Ц. Батмөнх
/Конрад-Аденауэрын Сангийн Суурин төлөөлөгчийн газрын ажилтан/
Шинэ толь №45, 2003
ПАРЛАМЕНТ НЭЭЛТТЭЙ, ЦӨӨНХИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАН АЖИЛЛАЖ ЧАДСАНААР ПАРЛАМЕНТАТ ЁС ТӨЛӨВШИНӨ
Түлхүүр үг: Хүний хөгжил, парламентын засаглал, танхим тэгш эрх, реформ
I
Олон улсын хамтын амьдралд сөргөөр үйлчилж байсан хүйтэн дайны уур амьсгал, Өрнө-Дорнын сөргөлдөөн өнгөрсөн зууны сүүлчээр эцэс болж эхэлснээр Монголд ардчилсан хувьсгал өрнөж, хөгжлийн диалектикийн төөрөгдлөөс ангижран, хүний жам ёсны хөгжлийн үндэс суурийг нөхөн бүрдүүлэхийг бид юутай ч зориод байгаа.
Хүн төрөлхтний түүхэн туршлага, дэвшил ололтуудыг үндэс болгон Монгол орны хөгжлийн түлхүүрийг тодорхойлсон баримт бичиг – шинэ Үндсэн хуулийг баталж чадсан явдалд ардчилсан хувьсгалын нэгээхэн ач холбогдол оршино.
Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төр нь Монгол орны хөгжлийн баталгаа мөн болохыг тодорхойлов. Үүнийг нийгмийн амьдралын өдөр тутмын хэм хэмжээ, хэрэгцээ болгон хэрэгжүүлэх, хэвшүүлэхийн төлөө процесс сүүлийн 10 гаруй жилд явагдаж ирлээ. Энэ хугацаанд гарсан амжилт- уналт, оноо-алдаа, зөв-буруу нь шилжилтийн үеийн өнгийг тодорхойлж байна.
Шилжих процесс бидний хувьд улс төр-эдийн засгийн хосолмол хүрээнд явагдаж байна. Хос шилжилтийн үндсэн зорилтыг энгийнээр илэрхийлбэл Хүний хөгжлийн таатай орчныг бий болгох зорилт мөн.
Иргэд эрх чөлөө эдлэн, чөлөөтэй сэтгэн бодож, түүнийгээ тэгш байдал, дэг журмыг ханган гүйцэлдүүлснээр хөгжих ба хөгжлийн арга зам, бүтэц, зохион байгуулалт, хэм хэмжээ, үнэлэмжийг бүрдүүлэх асуудал шилжилтийн процессын агуулга нь юм.
II
Улс төрийн тогтолцооны хувьд бид төлөөллийн ардчилал болох парламентын засаглал, түүний бүгд найрамдах хэлбэрийг сонгож авсан. Ингэхдээ “ард түмнээр байгуулагдаж, ард түмний төлөө ажиллах ард түмний засаглал” байх шалгууртайгаар сонголтоо хийсэн. Үүнийгээ л үндсэн хуульчилж өгсөн билээ.
Чухамхүү энэ шалгуур хэрхэн хэмжигдэж, яаж хэрэгжиж, ямар үр дагавар болоод үр дүн үзүүлж байгаагаар бидний өөрсдийгөө болоод нийгмээ ардчилах үйл явц үнэлэгдэнэ.
Өөрөөр илэрхийлбэл, хүний хөгжлийн суурь нөхцөл нь болсон ардчилалд бид хэрхэн суралцаж, ардчиллын үнэт зүйлсийг амьдрал ахуйдаа хэрхэн өдөр тутмын ердийн хэрэглээ болгон дадаж байгаагаар Монголын ардчилсан хөгжлийн явц, хурдац тодорхойлогдоно.
Ардчилсан шинэ Үндсэн хууль маань гэхдээ ардчиллын бодит байдлын илэрхийлэл биш, харин итгэл үнэмшилтэй ардчилсан иргэн л ардчилсан нийгмийн баталгаа болж чадах ба үүнд л Монголын нийгмийн хөгжлийн амин сүнс нь оршино хэмээн онцлохыг минь зөвшөөрнө үү.
Ийм учраас иргэдийн улс төрийн боловсрол, ялангуяа шилжилтийн үеийн улс төрчдийн улс төрийн боловсрол, ёс зүй, улс төрийн соёлыг “илүү сайн ардчилах”, дээшлүүлэх явдал нэн чухал ба тэр хэмжээгээр парламентын засаглалын хөдөлгүүр болсон улс төрийн намуудын чиг үүрэг, харилцаа, үнэт зүйлсийн ижил баримжаа маш их үүрэг гүйцэтгэнэ.
Ill
Парламент, парламентын ардчилал/парламентын засаглал, парламентат ёс хэмээх ойлголтуудын талаар нэлээдгүй ярьж бичдэг.
Нэгэнт бид парламентын засаглал бүхий улс төрийн тогтолцоотой (болсон) учраас парламент хэмээх энэхүү улс төрийн институтын мөн чанар, үндсэн зарчим, чиг үүргийг хүний эрх, хүний хөгжпийг хангах, хамгаалах “байгууллага” гэдэг талаас нь ойлгож, үнэлэлт дүгнэлт өгөх учиртай ба энэ ойлголт нэн тэргүүнд парламентын гишүүдэд амин хамааралтай.
Парламентат ёс гэдгийг энд илүү тодруулах аваас, нийгэм- төрийн харилцааг бүх нийтийн чөлөөт, шударга сонгуулиар байгуулсан төлөөллийн байгууллагаар зохицуулж, хянах засаглалын хэлбэрийг хэлэх ба энд улс төрийн харилцааны маш олон асуудал, тухайлбал үндсэн хуульт ёс, эрх мэдлийн хуваарилалт, хяналтын тогтолцоо.
олон ургальч үзэл, сонирхлын бүлэг, олон намын тогтолцоо, сонгууль, олонхи цөөнхийн харилцаа, нутгийн өөрийн удирдлага, нээлтэй нийгэм Г.М., хамааран сүлжилдэж байдаг.
“Ярих”, “хэлэлцэх” гэсэн язгуур утгыг илэрхийлэгч “parle“ үгнээс үүсэлтэй “Парламент“ нь хууль тогтоох эрх бүхий төлөөлөгчдийн дээд байгууллага — манайд УИХ болохыг хэн хүнгүй сайн мэднэ. Парламент гэдгийг энгийнээр орчуулбал үг хэлэх, ярилцах танхим гэж хэлж болно.
Харин парламент хүний эрх, хүний хөгжлийг ханган баталгаажуулахын төлөө мэтгэлцээний ил тод, нээлтэй индэр байх ёстой гэдгийг нь тэр бүр анхаардаггүй. Эндээс парламентын үйл ажиллагааны үндсэн зарчим харагдана.
Үүнд:
- Улс төрийн амьдрал бүхэлдээ олон нийтэд ил тод байх,
- Парламентын олонхийн бодлого ба цөөнхийн хувилбар олон нийтэд нээлттэй хэлэлцэгдэх,
- хэвлэл мэдээллийн эрх чөлөө хангагдсан байх зарчмууд багтана.
Эдгээр үндсэн зарчмын дагуу парламент өөрийн үндсэн чиг үүрэг болох:
- засгийн газрыг эмхлэн байгуулах
- хууль батлан гаргах (санаачлах, хэлэлцэх, батлах, нийтлэх),
- засгийн газар, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх учиртай юм.
Ардчилсан эрх зүйт төрд парламентын ажиллагаа нээлттэй, ил тод, ихэнхдээ аман хэлэлцүүлгийн зарчмаар явагддаг.
Учир нь: Парламент нээлттэй байж, хэлэлцүүлэг, мэтгэлцээн ил тод байхын хэрээр бодит үнэн, шударга байдал үйлчилдэг механизм оршиж байдаг. Үүний зэрэгцээгээр нээлттэй, ил тод ажиллагаа нь улс төрийн эрх мэдлийн (нэн ялангуяа олонхийн) хэт давамгайлал, улс төрийн хүчирхийллийг үгүйсгэж, дур зоргоос эрх мэдлийн дур зоргоос эрх зүйт ёсон хүчтэй гэдгийг илтгэн харуулж байдгаараа маш их ач холбогдолтой.
Парламентын үйл ажиллагаа ил тод байх тусам төлөөллийн үүрэг, хариуцлага тэр хэмжээгээр тодорхой болж, улс төрийн хүчнүүдийн зөвшилцөх, хамтран ажиллах боломжийг шаардаж, мөн бүрдүүлж байдаг юм.
Парламентын ардчилал эрчимжих, хууль тогтоох болоод гүйцэтгэх хүрээнд тавих хяналтын механизм зөв үйлчлэх, Ингэснээр ардчилах үйл явц бүхэлдээ чанаржихад парламентын сөрөг хүчний үүрэг роль маш өндөр. Улс төрийн олонхи, цөөнхийн харилцаан дээр парламентын засаглал, парламентат ёс оршин тогтнож байдаг. Энэ нь эргээд нийтийн эрх ашигт нийцдэг учраас улс төрийн цөөнх, түүн дотроо парламентын цөөнхийг эрх зүйн хамгаалалтад авч, үндсэн хуульчилж өгдөг.
Улс төрийн намын цөөнх, парламентын сөрөг хүчин оршин, тэдний тэгш эрх хангагдсанаар олон нийтийн яриа хэлэлцүүлэг өрнөж, олон ургальч өрсөлдөөн, үзэл бодол, шийдлийн эрэл хайгуул, зорилтын ялгаа гарч, иргэд өөрсдийн итгэл үнэмшлээ олж авдаг. Ингэснээр иргэд, сонгогчид хяналтаа тавьж, сонголтоо хийн, парламентын бүрэлдэхүүнийг тодорхойлж байдаг. Тиймээс ард түмэн өөрийнх нь сонголтын дүнд бий болсон олонхи, цөөнхийн талаар адил тэгш мэдээлэл авах эрхийг эдэлнэ.
УИХ нь нэг танхимтай парламент учраас төлөөллийн хариуцлага улам өндөр байхыг зүй ёсоор шаарддаг. Учир нь манай парламентын онцлог нь ажлын ба мэтгэлцээний парламентуудын шинжийг зэрэг агуулж байдагт оршино.
Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламентад байдаг онцлогуудыг нэгэн зэрэг өөртөө агуулж байдгаараа илүү нээлттэй, илүү өрсөлдөөнтэй, тэр хэмжээгээр зөвшилцлийн ардчилалтай ажиллах ёстойг илэрхийлж буй юм.
Зөвшилцлийн ардчилал манай парламентын үйл ажиллагааны нэг үндэс болон төлөвших учиртай ба зөвшилцөлд хүрч шийдвэр гаргах үйл явц хэдийгээр бэрхшээлтэй, хугацаа их шаарддаг боловч уг шийдвэр нь нийгмийн ихэнхи хэсгийн ашиг сонирхолд нийцэн дэмжлэг авч чаддагт гол нь байгаа юм.
Үндэсний улс төрийн хүсэл зоригийн илэрхийллийн индэр нэг ёсны “Үндэсний форум” болох парламентын өдөр тутмын үйл ажиллагаа, чиг үүргийн биелүүлэлт, ардчиллын үнэт зүйлс, үнэлэмжийг бүрэн агуулсан хууль батлагдан гарахад түүний өөрийнх нь зохион байгуулалт, үйл ажиллагааных нь эрх зүйн үндэс (Үндсэн хуулиас гадна) болсон парламентын хууль, хуралдааны дэг, гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиуд ялгаагүй чухал.
Хууль тогтоох болон хяналт тавих ажиллагаа дур зоргоор явагдах учиргүй. Маш тодорхой, ойлгомжтой томъёологдсон процедуртай байснаар парламентын олонхи, цөөнх эрх тэгш байж, эрх ашгаа хамгаалан илэрхийлж чадах ба ингэснээр хүчтэй нь эсхүл тохиолдлын байдлаар уг процедурыг нэг тал руу хазайлган өөрчлөх боломж устана.
Түүгээр үл барам бүх нийтийн ардчилсан сонгуулиар хууль ёсны (легитим) болсон олонхийн эсрэг хүчин төгөлдөр үйлчилдэг хуулийн заалттай ардчилсан парламент байдаг.
Тодруулбал: парламентын олонхи нь өөрийн эрх ашгийн үүднээс энэхүү институтын үйл ажиллагааны зарчмыг хөндөх, сөрөг хүчин, жижиг намын ашиг сонирхолд харшлах аливаа өөрчлөлтийг дээрх хууль тогтоомжид хийхийг хориглосон байдаг. Парламентын бүхий л үйл ажиллагааг хэлэлцүүлэг, мэтгэлцээн, хууль батлан гаргах явц, байнгын хороодын ажиллагаа эрх тэгш журмаар явагдах учиртай ба үйл ажиллагааны процедурт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарвал хууль батлан гаргадаг тэр л замаар олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж тогтоох ёстой байдаг. Улс төрд ч эрх чөлөө, тэгш эрх баталгаажсан байх явдал үүний цаад утга нь юм.
IV
Ардчилал хөгжсөн парламентын засаглалтай орнуудад мэдээллийн болон хяналтын үйл ажиллагааг ил тод, эмх цэгцтэй, зайлшгүй байлгах үүднээс хуульчилсан бүтэц-зохион байгуулалт, дэгтэй байдаг. Энэ нь ялангуяа цөөнхийн зүгээс олонхийн болон олонхиос бүрдсэн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавьж мэдээлэл авахад түлхүү чиглэгддэг ба ийм процедурыг маш нарийн хуульчилсан байна.
Мөн парламентын цөөнхийг фракцтай (бүлэгтэй) ба фракцгүй (бүлэггүй) цөөнх гэж тодотгон, тус бүрийн эрх хэмжээг тодорхойлж зохицуулж, эрхийг нь хамгаалж өгсөн байдаг.
Мэдээллийн болон хяналтын тогтолцоог парламентын дотоодод хэрхэн хангаж, боловсронгуй болгож ирснээр нь Тэрхүү парламентын (реформын) түүхэн хөгжил тодорхойлогдоно. Манай парламент – УИХ-ын хувьд зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны процедурын реформ өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд үнэндээ хангалтгүй явагдаж ирснээр барахгүй, парламентат ёсны төлөвшилтөд шууд сөргөөр нөлөөлөх хууль тогтоомжийн (цөөнхийн үг хэлэх эрхийн талаар) өөрчлөлт хийсэн нь нийгмийг ардчилах процесст зогсонги, ухралтын байдлыг бий болгоод байна.
Монгол оронд ардчилсан парламентат ёс хөгжин төлөвшихөд хөгжингүй орнуудын парламентын үйл ажиллагааны хэвшсэн практик туршлагуудыг судлах нь өргөн ач холбогдолтой. УИХ-ын ердийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйг бид мэднэ. Олонхийг хэн бүрдүүлнэ, түүний ашиг сонирхлоор“ дотоод үйл ажиллагаа нь явагдаж, Тэр хэмжээгээр гадагшаа үйлчилж байна.
Ямар хуулийг яаж батлах вэ, юуг нь яаж өөрчлөх вэ, гүйцэтгэх засаглалд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, улс төрийн ээдрээтэй асуудлыг яаж шийдэрлэх вэ, эдгээрийг олон нийтэд хэрхэн мэдээлэх вэ зэрэг нь үндсэндээ олонхийн “тааллаар“ л шийдэгдэж байгаа. Цөөнх, сөрөг хүчин, нийгмийн сонирхлын бүлгүүд, иргэний нийгмийн эрх ашиг, сонирхол, байр суурь энэ процесст (хууль бүтээх, хянах) маш хангалтгүй оролцож (оролцуулж) байна. УИХ-аас батлагдан гарч буй хуулиудын хэм хэмжээ нь ардчиллын үнэт зүйлс, үндсэн хуулийн үзэл санаанд хангалттай нийцэхгүй байгаа нь манай парламентын дотоод ардчилалтай шууд холбоотой. Тэгэхээр УИХ-ын “процессын хууль тогтоомжуудыг шинэчлэх, илүү сайн
Ардчилахад анхаарлаа хандуулах шаардлага нийгмийн гишүүдийн өмнө тулгараад байна.
Парламентын олонхи, цөөнхийн харилцаа, ялангуяа хяналтын чиг үүрэг өнөөгийн УИХ-д цонхоос алдаг оног асуулга тавих хэлбэрээр л хэрэгжиж байна. Хөгжингүй ардчилсан орнуудын парламентын (мэдээллийн ба хяналтын үйл ажиллагааны зарим хэвшсэн туршлагуудаас авч үзье. Парламентын үйл ажиллагааны, тодруулбал хэлэлцүүлэг, мэтгэлцээний олон арга хэлбэр нь бүхэлдээ олон нийтийн нүдэнд харагдаж, чихэнд сонсогдон, мэдээлэл авах, хянах эрх-д нь үйлчлэх учиртайг энд онцлоё.
Доор дурьдсан арга хэлбэрүүдийг нийтэд нь парламентын мэдээллийн ба хяналтын инструмент гэж нэрлэсэн ч байдаг.
- “Их”, “бага” хэлэлцүүлэг
Парламентын олон нийтийн анхаарлыг хамгийн их өөртөө татдаг, хамгийн сонирхолтой, үйл ажиллагааны оргил үе нь “их” хэлэлцүүлэг байдаг. Засгийн газар үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлж, бодлогынхоо цөмийг илтгэн тайлбарлах, нийгэмд хамгийн өргөн хамааралтай хуулийг хэлэлцэх, шуугиантай асуудлаар сөрөг хүчнээс “их асуулга” тавих асуудлууд “их” хэлэлцүүлэг явагдах нөхцлийг үүсгэдэг. Жил бүрийн улсын төсвийн төсөл “их” хэлэлцүүлгээр шийдэгдэн батлагддаг. “Их” хэлэлцүүлгээр яригдаж буй асуудлууд иргэдийн амьдралд шууд нөлөөтэй, холбоотой байдаг тул иргэд парламентын хэлэлцүүлгийн энэ хэлбэрийг маш их таалан хүлээж авдаг байна. “Их” хэлэлцүүлэг хэдэн долоо хоногоор эрчимтэй үргэлжлэх нь ч бас бий.
Парламент аливаа хэлэлцэж буй асуудлыг нарийвчлан авч үздэг учраас “бага” хэлэлцүүлэг нь тухайн салбар, чиглэлийн гүнзгийрүүлсэн мэдээлэл болон статистик тодруулга хийхэд илүүтэй үйлчилдэг. “Бага” хэлэлцүүлэг тухайлсан салбар чиглэлийн, мэргэжлийн шинжтэй явагддаг учраас улс төрийн хүчнүүдийн уг асуудлаар дагнасан “мэргэжилтнүүд”-ийн хооронд ихэвчлэн явагддаг. Энэ үүднээс хэлэлцүүлэгт оролцогч гишүүдийн тоо харьцангуй цөөхөн байх ба хэлэлцүүлгийн хугацаа тэр хэмжээгээр богино бөгөөд тодорхой байдаг. “Их”, “бага” хэлэлцүүлэг нь бүхэлдээ засгийн газрын үйл ажиллагааг хянахад чиглэхээс гадна түүнд чадамжийн сорилт тавьж, илүү сайн ажиллах шахалт үзүүлдэг механизм болдог байна. Нөгөөтэйгүүр засгийн газар үйл ажиллагаагаа, өөрөөр хэлбэл, бодлогоо олон нийтэд түлхүү тайлбарлан таниулахад ач тустай. Хэлэлцүүлгийн энэ хоёр хэлбэрийг нээлттэй, ойлгомжтой бөгөөд сахилгатай хэрэгжүүлж чадсанаар иргэдэд парламентын олонхи, цөөнхийн бодлого, байрь суурийг харьцуулан таниж мэдэх боломж нэмэгдэнэ.
- “Асуултын тусгай цаr”
Дотоод харилцааны энэ хэлбэрээр засгийн газрын гишүүд парламентын гишүүдэд мэдээлэл өгдөг ба үндэсний, бүс нутгийн болон тойргийн асуудлууд илүүтэй яригдана. Практик дээр тойргийн асуудлууд давамгайлж, тавьсан асуултаараа олонд илүү танигдах боломж парламентын гишүүдэд олддог байна. Чуулганы хуралдааны 1-2 цаг орчмыг асуултын тусгай цаг эзэлнэ.
- “Нэмэлт (шуурхай мэдээллийн цаг”
“Асуултын тусгай цаг”-т хангалттай хариу авч чадаагүй гишүүдэд засгийн газрын гишүүд нэмэлт мэдээлэл өгч, хариулдаг. Сөрөг хүчнээс (бүлэгтэй ба бүлэггүй цөөнхийн аль аль нь) засгийн газрын өгсөн мэдээлэл, хариултыг хангалтгүй, хүссэн мэдээллээ бүрэн авч чадаагүй гэж үзвэл тэдний хүсэлтээр хэрэгждэг хэлбэр юм.
Шуурхай мэдээллийн хүрээнд цаг үеийн тулгамдсан асуудлуудаар мэдээлэл товчхон солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон шийдэлд хүрээд бусад ажлаа үргэлжлүүлдэг практик нэлээд байна.
- “Засгийн газрын хуралдааны мэдээлэл”
Засгийн газар хуралдаан хийж дуусгаад (тэр өдөртөө, эсхүл маргааш нь) парламентад дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. Уг хуралдаанаар авч хэлэлцсэн сэдвүүдээр парламентын гишүүд асуулт тавьж, “нарийвчилсан” мэдээлэл авдаг. Харилцааны энэ хэлбэр нь юун түрүүн парламент, засгийн газар хоорондын мэдээлэл солилцоо шуурхай, эрчимтэй байх сайн талыг агуулдаг.
- “Х” гарагийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн
Долоо хоногийн аль нэг гарагийг сонгон, парламентын хуралдааныг телевиз, радиогоор шууд дамжуулан зохион байгуулдаг энэ хэлбэрийг иргэд, сонгогчид Тааламжтай хүлээн авч, сонирхдог. Зарчмын болоод хамгийн амин чухал сэдвүүдээр хэлэлцүүлэг, мэтгэлцээн явагдах ба энэ үеэр парламентын бусад нэгж байгууллагууд аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй.
Сонгон тогтсон гараг нь ихэвчлэн долоо хоногийн дундуурх Лхагва, эсхүл Пүрэв гараг байх ба хэлэлцүүлэг ямар нэг засваргүйгээр иргэдэд шууд хүрснээр хуралдааны ажиллагаа парламентын гадна болоод дотор илүү сонирхолтой болдог байна. Хэлэлцүүлэг, мэтгэлцээн эмх цэгцтэй, иргэдэд ойлгомжтой байхаар зохион байгуулагдаж, иргэд аль болох олон гишүүний санаа бодол, байр суурийг мэдэх үүднээс нэг гишүүн нэг удаа 10 минутад багтаан өөрийн санал шүүмжлэлээ илэрхийлдэг байх жишээтэй.
- “Олон нийтийн мэдээлэл” (public hearing)
Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллага, холбоод мэдээлэл хийж, ашиг сонирхолоо илэрхийлэн, хуулийн төслүүдэд тусгуулах, тэдгээрийг (хуулийн төслүүдийг) нээлттэй хэлэлцэх, хянах боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө “Олон нийтийн мэдээлэл” (public hearing) маш их ач холбогдолтой. Энэ хэлбэрийг парламентын засаглалтай орнууд маш өргөн хэрэглэх болсон ба Байнгын хороонуудын хуралдааны салшгүй нэг хэсэг болон төлөвшиж байна. Олон нийт, иргэний нийгмийн мэдээллийг парламент ийнхүү сонсохын зэрэгцээ эдгээр нь парламентын болон байнгын хороодын хуралдаанд идэвхигүй (пассив) оролцож мэдээлэл авдаг нөгөө нэг хэлбэр – байнгын хорооны мэдээлэл (comittee hearing) – ч мөн ардчилсан парламентад хэрэглэгддэг.
Монголд энэ хоёр хэлбэрийг шинээр нэвтрүүлж эхэлсэн ба харин буруу хэрэглэх зарим хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, “Олон нийтийн мэдээлэл” (public hearing) хэлбэрээр УИХ-ын гишүүд иргэний нийгэм, олон нийтийн байгууллагыг өргөн оролцуулан, санаа бодол, байр суурийг нь сонсон, хуулийн төслүүдэд ашиг сонирхлыг нь тусгаж өгөх байтал, эсрэгээр, тэдэнд өөрсдийгөө сонсгон, үг хэлэх, мэдээлэх боломж олголгүй нөгөө хэлбэртэй нь хольж (эсхүл “андуурч”) хэрэгжүүлэх явдал харагдаж байна.
- “Тусгай комисс байгуулан ажиллуулах”
(жишээ нь enquete-comission)
Парламентын гишүүд болон мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн холимог баг буюу комисс байгуулан тухайн асуудлаар ул суурьтай судалгаа хийн, үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэрлэх боломжуудыг тогтоох, хуулийн төсөл боловсруулах хэлбэр байдаг. Ийм комисс нь урт хугацаанд (2, эсхүл бүр 3 жил ч юмуу) ажиллах ба нэг онцлог нь парламентын байр суурийг засгийн газрын эсрэг (эерэг утгаар) бататгахад түлхүү чиглэнэ.
Энэ нь засгийн газрыг парламент хянахын хажуугаар гүйцэтгэлийн альтернатив хувилбарыг дэвшүүлдгээрээ сайн талтай. Комиссоос улс төржсөн дүгнэлт гарах магадлал багасдагт бас нэг давуу тал бий.
- “Мөрдөн шалгах ажиллагаа“ (impeachment)
Төрийн өндөр албан тушаалтнуудыг хариуцлагад татах, мөрдөн шалгах, албан тушаалаас нь огцруулах эрх зүйн боломж, арга хэрэгсэл болох импичментийг хэрэглэснээр парламентын хяналтыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах боломж нэмэгдэнэ. Харин импичмент зөвхөн эрх зүйн инструмент байх уу, эсхүл түүнийг улс төрийн инструмент болгон ашиглаж болох уу гэдэг дээр тогтож, анхнаас нь сайтар зааглан тодотгох нь чухал юм байна. Зарим оронд үүнийг зөвхөн төрийн тэргүүнтэй хариуцлага тооцон, огцруулах хэрэгсэл болгон ашигладаг туршлага ч бий.
Парламентын мэдээллийн ба хяналтын чиг үүргийг хангахад чиглэсэн эдгээр арга хэлбэрүүд нь түүний бүрэлдэхүүн олонхи, цөөнхийн харилцааны тэгш эрхийг баталгаажуулсны үндсэн дээр бүрэн хэрэгжих ба үүнийг хэрхэн бодит байдал болгож байгаагаар тухайн парламент хэр ардчилсан бэ гэдэг нь хэмжигдэх юм.
V
Парламентын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, хүртээмжтэй болгох, хууль бүтээх, хяналт тавих механизмыг сайжруулах, чанаржуулахад парламентын хөгжил, реформын утга оршино. Парламент, түүний үйл ажиллагааг ардчилах, реформчлох үйл явц, зорилгыг дараахь чиглэлд хандуулах учиртай.
- Парламент, түүний сөрөг хүчнийг институтын хувьд бэхжүүлэх
Улс төрийн шийдвэр гаргах процесст парламент, засгийн газрын хоорондын харилцаа шийдвэрлэх үүрэгтэй. Энэхүү харилцааг ардчилах, тодруулбал парламентын зүгээс, нэн ялангуяа түүний цөөнхийн зүгээс засгийн газрын үйл ажиллагаанд бүрэн хяналт тавьж ажиллахад цөөнхийн эрхийг өргөжүүлэх, баталгаажуулах явдал парламентын реформын гол цөм нь байх ёстой юм. Парламент, засгийн газрын харилцан мэдээлэл солилцоог идэвхижүүлэх, ингэснээр хяналтыг сайжруулж, парламентын үйл ажиллагааны чадамж чадавхийг дээшлүүлэх нь парламентыг жинхэнэ утгаар нь “парламентчлахад чухал ач холбогдолтой.
- Парламентын гишүүдийн эрх хэмжээ, хариуцлагыг дээшлүүлэх
Парламентын гишүүдийн улс төрийн эрх хэмжээ, хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах нь зүйн хэрэг мөн. Улс төрийн шийдвэр гаргах процесст парламентын гишүүн үндсэн хуулиар олгогдсон мандатын эрх, хариуцлагын дагуу оролцох эрх хэмжээг ханган өгч чаддаг байх механизм, улс төрийн соёлыг бүрдүүлэх, парламентын бүлэг, гишүүдийн дотоод харилцааг ардчилах, ингэснээр бүлэг(үүд)-ийг парламентад бүтээмжтэй, үр өгөөжтэй ажилладаг “дадал зуршилтай болгох явдал парламентыг ардчилах гарцаагүй нэг алхам байх учиртай.
- Парламент, иргэдийн харилцааг сайжруулах
Парламент, иргэдийн идэвхтэй харилцаанд төлөөллийн ардчиллын мөн чанар орших ба парламентын реформын асуудал энэ харилцаанд зөвхөн сонгуулиар хязгаарлагдах ёсгүй. Өөрөөр хэлбэл парламентыг ардчилах үйл явц сонгуулийн дүнгээс үл хамааран хэрэгжих учиртай билээ. Иргэдийн мэдээлэл авах, хяналт тавих эрхийг хэрэгжүүлэхийн тулд өмнөх (IV) хэсэгт дурьдагдсан арга хэлбэрүүдийг парламентын хуралдааны загвар болгон хэвшүүлэхээс гадна парламентын гишүүд иргэдийн эрх ашгийг парламентад оруулан ирж байдаг “зөөгч”-ийн үүргийг гүйцэтгэдэг байх нь үүнд хамааралтай. Зарим орнуудад байдаг шиг Иргэдийн санал гомдлыг хүлээн авч хэлэлцдэг байнгын хороог байгуулан ажиллуулах нь парламент, иргэдийн харилцааг идэвхижүүлэх нэгэн чухал хэрэгсэл болно.
- Парламентын ажиллагааны бүтээмжийг сайжруулах
Парламентын үйл ажиллагааг илүү үр бүтээлтэй, чанартай болгоход чиглэсэн нэг чухал санаа бол парламентын“дүр төрхийг өөрчлөх тухай санаа юм. Тодруулбал, парламентыг өөрийнх нь болоод засгийн газрын гишүүд бэлдсэн үг, илтгэлээ “дурьжигнуулан уншаад суудаг газар” биш, илүүтэй мэтгэлцээний, маргааны ардчиллын “амьд индэр” болгож, “илтгэлийн парламент”-аас “мэтгэлцээний ба ажлын парламент” болгон хувиргахад парламентын реформ мөн чиглэх ба дээрх гурван шалгууруудыг ханган, хуралдааныг сонирхолтой олон загвар, хэлбэрээр (IV хэсэг) баяжуулснаар парламентат ёс төгөлдөржин төлөвших болно.
Парламентын шинэтгэл, реформыг гардан хэрэгжүүлэгч субъект нь хэн байх вэ гэсэн асуулт эцэст нь зүй ёсоор гарна.
Мэдээж парламентын гишүүд реформыг анхлан гүйцэтгэгчид мөн. Парламентын гишүүд зохион байгуулалтын тодорхой хэлбэрт орж энэ чиглэлд ажиллах нь үр дүнтэй.
“Парламентыг ардчилах, шинэтгэх ажлын хэсгийг олонхи, цөөнхөөс бүрдүүлэн ажиллуулах, судлаачид, экспертүүдийг багтаасан холимог ажлын хэсэг, комисс байгуулах, тамгын газрын ажилтнуудыг энэ чиглэлд хандуулах гэх мэтээр дотоод арга хэмжээ авах боломж бий.
Парламентын гаднах нөөц бололцоог мөн энэ чиглэлд ашиглах нь зүйтэй. Эрдэмтэд, судлаачдын баг дагнан ажиллах, парламентын реформ судлалын төв (ТББ) байгуулах, парламентыг олон нийтэд нээлттэй, ил тод болгох чиглэлд Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид хамтран ажиллах, нийгмийн бусад сонирхлын бүлгүүдийн (тухайлбал, татвар төлөгчдийн зүгээс парламентын зардалд хяналт тавих) оролцоог хангах зэрэг нийгмийн хүрээний боломжуудыг өргөн ашиглах нь зүйтэй. Парламентын ардчилал, парламентат ёсны төлөвшилд үндсэн хуулийн байгууллагууд, улс төрийн намуудын хөгжил, харилцаа, Сонгуулийн тогтолцоо, процедурын асуудлууд машид хамааралтайг төгсгөлд нь нэмэх байна.