгийн газрууд болон засгийн газар хоорондын байгууллагаас хянахад улам хүнд болжээ.
Өнгөрөн одож буй XX зууныг үнэлбэл төр улсын тусгаар тогтнолыг халдашгүй үнэт зүйл болгосон орчин үеийн рационал олон улсын харилцаанаас тодорхой бус байдал давамгайлсан олон түвшин бүхий гетероген бүтэцтэй олон улсын харилцаанд очих шилжилтийн үе байсан гэж болно. Энэ өөрчлөлтүүд нь олон талаар глобальчлалын нөлөөн дор явагдаж байна. Олон улсын тавцанд хүчний тэнцвэр тогтох явцад үндэстэн дамнасан капитал улам бүр чухал нөлөөлөгчийн үүрэгтэй оролцох боллоо. Түүний нөлөөлөл улам бүр өсч, энэхүү шинээр бүрэлдэн тогтож буй орчин Рах Есоnomicana [3]гэж нэрлэгдэх боллоо.
Глобальчлалын үйл явцын цаашдын өрнөл, энд юуны өмнө эдийн засгийн өөрчлөлтүүд дэлхийн улс төрийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх нь өнөөдөр бүрхэг хэвээр байна.
Глобальчлалын хөгжил олон маргаантай талыг дагуулдаг. Хэлцэгдэж буй асуудлуудын нэг нь энэ шинэ орчинд тусгаар улсууд ямар байр суурь эзлэх тухай юм.
Судлаачдын олонхийн үзэж буйгаар эдийн засгийн глобальчлал үндэсний эдийн засаг түүний зүгээр л нэгэн хавсарга хэсэг болох хүртэл өргөжихгүй ажээ. Төр улс дэлхийн эдийн засаг, улс төрийн харилцааны чухал ач холбогдолтой субъект хэвээр үлдэх нь ойлгомжтой. ҮДК-иудын бүтцэд түүний “эх орон” дахь капитал, борлуулалт чухал (зарим судлаачдын үздэгээр үндсэн үүрэгтэй) үүрэгтэй хэвээр байгаа. Үүний үр дүнд улс ҮДК-ийн тоо өсч буйгаас үл хамаарч дэлхийн эдийн засгийг зохицуулах чадвараа хадгалсан хэвээр байна. Мөн үүний хамт ҮДК-иудад хандсан төрийн хяналт дэлхийн эдийн засгийн тогтЕортой байдлыг хангахад чухал учраас улс орнуудын энэ чармайлтыг нэгтгэх объектив шаардлага байгаа юм. Зөвхөн дайны дараах хорин жилд байсан шиг засгийн газар хоорондын байгууллага л олон улсын эдийн засгийн хямралыг амжилттай даван туулах болон либерализмын зарчимд үндэслэсэн глобаль эдийн засгийн дэг журмыг тогтоох боломж бүрдүүлнэ [4] гэж зарим судлаачид үздэг.
ҮДК мэдээж хэрэг, өөрийн “эх оронтой” нягт уялдаатай, гэвч сүүлийн арван жилд тэдний капитал нэг л үндэстнийх байхаа болилоо. Янз бүрийн оронд томоохон үйпдвэрлэл эхлэн явуулах, хөрөнгө оруулалтыг жолоодох, шинэ технологи хөгжүүлэх болон ноу-хау эрчимтэй нэвтрүүлэх олон улсын капиталын чадвар нь тэднийг дэлхийн тавцан дээр маш нөлөөтэй тоглогчид болгон хувиргалаа. Үүний бодит үр дагавар нь дэлхийн улс төрийн “тоглоомын дүрэм” өөрчлөгдсөн явдал юм. Хэрэв арав, хорин жилийн өмнө улс орнууд өөрийн хил хязгаарын хүрээнд (эсхүл бүс нутгийн эдийн засгийн бүлэглэл дотор) хүчтэй эдийн засгийг бий болгохоор өрсөлддөг байсан бол өнөөдөр өөрийн ашиг сонирхлыг эрхэмлэдэг томоохон корпорациудтай дэлхийн зах зээлийн төлөө өрсөлдөх боллоо. Дэлхий дахины нөөц баялгийн ихэнхийг хянадаг томоохон корпорациуд олон улсын эдийн засгийн талбарт нэгэнт үндсэн үйлдвэрлэгчид [5]болжээ.
Ашигласан эх сурвалж
[1] Эдгээр баримтуудыг Pearson F.S ..,international Relations ;the global condition in the twenty-first century N.Y .., 1997 ;Lairson Th,D.., Skidmore D.International Political Economy ;The struggle for power and wealth N..Y .., 1997 номнуудаас
[2] 33 Мовсесян А., Огнивцев С. Транснациональный капитал и национальные государства // МЭиМО. 1991в №6. С.58.
[3] Неклесса А. Конец цивилизаций, или Конфликт истории // МЭиМО.1999. №3. С.
[4] Кapstain E. We are US;the myth of the Multinational // The national interst Winter.1991/1992.P.164.
[5] Stopford J.., Strange S.., Rival States ,Rival Firms ;Competition for World Market S`ares .Cambridge.1996 P.85.