Д.Болд-Эрдэнэ
/Улс төрийн ухааны доктор/
Шинэ толь №50, 2005
Түлхүүр үг: Улс төрийн шинжлэх ухааны үүсэл, Улс төрийн сэтгэлгээний хөгжил , Дундад зууны үе, Сэргэн мандалтын үе, Засаглалын хэлбэр, Ардчилсан үзэл санаа, Өрнө-Дорнын улс төрийн уламжлал, Улс төрийн соёл
Улс төр судлал нь байгаль, нийгмийн бусад шинжлэх ухаануудыг бодвол харьцангуй залуу салбар боловч түүний онол, сэтгэлгээний эх үндэс нь эрт үеэс улбаатай юм. Улс төрийн онол нь үүсэл, бүрдэлт, хөгжлийн түүхэн урт замналыг туулжээ. Судлаачдын үзэж байгаагаар хүн төрөлхтөний улс төрийн онол, сэтгэлгээний түүхийг гурав хагас мянган жилийн тэртээгээс эхлэн тооцдог байна.
Үүнтэй холбогдуулж Английн түүхч К.Фримен бичихдээ “Түүх бол өнгөрсөн үеийн улс төр юм. Харин улс төр нь өнөө үеийн түүх юм[1]” гэж тэмдэглэсэн нь улс төрийн онол, сэтгэлгээний үүсэл, хөгжлийн үйл явц нь бүхэлдээ түүхэн үйл явц мөн болохыг нотолж байна. Тиймээс ч улс төр судлаачид улс төрийн онолын түүхэн хөгжлийн үйл явцыг тодорхой байдлаар эрэмблэн үечилж, тэдгээрийн онцлог шинжүүдийг нь тодруулахыг хичээж иржээ. Энэ явцдаа тэд улс төрийн онолын түүхэн уламжлал, эх сурвалж, улс төр судлалын үүсэл, институтжин бүрэлдэх явц, шинжлэх ухааны статус, орчин үеийн шинж, хандлагыг нь ямар нэг байдлаар тодорхойлон үздэг юм.
Улс төрийн сэтгэлгээний түүхэн үе шат, тэдгээрийн онцлог
Хүн төрөлхтөний түүхэнд улс төр хэмээх үзэгдэл бүрэлдэн бий болсон нь тохиолдлын зүйл байгаагүй, харин энэ нь нийгмийн хийгээд шинжлэх ухааны танин мэдэхүйн хөгжлийн жам ёсны хэрэгцээ, шаардлагаар нөхцөлдсөн бодит үндэстэй юм.
Хүмүүс нийгэмээрээ хамтран аж төрөх болсон нь хүн анх үүсэж, оюун ухаант амьтан болж бойжих үеэс л эхэлсэн билээ. Хамтын амьдралынхаа явцад тэд хамтын үр ашигтай үйл ажиллагаа явуулж, энэ хүрээндээ амьдралын олон та хэрэгцээгээр нөхцөлдсөн өргөн харилцаанд орох болсон жам ёсны зүйл байв. Гэвч тэд энэ явцдаа төрөлх оюун санааны тэгш биш, адилгүй чадамж, авьяас билиг, үнэлэмж байр суурийн ялгаанаас болж тэдний хооронд эрх ашиг сонирхолын ихээхэн ялгаа зааг бий болж, түүнээс үүсвэрлэсэн төвөгтэй олон асуудал, бэрхшээлтэй тулгарах болсоноос гадна дээрх сонирхолын ялгааг нийтээр хүлээн зөвшөөрсөн хамтын харилцааны суурь зарчим, үнэт зүйлсийг хөндөхгүйгээр зохицуулах шаардлага эрхгүй бий болсон билээ. Нэг үгээр хэлбэл, хүмүүс, бүлгүүдийн хамтын амьдрал, үйл ажиллагааны хүрээнд бий болсон харилцааны явцад удирдлага, зохицуулалтын шинжтэй олон шинэ асуудал гарч ирэх болжээ.
Тэдгээрийг зайлшгүй шийдвэрлэх үүднээс хүмүүс удирдлага, зохицуулалтын үүрэг бүхий хамтын зохион байгуулалтын бүтцийн хэлбэрүүдийг бий болгон түүгээр дамжуулан өмнөө тулгарсан төвөгтэй асуудал, өөр хоорондын зөрчил, сөргөлдөөнөө шийдвэрлэх болсон юм. Өөрөөр хэлбэл, төр бий болж, төрт ёс үүссэнээр удирдах, удирдуулах, сонгох, сонгогдох зарчим нарийсан хэлбэршиж, улмаар улс төр үүсэн тэрлэх болсон билээ. Тэгэхдээ улс төр нь эргээд өөрийнөө ээлжинд хүмүүсийн өмнө зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай танин мэдэхүйн төвөгтэй үй олон асуудлыг мөн гарган тавьсан юм. Гэвч тэдгээрийг зөвхөн ердийн ухамсрын түвшинд амьдралын өдөр тутмын практик, туршлагаар шийдвэрлэх гэж оролдох нь учир дутагдалтай байсан юм. Тиймээс ч энэ асуудлын шалтгаалцал, учир зүйг онол, хийсвэрлэлийн түвшинд бодитой ухаарах шаардлага зүй ёсоор гарч ирэх болсон юм. Үүнтэй уялдан улс төрийн хүрээний үзэгдлүүдийг ухааран танин мэдэх анхны хэлбэрүүд үүсэн бүрэлдэх болсон билээ. Энэ нь улс төрийн тайлбарлах шашин-домог зүйн хэлбэр байсан юм. Сурвалж материалаас үзэхэд МТӨ II-I мянган жилд эртний бүх ард түмнүүдэд засаглал болон нийгэм, улс төрийн байгуулал нь бурхан тэнгэрээс гарал үүсэлтэйн тухай төсөөлөл ноёрхож, энэ нь танин мэдэхүйн домог зүйн хэлбэрээр дамжин илэрч байжээ. Харин барагцаалбал мянган жилийн дунд үеэс философи-ёс зүйн хэлбэр бүхий анхны улс төрийн ойлголт, тодорхойлолтууд бүрэлдэн бий болж, рационал улс төрийн үзэл санааны эх үндэс тавигджээ. Энэ үеэс эхлэн аажмаар улс төрийн танин мэдэхүйн хэлбэрүүд боловсрон гүнзгийрч, мэдлэг хуримтлагдахын хирээр улс төрийн онолын логик, рационал, эмпирик хэлбэр төгс бүрэн агуулгаараа бүрэлдэн бий болох үйл явц эрчимжсэн юм. Гэхдээ улс төрийн үзэл санаа шашин-домог зүйн хэлбэрээр философи-ёс зүйн хэлбэрт, түүнээс төгс рационал, эмпирик хэлбэрт шилжих хүртлээ олон мянган жил шаардагдсан юм.
Ийнхүү улс төрийн онол бий болсноор улс төрийн мэдлэгийн цогц бүрдэл болох улс төрийн шинжлэх ухаан бүрэлдэн бий болоход хүрсэн юм. Энэ нь цаашдаа шинжлэх ухааны танин мэдэхүйн хөгжлийн жам ёсны дагуу нарийсан хэлбэршиж, улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийн олон салбар, чиглэлийг бий болгосон билээ.
Хүн төрөлхтний олон зууны туршид хуримтлуулсан улс төрийн мэдлэг, ухааны өвөрмөц тусгал болсон улс төрийн шинжлэх ухааны үүсэл, бүрдэлт, хөгжлийн түүхэн үйл явцыг системчлэн цэгцлэж, эрэмбэлэн үечлэх оролдлого ямагт хийгдсээр иржээ. Энэ чиглэлээр формацын болон цаг хугацаа, бүс нутаг, иргэншлийн онцлогтой уялдсан үечлэлийн олон янзын арга зүй, хандлага гарч ирсэн билээ. Нэг хэсэг философид хүн төрөлхтөний улс төрийн онол, сэтгэлгээний түүхийг формацийн буюу хэлбэршлийн арга зүйн үүднээс үечлэх хандлага түлхүү хэрэглэгдэж байсан юм. Энэ нь шинжлэх ухааны танин мэдэхүйн тухайн үеийн шаардлагыг ямар нэг хэмжээгээр хангаж байсан боловч яваандаа түүний учир дутагдалтай, сул талууд нэн тодорхой илрэх болсон юм.
Энэ нь янз бүрийн бүс нутгуудын улс орнуудын улс төрийн сэтгэлгээний үндэсний өвөрмөц онцлог, үнэт зүйлс, түүхэн уламжлалыг танин мэдэхэд шаардагдах мэдлэгийн хангалттай баазыг бүрдүүлэхэд саад болоод зогсохгүй тэдгээрийг онол арга зүйн хэвшмэл нэг загварт оруулах болсонтой холбоотой юм.
Сүүлийн үед улс төрийн сэтгэлгээний түүхэн хөгжлийн үйл явцыг үечлэн судлахдаа судлаачид формацын ангиллаас татгалзан цаг хугацаа, бүс нутаг, иргэншлийн ангиллыг түлхүү баримжаалах болсон юм. Үечлэлийн арга зүй хандлага шинжлэх ухааны танин мэдэхүйн хөгжлийн олон үеийн туршид боловсрон хэлбэршсэн бөгөөд янз бүрийн бүс нутаг болон улс, үндэстний улс төрийн онол, сэтгэлгээний өвөрмөц онцлог, харилцан хамаарлыг бодитой авч бололцоог олгодог юм. Энэ нь О.Конт, М.Дюверже, К.Дойч Р.Арон, Лео Страусс гэх мэт олон судлаач эрдэмт бүтээл, туурвилд тусгалаа олж, нарийвчлан боловсрогдсон юм.
Хүн төрөлхтөний улс төрийн мэдлэг, сэтгэлгээний хөгжлийн түүхийг үечлэн судлах үйл хэрэгт судлаач К.Дойч чухал хувь нэмэр оруулжээ. Тэрээр нийгмийн ямар ч ухаан тэр л улс төрийн шинжлэх ухаан үүсэл, хөгжлийнхөө явцад философийн, эмпирик, рефлексиин буюу эмпирик vеий хянан засварласан үе хэмээх гурван үндсэн үе шатыг туулсан болохыг онцлон тэмдэглээд, эхний үе буюу философийн vе нь он цагийн хувьд барагцаалбал Плато, Аристотелийн vеэс 1861-1965 оны Америкийн иргэний дайн хүртэл, хоёр дахь үe болох эмпирик үе нь Америк дахь иргэний дайнаас дэлхийн II дайн хүртэл үргэлжилсэн. Улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн гурав дахь үе дэлхийн II дайны дараа эхэлж өнөөг хүртэл үргэлжилжээ гэж үзсэн байна[2]. К.Дойчын дээрх ангиллыг зарим судлаачид Америк төвт үзэлд захирагдсан оновчтой биш ангилал гэж үздэг ч түүний энэ үечлэлийн арга зүй нь улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн бүхэл үйл явцыг ерөнхий агуулга, логик учир зүйн талаас нь хийсвэр түвшинд нэлээд системтэй авч үзсэн утгаараа шинжлэх ухааны ач холбогдолтой юм. Тэрээр улс төрийн онол хөгжлийнхөө эхэн үе буюу философийн үед улс төрийн амьдрал, үзэгдлийг шинжлэхдээ их төлөв гүн ухааны талаас нь бясалган эрэгцүүлэх зорилтыг өмнөө тавьж, нийгэм, төр, бие хүний төгс төгөлдөр хэлбэрийг энэрэнгүй үзэл, ёс зүйн зарчим, үнэт зүйлстэй холбон авч үзэх хандлагыг голлон хэрэглэж байжээ гэж үзсэн байна.
Эртний Герег, Ром зэрэг улс оронд хөгжиж байсан “шилдэг төр”, “төгс төгөлдөр нийгмийн байгуулал”, “өв тэгш хүний тухай” төрийн хэв маяг, засаглалын хэлбэр, нийгмийн ардчилсан элементийн тухай үзэл санаанууд нь хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний хөгжилд хүчирхэг түлхэц болж, түүний онол, арга зүйн найдвартай суурь үндэс болсоныг К.Дойч онцлон тэмдэглэж байжээ.
Харин улс төрийн сэтгэлгээний хөгжлийн эмпирик үеийн гол онцлог нь К.Дойчын үзэж байснаар улс төрийн үзэгдэл, үйл явцын тухай урьдын гүн ухаан – ёс зүйн хийсвэр эрэгцүүллийг нийгмийн эмпирик бодит баримтуудтай холбон, туршлага, практикаар баяжуулах болсонд оршиж байжээ. XVII-XVIII зууны үед Европ, Умарт Америкт улс төрийн институт, нам, хөдөлгөөн, олон нийтийн байгууллага, парламентат ёс, зарчим, улс төрийн сонголтын боловсронгуй хэлбэр бүрэлдэн бий болсон нь дэлхий дахины улс төрийн онол, сэтгэлгээ хөгжих шимтэй хөрс суурь болж өгчээ.
Улс төрийн шинжлэх ухаан хөгжлийн эмпирик үеийг шинэчлэн засамжлах үедээ баримт туршлагаар баяжуулан рефлексээрээ олж авсан мэдлэгийг шүүмжлэлтэйгээр дахин боловсруулж, гүнзгийрүүлэн эзэмших болсноор цаашдын хөгжлийнхөө сайхан боломжийг нээснийг К.Дойч судлан тогтоосон байдаг юм.
Дэлхийн улс төрийн онол, сэтгэлгээний хөгжлийн түүхийн үечлэн авч үзэх К.Дойчын ангилалтын зэрэгцээгээр Францын улс төрийн философич М.Дювержегийн үечлэлийн арга зүй улс төрийн шинжлэх ухааны мэдлэгийн түүхийг бодитой авч үзэж, судлах явцад жинтэй үүрэг гүйцэтгэж байдаг юм.
М.Дюверже улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн түүхийг цаг хугацаа, орон зайн ангиллын арга зүйд тулгуурлан нэн тодорхой зааглан шинжилсэн байдаг. Түүнийхээр улс төрийн шинжлэх ухаан хөгжлийнхөө явцад дараахь үндсэн гурван түүхэн үеийг туулсан гэж үзсэн байна. Энэ нь нэгдүгээрт, эртнээс XVIII зуун хүртэлх үе. М.Дюверже энэ үеийн гол төлөөлөгчдийн тоонд Аристотель, Н.Макиавелли, Ж.Боден, Ш.Л.Монтескье зэрэг эртний болон дундад зуун, Сэргэн мандалтын эхэн үеийн томоохон сэтгэгчдийг хамруулжээ.
Хоёрдугаарт, XVIII-XIX зууныг бүхэлд нь улс төрийн мэдлэгийн нэгэн үе болгон авч үзжээ. Энэ үед А.Де Токвиль О.Конт, К.Маркс зэрэг судлаачдын үзэл санаа ихээхэн нөлөөтэй байжээ, гуравдугаарт, улс төрийн шинжлэх ухаан нь бие даан хөгжих болсон өнөө үеийг хамруулан үзжээ. Түүний энэ ангилал энгийн ойлгомжтойгоос гадна дэлхий улс төрийн мэдлэгийн түүхийг цаг хугацааны он дарааллын үүднээс улируулан үзэж, тэдгээрийг өнгөрсөн, одоо ирээдүйн гурван цагийн шүтэлцээнд нь тодорхой шинж бололцоог олгож байдгаараа арга зүйн ач холбогдолтой юм .Тиймээс ч өнөөгийн судлаачид улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн түүхэн үеүдийг тусгайлан шинжилж, улируулан үзэх явцдаа М.Дювержегийн дээрх үечлэлийн арга зүйг өргөн ашиглаж байдаг юм. Энэ аргачлалыг бүтээлчээр баяжуулж, үр ашигтай хэрэгжүүлсэн судлаач бол Р.Арон юм. Тэрээр “Социологийн сэтгэлгээний хөгжлийн үе шатууд” хэмээх суурь бүтээлдээ энэ талаарх үзэл бодлоо тал бүрээс нь үндэслэж, хүн төрөлхтөний улс төр, нийгмийн сэтгэлгээний түүхийг тодорхой үечлэн шинжилсэн байдаг[3]. Цаг хугацаа, бүс нутгийн үечлэлийн арга зүйг сүүлийн үед Оросын болон манай судлаачдын ном, бүтээлд нэлээд өргөн хэрэглэх болсон байна.[4]
Өнөө үед улс төрийн мэдлэгийн үүсэл, хөгжлийн түүхийг тодорхой авч үзэж, шинжлэхтэй уялдан Германы улс төрийн философич Лео Страуссын үечлэл судлаачдын анхаарлыг ихээхэн татах болов. Сүүлийн үед түүний боловсруулсан үечлэлийн арга зүй нь үндсэндээ хүлээн зөвшөөрөгдөх хандлагатай байгаа юм. Тэрээр улс төрийн мэдлэгийн түүхийг сонгодог хийгээд орчин үе гэсэн хоёр томоохон үед зааглан үзэж, тэдгээрийн харилцан хамаарал, нийтлэг өвөрмөц шинж, онцлогийг нь тодорхой шинжилсэн байна.[5]
Л.Страусс хүн төрөлхтөний улс төрийн мэдлэгийн сонгодог үеийг Сократаас эхтэй гэж үзсэн бол орчин үеийнхийг нь Н.Макиавеллээс эхлэн тооцсон байна. Түүний энэ саналыг дэмжиж Америкийн философич Дж.Кетлин бичихдээ: “Сократ бол Өрнөдийн улс төрийн философийн “загалмайлсан эцэг”, харин Макиавелли бол үндэслэгч нь юм” гэсэн байдаг[6]. Үнэхээр сүүлийн үед судлаачид улс төрийн мэдлэгийн хөгжлийн түүхийг авч үзэхдээ Страуссын дээрх үечлэлийн аргачлалыг гол төлөв баримжаалах болсон нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь энэ ангилал нь хэдийгээр ерөнхий шинжтэй боловч улс төрийн мэдлэгийн түүхэн хөгжлийн үйл явцын динамик хийгээд статик шинжийг тодруулан тэдгээрийн харилцин шүтэлцэл, өвөрмөц онцлог, дотоод логик агуулгыг нь тодорхой шинжлэн үзэх боломжийг олгодгоороо арга зүйн ач холбогдолтой байгаа юм.
Улс төрийн мэдлэгийн сонгодог үе нь он цагийн хувьд МЭӨ VI-V зуунд хамаарах эртний Герегийн философийн бүрдэлээс мэ XV зуун буюу Сэргэн мандалтын эхэн үе хүртэл үргэлжилсэн гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, Сократаас Макиавелли хүртэлх үеийг хамруулан үздэг байна. Улс төрийн сэтгэлгээний сонгодог үед: эртний Герег, Ромын болон дундад зууны шашин философийн хөгжлийн бүхэл үеийг хамруулдаг. Эртний Герег, Ромын оюунлаг ертөнц нь хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний эх үндэс, ширгэшгүй ундрага нь болж байдаг бол Дундад эртний шашин философийн үзэл нь авран нигүүлсэгч хүмүүнлэг ёс, дэг журамт үнэт зүйлсийн системдэг илэрхийлэл болж байсан утгаараа орчин үеийн улс төрийн мэдлэгийн онол, номнолын чухал эх сурвалж болсон юм. Эндээс үзвэл сонгодог үед хүн төрөлхтөний улс төрийн мэдлэгийн онолын тулгуур үндсүүд эхлэн тавигдаж, тэр нь орчин үеийн улс төрийн сэтгэлгээний цаашдын хөгжилд хүчирхэг нөлөө, түлхэц болсон билээ. Энэ утгаар нь энэ үеийн улс төрийн үзэл, онол, мэдлэгийн өв санг бүхэлд нь “сонгодог” хэмээн томъёолон нэрийддэг нь зүй ёсны хэрэг юм.
Сонгодог үед хуримтлагдсан улс төрийн үнэт зүйлст тулгуурлан орчин үеийн хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээ хөгжсөн билээ. Энэ үеийг он цагийн хувьд XV зууны эхэн үеэс эхлэн тооцон үздэг. Нэг үгээр хэлбэл , сэргэн мандалтын эхэн үе буюу макиавеллийн үеэс өнөө үед хүртэлх түүхэн урт үеийг орчин үед хамруулдаг. Үүнтэй
холбогдуулан өнөөтэй харьцуулахад харьцангуй хамаарах XV зууны үеэс юуны учир орчин үеийн сэтгэлгээний хөгжлийн түүхийг тооцон үзэхэд хүрэв гэсэн, асуулт зүй ёсоор гарч ирдэг. Үүний учир мандалтын болон шинэ үеийн улс төрийн философийн сонгодог гэж үзэж болох сэтгэгчдийн үзэл онол нь өнөөгийн ардчилал, шинэчлэлийн үйл явцын онол,арга зүйн шууд үндэс болж байдагтай холбоотой юм. Тухайлбал Макиавеллийн улс төрийн үзэгдэл, үйл явцын жам ёсны хөгжлийн тухай, Монтескьегийн засаглалын эрх мэдлийн хувиарлан тэнцвэржүүлэх тухай, Локкын жам ёсны эрх, эрх чөлөөний тухай Руссогийн зөвшилцөл ойлголцлын тухай үзэл санаа нь орчин үеийн ардчилсан үйл явц ,Үндсэн хуульт ардчиллын тулгуур онол ,үнэт зүйлсийн үүргийг өнө хэр гүйцэтгэсээр байгаа билээ.
Эндээс үзвэл сонгодог үед хуримтлагдсан улс төрийн мэдлэгийн уламжлалт үнэт зүйлсийг сэргэн мандалтын болон шинэ үеийн сэтгэгчид өөрчлөгдсөн нөхцөлд бүтээлчээр баяжуулан зарчмын шинэ шийдэл, үндэслэлээр дахин боловсруулж, тодорхой болгосныг орчин үеийн онолчид өвлөн авч тэдгээрийг улс төрийн бодит үзэгдэл, үйл явцын хүрээнд үр ашигтай хэрэглэж байгаа нь харагдаж байна.
Хүн төрөлхтөний улс төрийн мэдлэгийн сонгодог болон орчин үеийг хооронд нь харьцуулан шинжлэх нь арга зүйн сонирхол татсан асуудлын нэг юм. Хэдийгээр сонгодог үеийн улс төрийн мэдлэгийн үнэт зүйлсийг орчин үеийнхтэй шууд адилтгах нь зохистой биш боловч тэдгээр нь хоорондоо гарал зүйн хувьд яах аргагүй уялдаа хамааралтай байдаг юм. Чухам энэ нь тэдгээрийг хооронд нь харьцуулан жиших боломжийг олгож байдаг. Улс төрийн мэдлэгийн сонгодог, орчин үе хоёрыг харьцуулан шинжилж үзвээс тэдгээрийн хооронд дараахь онцлог шинжүүд байдгийг тодруулан үзэж болохоор байна.
Үүнд юуны өмнө зорилгын онцлогийг дурьдаж болох юм.
Сонгодог улс төрийн онолын үндсэн зорилго нь олон түмнийг улс төрийн мэдлэгээр зэвсэглэн гэгээрүүлж, тэдэнд бодитой сэтгэн эрэгцүүлэхэд нь туслах, маргалдагч талуудыг алагчлахгүйгээр мэдэхгүйг нь мэдүүлж, тэдний хооронд бий болсон зөрчлийг зохицуулах, төрийн хэрэгт таарч тохирсон өв тэгш бие хүнийг бэлтгэхэд нөлөө үзүүлэх, бурханы санаа зориг, сүм хийдийн ариун ёсыг ёсчлон дагах үзэл, сүсэг бишрэл, итгэлийн цэвэр ариун ёс суртахууныг хүмүүст төлөвшүүлэх явдал байсан бол орчин үеийн улс төрийн онол нь хүмүүсийг зөвхөн гэгээрүүлэх бус, харин тэдэнд улс төрийн бодит байдлыг гүнзгий танин мэдүүлэх үндсэн дээр улс төрийн үйл явцад идэвхтэй нөлөөлөн оролцох чадварыг төлөвшүүлэх, улс төрийн амьдралын явцаар үүдсэн онолын хийгээд практик асуудлуудад үйлч, бодитой хариу өгөх явдлыг гол зорилгоо болгож байсан юм.
Зорилгын онцлогоос номнолын онцлог үүдэж байсан юм.
Улс төрийн онолын сонгодог үед “хамгийн зохистой, төгс нийгмийн байгуулал” болон “шилдэг төр”-ийн хэлбэр ямар байх ёстой, шударга буянт үйл гэж юу байх, түүний үндсэн шалгуурууд ямар байх учиртай гэх зэрэг асуудлыг гаргаж тавиад түүндээ хариу өгөхдөө хүн арддаа үнэнч, шударга ёс ноёрхсон, хууль ёсонд захирагдсан, цэвэр ариун ёс суртахуунтай, захирах захирагдах жам ёсыг ёсчлон дагадаг, нийтлэг зарчим бүхий нийгмийг шилдэг нийгмийн байгуулал гэх юм уу эсхүл бурханы ариун ёсыг хүндэтгэн бишэрдэг, түүний төлөө амь хайргүй тэмцэх нь өв тэгш шударга бие хүний гол шинж, амьдрал, хувь заяаных нь цорын ганц зөв зам мөр болох тухай үзэл санаа нь сонгодог улс төрийн онолын номлолын гол онцлог нь болж байсан бол орчин үеийн улс төрийн онол нь хийсвэр хоосон мөрөөдөлд бус амьдралаас үүдсэн бодитой, тулгамдсан асуудал, бэрхшээлүүдэд хэрхэн хариу өгч, яаж шийдвэрлэх өөрөөр хэлбэл, нийгэм ямар байх тухай логик, норматив хийсвэр онолыг гаргаж тавих бус харин нийгмийг яаж өөрчлөх, хүмүүс сайн сайхан, аз жаргалтай амьдралыг цогцлуулахын тулд юу хийж болох тухай номлож байснаараа сонгодог сонгодог орчин vе хоёрыг харьцуулан авч үзэх явцад Тэдгээрийн үнэлэмжийн онцлог тодорхой илэрч харагдлаа
Сонгодог улс төрийн онолд сайн муу, шударга бус, нуга буян, зохистой зохисгүйн тухай үнэлэмжийн ерөнхий зөрчил голлон зонхилж байсан бол орчин үед ашигтай, ашиггүй бүтээлтэй бүтээлгийн тухай үнэлэмжийн онолын тодорхой бодитой хандлага, чиглэлүүд тодрон гарч ирэх болсон юм.
Эцэст нь үүрэг, нөлөөллийн онцлог нь сонгодог, орчин үе хоёрын ялгаа заагийн нэг үндсэн шалгуур болж байдаг.
Сонгодог улс төрийн сэтгэлгээ нь нийгэмд танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх өөрөөр хэлбэл, олон түмний оюуны соёл сэтгэх арга чадвар, ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн оюунлаг нөлөөллөөрөө онцлог байсан бол орчин үед улс төрийн онол нь хийсвэр байдлаас нийгмийн амьдралын бодит хөрсөн дээр бууж, улс төрийн үйл явцаас үүдсэн төвөгтэй асуудал бүрт бодитой хариу өгч, тэдгээрийг бүтээгч үйлч үйл ажиллагаараа идэвхтэй оролцон шийдвэрлэх, нийгмийг өөрчлөх үр ашигтай арга, зарчимыг санал болгож байснаараа нийгэмд бодитой арга зүйн үүрэг, нөлөө үзүүлж байсан юм.
Хүн төрөлхтөний улс төрийн мэдлэгийн сонгодог хийгээд орчин үед дээр тэмдэглэсэн онцлог байдлаас үүдсэн ялгаа байсан боловч тэдгээрийн гарал зүй, судалгааны объект, судлах зүйл нь үндсэндээ нийтлэг байсан юм.
Улс төрийн сэтгэлгээний түүхэн уламжлал
Түүхэн хөгжлийн өнгөрсөн баримтууд одоогийн үндэс, одоогийнх нь ирээдүйг угтан баримжаалах суурь, тулгуур болж байдаг нь цаг хугацааны философийн жам ёс билээ.
Хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн түүх нь цаг хугацааны энэхүү хуулинд захирагдаж байдаг. Тиймээс ч улс төрийн сэтгэлгээний түүхийг үнэлэн цэгнэхдээ түүний өмнөх үеийн үзэл, онолын үнэт зүйлсийн өв уламжлалыг зайлшгүй анхааран үзэх хэрэгтэй болдог.
Хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний түүхэн хөгжлийн үе бүхэнд улс төрийн онолын өвөрмөц тодорхой хэлбэрүүд тохирч байсан бөгөөд энэ нь тухайн цаг үеийнхээ үзэл номлолын шилдэг өв уламжлалд суурилж байжээ. Энэ утгаар авч үзвэл улс төр судлал нь хүн төрөлхтөний улс төрийн үзэл, сэтгэлгээний олон үеийн түүхэн үнэ цэнэт өвийг шинэ баримт, үндэслэлээр баяжуулан, шүүмжлэлтэйгээр дахин авч үзсэний үр дүн байлаа.
Улс төрийн онолын хөгжлийн өнгөрсөн хийгээд одоогийн харилцан хамаарал нь уялдаа бүхий залгамжлал, шинэчлэл хэмээх өвөрмөц механизмаар дамжин илэрдэг. Тэдгээрийг бүхэлд нь улс төрийн шинжлэх ухаанд “уламжлал” гэсэн ойлголтоор томъёолдог. Улс төрийн онолын түүхэн уламжлалын асуудлыг авч үзэхийн өмнө ерөөсөө уламжлал хэмээх ойлголтыг ямар нэг хэмжээгээр тодруулан үзэх нь танин мэдэхүйн ач холбогдолтой юм. Энэ нэр томьёо нь үгийн гарал зүйн хувьд trаdіtо буюу дамжуулах, шилжүүлэх гэсэн үгнээс үндэстэй юм[7]. Уламжлал нь түүх, гүн ухаан, улс төр зэрэг олон шинжлэх ухааны зааг уулзвар дээр судлагдах өргөн хүрээтэй асуудал юм. Түүхийн шинжлэх ухаанд уламжлалыг түүхэн үйл явцын гол шинжийн давтагдан, өвлөгдөх байдал түүнээс үүдсэн сургамж, туршлагын хүрээнд ойлгодог бол гүн ухаанд тодорхой цаг хугацаа, орон зайд үйлчилж буй юмс үзэгдлийн харилцан шүтэлцэл, хөгжлийн үйл явцын хүрээн дэх солилцох, дамжуулах хэлбэр, материаллаг болон оюуны өв соёлын өвлөгдөн залгамжлагдах үйл ажиллагааны хэв маягийн түвшинд асуудлыг авч үздэг. Харин улс төрийн шинжлэх ухаанд уламжлалыг улс төрийн үйл ажиллагаа, арга барил, үзэл онолын үнэт зүйл, ардчилсан үнэлэмжийн тулгуур зарчим, хандлага, байр суурийн залгамж чанар, давтагдагч шинж, онцлогийн талаас нь гол төлөв авч үзэж судалдаг. Эндээс үзвэл, уламжлал гэдгийг тодорхой үзэгдэл, үйл явцын давтагдан залгамжлагдах төлөв байдал, үйл ажиллагааны болон оюуны үнэт зүйлсийн дамжин шилжих, өвлөгдөн шинэчлэгдэх хэлбэр гэж томъёолон тодорхойлж болох юм.
Нэг үгээр хэлбэр, энэ нь тодорхой орон зай, цаг хугацааны хүрээнд оршин байгаа юмс үзэгдлийн хөгжил, хувьсалын гол зүйл дараагийн үедээ давтагдах байдал, шинэ хуучны харилцааны vргэлжлэн хэрэгжих өвөрмөц хэлбэр юм[8]. Энэ утгаараа уламжлал нь улс төрийн онолын түүхэн тодорхой хэлбэрүүдийг улс төрийн мэдлэгийн эдүгээ үетэй холбоо шүтэлцүүлэгч гол механизм болдог.
Улс төрийн онолын түүхэн уламжлалыг хэв маяг болон хэлбэр талаас нь ангилан үзэж болохоор байдаг. Тухайлбал хэв маягаар нь улс төрийн онолын уламжлалыг Страуссын нэг адил сонгодог, орчин үеийн гэсэн ерөнхий агуулгаар ангилах нь илүү зохистой байдаг бол хэлбэрээр нь Эртний Өрнө, Дорнын, Дундад эртний, Сэргэн мандалтын болон шинэ үеийн, нэн шинэ үеийн улс төрийн онолын уламжлал хэмээн тус тус ангилан гэж болох юм. Түүнчлэн Үүний зэрэгцээ дээрх түүхэн тодорхой цаг үеүдэд тодрон гарсан гол гол сэтгэгчдийн үзэл, номлолын үнэт зүйлсийн онцлог ялгаа, заагийг үндэс болгосон хэлбэрийн өвөрмөц ангиллыг бас гаргаж тавьж болох юм.
Сүүлийн үед судлаачид улс төрийн онолын уламжлалын дараахь түүхэн тодорхой хэлбэрүүдийг санал болгож байгаа юм. Үүнд:
- Эртний Өрнө, Дорнын улс төрийн онолын уламжлалт хэлбэр
Хүн төрөлхтөний улс төрийн мэдлэгийн системд Эртний Герег, Ромын болон Дорно дахины улс түмний улс төрийн онол, үнэт зүйлсийн түүхэн уламжлалт хэлбэр онцгой байр суурь эзэлдэг. Энэ үеийг цаг хугацааны хувьд мэө IV зуунаас мэV зуун буюу Ромын эзэнт гүрний төгсгөл хүртэлх үеийг хамруулан үздэг.
Хүн төрөлхтөний түүхийг бүсчилэн ангилах явцад Өрнө, Дорно гэсэн ойлголт гарч ирсэн юм. Гэхдээ энэ ойлголтыг судлаачид газар зүйн гэхээсээ түүх соёл, иргэншлийн хэлбэр гэсэн утгаар илүүтэй баримжаалан ойлгодог. Дорно, Өрнийн улс түмний аль алин нь улс төрийн онол, сэтгэлгээний олон зууны баялаг үнэт зүйлс, уламжлалтай билээ. Дорно дахины улс төрийн эртний уламжлалт хэлбэрийн хүрээнд Энэтхэг, Хятад, Египет, Вавилон, Иран гэх зэрэг улс төрийн соёлын голомтыг хамруулдаг бол Өрнийн хэлбэрт эртний Герег, Ромын улс төрийн уламжлалын сонгодог хэв маягийг багтаан үздэг юм. Энэ уламжлал нь харилцан бие биенээ нөхцөлдүүлэн хөгжих явцад тухайн бүс нутаг болон тодорхой улс орны түвшинд өвөрмөц агуулгатайгаар илэрч байв. Тухайлбал, Дорно дахины улс орнуудад улс төрийн онол, сэтгэлгээний логик нь гол төлөв домог зүй, шашин, ёс зүйн зарчимуудтай холбоотой цэвэр уламжлалт онцлогоо барьсан цэвэр философи-ёс зүйн үнэлэмжинд илүү суурилаж байсан юм. Энэ нь тухайн бүс нутаг, улс үндэстний амьдрал, иргэншлийн хэв маяг, аж төрөх ёсны өвөрмөц хэв шинж, соёл, сэтгэлгээний уламжлалт үнэт зүйлсийн давтагдашгүй онцлогоор нөхцөлдөж байв. Хэдий тийм боловч Өрнө, дорнын улс орнуудын улс төрийн онол, сэтгэлгээний уламжлалт хэлбэрт нийтлэг зүйлс олон байсан юм. Энэ нь тэдгээр улс орнуудын улс төрийн судлагдахууны үндсэн объект нь нийгмийн улс төрийн үзэгдэл, үйл явц байснаас гадна түүний логик, мөн чанар, илрэх хэлбэр, хөгжлийн хууль, зүй тогтолыг нээн илрүүлэх явдлыг гол зорилгоо болгож, тэдгээрийг бодитой танин мэдэх үр ашигтай арга хэлбэрийг нийгэмд санал болгож байснаар тайлбарлагдана.
Улс төрийн онолын уламжлалын эртний хэлбэр нь судлаачдын үзэж байгаагаар хүн төрөлхтөний улс төрийн онол, сэтгэлгээний хөгжилд дараахь байдлаар нөлөөлсөн байна. Энэ нь нэгдүгээрт, улс төрийн сэтгэлгээний түүхэнд анх удаа улс төрийн ертөнц түүнтэй харилцах хүний харилцааны асуудлыг танин мэдэх үйл ажиллагааны гол судлагдахуун болгон авч үзэх үндсийг тавьсан, хоёрдугаарт, энэ явцад томъёологдсон нийгмийн зохистой байгуулал, засаглалын зохистой хэлбэр, шилдэг төрийн хэв маяг, төрийг удирдахад оролцох олон түмний болон нийгмийн тодорхой бүлэг, давхрааны нөлөө, оролцооны тухай, улс төрийн ертөнцийн жам ёсны хөгжил, түүнийг танин мэдэх арга, хэлбэрийн тухай улс төрийн онолын сонгодог номлол, үндэслэл нь хүн төрөлхтөний улс төрийн шинжлэл, судлалын оюунлаг, рационал үйл ажиллагааны суурь үндэс нь болсон, гуравдугаарт, нийгэм, улс төрийн ертөнцийг танин мэдэх домог зүй шашны хэлбэрээс философи, ёс зүйн хэлбэр хүртэлх танин мэдэхүйн онол арга зүйн хэлбэр нь улс төрийн логик шинжлэлийн үйл ажиллагааны үлгэр загвар нь болсон, дөрөвдүгээрт, улс төрийн ертөнцийн талаарх оюунлаг, хийсвэр номлол үндэслэлийг нийгмийн амьдралын тодорхой практик эмпирик баримтуудтай уялдуулан шинжлэх үйл ажиллагааны суурийг анхлан тавьсан зэргээр тодорхойлогддог юм Энэ утгаараа уламжлалын энэ хэлбэр нь хүн төрөлхтөний олон зууны улс төрийн сэтгэлгээний үнэт зүйлсийн уусах Тэрлэх эхлэх болж, цаашид хөгжин боловсрох ёсны урт удаан үйл явцын суурь үндэс нь болсноороо ач холбогдолтой юм. Энэ үеийн сэтгэгчдийн сонгодог төлөөлөгчдийн тоонд Күнз, Лао-цзы, Мо-цы, Гераклит Солан, Пифагор, Демокрит, Сократ, Платон, Аристотель Полибий. Эпикур, Цицерон зэрэг томоохон улс төрийн философичдыг хамруулж болох юм.
- Дундад зууны улс төрийн онолын уламжлалт хэлбэр XV зууны хоёрдугаар хагаст хүмүүнлэг үзэлтнүүдийн анх хэрэглэсэн “Дундад эртний үе” гэдэг ойлголт тэр үеэс ихэд дэлгэрч дэлхий дахины түүх бичлэгт идэвхтэй ашиглагдаж иржээ. Ромын эзэнт улс V зууны үед унаснаас Сэргэн мандалтын үеийг эхлэх хүртэлх Баруун Европ ба Ойрхи Дорнодын түүхэн хөгжлийн хамгийн урт үргэлжилсэн үеийг энэ ойлголтоор тэмдэглэдэг.[9] Энэ үеийн улс төрийн онол, сэтгэлгээ нь хүн төрөлхтөний философийн хоёр гол үнэт зүйлст суурилж байв. Энэ нь нэг талаас эртний Герег, Ромын сонгодог улс төрийн философийн уламжлалт үнэт зүйлс тэр дундаа Сократ, Плато, Аристотелийн философи, нөгөө талаас Христ шашны шашин-философийн үзэл, зарчим юм. Энэ утгаараа Дундад зууны үеийн улс төрийн онолын уламжлалт хэлбэр нь тухайн үедээ Герег, Ромын сонгодог философи хийгээд шашны уламжлалт үзэл номлолын зааг уулзвар дээр боловсрон цэгцэрч, хэлбэршиж байснаараа онцлог юм.
Дундад зууны улс төрийн онол, уламжлалын түүхэн хэлбэрийг он цагийн хувьд эртний дундад зууны үе (V зууны сүүлчээс XI зууны дунд үе хүртэл), улс төрийн сэтгэлгээний оргил үе (XI-XV зуун сүүл үе), хожуу үе (XV-XVIII зууны эхэн үе) хэмээн зааглан үздэг. Дундад зууны үеийн улс төрийн онолын хөгжилд шашны нөлөө онцгой хүчтэй байсан юм. Энэ нь тухайн түүхэн тодорхой цаг үеийн бодит нөхцөл байдлын онцлогтой холбоотой байжээ. V зууны эхэн үед хаант засаглалын уламжлалт хэлбэр нь феодал, хотын коммуны бие даах гэсэн сонирхолтой зөрчилдөж, тэдгээрийн хооронд эрх мэдлийн төлөөх улс төрийн тэмцэл хурцдахад хүрсэн юм. Энэ тэмцэлд сүм хийдийн зүгээс идэвхтэй оролцож байв. Сүм хийдийнхний тэр үеийн гол зорилго нь иргэний засаглалыг хяналтандаа авч улмаар нийгмийн амьдралын бүх хүрээнд өөрсдийнхөө нөлөөгөө тогтоох явдал байв. Үүнтэй уялдан дундад зууны улс төрийн онол, судлалын хүрээнд хаант засаглалын хүчирхэг хэлбэрийг улс төрийн хувьд үндэслэх, төв засаглалын эрх мэдлийг хязгаарлах зохистой арга замыг эрж хайх, иргэний болон сүм хийдийн засаглалын аль нь тэргүүлэх шинжтэй болохыг тогтоох гэсэн харилцан уялдаатай зөрчил бүхий асуудал тавигдсан юм. Энэ асуудалд шашны философи, ёс зүйн үүднээс хариу өгөх гэсэн оролдлого тухайн үед газар авч байв. Энэ үйл хэрэгт шашин философийн теоцентризм (бурхан төвт үзэл), креоционизм (бүтээхүйн үзэл), провиденциализм (бошгын үзэл)-ын үзэл номлолууд арга зүйн суурь үндэс нь болж байв. Тэдгээр үзлүүд нь хүмүүсийн оюун санааг эзэмдэн барих, нэгдсэн нэг бурхантай байх гэсэн сүм хийдийнхний санааг гүйцэлдүүлэхэд хүчирхэг нөлөө, түлхэц болж байсан юм.
Дундад зууны үед шашин, сүм хийдийн талынхан тухайн үеийн иргэний засагтай холбоо тогтоож, хэл амаа ололцож чадсан нь нөлөөгөө өргөтгөх сайхан боломж болсон ажээ. Энэ үеэс загалмайтны шашныг Европ дахинд төрийн шашин хэмээн зарлах болов. Өрнөд Европт хүчирхэг иргэний засаглал байхгүй байсныг ашиглан V зууны үеэс ромын епископ өөртөө шашны тэргүүн Пап гэсэн титэмийг зүүх болсон юм. 103 онд пап болсон VII Григори өөрийн бүхий л үйл ажиллагаагаа сүм хийдийг иргэний засаглалын хяналтаас гаргаж эзэн хаадыг захирах папын ноёрхол болох теократ (шашныхан улс төрийн эрх барих ) төрийн хэлбэрийг тогтооход чиглүүлсэн юм. Үүнд загалмайтны аян дайныг шууд ашиглаж байлаа [10].Үүнтэй уялдан шашин, сүм хийдийн нөлөө, оролцоо нийгмийн амьдралын бүх хүрээнд тэр дундаа улс төр оюун санааны хүрээнд онцгой нөлөөтэй болж ирсэн байна. Түүний тусгал нь дундад зууны улс Төрийн онолын шашин-философи, ёс зүйн хэлбэр байсан юм. Энэ үзлийн үнэт зүйлсийн онцлог нь улс төрийн ертөнцийн бүх үзэгдэл нь бурханы санаа зоригийн илэрхийлэл, сүм хийд нь бурхан тэнгэрийн зарлигийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ариун лагшин газар, бурханы зарлиг бол нийгэм, хүмүүсийн заавал сахиж биелүүлэх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хууль юм гэсэн суурь үндэслэлд оршдог. Эндээс үзвэл дундад зууны шашин-философийн улс төрийн үзэл номлол нь нийгмийн улс төрийн үзэгдлийг онол, хийсвэрлэлийн нэг хэв загварт барьж, түүнийг догматик хэлбэрээр тайлбарлахад хүргэж байсан нь харагдаж байна. Гэвч ингэлээ гээд энэ үеийн улс төрийн үзэл, номлолын гүн дэх үнэ цэнэт өв уламжлалыг ор үгүйсгэн үзэх нь учир дутагдалтай хэрэг болохсон билээ. Учир нь энэ үеийн улс төрийн онол, сэтгэлгээ нь хэдийгээр шашны бүрхэвчтэй байсан боловч түүний гүнд нийгмийн үзэгдлийн учир зүйг нээн илрүүлэх гэсэн философи, логикчлолын системтэй арга, хандлага, бясалгал, эрэгцүүлэлийн агуу их үнэ цэнэт өв уламжлал, хүмүүнлэг, ёс зүйн ариун дэг зарчим, хүндэтгэл бишрэлийн эрхэм сайхан хэлбэр оршин байсан юм. Энэ бүхэн нь хүн төрөлхтөний улс төрийн онол, сэтгэлгээний хөгжлийн явцад хүчирхэг нөлөө үзүүлээд зогсоогүй улс төрийн танин мэдэхүйн үйл ажиллагааны үлгэр жишээ болохуйц онол, арга зүйн суурь үндэс болж чадсан юм. Энэ утгаараа дундад зууны шашин-философийн улс төрийн үзэл, онол нь зайлшгүй анхааран харгалзаж, судлан үзвэл зохих хүн төрөлхтөний улс төрийн онолын түүхэн уламжлалт хэлбэр мөн болох нь эргэлзээгүй байна. Энэ үеийн томоохон төлөөлөгчид гэвэл А.Августин, Фома Аквинский, Марсилио, Жан Боден нарыг зүй ёсоор тооцон үздэг.
3.Сэргэн мандалтын үеийн улс төрийн онол, сэтгэлгээний уламжлалт хэлбэр
Улс төрийн сэтгэлгээний түүхэнд Дундад эртний үеэс Шинэ үед шилжих шилжилтийн бүхэл зурвас үеийг “Сэргэн мандалт” гэсэн нэр томъёогоор оноон нэрлэдэг. Сэргэн мандалтын үе гэдэг нь он цагийн хувьд XIV-XVI зууны үе юм. Энд XIV-XVI, Европын бусад орон XV-XVI зууны үед сэргэн мандалтын үеийг туулсан гэж судлаачид үздэг. Энэ үеийн улс төрийн онол, сэтгэлгээний хөгжлийг үндсэнд нь сэргэн мандалтын түрүү үеийн, цэцэглэлтийн үеийн, хожуу үеийн гэсэн гурван үндсэн үе шатанд зааглан үздэг.
Улс төрийн сэтгэлгээний түүхэнд Сэргэн мандалтын үе гэсэн тусгай бүхэл үеийг онцлон үздэг нь бодит үндэс, шалтгаантай бөгөөд энэ нь тухайн үеийн нийгэм, оюун санааны амьдралд гарсан өөрчлөлттэй холбоотой юм. Энэ нь нэгд, XIV-XV зууны үед Европын нийгэм-эдийн засаг, улс төрийн амьдралын хүрээнд үндсэн өөрчлөлт гарч, зах зээлийн харилцаа бүрэлдэх эхлэл тавигдан, таваар, мөнгөний аж ахуй бий болж, гар урчуудын чөлөөтэй, хараат бус хөдөлмөр нийгэмд зонхилон, худалдаа, банкны ажил хөгжин, мануфактур үүсэн, хотуудын нийгэм-улс төрийн үүрэг өсөн нэмэгдэх болсон, хоёрт, байгалийн шинжлэх ухаан урагшлан хөгжиж, газар зүйн агуу их нээлтүүд гарсан нь орчлон ертөнцийн талаарх шашны үзэл санаанд эргэлзэх эргэлзээг бий болгосон, гуравт, нийгмийн оюун санааг хуваарьгүй ноёрхож байсан шашин-философийн үзэлд ямар нэг байдлаар шүүмжлэлтэй хандах болж, төрийн байгуулалын төгс хэлбэрийн тухай үл гүйцэлдэх үзэл төсөөлөл гэхээсээ улс төрийн үзэгдэл, үйл явцын жинхэнэ шалтгаан нөхцөл, мөн чанарыг шинжлэх ухааны танин мэдэхүйн шинэлэг арга, зарчмын дагуу ойлгон, ухаарахыг илүүтэй эрмэлзэх болж, улс төрийн шинжлэл судлалд онол, арга зүйн чухал эхлэлүүд тавигдсан, дөрөвт, философи, улс төр, нийгэм судлалд хүний түүхийг бүтээгч нөлөө, үүргийн тухай онолын шинэлэг баримтлал гол байр суурь эзлэх болж, үүнээс улбаалан уран зураг, утга зохиол, уран барималд иргэний уянгын сэдэв, эмэгтэй хүний гоо сайхан, эр хүний хүч чадал, зориг баатарлагын тухай сэдэв хүчтэй түрэн орж ирэх болсон, тавд, шашны эсрэг, хүний мөн чанарын тухай шинэлэг үзэл, онол нь улс төр-ёс зүйн гуманист антиклерикалист чиглэл бүхий нийгэм-улс төрийн бүхэл бүтэн хөдөлгөөн олон өргөжиж, нийгмийн улс төр, оюун амьдралын хүрээнд жинтэй нөлөө үзүүлэх болсон зэргээр нөхцөлдөж байгаа юм.
Улс төрийн онол, сэтгэлгээний хөгжлийн Сэргэн мандалтыг үеийг судлаачид улс төрийн шинжлэх судлалын рационал үеийн эхлэл гэж санал нэгтэй үздэг. Учир нь энэ үед байгаль, нийгэм, сэтгэхүйн үзэгдлийг дан ганц бурханчлан ойлгохоос зоригтой татгалзаж, тэдгээрийн мөн чанарыг үзэл бодлын оюунлаг өөр шалгуур, үнэлэмжээр үнэлэх болж, хүний харилцааны жинхэнэ утга учир, бодит механизмыг танин мэдэх боломжтой болсон. Энэ үед эртний Герег, Ромын философи сэтгэлгээний сонгодог үнэт зүйлсийг жинхэнэ агуулгаар нь дахин сэргээж, давтагдашгүй бодгаль чанар, хараат бус, эрх чөлөөт хүний тухай төсөөллийг гол цөс болгосон антропоцентризмын (хүн төвт) философийн зарчим улс төрийн шинжлэл судлалын хүрээнд жинтэй үүрэг гүйцэтгэх болсон юм. Антропоцентризмын философийн үнэт зүйлс нь эртний Герегийн философич Протагорын “хүн бол бүх юмсын хэмжүүр юм” гэсэн алдарт үндэслэлээс үүсэл улбаатай юм. Философийн энэ зарчим улс төрийн шинжлэлийн салбарт түрэн орж ирснээр улс төрийн сэтгэлгээний түүхэнд онол, арга зүйн шинэ хандлагын үндэс тавигдаж, улс төрийн амьдрал дахь хүний эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийн асуудлыг анх удаа жинхэнэ шинжлэх ухааны бодит хөрсөн дээр гарган тавьж, судлах эхлэл болсон юм. Энэ нь орчин үеийн улс төрийн шинжлэлийн үндсэн парадигм болсон элит, элитаризм, хошуучлалын онолын арга зүйн суурь үндэс нь болсон юм.
Сэргэн мандалтын үеийг улс төрийн үзэгдэл үйл явцын хөгжлийн логик утга учир, жам ёсыг анх удаа шинжлэх ухааны үндэстэй судлах эхлэлийг тавьсан үе гэж үздэг. Энэ үед улс төрийн үзэгдэл бол бурханы санаа зоригийн илэрхийлэл бус, харин улс төрийн өөрийнх нь жам ёсны хөгжлийн үр бүтээл, бие хүн, олон түмний улс төрийн бодитой оролцоо, үйл ажиллагааны үр дүн гүйцэтгэх болсон. Үүнээс гадна шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний чөлөөт сонголтын асуудал юм гэдгийг анх удаа гарган тавьж, энэрэнгүй, хүнлэг ёсны философийн зарчмуудыг улс төрийн сэтгэлгээний түүхэнд оруулж ирсэн юм. Сэргэн мандалтын үеийн улс төрийн онолын чухал нэгэн ололт бол орчин үеийн ардчиллын суурь үнэлэмжийн нэг болох эрх зүйт төрийн тухай, хүн, төр, нийгмийн харилцан хамаарлын тухай, иргэн, иргэний эрх чөлөөний тухай, иргэний нийгмийн тухай онол, баримтлалын үндэс тавигдаж, төрийн онолын асуудал улс төрийн шинжлэл судлалын хүрээнд баттай байр суурь эзлэх болсон явдал юм. Эндээс үзэл Сэргэн мандалтын үеийн улс төрийн онол, сэтгэлгээний уламжлалт хэлбэр нь улс төрийн шинжлэл судлалын салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний хөгжилд жинтэй нөлөө үзүүлсэн нь харагдаж байна. Энэ үеийн гол сэтгэгчид гэвэл Н.Макиавелли, Жан Бодин, Мартин Лютер, Томас Мюнцер, Томас Мор, Томмазо Кампанелла нарыг зүй ёсоор тооцон үздэг.
- Шинэ үеийн соён гэгээрүүлэгчдийн улс төрийн онол, сэтгэлгээний уламжлалт хэлбэр
Хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний хөгжлийн шинэ үеийг XVI-XVIII зууны үеэр тооцон үздэг. Энэ үе нь улс төрийн онолын хөгжилд онцгой байр суурь эзэлдэг юм.
Үүний үндэс нь XVI-XVII зууны үед баруун Европт бүрэлдсэн түүхэн шинэ нөхцөл байдал түүнээс үүдсэн нийгэм, оюун санааны амьдралын хүрээнд гарсан өөрчлөлттэй холбоотой юм. Энэ өөрчлөлт нь нийгэм-эдийн засгийн хүрээнд: феодалын уламжлалт нийгмийн байгуулал задарч, түүний гүнд капиталист шинэ нийгмийн суурь үндэс бий болж, зах зээлийн эдийн засгийн харилцаа хэлбэршиж, өмч, өмчийн харилцаанд үндсэн өөрчлөлт гарсан, нийгмийн социал харилцааны хүрээнд: эдийн засаг, улс төрийн өвөрмөц ашиг, сонирхол бүхий нийгмийн шинэ анги болох хөрөнгөтнүүд бий болж, нийгмийн социал бүтцийн хүрээнд тодорхой байр суурь эзлэх болсон, нийгэм-улс төрийн амьдралын хүрээнд: хуучин уламжлалт феодал анги, шинэ тутам үүсэн бий болсон хөрөнгөтнүүдийн хоорондын ашиг, сонирхолын зөрөө, ялгаанаас үүдсэн зөрчил гүнзгийрч, Тэдний хооронд улс төрийн тэмцэл үлэмжхэн нэмэгдэх болсон. Энэ тэмцлийн төвд феодалын онцгой эрх дархыг халж , хувийн өмчийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, бух хүмүүс хуулийн өмнө тэгш эрхтэй байх, хаант төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг саармагжуулж, түүнийг зохистой хувиарлан, тэнцвэржүүлэх, төрийн үйл ажиллагаа, бүтцийн ардчилсан хэлбэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон, шинжлэх ухааны мэдлэг, оюун санааны амьдралын хүрээнд: байгалийн шинжлэлийн салбарт аугаа их нээлтүүд гарч, ертөнцийн зүй тогтолын тухай шинжлэх ухааны мэдлэгийн хүрээ тэлж, шинэ тутам бий болсон анги, давхаргын ашиг, сонирхол, улс төрийн шаардлага, эрмэлзлэлийг бүрэн илэрхийлж чадах улс төрийн үзэл хийгээд ардчилсан төрийн тогтолцооны хэв маягт нийцэн тохирсон улс төрийн онолын шинэлэг загварын суурь үндэс тавигдаж эхэлсэн зэргээр илэрч байлаа.
Улс төрийн сэтгэлгээний шинэ үеийн гол онцлог нь улс төрийн үзэгдэл, үйл явцыг үнэлэх, шашны үзэл, хандлагаас шинжлэх ухааны үндэстэй бодит рационал суурь үнэлэмжид бүрэн шилжсэнд оршдог. Энэ үед ертөнцийг үзэх хууль эрх зүйн үзэл ихээхэн нөлөөтэй болов. Улс төрийн сургаал, онолын төвд хүний жам ёсны эрх, эрх чөлөө, засаглалын эрх мэдлийг хувиарлах асуудал, иргэний нийгэм, төрийн дарангуйлал, халдлагаас хүнийг хамгаалах, төр, засаглалын хэлбэрийн асуудал чухлаар тавигдаж байв. Чухам энэ үед одоогийн бидний эрхэмлэж буй нийгэм, улс төр, ардчиллын үнэт зүйлсийн үзэл санаа, онолын үүднээс үндэслэж, дэвшүүлэн тавьсан байлаа[11]. Энэ нь жам ёсны эрхийн онол, нийгмийн гэрээний онол, засаглалын эрх мэдлийг хувиарлан тэнцвэржүүлэх онол, зарчим, иргэний нийгэм, түүний төр, засаглалын хэлбэрийн тухай онолын баримтлалуудаар тодорхой илэрч байв.
Улс төрийн сэтгэлгээний шинэ үеийн бас нэг өвөрмөц онцлог нь орчин үеийн улс төрийн гол үзэл, урсгал болох улс төрийн либерал, консерватив, социалист, социал реформист үзлийн үнэт зүйлсийн онол-философийн суурь үндэс нь чухам энэ үед л тавигдаж эхэлсэн явдал юм. Улс төрийн сонгодог либерал үзлийн гол үнэт зүйлс нь Жон Локкийн жам ёсны эрх, эрх чөлөөний онолд үндсэн дээр суурилж байсан бол консерватив үзлийн гол философи нь Эдмунд Бёркийн уламжлалт үнэт зүйлсийн тухай сургаал, Жан Жак Руссогийн нийгмийн гэрээний онол болж байсан юм. Түүнчлэн Францын үл гүйцэлдэх социалист vзэлтнүүдийн сургаал, номлол нь орчин үеийн социалистуудын онолын гол эх сурвалж болж байлаа.
Улс төрийн сэтгэлгээний шинэ үеийг судлаачид хүн төрөлхтөний сонгодог ардчиллын онолын түүхэн хөгжлийн хоёр дахь давалгаатай холбон үздэг нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ үед ардчиллыг хэрэгжүүлэх шууд зарчмыг төлөөлөх ардчиллын зарчмуудтай зохистойгоор холбон шүтэлцүүлэх улс төрийн үйл ажиллагааны анхны хэлбэрийн суурь тавигдаж байв. Хэрвээ эртний Грект хот улсуудын хүрээнд оршин тогтнож байсан шууд ардчиллыг хүн төрөлхтөний түүхэн дэх ардчиллын эхний давалгаа байсан хэмээн үзвэл XVII-XVIII зууныг үндэсний улсын хүрээнд өнөөгийн ардчиллын үнэт зүйлс, институцийн үндэс тавигдсан ардчиллын хоёр дахь том шилжилт эхэлсэн үе хэмээн тодорхойлж болно.[12] Шинэ үе нь улс төрийн сэтгэлгээний түүхэнд нэр, мөрөө үлдээсэн томоохон сэтгэгчид болох Г.Гроций, Б.Спиноза, Т.Гоббс, Ж.Локк, Вольтер, Ш.Л. Монтескье, Ж.Ж.Руссо, С.Пуфендорф, Ж.Вико, Э.Бёрк нарыг төрүүлэн гаргасан юм. Энэ утгаараа улс төрийн онолын шинэ үеийн уламжлалт хэлбэрийг хүн төрөлхтөний улс төрийн сэтгэлгээний хөгжлийн явцад хүчирхэг түлхэц үзүүлж, түүний онолын суурь үндэсийг сонгодог агуулгаар нь тавьсан “алтан үе” гэж зүй ёсоор үнэлэн үзэхэд ташаарал болохгүй юм.
- Шинэхэн үе буюу эдүгээ үеийн улс төрийн онол, сэтгэлгээний уламжлалт хэлбэр
Энэ үеийг он цагийн хувьд XIX зуунаас эхлүүлэн үзэж болох юм. Энэ үед одоогийн улс төрийн шинжлэл, судлалд өргөн хэрэглэгдэж байгаа үндсэн онол, парадигмууд боловсрогдон гарсан юм. Тухайлбал, А.Бентлийн сонирхолын бүлгийн онол, Г.Моска, В.Парето нарын элитийн онол, М.Веберийн Төрийн социологийн онол К.Марксын эдийн засгийн шалтгаацлалын онол. Р Михельсийн засаглалын олигархийн онол, Г.Лассуэлийн засаглалын сэтгэл зүйн онол, И.Шумпетерийн ардчиллын шинэ онол, Р.Далийн плюрал ардчиллын онол, К.Макферсон, Ж.Вольф, Б.Барбер нарын оролцооны ардчиллын онол, хэрэглээний нийгэм, чинээлэг аж байдлын онол, У.Кларк, П.Сон нарын дэлхийн нэгдмэл төр улсын тухай футуролист онол, Д.Белл, Р.Арон. Ж.Гельбрейт, З.Бжезинский нарын аж үйлдвэржсэн нийгмийн тухай үзэл баримтлал, О.Тоффлер, Ж.Нейсбит. Е. Масуда нарын мэдээллийн нийгмийн тухай онол, Г.Моргентаугийн үндэсний ашиг сонирхолын үзэл баримтлал зэргийг энд онцлон дурьдаж болох юм. Үүний зэрэгцээ шинэ либерал болон шинэ консерватив, социал-демократ үзлийн үнэт зүйлс дурьдан буй үед боловсрогдон гарснаас гадна улс төрийн шинжлэлийн институционал, бихевиорист арга зуй, систем-бүтцийн болон систем-үүргийн онол, улс төрийн философийн суурь онолууд болох улс төрийн онтологи (ахуйн), улс төрийн антропологи (хүн судлал), улс төрийн аксиологи (үнэлэмжийн), улс төрийн эпистемологи (танин мэдэхүйн), улс төрийн праксеологи (үйл ажиллагаа). Oнол дүрийн болон тоглоомын онол зэрэг орчин үеийн улс төр судлалын онол, парадигмууд цэгцтэй томъёологдон гарсан юм. Орчин үеийн улс төрийн онол, уламжлалын нэг үндсэн онцлог нь дэлхийн улс түмнүүдийн даяарчлалын бодит үйл явцын үзэл, онолын тусгал болсон даяарчлалын философи, социологи, улс төрийн шинэ үзэл, парадигмууд системтэй томъёологдож байгаа явдал юм. Энэ нь нэг талаас даяарчлалын үйл явцын онолын нийтлэг зарчмыг санал болгох, нөгөө талаас даяарчлалд орох үндэсний өвөрмөц загвар, хувилбарыг идэвхтэй эрж хайх үйл ажиллагааны зааг уулзвар дээр боловсрогдож байгаагаараа онцлог юм.
Энэ бүхнээс үзвэл хүн төрөлхтөний улс төрийн онол, сэтгэлгээний хөгжлийн уламжлалт хэлбэрүүд нь бие биенээ харилцан нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө урган гарсан, харилцан бие биенээ нөхцөлдүүлсэн байдлаар хөгжиж ирсэн нь тэдгээрийн хоорондын уламжлал, залгамжлалын тасралтгүй жам ёсны үйл явцыг цаг хугацааны философийн хуулийн дагуу хэвийн үргэлжлэн хэрэгжих бодит боломжийг бүрдүүлж байгаа юм.
[1] С.Гаджиев “Политическая наука” …,М.,,1995.
[2] Основыполитологий “Под ред : профессора В.П.Пугачева, М.., 1992 .стр.9
[3] Р.Арон. Этапы развития социологической мысли. М., 1993.
[4] “История политических и правовых учений. М., 1988. История политических учений. М., 1978, В.А.Мальцев. Основы политологии. М., 1988, А.С. Политология. М., 2000, .С.Гаджиев. Политическая философия. Д.В.Гончаров, И.Б.Гоптарева. Введение в политическую науку.политические учения: история и хрестоматия. М., 2000. История
и правовых учений. Ред: Нерсесянц В.С. М., 1996, История политиче Вып. 1-3. ред: О.В.Мартышина. М., 1994-2000, А.Жамбал. Улс төрийн сутүүх. /Эртний үе/. Уб., 2001, Улс төр судлал, Уб., 2001 гэх мэт.
[5] Strauss.L. What is Political Philosophy. Glennccoe, 1959. Introductie
Philosophy. N.Y. 1986, The City and Man. Chiccago. 1969.
[6] Catlin.D. The Story of Political Philosophers. N.Y. 1939. pp.33.
[7] Философский энциклопедический словарь. М., 1983. стр. 692.
[8] Д.Болд-Эрдэнэ, Их Монгол улсын үеийн ардчилсан уламжлалын зарим асуудал Философи, эрхийн судлал. XVII боть, Уб., 2001, 156-157.
[9] Философи I хэсэг. “Философийн түүх” сурах бичиг. Уб., 1999 он. х. 66.
[10] улс төрийн шинжлэх ухаан, ред: Ц.Ганболд. Уб., 2001, x. 44-45.
[11] .Жамбал. Улс төрийн сургаалийн түүх. (эртний үе). Уб., 2001. х.63-64.
[12] Улс төр судлал. ред: Б.Дэлгэрмаа. Уб., 2001. х.81.