Ё.Энхбаяр
/УТБА-ийн багш/
Шинэ толь №47, 2004
Түлхүүр үг: Нээлттэй нийгэм, Шинжлэх ухааны мэдлэг, Ардчилсан нийгэм, Монголын ардчилал, Нийгмийн оюун санаа, Верификацийн зарчим, Фальсификацийн зарчим
Нээлттэй нийгэм хэмээн сүүлийн үед их ярих болсон боловч чухам юуг нээлттэй нийгэм гэх вэ? гэдэг дээр ойлгоц төдий л хангалттай биш байгаа нь мэдрэгддэг. Ялангуяа, нээлттэй нийгэм ардчилалтай чухам яаж холбогдоод байгаа, ардчилсан нийгмийг нээлттэй нийгэм гэж ойлгох нь зөв үү? зэрэг олон асуудал эндээс үүснэ. Хэдийгээр хариулт нь хангалттай биш байж болох ч асуудлыг хэр оновчтой томъёолсон бэ? гэдэг нь танин мэдэхүйн утгаараа үнэ цэнэтэй. Асуултын хариу ямагт төгс биш байдаг.
Нээлттэй нийгэм ба Поппер
“Нээлттэй нийгэм” гэдэг ойлголтыг анх нийгмийн сэтгэлгээнд Английн философич Карл Поппер (1902-1994) оруулж ирсэн юм. Түүний “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” бүтээл 1945 онд хэвлэгдсэн бөгөөд үүнээс хойш уг асуудал одоо хүртэл судлаачдын анхаарлыг татсан сонирхолтой сэдэв болсон юм. Гэхдээ “нээлттэй нийгэм”-ийн санаа Поппероос өмнө байгаагүй ойлголт биш. Судлаачид Анри Бергсон хэмээх философичийн “Шашин ба ёс суртахууны хоёр эх сурвалж” бүтээлд нээлттэй нийгмийн санаа дурдсан байдаг гэж үздэг. Гэсэн хэдий ч Поппер луг ойлголтын агуулгыг системтэй боловсруулсан билээ. Попперийг “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” бүтээлээ туурвихад хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол Лондонгийн улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны сургуулийн профессор, нэрт эдийн засагч Фридрих фон Хайек юм. Попперийн уг бүтээлийн нэр Хайекын “Хуульчлагдсан эрх чөлөө” номын нэртэй холбоотой гэдэг. Энэ тухай Поппер 1944 онд хэвлэгдсэн “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” номын талархалдаа “Би профессор Фридрих фон Хайекид гүн талархалаа илэрхийлье. Түүний туслалцаа сонирхолгүйгээр энэхүү ном хэзээ ч хэвлэгдэхгүй байсан юм”[1] гэж бичсэн байдаг.
Поппер нээлттэй нийгэм бол эдийн засаг, улс төр, соёлд олон ургальч үзэл бодитой хэрэгжсэн, эрх зүйт төр бүхий ардчилсан нийгэм гэж үзжээ. Энэ тухай “Цаашдаа бид шившлэгийн, овог-аймгийн буюу хамтын маягийн нийгмийг хаалттай нийгэм, харин бие хүмүүс шийдвэрээ бие даан гаргадаг нийгмийг нээлттэй нийгэм хэмээн нэрлэх болно”[2] гэж “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” бүтээлдээ тодорхойлжээ. Нээлттэй нийгмийн тухай түүний энэ санаа шинжлэх ухааны философийн гүн гүнзгий үндэслэгээ бүхий юм. Тэрээр шинжлэх ухааны танин мэдэхүйн буюу постпозитивист зарчим, арга зүйгээ нийгмийн асуудлуудтай холбосны дүнд уг нэр томъёоны агуулгыг бүрдүүлсэн байна. Иймээс түүний шүүмжлэлт рационалист философийн зарчим, арга зүйг ядаж ерөнхий байдлаар ойлгохгүйгээр нээлттэй нийгмийн санааг ухан ойлгоход бэрхшээлтэй.
Тэрээр шинжлэх ухааны танин мэдэхүйн арга зүйн үндэс верификацийн зарчим төдий биш харин фальсификацийн” зарчим бүхий “фаллибилизм” байх ёстой гэж баталж байв. Шинжлэх ухааны мэдлэг үнэн гэдэг нь практик дээр батлагдаж нотлогдохын зэрэгцээ няцаагдах буюу худлын агуулгатай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Поппер үзсэнээрээ “шүүмжлэлт рационализм” хэмээх шинжлэх ухааны философийн нэг чиглэлийг үндэслэсэн юм. “Тухайн үедээ үнэн хэмээн тооцогдож байсан Ньютоны онол Эйнштейний харьцангуй онолтой харьцуулахад физик үзэгдлийн тодорхой хүрээнд үнэн, харин бусад хүрээнд алдаатай гэдэг нь харагдсан билээ. Үүнтэй адил Эйнштейний онол ч цагаа болоход алдаатай гэдэг нь харагдана. Эндээс жишээлэн шинжлэх ухаанд төгс төгөлдөр мэдлэгийн тогтолцоо байх бололцоогүй” гэж фаллибилистууд үздэг. Ийм үзэл шүүмжлэлт рационализмын цөм юм. Поппер тийм фаллибилизмын үзэл санааны үндсийг тавигч билээ.
Шүүмжлэлт рационалист арга зүйн үүднээс ямар ч ирээдүйг угтан харж чадахгүй тул төгс мэдлэг бололцоогүй тухай дүгнэлт нь аливаа онол няцаалтын нээлттэй байх ёстой гэсэн санааг агуулдаг. Ийм арга зүйгээр Поппер нийгмийн шинжлэх ухааны асуудлыг шинжлэн үзсэн хэрэг. Дэлхийн II дайны гал ид дүрэлзэж байхад Поп түүний шалтгааны талаар нийгмийн философийн гүн гүнзгий анализ хийх үндсэн дээр судалж байжээ. Гол утга санаа нь шинжлэх ухааны төгс онол байдаггүй шиг нийгмийн төгс онол байх бололцоогүй тухай байв. Тэрээр ирээдүйд капитализм мөхөж, социализм ялна гэдэг марксист онол дэлхийг дан ганц ари үндэстэн захирах ёстой гэдэг фашист онол хоёулаа хаалттай нийгмийн сонгодог онол гэж баталжээ. Хаалттай нийгэм ирээдүйн хөгжлийн түүхийг урьдчилан харсан мэтээр сурталчилж, өөрийн сургаалаа төгс үнэн гэж сургадаг тул эцсийн эцэст хүний эрх чөлөөт байдалд дайсагнах аюултайг тодорхойлсонд Попперийн үзлийн ач холбогдол оршдог. Поппер хаалттай нийгмийн оюун санааны үндэс болсон историцизм буюу түүхчлэх үзлийн эх сурвалжийг эртний Грекийн сэтгэгчдээс эхлээд өөрийн үеийн сэтгэгчдийг хүртэл хамруулан судалж, эцэст нь уг үзэл марксизм, фашизмын хэлбэртэй болсныг “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” бүтээлээрээ нотолсон байна.
Попперийн философийн үзэл баримтлал нийгмийн үзэл санаатай хэрхэн холбогддог тухай дээрх бүтээлээс гадна “Түүхчлэх үзлийн гуйланчлал”, “Диалектик гэж юу вэ?” зэрэг бүтээлүүдээс мэдэж болно. Миний бие “Диалектик гэж юу вэ?” өгүүллэгийг тодорхой түвшинд судласны хувьд энэ судалгаа “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” зохиолынх нь онол, арга зүйн үндэс болсон гэж хэлэх байна. Диалектик сургаалыг хэт өргөмжилж, өөрсдийн ирээдүйг угтан харахуйдаа таардаг шинжээр нь түүнийг шинжлэх ухааны танин мэдэхүйн цорын ганц, үнэн зөв, түгээмэл арга зүй гэж сурталчилсан марксист онолыг Поппер шинжлэх ухааны логик-эпистемологийн судалгаагаар баттай няцаасан билээ. Энэ өгүүллэг 1940 онд хэвлэгдэж байсныг дурьдах нь зүйтэй.
Поппер “Үнэн хэдийгээр байх боловч тэрээр үзэгдэхгүй. Бид түүнийг тодорхой туршлагын замаар нээж, хэлцэлээр илэрхийлдэг. Тийм хэлцэлүүдийг шинжлэх ухаанд таамаг- лал, онол гэж нэрлэнэ. Тэдгээрийн зарим нь бодит байдалтай тохирох боловч зарим нь тохирохгүй тул дедуктив шинжтэй. Тэд хэзээ ч төгс үнэн байдлаар орших бололцоогүй тул өнгөрсөн, одоо, ирээдүйн үзэгдэлтэй тохирдоггүй” гэсэн дүгнэлт хийсэн юм. Тиймээс шинжлэх ухааны гол зарчим нь аливаа онол, таамаглал няцаагдах шинж юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан алдах-онох аргын дагуу хөгждөг гэсэн фаллибилист онол хожим гурван ертөнцийн онол болон өргөжсөн юм. Түүний шавь нар болох И.Лакатос, П. Фейербанд нар шүүмжлэлт рационализмыг цааш хөгжүүлсэн байдаг. Лакатосын шинжлэх ухааны судалгааны программын арга зүй болон Фейербандын танин мэдэхүйн анархист арга зүй олон талаараа нийгэм-улс төрийн асуудалд холбогдон яригддаг.
“Мэдлэгийн хамгийн шилдэг хэлбэр шинжлэх ухаан байдаг шиг ардчилал бол төрийн тогтолцооны хамгийн сайн хэлбэр мөн” гэж Поппер ардчилалд таатай хандаж байлаа. Тиймээс нээлттэй нийгэм гэдэгт Поппер ардчилсан тогтолцоо бүхий нийгмийг ойлгож түүний төлөө тэмцэж байжээ. Энэ тухай Ж.Сорос “Капитализмийн аюул”[3] өгүүлэлдээ “Дэлхийн II дайны үеэр бичигдсэн “Нээлттэй нийгэм ба түүний дайснууд” гэсэн энэ ном өрний ардчилал юуны төлөө тэмцэж байгааг тайлбарласан байдаг” гэж бичсэн нь бий.
Нээлттэй нийгэм ба Сорос
Попперийн нээлттэй нийгмийн тухай онол нь хэт хийсвэр, гүн ухааны шинжтэй байсан болохоор түүнийг нарийвчлан судлах шаардлага байлаа. Энэ шаардлагын үүднээс нарийвчлан судалсан хүн бол “Нээлттэй нийгэм” хүрээлэнг үүсгэн байгуулагч, ивээн тэтгэгч, АНУ-ын тэрбумтан Жорж Сорос юм. Түүний посткоммунист орнуудад явуулж буй үйл ажиллагааг хэн хүнгүй мэдэх болсон билээ. Түүний хаалт нийгмийг нээх, нээлттэй нийгмийг амьдрах чадвартай болгох зорилго бүхий үйл ажиллагаа өнөөдөр ч үргэлжилсан байна. Сорост Поппер шууд нөлөөлж “Нээлттэй нийгэм, хүрээлэн”-г байгуулахад хүргэсэн тухай тэрээр ном зохиолдоо олонтоо дурьдсан байдаг.
Сорос 1997 онд “Капитализмийн аюул” хэмээх өгүүллэг бичсэн нь шуугиан тарьсан төдийгүй нээлттэй нийгмийн үзэл санааг орчин үеийн утгаар ойлгоход ихээхэн түлхэц болсон юм. Тэрээр фашизм, коммунизм хоёр хүний эрх чөлөөг үгүйсгэдэг тул нээлттэй нийгмийн дайсан гэсэн Попперийн санааг зөвшөөрсний үндсэн дээр түүнийг өргөжүүлэн “үл үзэгдэх гарын номлол” бүхий капитализм өөрөө нээлттэй нийгмийн дайсан болох аюултайг авч үзжээ. Энэ нь нээлттэй нийгэм гэж юуг хэлээд байгаа талаар эргэлзээ төрүүлэхүйц байдлыг бий болгосон юм. Гэсэн ч бид нээлттэй нийгэм бол ардчилсан нийгэм юм гэсэн ойлгоцыг өөрчлөх саналыг Сорос тавьсан хэрэг.
Капитализм яахаараа нээлттэй нийгмийн дайсан болдог билээ, тэр чинь бидний зорьж буй чөлөөт эдийн засаг бүхий ардчилсан төрийн тогтолцоо маань нээлттэй нийгэм биш болж таарах уу? гэсэн гайхшралыг бидэнд төрүүлж байлаа. Үүний үр дүн бид нээлттэй нийгмийн санааг догматик байдлаар ойлгосон нь буруу болохыг харуулна. Нийгэмд эрхэмлэл болж буй аливаа онолыг туйлын үнэн гээд ойлгочихдог сэтгэхүй биднээс ердөө ч салаагүй байгааг харуулна. Нээлттэй нийгэм гэдэг бол ардчилсан нийгэм гэсэн ойлгоц ийм хэлбэртэй бөгөөд бид нээлттэй гэдэг утгыг хаалттай байдлаар ойлгож байгааг харуулна.
Ж.Сорос нээлттэй нийгэм бол ардчилсан нийгэм биш болох тухай “Хамгийн сүүлд би анхаарлаа өөрийн нийгэмд хандуулсан. Миний бий болгосон сангуудын сүлжээ их ажил хийсээр байгаа ч үйл ажиллагааныхаа агуулгыг эргэцүүлэн үзэх шаардлага надад гарсан. Эдгээр өөрчлөлт нээлттэй нийгмийн үзэл санаа ач холбогдлоо алдаагүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Нөгөө талаас энэ нь түүхийн одоогийн цаг мөчийг ойлгох, улс төрийн үйл ажиллагааг практик удирдамжаар хангахад илүү ач холбогдолтой болох байх. Ингэхийн тулд сайтар бодож, ахин томъёолох шаардлагатай” гэж уг өгүүллэгтээ бичжээ. Эндээс тэрээр ардчилсан нийгэм бүрэн дүүрэн утгаараа нээлттэй нийгэм биш гэсэн санааг гаргасан байдаг. Учир нь ардчилсан тогтолцоо эдийн засгийн чөлөөт байдлыг бий болгох үндсэн дээр хэрэгжихээс өөр аргагүй бол тэр нь эргээд нээлттэй нийгмийн үнэт зүйлс, институтуудын бэхжилтэд сөргөөр нөлөөлж эхэлсэн гэж тэрээр үзсэн байна.
Үл үзэгдэх гарын номлол буюу чөлөөт зах зээл эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд хүргэж, тэгснээр нөөц баялгийг ашигтай хуваарилдаг гэж үздэг эдийн засгийн онол нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төгс мэдлэгийн шинжтэй болсон тул нээлттэй нийгмийн эсрэг гэж Сорос үздэг. Энэ утгаараа уг онол төгс мэдлэгийг үгүйсгэдэг нээлттэй нийгмийн үзэл санаатай зөрчилддөг гээд үүнийгээ эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, олон улсын харилцаа гэсэн гурван асуудлын хувьд холбон тайлбарласан байна. Үүнд:
* Үл үзэгдэх гарын онол эдийн засгийн тогтвортой байдлыг номлодог ч нийгмийн үнэт зүйлсийг алдагдуулж, нэр хүнд, хүндэтгэл бол мөнгө гэсэн үнэт зүйлийг бий болгодог. Үүгээрээ чөлөөт зах зээл нээлттэй нийгмийн үнэт зүйлийг үгүй хийдэг.
* Нийгмийн шударга ёсны хувьд чөлөөт зах зээл засгийн газрын оролцоог үгүйсгэснээрээ баялгийн дахин хуваарилалтын зарчмыг үгүй хийхэд хүргэдэг болохоор нийгмийн тэгш бус байдал улам л ихэсдэг. Тиймээс “хүчтэй нь амьд гарна” гэсэн зарчим нь нээлттэй нийгмийн үзэл санаанд харшилж байна.
* Олон улсын харилцааны хувьд улс орнуудад зарчим гэж байдаггүй, харин сонирхол байдаг гэж үзсэн явдал хүн төрөлхтөний нийтлэг сонирхолыг үндэсний сонирхолоос дээгүүр тавьдаггүйтэй холбоотой. Иймээс хувийн сонир- холдоо автсан улс орны харилцаа нийтлэг сонирхолыг хөсөрдүүлдэг. Энэ нь нээлттэй нийгмийн үзэл санаатай зөрчилдөж байна.
Сорос цаашид нээлттэй нийгэм гэдэг ойлголтыг “нийгэм” гэдэг уламжлалт ойлголтоос өөрөөр авч үзэх ёстойг онцлоод “нээлттэй нийгэм” гэдэг нь бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн, дэлхийн хамтын нийгэмлэг гэж ойлгохын чухлыг зааээ. Тиймээс нээлттэй нийгэм бол нэг улсынх биш дэлх дахины ойлголт тул нээлттэй нийгмийн үнэт зүйлси “нээлттэй нийгэм” гэдэг ойлголтоос өөрөөс нь эрж олох зүйтэй гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нийтлэг сони холыг дээдэлсэн нээлттэй нийгмийн үнэт зүйл нь нээлттай нийгмийн үзэл санаа өөрөө гэсэн үг.
Нээлттэй нийгмийн үзэл санаа ба ардчиллын хооронд ямар харилцаа байна вэ? Нээлттэй нийгмийн үзэл санаа нь агуулгын хувьд улс төрийн ардчилсан тогтолцоо гэдэг ойлголтоос хавьгүй илүү юм. Учир нь “Нээлттэй нийгэм нь нийгэм, улс төрийн асуудлын талаарх үзлүүдийг харьцуулах боломжийг олгодог, харин нийгмийн зорилгын талаар тогтсон үзэл санааг агуулахгүй” юм. Нээлттэй нийгмийн үзэл санаа улс төрийн үйл ажиллагааны үндэс суурь биш бөгөөд нээлттэй нийгэмд ардчилал байх нь зорилгыг бүрэн дүүрэн хангаж буй хэрэг биш юм. Нээлттэй нийгэмд ардчилал харшлахгүй боловч ардчиллын үзэл санаанд ч төгс мэт ойлгогддог зүйл цөөнгүй бий. Энэ утгаараа ардчилал бол нээлттэй байдлыг зарим талаараа зөрчдөг төрийн зохион байгуулалтын хэлбэр юм.
Шинжлэх ухаанд ч туйлын үнэн гэж байдаггүй болохоор нийгмийн шинжлэх ухаанд ч туйлын үнэн байхгүйг зөвшөөрч байгаа үзэл санаа бол нээлттэй нийгмийн үзэл санаа гэж ойлгож болно. Ардчиллын хөгжил өөрөө нээлттэй нийгмийн тухай санаанд улам бүр шингэх, рефлексив харилцаатай болох хандлага ажиглагдаж байгаа юм. Гэсэн ч фаллибилизмын үүднээс нээлттэй нийгмийн үзэл санаа нь олон зууны турш хүн төрөлхтөний эрж хайсан нийгмийн хөгжлийн зөв зам эсэх нь тодорхой бус билээ.
Нээлттэй нийгэм ба Монголын ардчилал
Нээлттэй нийгмийн амин сүнс нь ил тод, нээлттэй байдал нь нийгмийн бүхий л харилцаанд өргөн дэлгэр болж чадсан байх явдал юм. Энэ утгаараа ардчилал, нээлттэй нийгмийн үзэл санаа хоёр тохирдог.
Ардчиллын гол зарчим төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, нөгөө талаас ард түмний төр, засгийн хэрэгт оролцох бололцоо юм. Ард түмнээс сонгогдон байгуулагдсан төлөөлөгчдийн байгууллага болох төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагаа ард түмэнд тодорхой харагдаж, илэрхий байх ёстой. Нээлттэй бус, ардчилсан бус тогтолцоонд л төрийн үйл ажиллагаа ард түмнээс далдуур явагддаг.
Нээлттэй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа ч тэдгээр нь хангалттай түвшинд хүрч чадаагүй байна. Энэ байдал нь хэвлэл мэдээллийн тогтолцоо нээлттэй болж чадаагүй, төр засгийн монопольчлол их байгаатай холбоотой. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдаанд цөөнхийн оролцож буй байдлыг Үндэсний телевизээр харуулдаггүй болон зарим томоохон өдөр тутмын хэвлэл ч ташаа мэдээлэл тавьж ард түмнийг эргэлзээ төөрөгдөлд оруулж байна. Хэвлэл мэдээллийн хамгийн хүчирхэг хэсэг нь төр засагт үйлчилж буй цагт нээлттэй байдлын тухай яриа хоосон зүйл байдаг.
Хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, чухам ямар хууль батлагдах гэж буйг ард түмэн мэдэж байх ёстой атал ийм байж чадахгүй байна. Хуулийг ард түмний эрх ашгийн үүднээс гаргадаг юм уу? эсхүл тодорхой бүлгийн эрх ашгаас гаргадаг юм уу?. Мэдээж нийтийн эрх ашигт нийцүүлдэг юм бол ард түмэн уг хуулийн төслийн агуулгатай танилцаж, тодорхой санал оруулж байх ёстой. Төвлөрөл ихэссэнтэй холбоотойгоор мэдээллийн хомсдол орон нутагт их байна. Мэдээллийн нээлттэй орчинг бий болгох явдал хамгийн чухал бөгөөд орон нутагт энэ байдал ихэнхдээ эдийн засгийн боломж, бололцооноос хамаарах ч төвөөс өгч буй мэдээлэлтэй холбоотой. Орон нутгийн иргэд хуулийн төслийн талаар мэдээлэл бараг авахгүй байгаа гэж болно. Эндээс иргэдийн төрийн хэрэгт оролцох байдал нээлттэй гэж хэлэхэд төвөгтэй байгаа юм. Нээлттэй нийгэм төлөвшиж буй өндөр хөгжилтэй орнуудад ард түмний төр, засгийн хэрэгт оролцох бололцоог олгож өгсөн цаашид боловсронгуй болгох вэ? гэдэгт байнга анхаардаг нь тодорхой харагддаг.
Нээлттэй нийгмийн өөр нэг чухал шинж нь оюуны санаа эрх чөлөөг дээдлэх явдал юм. Оюун санааны хувьд нээлттэй болж чадаагүй тохиолдолд нээлттэй нийгмийн тухай яриа хоосон хийрхэл төдий зүйл. Нээлттэй гэдэг үгийг мөн чанараар нь бус сэтгэл зүйн утгаар ойлгосон хүн хэзээ ч нээлттэй нийгмийн ардчилсан хүн болж чадахгүй бөгөөд нээлттэй хүн гэж өөрийн алдааг ухамсарладаг, бусдын санаа бодлыг хүлээн зөвшөөрч чаддаг хүнийг хэлнэ. Хүмүүс биеэ даан сонголт хийх буюу оюун санааны хувьд бүрэн эрх чөлөөтэй байхыг сонгодог утгаар нь нээлттэй нийгэм гэдэг тухай урд өмнө өгүүлсэн билээ. Аливаа асуудлаар өөрийн байр суурьтай байж, нийгмийн харилцаанд тохирохгүй байгаа зүйлстэй санаа нийлэхгүй байгаагаа чөлөөтэй илэрхийлэх, хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг тийм чөлөөт хувь хүмүүс нь нээлттэй нийгмийн эд эс болдог. Төрийн оролцоо хэт ихсэж, хяналт нь хүчтэй болох тусам хувийн эрх чөлөө хумигдаж, нийгмийн хүч суларч, нээлттэй байх боломжоо алдаж эхэлдэг. Тоталитар тогтолцоонд яг ийм хэлбэр тогтнож хувь хүмүүсийг чөлөөтэй бодож сэтгэх, бие даан асуудлаа шийдэх бололцоог ямагт хааж байдаг. Энэ утгаар нь хаалттай нийгэм гэдэг билээ.
Монголын нийгэм оюун санааны хувьд нээлттэй болж чадаагүй байна. Энд боловсрол чухал үүрэгтэй ч мэдээлэл түүнээс дутахгүй үүрэгтэй. Хувь хүн шийдвэрээ бие даан гаргах чадвар харьцангуй сул байна. Энэ байдал мэдээж нийгмийн хүчин зүйл, түүний дотор хэн нэгнээс хараат шийдвэр гаргаж сурсан хүмүүжил, боловсролтой холбоотой юм. Нөгөө талаас, олон талаараа уламжлалт сэтгэл зүйтэй холбоотой. Уламжлалт сэтгэлгээнээс гадна зах зээлийн маягийн нийгмийн орчин буюу ямар шийдвэр гаргавал өнөө маргаашдаа тустай вэ? гэсэн бодол санаа хувь хүний бие даан шийдвэр гаргадаг сэтгэхүйд хүчтэй нөлөөлж байна. Гэхдээ бүхний тусын тулд гэхдээ өөртөө ч ашигтай хувийн шийдэл санаачилга нийгмийн хөгжлийн гол хөдөлгүүр нь билээ.
Мөн Монголын нийгэмд төвлөрөл саарах бус ихсэж буй, хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бололцоог хязгаарлаж буй, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй, төрийн оролцоо хяналт багасахгүй байгаа зэргээс харахад нээлттэй нийгмийн үзэл санаанд улам бүр сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа нь харагдаж байна.
Монгол, ардчилал шинээр тогтоосон улс болохын хувьд олон тооны саад бэрхшээлтэй тулгарч байна. Энэ ч зүйн хэрэг. Гэхдээ олон бэрхшээл нь биднээс шалтгаалж байна. Тухайлбал, ардчилал бол олонхийн засаглал гэж ойлгох явдал өнөөдөр ихсэж, харин цөөнхи бол яахав байхгүй бол бас болохгүй төдийгөөр ойлгож буй нь харамсалтай. олонхид хэт шүтэж цөөнхийг сонсохгүй, анхаарахгүй бол юуны ардчилал байх вэ? Нөгөө Платонийн эсэргүүцээд байсан ухамсаргүй олонхийн засаглал тийшээ хандсан хэрэг. Ард түмэн ч гэсэн нээлттэй үзэл санаанд дасаж дадаагүй хэвээр цөөнхийг оюун санааны утгаар нь биш харин улс төрийн байр суурь гэдэг утгаар нь буруутган хүлээж авах явдал давамгайлж байна. Тухайлбал, одоогийн УИХ-д цөөнхийн үг хэлэх эрхийг хуулиар хязгаарлаж өгсөн нь ийн ойлгох үндэс болсон гэлтэй. Энэ маягаар цаашид сонгуульт ардчиллын хэлбэрт л орох магадлалтай юм.
Ийм байдал нийгмийн бүхий л хүрээний бүх түвшинд ихсэх хандлагатай байгаа нь нээлттэй нийгэмд дайсагнаж байна. Хувь хүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрч түүнд хүндэтгэлтэй хандаж сураагүй үед нийгмийг нээлттэй болгох бололцоо байдаггүй түүний оронд “нээлттэй” гэсэн хий хоосон үг л үлддэг.
Үүнээс гадна Монгол дахь ардчилал бусад олон тооны жишээ баримтуудаас үзэхэд зохистой гэж хэлэхэд төвөгтэй байгаа юм. Нийгмийн ардчилал, нээлттэй байдлын тухай бид өөрсдөө болохоор ялангуяа, эрх баригчид болж байна, бүтэж байна гээд л, олон улсын байгууллагууд болохоор болохгүй байна гээд, алинд нь итгэхэд төвөгтэй байдал үүсэх нь ч бий. Гэхдээ олон улсын байгууллагуудын үнэлгээ үнэнээс тийм ч их хол биш мэт. Сүүлийн хэдэн жилд гаргасан олон улсын байгууллагын судалгаанаас харахад[4] Монгол улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй, ардчиллын хөгжлийн хувьд саарал бүсэд орсон дүн харагдаж байна.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд Монголын нийгэм хагас хаалттай нийгэм төдийгүй нээлттэй болгох чиглэлээр улам ихийг хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Хэрвээ ийм аж хийхгүй бол бидний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, ардчилал улам бүр бүдгэрэх болно. Нээлттэй нийгэм бол орчин үеийн хүний нийгмийн амьдралын нийтлэг хэв маяг хэмээн төсөөлөгдөж буй энэ үед бид нийгмээ хэдий чинээ хурдан, нээлттэй болгож чадна, төдий чинээ түргэн хугацаанд хөгжил дэвшилд хүрэх болно.
[1] К.Поппер “Открытое общество и его враги”, том 1. М., 1992. с.
[2] К.Поппер “Открытое общество и его враги”, том 1. М., 1992. с. 218
“Үнэнийг нотлох зарчим. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны мэдлэг шалгагдаж, нотлогдох ёстой гэх зарчим.
“Худлыг нотлох зарчим. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны мэдлэг няцаагдах буюу худлын тодорхой агуулгатай гэх зарчим.
[3] “Atlantic Monthly” сэтгүүлд 1997 онд анх хэвлэгджээ. Үүнийг З.Баттүшиг монгол хэлнээ орчуулан “Шинэ толь” сэтгүүлийн 1998 оны №21-т хэвлүүлсэн байна.
[4] “Олон улсын сэтгүүлчдийн байгууллага”, “Freedom house” зэрэг байгууллагын 2002-2003 оны судалгаанаас