Д.Баярхүү
/МУҮИС-ийн ОУХДС-д олон улсын харилцааны багш/
Шинэ толь №47, 2004
Түлхүүр үг: Улс төрийн уулзалт, Зөвлөлт, варшавийн гэрээ, Монгол Хятадын харилцаа, Зөвлөлтийн цэрэг, Энх тайван, Олон улсын харилцаа, Зөвлөлтийн мэргэжилтэн
Одоогоос яг 15 жилийн тэртээ 1989 оны хавар. Зөвлөл- тийн цэргийг Монголоос гаргаж эхэлсэн билээ. Харин Зөвлөлтийн цэргийг гаргах болсон шалтгаан, гаргасан үйл явцыг монголчууд ор тас мартсаны гайгаар түүхэн үгүйсгэл бидний ухамсарт үлдэж, “Ах нарыг хөөж гаргасан”, “Ах дүү Зөвлөлтийн армийг хөөж туусан” бүх зэм одоогийн ардчилсан хүчин рүү чиглэж ирсэнийг эрхбиш ялгаж салгах үүднээс бяцхан түүх сөхөж түүхэн үнэнийг сануулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. Зөвлөлт-Хятадын харилцаа сайжрах урьдчилсан алхмууд
1970-аад онд Хятадын маоистууд тэр үеийн СССР-ийн эсрэг хийрхэл дэгдээхдээ, “Гурван ертөнцийн онол” гэгч онолын бүдүүвчлэл зохиомжлон, СССР-ийн социал-империализм бол 1 дүгээр ертөнцийн “Хоёр хэт их гүрний” хамгийн аюултай заналт дайсан нь хэмээн гөрдөж байсан билээ. Стратегийн хүчний тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд Хятад- АНУ-ЗСБНХУ-ын гурвалжин дотор Хятад нь тэр хоёрын алинтай нь ч холбоотон болохгүй хэмээн Дэн Сяопин байнга мэдэгдэж, Зөвлөлттэй харилцаагаа хэвийн болгох үйл явцын гараа зөвхөн жанжлалын эсрэг тэмцлийн байр сууриас эхэлнэ гэж хатуу тогтсон юм[1]. Өөрөөр хэлбэл, Хятад нь эргэн тойрондоо таатай орчин бүрдүүлсэн тохиолдолд харилцаа хэвийн болно. Тэгж хэвийн болгоогүй цагт хөдлөхгүй гэсэн санаа байв.
Дэн Сяпоний энэ хатуу заалт ХКН-ын XII их хурлаар (1982 он) сайшаагдаж, 1980-аад оны турш олон үе шаттай явагдсан Зөвлөлт-Хятадын улс төрийн зөвлөлдөх уулзалтын [2] явцад “Гурван харш саад” хэмээх болзолыг хятадуудад улиг болтол тавихын үндэс байна чинээ тэр үедээ хэн ч төсөөлөөгүй.
Тэрхүү харш саад нь 1) Хятадтай залгаа хилийн дагуу Зөвлөлтийн цэргийг 1964 оны өмнө түвшинд хүртэл хорогдуулах, 2) Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах, 3) Кампучиас Вьетнамын цэргийг гаргуулах зэрэг хөндүүр асуудал байснаа 4) дэх харш саад болж Афганистанаас Зөвлөлтийн цэргийг гаргах асуудал нэмэгдэж оров. Хятадын Төрийн Зөвлөлтийн дэргэдэх Стратегийн судалгааны төвийн захирал Хуань Сян 1984 онд Бээжин дэх Зөвлөлтийн ЭСЯ-ны Элчин Зөвлөхтэй уулзахдаа, “Гурван харш саад” гэдэг нь Хятадыг гурван талаас нь бүсэлсэн байдлыг хэлж буй тухай Зөвлөлтийн талд ягштал ойлгуулсан юм.[3]
Ийм зогсонги үед М.С.Горбачевоос Краснорярск (1986 он), Владивостокт (1988 он) дэвшүүлсэн энх тайвны цогцолбор санаачилгын үзэл санаа Азид “Хүйтэн дайн” эцэслүүлэх шинэ уриа дуудлага болон цууриатжээ. Тэрээр “Өөрчлөн байгуулалт ба шинэ сэтгэлгээ: Манай оронд болон дэлхий дахинд” номдоо Хятадын “Дөрвөн шинэчлэл” гэгчийг анх удаа өөдрөгөөр үнэлэн дүгнэж, Аугаа их социалист Хятадтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг сэргээж “Дөрвөн шинэчлэлийн” үр шимийг түүндээ ашиглахыг уриалан дуудсан[4] нь БНХАУ-ын эрх баригчдын анхаарлыг зүй ёсоор татсан юм.
ЗСБНХУ-тай харилцаа, сайжруулах боломжийг эрэлхийлж Хятадын талаас гурав дахь этгээдээр Москва руу аман мэндчилгээ уламжлах зэргээр нөгөө талаас санаачилга гаргаж байсныг үгүйсгэж болохгүй. Тухайлбал РКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСРУ-ын Ерөнхийлөгч Н.Чаушеску[5]ийм зуучийн үүрэг идэвхтэй (1982, 1985) гүйцэтгэжээ. 1985 онд Дэн Сяопин, Чаушеску нарын уулзалтаар, хэрэв Кампучиас Вьетнамын цэргийг гаргуулбал өтөл 80 насыг үл харгалзан Москвад очиж М.С.Горбачевтой уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан мөн ийм илгээлтийг Москва руу уламжлан байв.[6]
“Элчин сайдын зочин” нэрээр ГХЯ-ны чиглэлийн газрын дарга нар М.С.Капица, Юй Хунлян нарыг харилцан томилж, яриа хэлэлцээ эхлүүлэх асуудлаар тандалт хийж байсан нь шат ахиж, Л.Ф.Ильичев, Ван Юпин нарын хооронд тасарсан хэлэлцээ сэргэж, 1982-1988 оныг дуустал үргэлжлэв.
1988 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дугаар чуулганы индрээс М.С.Горбачев энх тайванч шинэ санаачилга дэвшүүлэхдээ зэвсэгт хүчнийг үлэмж хорогдуулж, түүний дотор Монголоос цэргээ гаргана гэдгээ анх удаа ил зарлав[7]. М.С.Горбачев ийнхүү гүйлгэн ухаанаар буулт хийхдээ Монголыг орхиж (Монголоор “шатрын хүү” хийх сонирхолгүй гэсэн санаа) Бээжин рүү хандсан ба юуны өмнө Хятадын талаас удаа дараа тулган шаардсан “Гурван харш саад” гэгч болзлыг хүлээн авсан юм. Тэрээр 1989 оны хаврын түүхэн айлчлалаа хийхээсээ өмнө сайн санааны урьдчилгаа алхам болгож Бээжингээс 1000-аадхан км (Дорноговь аймгийг хэлж байна-Зох) зайд байрлах Зөвлөлтийн их цэргийг гэдрэг татаж гаргасан байх явдал гэж хатуу үзсэн байв.
Зөвлөлтийн удирдагч НҮБ-д үг хэлэхээс өмнөхөн БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Цянь Цичэнь 1988 оны арваннэгдүгээр сард Москвад айлчлах үедээ “Гурван харш саад” гэгч болзлоо яриа хэлэлцээнээс татаж авснаа нотолсон ба Зөвлөлт- Хятадын хэлэлцээний 12 дахь уулзалтаар зөвхөн Кампучийн асуудал хэлэлцэв.[8] Зөвлөлт-Хятадын дээд хэмжээний уулзалт 1989 оны эхний хагаст болно гэдгийг Цянь Цичэнийн айлчлалын өмнөхөн нь БНХАУ-ын Ерөнхий сайд Жао Зыян нийтэд зарлав. 1989 он гараад ЗСБНХУ-ын ГЯЯ-ны сайд Э.Шевардназе Хятадад айлчилж, С.М.Горбачевын айлчлалын тов, дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрийг нарийвчлан тохиролцов. Зөвлөлтийн тал нутаг дэвсгэрийн- хээ дорнод хэсэгт цэргээ 200000-аар, өмнөд хэсэгт (тэр үеийн Дундад Ази) 60000-аар хорогдуулж, БНМАУ-д түр байрлаж буй цэргийнхээ дөрөвний гурван хувь буюу 75 хувийг 2 жилийн дотор гаргах, БНХАУ нь 1985-1987 онд Зэвсэгт хүчнээ 1 сая хүнээр хорогдуулсан ба мөн хагас сая цэргийг албанаас нь халахаар зарласан зэрэг урьдчилгаа харилцан буулт хийлт Зөвлөлтийн Гадаад хэргийн сайдын айлчлалын өмнө хийгдсэн байлаа. Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж, Хятадын удирдагч Дэн Сяопин: Хятад-Зөвлөлтийн харилцааг сайжруулахад саад болох учир шалтгаан байхгүй[9] гэж мэдэгдэв.
Э.Шевардназег дагалдан Бээжинд айлчилсан, чухам хэлбэл уг айлчлалын халуун мөрөөр Зөвлөлтийн ГЯЯ-ны орлогч сайд И.Рогачев (эдүгээ Бээжинд суугаа ОХУ-ын Элчин сайд) Монголд ажлын айлчлал хийж, НҮБ-ын индрээс М.С.Горбачевын дэвшүүлсэн тэрхүү энх тайванч санаачил- гын явцыг Монголыг удирдлагад мэдээлж, Ц.Гомбосүрэн, Д.Ёндон зэрэг БНМАУ-ын ГЯЯ-ны удирдлагатай хэлэлцээ хийхдээ Зөвлөлтийн цэрэг гаргах асуудлыг буурьтай ярилцав. Энэ тухайгаа ч “Ази, Номхон далайн бүс нутгийн асуудлаар хоёр ГЯЯ-дын харилцан ажиллах тухай төлөвлөгөө”-нд тусгав. Зөвлөлтийн дипломатч ноён И.Рогачев Монголын сэтгүүлчдэд: Бусдын нутаг дэвсгэрт гадаадын цэрэг байхтай холбогдсон Зөвлөлт Холбоот Улсын зарчмын байр суурь гэвэл, аливаа цэрэг гагцхvv үндэснийхээ хил хязгаарын дотор байх ёстой гэдэгт орших байна. Бидний ам ажил зөрдөггүй хэмээн тов тодорхой мэдэгдээд, зарим тоо баримт дурдахдаа Зөвлөлтийн цэргийн ихээхэн хэсгийг буюу 75 хувийг гаргаж, Монгол дахь нисэх хүчний бүх нэгтгэл ангиудаа татан буулгана, ингэхдээ БНМАУ-ын Засгийн газартай хамгийн нягт зохицон хэрэгжүүлнэ гэсэн[10] байна.
Хоёр. Варшавын Гэрээний байгууллагын хүчин зүйл
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дугаар чуулганы индрээс М.С.Горбачевын дэвшүүлсэн энхийн уриа дуудлага нь Варшавын Гэрээний холбоотон ба Монгол Улсад шууд тусгалаа олж улс бүр дор бүрнээ зэвсэгт хүчин, зэвсэглэлээ хорогдуулах алхамуудыг уралдуулан хийж эхэлжээ. ЗСБНХУ тэр үед Афганистанаас цэргээ бүрмөсөн гаргаж дууссан, Зэвсэгт хүчнээ 12 хувиар буюу хагас сая хүнээр багасгаж эхэлсэн, үүнд Европт 240000, Азид 200000, Төв Азид 60000 цэрэг хорогдуулж, ингэснээр батлан хамгаалах төсвөө 14.2 хувь, цэргийн үйлдвэрлэлээ 19.5 хувиар хэмнэхээр шийдсэн байв. Социалист орнууд энх тайванч энэ санаачилгад нэгдэхдээ, жишээ нь Польш бие бүрэлдэхүүнээ 15000 хүнээр хасч, механикжсан 2 дивиз, нисэх хүчин, их бууны олон арван анги нэтгэлийг татан буулгаж, цэргийн зардал улсын төсөвт 7.7 хувь байсныг 5.5 хувь болгох, Унгар нь цэргийн зардлаа 17 хувиар багасгаж инженер-техникийн цэргээ цөөлөх, цэргийн сургалтыг хязгаарлах, тэр үеийн Ардчилсан Герман нь цэргийн зардлаа 10 хувиар, бие бүрэлдэхүүнийг 10000 хүнээр хасч, 600 танк, 50 нисэх онгоцыг зэвсэглэлээс хасах, Болгар нь цэргийн зардлаа 12 хувиар, цэргээ 10000 хүнээр хасч, зэвсэглэлээс 200 танк, 200 их буу, флотын 5 хөлөг онгоц, 50 нисэх онгоц хасах, Чехословак нь цэргийн зардлаа 15 хувиар, бие бүрэл- дэхүүнийг 12000 хүнээр, зэвсэглэлээс 850 танк, 165 хуягт, 51 нисэх онгоц хасах, хээрийн сургуулилтыг 50 хувиар цөөлөх,
Румын нь зэвсэглэлээ 50 хувиар хорогдуулах гэхчлэн олон алхамууд хийгджээ.
Варшавын Гэрээний холбоотон орнуудын дээрх нааштай алхам, Зөвлөлтийн энх тайванч санаачилгын тусгал Монголыг мөн тойрч гараагүй юм. Бид зөвхөн Зөвлөлтийн цэргийг үдэн мордуулчихаад зүгээр сууж байсан гэвэл эндүүрэл болох тул тэр үеийн БХЯ-ны сайд Ж.Ёндонгийн хэлснээс эшлэх нь зүйтэй. 1989 оны гуравдугаар сард сайд Ж.Ендон сэтгүүлчдэд мэдээлэхдээ: БНМАУ зэвсэг хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг 1989-1990 онд багтаан 13 000 хүнээр цөөрүүлэх, байлдааны авто машин 1000, гинжит болон хуягт машин 90, байлдааны 18 нисэх онгоцыг зэвсэглэлээс хасах, ингэснээр манай улсын цэргийн зардал 11 хувиар багасах, Монголын арми дахь Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүдийг нэлээд цөөрүүлэх болсныг илээр зарласан. Нэгэнтээ манай бүс нутагт энх тайван, аюулгүй байдал бэхжих алхам хийгдэж, хоёр хөрш гүрэн харилцаагаа сайжруулах нь гарцаагүй болж, гаднаа дайсангүй болсон тул, нөгөө талаас Варшавын Гэрээний цэргийн хориглон хамгаалах шинэ номлолтой нийцүүлж, Монголын Ардын армийг ийнхүү хорогдуулснаа хурандаа генерал Ж.Ёндон тайлбарлаж байв[11].
Гурав. Москвагийн хариуцлага ба хүчин зүйл
1988 онд ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчид “Зөвлөлтийн зэвсэгт хүчнийг хийгээд батлан хамгаалах зардлыг 1989-1990 онд хорогдуулах тухай” тогтоол баталж, тогтоолын дагуу цэргийн бие бүрэлдэхүүнээ 500 000 хүнээр цөөлөх, улсын төсвөөс батлан хамгаалах зардлыг үлэмж хэмжээгээр хорогдуулахаар заасан юм. М.С.Горбачев Британид айлчилж байхдаа хэлсэн үгнээс үзвэл, тухайн цагт Зөвлөлтийн зэвсэгт хүчин, тэнгисийн цэргийн флотод 4 сая 258 мянган цэргийн албан хаагч байжээ.[12] Энэ тоо Хятадынхаас 1 саяар илүү, АНУ-ынхаас 2 дахин их байв.
Эрүүл ухаанаар төсөөлөөд үзэхэд олон улсын харилцаа уур амьсгал нь цэргийн хэт давуу нүсэр байдлаа орхихы. СССР-т тулгасан, тэгэхээс ч өөр аргагүй болсон, хэр эсрэгээр явбал олон улсын харилцаа сайжрахгүй, цэрэг зэвсэглэлд СССР-ийн улсын төсөв тэр чигтээ хөвсөөр байх үүнээс улбаалан Зөвлөлтийн ард түмний аж байдал сайжрахгүй, хохирогч нь өөрсдөө гэдгийг сайтар ухаарч цэргээ хорогдуулъя гэдэг дээр Москва эргэлт буцалтгүй болсон байв. 1955 онд цэргээ 640 000-аар, 1956 онд 1.8 саяар, 1960 онд 1.2 саяар хорогдуулж байсан туршлага ч Зөвлөлтийнхөнд байлаа.
Азийн хэсэг, Алс Дорнодод хорогдуулах 200 000 цэргийн 120 000 нь БНМАУ, Зөвлөлт-Хятадын хил орчимд цөөрүүлэх бие бүрэлдэхүүн, үүнд 12 дивиз, нисэх хүчний 11 дивиз, зэвсэглэлээс хасах 16 хөлөг онгоц, 436 дунд болон ойр тусгалтай пуужинг 1991.01.01 хүртэл хорогдуулж устгана гэсэн төлөвлөгөөг ЗСБНХУ-ын БХЯ хийж хэрэгжүүлжээ. Энэ лут төлөвлөгөөний хүрээнд Монгол дахь цэргийн бүрэлдэхүүнийг татаж гаргах асуудал тусгагдав.
ТАСС-ын тэр үеийн “Согласно графику” гэсэн нэгэн мэдээг орчуулж буулгая. Зөвлөлт Засгийн газраас шийдвэрлэсэн болон Варшавын Гэрээний Байгууллагын гишүүн улсууд, мөн БНМАУ-ын Засгийн газартай тохиролцсоны дагуу БНМАУ дахь Зөвлөлтийн цэргийн бүлгээс 1989 онд гаргахаар төлөвлөсөн анги нэгтгэлүүдийг гаргаж дуусав. БНМАУ-д байрлаж буй цэргийн бүлгийн бие бүрэлдэхүүний тоо 50 320 хүнээр хасагдав. 3118 танк, 768 их буу, 351 байлдааны нисэх онгоцыг гаргав. БНМАУ-аас цэргийн анги нэгтгэлүүдийг гаргах ажил 1990 онд үргэлжилнэ[13] гэжээ.
Дөрөв. Цянь Цичэний Diplomacy ба Монгол Хятадын харилцаа
Өмнөх сэдэв рүү орж, Цянь Цичэнь гэгч Хятадын төрийн зүтгэлтэнг энд зориуд тодруулах зорилго үгүй. Тэрээр 1982 оны аравдугаар сард ЗСБНХУ, БНХАУ-ын хооронд улс төрийн зөвлөлдөөн эхлэхэд Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч хэмээн тохоогдож, Зөвлөлтийн дипломатчидтэй 11 удаагийн хэлэлцээ хийж, 1987 оноос хилийн хэлэлцээ сэргээхэд мөн Засгийн газраа төлөөлж, нөгөөх “Гурван харш саад” гэдгээ 6 жил тасралтгүй “эрүүгээ чилтэл” ярьсан дипломатч билээ (Үнэндээ хамгийн их ярьсан нь Дэн Сяопин, Жао Зыян, хамгийн цөөхөн ярьсан Ху Жобан, Ли Пэн ба хэрэв ХКН-ын удирдагчаар Жао Зыян гарч ирвэл Москвaтай мөд харилцаа сайжрахгүй гэсэн битүү таамаглал ч гадаадынханд байсан) Улс төрийн зөвлөлдөөнийг ийнхүү Цянь Цичэнь толгойлохын сацуу 1984, 1985 онд Андропов, Черненко нар тэнгэрт халихад эмгэнэл илэрхийлэхээр Вань Ли, Ли Пэн (тухайн үеийн Ерөнхий сайдын орлогч) нарыг дагалдан Москвад очиж, оршуулгад оролцож, Г.А.Алиев, И.В. Архипов, С.М.Горбачев зэрэг Зөвлөлтийн удирдагчидтай уулзаж нүүр хагарсан байв.[14]
НҮБ-д М.С.Горбачев энхийн уриа дуудлага хийдэг жил БХАТИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар чухам “Зөвлөлтийн гол мэргэжилтэн” Цянь Цичэнийг БНХАУ-ын ГЯЯ-ны сайдаар томилсон нь огтын санамсаргүй томилгоо биш юм. Зөвлөлт-Хятадын харилцаа бүрэн сайжрахын босгон дээр, Зөвлөлтийн их цэрэг Монголоос болон Зөвлөлт-Хятадын хил дээрээс татагдахын урьдчилгаа бэлтгэл болгож ийнхүү томилсон байж болох магадлалтай.
Цянь Цичэнь гуай сайдаар томилогдмогцоо гадаад дахь айлчлалаа Москвагаас эхэлж, Москвад айлчлах үедээ “Гурван харш саад” гэгч болзлоо яриа хэлэлцээнээс татаж авснаа дараахь байдлаар нотолж, басхүү Монголын тусгаар тогтнолын асуудлаар Хятадын анхны албан ёсны байр суурийг илэрхийлжээ (Монгол дахь Зөвлөлтийн цэргийн асуудлаар хоёр гүрний хооронд хамгийн сүүлчийн удаа яригдсан нь тэр байв. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг эхлүүлсэн, дуусгасан гол түүхэн гэрч нь Цянь Цичэнь) “Зөвлөлт Холбоот Улс Монголоос бүх цэргээ татахын хамт Хятад-Зөвлөлтийн хилийн дагуу байгаа цэргийг хоёр улсын харилцаанд нийцсэн хамгийн доод түвшинд хүртэл хорогдуулах, хорогдуулсан цэргээ бусад оронд шилжүүлэхгүй байхыг хүсч” байгаагаа Цянь Цичэнь Э.Шевардназед мэдэгдээд, “БНХАУ нь Монгол Улстай найрамдалтай, сайн хөрш байхыг эрмэлзэж байгаа бөгөөд БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр тус улстай харилцах бодолтой байна.”[15] гэж нотолсон нь манай талын анхаарлыг зүй ёоор татаж, чухамдаа Монгол, Хятадын ГЯЯ-ны сайд нар харилцан айлчлах дипломатын урьдчилсан нөхцөл болсон юм.
Нэгэнт Монголоос цэргээ гаргах нь тодорхой болсон цаг үед Монгол-Хятадын харилцаа цагийн эрхээр (20 гаруй жил сөргөлдөж залхсан) сайжралыг олсон юм. Энэ буянтай үйлсийг эхлүүлэгч нь чухам “Зөвлөлтийн гол мэргэжилтэн” Цянь Цичэнь байсанд гайхах зүйлгүй. Оросын цэрэг хойд хөршөөс нь хэрхэн гарах, гаргах бүх тохиролцоо түүнд нэн тодорхой байв. Тэрээр 1988 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үедээ БНМАУ-ын ГЯЯ-ны сайд Ц.Гомбосүрэнтэй анх удаа уулзаж, Хятадад айлчлахыг урьж, айлчлалын талаар ярилцсан ба дараахан нь ГЯЯ-ны 1 дүгээр орлогч сайд Д.Ёндон айлчлалыг нарийвчлан тохиролцохоор Бээжинд очиж Цянь Цичэньтэй уулзав.
Ийнхүү Зөвлөлтийн цэрэг гарч эхлэхтэй давхцан сайд Ц.Гомбосүрэн Хятадыг зорив. Тэрээр Хятадад айлчлахын өмнөхөн ТАСС-ын улс төрийн тоймч Ю.Корниловтой ярилцахдаа манай нутгаас Зөвлөлтийн цэрэг гарч байгаа нь Монгол-Хятадын харилцааны ч, тэгэх тусмаа Зөвлөлт- Хятадын харилцааны асуудал огт биш гэдэг байр сууриа хатуу нотолж, “Гурван харш саад” гэдгээс илүүтэй тусгаар тогтносон Монгол Улсын зарчмын байр суурь орхигдох учиргүй гэдгийг өмнөд хөршдөө сануулсан юм. Түүнийг бүрэн эхээр нь сийрүүлбэл: Ер нь дэлхийн аль ч нутагт, хэний ч цэрэг үндэснийхээ хил хязгаарын гадна байх ёсгүй гэдгийг та бид ойлгож байна. Гэхдээ энэ бол улс төрийн[16] зохих зориг хүсэл, багагүй хүчин чармайлт гаргаж байж биелэх зүйл юм. Харин бидний ярьж байгаа тодорхой асуудлын тухайд бол энэ асуудлыг бий болгосон улс төр, тvvхийн болон бусад тодорхой хүчин зүйлийг харгалзан авч үзэх ёстой нь мэдээж. Зөвлөлтийн цэрэг БНМАУ-д өөрийн дураар биш, харин манай хил хязгаарын аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн Монголын Засгийн газрын хүсэлтээр манай нутагт орж ирсэн гэдгийг Бээжинд сайн мэдэж байгааг үүнтэй холбогдуулан тэмдэглэе. Ингэхлээр Монголын Засгийн газар л Зөвлөлтийн цэргийг манай орны нутаг дэвсгэрээс гаргах ” эсэх тухай асуудлыг шийдвэрлэж, энэ талаар Зөвлөлтийн талд санал тавих эрхтэй. Тийм учраас энэ бол БНМАУ, ЗСБНХУ-ын мэдлийн асуудал гэжээ[17].
Үүнтэй холбоотойгоор “Монгол-Хятадын улс төрийн тэнгэрт нэг ч үүлгүй байна гэж батлан хэлэх нь арай эрт боловч БНМАУ, БНХАУ-ын харилцаа хэвийн болох үйл явц ямар нэгэн саад доголдолгүй жигд явж байна”[18] гэж ноён Ц.Гомбосүрэн хэлсэн нь Монгол-Зөвлөлт-Хятадын гурвал- сан харилцаан дээр Зөвлөлтийн цэрэг гаргах асуудал яригдаж байна. Гэхдээ шийдлийн үгийг Москва, Бээжинд биш, Улаанбаатарт хэлнэ гэсэн санаа.
Гэвч эцсийн шийдлийг хоёр их хөрш яалт ч үгүй хоорондоо тохиролцож гаргасан юм. М.С.Горбачев 1989.05.15-18-нд БНХАУ-д айлчлах үеэр энэ асуудал эцэслэн шийдвэр- лэгдсэн нь Зөвлөлт Хятадын хамтарсан албан мэдээнд дараахи байдлаар оржээ. Үүнд албан мэдээний 6 дугаар зүйлд: БНМАУ-д байрлаж буй цэргийнхээ 75 хувийг гаргах тухай Зөвлөлтийн тал зарласанд Хятадын талаас баяр хүргээд Зөвлөлтийн үлдсэн цэргийг харьцангуй богино хугацаанд Монголоос татан гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ[19]. Энэчлэн Зөвлөлтийн нам, төрийн тэргүүн Бээжинд хийсэн уулзалт, хэвлэлийн бага хурал дээр Монголоос цэрэг гаргах тухайгаа нотлон ярьсан байх бөгөөд
Зөвлөлт-Хятадын харилцааны сайжрал гурав дахь этгээдan хор хохирол учруулахгүй гэж мэдэгдсэн байх юм[20].
БНМАУ-ын ГЯЯ-ны сайд Ц.Гомбосүрэнгийн айлчлалын үе Монгол-Хятадын дээд хэмжээний уулзалтын асуудал яригдаж, БНХАУ-ын дарга Ян Шанкунь Монголын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзахдаа, манай нам-төрийн удирдагч Ж.Батмөнхийг БНХАУ-д айлчлахыг урьсан юм. Ийнхүү БНМАУ дахь Зөвлөлтийн цэргийн тухай Бээжингийн гомдол түүх болон үлджээ[21]. Тэр жилдээ БНХАУ-ын Цянь Цичэнь Монголд хариу айлчилж (1989 оны найм, есдүгээр сар) харилцаа бүрэн хэвийн болов. Залгаад 1990 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат БНХАУ-д айлчлах үеэр тус хоёр улсын шинэ үеийн харилцааны зарчмын асуудлаар санал солилцож, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны зарчим, хэм хэмжээг тодорхойлсон Монгол, Хятадын хамтарсан албан мэдээ, 1994 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Пэнг манай улсад айлчлах үед Монгол улс, БНХАУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай шинэчилсэн Гэрээ, Монгол-Хятадын хэвлэлийн мэдээ гэхчлэн чухал баримт бичгүүд гаргав. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн байдал болон цөмийн зэвсэггүй бүсийн статусыг, мөн гадаадын цэрэг, цөмийн болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй, түүнийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхгүй байхад чиглэсэн Монгол Улсын бодлогыг хүндэтгэж байгаагаа Хятадын тал илэрхийлсэн гэхчлэн 1990 оноос хойшхи шал өмнөө дүр зураг Монгол-Хятадын харилцаанд төлөвшсөн билээ.
Тав. Зөвлөлтийн цэргийг үдсэн нь
Тухайн үед гадаад нөхцөл байдал сайжирсны сацуу дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас болж авч буй арга хэмжээ хэмээн Зөвлөлтийн цэрэг гарсныг манай нам-засгаас тайлбарлаж байсныг үзвээс орос цэргийг гаргачихна гэдэгтээ ард түмнээсээ эмээж бэргэж байсан ч юмуу гэмээр.
1989.04.03-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоол архивт бий. Утга нь: БНМАУ-ын нутагт түр байрлаж байгаа Зөвлөлтийн цэргийн нэлээд хэсгийг үдэн гаргахтай холбогдсон үзэл суртал-зохион байгуулалтын ажлыг Монголын талаас хариуцах хэсгийг байгуулах тухай[22]. Монголын хэсгийн ахлагчаар тэр үеийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн орлогч дарга Ц.Намсрай, гишүүдэд П.Жасрай (МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, эдүгээ УИХ-д суугаа), Л.Моломжамц (МАХН-ын Төв Хорооны эрх зүйн бодлогын хэлтсийн эрхлэгч, хожим БХЯ-ны сайд, эдүгээ Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал), Ч.Түмэндэлгэр (МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч), Г.Эрдэнэ (МАХН- ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч, эдүгээ БНКУ-д Элчин сайд), Ж.Ёндон (БХЯ-ны сайд), Ц.Гомбосүрэн (ГЯЯ-ны сайд, эдүгээ чөлөөт уран бүтээлч), А.Жамсранжав (НАХЯ-ны сайд), Л.Зантав (МРТУХ- ны дарга, МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал), С.Ванчиндорж (Монголын Ардын Армийн Улс төрийн газрын дарга, эдүгээ тэтгэвэрт Хөвсгөлд), Ш.Жадамбаа (БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, ЗХЖШ-ын дарга) гэжээ.
Зөвлөлтийн ГЯЯ-ны орлогч сайд И.Рогачев 1989 онд Улаанбаатарт ирээд байхдаа нэгэн сонин баримтыг дэлгэсэн. Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргах тухай анхны яриа хэлэлцээ 1986 онд ЗСБНХУ-ын перестройкийн үед Монгол-Зөвлөлтийн хооронд явагджээ. Санал солилцох хэмжээнд байсан энэ тохиролцоо 1987 онд хэрэгжиж, цэргийн эхний хэсгийг эх оронд нь буцаажээ.[23] МАХН-ын Төв Хорооны Эрх зүйн бодлогын хэлтсийн эрхлэгч Л.Моломжамц дараахан нь энэ тухай анхлан нийтэд ил болгосон[24] байх бөгөөд 1987 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбо тэргүүтэй тусгай комисс ах нарыг үдэж мордуулах ажлыг хариуцжээ. 1987 онд үлдээсэн цэргийн хотхонууд манайд цэргийн зориулалтаар ашиглагджээ. 1989.05.15-аар Зөвлөлтийн цэргийг гаргах ажлын үргэлжлэл болох 2 дахь томхон хэсэг гарсан байна.
1989 оноос Зөвлөлтийн цэргийг үе шаттай гаргах график хэрэгжсэн, Эхний ээлжинд танкийн 2 дивиз, нисэх хүчний 1 дивиз гарч, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ба бусад ангиуд үлдэнэ гэсэн байна. Жишээ нь, танкийн 1 дивизийг гаргах ажил 1989.05.15-07.28-ны дотор үргэлжилж бөөн нүүдэл суудал болж байжээ.
Тэр зундаа томхон 4 цэргийн хотхон суларсан нь Орхон, Шивээговь, Мандалговь, Мааньт ба Улсын Төлөвлөгөөний Комиссын дарга П.Жасрай гарнизонуудыг шилжүүлж ашиглалтад хүлээн авчээ. Орхоны танкийн дивизийн хөвөрсөн цуваа Эрдэнэтээс галт тэргэнд шилжиж өдөрт 2 цуваа үдэж байсан тул вокзал дээр найрамдлын цуглаан тасрахгүй, Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Дорноговьд Зөвлөлтийн дайчдыг үдэж мордуулахтай холбогдсон уулзалт, үдэшлэг, цуглаан, сурталчилгаа зохиогдож, бүхэлд нь энэ ёслолыг Төв Хорооноос Ц.Намсрай дарга биечлэн хариуцав.
Булган дахь Зөвлөлтийн цэргийн суларсан хотхонд (10 мянган хүн ам суурьшихаар төлөвлөсөн нийслэлээс Соёлын дунд сургууль, цэцэрлэгийн багшийн сургууль, Булганаас ХАА-н ТМС, Барилгын ТМС, Хялгантын Ойн ТМС шилжиж байрлана гэсэн тэр үеийн дайчин төлөвлөгөө хэрэгжсэн эсэх нь бүү мэд. Шивээговийг бүхэлд нь тэр үеийн Эрчим хүч, геологи, уул уурхайн яам шилжүүлэн авсан бөгөөд Налайхын уурхайг Шивээговь руу шилжүүлнэ гэсэн шийдвэр гарсан. Орхоны амралт гэж одоо байгаа эсэхийг мэдэхгүй. Орхон, Сүмбэрт МҮЭ-ийн Төв Зөвлөлийн харьяа амралт нээгдэнэ гэсэн шийдвэр байв. Мөн Орхоны дивизийн суларсан хотхонд нийтийн аж ахуйн ТМС, аж үйлдвэрийн Tмс байрлуулахаар заасан. Мааньтад 60000 кубметрийн шатахууны агуулах суларна, Чойрын гарнизоныг Сүмбэрийн сангийн аж ахуй болон Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллага, Геологи хайгуулын экспедицэд шилжүүлнэ гэхчлэн жагсаасан байв.
Тухайн үед БНМАУ-д түр байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн командлагч хошууч генерал Л.С.Майоров 1989 оны 10 дугаар сард хэвлэлийн бага хурал хийлгэж, чухам юуг Монголын талд хүлээлгэн өгснөө дурдсан юм[25]. Цэрэг гаргах эхний үе шат нь 1989 оны 5 дугаар сараас наймдугаар сард сард хэрэгжиж, төлөвлөгөө ёсоор 37 цэргийн хотхон хүлээлгэн өгөх байсан ч 52 гарнизон хотхон хүлээлгэн өгчээ. Орон сууцны 92 барилга шилжүүлэхээс 123-ыг, 913 өрөөтэй нийтийн 13 байр, 10000 хүний хооллох 29 зоогийн газар, 6500 хүний суудалтай 20 клуб, 16800 хүний багтаамж бүхий 109 казарм, 350 ортой 15 эмнэлэг, 15 дэлгүүр, ахуйн үйлчилгээний з төв, ерөнхий боловсролын 5 сургууль, талхны цехүүд, хими цэвэрлэгээний хэд хэдэн комбинат (өртөг нь тэр үеийнхээр 500 сая төгрөг) гэхчлэн асар их хөрөнгийг Монгол-Зөвлөлтийн хамтарсан комисс шалгаж үзээд хүлээлцжээ. Манай талын хүлээн авсан тэр их өмч хөрөнгө яасан бэ гэдэг асуулт хариултгүй 15 дахь жилдээ орж байна.
Зургаа. Зовлолтийн мэргэжилтэн буцсан үнэн түүх
М.С.Горбачевын өөрчлөн байгуулалт эхэлсэнтэй давхцан ЗСБНХУ-ын гадаад улс төрийн бодлого, гадаад эдийн засгийн харилцаа шинэчлэгдэж эхэлсэн. Энэ шинэчлэл Монгол дахь олон мянган мэргэжилтний хувь заяанд хожим тэгтлээ нөлөөлнө чинээ лав монголчууд огт төсөөлөөгүй. Стратегийн зорилгоор Монгол, Куба мэт улсад хөрөнгө хүч хаяж, мэргэжилтэн суулгаж буйгаа эргэж үзэхийг шаардсан тухай Кремльд яригдаж байсныг хожим нэрт дипломатч М.С.Капица (1980-аад оны Гадаад хэргийн дэд сайд) дуртгалдаа тэмдэглэсэн нь бий. Өөрөөр хэлбэл, стратегийн тусгай зорилгоор Монголыг харж үзэж байсан гэсэн санааг 1991 онд Москвад ГХЯ-ны Дипломатын академид лекц уншихдаа ярьж байсныг ч санаж байна[26].
Стратегийн тэр тусгай зорилго нь үгүй болбол Монголыг орхино, харин перестройка, гадаад бодлого дахь улс төрийн шинэ сэтгэлгээ гэгч Горбачевын философи нь тэрхүү стратегийн сонирхлыг нурааж, АНУ, Европ, Хятад руу буулт хийхэд хүргэсэн билээ. БНМАУ-д түр байрлаж байсан Зөвлөлтийн цэргийг гаргах, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг татах гэгч хоёр өөр асуудал нэг том зорилгоор хамт нөхцөлдөх тухайд энд ярьж байна.
БНМАУ-д түр байрлаж байсан Зөвлөлтийн цэргийг гаргахад Зөвлөлтийн өөрийнх нь, мөн Хятадын хүчин зүйл гэж байсан эсэх, Зөвлөлтийн цэрэг Монголоос гармагц Монгол-Хятадын харилцаа сайжирсан зэрэг дээр эргэлзээ тайлагдсан шиг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг хэрхэн, хэзээ, хэн буцаасан тухай бодитой өгүүлж, монголчууд “ах нарыг” хөөж туусан хэмээх олон жилийн хардлагыг тайлах нь зүйд нийцнэ.
Энэ асуудлыг хөндөхдөө ямар өнцөгөөс харж хариу өгөх эсэхээс цааш бичигдэх асуудлыг тодруулж болох юм. “Зөвлөлтийн мэргэжилтэн” гэдэг ойлголт 1990-ээд он хүртэл “Монгол-Зөвлөлтийн ахан дүүсийн найрамдал” гэдэг улс төрийн агуулгаар чухам хэн ч хир халдааж үл зүрхлэх, хамгийн ариун нандин зүйл байлаа. 1960-аад оноос Зөвлөлтийн гэдэг дээр ах дүү социалист орнуудын мэргэжилтэн нэмэгдэж Монгол дахь хүн амын зохих хувийг эзэлж байв. Тэдний бүтээсэн байгуулсан их гавьяа зүтгэлийг энд давтан магтахгүйгээр яагаад Монголыг орхих болсон учир шалтгааныг энд тодруулах ёстой.
БНМАУ-д зөвлөлтийн зөвлөх, сургагч, мэргэжилтэн ирүүлж ажиллуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр 1934 онд байгуулагджээ. Тэгвэл 1921-1934 ажиллаж байсан улаан армийн цэргийн сургагч, банкны ба хоршооны мэргэжилтэн, хүний ба мал эмнэлгийн орос эмч нарыг энд чухам хэн гэж нэрлэх бол гэсэн асуулт гарч ирнэ. Ерөнхийдөө 1934 оноос 2 үе шаттайгаар мэргэжилтнүүдээ Зөвлөлт Холбоот Улсаас ирүүлжээ. Эхнийх нь 1934-1959 онд Монголд үндэсний боловсон хүчин бэлтгэхэд гол хүч хөрөнгөө хаяжээ. 1959- 1990-ээд он хүртэл 2 дахь шатанд үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламж руу (нийт 712 үйлдвэр, аж ахуйн газар) зөвлөлтийн мэргэжилтний гол хүч цутгажээ.
Зөвлөлтийн “зөвлөх”, “сургагч”, “мэргэжилтэн” гэх гурван ангиллаар Монголын улс төр, батлан хамгаалах, засаг захиргаа, эдийн засаг-нийгмийн салбарт олон зуун мянган зөвлөлтийн иргэн ажиллаж өнгөрсөн. Анхлан МАХН-ын Төв Хорооны зөвлөх, БХЯ, ДЯЯ, ардын цэргийн ангиудад сургагч нар ажиллаж байснаа нам-төрийн дээд удирдлагад ажиллахыг болиулж, зөвлөхүүд нь хүчний байгууллагуудад үлдсэн, харин улс ардын аж ахуйн ба нийгмийн бусад салбарт мэргэжилтэн маш олноороо ажиллаж байв. Зөвлөл- тийн мэргэжилтнүүд нутаг буцахын өмнөхөн. 1989 оны байдлаар манай улсад 19000 мэргэжилтэн ажиллаж байснаас, 9700 нь барилгачид, 1700 нь техник туслалцааны байгууллагуудад, 3000 нь хамтарсан үйлдвэрүүдэд, 3000 нь геологийн салбарт тус тус бүртгэлтэй байв. Энэ бол тэр үеийн улс ардын аж ахуйн салбарт тоон үзүүлэлт бөгөөд тэднийг “Зөвлөлтийн байгууллага”, “Техник туслалцааны байгууллага”-д харьяалж байснаас Зөвлөлтийн байгууллага гэдэг нь боловсон хүчин, аж ахуй, санхүүгийн хувьд Москвад бүрэн харьяалагддаг, жишээ нь Зөвлөлтийн барилга трестүүд, харин Техник туслалцааных гэдэг нь Зөвлөлтийн мэргэжилтэн ажиллуулдаг Монголын байгууллага байв.
Энд мөн их дээд сургууль, техникум, ТМС, зарим дунд сургууль, оюуны бусад салбарт олон арван багш нар, зарим эмнэлэгт орос эмч нар ажиллаж байсныг мартах ёсгүй. Ер нь 1989 оны байдлаар ЗСБНХУ-ын төрийн 24 яам, тусгай хороо манайд мэргэжилтнээ ирүүлсэн, ГХЯ-аас бусад Монголын төрийн бүх яамд дэргэдээ Зөвлөлтийн зөвлөхүүдийн аппараттай, мэргэжилтэнтэй байсан дүр зураг бий бөгөөд 1989 оноос Зөвлөлтийн яамдын Монгол дахь бүрэн эрхт төлөөлөгчийн газрууд татан буугдсан юм.
Хэдийгээр “Социалист интеграц”, “эзхтз” гэсэн интерна- ционалч хаягтай ч зөвлөлтийн мэргэжилтэнг аажмаар цөөрүүлж, харин тэднийг орлох үндэсний мэргэжилтэн бэлтгэх асуудал 1988 оноос эрчимтэй яригдаж эхэлжээ. Гэхдээ ил тодын нөхцөлд үлэмж шүүмжлэлтэй яриа өрнөсөн юм. Тухайлбал ганцхан мэргэжлээр олон жилийн турш мэргэжилтэн урихгүй байх, ажлын төлөвлөгөөгүй, үр ашиггүй ажиллахыг зогсоох, ганц мэргэжилтэнг 3-4 дахин урихгүй байх, 10-20 жил Монголд ажилласан боловч орлох Монгол мэргэжилтнээ бэлтгээгүй бол дахин захиалахгүй байх гэхчлэн ярилцаж байв. Ерөөсөө Монголын байгууллагын хөдөлмөрийн хамт олны хүсэлтээр Зөвлөлтөөс мэргэжилтэн авахаа хэлэлцэн шийдвэрлэх, мэргэжилтнийг 1 сараас 1 жил хүртэл богино хугацаагаар авдаг уян хатан механизм тогтоох асуудал нам-засгийн дээд түвшинд хүртэл яригджээ.
1989 оны 10 дугаар сард болсон “БНМАУ-д ажиллаж буй Зөвлөлтийн мэргэжилтнүүд”[27] хэмээх нэгэн зөвлөлгөөн энэ асуудлыг анх удаа бодитой, шүүмжлэлтэй, нухацтай авч хэлэлцэв. Энэ зөвлөлгөөнийг Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яам, ЗСБНХУ-ын ЭСЯ, МЗНН-ийн Төв Зөвлөл, ДСНК-аас зохион байгуулж, Монголын талаас ЭЗГХХЯ-ны орлогч сайд А.Юндэндорж, ЗСБНХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх А.С.Миронов нар илтгэл тавьж, бусад олон хүн саналаа нэмэрлэжээ. Тэр болгоныг энд сануулах нь өнөө цагт утгагүй, гэхдээ гол санааг буулгавал, ах нар” маань биднийгээ орхин гарах нээ, оросуудаар “тэжээлгэдэг” цаг өнгөрөх нээ, өвлөбөл өвлөөд сурвал сураад үлдэх нээ гэсэн харанга дэлдсэн мэт байлаа.
Техник туслалцааны байгууллага дахь орос мэргэжилтнийг 50 хувиар хасах, зөвлөлтийн байгууллага дахь монгол иргэдийн тоог нэмэх, орос хэлний багш Зөвлөлтөөс урьдагийг бүр болиулах, барилгын трестүүдийг Монголын талд шилжүүлэх тухай ярьсан ба ингэж шилжүүлсний дараа хэр зэрэг бодитой, үр өгөөжтэй болох талаар ч аль алин нь эргэлзсэн үгс дээрх зөвлөлгөөний тэмдэглэлд бий. Тодорхой баримт түшиж, сот-1-ийг Монголд шилжүүллээ гэхэд 200 инженер, техник хэрэгтэй, тэр нь байхгүй, зөвлөлтийнхнийг дагалдуулж сургая гэхэд Монголын хот, хөдөөгөөс 110 ажилчин, 40 мастер олохгүй байгаа тухай орос ах нар гомдоллож байв.
Буцах, буцаахын цаана санхүү, зардал мөнгөний маш том асуудал босч иржээ. Энэ нь БНМАУ-ын Сайд нарын Зөв- лөлийн шинэхэн тогтоол, түүний дагуух шинэ журмаар хэрэгжих ёстой байв. Чухамдаа бол илгээж буй мэргэжилтний зардлыг Москвагаас даахгүй гэсний дараахи манайхны ацан шалаа юм. Урьд нь ирж буй мэргэжилтний бүх зардлын 30 хувийг Монголын тал даадаг байсныг болиулж, манай тал 100 хувь даах болжээ. Манай Засгийн газрын тогтоолоор бол Монголын тухайн байгууллагын хөдөлмөрийн хамт олон Зөвлөлтөөс мэргэжилтэн авахаа хэлэлцэн шийдвэрлэсний дараа урих, бүх зардлыг нь тухайн үйлдвэр, аж ахуйн газрын хөдөлмөрийн хөлс, нийгмийн хөгжлийн фондоос санхүүжүүлэхээр заажээ.
Хэдийгээр зөвлөлтийн ихэнх мэргэжилтэн өндөр ур чадвартай ч тэдний дунд тааруухан хүн цөөнгүй байгааг мөнөөх зөвлөлгөөн баримттайгаар гаргаж тавив. Жишээ нь, зөвлөлтийн инженер-техникийн ажилтны 30 хувь нь үүрэгт ажилдаа тэнцэхгүй, тийм нөхдийг буцаах буюу тушаал бууруулна гэж Зөвлөлтийн ЭСЯ-ныхан занаж байв. Мен Монгол дахь ахуй хангамж, амьдралаа чамлаж орос нөхөд ч багагүй гомдол гаргасан нь зөвлөлгөөний тэмдэглэлд үлджээ. Тэд 1989 оны байдлаар сардаа 450 рубль авч байсан нь бусад социалист ба хөгжиж буй орон дахь зөвлөлтийн мэргэжилтнээс 4-5 дахин доогуур, тэгээд ч цаг агаарын хүнд нөхцөлд Монгол руу зүглэх мэргэжилтний тоо дандаа дутуу, жил бүр 100-150 хүнээр дутуу байдаг тухай ярьсан нь монголчуудын голд орж, зүрх дэлсүүлсэн шүүмжлэл болжээ. Энэчлэн монгол ажилчид сурахдаа хойрго, хумсалдаг гэхчлэн гомдлууд бишгүй байна.
Дүгнэж үзвэл, зөвлөлтийн мэргэжилтнийг монголчууд бид өөрсдөө цалинжуулна гэдэг дээр манайхан эхлээд тээглэж ойчсон тухай эндээс тодорхой байна. Зөвлөлтийн тал манайхаас мэргэжилтнээ татах шалтгийг чухам зөв олж харжээ. ЗСБНХУ-ын санхүүгийн хүнд байдлыг засч залруулах нэг боломжийн суваг бол гадаадад буй олон сая мэргэжилтнүүдээ тухай улсаас санхүүжүүлэх явдал гэж үзсэн юм. Тэр үеийн Зөвлөлтийн улсын төсвийн алдагдал 120 тэрбум рубль хүрч байсны үлэмж хэсэг нь Монгол мэтийн буурай оронд тараан байршуулж үр өгөөжгүй хөдөлмөрлүүлсэн мэргэжилтний зарлага байсан тухай тэр үед ил тод шүүмжлэн бичсэн нь зөндөө байсныг эргэж үзэж болно.[28] 1990-1991 онд Зөвлөлтийнхөн Монголоос цэрэг. мэрэгжилтнээ эрчимтэй татсаар ЗСБНХУ-ын түүх өндөрлөсөн билээ.
[1] Сюй Сяотянь, Ли Чуньлун, Сюй Жэньхань Синь Жунго юй Сулянь дэ гарцэн ванлай (Шинэ Хятад ба Зөвлөлт Холбоот Улсын удирдагчдын дээд түвшний хэлхээ холбоо), II боть, Жилинь Жэньминь Чубаньше, 1999, 825 x
[2] 1979 онд Л.Ф.Ильичев, Ван Юпин нарын хооронд харилцаа хэвийн болох асуудлаар хэлэлцээ аамжилтгүй явагдаж, Хятадын тал 1950 оны Найрамдал, холбоо, харилцан туслах тухай Гэрээг сунгахгүй гэж шийдсэн байв.
[3] В.Федотов. Как мы шли к нормализаций с Катаем, Международная жизны, 8/200,102 х
[4] М.С.Горбачев Перестройка и новое мышление для нашей страны и для всего мира, Моска.,1987,175 х
[5] В.Федотов Как мы к нормализаций с. Китаем, Международная жизн, 8/2003,103х
[6] Мөн тэр нийтлэл, 107х
[7] НҮБ-М.С.Горбачев: Шини отгэлгээний илрэл, цаг үе” Сэтгүүлийн өгүүлэл. 1988.12.2015 (107), 9-10 х
[8] Д.Баярхүү. Хятадын сайд ЗСБНХУ-д айлчилна, “Цаг үе” 1988.11.30 N 33 (105), 8-10 х
Д.Баярхүү. Харилцааны шинэ эхлэл тавьсан айлчлал, “Цаг үе” 1988.12.10 № 34(106) 8-9 x
[9] Синь Жунго вайзяо 50 нянь (Шинэ Хятадын Дипломатын 50 жил), и боть. Бээжин Чубаньше, 966 x
[10] 63 Игорь Рогачев. Бид Ази, Номхон далайн бүс нутагт гарч байгаа дэвшилт хандлагын талд байна. Цаг үе” 1989.03.01 No 6 (114), 3-5 х. “Цаг үе 1989.03.10 N№ 7 (115), 3х,
[11] Ж.Ёндон. БНМАУ-ын бодитой хувь нэмэр, “Цаг үе” 1989.03.10 № 7 (115). 4-5
[12] ЗХУ: Цэргийн зардалд хэдий хэр хөрөнгө зарцуулдаг вэ? (“Огонек” сэтгүүлийн орчуулга) “Цаг үе” 1989.06.10 № 16 (124)
[13] ТАСС-ын мэдээ, 1989.10.28
[14] В Федотов. Как мы шли к нормализации с Китаем. Международная жизнь, в/ 2003, 105 x
[15] Д.Баярхүү. Харилцааны шинэ эхлэл тавьсан айлчлал, “Цаг үе” 1988.12.10 № 34(106) 8-9 x
[16] 1988.12.09-нд ГЯЯ-нд болсон брифинг дээр сайд Д.Ёндон энэ тухайгаа мэдээлсэн нь зохиогчийн хувийн тэмдэглэлд бий.
[17] Ц.Гомбосүрэн. Өнөөгийн ертөнц бүхэл бүтэн, харилцан хамааралтай. Цаг үе” 1988.11.30 N 33 (105) 7-8 x
[18] Мөн тэнд
[19] Визит М.С.Горбачева в КНР, Москва., 1989, 75 x 83
[20] Мөн тэр номд, 26, 58 x
[21] ж.Чойнхор. Сайн хөршийн харилцаа сэргэж байна. “Цаг үе” 1989. 04 20 № 11 (119) 3-4 x
[22] Л.Моломжамц Улс орны эдийн засгийн ашиг сонирхолд үндэслэн, “Цаг үе” 1989.05.20 № 14 (122), 3-5 х,
[23] Игорь Рогачевын ярьсан нь, “Цаг үе” 1989.11.10 № 31 (139), 7x,
[24] Л.Моломжамц Улс орны эдийн засгийн ашиг сонирхолд үндэслэн, цаг үе 1989.05.20 № 14 (122), 3-5 х.
[25] Л.С.Майоров. Зөвлөлтийн цэргийн эхний ээлж гарав. “Цаг үе” 1989. 10. 10 % 28 (136). 4 х. 87
[26] М.С.Капицын лекц, зохиогчийн хувийн архивт бий.
[27] Зөвлөлтийн мэргэжилтнүүд Монголд. “Цаг үе” 1989.10.30 No 30 (138) 3-5 x
[28] Л.Арих. Мне там нечего делать, “Комсомольская правда”, 25 декабря 1988