Ч.Баатар
/УТБА-ийн багш/
Шинэ толь №43, 2003
Философийн түүхэн хөгжпийн үйл явцыг эргэн харахад хүний оюун ухаан, түүний хэлбэржилт болох сэтгэлгээг олон янзаар загварчилснаас шалтгаалан философи өөртөө судлах зүйлгүй мэт болон хувирсан үе нь 18 дугаар зууны төгсгөл, 19 дүгээр зууны эхэн үетэй тохиосон билээ. Бид энэнхүү загварчлалыг эртний Грекийн агуу их философич Аристотелийн анх удаа нэрийдсэн шинжпэх ухаан хэмээх нэрээр нь төвөггүйхэн танина. Ерөөсөө олон мянган жилийн хөгжлийн замыг төвөггүйхэн туулсан философи маань Германы сонгодог философийн гайхамшигт төлөөлөгчид болох И.Кант, Г.Хегель, Л.Фейербах нарын үзэл, онол, сургаалиар нэгтгэн дүгнэгдсэн, диалектик материализм дахь гажуудалд орсныг эс тооцвол энэ цаг үе нь философиос хөгжлийн шинэ зам сонгохыг шаардаж байв.
Энэхүү байдал нь философиос өөрийн мөн чанараас татгалзах шаардлага тавиагүй боловч сэтгэлгээний уламжлалт арга хэлбэрээ бүр мөсөн орхихыг нөхцөлдүүлсэн юм. Үүнээс үндэслэн шинэ хэв маяг, арга замаар үндэслэгдэх болсон энэхүү философийг бид уламжлалт бус, тодруулбал ихэнхи сурах бичиг, ном зохиолд нэрлэж заншсанаар сонгодог бус философи гэж нэрлэх болсон байна.
Хүний бодит амьдралын утга учир, мөн чанарыг тайлбарлагч философи нь хүний оюун ухааны хөгжлийн үндэс болдог үүднээс нь авч үзвэл сонгодог бус философи нь орчин үеийн сэтгэлгээний үндсэн өв, нийгмийн хөгжлийн үндэс болоод байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй.
Сонгодог бус философи нь сонгодог философийн нэгэн адил мөн чанар, зорилго, үйл ажиллагааны чиг хандлагатай боловч дүр төрхийн хэлбэршилт, хэв загварын хувьд өдөр шөнө мэт ялгаатай. Энэ нь бие биетэйгээ төдийлөн холбоо хамааралгүй өөр өөрийн онцлог, өвөрмөц шинжийг агуулсан нэгж хэсгүүд буюу урсгал, чиглэл маягаар хөгжсөнд байгаа юм.
Энэ байдал нь аль ч философийн урсгал, чиглэлийг хэзээ ч нэгтгэн дүгнэж болдоггүйгээр илэрдэг. Үүний учир нь сонгодог философийг бүрэлдүүлэгч урсгал, чиглэлүүд нь тодорхой хэм хэмжээ, зааг хязгаар, хэвшин тогтсон ойлголтонд захирагдадгүй үзэл баримтлалын эрх чөлөөт шинж хандлагатай байдагт оршино. Бид орчин цагийн оюун санааны хөгжлийн илэрхийлэл болсон урсгал чиглэлүүдээс постмодернизмыг онцлон авч үзье.
Постмодернизм хэмээх ойлголт нь XX зууны хориод оны үеэс эхлэн бий болсон бөгөөд хөгжлийнхөө эхэн үедээ зөвхөн утга зохиолын хүрээнд хэрэглэгдэж байжээ. Энэ үед уг нэр томъёо нь модернизмын хөгжлийн дараагийн шат, бүх юманд шингэсэн хэт модернизмчлэл гэсэн хоёр утгаар хэрэглэгдэж байв. Энэхүү хоёрдмол утга санаанаасаа үүдэн нийгмийн оюун санааны хүрээнд төдий л өргөн тархалтыг олж чадаагүй юм. Гэвч хүний нийгэмд хандах хандлага хийгээд амьдралыг ойлгох ойлгоц нь дэлхийн хоёрдугаар дайнаас шалтгаалан бий болсон өөрчлөлтэй уялдан хөгжин цэцэглэх боломж нэгэнт бүрджээ.
Үгчилж ойлговол постмодерн гэдэг нь орчин үеийн, шинэ үеийн дараа гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь орчин үеийг зохистой байдалтай байлгахын тулд түүнд хэт хувирамтгай байдалтай хандах ёстой хэмээх сэтгэлгээ ноёрхож байсан барууны сэтгэлгээний онцлогг захиалгатай мэт тохирч байв. Тэрбээр 1950-1960-аад оны үеийн философид оюун санааны ердийн байдлыг эвдэн олон шинж байдалд хувирах үзэл хандлага давамгайлж байсан нь постмодернизмыг хөгжихөд томоохон хөшүүрэг болсон байна.
Энэ утга томъёололоос үүдэн ойлговол постмодернизм нь хүн орчин үеэс өөр орчин руу зугатан дайжихад туслалцаа үзүүлэх зам мөр юм. Мөн постмодернизмын утга, агуулгыг тодорхойлох гэж оролдвол дараахь утгачлал гарч ирнэ. Энэ нь хүний оюун санааны хөгжпийн үйл явцыг “хаашаа явах вэ?”, “урагшаа юу? хойшоо юу?” гэдгийг нь тодорхойлох бус хүний оюун санаа ба түүнээс үүдэн бий болох амьдралын орчин нь байнга өөрчлөгдөж байх ёстой. Одоо байгаа тэр бүхнийг үгүйсгэх, түүнийхээ үндсэн дээр тэс ондоогоор хувиргаж өөрчлөх арга зам нь постмодернизм мөн хэмээн ойлгоход буруудахгүй.
Постмодернизмд энэ сэтгэлгээний хэв маягийг бий болгох болсон шалтгаан нь хүний оюун санаа, түүний шууд тусгал болдог нийгмийн дараахь гурван үйл явцаас улбаатай гэж үздэг. Эдгээр нь:
- Хүний оршин тогтнох зохистой нөхцөл байдпыг бий болгоход шаардагдах нийгмийн боломж дууссан.
- Нийгэм дэх техник, технологид суурилсан хүмүүнлэг бус үйл явцын хэт давамгайлал,
- Урьд өмнө нь хүний оюун санааны амьдралд төдийлөн хамаатай бус байсан нийгмийн бүлэглэлүүд түүний төлөвшилтөнд хэтэрхий нөлөөлөх болсон, Жишээлбэл, энд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө юм уу, байгаль орчныг хамгаалах тухай асуудал яригдаж байна.
Постмодернизм маш олон зүйл дээр өөрөөр хэлбэл, хүнтэй холбогдож болох бүхий л юмс, үзэгдэл, үйл явцад яригдаж болох боловч энд бидний өгүүлэх хамгийн гол асуудал нь түүний философийн үндэслэгээ юм.
Постмодернизмын философийн үзэл санааны хөгжпийн эх үндэсийг тавигч яахын аргагүй Францын философич Жан Франсуа Лиотар юм. Тэрбээр 1950 онд Сорбонны их сургуулийг философийн мэргэжлээр төгссөн бөгөөд өөрийн амьдралын дийлэнхийг Алжирт өнгөрөөсөн ажээ.
Ж.Ф.Лиотар нь 1950-иад оны дунд үеэс эхпэн орчин үеийн филрсофийн томоохон чиглэлийн нэг болох феноме-нологийн судалгааг идэвхтэй явуулснаараа өөрийн өвөрмөц шинжтэй феноменологи арга зүйг боловсруулсан байдаг. Түүний философийн гол үзэл баримтлал нь үгүйсгэл хийгээд нотолгоо ба олон хандлагат философийн арга зүй бөгөөд энэ байдлаас үүдэн постмодернизмын хөгжпийн мөн чанар, түүний чиг хандлагыг тогтоож өгсөн байдаг. Ж.Ф.Лиотарын бичиж 1979 онд анх хэвлүүлсэн “Постмодернист байдал” хэмээх гайхамшигт зохиол нь өмнө нэгтгэгдэж, нэг үзэл санааны хэлбэр болж чадаагүй байсан постмодернизмын ойлголтуудыг философийн үүднээс үндэслэж өгчээ.
Постмодернизмын хөгжлийн оргил үе нь 1980-1990-ээд он бөгөөд түүний үзэл санааг жинхэнэ философийн онол, арга зүйн үүднээс бүрэлдэхэд Францын философич Жак Деррида, Жиль Делёз, АНУ-ын философич Ричард Рорти, Оросын философич Надежда Маньковская нар томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн Францын философич Жан Бодрийяр, Италийн философич Ж.Ваттимо нарын нөлөө ч багагүй юм.
Постмодернизм нь XX зуунд хүн төрөлхтөний оюун санааны хөгжпийн гайхамшигт бүтээлүүдийн нэг яахын аргагүй мөн бөгөөд өөрийн олон талт, тогтвортой бус, хувирамтгай, өвөрмөц, содон, этгээд үзэл баримтлалуудаараа орчин цагийн философийн урсгал, чиглэлүүдээс эрс ялгардаг.
Тэгээд ч постмодернизмын үзлээр орчин үеийн сонгодог бус философи гэгддэг урсгал, чиглэлүүд нь үнэн чанартаа сонгодог философийн үзэл баримтлалаас ангижирч чадаагүй. Зөвхөн тухайн сонгодог философийн үзэл баримтлалуудыг ондоо нөхцөл байдалд, түүнд тохирсон хэлбэрээр хөгжүүлж байна хэмээн шүүмжилдэг. Тэгээд ч зогсохгүй постмодернистуудын үзлээр аливаа нийгэм экзистенциализм, прагматизм, позитивизм гэх мэт философийн үзэл баримтлалуудаар оюун санааныхаа амьдралын мөн чанарыг төсөөлж, түүнд захирагдах юм бол өөрийгөө илэрхийлэгч гайхамшигт оюун ухаанаа өөрийн гараар авсанд хийж буй явдал мөн гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор хүн өөрийгөө бусад адгуусан амьтнаас илт ялгагч, хөгжин хувьсамтгай шинж чанараа үүрд гээн, хорвоо ертөнцөд оршин байх эсэхэд нь бодит аюул нүүрлэнэ гэж үзжээ.
Постмодернистуудын философидолтын хамгийн гол шинж нь нэг ойлголтыг дэвшүүлэн тавьж, түүнийхээ эсрэг ойлголтуудтай нь зөрчилдүүлэн түүнээс гаргалгаа гаргахыг зорих явдал юм. Энэ үүднээсээ тэд шинжпэх ухаан, түүний хэвшмэл арга зүйгээс татгалзах, аливаа зүйлд эцсийн дүгнэлт өгч, тухайн асуудлыг цэглэх, нэгэн сэтгэгчийн үзэл баримтлал ба шинжпэх ухааны тодорхой нэгэн онолд баригдан хэт явцуурах зэрэгтэй үзэл санааны тууштай тэмцэл хийж, хатуу ширүүн шүүмжлэл өрнүүлдэг.
Мөн нийгмийн амьдралын хүрээнд ч энэ чиг хандлага нь байх ёстой гэж үздэг бөгөөд хүмүүс ямар нийтлэгт (хууль, ёс суртахуун гэх мэт) захирагдан өөр хоорондоо зөвшилцөлд хүрэх арга замыг хайх, мөн зөн билгийн мэдрэмжээ хязгаарлан бүхнийг бодит байдалтай уялдуулан авч үзэх, гоо сайхны ба ёс суртахууны тодорхой нэг хэм хэмжээнд өөрийгөө зохицуулах зэрэг нь хүний амьдралын үндэс, жинхэнэ утга учрыг алдагдуулдаг. Энэ утгаараа хүн тодорхой нэгэн үйлдэл хийж, өгөгдсөн зааврын дагуу үүрэг гүйцэтгэж, үйл явцыг бусдын шууд зааварчилгаагаар хэрэгжүүлж адгууснаас ялгаагүй болно гэж үздэг байна.
Тиймээс ч постмодернизм нэгэн зорилго, шинж чанарыг агуулж байгаа мэт боловч сэтгэгч бүр дээр харилцан адилгүй үзэл баримтлалыг бий болгосон байдаг. Жишээлбэл, Францын постмодернист ЖЛакан бодит байдлыг түүний үндэс болсон сэтгэлгээ, түүнийг илэрхийлэт билэгдэл гурвын хүний үйл ажиллагаанд нөлөөлөх зүй тогтолт чанарыг судалгаанынхаа гол зорилго болгосон бол, Ж.Ф.Лиотар орчин үеийн өөрчлөлт хөгжпийн үндэс нь техник, шинжлэх ухааны хөгжил юм гээд, түүнийг засаглалд хандуулан судалсан байдаг.
Гэхдээ постмодернизм нь философийн байр суурийнхаа үүднээс дараахь нийтлэг үйл явцуудыг хүний оюун санааны амьдралд хэрэгжүүлэх гэж оролддог. Эдгээр нь хүний оюун санааг эрүүл байлгах үндэс болдог гэж үздэг байна. Үүнд:
- Хүний оюун санаа аль болохоор их зөрчлийг агуулж байх.
- Хүний нийгмийн амьдралыг олон ургальч, олон эшт үзлийн үүднээс ойлгох.
- Хүн өөрийнхөө зөн билгээс хэзээ ч татгалзаж болохгүй бөгөөд түүний мэдрэмжийг байнга хурцалж байх.
- Шинжлэх ухааны хэвшил болсон ойлголт, зарчмуудыг зоригтойгоор үл зөвшөөрч, үгүйсгэж чаддаг байх.
- Амьдралын хэв загвараа байнга сольж, өөрчилөн нэг загварыг тогтворжуулахгүй байх.
- Олж авсан мэдлэг, үзэл баримтлалтайгаа тухайн цаг үед л үнэнч байх. Цаг хугацаа өнгөрөх тутам түүний үнэ цэнэ нь буурдаг тул, түүнийг хурдан таягдан хаяж байх.
- Ямар ч зүйлийг үгүйсгэж, өөр зүйлээр сольж чаддаг байх. Яагаад гэвэл энэ байдал аливаа хөгжлийн үндэс болдог.
- Нийгэмд байгаа нийтлэг эрх ашиг, сонирхолд хөтлөгдөлгүй шаардлагатай үед өөрийнхийгээ түүнээс дээгүүрт тавьж чаддаг байх.
- Ёс суртахууны нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлсийн тогтолцоог устгах зэрэг юм.
Постмодернизм онцлог утга, өвөрмөц шийдэл бүхий содон үзэл санаануудаараа бүхэл бүтэл философийн урсгал болон төлөвшиж тодорхой үеийн хүн төрөлхтөний оюун санааны илэрхийлэл болж чадсан юм. Одоогоор нэгэнт постмодернизм нь хөгжпийн дараагийн шатанд орсон бөгөөд энэ нь Ж.Дерридагийн үзэл баримтлалаас үүдэн гарсан пост-постмодернизм юм.
Ийнхүү бид орчин үед философи сэтгэлгээний үйл явцад хамгийн их хэрэглэгддэг хэллэгийн нэг болох постмодернизын тухай цухас ойлголтыг авч үзлээ.