Эдда Мюллер[1]
Шинэ толь №35, 2001
Түлхүүр үг: Хэрэглэгчийг хамгаалах бодлого, Эрх ашиг, Улс төрийн үйл явц, Институционал шинэчлэл, Эдийн засгийн тогтолцоо, Худалдааны харилцаа холбоо
Оршил
1906 онд АНУ-д шинэ үеийн борлуулалтын хүрээний анхны том хямрал мах, махан бүтээгдэхүүн дээр гарсан байна. Хэдхэн хоногийн дотор борлуулалт 50 хувиар буурчээ. Түүний эхлэлийг Аптон Синклэр хэмээх зохиогчийн бичсэн “Тбе 0ипд1е” ном тавьжээ. Тэрээр Чикагогийн мах боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдлыг эрс шүүмжилжээ. 19 дүгээр зууны эцэс, 20 дугаар зууны эхэнд Чикагогийн мах боловсруулах үйлдвэрүүд тэвчишгүй байдалтай байжээ: үйлдвэрүүдэд “хархнууд үй олноороо үржсэн, ажилчид нь хортой талхаар тэдний эсрэг тэмцэж байв. Талх болон харх махны хольц болон алга болох тохиолдол цөөнгүй гардаг, үе үе зарим нэгэн ажилчин ч ийнхүү өөрийн эрхгүй энэ зорилгоор ашиглагдах тохиолдол гардаг байжээ”[1]. Тиймээс АНУ-д бүр 1890 онд “Цэвэр хүнс болон эмийн тухай хууль” батлахыг анх удаа оролджээ. Энэхүү хууль нь түүний дараах хоёр удаагийн оролдлогын хамт мах боловсруулалт эрхлэгчид болон тэдний лоббигийн эсэргүүцэлтэй тулгаран нурсан байна. 1906 онд л хэрэглэгчийн хүчтэй оролцоотойгоор хямрал тулж ирснийг далимдуулан уг хуулийг баталж чаджээ.
2001 оны үйл явц дээрхтэй гайхалтай бөгөөд цочирдом төстэй юм. Энэ удаад ч гэсэн махны зах зээл дээрх борлуулалтын хүчтэй хямрал хэрэглэгчийн талаарх бодлогыг хөдөлгөөнд оруулжээ. 2001 оны 1 дүгээр сард Холбооны Канцлер Шрёдэр хэрэглэгчийн талаарх бодлогод өөрчлөлт оруулахаа зарлав. Хэрэглэгчийг хамгаалах асуудал хэтдээ улс төрийн хувьд эн түрүүнд тавигдах болжээ. Үүний хамт тэрээр уг бодлогод шинэ нэр, хаяг өгчээ. Тэрээр Ногоон намйн улс төрч Ренате Кюнастыг “хэрэглэгчийн сайд”-аар томилсон юм. Тэрээр Холбооны Хэрэглэгчийн хамгаалал, хүнс ба хөдөө аж ахуйн яам нэртэйгээр 2001 оны 1 дүгээр сард хуучин Холбооны Хүнс, хөдөө аж ахуй, ойн яамыг хүлээн авчээ. Тус яаманд урьд нь Холбооны эрүүл мэндийн яаманд хамаарч байсан хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг хариуцуулжээ. Өмнө нь Холбооны Засгийн газрын хүрээнд хэрэглэгчийн талаарх бодлогыг хариуцаж байсан Холбооны Эдийн засаг, технологийн яамны бүтцээс хэрэглэгчийн хамгааллын эдийн засгийн асуудал болон Холбооны түвшинд хэрэглэгчийн эрх ашгийг илэрхийлдэг байгууллагуудыг хариуцаж байсан нэгжийг салгаж шинэ яаманд шилжүүлжээ.
Ийнхүү гэнэт хүчтэй тавигдах болсон хэрэглэгчийн хамгааллын асуудал нь хэсэгхэн зуур сүрэл шиг шатаад эцэст нь сүүлийн хэдэн арван жил Үнсгэлжингийн байдалтай байсан хэрэглэгчийн талаарх бодлоготой ижил болох асуудал биш бизээ? Ийм байдал гарахгүй буйз аа. Махны зах зээлийн хямрал дээр бид өнөөг хүртэл явуулж ирсэн хөдөө аж ахуйн талаарх бодлогын алдаа эндэгдлийг харж байна. Няхуур бус, өрөөсгөл хандлага нь хүнсний үйлдвэрлэлд дээд зэргийн хөдөлмөрийн хуваарь нэвтрүүлэх, аль болох өндөр ашиг олох гэсэн эдийн засгийн зарчмыг болон зах зээлийг тэлэх, дэлхий дээрх өрсөлдөөнийг давахад чиглэсэн бодлогыг зохицуулан хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг. Эдийн засгийн түр зуурын ашиг сонирхолд хөтлөгдөн зөвхөн эдийн засгийн рационал байдлыг иш үндэс болгосон зорилтуудыг дэвшүүлсэн бодлого нь өөрийнхөө чиг үүргийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл өнөөгийн болон хойч үеийн ашиг сонирхлын үүднээс эрх ашгийн тэнцвэрийг шударга арга замаар тогтоох чадваргүй байдаг.
Сүүлийн дөчөөд жилд явуулсан “Европын хөдөө аж ахуйн хамтарсан бодлого” үүний сөрөг жишээ болж чадахгүй юм. Зарим үед Европын хамтын нийгэмлэгийн нийт төсвийн 85 хүртэлх хувийг залгиж байсан ихээхэн хэмжээний татаас, импортын татвар болон хязгаарлалтууд нь нэг талаас Европын хөдөө аж ахуйг дэлхийн өрсөлдөөнөөс хамгаалах, нөгөө талаас үр ашгийнх нь хувьд олон улсын өрсөлдөөн даах чадвартай болгох ёстой байжээ. Герман улсаар гаргуулахыг хүсч байсан энэхүү урт хугацааны татаас нь Европын хөдөө аж ахуйн бүтцийг өөрчилж, түүнийх нь үр дүнд олон тооны тариачны аж ахуй сүйрэхэд хүргэж, хөдөө аж ахуйд ажпын байр устгаснаас гадна хөдөө нутгийг ядууруулж байгаль орчинд сөргөөр нөлөөлжээ.
Мал амьтныг ашиглахдаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ болон хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах асуудлыг орхигдуулж байв. Энэхүү устгаж үгүй хийсэн, үрэлгэн бөгөөд зүй зохисгүй бодлогыг хэрэглэгчид эсэргүүцэлгүй түүнийг хэрэгжүүлэх үйл явцад оролцсоор байлаа. Тэд хямд хүнсний бүтээгдэхүүнийг дуртайяа хэрэглэн хямд ч гэсэн чанар сайтай, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хэмээн итгэсээр ирэв. Энэхүү эндүүрэл одоо үндсээрээ үгүй болжээ. Шинэ итгэл найдварыг гагцхүү шинэ бодлогоор л төрүүлж чадна.
Хөдөө аж ахуйн бодлогод төдийгүй тухайлбал эдийн засаг, тээвэр, хэвлэл мэдээлэл, боловсрол болон судалгааны талаарх бодлого зэрэг хэрэглэгчтэй холбоотой чухал асуудалд өөрчлөлт оруулж чадах хүчтэй шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн үйл явцад хэрэглэгчийн эрх ашгийг тууштай илэрхийлж чадах бие даасан этгээд шаардагдаж байна. Иймд зохиогчийн зүгээс дараах санал дэвшүүлж байна: Дэлхий нийтээр өөрчлөгдсөн нөхцөл байдлыг харгалзан хэрэглэгчийн талаарх бодлогыг улс төрийн бие даасан салбар болгон хөгжүүлэх цаг хугацаа хэдийнээ болсон төдийгүй боломж нь ч бүрдээд байна. Үүнийг чухам бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн орчин үеийн хэрэглэгчийн талаарх бодлого ямар үндсэн чиглэлтэй байхыг 3 дугаар хэсэгт авч үзэх болно.
Хэрэглэгчийг хамгаалах бодпогод онолын үндэс болон эрх хэмжээ дутагдаж буй нь
“Орчин үеийн улс төрийн тогтолцооны (улс төрийн) хамгийн чухал зорилт нийгмийн нөөц баялгийг ашиглан хувь хүний болон зах зээлийн үйл ажиллагаа эсхүл сайн дурын хөдөлмөрийн хоршилтын үндсэн дээр шийдвэрлэж чадахгүй зорилтуудыг хөтөлбөрийн хэмжээнд дэвшүүлэн шийдвэрлэхэд оршдог”. Эл тодорхойлолт ёсоор хэрэглэгч эрх ашгаа дан ганц иерийн үйл ажиллагаагаар үр дүнтэй хамгаалж чадахгүй; зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн механизм хэрэглэгчийн эрх ашгийг хангалттай хамгаалж чадахгүй эсхүл улс төрийн бодлого болон төрөөс ангид хоршооллын хэлбэрүүдээр хэрэглэгчийг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлж чадахгүй болвол хэрэглэгчийг хамгаалсан бодлого шаардлагатай болдог.
Түүхийг сөхөвөөс
Хоршооллын сайн дурын хэлбэр болох хэрэглээний нөхөрлөлүүд хэрэглэгчийн үүсгэл санаачлагын хөдөлгөөний эхлэлийг тавьжээ. Эдгээр нь Германд анх 19, 20 дугаар зууны зааг дээр ажилчин өрхүүдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал дорой байсантай холбогдон гарч иржээ. Худалдан авах хэмжээнээс хамаарах хөнгөлөлт болон үйлдвэрлэлийн доогуур зардлын үндсэн дээр хэрэглээний хоршоод нь гишүүддээ хямд үнийг санал болгож байв. Хадгаламжийн хүү болон урамшуулал нь хэрэглэгчийн сайн дураараа хорших материаллаг сонирхпыг нэмэгдүүлж байв. Дэлхийн II дайны дараа хэрэглээний хоршоод мөхөж ирсэнийг ажилчдын эдийн засгийн байдал сайжирсан, түүнчлэн гишүүдэд үзүүлэх урамшууллын хэмжээг 3 хувиас хэтрүүлэхгүй байхаар, мөн нөхөрлөлд оруулсан хувь хөрөнгөнд нь хатуу тогтоосон хүү олгохыг хориглосон Хөнгөлөлтийн тухай хууль 1954 онд батлагдсанаар тайлбарлана. Ийнхүү материаллаг урамшууллыг үгүй болгосноор хэрэглэгчийн өөрөө өөртөө туслах чиглэлийн түүхэнд гарсан зохион байгуулалтын анхны амжилттай оролдлого дуусжээ.
Дэлхийн II дайны дараа шинээр эмхпэн байгуулагдсан германы хэрэглэгчийн хөдөлгөөний гол бүрэлдэхүүн хэсэг нь зах зээлийн эдийн засаг ба ардчиллын тухай онолын үүднээс хэрэглэгчдийг бие даасан, мэдээлэл сайтай хүчин болгож зах зээлийн үйл явцад оролцуулах явдал байжээ. Энэхүү үйл явцын оюун санааны удирдагч нь нийгэм судлаач Герхард Вайсэр байв. Тэрээр хэрэглэгчийн өөрөө өөртөө туслах хүчийг нэмэгдүүлж зах зээл дээр хүчтэй сөрег хүчин болгон бэхжүүлэхийг эрмэлзэж байжээ. Үүний тулд эн түрүүнд нийлүүлэгчээс хараат бус мэдээлэл түгээх, хэрэглэгчийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, түүнд зөвлөгөө өгөх шаардлагатай байв. Хэрэглэгчид мэдээлэл хүргэх, зөвлөгөө өгөх ажлыг эхпээд гэрийн ажилтай эмэгтэйчүүдийн холбоод хийж эхэлжээ. 1953 онд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоодын зөвлөл (ХЭАХХЗ) байгуулагдсан байна. Уг зөвлөлд, тухайлбал Германы Хэрэглээний хоршоодын төв холбоо, Германы гэрийн ажилтай эмэгтэйчүүдийн холбоо, Эмэгтэйчүүдийн нэгдэл, түүнчлэн орон нутгийн хэрэглэгчийн холбоод зэрэг хэрэглэгчийн эрх ашгийн төлөөх байгууллагууд эвлэлдэн нэгджээ. Удалгүй түүнд Германы түрээслэгчдийн холбоо зэрэг хэд хэдэн нийгэм эдийн засгийн чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага нэгдэн орсон байна. Удаах жилүүдэд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах муж улсын салбар зөвлөлүүд байгуулагдсанаар тус ХЭАХХЗ-ийн үйл ажиллагааны хүрээ тэлжээ. 1961 онд тухайн үед байсан бүх 11 муж улсад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төвүүд бий болов. Ийнхүү чармайхдаа хэрэглэгчид ойр зөвлөгөө өгөх төвүүдийн сүлжээг байгуулахыг гол болгож байв. Бүр 1956 оноос эхпэн ХЭАХХЗ нь хэрэглэгчийн зах зээлийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх үүднээс барааны шалгалт хийхээр төлөвлөж байв.
ХЭАХХЗ нь байгуулагдсан цагаасаа эхлэн улс төрийн нөлөө үзүүлэх, өөрөөр хэлбэл улс төрийн лобби үйл ажиллагаа явуулахыг зорьж байлаа. Хэрэглэгчийн эрх ашгийн төлөөллийг дээшлүүлэх, хүчээ нэгтгэх үүднээс 1971 онд ХЭАХХЗ-ийг шинэчлэх анхны алхмыг хийжээ. Муж улсуудын 11 хэрэглэгчийн төв, Өрхийн аж ахуйн нийгэмлэг, Холбооны эдийн засгийн гэгээрлийн холбоо болон ХЭАХХЗ-ийн гишүүн байгууллагууд ХЭАХХЗ-д эвлэлдэн нэгджээ. (1990 онд эдгээр дээр шинэ муж улсуудын шинээр үүссэн хэрэглэгчийн байгууллагууд нэмэгджээ). ХЭАХХЗ-ийн 1970-аад он хүртэлх улс төрийн үйл ажиллагааны гол зорилго өрсөлдөөний хязгаарлалтыг арилгах, хэрэглэгчийг шударга бус өрсөлдөөн болон ташаа зар сурталчилгаанаас хамгаалах, тэмдэг бүхий барааны үнийг хөдөлгөөнтэй болгох болон үнийн өсөлтөөс сэргийлэхэд оршиж байв. Тухайлбал 1959 онд ХЭАХХЗ -ийн зүгээс малын тэжээлийн үнийг бууруулах, цөцгийн тосыг гаалийн татвараас чөлөөлөх, бяслагны гаалийн татварыг бууруулах замаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх шаардлагыг Холбооны засгийн газарт тавьжээ. Монополийн эсрэг хууль (1957, 1973 оны), хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоодын өрсөлдөөний шударга бус аргуудын талаар гомдол гаргах эрхийн акт (1965), үнийг мэдээлж байх журам (1973) зэрэг нь ХЭАХХЗ -ийн идэвхитэй оролцоотойгоор гарчээ.
1970-аад оны эцсээс хэрэглэгчийг хамгаалах байгууллагууд улс төрийн лобби үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлжээ. Тэд байгаль орчныг хамгаалах бодлогод оролцдог, амьдрах орчин, эрчим хүчний хэрэглээ зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг болж, мэдээллийн технологийн шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг болов.
2000 онд Холбооны улсын түвшинд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагын хүрээнд хоёр дахь шинэчлэл хийгджээ. Хүчээ нэгтгэх, холбооны ажпыг сайжруулах үүднээс хэрэглэгчийн төвүүд болон хэрэглэГчййн холбоодыг нэгтгэсэн бөгөөд түүнд өнөөг хүртэл ХЭАХХЗ нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж ирсэн холбоо, түүнчлэн эрх зүйн хамтын хамгааллыг хэрэгжүүлж байсан Хэрэглэгчийг хамгаалах холбоо болон зөвлөхүүдийг бэлтгэх, хэрэглэгчийн боловсролд зориулсан сургалтын материал боловсруулах ажпыг хариуцдаг Хэрэглэгчийн хүрээлэн багтжээ.
Хэрэглэгчийн талаарх бодлогод онолын үндэслэл, эрх хэмжээ дутагдаж буй нь
Хэрэглэгчийн эрх ашгийг төлөөлөх байгууллагуудын идэвхжиж буй улс төрийн үйл ажиллагаа болон зорилтоо хэрэгжүүлэх тэдний бодит боломж, нөхцөл байдлын хооронд гарсан зааг нь шинэчлэл хийхэд хүргэсэн юм. Зорилтоо хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл хүндрэл нь хэрэглэгчийн эрх ашгийг зохион байгуулалттайгаар хамгаалахад онолын үндэслэл болон эрх хэмжээ дутагдаж буйн илрэл юм. Онолын үндэслэл дутмаг гэдгийг хэрэглэгчийн өөрөө өөртөө туслах болон мэдлэг боловсролоо дээшлүүлэх замаар үйлдвэрлэгчтэй эн зэрэгцэхүйцээр эрх ашгаа илэрхийлэх чадвартай холбоотой үүрэг зорилтыг улс төрийн хүрээнд дэвшүүлэн тавьдаг зорилтоос ялгаж салгахгүй байна хэмээн ойлгож болно. Зөвхөн улс төрийн үйл явц, ашиг сонирхлын өрсөлдөөнөөр улс төрийн арга замаар шалгаран, хэрэгжих ёстойгоо хүлээн зөвшөөрүүлж чадсан нь улс төрийн хүрээний зорилт болдог.
Хэрэглэгч нэг бүрийн хувийн болон хэрэглэгчдийн нийтлэг ашиг сонирхол хоорондоо зөрүүтэй байхаас гадна зөрчилдөх ч тохиолдол их гардгаас эрх хэмжээ дутагддаг. Сая сая хэрэглэгч хэрэгцээгээ богино хугацаанд хангахыг сонирхдог хэдий ч зохион байгуулалтанд орж хувийн хэрэглээнийхээ зуршил хандлагыг нийтээр хамгаалуулах эрх ашгийн хүрээнд оруулахыг сонирхдоггүй. Энэхүү зохион байгуулалтанд орох хойрго хандлага нь хэрэглэгчийн зах зээлтэй холбоотой нийтлэг сонирхол болон зах зээлийн гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлэх бодлоготой зөрчилддөг. Хэрэглэгчийп хамгийн хүчирхэг зэвсгийг буюу тодорхой бүтээгдэхүүниг хэрэглэх худалдан авахаас татгалзах байдлыг идэвхижүүлж чадахуйц хэмжээний өргөн цар хүрээ бүхий аюул осол, хямрал гарвал уг зөрчил аяндаа шийдвэрлэгддэг болохыг, тухайлбал сүүлийн үед малын галзуу өвчин болон шүлхийтэй хийж буй тэмцэл харуулж байна. Онолын үндэслэл болон эрх мэдлийн дутагдал ижил шалтгаантай болохыг знд харуулахыг оролдов.
Хэрэглэгчийн талаарх бодлогын чанарын асуудлуудыг авч үзсэн гол бүтээлдээ хэрэглээний бодлогын хүрээнд өнөөг хүртэл дэвшүүлж ирсэн зорилтууд нь гагцхүү өрсөлдөөний системийг боловсронгуй болгоход чиглэж байсныг Кулманн тэмдэглэжээ. Эл гол зорилтонд хэрэглэгчийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, түүнчлэн хэрэглэгчийг хамгаалах дэд зорилтууд захирагддаг. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд энэхүү эхний дэд зорилтыг хэрэгжүүлэхийг чухалчилдаг хандлага ажиглагддаг. Хэрэглэгчийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх замаар эл зорилтыг хэрэгжүүлэхийг оролддог. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд тодорхой бодлого шаардлагатай болдог. Энд эгзэгтэй байдал үүсдэг: нэг талаас гишүүдийнх нь татвар хүрэлцэхүйц байж чаддаггүйгээс төрийн зүгээс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, явуулах бодлогын тусламжгүйгээр тэд энэхүү зорилтоо дан ганц байгууллагынхаа хүчээр хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Нөгөөтэйгүүр, улс төрийн лобби хийх үүргээ хэрэглэгчийнхээ эрх ашгийг төлөөлөх эрхээсээ ургуулан гаргадаг.
Хоёрдахь дэд зорилт буюу “хэрэглэгчийн хамгаалал” нь улс төрийн хувьд хэрэглэгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх замаар шийдвэрлэж чадаагүй хэрэглэгч болон нийлүүлэгчийн үйл байдлыг зохицуулахад чиглэсэн арга хэмжээг багтаадаг. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд ийнхүү дахин эгзэгтэй байдалд ордог: тэдгээр нь хэрэглэгч нь үйлдвэрлэгчийн ашиг сонирхлыг зөв чиглүүлж чадахуйц хэмжээний мэдлэг боловсролтой болоогүй нөхцөлд улс төрийг өрсөлдөөний үйл явцад оролцуулахыг шаарддаг. Хэрэглэгчийн шүүмжлэлд аль болох бага өртөхийн тулд тэдгээр нь хэрэглэгчийн үйл байдлыг зохицуулахад чиглэсэн татвар, хураамж зэрэг хэлбэрийн арга хэмжээний оронд үйлдвэрлэгчийн үйл байдлыг зохицуулах арга хэмжээг илүүтэйд үзэх болдог. Ийнхүү хандсанаар хэрэглэгчийн зохион байгуупалттай хамгаалал нь төр хийгээд үндэсний хэмжээний бодлогоор өрсөлдөөний үндсэн зорилтуудыг зах зээлийн нийлүүлэгч талаас хараат бусаар хэрэгжүүлж чадахгүй болсон нөхцөлд улс төрийн бодлоготнуудыг хүндрэлд оруулдаг.
70-аад онд шинжлэх ухаанд төдийгүй улс төрд хэрэглэгчийн хамгааллын асуудлын онолын уламжлалт суурь үндсийг залруулах оролдлого хийж байжээ. 1975 онд нийтлүулсэн “Хэрэглэгчийн эрх ашиг ба хэрэглэгчийн талаарх бодлого” бүтээлдээ Шерхорн хэрэглэгчийн талаарх бодлогыг өрсөлдөөний бодлоготой дэвшүүлж буй зорилтынх нь хувьд адилтган үзэх үндэсгүйг тэмдэглэжээ. “Өрсөлдөөний бодлого нь хэрэглээг бус харин өрсөлдөөнийг чөлөөтэй болгоход чиглэгддэг…. Тэрээр хэрэглэгчийг нийлүүлэгчийн эрхшээлээс хамгаалах бус харин өрсөлдөгчдийг хамгаалахыг чухалчилдаг…. Хэрэглэгчийг хамгаалах бодлого ба өрсөлдөөний бодлогын зорилтууд хоорондоо эхнийх нь хэрэглэгчийн эрх ашгийг илэрхийлэх, хоёрдахь нь нийлүүлэгчдийн өрсөлдөөнийг дэмжихийг эрмэлздэгээрээ ялгаатай”.
Хэрэглэгчийг хамгаалах бодлогыг зонхилж байсан эдийн засгийн онолуудаас хөндийрүүлэхийн төлөө 70-аад онд ихээхэн идэвхи чармайлт гаргасан хүний нэг нь Германы социал демократ намын спикер Анкэ Мартини юм. 1978 онд тэрээр энэхүү сэтгүүлд хэрэглэгчийг хамгаалах бодлогын онолын үндэслэл сул байгааг асуудал болгон дэвшүүлж байжээ. Түүний хийсэн судалгаа өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Улс төрийн хүрээнд баримтлагддаг эдийн засгийн онолд нийлүүлэгч талыг баримжаалсан байдаг хэмээн тэрээр хэлжээ. Их, дээд сургуулиудад заадаг эдийн засгийн онол нь капитал болон үйлдвэрлэгчийн талыг, түүнчлэн үйлдвэрчний байгууллагын баримталдаг онол ажлын байр ба үйлдвэрлэлийг баримталсан байдаг. Хэрэглэгчийн хамгаалал нь өөрийгөө болохоо больсон зүйлийн араас хөөцөлдөж явдаг засварын газар хэмээн ойлгож байв. Түүний хийсэн улс төрийн дүгнэлт ч гэсэн орчин үед ач холбогдлоо алдаагүй билээ: “өөрийгөө нийгмийн баримжаатай хэмээн нэрлэдэг зах зээлийн эдийн засаг нь зах зээл дээрх өөрөөсөө сул түншээ илүү харгалзан үзэхийг шаарддаг байх ёстой. .. Хэрэглэгчийн байр суурийг бэхжүүлэхийн тулд төр оролцох шаардлагатай, учир нь тэрээр социал төрийг бий болгох үүргийг хүлээдэг”.
Улс төрийн маргаан мэтгэлцээний хүрээнд эл асуудлыг ихээхэн чухалчлан авч үздэг байснаас 70-аад оныг хэрэглэгчийг хамгаалах бодлогын мандан бадралын үе гэж хэлж болно. Уг асуудал эдийн засгийн бодлогын бие даасан бүрэлдэхүүн хэсэг болж хөгжиж чадсан бөгөөд судалгаа болон сургалтанд тусгалаа олсон билээ. 1971 онд Холбооны засгийн газраас анх удаа хэрэглэгчийг хамгаалах бодлогын талаар тайлан гаргасан бөгөөд түүнд нь:”Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоодын нөлөө сонирхпын бүлгүүдийн дотор хангалттай бус байна” хэмээн дүгнэжээ. Хэрэглэгчийг хамгаалах бодлогын талаарх хоёр дахь тайлангийнхаа хүрээнд Холбооны засгийн газраас 1975 онд анх удаа хэрэглэгчийг хамгаалах хөтөлбөр боловсруулсан бөгөөд өнөөг хүртэл ийм баримт бичиг дахин гараагүй болно. Мөн онд Европын холбооны Сайд нарын зөвлөлөөс “Хэрэглэгчийг хамгаалах болон сургах бодлогын Европын холбооны анхны хөтөлбөрийг” батлан гаргажээ. Түүнд хэрэглэгчийн үндсэн таван эрхийг томъёолсон баримт бичиг багтдаг: эдгээрт хэрэглэгчийн эрүүл мэнд аюулгүй байдлаа хамгаалуулах; эдийн засгийн эрх ашгаа хамгаалуулах; хүлээсэн хохирлоо төлүүлэх; мэдээлэл авах ба мэдлэгээ дээшлүүлэх ба төлөөлүүлэх эрх багтана.
Европын холбооны хүрээнд өрнөж буй үйл явцтай харьцуулахад Германд хэрэгжүүлж буй улс төрийн хөтөлбөр нь хэрэглэгчийг хамгаалах бодлого бие даасан институттай болоход хүргэж чадаагүй бөгөөд ингэснээр дараагийн жилүүдэд нь хэрэглэгчтэй холбоотой асуудал анхаарлын гадна үлдэж байхад улс төрийн хариу арга хэмжээ авч чадаагүй байна. Хэрэглэгчийг хамгаалах бодлого 2001 оны 1 дүгээр сар хүртэл бүтцийн хувьд Эдийн засаг – өрсөлдөөний бодлогын бүрэлдэхүүн хэсэг байсан учраас Холбооны засгийн газрын хүрээнд Холбооны эдийн засгийн яаманд харъяалагдаж байв. Германы Бундестагийн дотоод зохион байгуулалтаас хамааран эл асуудлыг Эдийн засгийн байнгын хороонд хариуцуулсан.
Ийнхүү эл асуудал хөтөлбөр, улс төрийн байр суурь болон хариуцлагын хувьд тухай бүр давамгайлах эдийн засгийн бодлогоос хамаарах болсон. Түүнийг нь 1980-аад оноос эхлэн өрсөлдөөн тодорхойлж байв. Өрсөлдөөний эл загвар нь тухайлбал эрчим хүчний зах зээл болон шуудан, төмөр зам ба харилцаа холбооны салбар зэрэг нийтийн үйлчилгээний хүрээнд зохицуулалтыг багасгах, либералчлахад чиглэгдэж байв.
Төдийлөн удалгуй эдгээр либералчлах зорилтыг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаанд мөн хамруулах болжээ. Нийгмийн янз бүрийн ашиг сонирхлын хоорондын харилцаанд тэнцвэр тогтоох хариуцлагыг улс төрчид үүрэх тухай 1971 онд яригдаж байсан байр суурь дурсагдахаа больжээ. Тиймээс ч хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд бусдын адил оршин тогтнох эх үүсвэрээ өөрсдөө олох шаардлагатай болсон. Үүнтэй уялдан хэрэглэгчтэй холбоотой үйл ажиллагаанд төрөөс үзүүлдэг санхүүгийн дэмжлэг буурч 1998 онд ХЭАХХЗ-ийн орон тоог 1/3- ээр хорогдуулан 32 хүнтэй болгожээ. 1996 – 1999 онд Хэрэглэгчид зориулсан төвүүдийн дэргэдзх 42 орон нутгийн зөвлөгөө өгөх газрыг татан буулгажээ. Ингэснээр тэдний тоо 239 болтлоо буурчээ. Хэрэглэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудын өөрийн үйл ажиллагаагаар олсон орлого санхүүжилтийнх нь гол эх үүсвэр болдог. “Кассанд мөнгө оруулдаг” үйл ажиллагаа болон нийгмийн бүлгүүдэд гол анхаарлаа хандуулснаар үндсэн зорилт, ялангуяа “эдийн засгийн хувьд доройтох хандлагатай иргэнийг” хамгаалах зорилттойгоо улам бүр зөрчилд ордог. Аливаа тоо баримтаас илүү Холбооны эдийн засгийн сайд Мюллерын 2001 онд Барааны хяналт шалгалтын сан хэмээх байгууллагад олгодог татаасыг бууруулах шийдвэртээ Холбооны засгийн газраас өгсөн үндэслэл нь явуулж буй бодлогынх нь мөн чанарыг илтгэн харуулж байгаа юм. Тэрээр: “Барааны хяналт шалгалтын сан нь төсвөөс олгодог татаасын бууралтыг үйлдвэрлэгчээс тус байгууллагын сонинд нийтлүүлэх зар мэдээний хураамжаас нөхөн авч болно шүү дээ” хэмээн хэлжээ.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах бодлогод сүүлийн үед өөрчлөлт орж байна. Шинэ маягийн, “орчин үеийн” хэрэглэгчийг хамгаалах бодлогын үндсэн чиглэл болон амжилтанд хүрэх нөхцлийн талаар дор авч үзэх болно. Энд тэгэхлээр улс төрийн нэгэн шинэ салбар, өөрөөр хэлбэл цогц хөтөлбөрийн хүрээнд багтсан үндсэн чиглэл, зорилтууд болон улс төрийн энэхүү салбарын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалтын бүтэц зэрэг асуудлыг авч үзэх болно.
Орчин үеийн хэрэглэгчийг хамгаалах бодлогын үндсэн чиглэл ба улс төрийн нэгэн шинэ салбарыг бий болгох асуудал
Онолын “үндэс”
Орчин үеийн хэрэглэгчийг хамгаалах бодлого нь өөрийн гэсэн “зах зээлээр зохицуулагддаг буюу/эсхүл технологийн үйл явцын дотоод хөгжил хөдөлгөөнийг хянах, залах эсхүл зогсооход чиглэгдсэн онолын үндэс болон зорилтуудын цогцыг бий болгох ёстой”. Тэрээр цаашид өөрийгөө зөвхөн эдийн засгийн бодлогыг дагалдан гарч ирдэг зүйл гэж ойлгож болохгүй юм. Үүний тулд дэлхийн хэмжээнд “зах зээлүүд хил хязгааргүй болж” буйг харгалзан төр болон улс үндэстний зүгээс явуулах бодлогын үүргийг шинээр тодорхойлж хэрэглээ болон хэрэглэгчийн нийгмийн хариуцлагыг тогтвортой хөгжлийн үзэл санааны үүднээс хэрэглэгчийг хамгаалах бодлогод тусгах ёстой юм.
Орчин үеийн хэрэглэгчийг хамгаалах бодлогын гол чиглэл нь урьдчилан сэргийлэх ажил юм. Хэрэглэгчийг хамгаалах бодлого нь сөрөг нөлөөнөөс түүнийг хамгаалахад чиглэгдэх ёстой. Тэрээр бэлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд бус харин зах зээл дээр борлуулагдахаас өмнөх шатны үйл явц, шийдвэрт нөлөөлөх ёстой. Энэхүү зорилтыг тодруулах явц нь цэвэр улс төрийн үйл явц бөгөөд энд хамгийн гол нь хэрэглэгч, нийлүүлэгчийн эрх ашиг хэрэгжих ижил боломж, арга хэрэгслээр хангасан байх ёстой. Энд дараах зорилтуудыг хэрэгжүүлэх тухай ярьж байгаа болно:
- улс төрийн үйл явц болон зах зээл дээр эдийн засгийн ба хэрэглэгчийн ашиг сонирхпыг эрх тэгш харгалзан үзэх;
- хохирол учруулсан этгээд нь хариуцлага хүлээх зарчмыг мөрдлөг болгох. Хор хөнөөл учруулсан этгээд нь холбогдох зардлыг хариуцна. Хохирлыг арилгахтай холбоотой зардлыг нийгэм хариуцах ёсгүй юм.
- бүтээгдэхүүнийг бий болгохоос эхлээд түүнийг устгах хүртэл үйлдвэрлэлийн мөчлөгий бүхэлд нь хамарсан мэдээллийг хэрэглэгч бүрнээр нь саадгүйгээр авах боломжоор хангах
- улс төрийн болон нийгмийн янз бүрийн харилцан үйлчлэлд хэрэглэгчийн ашиг сонирхолыгхүчтэй төлөөлөх
Нөгөөтэйгүүр, нэг талаас хэрэглэгчийн хараат бус байдал, хэрэглээний эрх чөлөө, нөгөө талаас үйлдвэрлэгчийн эсрэг юу ч хийж чадахгүй сул, нөлөөгүй байдаг учраас түүнийг хамгаалах ёстой гэсэн ойлголтын хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай. Үүний оронд харин ёс зүйн хувьд хариуцлагатай үйлдэл хийдэг хэрэглэгчийн тухай ярих ёстой. Хэрэглэгчийг зах зээлийн үйл ажиллагааны идэвхитэй түнш хэмээн ойлгож хувь хүний хувьд хамгаалуулах эрх эдэлж, өөрийгөө хамгаалах боломжоор хангагдсан байхын зэрэгцээ хэрэглээний талаарх гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг ухамсарлан нийгмийн болон хүрээлэн буй орчны хэтийн хөгжлийн талаар хариуцлага хүлээн авдаг байх ёстой.
Улс төрийн үйл явцад үнэлэмжийн баримжаа, үзэл санаа, идеалын тухай маргаан “рационал” ашиг сонирхлоос дутуугүй том байр суурь эзэлдэг. Ямар үнэлэмж, ашиг сонирхол нь шийдвэр гаргах тодорхой тохиолдолд давамгайлах нь дан ганц “улс төрийн оролцогч талуудын” чухалчилж буй зүйлээр тодорхойлогдохгүй. Улс төр нь харин үүнээсээ илүү хөдөлмөрийн хуваарь бүхий үйл явц юм. Энд тэгэхдээ ихэвчлэн улс төрийн янз бүрийн хүрээнийхний хооронд материаллаг болон оюун санааны давуу байдлын талаар харилцан буулт хийх замаар харилцан тохиролцоонд хүрэх тухай яригдана. Тиймээс хэрэглэгчийн эрх ашиг болон ёс зүйн үүднээс хариуцлагатай ханддаг хэрэглэгчийг эрхэмлэсэн хүчтэй бөгөөд хараат бус улс төрийн субъекттай болсон нөхцөлд л хохирлоос сэргийлсэн хэрэглэгчийн хамгаалал буй болж чадна. Үүнийг бий болгохын тулд улс төрийн институтуудын тогтолцоо, үйл явцад шинэчлэл хийх шаардлагатай. Тэгэхдээ хэрэглэгчийг хамгаалах бодлого нь салбар хоорондын шинжтэй болохыг анхаарах ёстой. Хэрэглэгчийг хамгаалах бодлого нь зөвхөн өөрийн гэсэн хөтөлбөрт зорилтоо дэвшүүлэн хэрэгжүүлэх төдийгүй хэрэглэгчид хамаатай улс төрийн бусад салбарын бодлогыг залж чадахуйц хүчтэй байх ёстой.
Институционал өөрчлөлт шинэчлэл
Институционал шинэчлэлийн хувьд Холбооны түвшин дэх хэвтээ шугамын ба Холбоо, муж улс ба Европын Холбооны хоорондын хамтын ажиллагаатай холбоотой босоо шугамын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, процедур, түүнчлэн нийгмийн бүх хүчний оролцоо хэмээн ялгаж үзнэ.
Хэрэглэгчийг хамгаалах бодлогын хяналт тавих үүрэг болон хэрэглэгчийн ашиг сонирхлын жинг нэмэгдүүлэх үүднээс Холбооны түвшинд бүтцийн дараах өөрчлөлт хийх шаардлагатай:
Германы Бундестагт Европын парламентын адил хэрэглэгчийн талаарх асуудлыг хариуцсан Байнгын хороог бий болгох шаардлагатай. Энэ нь өнөөгийн байдлаар парламентын олон тооны байнгын хорооны зүгээс хэрэглэгчийг хамгаалах бодлогын хэрэгжилтэнд тус тусдаа тавьдаг хяналтыг сайжруулж хэрэглэгчтэй холбоотой хууль тогтоох ажиллагааны хэрэглэгчийн ашиг сонирхолын илэрхийллийг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм. Энэхүү үүргийг Хэрэглэгчийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хариуцуулах нь төдийлөн зохистой биш юм. Хөдөө аж ахуй, хүнсний бодлогын чанарын нүсэр асуудлуудын хажуугаар уг байнгын хорооноос хэрэглэгчтэй холбоотой олон тооны бусад асуудал, ялангуяа шинэ үзэл баримтлал боловсруулж хэлэлцүүлэхэд хангалттай цаг, хүч зарцуулна гэдэгт найдахад хэцүү юм. Үүний улмаас зөвхөн хэрэглэгчийг хамгаалах шинэ бодлогын улс төрийн хэтийн төлөв хохироод зогсохгүй билээ. Үүний сацуу хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр улс төрчид шаардлагатай хэмжээнд мэргэшихэд хүндрэлтэй болно. Гэтэл улс төрийн хүрээнд ч гэсэн “карьер хийх боломжийг” бүрдүүлсэн байх нь тухайн хүн ногдсон ажил үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд үл тоомсолохын аргагүй үндсийн нэг болдог.
Хэрэглэгчийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуйн Холбооны яамыг (ХХХХААХЯ) бусад байгууллагын зүгээс явуулж буй хэрэглэгчийн хувьд чухал ажлыг зохицуулах үүргээ амжилттай биелүүлэх боломжоор хангах үүднээс нөлөөлөх, хянах зохих эрх хэмжээ болон бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчнээр хангах шаардлагатай. Тус яамны зохион байгуулалтын шинэ бүтэц (2000 оны 4 дүгээр сарын байдлаар) энэ шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм. Уг яамны нэрийг өөрчилсөн боловч хэрэглэгчийн хамгааллыг гол төлөв хэрэглэгчийн эрүүл мэнд, хүнсний асуудлыг хариуцдаг тасагт хариуцуулжээ.
Хэрэглэгчийг хамгаалах бодлогыг бүхэлд нь нэгтгэн зангидаж байх үүрэг хүлээсэн нэгж үгүйлэгдсэн хэвээр байна. Уг бодлогыг тухайн хэлтсийн эрхэлдэг асуудал болон хэрэглэгчийн эдийн засгийн эрх ашгийн хүрээгээр хязгаарлажээ. Ялангуяа, хэрэглээ ба гэрээний эрх зүй, харилцаа холбоо ба хэвлэл мэдээллийн бодлого, худалдаа, нормчлол, санхүүгийн үйлчилгээ ба даатгалын тогтолцоо, барилга, орон сууц, түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг хэрэглэгчтэй холбоотой чухал асуудлыг хариуцсан нэгжүүдэд хэрэглэгчийн байр сууринаас хандах нөгөө талын бүтцүүд үгүйлэгдэж байна.
Одоогийн байдлаар хэрэглэгчийг хамгаалах бодлогыг хариуцсан нэгжүүд боловсон хүчний хувьд дутагдалтай байгаагийн улмаас эрүүл мэндээс бусад хэрэглэгчийн эрх ашигт хамаарах асуудлыг хэрхэн шаардлагатай түвшинд яам хоорондын хүрээнд шийдвэрлэж чадах нь эргэлзээтэй байгаа юм. Бусад яамдын зүгээс явуулж буй хэрэглэгчтэй холбоотой үйл ажиллагаанд тогтмол анхаарал тавихгүй, боловсон хүчний хангалттай нөөцгүйгээр хэрэглэгчийг хамгаалах асуудлыг эрхэлсэн сайд хичнээн хүсээд ч хэрэглэгчийг хамгаалах алсын хараатай, хохирлоос сэргийлэх чигпэлийн бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно. Харин ч алдаа гаргасан буруутан болж улс төрийн хариуцлага хүлээх таагүй байдалд сайд орно.
Энэ үүднээс засгийн газрын танхим болон яам хоорондын үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчийн хамгааллын асуудал эрхэлсэн сайдын байр суурийг хүчтэй болгоход чиглэсэн дотоод журам, эрх зүйн зохицуулалт шаардагдаж байна. Иймд Холбооны засгийн газрын дотоод журамд Холбооны сангийн сайдын санхүүгийн, түүнчлэн Холбооны дотоод хэргийн сайдын үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар хбриг тавих эрхтэй байдгийн адил хэрэглэгчийн хамгааллыг хариуцсан сайдад хориг тавих эрх олгох нь зүйтэй. Эдгээр хориг тавих эрхийг хэрэглэх нь ховор, тэд гол нь урьдчилан сэргийлэх нөлөө үзүүүлдэг. Ажил үүргийхээ хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлыг боловсруулахад толгойлох үүрэг хүлээсэн байгууллага, нэгж шийдвэр гаргахын өмнөх шатны бэлтгэл ажилдаа “хэрэглэгчийг хамгаалах яамны” мэргэжил нэгтнүүдээ татан оролцуулж байвал кабинетын дотор зөрчлөөс зайлсхийж цаг хожих боломжтой болно.
Орчин үеийн хэрэглэгчийг хамгаалах бодлогын арга хэрэгсэл
Орчин үеийн, хохирлоос сэргийлэхэд чиглэсэн хэрэглэгчийг хамгаалах бодлогын арга хэрэгслийг бүрдүүлэхдээ дараах зүйлийг анхаарна:
- дэлхий нийтийг хамарсан худалдааны харилцаа холбооны сүлжээ бий болсны улмаас нэг үндэстэн болон бүс нутгаар хязгаарласан бодлогоор бараа, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг нарийвчлан зохицуулах боломж нэн хязгаарлагдмал болсон
- барааны нийлүүлэлт цогцолбор чанартай, нэр төрөл нь их бөгөөд байнга шинэчлэгдэж байдгийн улмаас хэрэглэгчийн нарийвчилсан зохицуулалт, хяналт шалгалтыг чухалчилсан хэрэглэгчийн хамгаалал нь хэрэгжүүлж чадашгуй зорилт болж хувирсан
- олон улсын өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийн шахалтаас үүдсэн үйлдвэрлэгчдийн хувьд хувь нийлүүлэгчдийг баримжаалдаг хандлага болон зах зээл дээрх худалдааны хүчтэй байр суурь нь үйлдвэрлэгчид болон нийлүүлэгчдийн барааныхаа чанарын талаар бие дааж шийдвэр гаргах боломжийг хязгаарладаг.
Үүнээс дараах зүйл урган гарна:
- зах зээлийн хэрэглэгч талыг нийлүүлэгчдийн зүгээс гаргаж буй зөрчил, дутагдлын эсрэг арга хэмжээ авах боломж олгохуйц арга хэрэгслээр хангаж бодлогын чанарын алхмуудыг хэрэгжүүлэх шаардлага гарна;
- урт хугацааны үйлдвэрлэл, маркетингийн болон эрсдэлээс зайлсхийх стратегитай болох эдийн засгийн сонирхлыг нийлүүлэгчдэд төрүүлэхэд чиглэсэн уян хатан арга хэрэгслийг илүү өргөнөөр ашиглах;
- хэрэглээг тогтвортой болгоход, өөрөөр хэлбэл барааны сонголт ба үнэ тогтоолтонд нийгэм, эдийн засаг, экологийн үр дагаврыг харгалзах хариуцлагаас худалдааны салбарыг хамт хүлээлцдэг болгох
Юуны өмнө хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг өргөжүүлэх нь төрийн зүгээс хүлээдэг зохицуулах, хянах үүргээс нь хөнгөлөх нөлөөтэй. Хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг өргөжүүлэх алхмуудыг эрүүл мэнд, эд материал болон сэтгэл санаатай холбоотой эрх зөрчигдөхөд иргэний хуулийн дагуу авах үр нөлөөтэй арга хэмжээтэй хослуулах нь зүйтэй юм. Үүнд дараах арга хэмжээ орно:
- хэрэглэгчийг мэдээллээр хангах хууль. Түүгээр төрөөс хийсэн шалгалтын үр дүн, гаргасан дүгнэлттэй танилцах эрхийг нийтэд олгож, олон нийтэд нээлттэй байх мэдээллийн санг үйлдвэрлэгчид бүрдүүлэх ёстой
- хувийн эрх зүйн хүрээний нэр тэмдэг болон хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл, түүнчлэн барааны талаарх мэдээллийн агуулга, хүрээг баталгаатай болгох. Энэ нь ялангуяа, ёс зүйтэй холбоотой хэрэглээнд илүү хамаатай. Нэр тэмдэг болон барааны талаарх мэдээлэл нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний “дотоод үнэ цэн”-ийн талаар илүү ойлголт өгөх ёстой. Энд тухайлбал амьтан хамгаалахад чиглэсэн шалгуур болон байгаль орчин ба социал шинж чанарууд багтана.
- Худал мэдээлэл тараахад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үр дүн сайтай эрх зүйн арга хэрэгсэлтэй байх. Зөрчил гарсан тохиолдолд хуулиар өөрийгөө хамгаалуулах, материаллаг нөхөн төлбөр авах эрхээ хувь хүн хэрэгжүүлнэ. Үүнд тухайлбал, хэсэг бүлгээрээ хамтарч гомдол гаргасан байсан ч хэрэглэгчийнхээ эрхийг хувь хүн бүр тус тусдаа эдлэх боломж, нотлох баримт гаргах үйл явцыг хөнгөвчлөх, оюун санааны хувьд ч гэсэн хохирол учруулсан байсан нөхөн төлбөр авах эрх зэрэг хамаарна. Хохирлоос сэргийлэх чиглэлийн хэрэглэгчдийг хамгаалах бодпогын хүрээнд үйлдвэрлэгчдэд эдийн засгийн эрсдэлээс зайлсхийх сонирхол төрүүлэх нь чухал юм. Ингэхийн тулд алдаа, зөрчил гарсан тохиолдолд хувь хүн дангаараа эрх зүйн дэмжлэг авах, хохирлоо төлүүлэх эрхтэй байх ёстой. Энд тухайлбал, хохирлоо төлүүлэх “эрхтэй болох босгыг” намсган тодорхой бүлгээс гаргасан гомдлын хүрээнд ч хувь хүн хэрэглэгчийнхээ эрхийг дангаараа хэрэгжүүлэх, нотлох баримт бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, оюун санааны хувьд хохирсон тохиолдолд ч нөхөн төлүүлэх эрхээр хангана.
Сэргийлзх чиглэлийн хэрэглэгчийн хамгааллын хүрээнд багтах гол асуудлын нэг нь үйлдвэрлэгчдэд эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх сонирхол төрүүлэх явдал юм. Үүний тулд дутагдлыг гаргасан этгээд хариуцлага хүлээх зарчмыг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх эдийн засгийн арга хэрэгслийг ашиглах нь чухал билээ. Нөхөн төлбөр хийлгэх практикийн дээр дурдсан өөрчлөлтөөс гадна бараа, бүтээгдэхүүнд олгож буй баталгааны эрх зүйн үндсийг чангатгах, түүнчлэн эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйлчилгээ үзүүлдэг пүүсүүд өөрсдөө эрсдэлийн сан байгуулах зэргийг энд дурдаж болох юм. Энэ маягаар даатгалын байгууллагын урамшууллыг ч гэсэн хэрэглэгчийг болзошгүй хохирлоос хамгаалах чиглэлийн бодлогод нийцүүлж болох талтай.
Зах зээл дээр худалдааны байгууллагуудын байр суурь хүчтэй байдгийг харгалзан эдийн засгийн арга хэрэгслийг хөшүүрэг болгон ашиглахдаа тэдний хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай. Баталгаа болон хохирлын нөхөн төлбөрийг зөвхөн үйлдвэрлэгчид тохох нь хангалтгүй юм. Худалдааны зүгээс барааны нэр төрөл болон нийлүүлэлтийг тогтоож, тэр ч атугай цөөнгүй тохиолдолд үйлдвэрлэгчдэд “үнэ тулгадаг” учраас нийлүүлж буй барааныхаа чанар болон барааны тэмдэг, түүний талаарх мэдээллийг найдвартай байлгах талаар худалдааны байгууллагууд хариуцлага хүлээж, здийн засгийн сонирхолтой байх ёстой. Үүний тулд худалдааны байгууллагуудыг худалдсан бараанд баталгаа олгох болон хорирлыг нөхөн төлөхтэй холбоотой эрх зүйн хлрилцаанд илүү өргөнөөр татан хамруулах шаардлагатай.
Дүгнэлт
Орчин үеийн дэлхийн эдийн засгийн ниюпцоо, олон улсын санхүүгийн зах зээлийн хөгжин хөдөлөөн болон эдийн засийн хөгжил нь төрийн зүгээс нийгмийн сайн сайхны төлөө дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, иргэдийн чинээлэг аж амьдрал хийгээд өнөө болон хойч үеийнхний тусын тулд ашиг сонирхлын тэнцвэрийг шудрагаар урт хугацааны турш хангахад хүч нь мөхөсдөхөд хүргэж байна. Энэ нөхцөлд хэрэглэгчийг хамгаалах идэвхтэй бодлогод дараах хоёр үүрэг ногдож байна. Үүнд: бодлогоор зах зээлийн хэрэглэгч бие даасан хүчин болоход тулхэц үзүүлснээр үндэсний эдийн засгаа дэлхийн өрсөлдөөний сөрөг нөлөөллөөс, түүнчлэн иргэдийнхээ нийгэм, экологи, соёлын амьдралын орчинг хамгаалах талаар төрийн зүгээс хүлээсэн үүргээ биелүүлдэг. Түүнчлэн хэрэглэгчийн иргэний хүч чадавхи нь тухайн улсын улс төрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна. Ингэснээр төрийн бодлогын ардчилсан легитим. байдал алдагдаж буй сөрөг үзэгдэлд эергээр нөлөөлөх боломжтой. Хэрэглэгчийн талаарх бодлогыг эдийн засгийн бодлогын үр дагавар мэт ойлгож, түүний зорилтуудыг зөвхөн өрсөлдөөний бодлогоос ургуулан гаргаж болохгүй юм. Нийлүүлэгч, үйлдвэрлэлийг баримжаалсан зах зээлийн хөгжпийг өөр чанарын зорилтуудаар хазаарлаж чадах хохирол, эндэгдлээс сэргийлэхийг гол болгосон хэрэглэгчийн талаарх бодлоготой болох зорилт тавигдаж байна. Хувийн ашгаа дээд зэргээр өсгөхийг эрмэлздэг хэрэглэгчийн оронд ёс зүйн үүднээс хариуцлагатай ханддаг хэрэглэгчийг гол чиг баримжаагаа болгох ёстой юм. Хэрэглэгчийн талаарх бодлого нь бүтэц зохион байгуулалт, дэвшүүлж буй хөтөлбөр, агуулгын хувьд улс төрийн бие даасан салбар болон бүрэлдэх ёстой. Үүний тулд хэрэглэгчийг хамгаалах чиглэлд нийгмийн чадавхийг хүчтэй ашиглах шаардлагатай.
Парламентын хүрээнд төдийгүй засгийн газарт хэрэглэгчийн талаарх бодлогыг уялдуулан зохицуулж байх хүчтэй бөгөөд нөлөөтэй бүтэц үгүйлэгдэж байна. Иймээс өнөөг хүртэл хэрэглэгчийн талаарх бодлогыг салбар хоорондын уялдаатайгаар боловсруулан хэрэгжүүлэгч нь хэн байх, ямар үүрэг хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна.
Хэрэглэгчийн талаарх бодлого улс төрийн бие даасан хүрээ болон төлөвших үйл явцын эхпэл ийнхүү дөнгөж тавигдаад байна.
[1] Др. Эдда Мюллер -1942 онд төрсөн, улс төр судлаач, ХБНГУ-ын Шпайөр хотын Удирдлагын шинжлэх ухааны дээд сургуульд урилгаар багшилдаг, Холбооны хэрэглэгчийн төв болон холбоодын удирдах зөвлөлийн гишүүн, өмнө нь Шлезвих-Холштайн муж улсын Байгаль, хүрээлэн буй орчны яамны сайд байсан.
[2] Ebarhard Khulmann, Verbraucherpolitik, Grundzuegu ihrer Theorir und Praxis, Muenchen 1990, S.23