Д.Ганбат
/УТБА-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУ-аас ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд/
Шинэ толь №50, 2005
Түлхүүр үг: Монголын улс төр, Шилжилтийн эдийн засаг, Үндсэн хуулийн үзэл санаа, Ардчилсан үзэл санаа, Сонгуулийн систем, Зөвшилцлийн загвар, Олон нийтийн оролцоо
Монгол улс 1989-1990 оноос эхлэн нэг намын удирдлага бүхий улс төрийн системээр тодорхойлогдож байсан нийгмийн харилцааг үндсээр нь халахдаа хос шилжилтийн үзэл баримтлалд тулгуурлаж ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих бодлого баримтлаж эхэлсэн түүхтэй.
Хос шилжилтийн нэг чиглэл болох эдийн засгийн өөрчлөлтийн гол зорилго нь Монгол улсын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа ба үүнийг зах зээлийн зарчимд тулгуурлан шийдсээр байна. Тэгвэл улс төрийн өөрчлөлтийн зорилго нь Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангахад чиглэж ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурласан нийгмийн системийн хөгжлөөр хангагдахаар Үндсэн хуулинд тус тус тусгалаа олсон билээ.
Уг сэдвийн дагуу хос шилжилтийн үзэл баримтлалын хүрээнд монголын улс төрийн хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулахыг зорьсон болно. Энэ нь ч бас санамсаргүй зүйл биш юм. Хөгжлийн аль ч түвшинд байгаа улс ардчилалд шилжих боломжтой боловч ардчилсан хэвээр үлдэх нь тухайн улс илүү чинээлэг болохоос ихэд хамааралтай байна гэж дүгнэдэг[1]. Эдийн засгийн хөгжил, улс төрийн эрх чөлөөт байдал нь хоорондоо харилцан хамааралтай ба тухайн улсын улс төрийн эрх чөлөөт байдал нь эдийн засгийн хөгжлийн урьдчилсан нөхцөл болсоор байгааг ардчилсан улсуудын бодит практик дахь эмпирик судалгаа харуулсаар байна.[2]
Үндсэн хуулийн үзэл баримтлалд тусгалаа олсон уг хос шилжилтийн үзэл санаа Монгол улсын төрийн бодлогын хэмжээнд хэр цэгцтэй хэрэгжиж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах цаг болсон болов уу. Учир нь нэгэнт ардчилсан улсын түүхэнд илэрсэн улс төр болон эдийн засгийн нэг нэгнийгээ нөхцөлдүүлж чадсан төрийн бодлого нь хөгжлийг ахиулах том хөшүүрэг болж байсан нь ардчилалд шилжиж буй Монголын хувьд зайлшгүй анхаарах асуудлын нэг мөн билээ. Социалист систем, түүний дотор хуучин ЗХУ-аас бүрэн хараат байдалтай байсан Монголын эдийн засгийг сэргээх нь юуны түрүүнд шийдвэрлэх асуудлын нэг нь байсантай бүгд санал нийлнэ. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн хөгжилд төрөөс тавьж байгаа анхаарал улс төрийн хөгжлийн асуудлаас илүү байгаа гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн үзэл санааны дагуу улс төрийн хөгжлийн асуудлархи төрийн үзэл баримтлал нь ерөнхий философиос хэтрэхгүй байгаа ба бодлогын анализ мөн дорвитой хийгдэхгүй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд тусгалаа олсон монголын улс төрийн өөрчлөлт, хөгжилтэй холбоотой дараахь бүлэг асуудалд та бүгдийн анхаарлыг хандуульяа.
- Ардчилсан улс төрийн системийн загварын үйлчлэл
Ардчилал тогтсон улсуудыг системийн үйлчлэлийнх нь хувьд олонхийн ба зөвшилцлийн гэсэн ерөнхий загварт хувааж үздэг ба эдгээр нь өөрийн давуу ба сул талтай байдаг нь эмпирик судалгаагаар харагддаг.
Монгол дахь ардчиллын загварыг харьцуулан судлаж гаргахдаа эрх мэдлийн хуваарилалт, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, тэдгээрийн зохион байгуулалт, төрийн байгууламжийн хэлбэр, сонгуулийн систем, намын систем, намуудын ялгарлын хүчин зүйлс, парламент дахь хүчний харьцаа, тэдгээрийн эрх мэдлийн онцлог, төлөөллийн механизм зэрэг шинжүүдийг гол болгон дүгнэлтээ гаргасан болно.
Энэхүү загварын арга зүйд[3] тулгуурлан монголын улс төрийн системийн хөгжил, төлөвшилтэй холбоотой асуудлыг өөрийн онцлог бүхий үндсэн дөрвөн үе шатанд хуваан судлаж болох юм.
Үүнд[4]
- 1989-1990 оны заагаас БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн хууль батлагдсан 1990 оны 5 дугаар сар, Зевшилцлийн загвар бүрэлдэх үе шат.
- 1990 оны 5 дугаар сараас Монгол улсын Үндсэн хууль батлагдсан 1992 оны 1 дүгээр сар. Зөвшилцлийн загварын илрэлийн үе шат.
- 1992 оны 1 дүгээр сараас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж эхэлсэн 1999 оны 12 дугаар сар. олонхийн загвар бүрэлдэж эхэлсэн үе шат.
- 1999 оны 12 дугаар сараас эдүгээ хүртэл. Олонхийн загварын эрх зүйн баталгаажилтын үе шат.
Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орж олонхийн загварын бараг бүх шинжийг илтгэсэн байдлаар хэрэгжих эрх зүйн орчин бүрдсэн боловч 2004 оны сонгуулийн үр дүн улс төрийн бий болсон бодит байдлыг өөр өнцгөөс харахыг шаардав.
Монголын сонгогчдын өгсөн санал Үндсэн хуулийн дагуу парламентад нэг ч намд дангаараа засгийн эрхийг барих боломж олгосонгүй. Олонхийн загвараар өрнөсөн улс төрийн үйл явц зөвшилцлийн загварт л түгээмэл тохиолддог улс төрийн шийдлийг намуудаас нэхсэн болно.
Парламентын голлох намуудаас зөвшилцөхөд чиглэсэн бодлого явагдаж өнөөдөр хамтарсан Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Төрийн өндөр албан тушаалтныг зөвшилцөн томилж байсан практик Монгол улсын шинэхэн түүхэнд тохиолдож байсан зүйл ба 1990- 1992 онуудад хэлбэрийн хувьд үүнтэй ойролцоо бүтэц УБХ, засгийн газарт байсан билээ. Харин үр ашиг, үр дүнгийн талаар харьцуулан дүгнэх нь өнөөдөр арай эрт байна.
Улс төрийн эл нөхцөл байдал Монголын улс төрийн системийн загварын цаашдын хөгжлийг тодорхойлох дур зураг биш гэж бид үздэг боловч хоёр намын системийн
өрнөл, нэг мандат бүхий мажоритар сонгуулийн систем хадгалагдсаар байх аваас үүнтэй ижил байдлыг дахин бий болгох магадлалыг нөхцөлдүүлсээр байх болно гэдэгтэй санал нийлнэ. Энэхүү улс төрийн сонирхолтой өрнөл, нөхцөл байдал олонхийн ба зөвшилцлийн загварын давуу ба ялангуяа сул талын асуудлыг нягтлан харах нөхцөлийг бүрдүүлж байна. Харьцуулалт нь өнөөдрийн зөвшилцөлд тулгуурласан төр засгийн бүтцийн ашигт чанар, давуу талыг онцгойлох боломжийг нээх талтай.
Монгол улсад тод ажиглагдсан олонхийн загварын сул талууд[5]:
- Эрх мэдлийн хуваарилалт засгийн газарт давуу тал үүсгэж парламентын хяналтын чиг үүрэг сулардаг.
- Эрх баригч хүчин солигдоход ялангуяа эдийн засгийн бодлого огцом өөрчлөгддөг.
- Парламентад авсан суудлын тоо нийт сонгогчдын өгсөн саналын хувьтай зөрдөг.
- Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг бага байлгахад хүргэх хандлагатай байдаг.
- Хүчтэй цөөнхийн ашигт чанарыг минимум түвшинд байлгадаг.
Тийм ч учраас судлаачдын харьцуулж үзсэнээр засаглалын хэлбэр, загварын дотроос онолын хувьд пропорционал сонгуулийн системд тулгуурласан парламентын засаглал нь ардчиллын үзэл санааг илэрхийлэх хувилбар дотрос арай илүү нь юм гэж үзэх нь бий. Энэхүү хувилбар нь улс төрийн системийн зөвшилцлийн загварт тод ажиглагддаг байна.Онолын цаад нарийн учрыг задлалгүйгээр зөвшилцлийн загварын нөхцөлд илэрдэг давуу байдлыг Монголд өнөөдөр нэгэнт бий болсон нөхцөл байдалтай уялдуулах нь илүү үр ашигтай байх талтай. Ерөнхийд нь авч үзвэл зөвшилцлийн загварын нөхцөлд дээр дурьдсан олонхийн загварын сул талууд саармагждаг байна.
Тухайлбал[6]:
- Эвслийн засгийн газрын гаргасан бодлого нь илүү тогтвортой, залгамжлагдаад үргэлжлэх боломж ихтэй байдаг байна.
- Уг засгийн газрын мөрийн хөтөлбөр шүүмжлэлтэй, няхуур боловсрогддог.
- Эвслийн засгийн газрын үед шийдвэр гаргах үйл явц удаан байдаг боловч гарч буй шийдвэр нь илүү үр ашигтай байх магадлалтай.
- Хоёр голлох намууд дангаараа хийж чадахгүй байсан реформын алхмуудыг хийх боломж нэмэгдэнэ.
- Энэ нь ялангуяа эдийн засгийн асуудалтай шууд холбоотой. Бусад улсын практикийг харахад зөвшилцлийн загвар бүхий улсуудад инфляци бага, эдийн засгийн өсөлт, нэг хүнд оногдох ДНБ-ий хувь харьцангуй өндөр байгаа нь эмпирик байдлаар ажиглагддаг[7].
- Хариуцлагын түвшин өндөр байх магадлалтай. Учир нь дан нэг намын засгийн газартай харьцуулахад үйл ажиллагаа нь дотроо илүү шүүмжлэлтэй, хяналттай явагддаг байна.
- Парламентын зүгээс засгийн газрын алхам бүрийг анхааралтай ажиглаж, хууль тогтоох байгууллагын хувьд хяналтын чиг үүрэг нь аяндаа нэмэгдэнэ.
- Төрийн эрх мэдлийн хуваарилалт илүү зааглагдсан байдлаар тод илэрдэг нь ардчиллын хөгжилд эерэг нөлөөтэй байдаг байна.
Гэхдээ зайлшгүй анхаарах асуудал байгаа ба энэ нь зөвшилцлийн загварын сул талтай холбоотой юм.
- Эвслийн засгийн газрын үйл ажиллагаа нь намуудын хоорондын тохиролцоонд тулгуурладаг тул олон нийтээс хаалттай байх явдал цөөнгүй гардаг байна. Дан нэг намын засгийн газрын бодлого тодорхой байдаг бол эвслийнх зөвшилцөл дээр тулгуурладаг тул шийдвэр гарах үйл явц нуугдмал байх нь элбэг аж.
- Эвслийн засгийн газрын голлох шийдвэрүүд зөвшилцөж гардаг тул “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” зарчимд тулгуурлах магадлалтай.
- Эвслийн засгийн газрын нас дунджаар 2 дахин бага байдаг. Бодлого нь үргэлжлэх магадлал өндөр боловч түүнийг тээгч бүрдэл нь өөрчлөмтгий байна.
Дахин тэмдэглэхэд өнөөдрийн улс төрийн энэ байдал бол Монгол дахь засаглалын хөгжлийн дүр төрхийг тодорхойлохгүй боловч сонгуулийн дүнгээс хамаарч эвслийн засгийн газар бүрдэх магадлал байсаар байх болно. Тийм ч учраас, монголын улс төрийн системийг нөхцөлдүүлж буй загварын үйлчлэлийн асуудлыг нарийвчлан судлах, бодлогын анализын хэрэгцээ байсаар байгаа билээ.
- Сонгуулийн системийн үйлчлэл
Хэдийгээр өнгөрсөн хугацаанд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн Хурлыг сонгох бүх нийтийн сонгуулийг Монголд нийт 12 удаа явуулж сонгуулийн аль аль системийг туршиж үзсэн боловч төлөөллийн байгуулагыг сонгох, сонгогчдын саналыг илүү харгалзсан системийг тогтворжуулахад анхаарлаа хандуулах асуудал хэвээр байна.
Ардчилсан нийгмийн зохион байгуулалт, төр засгийн легитим байдлыг нөхцөлдүүлэгч гол механизм бол сонгуультай холбоотой. Ардчиллын загвараас хамаарч сонгуулийн систем өөр байх авч түүний зарчмууд хүний эрх дээр тулгуурлан нийтлэг байдаг билээ. Сэдвийн хүрээнд эдгээр нийтлэг асуудлыг хөндөлгүйгээр өнөөдөр монголын улс төрийн системийн үйлчлэлийг нөхцөлдүүлж буй сонгуулийн системийн асуудалд анхаарлаа хандуулсан болно.
Тухайн үндэстний тvvхэн объектив байдлаар бий болсон болон ниигэм-эдийн засгийн өөрчлөлтийн хүчин зүйлсээс хамааран улс орны нийгмийн бүтэц өөр өөр байдаг жамтай. Нийгмийн олонлог (хетероген) эсхүл нэгдмэл (хомог бүтэц нь олон нийтийн санаа бодлыг төлөөлөх механи буюу сонгуулийн системийн онцлогийг нөхцөлдүүлдэг нь асуудалд хандах суурь хандлага болдог. Монгол улсын үндэстэн ястан, хэл соёл, шашин, зан үйл, уламжлал зэрэг нь хомоген бүтэц бүхий нийгмийн шинжийг тод илэрхийлдэг. Тийм учраас төрийн байгууламж нь нэгдмэл улсын хэлбэр тулгуурлаж үндсэн хуулиндаа тусгалаа олсон. Нийгмийн бүтцийн энэхүү дүр төрх нь сонгуулийн мажоритар, системийг сонгох нөхцөл нь болдог ба үүнд өөрийн үндэслэгээ байдаг байна. Үндэстэн, хэл соёлын томоохон бүлгүүдээс бүрддэг нийгэмд тэдгээрийн төлөөллийг хангахад чиглэгдсэн пропорционал системийн объектив шаардлага манайд алга байна. Гэвч мажоритар систем нь өөрийн сул талтай байгааг бид анхаарах шаардлагатай юм. Энд юуны түрүүнд парламентыг бүрдүүлэх явцад сонгогчдын өгсөн саналын харьцааны хазайлт нэмэгдэх магадлал өндөртэй байдгийг дурьддаг. Тухайлбал, 1992 онд МАХН нийт сонгогчдын 56,9 хувийн санал авсан боловч УИХ-ын 70 суудалтай болж бусад нь 6 суудалтай байсан, 1996 онд Ардчилсан Холбоо эвсэл 47,2 хувьтайгаар нийт суудлын 50-ийг, МАХН 40,6 хувьтайгаар 25 суудлыг, 2000 онд MAXН 53,3 хувьтайгаар 72 суудал бусад нь нийлсэн дүнгээр 47 орчим хувьтай байсан боловч 4 суудал авч байсан жишээн дээрээс үүнийг тод харч болно[8].
Тийм ч учраас сонгуулийн системийн асуудлаар удаа дараа эрдэм шинжилгээний хурал хийгдсээр байгаа билээ. Парламентад төлөөлөл бүхий улс төрийн намууд сонгуулийн системд өөрчлөлт оруулах саналыг илэрхийлдэг. Сонгуулийн системд хувь тэнцүүлэх пропорционал системийн зарчмыг оруулах санал ч бий. Энэ тохиолдолд зөвшилцлийн загварын шинжүүд илрэх ба эвслийн засгийн газар бүрэлдэх магадлал нэмэгдэж, энэ загварын давуу талууд үр ашгаа өгөх боломжтойг үгүйсгэхгүй. Гол нь Монголын нийгмийн хомоген бvтцийн онцлогийг харгалзах нь уг асуудалд хандах хандлагыг тодорхойлно гэдгийг онцлох байна . Хомоген бүтэцтэй улсад пропорионал системийг хэрэглэхэд энэ нь иргэдэд бус улс төрийн намуудад давуу тал үүсгэдэг гэж бас үздэг. Тийм учраас холимог системийн хувилбар нь магадгүй нарийвчлан судлах асуудал байж болох юм.
Herөө талаас, сонгуулийн системийн асуудал нь бүхэлдээ улс төрийн системийн загвартай холбоотой тул Үндсэн хуулийн хэмжээний асуудал болно. Тухайлбал, пропорционал систем хэрэглэх тохиолдолд өнөөдрийнх шиг хүчний харьцаа парламентад тогтох магадлал өндөр байна. Энэ нь 1990 оноос хойш хоёр голлох улс төрийн хүчинд санал өгдөг сонгогчдын хувь харьцангуй ойролцоо ба тогтвортой байгаагаас ажиглаж болно. Үүний дүнд нэг нам дангаараа засгийн эрх барих магадлал харьцангуй бага байж, харин эвслийн засгийн газар бүрэлдэх магадлал нэмэгдэх талтай. Энэ тохиолдолд Үндсэн хуулинд эвслийн засгийн газар бүрэлдэх механизмыг илүү тодорхой оруулах шаардлагатай болно. Өнөөдөр энэ эрх зүйн зохицуулалтыг улс төрийн намуудын хоорондын зөвшилцөл орлож улс төрийн аргаар шийдвэрлэсээр байна.
Ямар ч байсан сонгуулийн систем нь илүү тодотгох шаардлагатай асуудлын нэг мөн гэдэгтэй бид санал нийлж байгаа ба гагцхүү сонгууль нь эрх баригчдыг тодруулах арга гэхээсээ илүү ардчилсан нийгэм дэх иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэх суурь механизм гэдгийг үзэл баримтлалын үндэс болгох нь чухал юм.
- Ардчилсан хөгжлийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл
Ардчилалд шилжилт хийсэн улсуудын практик байдлыг харьцуулж шинжилсний үндсэн дээр эрдэмтэд шилжилт, тогтворжилтийн үйл явцын нийтлэг зүй тогтлыг судласан байдаг[9]. Үүнийг товчлон илэрхийлбэл, ардчиллын үзэл санаа үүсэж олныг хамарснаар ардчилсан үйл явц эхэлж, уг үзэл санаанд тулгуурласан институци бүрэлдэн тогтох нь нэгэн зурвас vеийг илэрхийлдэг. Энэхүү үйл явцад улс төрийн болон эдийн засгийн бүтэц бүрэлдэн тогтодгийн зэрэгцээ ардчиллын цаашдын хөгжлийн тулгуур болох иргэний нийгэм хөгжиж эхэлдэг байна. Нийгэм дэх бүтцийн өөрчлөлтийн явцад олон нийтийн дунд ардчилсан үнэлэмж бvрэлдэх үйл явц өрнөдөг ба энэ нь эцсийн дүнд ардчиллын гол баталгаа болно хэмээн дүгнэлт гаргасан нь санамсаргүй биш ажээ. Дэлхийд илэрсэн ардчиллын давалгаа бүрт ардчиллын хүрсэн түвшнөөсөө ухарч эргээд , авторитар, тоталитар дэглэм тогтсон улсууд цөөнгүй байдаг ба эдгээр улс бүрт ардчиллыг илэрхийлэгч институциуд болох төлөөллийн засаглал, олон намын систем зэрэг нь байсан боловч хамгаалалт болж чадаагүй. Гагцхүү ардчиллын ололтыг эргэж буцалтгүй болгодог, түүний гол баталгаа буюу ардчиллын үнэлэмж олон нийтийг хамарч чадаагүйтэй үүнийг холбож үздэг байна.
Монгол улсын сүүлийн арван таван жилийн хугацаанд ардчиллын үзэл санаа хөгжлөө олж, түүнд тулгуурласан Үндсэн хуулийн дагуу ардчиллын институци бүгд бүрэлдсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Харин ардчилсан үнэлэмжийн хөгжил, төлөвшил дэх өөрчлөлт мэдэгдэхүйц болсон гэж үзэх эрт байна. Тухайлбал, 1989-1990 онд Монгол улс ардчилалд шилжсэнийг хүн амын дийлэнх нь зөв (80 орчим % ) гэж үзсэн хэвээр байна[10]. Харин ардчиллын үзэл санаа бодит байдалд хэрэгжиж буйн талаархи үнэлгээ үүнээс доогуур буюу 50-60 хувьтай байна[11]. Эндээс, хоёр хандлагыг таамаглалын хэмжээнд дэвшүүлж болно. Нэгд, ардчиллын үзэл санааны хэрэгжилт иргэдийн хүсэн хүлээж буй тэрхүү хэмжээнд хүрэхгүй байна. Энэ байдал удаан хадгалагдах аваас ардчилалд шилжсэнийг зүйтэй гэж үздэг ерөнхий хандлага бүхэлдээ буурах магадлалтай байх болно. Хоёрт, ардчиллын тэрхүү бодит биелэлийн цаана олон нийт тодорхой юуг хүсэн хүлээж байгаа талаархи ойлголт нь мөн бүдэг байна. Тухайлбал, либерал ардчиллын стандарттай харьцуулахад монголчуудын таван хүний дөрөв нь доогуур ба ерөөсөө энэ талаар ойлголтгүй байна. Энэ нь монголчуудын улс төрийн гэгээрэл нэлээд доогуур байгааг илэрхийлэх үзүүлэлт болж байна.
Тэгэхлээр, ардчиллын тухай олон нийтийн бодит ойлголт сул, дээр нь ардчиллын хэрэгжилтийн үнэлгээ өндөр биш байгаа энэ хоёр хандлага нэг нэгнийгээ нөхцөлдүүлэх нь Монгол дахь ардчиллын цаашдын хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх мадлалыг нэмэгдүүлсээр байх болно. Бүр тодорхой хэлбэл, олон нийт аливаа манипуляцид автамтгай байх түвшин өндөр ардчилалд харшилах аливаа бодлого, үйлдлийг сөрөх чадвар улам сулрах явдлыг энэ байдал нөхцөлдүүлэх болно.
Монголын улс төрийн хөгжилтэй холбоотой эдгээр асуудал нь бугд хоорондоо харилцан хамааралтай ба шийдвэрлэх үйл явц нь мөн бодлогын хэмжээнд нэгдмэл байх учиртай билээ.Ардчиллын үйл явц нь аяндаа, урсгалаар ахидаггүй хийгээд үүнд бодлогоор хандах нь чухал байх болно.
[1] Francis Fukuyama. The March of Equality. Journal of democracy, Volume 11,#1.
[2] Adrian Karatnycky. The Freedom House Survey of Freedom.
(www.freedomhouse.org)
[3] Arend Lijphart. Patterns of Democracy. Yale University Press, 1999
[4] Үүнд Үндсэн хуулийн хүрээнд гарсан өөрчлөлтийг хэмжүүр болгож үзсэн болно.
[5] Larry Diamond, Marc F. Plattner. The Global Resurgence of Democracy. JHU
[6] Ibid
[7] Arend Lijphart. Double-Checking the Evidence. In The Global Resurgence of Democracy. JHU Press, 1993
[8] Ардчилсан төрийн товчоон. Сонгуулийн Ерөнхий Хороо, УБ, 2002,
[9] Fukuyama Francis. The Primacy of Culture. Journal of Democracy. 1985, Volume 6, #1
[10] УТБА, Альтернатив тев, Сант Марал төвийн судалгааны дүн
[11] Мөн судалгааны дүн.