Н.Байгальмаа
/Нийслэлийн засаг даргын Статистик мэдээлэл, Судалгааны газрын мэргэжилтэн/
Шинэ толь №40, 2002
Түлхүүр үг: Төрийн алба, тогтвортой байдал, ажиллах нөхцөл, төрийн албан хаагчийн амьдрах баталгаа, амьжиргааны түвшин
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Өнөөгийн төрийн албан хаагчид нь албан тушаалын зэрэг дэв халагдах, солигдох, дэвших магадлал, амьжиргааны түвшин ажил хэргийн сонирхол таашаал, үнэлэмж баримжаалал, сэдэл зэргээрээ социализмын үеийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдаас ихээхэн ялгаатай болоод байна. Тэдний хувьд албан тушаал ахих, дэвших боломж чөлөөтэй бөгөөд үр бүтээлтэй ажиллах, ур чадвараа харуулах, үзэл бодлоо илэрхийлэх, уралдуулах нөхцөл бололцооны хувьд хавьгүй дээрдсэн боловч амьжиргааны түвшний хангамж, баталгааны хувьд авч үзвэл тааруухан байгаа билээ. Энэ нь дараахь учир шалтгаанаар тайлбарлагдана.
Үүнд:
- Мөнгөний хуваарийн өөрчлөлт, цалингийн сүлжээний хуваарилалт, ханш уналтаас шалтгаалж тэдний хөдөлмөр хямдхан болсон.
- Сонгуулийн үр дүнгээс хамааран, тэдний дунд төрийн алба, ажил хэргийн гэхээсээ явуулын буву томилолтын албан хаагчдын гэмээр сонирхол, үнэлэмж, сэтгэл давамгайлах болсон.
- “Тусгай хангамж”-тай тэмцэх явцад төрийн албан хаагчдын зүй ёсны хангамж, нэмэгдэл, үйлчилгээ дунд болон анхан шатандаа сүрхий танагдсан.
- Хөрөнгө оруулалт ялангуяа, орон сууцны барилга зогсонги байдалд орсноос орон сууц, гэргүй төрийн албан хаагчид олширсон.
- Төрийн албан хаагчдын хүүхдийн сургалтын төлбөрийг хариуцах, байгууллагын нэмэгдэл олгох, гадаад дотоод томилолт олгох
Зэргээр тэдний амьдралд тус нэмэр болж буй ч товчоор хэлэхэд орлогоосоо зарлага нь давсаар, яваандаа ядуучуудын эгнээнд хүртэл бууж байна. Сүүлийн үед зарим судалгаагаар төрийн албан хаагчид нь хэвийн гэхээсээ авлигалын, гэмт хэргийн орчинд амьдарч, албан үүргээ гүйцэтгэж байна. энэ бүхнийг харгалзан нийслэлийг хэмжээнд төрийн албан хаагчдын аж байдал, нийгийн хамгааллын асуудлыг анх удаа судлан үзэх оролдлого хийлээ.
Судалгаанд нийт 500 төрлийн албан хаагч хамрагдсаны 44% нь эрэгтэй, 56% нь эмэгтэйчүүд, 32,4% нь 35 хүртэлх насны залуучууд 40,4% нь 36-45насны дунд үеийнхэн, 22,4% нь 46-55 наснынхан, 4,8% нь 56 ба түүнээс дээш насны хүмүүс байв. Судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 92,4% дээд боловсролтой , 7,6% нь эрдмийн зэрэгтэй ажээ.
Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 49,6% нь дүүргийн, 50,4% нь нийслэлийн төрийн байгууллагад ажиллагсад байгаа бөгөөд 48% нь тамгын газрын аппаратад, 46% нь хэрэгжүүлэх албанд, 6% нь хуурлын албанд ажиллагсад байна. Түүнчлэн 13,8% нь удирдах, 77,8% нв гүйцэтгэх, 8,4% нь туслах албан тушаал эрхэлдэг байна.
- Төрийн албан хаагчид, тэдний аж байдлын тойм
Манай орны хөдөлмөрийн зах зээл дээр тоогоороо ч, хувийн жингээрээ ч хүндтэй байр эзэлдэг төрийн албан хаагчид нь шилжилтийн жилүүдэд тогтонги ба өөрчлөмтгий шинжийг агуулсаар ирэв. Тэдний тоо хэмжээ, бүрэлдэхүүн, бүтцийн тогтонги байдал нь төрийн албаны залгамж чанараас үүдэлтэй бол хөдлөнги буюу өөрчлөмтгий шинж нь орон тооны цомхотгол бүтцийн өөрчлөлт, сонгуулийн үр дүн, боловсон хүчний байршил, тогтвор суурьшил зэргээс үлэмж хамааралтай.
Зураг – 1
Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч 500 хүний дунд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагад албан хаагчдын 26%, тамгын газрын аппаратад буюу бодлого тодорхойлох түвшинд ажиллаж буй албан хаагчдын 19,2% хурлын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн 10% нь хөдөлмөрийн идэвхтэй наснынхан буюу 36-40 насны хүмүүс зонхилох хувьтай байна. Дээр дурдсан төрийн байгууллагад ажиллаж буй гучин тав хүртэлх насны залуучуудын эзлэх хувийн жин харьцангуй ойролцоо түвшинд байхад хурлын байгууллагаас бусад нь 45-аас дээш насны ахмад төрийн албан хаагчдын эзлэх хувь багассан үзүүлэлт харагдаж байна.
Зураг – 2
Зургаас харахад дүүргийн төр захиргааны байгууллагад ажиллаж буй 30 хүртэлх насны залуу албан хаагчдын эзлэх хувь нийслэлийн төрийн байгууллагад ажилладаг ийм насны албан хаагчдаас нэг дахин их байгаа юм. Энэ нь төрийн албанд боловсон хүчний тогтвор суурьшил ерөнхийдөө буурч, ялангуяа дүүргүүдийн хувьд нэлээд хөдөлгөөнд орж залуу халаагаар хүч нь сэлбэгдэж ирсэнийг гэрчлэх биз ээ. Харин 36-50 насны албан хаагчдын хувьд нийслэлд ажиллагсад дүүрэгт ажиллагсдаас 0,5-4,7 хувиар их байгаа нь нийслэлийн төрийн байгууллагуудад гол төлөв ажил, амьдралын туршлага бүхий дунд үеийнхэн харьцангуй тогтортой ажиллаж байгаатай холбоотой байж болох юм.
Зураг- 3
Төрийн албан хаагчдын аж байдлыг тусгайлан судалсан энэхүү судалгааны дүнгээс үзэхэд нийслэлд ажиллаж амьдарч буй өнөөгийн төрийн албан хаагчдын 2% нь “дээдсийн”, 8% нь амьрал ахуй сайтай “чинээлэг”, 40% нь өмсөж зүүх, хоол ундны зүйлээ болгоод байдаг хэсэг буюу боломжийн амьдралтай “дундчуудын” үлдэх хувь нь “ядуусын”(үүний 6% нь нэн ядуу) давхраанд хамрагдаж байна. өөрөөр, бүр тодруулж хэлвэл нийлэл, дүүргийн төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нэн хагас нь “төрийн жинхэнэ албан хаагчид”, нөгөө хагас нь “жирийн ажил эрхлэгчид ядуувтар иргэд” болж байна.
Төрийн албан хаагчдын орон сууцны нөхцөл байдлыг хүйсээр харьцуулан гаргаж хүснэгтээр харуулав.
Хүйс | Орон сууц | Галладаг байшин | Хөлсний байранд | Нийтийн байранд | Гэрт | Бусад | Бүгд |
Эрэгтэй | 64,5 | 12,3 | 14,6 | 2,3 | 5,4 | 0,9 | 100 |
Эмэгтэй | 71,8 | 8,6 | 10,7 | 1,8 | 5,0 | 2,1 | 100 |
68,6 | 10,2 | 12,4 | 2,0 | 5,2 | 1,6 | 100 |
Хүснэгт-1
Орон сууцгүй буюу бусдын байр хөлслөн суудаг хүмүүсийн 14,6% нь эрэгтэйчүүд, 10,7% нь эмэгтэйчүүд байна. хөлсний байранд суудаг гэж хариулагчдын 29% нь 21-30 хүртэлх насны шинэ залуу албан хаагчид, 12,9% нь 31-35 насны, 27,4% нь 36-40 насны дунд үеийнхэн, 14,% нь 41-45 насныхан, 8,1% нь 56-60 насны ахмад ажилтнууд байна.
Эндээс харахад 35 хүртэлх насны шинэ залуу албан хаагчын 40% гаруй нь орон сууцгүй байхад 45-аас дээш наснынхны хувьд орон сууцгүйн улмаас байр хөлсөлж амьдрах нь харьцангуй цөөн болох нь ажиглагдаж байв.
Нийслэл хотод аж төрж буй төрийн албан хаагчдын орон сууцны нөхцөл байдлыг сууцны өмчлөлийн хэлбэрээр нь авч үзвэл 12,8% нь төрийн, 78,2% нь хувийн өмчлөлийн хэлбэртэй гээд 9% нь бусад хэлбэрийн өмчлөлтэй хэмээжээ.
Хүйс | Төрийн | Хувийн | Бусад | Бүгд |
Эрэгтэй | 8,6 | 81,8 | 9,6 | 100 |
Эмэгтэй | 16,0 | 75,4 | 8,6 | 100 |
12,8 | 78,2 | 9,0 | 100 |
Хүснэгтээс харахад эмэгтэй төрийн албан хаагчдын 16% нь төрийн өмчийн орон сууцанд амьдарч байхад эрэгтэйчүдийн 81,8% нь хувийн орон сууц болон гэр сууцанд амьдардаг байна.
Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын олонх нь буюу 53% нь гурваас дөрвөн, 31,4% нь таваас зургаан ам бүлтэй. 33,4% нь 16-аас доош насны нэг, 31% нь хоёр хүүхэдтэй байна. Түүнчлэн ам бүл доторх насанд хүрэгчдийн тоог авч үзвэл 63,8% нь хоёроос гурав, 24,8% нь дөрвөөс таван насанд хүрэгчидтэй, 5% нь ганц бие хүмүүс байв. Харин гэрлэлтийн хувьд 78,6% нь гэр бүлтэй, 13,4% нь огт гэрлээгүй байгаа бол 4,4% нь гэр бүл салсан, 3,6% нь бэлэвсэн хүмүүс байв.
- Цалин хөлс
Төрийн албан хаагчдын аж байдал, нийгмийн баталгааны анхдагч амин чухал асуудал бол тэдний цалин хөлс бөгөөд түүнийг бид үндсэн цалин, бусад орлого гэсн гурван үзүүлэлтийн тусламжтайгаар, тэдгээрийн давхцал, солбилцол, нөхөн сэлбэлт, урамшууллын учир холбогдлыг чухалчлан авч үзлээ. Цалин бол эдгээр гурав дотроо ч, төрийн албан хаагчдын аж байдал, нийгмийн баталгааг илтгэх утгаараа ч хамгийн гол үзүүлэлт гэдэгт эргэлүэх хүн гарахгүй биз ээ. Монгол улсад хэрэгжиж эхэлсэн анхны “цалингийн сүлжээ” нь “Төрийн байгууллагын ажилтны хөдөлмөрийн хөлсний сүлжээ” нэртэйгээр Засгийн газрын 12-р дугаар тогтоолоор 1992 онд батлагдан гарч байсан. Төрийн албаны хууль үйлчилж эхэлсэн 1995 оноос хойш төрийн төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг өөрчилж, цалинг нийт 8 удаа нэмэгдүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар хамгийн сүүлчийнх нь засгийн газрын 2001 оны 232-р тогтоолоор батлагдаж гарсан цалингийн сүлжээ мөрдөгдөж байгаа билээ.
Өнөөгийн Монголын төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоо бол нэгэн бодлын түрүүчийн тогтолцооны үеийн албан тушаалын тогтмол цалингийн үргэлжлэл, нөгөө бодлын ардчилсан төрийн албан хаагчийн ажил үүргийн үнэлгээ, үнэ өртөг юм. Тийм болохоор хоёрдмол шинжтэй. Нэг талаас социализмын тэгшитгэн дунджуулсан хувиарлалтыг, нөгөө талаас зах зээлийн эрэлт хэрэгцээний тусгалыг илэрхийлнэ.
Хүснэгт-3
Та орлогоо сүүийн гурван сараар баримжаалан хэлнэ үү?
(Мянган төгрөг, хувиар)
Цалин | Хувиар | Нэмэгдэл | Хувиар | Бусад орлого | Хувиар |
36,0-45,0 | 23,6 | 10,0-15,0 | 29,4 | 20,0-50,0 | 8,4 |
46,0-55,0 | 34,0 | 16,0-25,0 | 22,2 | 51,0-80,0 | 1,8 |
56-65,0 | 24,8 | 26,0-35,0 | 9,4 | 81,0-110,0 | 3,2 |
66-75,0 | 10,8 | 36,0-45,0 | 2,4 | 111,0-150,0 | 2,4 |
76 ба+ | 6,8 | 46,0 ба + | 1,0 | 151 ба + | 2,0 |
Хариулаагүй | – | 35,6 | 82,2 |
Хүснэгт-3-аас харахад үндсэн цалингийн оргил нь 46-55, нэмэгдэл цалингийн оргил нь 10-15 мянган төгрөг, нийлүүлээд, ам.доллараар илэрхийлвэл 50-70 ам.доллар орчим байна. Үүнийг хүрэлцээтэй бөгөөд боломжийн цалин гэхийн аргагүй. Үүний учир шалтгаан нь
- Мөнгөний ханшийн уналтыг нэрлэсэн цалингийн өсөлт гүйцээгүйтэй
- Хамгийн бага ба их цалингийн хооронд нэг ч нугаларч чадахгүй цалингийн сүлжээг суурь болгож, шилжилтийн жилүүдэд хэд хэдэн засгийн газар улируулан мөрдөж ирсэнтэй
- Төрийн албаны бүтцийн өөрчлөлтийг санхүүжилттэй нь уялдуулалгүй хийж, орон тоогоор голлон хөөцөлдсөнтэй
- Үндсэн цалин нэмэх нь нэмэгдэл хөлс гэсэн хуучин уламжлалыг бараг тэр чигээр нь үргэлжлүүлсэнтэй
- Өнөө үед төрийн албан хаагчийн орлого эх үүсвэртэй мөртлөө нуугдмал, дарагдангуй болсон зэрэгтэй холбоотой билээ.
Төрийн алба түүний албан хаагчийн асуудлыг магистрийн ажлийн түвшинд Ш.Бүүвэйбаатарын судалгаагаар төрийн албаны төсөвт зардлын дөнгөж 28% нь төрийн албан хаагчдад цалин хөлсний хэлбэрээр очиж бусад нь унаа, байр, дулаан, цахилгаан холбоо, бичиг хэрэг мэтийн урсгал зардалд, товчоор хэлэхэд “улсын халааснаас гардаг үнэ хөлсгүй” зүйлст зарцуулагдаж зарлагдаж байгаа билээ.
- Орлого, зарлагын харьцаа
Социализмын үед хөдөлмөрчдийн амьжиргааны түвшинг орлогоор нь төлөөлүүлэн тодорхойлж байсан бол одоо орлого нь:
- Олон эх үүсвэртэй
- Тогтмол биш, тасалдал завсарлагтай болсон
- Зарим орлого халаасны эсхүл бэлэн мөнгө мэтээр эргэлдэх болсон
- Мөнгөний ханш уналтыг төгрөгийн худалдан авах чадвар гүйцэхээ больсон зэргийг харгалзан иргэдийн аж байдлыг зарлагаар юмуу чадвар орлогын тэнцэл тодорхойлох
Хандлага эдийн засагчид, социологичдын дунд хэдийнээ бий болжээ. Тиймээс энэхүү судалгааны хүрээнд нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдын орлого зарлагын харьцааг нэгд; Хувь хүний хоёрд; өрхийн түвшинд тодруулж үзэхэд судалгаанд оролцогчид дараахь хариултыг өгчээ.
Зураг – 4
Зургаас “орлогоосоо зарлага нь давдаг” явдал нь хувь хүний хувьд ч өрхийн орлогын гол бүрдүүлэгч нь, үндсэн эх үүсвэр нь төрийн албан хаагчид болж байгаагаар, нөгөө талдаа мөнгөний ханш ихээр унаж, валютын худалдан авах чадвар буурахын хэрээр хүмүүс хуримтлал, хадгаламж гэхгүйгээр олсноо үрж зарж дуусгадаг зах зээлийн сэдэл, араншингаар тайлбарлагдана. Энэ хандлага төрийн албан хаагчдын цалинг нэлээд нэмсэн тохиолдсон ч үргэлжилнэ гэдгийг бодлого тодорхойлогчид анхааралдаа авах нь эргэлзээгүй.
- Үрлэг, зарлагын дарамт
Зах зээлийн эдийн үасгийн үед ард иргэд үйлдвэрлэн бүтээхийг бус харин хэрэглээг эрхэм болгож, тэр чинээгээр үйлдвэрлэлийг урамшуулдаг мэдэрэмж манай хүмүүст бий болж байна. Гэтэл энэ нь тэр даруйдаа ил гарахгүй, гарсан ч бхзнд мэдэгдэхгүй байх талтай нь төрийн албан хаагчдын үрлэг, зарлагын дарамтаас харагдаж байна.
Үүнийг хүснэгтээр харуулбал:
Хүснэгт-4
Тань амьдралд ямар үрлэг, зарлага илүүтэй дарамт болж байна вэ?
Байрны хөлс | 65,4 |
Хувцас хунар | 42,0 |
Хүүхдийн сургалтын төлбөр | 31,6 |
Амь зуулгын үрлэг | 30,8 |
Элдэв татвар хураамж | 29,8 |
Унааны зардал | 26,8 |
Эмнэлгийн зардал | 22,0 |
Ухаалаг бус хэрэглээ | 10,0 |
Бусад дарамт | 3,8 |
Бэлэг дурсгал | 3,4 |
Дээрх дүгнэлтээс төрийн албан хаагчдын үрлэг зарлагын дарамтын сүлжээнд айрагдаж буй таван үзүүлэлт тодорхой бөгөөд хувийн жин нь 26,8-65,4 нэгжийн хооронд хэлбэлзэж байна. Эндээс олон зүйлийг хэлж болох боловч, товчлоод хэлэхэд манай төрийн албан хаагчдын олонх нь төрийн албандаа бус, харин ахуй амьдралдаа, анхдагч хэрэглээний материаллаг зүйлсэд түүртэж, тийм дарамтанд аж төрж байна.
- Төрийн албан хаагчдын бэлэн мөнгөний байршил
Заэх зээлийн эдийн засгийн нөхцөл, орчин амьдрагчдын хувьд хэтэвчний ба хадгаламжийн мөнгө, тэр хоёрын харьцаа чухал ач холбогдолтой байдаг. Үүнийг эш үндэс болгон, “Та мөнгөн хуримтлалынхаа дийлэнхийг яаж байршуулдаг вэ?” гэсэн хариултанд дараах хариулт өгчээ. (Зураг-5)
Зургаас харахад манай төрийн албан хаагчдын 3/2-оос илүү нь буюу 69,4% нь хуримтлуулах мөнгө гардаггүй гэж хариулжээ. Энэ үзүүлэлт нь төрийн албан хаагчдын сарын үндсэн цалин, нэмэгдэл орлогын харьцааг илэрхийлсэн хоёр хувибарыг тодорхой давхар нотолж байна. Харин хуримтлал бүхий мөнгөний байршил нь үндсэндээ “бэлнээр буюу гар дээрээ хадгалдаг” (21.8% ), “банкинд хадгалдаг” (9.7%), “хүнд хүүтэй зээлүүлдэг” (8.6%) зэрэг хариулт өгсөн нь өөрийн гэх сонирхол татна.
Зураг-5
- Төрийн албан хаагчийн хэв шинж
“танай гэр бүл ажил эрхлэлтийн хувьд аль хэв шинжид хамаарах вэ?” гэсэн асуултыг тавих шаардлага өнгөцхөн бодоход манай судалгаанд хамаагүй мэт санагдаж болно. Гэсэн хэдий ч энэ асуулт нь төрийн албан хаагчийн өөрийнх нь тухай төдийгүй, ар гэрийнх нь талаар паспортын үзүүлэлтээс илүүтэй мэдээлэл өгч байна.
Судалгааны дээрх асуултын хариултаас үзэхэд нийслэлд амьдарч, ажиллаж буй төрийн албан хаагч гэр бүл, хосуудын 35,2% нь хоёулаа төсвийн байгууллагынх байна. Ингэж хариулсан хүмүүсийн 70,5% нь 36-50 наснынхан байгаа юм. Энэ бол нэг талаасаа сайхан, нөгөө талаасаа базаахгүй үзүүлэлт. Төрийн албан хаагчдын нуклеар гэр бүл зонхилж буй нь төрийн алба талаасаа бол амьдрал нэгтэй төдийгүй ажил нэгтэйг, ашиг сонирхол ойролцоог харуулна. Харин зах зээлээс хөндийг илтгэнэ. Магадгүй шилжилтийн дараахан бизнес сэдэл, авъяастай нь төрийн албаа орхиж, бизнесийн хүрээнд шилжсэн нь нууц биш юм.
Төрийн албан хаагчдын гэр бүлийн дараагийн шинжид “аль нь ч биш” гэр бүлийн 5/1-ийг эзэлж байна. Энэ нь шууд утгаараа төрийн албан хаагчид залуужиж, гэр бүлийнх нь байдал тодорхойгүй залуучуудаар нөхөгдөж буйг харуулна. Түүний зэрэгцээ төрийн албан салсан, бэлэвсэн хүмүүс мэр сэр байгааг гэрчилнэ. Төрийн албан хаагчийн “аль нь ч биш” хэв шинжийн гэр бүлээс дутахааргүй хувийн шинжийн гэр бүлээс дутахааргүй хувийн жинтэй гэр бүл бол “төрийн албан хаагч – ажилгүй” гэсэн хэв шинжийн гэр бүл бөгөөд тэдний хувийн жин 19,4 нэгж болж байна. Энэ хариултыг өгсөн хүмүүсийн хамгийн олонх нь буюу 21,6% нь 41-45 насны, 17,5% нь 36-40 насныхан байгаа бол 15,5% нь 26-30 насны залуучууд байгаа юм. Мэдээж ихэнх хосууд ойролцоо насныхан байгаагаас үзэхэд эдгээр гэр бүлд эхнэр, нөхрийн аль нэг нь үнэхээр ажилгүй байгаа байхад, магадгүй зарим нэгэнд нь эхнэр нөхрийн аль нэг нь далдуур ажил эрхэлдэг байж болох талтай. Гэхдээ дээрх хариултыг өгсөн хүмүүсийн 21% нь 50-иас дээш насныхан байгаа тул гэр бүлийн хүн нь тэтгэврийн насных байж болохыг бас үгүйсгэх аргагүй.
Зураг – 6
Төрийн албан хаагчдын гэр бүлийн үлдэх хэсэг нь “төсөв – хувийн хэвшил” (15,2%), “төсөв-хувиараа хөдөлмөр эрхлэгч” (6.4%), “төсөв-төрийн бус байгууллага” (2.6%)г гэсэн хэв шинжийн гэр бүлүүд эзэлж байна. Эхнэр нөхрийнх нь аль нэг нь хувийн хэвшилд ажилладаг гэж хариулсан төрийн албан хаагчдын 59,2% нь 40 хүртэлх наснынхан байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд “төрийн албан хаагч-төрийн албан хаагч” хэв шинжийн гэр бүлд чиглэсэн, хаягласан төрийн бодллого хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусад хэв шинжийн гэр бүлийг бодолцохгүй бол төрийн албан хаагчид гэр бүлийн зүгээс үзүүлэх “шахалт дарамт” үүссэн байх нь ойлгомжтой байна.
- Төрийн албан хаагчдын амьжиргааны сэлбэлт
Монголын төрийн алба бол мөн чанар, агуулгаараа хүнд сурталтнуудын бус, төрийн түшмэдийн алба юм. Тийм учраас тэдний давхар буюу уян ажил эрхлэлтэнд хэрхэн хандах вэ гэсэн асуулт сонирхол татаж байв. Угтаа бол төрийн албан хаагчид нь хэнээс ч, юунаас ч шалтгаалж хамаарахгүйгээр төрийн албаа хашиж залгуулж байх учиртай. Өөрөөр хэлбэл, түүхэн уламлжлалын үүднээс бол монгол төрийн түшмэд ёсыг шинжлэх ухааны үүднээс М.Веберийн бюрократ ёсыг хангах учиртай. Гэтэл Монголын өнөөгийн нийгэм, төрийн албан хаагчиддаа дээрх шаардлагад хүрэхүйц, амьдрахуйц, алба хашихуйц түвшинд хүргэж, хангаж чадахгүй байгаа тул тэдний давхар буюу уян ажил эрхлэлтэнд хүндэтгэлтэй хандах учиртай нь доорх хүснэгтээс харагдаж байна.
Хүснэгт-5
“Та амь зуулгандаа юугаар нэмэр хийдэг вэ?”
Байгууллагын нэмэгдэл | 19,5 |
Малын буяныг амсдаг | 14,9 |
Наймаа хийдэг | 10,7 |
Эд зүйлээ түрээслүүлдэг | 10,6 |
Ногоо тарьдаг | 7,3 |
Бүтээл туурвидаг | 5,9 |
Төсөл хэрэгжүүлэхэд оролцдог | 5,4 |
Бусад | 14,1 |
Нэмэр хийх зүйл байхгүй | 33,0 |
Дээрх хүснэгтээс харахад өнөөгийн төрийн албан хаагчдын 3/1 нь хэзээнээс ч, юунаас ч хараат бус, төрийн албаны хууль, ёс зүйн дагуу амьдарч, ажиллаж байна. Гэвч үнэмлэхүй олонх нь хараат биш юмаа гэхэд ямар нэгэн давхар ажил эрхэлж тэр чинээгээрээ амь зуулгадаа нэмэр болохыг хичээдэг байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт төсвийн цалингаар амьдрах аргагүй тул зарим хэсэгт нь төсөл шалгаруулалт, хэрэгжүүлэлт, сургалт семинар, албан тушаалын зэрэг дэвээр юмуу хувиараа хөдөлмөр эрхлэх, давхар ажил эрхлэх зэргээс орлого олж байна.
- Төрийн албан хаагчдын ажлын байрны баталгаажилт
Төрийн албаны ажлын байрны баталгаажилт жендэрийн хувьд онцгой ялгаа багатай ижил түвшинд байдаг болох нь судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 64,4% нь ажлын байрны батлагаажилт эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хувьд “адилхан” хэмээн хариулснаас тодорхой байна. Харин 25,8% нь “эрэгтэйчүүдээс хувьд илүү”, 9,8% нь “эмэгтэйчүүдийн хувьд илүү” баталгаатай ажээ. Гэтэл сүүлийн үед нэлээд хүчтэй яригдах болсон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг сонгож дэвшүүлэх асуудал буюу албан тушаал дэвших боломж төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн хувьд хоцрогдмол шинжтэй хэвээр байна. Учир нь “ажилдаа дэвших бололцооны хувьд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад ямар ялгаатай байна вэ?” гэсэн асуулт тавихад судалгааны хамрагдсан төрийн албан хаагчдын 52,4% нь “эрэгтэйчүүдийн хувьд илүү” 40,6% нь “адилхан” гээд дөнгөж 7% нь “эмэгтэйчүүдийн хувьд илүү” гэсэн хариулт өгсөн нь эмэгтэйчүүдийн эрхэлж буй ажлын албан тушаалын статус ажиллагч эрэгтэйчүүдийнхээс доогуур байгааг харуулж байна.
Энэ дашрамд дурдахад судалгаанд оролцогчдын 60% нь мэргэжлээрээ ажиллахын тулд, 56,6% нь төрийн алба хаших сонирхлынхоо дагуу одоогийн эрхэлж байгаа ажлаа сонгосон гэсэн байлаа. Хэдийгээр энэ хоёр сонголт төрийн албан хаагчдын дунд нийтлэг байгаа ч 7,6% нь “амьжиргаагаа сайжруулах” гэж, 6,4% нь “ахиж дэвших”, 3,8% нь “удмаа өвлөх” зорилгоор, 3% нь “хотод Оршин суухын тулд”, 2,4% нь “нэр хүндтэй байх” гэж одоогийн эрхэлж байгаа ажлаа сонгосон хэмээн хариулсан байна. Эрхэлж байгаа ажлаа ахиж дэвшихийн тулд сонгож, төрийн алба хашиж буй хүмүүсийн дийлэнх нь 40 хүртэлх наснынхан байхад амьжиргаагаа сайжруулахын тулд хэмээн хариулагчдын ихэнх нь 30-иас дээш 55 хүртэл насныхан байв.
Зураг-7
Төрийн албан хаагчдын “ажлын хэмнэл”-ийг авч үэхэд 41,8% нь завсар чөлөөгүй, 37% нь өөрөө зохицуулан ажилладаг байхад 21,2% нь гарч орон, босон суун ажилладаг гэсэн судалгааны үр дүн гарч байна.
“Таны эрхэлж буй ажил цаг хугацааны хувьд ямар шинжтэй вэ?” гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 77% нь “ирээдүйтэй”, 18,2% нь “түр зуурын” гээд 4,8% нь хариулт өгөөгүй байв. Энэ хариултыг нутгийн захиргааны аль түвшний байгууллагад ажиллаж байгаагаар нь хамаарлыг авч үзвэл ирээдүйтэй гэж хариулагчдын 79,8% нийслэлд, түр зуурын гэж хариулагчдын 19,1% нь дүүрэгт ажилладаг байв.
- Төрийн албан хаагчдын авлигалын орчин
“Таны ажлын байр авлигал, хээл хахуульд өртөгдөх үүднээс ямар вэ?” гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын үнэмлэхүй олонх буюу 73,4% “өртөгдөхгүй”, 17,2% “өртөгдөж болзошгүй”, 7,4% нь “хариулахад түвэгтэй байна” гэж хариулсан байхад зөвхөн 2% нь “өртөмтгий” хэмээн хариулжээ.
Зураг – 8
Судалгаанд оролцогчдын дээрх хариултыг тэдний ажилладаг байгууллагын харъяаллаар авч үзэхэд нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газарт ажилладаг төрийн албан хаагчдын 13,8%, хэрэгжүүлэх албанд ажиллагсдын 22,2%, хурлын албан ажиллагсдын 6,7% ажлын байраа авлигал, хээл хахуульд “өртөгдөж болзошгүй” хэмээн тодорхойлсон байна.
Харин энэ үзүүлэлтийг нутгийн захиргааны аль түвшний байгууллагад ажилладаг болон албан тушаалын байдлаар нь харьцуулж хүснэгтээр харуулбал:
Хүснэгт – 6
Албан тушаал | Өртөмтгий | Өртөгдөж болзошгүй | Өртөгдөхгүй | Хариулахад төвөгтэй байна | Бүгд |
Удирдах | 2,9 | 20,3 | 71,0 | 5,8 | 100 |
Гүйцэтгэх | 2,1 | 18,0 | 72,4 | 7,5 | 100 |
Туслах | – | 4,8 | 85,7 | 9,5 | 100 |
гэсэн хариулт өгчээ. Судалгааны энэ дүнг 1999 онд хийгдсэн ”Авлигын талаарх олон нийтийн санал бодол, байр суурь” сэдэвт олон улсын тендэрийн судалгааны үр дүнтэй харьцуулахад тэс өөр байгаа нь дараагийн, нарийвчилсан гүнзгийрүүлсэн судалгааг шаардаж байна.
10. Төрийн албан хаагчдын эрүүл мэнд
Хүнсний эрүүл мэнд гэдэг бол манай нийгмийн хамгийн үнэтэй зүйлсийн нэг юм. Эрүүл мэнд нь боловсрол мэргэжлийн нэгэн адилаар хөдөлмөрийн нөөцийн үндсэн шинж, ажиллах хүчний чанарын гол үзүүлэлт болдог. Хүнсний эрүүл мэндийн байдлаас тухайн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил ихээхэн шалтгаалдаг. Өнөө үед аливаа улс орны хүний хөгжлийн түвшинг тодорхойлохдоо хүн амын эрүүл мэндийн байдлыг нэг гол үзүүлэлт болгодог аргачлал олон улсын хэмжээнд мөрдөгдөж байна. Хүн амьдрах хугацаанынхаа бараг 3/1-ийг ажил дээрээ өнгөрүүлдэг учраас хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны тохижилт тав тухтай байх асуудал, эрүүл ахуй хэм хэжмжээний болоод аж байдлын үйлчилгээний түвшин, хамт олны дотоод харилцаа, удирдлагын арга хэлбэр зэрэг нь хүмүүсийн эрүүл мэндэд шууд болон дам байдлаар нөлөө үзүүлдэг байна. Манай судалгааны хувьд төрийн албан хаагчдын аж байдлын түвшинг тодорхойлоход чухал шалгуур нь эрүүл байх явдал гэж үзсэн юм. Учир нь удаан хугацаанд өвдөж, ажил хийх боломжгүй болж, эмчилгээнд тодорхой хөрөнгө мөнгө зарцуулах нь хүмүүсийн, ялангуяа бололцоо муутай хэсгийнхэнд дарамт болж, амьжиргааны ньтүвшин буурахад нөлөөлдөг байна.
Зураг – 9
Бид уг судалгааны явцад төрийн албан хаагчдын эрүүл мэндийн байдлыг “Та ямар нэг архаг хууч өвчтэй юу?” гэсэн асуултын хүрээнд товч боловч судалж үзлээ. Эндээс харахад судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын хувьд элэг, цөс, хоол боловсруулах эрхтний өвчлөл зонхилж байгаа бөгөөд 10 хүн тутмын 4 нь ийм хууч өвчинтэй байгааг илтгэнэ. Түүнчлэн 28,7% нь бөөр, 19,7% нь зүрх судасны өвчлөлтэй байна. (Уг асуултын хувьд хэд хэдэн сонголттой хариулсан хүний тоогоор хувь тодорхойлогдсон болохыг анхаарна уу!) Харин хүмүүс архаг хууч өвчиндөө, хувийн эрүүл мэнддээ хэрхэн яаж хандаж, эмчилгээ-үйлчилгээний ямар арга хэмжээ авч байгааг тодруулах үүднээс “Та сүүлийн 12 сард эрүүл мэндийн ямар үйлчилгээнд хамрагдсан бэ?” гэсэн асуулт тавихад 31,6% нь үзлэгт хамрагдсан, 24,8% нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 21,4% нь гэрээр эмчлүүлсэн ажээ. Эдгээрийн дотор сувиллын газар явж сувилуулсан (5,6%) болон амбултороор үйлчлүүлсэн (0.7%) тохиолдол харьцангуй бага байлаа. Эрүүл мэндийн чиглэлээр урьд өмнө хийгдсэн судалгааны дүнгээс үзэхэд манай хүмүүсийн 37% орчим ямар нэг архаг хууч өвчинтэй байдаг бөгөөд архаг хуучтай болсон шалтгаанаа ихэвчлэн ажил хөдөлмөрийн нөхцөл хүнд, хооллолтийн чанар муу байсантай холбоотой тайлбарласан нь илүү тохиолддог билээ.
- Төрийн албан хаагчдын сэтгэл ханамж
Ажиллагсад эрхэлж буй ажилдаа хэр сэтгэл ханамжтай байгаа нь ажиллагчдын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг үнэлэхэд чухал шалгуур болдог. Манай энэ удаагийн судалгааны гол асуудлын нэг нь төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн асуудал байв. Уг асуудлыг тодорхой түвшинд гаргах ирэхийн тулд төрийн албан хаагчид эрхэлж буй ажилдаа ялангуяа албан тушаал, цалин хөлс, ажлын нөхцөл зэрэг ажлын байрны орчин нөхцөлдөө хэр зэрэг сэтгэл хангалуун байгааг судлаж үзсэн ба нөгөө талаас төрийн алба хашиж, төрд зүтгэсний төлөө төрийн зүгээс үзүүлэх хангамж, нийгмийн хамгааллыг хүртэх байдал ямар хэлбэрээр шийдвэрлэгдэж байгааг харуулахыг зорьсон юм.
Зураг-10
Судалгааны дүнгээс үзэхэд төрийн албан хаагчдын хувьд сэтгэл хангалуун байдлын тэргүүн зэрэгт нь эрхэлдэг ажил (71.6%) болон албан тушаал (58%) орж байхад дунд зэрэг ажлын нөхцөл (45%), сэтгэл хангалуун бус дурамжхан талдаа гэдэгт тэдгээрийн “цалин хөлс”-ний (48.6%) асуудал орж байна. Төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн дээрх үзүүлэлтийг судалгаанд оролцогсдын нас, хүйс, албан тушаалаар хоорондын хамаарлыг нь авч үзэхэд төдийлөн зөрүүтэй байдал ажиглагдахгүй байсан боловч нутгийн захиргааны аль түвшний байгууллагад ажиллаж буйгаас шалтгаалан зарим нэг сэтгэл ханамжийн асуудал өөр байв. Тухайлбал дүүргийн төр захиргааны байгууллагад ажилладаг төрийн албан хаагчдын 49,2% нь цалин хөлсөндөө, 20,3% нь ажлын нөхцөлдөө, 12,3% нь байршилдаа сэтгэл хангалуун бус байдаг бол нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдын 47,9% нь цалин хөлсөндөө, 16,5% нв ажлын нөхцөлдөө, 3,2% нь байршилдаа дурамжхан талдаа ханддаг хэмээн хариулсан байлаа. Өөрөөр хэлбэл дүүрэгт ажиллаж буй төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн үзүүлэлт нь нийслэлд ажиллагсдынхаас доогуур байна.
Төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн байдлыг нээн гаргахад чухал байр суурь эзэлсэн өөр нэг асуудал нь төрийн алба хашигчдад үзүүлэх төрийн хангамж, урамшуулалтын (мотиваци) асуудал байв. Судалгаанд оролцогчдод “Төрийн албан хаагчийн хувьд та төр засгаас томоохон ямар зүйл хүртсэн бэ? ” гэсэн хэд хэдэн сонголт бүхий асуулт тавихад ирүүлсэн хариултыг дараахь зурагт харуулав.
Зураг – 11
Эндээс харахад төрийн жишиг хүртэгчдийн дотор хамгийн их жин дарж буй асуудлыг их дээд сургуульд суралцдаг нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг хариуцсан явдал эзэлж байв. Үүнээс дутахааргүй хувийн жинтэй гарсан дараагийн нэг асуудалд төрийн одон медаоиар шагнагдсан хүмүүс орж байна. Харин орон сууц авсан, албан тушаал дэвшсэн гэсэн материаллаг болон ёс суртахууны гэж хэлж болох хоёр өөр хангамжийн эзлэх хувийн жин ойротлцоо гарчээ. Энэ нь нэг талас өнгөрсөн хугацаанд төрийн албан тушаалыг халаа сэлгээ нэлээд хийгдэж зарим хүмүүст тушаал дэвших шинэ боломж олдож байсантай холбоотой билээ. Нөгөө талаас төрийн албан хаагчдын орон байрны хангамжийг төр хариуцахаар хуулинд заасан хэдий ч хөрөнгө мөнгөний гачаалаас шалтгаалан энэс асуудал түвэгтэй байдалд осны шийдвэрлэлтийнх нь бодит түвшин харуулж байна.
Нийслэлийн, дүүргийн төр захиргааны байгууллагын албан хаагчдад албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай мэдлэг, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар олгох эсхүл албан тушаалын шаардлагаас давсан мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн мэргэшлийн дадал олгох болон хөгжүүлэх сургалт ихээхэн дутагдалтай байна. Учир нь судалгаанд оролцогчдын дөнгөж 19,2% нь гадаад, дотоод сургалтанд хамрагдсан явдал үүнийг гэрчилж байна.
- Төрийн албан хаагчдын нийгмийн хүлээлт
Төрийн албан баримталдаг үндсэн долоон зарчмын нэг нь төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, баталгааг иөр хариуцах зарчим юм. Энэ зарчмын дагуу төрийн албаны хуулинд заасан ёсоор төр тодорхой үүргэ гүйцэтгэж байгаа билээ. Төрийн гүйцэтгэж байгаа эдгээр үүрэг дотроос төрийн албан хаагдчын өөрсдийнх нь хүсэн хүлээж байгаа асуудал юу байна юэ?, тэд юу хүсээд байна вэ? гэдгийг бид энэхүү судалгаагаар гаргаж ирэхийг зорьсон юм.
“Таны хувьд эн тэргүүний хэрэгцээт зүйл тань юу вэ?” гэсэн асуултанд судалгаанд оролцогчид зурагт үзүүлсэн хариултыг өгсөн байна.
Зургаас харахад нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагуудад ажиллаж буй төрийн албан хаагчдын хувьд эн тэргүүний хэрэгцээт зүйл нь нэгдүгээрт: “Цалингаа нэмүүлэх”, хоёрдугаарт: “Орон сууцтай болох” асуудал орж байна. Төрийн албан хаагчдын хүсэн хүлээж буй асуудлын гуравдугаарт гадаадад суралцах гэсэн асуудал багтсан байна. энэ нь сургалтын хувьд өнөөгийн төрийн албан хаагчид арай өөр шатны сургалт хүсч буй бололтойг харуулж байна. Дээрх асуудулууд нь нэг талаас хувь хүний тухайд чухал гэж үзсэн эн тэргүүний хэрэгцээ боловч нөгөө талаас төрөөс юуг илүүтэй шаардаж байгааг илтгэх төрийн албан хаагчдын хүсэлт юм.
Зураг – 12