С.Түмэндэлгэр
/МУБИС-ийн багш, PhD/
Шинэ толь №51, 2005
Түлхүүр үг: Шилжилтийн эдийн засаг, Хүн амын ажиллах хүчний бүтэц, Төрийн халамжийн бодлого, Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, Хөдөлмөр эрхлэлт ба жендер, Хөдөлмөрийн үнэлэмжийн ялгаа
Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцооны олон улсын хандлага
Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхий даяар гарсан нэг өөрчлөлт бол хөлстэй хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсэн явдал аж. Тодруулбал, 2000 оны байдлаар Европын улсуудад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин дунджаар 55,8 хувь байна.
Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцооны өсөлтийн энэхүү өөрчлөлтийг судлаачид 1960-аад онуудад хүчтэй өрнөсөн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнтэй холбон тайлбарладаг. Мөн түүнчлэн жирэмсэлтээс урьдчилан сэргийлэх арга хэрэгслүүдийг өргөнөөр хэрэглэх болсон, иргэдийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд өөрчлөлт гарсан, гэрийн хөдөлмөр хөнгөвчлөгдсөн, шинэ технологийн өөрчлөлттэй уялдан хөдөлмөрийн зах зээлд гарсан эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн эрэлт өссөн явдалтай холбон үзэж байна (Женкинс, 2004).
Судлаачид 2000-2004 онууд дахь өөрчлөлтийг өндөр хөгжилтэй орнуудын засгийн газруудын төрийн бодлогод социал демократ бодлого илүүтэй нэвтэрч байгаатай холбон үзэж байна. Тухайлбал, Английн социологич Э.Гидденс “Гурав дахь зам” (1998) бүтээлдээ энэхүү өөрчлөлтийг “шинэ-либерализм ба социал демократизмийн хуучин загвар хоёул халагдан цоо шинээр өөрчлөгдөж байгаатай” холбон тайлбарлажээ.
Зарим судлаачид эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийг “шинэ мэдлэгт суурилсэн эдийн засаг”-тай холбон үзсэн байна (Женкинс, 2004). Мэдлэгт суурилсан эдийн засгийн систем нь хүмүүс хоорондын өрсөлдөөний чигийг өөрчлөн, хүмүүсийг ажлын маш их ачаалалтай амьдрахад хүргэн улмаар эмэгтэйчүүд хүүхэдтэй байх явдлаас татгалзаж, хөлстэй хөдөлмөр эрхлэхийг чухалчлах хандлагатай болж байгаатай холбогдох юм.
Европын улс орнуудын төр засаг эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар тусгайлан анхаарч байгаа бөгөөд тодруулбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар ажлын байруудыг шинээр нээж, энэ нь гол төлөв үйлчилгээний салбарын ажлууд байсан байна. Ингэхдээ голчлон цагийн болон ээлжийн ажлын хэлбэрийг түлхүү нэвтрүүлэхийг анхаарсан байна. Цагийн болон ээлжийн хөдөлмөр нь эмэгтэйчүүдийн гэр бүлдээ гүйцэтгэх үүрэгт илүү зохицолдолгоо сайтай байдаг ба хүүхдээ сургуульд явсан 10-15 цагийн хооронд ажиллаад хүүхдээ сургууль тарах үед нь ажлаасаа тараад авч байх ажлын байруудыг бий болгоход түлхүү анхаарчээ. Мөн түүнчлэн мэргэжилтний түвшинд, тодруулбал, удирдлага, захиргааны ажлыг эмэгтэйчүүд хуваан хийх явдал нэмэгдэж байгаа ба Англид 1981 онд 23.5 хувь байсан бол 2006 онд 41 хувь байхаар төсөл боловсруулан ажиллаж байгаа юм байна (Женкинс, 2004).
Эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтэд гарч буй бас нэгэн чухал өөрчлөлт бол бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэх нь улам бүр нэмэгдэж байгаа явдал. Үүнийг гэр бүлийн хэрэгцээ шаардлагын улмаас эргэж ажилдаа орж байна уу, санхүүгийн хувьд бие даасан байдлыг эрхэмлэсний үүднээс ажилдаа эргэн орж байна уу гэдэг талаар хоёрдмол үндэслэлийг судлаачид дэвшүүлж байна. 1998 онд хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхэлж байгаагийн гол шалтгаан нь эдийн засгийн асуудал байсан ба бүрэн цагаар ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн 35 хувь нь аргагүй шаардлагын үүднээс ажилдаа эргэн орж байжээ. Гэхдээ ажилдаа эргэн орох нь зөвхөн санхүүгийн хүчин зүйлсээр тайлбарлагдах зүйл биш юм. Олон эмэгтэйчүүд цалин хөлстэй ажил эрхэлснээр өөртөө итгэх итгэл нь нэмэгдэн, нийгэм-хамт олны хүрээнд орж нийгэмших явдалд нь чухал нөлөөтэй байдаг гэж судлаачид үздэг. Харин өнөөдөр боловсрол мэргэжилтэй эмэгтэйчүүдийн хувьд албан ташаал дэвших нь ямагт тэргүүн чухал зүйл болдог бөгөөд ажлаас түр тасарч байгаа явдлыг түүнд үзүүлэх сөрөг нөлөөтэй болох талаас нь юуны түрүүнд анхаарлаа хандуулдаг. Судалгаагаар хамгийн бага хүүхэд нь таваас доош настай, өндөр боловсрол, мэргэжилтэй эмэгтэйчүүдийн 76 хувь ажилдаа эргэн орж хөдөлмөрлөж байхад ийм насны хүүхэдтэй, бага боловсрол, мэргэжилтэй эмэгтэйчүүдийн 27 хувь нь ажиллаж байгаа нь тогтоогджээ (Рейк, 2000). Ийнхүү боловсролын түвшнээс хамааран ажилдаа эргэн орох явдал, эргэж орж буй шалтгаан нь ялгаатайгаар илэрч байгаа аж.
Дээрхтэй холбоотой нэгэн өөрчлөлт бол төрсний дараагаар ажилдаа эргэн орох явдлын хугацаа нь улам бүр богиносож байна. 1996 оны байдлаар жирэмсэн байх үедээ ажиллаж байсан эмэгтэйчүүдийн 67 хувь нь хүүхдээ төрүүлсний дараагаар 9 сарын дотор буцаж ажилдаа орж байгаа ба энэ үзүүлэлтийн хувьд 1988 онд 45 хувь, 1979 онд 24 хувь нь ажилдаа эргэн оржээ. Гэхдээ Каллендар нарын судалгаагаар хүүхдээ төрүүлсний дараагаар ажилдаа эргэн орсон эмэгтэйчүүдийн 51 хувь нь доогуур албан тушаалын ажилд, мөн цалин хөлсгүйгээр ажилласан байна (Каллендар нар, 1996), Хьюстен нар (2000) хүүхэд анх төрүүлэх гэж байгаа 400 эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулсан бөгөөд жирэмсэн байхад төрсний дараагаар ажилдаа эргэн орох уу, гэртээ үлдэх үү, цагийн ажил эрхлэх үү гэж тэдгээрээс асуусан байна. Тэдгээрийн 20 хувь нь гэртээ үлдэнэ, 26 хувь нь бүтэн цагийн ажил эрхэлнэ, 54 хувь нь цагийн ажил эрхэлнэ гэж хариулсан бол харин дараа нь буюу хүүхэд нь нэг ойтой байхад нь судлахад гэртээ үлдэнэ гэж хариулсан эмэгтэйчүүдийн 82 хувь, цагийн ажил эрхэлнэ гэж хариулсан эмэгтэйчүүдийн 76 хувь, цагийн бус ажил эрхэлнэ гэж хариулагсдын 62 хувь нь бодож байсныхаа дагуу шийджээ.
Ийнхүү хүүхдээ асрах явдлыг ажил эрхлэх явдалтай хослуулах эрмэлзэлтэй байдал эмэгтэйчүүдийн дунд хүчтэй болж байгаа хэдий ч, ажилдаа эргэн орох нь төдийлөн амар хэрэг биш аж. Хэдийгээр бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн буцаж ажилдаа орох хугацаа богино байгаа ч, цалин, албан тушаалын хувьд буурах явдал байсаар байна.
Өнөө үед гэр бул салалт түгээмэл үзэгдэл болсонтой холбогдон албан ёсоор гэрлээгүй, ганц бие хүүхэдтэй “уламжлалт бус“ гэр бүлийн тоо нэмэгдэх болжээ. Нэгдсэн вант улсад 1997 оны байдлаар нийт гэр бүлийн хэмжээнд 21 хувь нь эмэгтэй тэргүүтэй гэр бүл байсан ба энэ нь 1984 онд 11 хувь байжээ. Харин ганц бие эрэгтэйтэй гэр бүл 2-оос 2,5 хувь болтлоо бас өсчээ. 1990-1997 оны хооронд хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 41-44 хувь болон нэмэгдсэн байна (Женкинс, 2004). Ийнхүү өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тооны өсөлттэй зэрэгцэн эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэж байна.
Дэлхий нийтэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн нэгэн гол ялгаа бол эмэгтэйчүүд цагийн хөдөлмөр түлхүү эрхэлдэгт оршдог. 1999 оны байдлаар НВУ-д хөлстэй хөдөлмөр эрхэлж буй бага насны хүүхдүүдтэй эмэгтэйчүүдийн 38 хувь нь 7 хоногт 20 ба түүнээс бага цагийн хөдөлмөр эрхэлжээ. Эхчүүдийн 70 хувь буцаж ажилд орохдоо цагийн ажил эрхэлдэг байна (Женкинс, 2004). Цагийн ажлууд нь ихэвчлэн бага цалинтай, бага ур чадвар шаарддаг, аюулгүй байдал бага хамгаалагдсан байдаг байна (Хаким, 1987). Иймээс эмэгтэйчүүдийн цагийн хөдөлмөр эрхэлж буй явдал нь гэрийн хөдөлмөрийг хөлстэй хөдөлмөртэй хослуулж буй нийтлэг хэлбэр болж байгаа ба цалин хөлс, ур чадвар шаардах байдал, аюулгүй байдал, нөхцөлийн хувьд бүрэн цагийн хөдөлмөрөөс доогуур байдагтай уялдан зарим судлаачид хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн давхраажилтын нэгэн үзүүлэлт болгон авч үздэг (О.Шкаратан нар, 1995).
Олон улсын туршлагаас харахад хүүхэд асрах байгууллагын тооны өсөлт, үйлчилгээний чанар нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд таатайгаар нөлөөлдөг байна. 3 ба 4 настай хүүхдүүдийн цэцэрлэг буюу (европын орнуудад ихэвчлэн хүүхэд асрах газар) бага сургуульд хамрагдалтын түвшин 1987 онд 44 хувь байсан бол одоо 56 хувь болтлоо өссөн байна. Наймаас доош насны 10 хүүхдийн 7 нь өдөр өнжүүлэх газар, хүүхэд асрах газар өсөж байна (Женкинс, 2004). Брайсон нарын (1999) судалгаагаар эхчүүдийн 33 хувь нь хүүхэд асрах таатай, нөхцөл сайтай газар байхгүйгээс ажиллаж чадахгүй байна гэж хариулсан байна. Ганц бие хүүхэдтэй эцэг эхчүүдийн судалгаанаас тэдгээрийн хөлстэй хөдөлмөр эрхлэж чадахгүй байгаагийн гол шалтгааныг хүүхэд асрах газар олдохгүй байгаа явдал гэдэг нь тогтоогджээ. Мөн тэдгээрийн судалгаагаар оршин буй нутагт хүүхэд асрах байгууллага олдохгүй байх, гэрийн нөхцөлд хүүхэд асрах байдлаас хүүхэд асрах байгууллагуудын нөхцөл нь доогуур байгаа явдалд сэтгэл ханамжгүй байна гэж хариулсан байна. Ихэнх эцэг эхчүүдийн хувьд ээж аав, найз нөхөд, хамаатан садны хүмүүсээр хүүхдээ асруулах сонирхол их байдаг байна. Ийнхүү социалист бус орнуудад хүүхдийг эцэг эх өөрсдийн гараар, бусад найдвартай субьектээр (өөрсдийн эцэг эх, нагац, авга зэрэг хүмүүсээр) өсгүүлэх нь илүү чухал гэсэн баримтлал хүчтэй байдаг ба цэцэрлэг буюу хүүхэд асрах байгууллагуудад үл итгэх хандлага хүчтэй байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэг буюу хүүхэд асрах байгууллагуудын тоо өсөж, нөхцөл, үйлчилгээ сайжирснаар хүүхдээ асруулах хэрэгцээ нэмэгдэж, түүнтэй зэрэгцэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгджээ (Женкинс, 2004)
Нийгэмд гарч буй нэгэн чухал өөрчлөлт бол эхийнх нь адил эцгийн хүүхэддээ анхаарал халамж тавих үүрэг нэмэгдсэн явдал юм. Зарим өндөр хөгжилтэй орнуудад эцэг хүнд энэ эрхийг хуульчлан олгосон ба зарим оронд хүүхдээ асрахыг тодорхой хугацаанд үүрэг болгон хуульчлан тогтоосон байна. Ингэснээр эцэг ба эхчүүдийн хувьд хэн нь хүүхдээ асрах вэ гэдэг дээр сонголтын хувилбар нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинд эерэгээр нөлөөлжээ.
Ийнхүү сүүлийн 50-иад жилийн хугацаанд дэлхийн ихэнх оронд харилцан адилгүйгээр (Европын орнуудад илүү өндөр хувиар, Азийн орнуудад арай бага ч гэсэн өссөн) эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн хөдөлгөөн эрчимжсэн, технологийн өөрчлөлт, сэрэглээнд гарсан өөрчлөлт, ЖУСАХ-ийн хэрэглэх явдал нэмэгдсэн, төрийн бодлого илүү социаль демократчлагдах болсон, хүүхэд асрах байгууллагуудын тоо, чанарын өсөлт, щэг хүний хүүхэд асрах үйл хэрэгт оролцох байдал нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлээс хамаарсан ажээ. Харин улс орнуудын хувьд харилцан адилгүй байдал нь тэдгээрийн уугуул соёл, модернизацлагдаж буй байдал, дээрх хүчин үйлсийн өөрчлөлтийн далайцаас ихээхэн хамааралтай юмаа.
Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо
Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоог социализмын үеийн ба шилжилтийн, өнөө үеийн гэсэн хоёр үеэр түүхчлэн авч үзэх оролдлого хийв. Түүхчлэн авч үзэх нь өнөө цагийн эмэгтэйчүүдийн оролцооны ерөнхий түвшний суурь нь социализмын үетэй ямар залгамж холбоотой байна вэ гэдгийг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм. Гэхдээ статистик мэдээллийн хомс байдалтай уялдан социализмын үеийн эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн хөлстэй хөдөлмөр дэх оролцооны түвшнээр авч үзсэн гэдгийг дурьдах нь зүйтэй.
Социализмын үеийн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн байдал
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн социалист тогтолцоо нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурьд ихээхэн өөрчлөлтийг авчирсан юм. Марксист үзэл суртлын хувьд эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн талаарх адил тэгш бус, эурангуй байдлыг халах зорилго тавин эмэгтэйчүүдийг гэр зүйлийн хүрээнээс олон нийтийн хүрээнд оруулах, эоловсролын түвшинг ахиулах, хөлстэй хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулах, эрүүлжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, халамжийн үйлчилгээг нэмэгдүүлэх зэргээр онцгойлон анхаарсан бодлогыг баримталж байв (Налини Бөрн нар, 2001). Энэхүү социалист төрийн бодлого нь чухамхүү ямар үр дагаварт хүргэв гэдгийг авч үзэхдээ статистик мэдээллийн хязгаарлагдмал байдалтай уялдан зөвхөн эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлт дэх оролцооны байдалд анхаарлаа хандууллаа.
Социалист бодлогын үр дүнд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн байдал мэдэгдэхүйц дээшилжээ. Хүснэгт 1-ээс харахад 1969-1989 онуудын хооронд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин байнга нэмэгдэж байжээ. Мөн үеүдэд ерөнхийдөө ажил эрхэлдэг нийт хүн ам 1969 онд 454,80 мянга байснаас 1989 оны байдлаар 804,19 мянга хүртэл буюу 1,77 дахин өссөн бөгөөд ажил эрхэлдэг эрэгтэй хүн ам мөн үеүдэд 252,19 мянгаас 424,69 мянга хүртэл буюу 1,68 дахин өссөн бол ажил эрхэлдэг эмэгтэй хүн ам 202,69 мянгаас 379,46 мянга хүртэл буюу 1,87 дахин өссөн байна. Энэ нь нийт ажил эрхэлдэг хүн амын, ажил эрхэлдэг эрэгтэй хүн амын өсөлтөөс илүү байгааг харуулж байна.
Хөлстэй хөдөлмөр эрхлэлт дэх оролцооны дээрх амжилтын учир шалтгааныг дараахь хүчин зүйлстэй холбон тайлбарлаж болох юм.
Бүрэн ажил эрхлэлтийг хангах гэсэн хөдөлмөрийн зах зээлд үндэслээгүй төрийн хатуу бодлого. Социалист систем нь нийгмийн бодлогын хувьд хатуу тэгшитгэх үүднээс нийгмийн дахин хуваарилтыг чухалчилж байв. Иймд төрөөс эрэгтэй, эмэгтэй нийт хөдөлмөрийн чадвартай хүн амыг баталгаат ажлын байраар хангаж, ажлын байрыг шинээр нээх, нэмэгдүүлэх бодлогыг баримталж байсан нь орлогоосоо давсан зардлыг бий болгож эдийн засгийн ашигт байдлын хувьд социалист системийн нуран унасан нэгэн шалтгаан нь болдог. Хүснэгт 1
Ажил эрхэлдэг хүн амын тоо, хүйсээр, тооллого явагдсан оноор, тоогоор, эмэгтэйчүүдийн эзлэх хувь
Энэхүү бодлогын хүрээнд баримтлаж байсан нэгэн чухал зүйл бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил хөдөлмөрлөх эрхтэй гэсэн үзэл суртлын хүчтэй бодлого үйлчилж байв. Ер нь социалист төрийн хүн амын эдийн засаг, нийгмийн өсөлтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоор дамжуулан өсгөнө гэсэн баримтлалтай /Ферге, 1986/ энэ нь холбогддог аж. Иймд эмэгтэйчүүдийг ажил эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх талаар онцгойлон анхаарч байсны үр дүнд эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтэд эерэг өөрчлөлтийг авчирч чаджээ. Эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үүднээс эмэгтэйчүүдийн боловсролыг нэмэгдүүлэх, мэргэжилтэй болгох, хүүхэд асрах байгууллагын тоог нэмэгдүүлэх бодлогуудыг хэрэгжүүлжээ. Мөн түүнчлэн гэрийн ажилтай эмэгтэйчүүдийг гэрээр ажиллах явдлыг нь дэмжих үүднээс тусгай артелийн газрыг байгуулж байсан нь гэрийн ажилтай эмэгтэйчүүдийг ажиллах хүчний эгнээнд оруулах бодлого сайн байв.
- Хүүхэд асрах байгууллагын тооны өсөлт. Эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлүүлэх аятай таатай боломжийг хангах үүднээс төрөөс баримталж байсан нэгэн бодлого бол хүүхэд асрах төрийн байгууллагыг нэмэгдүүлсэн явдал байв. 0-2 насны хүүхдийн яслид хамрагдалтын түвшин 10000 хүүхдэд ногдох байдлаар 1950 онд 137 байсан бол 1982 он гэхэд 1364 буюу бараг 10 дахин өссөн байна. Мөн 1950 онд 49 цэцэрлэгтэй байсан бол 1982 онд 630 болсон буюу 13 дахин өсчээ (Зураг 1, 2 харна уу).
Зураг 1
Зураг 2
1962 оны Үндсэн хуулийн 7-р бүлгийн 84-р зүйлд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил тэгш байх эрхийг баталгаажуулан, улмаар хүүхдийн ясли, цэцэрлэгийг өргөтгөх тухай зааж өгсөн байна. Мөн түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн ясли, цэцэрлэгийг байгуулах, ажиллуулахыг дэмжиж байсан нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, төрсний дараагаар ажилдаа хурдан орох явдалд эерэгээр нөлөөлжээ.
- Эмэгтэйчүүдийн боловсролын түвшний өсөлт. Хүний хөгжлийг хангах, нийгэмд тэгш байдлыг тогтоох үндсэн арга хэрэгслүүдийн нэгээр социалист төр нь боловсрол гэж үзэж байв. Социализмын үед эрэгтэй, эмэгтэйчүүд бүх түвшинд боловсролыг үнэ төлбөргүй, албан ёсоор эзэмшиж байв. Үүний үр дүнд хамгийн ихээр боловсролын үр ашгийг хүртсэн нэгэн бүлэг бол эмэгтэйчүүд байсан гэж үзэх үндэслэл байна. Учир нь социализмын үед сургуульд хамрагдалтын түвшин ерөнхийдөө өндөр байсан бөгөөд 1989 оны байдлаар хөвгүүдийн 75-аас дээш, охидын 85-аас дээш хувь ЕБС-д сурч байв. 1980-аад оноос эхэлсэн эмэгтэйчүүдийн боловсролын түвшний ахиц нь боловсролын шат ахих тусам шууд хамааралтайгаар нэмэгдэж байжээ.
Ийнхүү 1980-аад оны төгсгөл гэхэд дээд боловсролтой хүн амын, дээд боловсролын сургуульд суралцагсдын 55 орчим хувийг эмэгтэйчүүд эзлэхэд хүрсэн байна. Социализмын үед мэргэжлийн сургууль ба албан байгууллагуудын хооронд шууд холбоо оршин байсан бөгөөд дээд боловсрол эзэмшсэн хүн ам бараг бүгдээр ажлын баталгаат байраар хангагдаж байв. Энэ нь дээд боловсролтой эмэгтэй хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж улмаар нийт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн үзүүлэлтийг ахиулсан байна. Эмэгтэйчүүд ажил олох, ажил эрхлэхэд мэдлэг боловсрол чухал байдаг бол эрэгтэйчүүдийн хувьд арай өөр байдагтай (Налини Бөрн нар, 2001) уялдан эмэгтэйчүүд мэргэжил, боловсролынхоо амжилтад тулгуурлан ажил эрхлэх нь нэмэгджээ.
- Төрийн халамжийн бодлого. Социализмын үед хүн амын талаар баримтлах бодлого нь пронаталист /төрөлтийг дэмжих/ бодлого байв. Уг бодлогын нөлөөгөөр хүн амын өсөлт ихэссэн нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд сөрөг байдлаар нөлөөлсөн гэж үзэж болох юм. Учир нь төрөлтийн нийлбэр коэффициент өндөр байсан 1960-аад оны сүүл үе, 1970-аад оны үеэс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт харьцангуй хурдацтайгаар өсөж чадаагүйг хүснэгт 1 -ээс харж болно. Иймээс эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс хүүхэд асрах цалинтай чөлөө олгох хугацааг 45-60 хоног, цалингүй 3 сар хүртэл хөлстэй ажлаас чөлөөлөхийг хуулиндаа тусгасан байна (БНМАУ-ын СнЗ-ийн ХЦХ, 1962). Мөн түүнчлэн ажил эрхэлдэг, нөхөр нь ажил эрхэлдэг байсан хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд хүүхдийн арчилгаа, тэжээлийн тэтгэмжийг ажилласан хугацаанаас нь хамааруулан олгодог байжээ. Үүнийг эмэгтэйчүүдийг эдийн засгийн шалтгаантайгаар ажилдаа буцаж ороход нөлөөлсөн гэж үзэж болох юм.
Хүүхэд төрүүлсний дараагаар дээд тал нь 3 сар /гэхдээ энэ нь цалингүй, цалинтай нь 45-54 хоног/ эмэгтэй хүн ажлаас чөлөөлөгдөх эрхтэй байсан нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлсэн нэгэн чухал хүчин зүйл юм. Энэхүү бодлогын нөлөөгөөр эмэгтэйчүүд нь гэрийн хөдөлмөрийн зэрэгцээгээр хөлстэй хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж “Хоёул тэжээгч” гэр бүлийн загвар, “Ажиллагч-эмэгтэй”-н загварыг нийгэмд төлөвшүүлэхэд нөлөөлсөн байж болох юм. Гэхдээ энэхүү төрийн бодлого нь хөлстэй хөдөлмөр эрхлэлт дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээс бус, гэрийн хөдөлмөрийг үнэлгээжүүлэх тал дээр амжилт ололгүйгээр “давхар ачаалал” бүхий эмэгтэйчүүдийг бий болгосон байна. Энэхүү хатуу шаардлага нь эрэгтэй хүний нэгэн адил байж тодруулбал гэр бүлийн үнэлгээгүй хөдөлмөрт бага ачаалал үүрдэг буюу цөөн хүүхэдтэй байхыг эрхэмлэхэд хүргэж улмаар төрөлтийн тоог багасган эмэгтэйчүүдийн дүр-үүрэгт өөрчлөлт авчирсан байж болох талтайг үгүйсгэх аргагүй болов уу.
Шилжилтийн үе дэх эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцоо
1980-аад оны сүүлээр социализмын үеийн гол туслагч орон болох ЗХУ-ын эдийн засаг хямарснаар 1990 он гэхэд ДНБ-ийнхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний тусламжаа алдаж, хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг бензин түлш, бусад түүхий эдийг авч чадахгүйд хүрснээр (Налини Бөрн нар, 2001) эдийн засгийн гүн гүнзгий хямралд орсон юм. Төрийн татаас, дэмжлэгтэйгээр ажиллаж байсан зарим үйлдвэрийн газрууд дампууран, ажилчид ажилгүй болон, нийгмийн үйлчилгээнд зарцуулах улсын төсөв эрс буурсан юм. Үүнтэй холбоотойгоор ажиллагч хүн амын тоо 1992 оноос 1997 оныг хүртэл ямагт буурч, 1999 оноос 1992 оны хэмжээнд хүрснийг Хүснэгт 2-оос харж болно.
Хүснэгт 2
Шилжилтийн үеийн ажиллагч хүн амын тоо, хүйсээр, оноор. мян. Хүнээр
Ажиллагчдын нийт тоо буурч байсантай зэрэгцэн эрэгтэй, эмэгтэй, ажиллагчдын тоо мөн адил буурч байсан юм. Гэхдээ эрэгтэй ажиллагчдын тоо 24,1 мянгаар буурсан бол эмэгтэй ажиллагчдын тоо 16,8 мянгаар буурсан байна. Энэ нь эрэгтэй зонхилсон хөдөлмөрийн секторын байгууллагууд илүүтэй хаагдан, дампууралд өртсөнтэй холбогдож байна. Мөн түүнчлэн албан ёсны хэлбэрээс албан бус хэлбэрт шилжих байдал эрэгтэйчүүдийн дунд илүү түлхүү өрнөсөн нь эрэгтэй багш нарын тооны бууралт, эмэгтэй багш нарын тооны бууралтаас их байснаар давхар баталгаажуулж болно.
Эдийн засгийн амьдрал харьцангуй тогтворжин, хувийн хэвшил дэх албан ёсны хэлбэрийн өсөлттэй зэрэгцэн ажиллагч хүн амын тоо харьцангуй байдлаар өсөж эхэлсэн байна. 1997-2002 оны хооронд нийт ажиллагч хүн ам 1,14 дахин өссөн бол ажиллагч эрэгтэй хүн ам 1,11, эмэгтэй хүн ам 1,17 дахин өссөнөөс харахад эмэгтэйчүүдийн албан ёсны хэлбэр дэх хөлстэй хөдөлмөрийн оролцоо нэмэгдэж байгааг харуулж байна. Гэхдээ 2002 оны байдлаар ажиллагч хүн амын 49,4 хувь нь эмэгтэйчүүд 50,6 хувь нь эрэгтэйчүүд байна. Мөн түүнчлэн эдийн засгийн эмэгтэй идэвхтэй хүн ам, хөдөлмөрийн насны эмэгтэй хүн амын нийт тоотой харьцуулан авч үзвэл төдийлөн өсөлт гараагүй болохыг анхаарна уу (Хүснэгт 3).
Статистик тоо баримт социализмын үеийнхтэй харьцуулахад харьцангуй хангалттай байгаатай холбогдон зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтээр хязгаарлалгүйгээр эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцоог тогтоох боломжтой болж байна. Иймээс ажилгүй хүн амыг хүйсээр задлан авч үзье.
Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин эрэгтэйчүүдийнхээс ямагт илүү, хөдөлмөрийн насны эмэгтэй хүн ам, эдийн засгийн идэвхтэй хүн амын тоотой харьцуулах аваас эмэгтэйчүүд илүүтэй ажилгүйдэлд өртөмхий хэвээр байна. Он цагаар ялган авч үзвэл ажиллах хүчний оролцооны түвшнээрээ эмэгтэйчүүд 2000 оноос хойш өсөх, ажилгүйдлийн түвшнээрээ буурах хандлагатай байна (Хүснэгт 3). Энэ нь эмэгтэйчүүд зонхилсон тодруулбал, худалдаа, зочид буудал, аялал жуулчлалын
үйлчилгээ гэх мэт бизнесийн салбарууд, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хөдөлмөрийн сектор дахь ажиллагчдын тоо 2000 оноос хойш нэмэгдсэнтэй холбогдож байна (1, 2-оос дэлгэрүүлэн үзнэ үү).
Хүснэгт 3
Шилжилтийн үеийн ажиллагч хүн амын тоо, хүйсээр, оноор. мян. Хүнээр
Эх сурвалж: ҮСГ. Монгол улсын хүн ам XX зуунд. УБ., 2003, ҮСГ. Монгол улс зах зээлд. Статистикийн эмхтгэл. УБ., 2004.
Үүний зэрэгцээ суралцаж байгаа /суралцагсдын дийлэнхи хувь нь эмэгтэйчүүд/, гэрийн ажилтай, хүүхэд асарч байгаа шалтгаануудын улмаас эдийн засгийн идэвхгүй хүн амыг бүрдүүлэх байдлаараа эмэгтэйчүүд зонхилж байна. 2004 онд хийгдсэн Ажиллах хүчний оролцооны судалгаагаар (ҮСГ, 2004) нийт 534,4 мянган хүн ам эдийн засгийн идэвхигүй байгаагаас 227,4 мянга /42,55 %/ нь эрэгтэйчүүд, 307,0 /57,45 %/ мянга нь эмэгтэйчүүд байна. Идэвхигүй байдлын шалтгаан дотроос нийт 14,8 хувийг гэрийн ажилтай, хүүхэд асрах явдал нь эзэлж байгаа бөгөөд эдийн засгийн идэвхигүй эмэгтэйчүүдийн 20 хувь, эрэгтэйчүүдийн 7,6 хувь нь гэрийн ажилтай хүүхэд асардагаас эдийн засгийн идэвхигүй байгаа аж (мөн тэнд). Мөн тэтгэвэр тэтгэмж авагсдын дийлэнхи хувь эмэгтэйчүүд зонхилдог нь нэг талаас эмэгтэйчүүдийн наслалт эрэгтэйчүүдийнхээс өндөр байгаатай холбогдож байгаа ч, 1990-ээд оны эхэн үед явагдсан тэтгэврийн шинэ бодлогын нөлөөгөөр тэтгэврийн насанд хүрээгүй ч, олон жил ажилласан, олон хүүхэд гаргасан гэх шалтгаанаар тэтгэвэрт гарсан хүмүүсийн дийлэнхи нь эмэгтэйчүүд байсантай холбогдож байгаа юм. Ер нь тэтгэвэрт гарах нас эрэгтэйчүүдийнхээс 5-10 жилээр богино байгаатай холбоотойгоор эдийн засгийн идэвхигүй хүн амын дунд эмэгтэйчүүдийн хувийн жин өндөр байна.
Тэгэхээр энэ бүхнээс дүгнэн үзвэл шилжилтийн үе дэх эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо, ажилгүйдлийн түвшний хувьд амжилттай байгаа нь харагдавч эдийн засгийн хувьд идэвхигүй эмэгтэйчүүдийн өсөлттэй зэрэгцүүлэн харваас эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинд төдийлөн амжилттай биш байгаа нь харагдаж байна.
Үүний учир шалтгааныг нягтлан авч үзвээс дараахь дүгнэлтэд хүрч байна:
- Социализмын үед эмэгтэйчүүд зонхилон ажиллаж байсан аж үйлдвэрийн салбарууд /сүлжмэл, оёдол гэх мэт хөнгөн үйлдвэрийн салбарууд/ ашигтай ажиллах бололцоогүйгээс дампуурч хаагдсан, худалдаа, ахуйн үйлчилгээний салбарууд нь хамгийн түрүүнд хувьчлагдснаар олон мянган эмэгтэйчүүд ажилгүйчүүдийн эгнээнд багтан эдийн засгийн таагүй байдлыг даван туулах үүднээс ажилгүй эмэгтэйчүүдийн дийлэнхи нь албан бус секторт хөдөлмөр эрхлэх болсон байна (Налини Бөрн нар, 2001).
- 1990-ээд оны тэтгэврийн шинэчилсэн бодлогын (1990 оны тэтгэврийн хуулийн нэмэлт өөрчлөлт) нөлөөгөөр тэтгэврийн насанд хүрээгүй ч /эмэгтэйчүүдийн тэтгэврийн нас 50-55), олон хүүхэдтэй, олон жил ажилласан эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах замаар эдийн засгийн идэвхигүй хүн амын тоонд багтах болсон байна. 1994 оны байдлаар 35-55 насандаа тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 55,8 хувийг эзэлж байсан буюу ийм насны нийт 20000 эмэгтэй наснаасаа өмнө тэтгэвэрт гарчээ (О.Оюунцэцэг нар, 1997).
- 1990 оны байдлаар 909 цэцэрлэг, 441 ясли ажиллаж байсан бол 1999 оныхоор цэцэрлэг 650, яслийн тоо 21 болтлоо буурч, 2002 оны байдлаар цэцэрлэгийн тоо ялимгүй нэмэгдэж 655 болон яслийн тоо 13 болон улам буурчээ. Мөн үүнтэй зэрэгцэн цэцэрлэгт хамрагдагч хүүхдийн тоо 1990 онд 97,2 мянган хүүхэд байсан бол 1996 онд 68,0 мянга болон буурч, 2002 оныхоор 88,7 мянга болон өссөн байна. Цэцэрлэгийн албан ёсны нас 2-3 бөгөөд энэ нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага хэмээн тооцогддог. Хоёроос доош насны эмэгтэйчүүд хөлстэй хөдөлмөр эрхлэхийн тулд хүүхдээ албан бус нийгмийн сүлжээнд (аав, ээж, ах дүүс, хамаатан садан зэрэг ойр дотны хүмүүс, хөлсний үйлчлэгч г.м) даатгахаас өөр аргагүйд хүрч байна. Өнөөдөр нийгмийн энэхүү хэрэгцээ, нийгэмд тогтсон зан үйлийг хувийн хэвшлийнхэн соргогоор мэдэрч цөөн тооны яслиудыг ажиллуулж байгаагаар хязгаарлагдаж байна.
- Социализмын үед ажиллагч эмэгтэй нь хүүхэд гаргасны дараагаар дээд тал нь 3 сарын хугацаанд ажлаас хөндийрөх эрхтэй байсан бол өнөө үед ажлаасаа чөлөөлөгдөн 3 жил хүртэлх хугацаанд хүүхэд асрах эрхтэй болсон нь ажиллагч эмэгтэйчүүдийн тоог бууруулсан гэх үндэстэй[1].
- Эмэгтэйчүүдийн зонхилон ажилладаг нийгмийн үйлчилгээний боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт зарцуулах зардал буурснаар /2000 оныг хүртэл буурсан/ эдгээр салбарт явагдсан орон тооны цомхотгол нь эмэгтэйчүүдийг ажилгүйчүүдийн эгнээнд түлхжээ. Дээр дурьдсанчлан эмэгтэйчүүд зонхилон ажилладаг байсан ясли, цэцэрлэгийн тооны бууралт нь тэдгээрт ажиллагсдын тооны бууралттай хамт яригдаж байгаа билээ.
Энэ бүхнээс нэгтгэн харахад шилжилтийн эхэн үед эмэгтэйчүүд зонхилж байсан байгууллагууд ашигтай ажиллаж чадахгүйд хүрсэн, хувьчлагдсан, албан бус хэлбэрт түлхүү ажиллах болсон, эрт тэтгэвэрт гарах болсон, хүүхэд асрах байгууллагын тоо буурсан, нийгмийн үйлчилгээний салбарт зарцуулах төсөв буурсан, нийгмийн тэтгэвэр тэтгэмж, халамжийн бодлогод өөрчлөлт гарсан зэрэгтэй уялдан 1997 оныг хүртэл эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин буурч, ажилгүйдлийн түвшин хийгээд эдийн засгийн идэвхигүй эмэгтэй хүн амын тоо нэмэгдэхэд хүрснээ харин сүүлийн жилүүдэд нааштайгаар өөрчлөгдөхөд хүрч байгаа боловч төдийлөн ахиц дэвшил гараагүй хэвээр байна.
Хүснэгт 4
15 ба түүнээс дээш насны хүн амын ажил эрхлэлт, хүйсээр
Хөдөлмөрийн зах зээл дэх оролцооны жендэрийн хуваарилалт
Энэ хэсэгт хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо жендэрээр хэрхэн хуваарилагдаж байгаа асуудалд анхаарлаа хандуулах ба уг хуваарилалтыг нэгдүгээрт, хөдөлмөрийн төрлүүд жендэрийн бүлгүүдэд хэрхэн хуваарилагдаж байгаа буюу хөндлөн тэнхлэгийн хуваарилалтыг, албан тушаал, мэргэжлийн зэрэглэл, эрх мэдэл, цалин хөлс зэрэг босоо тэнхлэгийн хувьд хэрхэн хуваарилагдаж байгааг авч үзэх болно. Түүхчлэн судлах нь ихээхэн сонирхолтой байсан боловч тулгуурлах түүхэн статистик баримтуудын хязгаарлагдмал олдоцоос шалтгаалан өнөө цаг үеийн жендэрийн хуваарилалтад голчлон анхаарлаа хандуулав.
Социализмын үе
Социализмын эхэн үед өнөөдрийн эмэгтэйчүүд зонхилсон гэгдэх үйлчилгээний салбарын ажил хөдөлмөрийн төрлүүдэд эрэгтэйчүүд зонхилж байснаа аажмаар жендэрээр хуваарилагдах болсон байна. Тодруулбал, эмч нарын дундахь эмэгтэй эмч нарын эзлэх хувь 1965 онд 42,2 байсан бол 1970 он гэхэд 52,0 хувь, 1982 он гэхэд 64,5 хувь, 1990 онд 64,9 болон өсөж эмч нарын бүрэлдэхүүн эмэгтэй давамгайлсан мэргэжлийн төрөл болон тогтсон байна. Мөн бүх багш нарын дундахь эмэгтэй багш нарын эзлэх хувь 1940 онд 35,9 байсан бол 1960 онд 51 хувьтай байснаа 1970 онд 38,5 хувь болон буурч, 1982 оныхоор 66,5 хувь, 1990 оныхоор 66,8 хувь болон өссөнөөр боловсролын салбар эмэгтэй зонхилсон нийгмийн үйлчилгээний салбар болон тогтсон байна (ҮСГ, 1982, 1995).
Хөдөлмөр эрхлэлтийн бүтцийг улсаас гаргасан журмын дагуу хүйсийн ялгавартайгаар тогтоожээ. 1964, 1985 онуудад хөдөлмөр эрхлэлтэд эрэгтэй, эмэгтэйчүүд ялгаатайг стандартчлан тоггоож, эмэгтэйчүүдийн ажиллаж үл болох ажлын байрны жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалт ёсоор уул уурхай, металл боловсруулах үйлдвэрт, дулаан сантехник, нефть, хэвлэх үйлдвэр, төмөр зам, усан тээвэр, барилга, арьс шир боловсруулах салбарын зарим ажлуудад эмэгтэйчүүдийг ажиллуулж болохгүйг заажээ. Энэ нь жендэрээр ажил хөдөлмөрийн төрлүүд хуваарилагдах нэг чухал нөхцөл нь болсон байна. Мөн түүнчлэн дээрх салбаруудад ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхдээ хүйс зааж элсүүлж байв.
Хэдийгээр уг баримт бичигт батлан хамгаалах, цагдан сэргийлэх байгууллагад эмэгтэйчүүдийг ажиллуулж болохгүй гэж заагаагүй ч, хүчний байгууллагын ажилтнуудыг бэлтгэх сургуулиудад 100 хувь эрэгтэйчүүд суралцан төгсөн, уг байгууллагуудад ажиллах мэргэжилтнүүдийн армийг бүрдүүлж байв. Уг байгууллагуудад цөөн тооны эмэгтэйчүүд ажиллаж байсан боловч цэргийн цолны хувьд голчлон дэслэгчээс доогуур цолтой бөгөөд “Ар талын” гэгдэх ажлын байруудад эмэгтэйчүүд ажиллаж байв.
Зөвхөн эмэгтэй зонхилсон салбарууд дахь мэргэжилтэн эмэгтэйчүүдийн хувийн жин өссөн төдийгүй хуучнаар Улс ардын аж ахуйн эмэгтэй ажилчин албан хаагчдын дунд эмэгтэйчүүдийн эгнээ улам бүр өссөн нь дараахь баримтаас харагдаж байна. 1960 оны байдлаар УААА-н эмэгтэй ажилчин, албан хаагчдын эзлэх хувийн жин 30,8 байснаа 1982 оныхоор 48,0 хувь болтлоо өссөн байна (ҮСГ, 1982). Тэр үед улс ардын аж ахуй хэмээх эдийн засгийн салбарт аж, үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, тээвэр холбоо, худалдаа бэлтгэл, материал техникийн хангамж гэсэн дэд салбарууд багтаж байв. Эдгээр дэд салбаруудад эрэгтэй, эмэгтэйчүүд ялгаатайгаар хуваарилагдаж байсан ба аж үйлдвэрийн салбараас боловсруулах үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн салбараас хүнсний ногоо, сүү сааль, худалдаа бэлтгэлийн гэсэн дэд салбаруудад эмэгтэйчүүд зонхилж байв (Налини Бөрн, 2001).
Хөлстэй хөдөлмөр эрхлэлт босоо тэнхлэгийн дагуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд хэрхэн хуваарилагдаж байгааг нэгдүгээрт. цалин хөлс, хоёрдугаарт. тусгай хангамж, хөнгөлөлт гэсэн хоёр үзүүлэлтээр ялган авч үзье.
Хүснэгт 5
Зарим салбарууд дахь эмэгтэй ажиллагсдын тоо, оноор. мян. Хүнээр
Социализм нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой тул БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс бүхий л бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажиллагсдын цалин хөлс, ажлын нормыг нэгдсэн байдлаар хууль, тогтоол, журмаар зохицуулан тогтоож байв. Энэ нь ажилласан жил, албан тушаалын зэрэглэл, боловсролын түвшингээс шууд хамаарсан цалингийн систем аж. Жишээлбэл, ЕБС-ийн 5-7-р ангиудад хичээл заадаг багш бага ангид хичээл заадаг багшаас дунджаар 140 төгрөгөөр илүү, дунд болон бүрэн бус дээд боловсролтой бусад багш нараасаа 60-120 төгрөгөөр илүү, харин техникумын багш нараас дунджаар 60 төгрөгөөр, их дээд сургуулийн багш нараас /багш албан тушаалын/ 160 төгрөгөөр доогуур цалин авч байжээ (БНМАУ-ын СнЗ-ийн ХЦХ, 1962). Хөдөлмөрийн харилцааг зохицуулагч эрх зүйн актууд нь бусад актуудыг бодвол хамгийн ихээр өөрчлөгдөж байсан гэгддэг боловч цалин хөлсийг тогтоох ерөнхий шатлалын дээрх систем нь төдийлөн өөрчлөгдөөгүй юм байна.
Дээр дурьдсан эмэгтэй зонхилсон эдийн засгийн салбар, дэд салбаруудад албан тушаал өсөх хэрээр эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин багасаж байснаас харахад хэдийгээр хуулиар эрэгтэй эмэгтэйчүүдийн цалин хөлс адил тэгш байхыг тогтоосон хэдий ч, албан тушаал, эрх мэдэлд хүрч чадсан эсэхээс хамааран ямагт эрэгтэйчүүдийн цалин хөлс, эмэгтэйчүүдийнхээс дээгүүр байв. Их, дээд сургуулийн багш нарын дийлэнхи нь эрэгтэйчүүд байсан бол ЕБС-ийн багш нарын олонхи нь эмэгтэйчүүд, харин захирал, хичээлийн эрхлэгч нарын зонхилох нь эрэгтэйчүүд байсан нь эрэгтэй эмэгтэйчүүдийн цалин хөлсөнд ихээхэн ялгаа байсныг харуулна.
Эмэгтэйчүүдийн цалин хөлс эрэгтэйчүүдийнхээс доогуур байх нэгэн нөхцөл бол ажилласан жил юм. Ажилласан жилээс хамаарсан цалин хөлсний шатлал оршин байсан төдийгүй удаан жилийн нэмэгдлийг цалиндаа нэмж авах журам үйлчилж байв. Эмэгтэйчүүд нөхөн үйлдвэрлэлийн салшгүй үүргээсээ шалтгаалан хөлстэй хөдөлмөрийн зах зээлд арай хожуу орж ирэн, тухайн насны эрэгтэйчүүдтэй харьцуулахад ажилласан жилээр ихэвчлэн доогуур байсан нь ажилласан жилийн шатлалын дагуу 30-аас дээш төгрөгөөр бага цалин авахад хүрч байжээ.
Нэмэгдэл цалин хөлс авах ажил үүрэг, ажлын байрыг Сайд нарын зөвлөлөөс батлан гаргадаг (БНМАУ-ын СнЗ-ийн ХЦХ, 1962) ба тэрхүү нэмэгдэл цалин хөлс авах ажлын байрнуудын 70-аад хувийг эрэтэйчүүд зонхилсон хөдөлмөрийн төрлүүд эзэлж байна. Эндээс нэмэгдэл цалин хөлс авах боломж эрэгтэйчүүдэд давуу олгогдож байжээ. Хортой гэгдэх ажлын байрууд нь эмэгтэйчүүдийн хувьд хориотой байсан бөгөөд эдгээр хортой гэгдэх ажлын байрууд нь бүгд нэмэгдэл хөлс авахаар заагдсан байна.
Социализмыг давхраажилтын онолын зарим судлаачид “Номенклатура”, давхраажилтын системтэй нийгмийн тогтолцоог бүрдүүлсэн хэмээн үздэг. (Х.Гүндсамбуу, 2003). Номенклатурчдын бүтэц нь намын шаталсан зохион байгуулалтын бүтэц юм. Энэхүү шатлалын дагуу МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга, Намын Төв хорооны хэлтсийн эрхлэгчид, Сайд нарын Зөвлөлийн тэргүүлэгчид нь тусгай хангамж эдэлдэг байсан ба бусад нам, төр, засгийн газрын яамдын сайд, дэд сайд, газар, хэлтсийн дарга нар нь албан тушаалын зэрэглэлээс хамааран худалдаа, эмнэлэг, сургууль, ахуйн үйлчилгээ, орон сууц, зуслан, унааны иж бүрэн, цогц сүлжээ, гадаад томилолт, амралт гэх мэт давуу эрх, боломжуудыг эдэлж байжээ (мөн тэнд). Намын удирдлагын албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин ерөнхийдөө бага байсан ба удирдлагын пирамидын шат өгсөх тусам эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин буурч, дээд удирдлагын түвшинд бараг байгаагүйгээс [2]дээрх тусгай хангамж, тусгай эрх, боломжоос өөрийн нэрээр хүртэх байдал нь зайлуулагдсан шинжтэй байв. Харин дээрх албан тушаалыг эзэмшигч нөхрүүдээрээ дамжуулан энэхүү тусгай хангамж, тусгай эрх, боломжийг хүртэж байжээ.
Шилжилтийн үе
Социалист систем нь задран унаснаар нийгмийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдсөн билээ. Төрөөс төвлөрүүлэн зохицуулагч, нийгмийн өмчид тулгуурласан эдийн засгийн системтэй байсан бол хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн, зах зээлийн зохицуулалт чухалчлагдсан эдийн засгийн системд шилжив. Ингэснээр хувийн сектор бүрэлдэн тогтон түүний хүрээнд албан бус сектор үүсэв. Үүний үр дүнд албан тушаал, цалин хөлс, тусгай эрх ямба зэргийг төрөөс нэгдсэн байдлаар тогтоох ямар ч боломжгүй болжээ. Зарим үйлдвэрийн газрууд улсын татаасаар оршин тогтнож байсан бөгөөд уг татаасыг төр өгөх ямар ч бололцоогүй болсноор уг үйлдвэрийн газрууд хаагдсан байна. Ардчилсан төрийн тогтолцоог сонгосон тул хуучин тогтсон байсан, нам төвт улс төрийн тогтолцоонд үндэслэсэн “номенклатура” давхраажилтын систем үгүй болов. Ийнхүү нийгмийн бүтэц бүхэлдээ өөрчлөгдөж, зарим ажлын байрны тодорхойлолтод заагдах эрх, үүрэгт ихээхэн өөрчлөлт гарчээ.
Гэхдээ бэлтгэгдсэн боловсон хүчний нөөцөөс хамааран хөдөлмөрийн хөндлөн чиглэлийн жендэрийн хуваарилалтад бага зэрэг өөрчлөлт гарсан гэж үзэж болох юм. Социализмын үеийнхтэй адилаар боловсруулах үйлдвэр, бөөний болон жижиглэн худалдаа, зочид буудал, зоогийн газар, банк санхүү, боловсрол эрүүл мэндийн салбарууд, зах зээлийн харилцаа бүхий нийгэмд шилжиж байгаатай уялдан өрхийн аж ахуйд хөлсөөр ажиллагч, олон улсын байгууллагууд нь эмэгтэй зонхилсон салбарууд болохыг хүснэгт 6-аас та харж чадна.
Боловсон хүчин бэлтгэх бодлого нь төрөөс хатуу боловсруулсан төлөвлөгөөнд суурилдаг байсан бол өнөөдөр суралцагчдын мэргэжлийн хүсэл сонирхолд голчлон тулгуурласан сонголтоор тодорхойлогдож байна. Их, Дээд сургууль, мэргэжлийн сургуульд суралцагсдын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаатай уялдан эрэгтэйчүүд зонхилон суралцдаг байсан хөдөө аж ахуй, инженер техникийн сургуулиудын суралцагсдын дотор эмэгтэйчүүдийн хувийн жин эрс нэмэгдэж, дан ганц эрэгтэйчүүд суралцдаг байсан батлан хамгаалах, цэрэг цагдаагийн ажилтан бэлтгэх их, дээд сургуулиудад ч эмэгтэйчүүд элсэн суралцах боломжтой болсон нь хөндлөн чиглэлийн хуваарилалтад өөрчлөлт гарч байгааг илтгэнэ. Гэхдээ батлан хамгаалах чиглэлийн их, дээд сургуулийн эмэгтэй төгсөгчдийн дийлэнхи нь хилийн шалган нэвтрүүлэлт, цэргийн холбоо-техник, “Арын алба”, наоийн бичгийн дарга, туслах, бичиг хэрэг гэгдэх “клерк” гэгдэх ажлын байрнуудад ажиллаж байгаагаас харахад уламжлалт хөдөлмөрийн хуваарилалт төдийлөн өөрчлөгдөөгүй байгааг илтгэнэ. Мөн л уул уурхай, геологийн чиглэлээр суралцагсдын дунд эмэгтэйчүүдийн хувийн жин өссөн ч, тэд голдуу лаборатори шинжилгээний ажлыг хийж байх нь олонтаа байна. Ийнхүү жендэрийн тогтсон хэвшмэл ойлголтоор тодорхойлогдсон хөдөлмөрийн уламжлагдан тогтсон хуваарилалт төдийлөн арилах болоогүй байна гэж дүгнэх боломжийг олгож байна.
Хүснэгт 6
15 ба түүнээс дээш насны ажил эрхэлдэг суурин хүн амын тоо, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, хүйсээр, 2000.
Хөлстэй хөдөлмөр эрхлэлт дэх босоо чиглэлийн жендэрийн хуваарилалтыг ажил мэргэжлийн нэр хүнд, албан тушаалын бүлгээр, цалин хөлсний ялгаанд тулгуурлан авч үзье.
Ажиллагсдын эрхэлдэг ажил хүйсээр хэр ялгагдаж байгааг авч үзэхэд 2000 оны хүн амын тооллогоос (ҮСГ, 2001) хууль тогтоогч төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаал, менежерийн албан тушаалын ажил эрхэлдэг хүмүүсийн 70 хувь нь зөвхөн эрэгтэйчүүд байна. 2002 онд хийгдсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын түүвэр судалгаанаас нийт удирдах албан тушаалтнуудын 63.9 хувь нь эрэгтэйчүүд байна (ҮСГ, 2002). Эдгээр ажлууд нь эрх, цалин хөлс, хангамжийн хувьд харьцангуй өндөр. Гэтэл эрх мэдэл, цалин хөлс, хангамжийн хувьд харьцангуй доогуур ажлууд болох гүйцэтгэх ажилтнуудын 60.9 хувь, туслах ажилтан нарын 53.8 хувь, үйлчилгээний ажилтнуудын 54.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Эндээс эрх мэдэл, цалин хөлс, хангамж нь жендэрийн хувьд ялгаатайгаар хуваарилагдаж байгаа нь харагдаж байна (Хүснэгт харна уу). Дээд боловсролтой хүмүүсийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа атлаа албан тушаалын зэрэглэл ахих тусам эмэгтэйчүүдийн хувийн жин буурч байгаа нь хүний нөөцийн хүчин зүйлсээс хамаараагүй хуваарилалт хийгдэж байна гэж үзэж болохуйц байна.
Дээрх ажил болон ажлын төрлүүд нь дундаж цалин хөлсний хувьд харилцан адилгүй байна. 2004 оны эхний улирын байдлаар удирдах ажилтнуудын дундаж цалин 128 мянга байхад гүйцэтгэх ажилнуудынх 93.9, туслах ажилтнуудынх 74.7, үйлчилгээний ажилтнуудын цалин 70.9 мянга байна. гэтэл эрэгтэйчүүд зонхилон ажиллаж байгаа машин тоног төхөөрөмжийн операторч, угсрагч нарын цалин хөлс 97.8 мянга байна.
Эрэгтэйчүүд зонхилон ажилладаг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн дундаж цалин 2002 оны 4-р улирлын байдлаар 81.4 мянга, барилгын үйлдвэрийнх 103.0 мянган төгрөгийн цалинтай байхад эмэгтэйчүүд зонхилон ажилладаг бөөний болон жижиглэнгийн худалдаа-59.2мянга, боловсрол-69.3, эрүүл мэндийн салбарын дундаж цалин-53.9 мянган төгрөг байгаа нь ажилладаг салбараас хамаарсан цалин хөлсний ялгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд байна.
ҮСГ-аас 2004 оны эхний улиралд хийсэн түүвэр судалгааны дүнгээс эрэгтэйчүүдийн дундаж цалин 93.3 байхад, эмэгтэйчүүдийнх 81.0 байгаа буюу 12300 төгрөгийн цалин хөлсний зөрөөтэй болохыг тогтоожээ /ҮСГ, 2004/.
Ажил олоход хамгийн хялбарт тооцогддог олон улсын хамтарсан оёдлын үйлдвэрүүд, барилгын компаниудын цалин хөлсний хамгийн доод хэмжээгээр харьцуулахад бас л цалин хөлс хүйсээр ялгаатай хуваарилагдаж байгааг тод томруун харуулна. Оёдлын үйлдвэрийн хамгийн бага цалин 30000-40000 мянга байхад, барилгын компаниудын хувьд 70000-аас дээш байна.
Эндээс дүгнэн хэлэхэд албан тушаалын зэрэглэлийн хувьд дунд болон дундаас доогуур түвшний ажлуудад эмэгтэйчүүд илүүтэй төвлөрсөн байгаа бөгөөд цалин хөлсний хувьд хамгийн наад тал 12.3 мянган төгрөгөөс доогуур цалин хөлстэйгээр эмэгтэйчүүд ажиллаж байна.
Дүгнэлт
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин сүүлийн 50-иад жилийн хугацаанд дэлхийн ихэнх орнуудад харилцан адилгүйгээр нэмэгдсэн ба үүнд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн эрчимжсэн, технологийн өөрчлөлт, хэрэглээнд гарсан өөрчлөлт, ЖУСАХ-ийн хэрэглээ, төрийн бодлого социал демократчлагдах болсон, хүүхэд асрах байгууллагуудын тоо, чанарын өсөлт, эцгүүдийн хүүхэд асрах үйл хэрэгт оролцох байдал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс хамаарсан ажээ. Харин улс орнуудын хувьд харилцан адилгүй байгаа явдал нь тэдгээр улс орнуудын уугуул соёл, модернизацилагдаж буй байдал, дээрх хүчин зүйлсийн өөрчлөлтийн далайцаас ихээхэн хамааралтай юм.
Социализмын үед хөлстэй хөдөлмөр эрхлэлт дэх эмэгтэйчүүдийн оролцооны түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Энэ нь бүрэн ажил эрхлэлтийг хангах, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил хөдөлмөрлөх эрхтэй гэсэн үзэл суртлын, эмэгтэйчүүдийг гэрээр ажиллах явдлыг нь дэмжсэн, хүүхэд асрах байгууллагын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, мөн төрийн халамжийн бодлого, эмэгтэйчүүдийн боловсролын түвшний өсөлт зэрэг нь энэ өсөлтөд нөлөөлсөн байна.
Төрийн халамжийн бодлогын нөлөөгөөр эмэгтэйчүүд нь гэрийн хөдөлмөрийн зэрэгцээгээр хөлстэй хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж “Хоёул тэжээгч” гэр бүлийн загвар, “Ажиллагч-эмэгтэй”-н загварыг нийгэмд төлөвшүүлэхэд нөлөөлсөн байж болох юм. Гэхдээ энэхүү төрийн бодлого нь хөлстэй хөдөлмөр эрхлэлт дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээс бус, гэрийн хөдөлмөрийг үнэлгээжүүлэх тал дээр амжилт ололгүйгээр “давхар ачаалал” бүхий эмэгтэйчүүдийг бий болгожээ.
Шилжилтийн эхэн үед эмэгтэйчүүд зонхилж байсан байгууллагууд ашигтай ажиллаж чадахгүйд хүрсэн, хувьчлагдсан, албан бус хэлбэрт түлхүү ажиллах болсон, эрт тэтгэвэрт гарах болсон, хүүхэд асрах байгууллагын тоо буурсан, нийгмийн үйлчилгээний салбарт зарцуулах төсөв буурсан, нийгмийн тэтгэвэр тэтгэмж, халамжийн бодлогод өөрчлөлт гарсан зэрэгтэй уялдан эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин буурч, ажилгүйдлийн түвшин хийгээд эдийн засгийн идэвхигүй эмэгтэй хүн амын тоо нэмэгдэхэд хүрснээ харин сүүлийн жилүүдэд нааштайгаар өөрчлөгдөхөд хүрч байгаа боловч ажилгүйдлийн түвшний үзүүлэлтээрээ төдийлөн ахиц дэвшил гараагүй хэвээр байна.
Социализмын үед албан тушаалын зэрэглэл, ажилласан жил, ажлын байрны шинжээс хамаарсан цалин хөлсний шатлал оршин байсантай уялдан эмэгтэйчүүдийн цалин хөлс эрэгтэйчүүдийнхээс доогуур байсан байна. Номенклетурчдын бүтэцтэй уялдан тусгай хангамж, давуу эрх, хөнгөлөлтийг эдлэх боломжоос шатлал ахих тусам эмэгтэйчүүдийн тоо цөөрч байсан тул эмэгтэйчүүд зайлуулагдсан шинжтэй байв.
Харин дээрх албан тушаалыг эзэмшигч нөхрүүдээрээ дамжуулан энэхүү тусгай хангамж, тусгай эрх, боломжийг хүртэж байжээ.
Өнөө үед албан тушаалын зэрэглэлийн хувьд мэргэжилтэн, гүйцэтгэгчийн түвшний ажлуудад эмэгтэйчүүд илүүтэй төвлөрсөн байгаа бөгөөд цалин хөлсний хувьд хамгийн наад гал 12.3 мянган төгрөгөөс доогуур цалин хөлстэйгээр эмэгтэйчүүд ажиллаж байна.
Ийнхүү эмэгтэйчүүд нь эрх мэдэл, нэр хүнд, цалин хөлсний хувьд доогуур ажлын байруудад төвлөрч байгаа ба нийгмийн эөрчлөлттэй уялдан эрэгтэйчүүдийн гэгдэх салбарууд дахь эмэгтэйчүүдийн хувийн жин өсөж байгаатай уялдан хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн хуваарилалтын дүр гөрхөд бага зэрэг өөрчлөлт гарч байна. Жендэрийн зегрегацийн босоо тэнхлэгийн хувьд өөрчлөлт бага гарч байгаа кэдий ч, хөндлөн тэнхлэгийн өөрчлөлт гарч байгаа явдлыг эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн сонголтын хүрээ нэмэгдэж байна гэж үзэж болох юм.
Ном зүй
- БНМАУ-ын СнЗ-ийн ХЦХ, БНМАУ-ын хөдө
гарсан хуульчилсан актуудын систему
- БСШУЯ. Статистикийн эмхтгэл. (хэвлэгдээгүй) го
- Giddens, A. The Third Way: the renewal of so Polity. 1998.
- Гүндсамбуу.Х. Монголын нийгмийн давхраажил (XX зуун). Хөх хот. 2003.
- Hakim, C. Homeworking in Wages Council Industries: A on wages inspectorate records of pay and earning Department of Employment Research paper 37. 1987.
- Jenkins, S. Gender, Place and the labour Market ASHGATE 200
31, 34, 38, 44
- Налини.Б, Оюунцэцэг.О. Монголын эмэгтэйчүүд: Шилжилтийн үеийн дэвшлийг зураглахуй. УБ., 2001.
- Rake.K. Women’s Incomes Over a Lifetime The Women’s Unit. The Cabinet Office, 2000. р-28 cil Industries: A study based and earnings London, ASHGATE 2004. pp
- ҮСГ. Байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын түүвэр судалгаа, (хэвлэгдээгүй) 2000, 2001, 2002
- ҮСГ. Монгол улсын хүн ам ХХ зуунд. УБ., 2003. х-434.
- ҮСГ. Монгол Улсын эмэгтэйчүүд, хүүхдүүд. 1995. Х-114.
- ҮСГ. Монгол улс зах зээлд. Статистикийн эмхтгэл. УБ., 2004.
- ҮСГ. Статистикийн эмхтгэл. 1982 14. ҮСГ. Хүн ам, орон сууцны 2000 оны тооллого: Үндсэн үр дүн, 2001.
- Шкаратан. О. И, В.В.Радаев, Социальная стратификация Москва, Наука, 1995.
[1] Хүүхэд асарч байх үеийг ажилласан жилд тооцон, ажлын байрыг нь хадгалах үүргийг байгууллага нь хүлээдэг.
[2] МАХН-ын ТХ зөвхөн нэг эмэгтэйн төлөөлөлтэйгээр нэлээд удаан хугацаанд ажиллаж байсан.