Ц.Мөнхцэцэг
/МУБИС-ийн багш/
Шинэ толь №57, 2006
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Улс төр дэх бэлгэ тэмдгийн тухай ойлголт
Хар өнгөтэй цэргийн дүрэмт хувцас бүхий ооч сахалтай, баруун гараа дээш өргөсөн Гитлер, цэрэг хүрэм байнга өмсдөг байсан Мао Зедун, энгэртэй одон медалиа зүүсэн мөн л цэргийн хувцастай Сталин, цэрэг хувцаснаас үл салах Фидель Кастро нар бол XX зууны дэлхийн дарангуйлагчид юм. Харин Кастро саяхан хүнд өвчний улмаас төрийн удирдлагаа дүүдээ шилжүүлснийхээ дараа анх удаа олны нүдэн дээр цэргийн дүрэмт хувцасгүй үзэгдэв.
Яагаад эдгээр авторитар удирдагчид байнга цэрэг хувцас өмсдөг байсан бэ? Олон нийтэд сүр үзүүлэх, тэднийг айлгах, айдсаар нь дамжуулж удирдахын тулд дарангуйлагчид ийм хувцасыг илүүд үздэг байжээ.
Хар өнгө айдас түгшүүр төрүүлнэ, мөн дэг журам, хатуу эмх цэгцийг илэрхийлнэ. Цэргийн дүрэмт хувцас нь бусдад сүр хүчийг үзүүлнэ, хэрэв эсэргүүцэл илэрхийлвэл үг дуугүй устгана гэдгийг далд утгаар илэрхийлдэг. Энэ бол бэлгэ тэмдэг юм.
Бэлгэ тэмдэг гэдэгт дээр дурьдсанаар өнгө, тэмдэг, дүрс (лого), туг далбаа, дохио зангаа, гадаад байдал, хувцас зэрэг зүйлс орно. Бэлгэ тэмдгүүд нь визуал буюу харагдах байдлаар хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж баярлах, хөөрөх, нэгдэн нягтрах, даган дуурайх, айж эмээх, үзэн ядах, дайсагнах мэдрэмжийг төрүүлж байдаг юм. Бэлгэ тэмдгийг бодит амьдралын субъектив тусгал, төсөөлөл гэж үзэж болно.
Өрнөдийн улсуудад бэлгэ тэмдгийн улс төрийн талаар ихээхэн судалгаа хийгдсэн байдаг бол манайд энэ үзэгдэл бодит амьдралд хэзээнээс байсаар ирсэн хэдий ч судалгааны түвшинд хөндөгдөж байгаагүй шинэ сэдэв тул энэхүү өгүүлэлд бэлгэ тэмдгийн улс төрийг онолын түвшинд авч үзэж судалгааны эргэлтэнд оруулах зорилго тавилаа.
Улс төрийн шинжлэх ухаан болон улс төрийн коммуникацид “бэлгэ тэмдэг” гэсэн нэр томьёо ритуал зан үйл, гадаад үзэмж гэх мэт ойлголтуудтай цаг ямагт хамт хэрэглэгддэг юм. Өдөр тутмын ярианы хэл, ялангуяа монгол хэлэнд бэлгэ тэмдэг гэдгийг ихээхэн эерэг утгаар “бэлгэшээсэн” гэх мэтээр хэрэглэдэг билээ. Харин улс төрийн коммуникацид бэлгэ тэмдэг гэдгийг улс төрийн бодлого дахь хуурамч үйл ажиллагаа, улс төрчдийн заль мэх гэх мэтээр ямагт сөрөг утгаар хэрэглэдэг юм.
Ер нь бэлгэ тэмдэг гэдгийг улс төрийн шинжлэх ухаанаас гадна нийгмийн бусад шинжлэх ухаанууд мөн судалдаг. Нийгмийн антропологи, этнологи, сэтгэл зүй, соёл судлалын ухаанд нийгмийн харилцааны нэгэн элемент бол тодорхой утга дамжуулагч бэлгэ тэмдгүүд байдаг гэж хүлээн зөвшөөрдөг билээ. М.Вебер бэлгэ тэмдгүүд нь субъектив байдлаар тухайн нийгэм дэх нийтлэгүүдийн соёл, уламжлал, үнэлэмж, үнэт зүйлсийг илэрхийлдэг гэж үзсэн байдаг. (WеЬег 1980:1)
Бэлгэ тэмдгийн улс төр гэж юу вэ?
Бэлгэ тэмдгийн улс төрийг судлах нь улс төрийн коммуникацийн үндсэн асуудал юм. Бэлгэ тэмдгийн улс төрийн талаарх судалгааны гол төлөөлөгчид бол Германы эрдэмтэн М.Эделман, У.Заршинелли, Т.Майер нар юм.
Улс төр судлаач У.Заршинелли “Харилцаа, гэрэл зүй, хэл болон дохио зангааны илэрхийлэл бүхий тодорхой тэмдгүүдийг улс төрийн бодлого, улс төрийн коммуникаци, стратегид хэрэглэхийг бэлгэ тэмдгийн улс төр гэнэ,, хэмээн тодорхойлсон байдаг. (Sarcinelli 1987/9) Мөн үүнтэй төстэй тодорхойлолтыг судлаач А.Дөрнер өгсөн байдаг. Тэрбээр “Нийгмийн үнэлэмжийн сууръ хэрэгцээг хангахын тулд тэмдгүүдийг хэрэглэхийг бэлгэ тэмдгийн улс төр гэж ойлгож болно. Эдгээр тэмдгүүд улс төрийн эрх мэдэл бий болгож “Бэлгэ тэмдгийн капиталыг” үүсгэдэг гэсэн байна. (Doener 1996/ 22-27) Цагийг нь олж хэрэглэсэн бэлгэ тэмдэг бол улс төрчдийн амжилтын гол нөхцөл юм. “Бэлгэ тэмдгийн эрх мэдэл” гэсэн нэр томьёог судлаач П.Бгордо огсөн байдаг. (sarcinelli 2005:134) М.Эделман бэлгэ тэмдгийн улс төрд зан үйл, улс төрийн бодит амьдралын талаарх олны дундах хуурамч төсөөлөл болох домог зэргийг оруулсан байдаг. Зан үйл нь баяр ёслол гэх мэт оролцооны, телевизийн нэвтрүүлэг гэх мэт үзвэрийн гэсэн хоёр хэлбэртэй байдаг гэж Эделман үзсэн.( doener 1996: 56)
Судлаачдын эдгээр тодорхойлолтуудад үндэслэн бэлгэ тэмдгийн улс төр гэдгийг “Улс төрийн хүчнүүдийн зүгээс эрх мэдэл олж авах, эрх мэдлээ тогтоон барихын тулд бэлгэ тэмдэг, зан үйлийг хэрэглэх явдал” гэж үзэж болно.
Бэлгэ тэмдгийн улс төрийн үүрэг
Бэлгэ тэмдгийн улс төр нь дохио өгдөг. (Sarcinelli 2005:132) Өөрөөр хэлбэл, хүмүүсийн анхаарлыг улс төрийн тухайн үйл явц, бодлогод татах үүргийг гүйцэтгэнэ. Хүмүүс анхаарал татсан бүх л гял цал зүйлс, үүний дотор дуу, хөгжим, өнгө, хувцас зэрэгт татагддаг тул аливаа шинэ бодлого, үйл явц (хувьсгал, шинэчлэлтийн хөдөлгөөн) гэх мэтэд туг далбаа, өнгө, дохио зангаа нь хүмүүсийг татах, дайчлахад гол үүрэг гүйцэтгэдэг байна. Эдгээр нь хүмүүсийг хөөргөж, сэтгэлийг хөдөлгөдөг.
Бэлгэ тэмдгийн улс төр нь мэдээллийн их урсгал дундах бодит улс төрийн төвөгтэй байдлыг хялбарчлах үүрэг гүйцэтгэдэг. (Sarcinelli 2005:129) Олон нийт улс төрийн бодлого, хөтөлбөрийн цаад учир шалтгаан, элдэв нэр томьёог тэр болгон ойлгож өөрийн болгож чаддаггүй, харин үүнийг орлуулсан зураг, бэлгэдэл зэргийг амархан хүлээн авч эзэмшдэг юм. (Elder/Cobb 1983:143)
Бэлгэ тэмдгийн улс төр нь итгэл үнэмшил төрүүлэх, үнэт зүйл, үнэлэмжийг дамжуулах үүрэгтэй. Хүмүүс үзэл суртал, улс төрийн бодлого, үнэт зүйлсийг өнгө, туг, далбаа, зураг, хөшөө баримал гэх мэт нүдэнд үзэгдэх зүйлсээр дамжуулж байж сая илүү бодитой хүлээн авч итгэж үнэмшдэг юм. Энэ тухай бүр 1928 онд Оросын соёл судлаач В.Н.Волошинов “Аливаа соёл, үзэл суртлыг тодорхой биет дүрс, аялгуу, өнгө, биеийн хөдөлгөөн гэх мэт материаллаг зүйлсээр илэрхийлэн хүмүүст хүргэх хэрэгтэй. Ингэж байж тэрхүү хийсвэр тунхаглал нь хүмүүс хоорондын харилцаанд бодитойгоор бууж ирдэг” гэж тэмдэглэжээ. (Doener 1996: 69)
Бэлгэ тэмдгийн улс төр нь легитим олж авах хэрэгсэл болдог. Норматив хандлагаар бол улс төрийн намууд нийгэм дэх төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадвараараа буюу бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадвараараа өрсөлдөх, олны дунд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Харин энэхүү легитим олж авах үйл явцыг олны итгэл үнэмшил, хүлээлт зэрэгт нийцсэн бэлгэ тэмдэг, зан үйл зэрэг нь илүү хялбар болгодог юм. Баяр ёслол, хөл бөмбөгийн тэмцээн зэрэг олныг хамарсан арга хэмжээ нь улс төрчдийн хувьд олонд танил болох, имиж бүрдүүлэх чухал арга болдог. Германы сэтгэл судлаач П.Крузе “Улс төрийн намууд өөр хоорондоо мөрийн хөтөлбөрөөрөө төдийлөн ялгагдахаа болъсон. Тийм учраас тэд бэлгэдэл, өнгө гэх мэтээрээ л бусдаас ялгагдаж хүмүүсийг татахыг оролдож байна” гэж үзсэн байдаг. (Mirjam Stegherr. 2006:15)
Дээр дурьдсан үүргүүдийг нэгтгэж үзвэл бэлгэ тэмдгийн улс төр нь “улс төрийн бодлогыг орлуулагч хэрэгсэл” юм. (Sarnicelli 1989:300) Мөн Х.Лассуэль “Улс төрийн намууд зүй ёсыг баримтлахыг урьтал болгодоггүй, харин үүнийг баримталж байгаа мэт харагдахын тулд ямар нэг юмаар орлуулахыг оролддог” гэж онцлон тэмдэглэсэн байдаг . (Laswell 1948) Улс төрийн хүчнүүд олон нийтийг өөртөө татах, итгүүлэх, дэмжлэг олж авахад хэрэгжих боломжтой, алсын хараатай сайн боловсруулагдсан бодлого, мөрийн хөтөлбөрөөс илүү сэтгэл хөдлөлд тулгуурласан янз бүрийн бэлгэ тэмдгүүд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Өрнөдийн судлаачид сүүлийн үед бэлгэ тэмдгийн улс төрийн нөлөө ихээхэн өсч байна гэж үзэх болсон. Үүнийг Заршинелли нарын судлаачид дараах учир шалтгаанаар тайлбарладаг. (Sarnicelli 1989: 297) Үүнд:
- Нийгмийн социал бүтцийн өөрчлөлт. Сонгогчдын зан үйлийн сүүлийн хэдэн арван жилийн цуврал судалгааны дүнгүүд нийгмийн анги, давхаргын уламжлалт ялгарал багассан, улс төрийн намууд болон үйлдвэрчний эвлэлийн хүчтэй гишүүнчлэл суларсныг харуулах болов. Тийм учраас сонгогчдын санал өгөлтөд намын гишүүнчлэл, анги давхаргын ялгаа гэх мэт урт хугацааны хүчин зүйлийн нөлөө багасч тодорхой асуудал, нэр дэвшигчийн имиж, улс төрийн кампани зэрэг богино хугацааны хүчин зүйлийн нөлөө зонхилох болсон нь чухамхүү бэлгэ тэмдгийг улс төрд хэрэглэх явдлыг ихэсгэхэд хүргэж байгаа аж.
- Улс төрийн үйл ажиллагаа, сонгуулийн кампани мэргэжлийн болж хувирсан явдал. Засгийн газрын болон улс төрийн намуудын олон нийттэй харилцах, легитим олж авахад чиглэсэн үйл ажиллагаа ихээхэн өндөр гүвшинд боловсруулагдсан стратеги бүхий РR, сэтгэл зүй, улс төрийн маркетинг, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор явагдах болсон байна. Тийм учраас мэргэжилтнүүд, улс төрийн зөвлөхүүд хэрхэн имиж бүрдүүлэх, олон нийтэд хандан асуудал дэвшүүлэн тавих буюу agenda -Setting хийх зэрэгт бэлгэ тэмдгүүдийг хэрхэн ашиглах тухайд академик судалгаанд тулгуурласан зөвлөгөө өгөх болжээ.
- Улс төр дэх олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нөлөө өссөн явдал. Өнөөгийн хөгжингүй орнуудад улс төрчид уулзалт, цуглаан зохион байгуулах гэх мэтээр сонгогч нэг бүрт нүүр тулсан аргаар хүрэх боломжгүй тул хүмүүст өөрийгөө таниулах гол арга нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болж байна. Бүр 70, 80-аад онд Ронербергер, Радински нарын судлаачид “мэдээллээр дамжуулж легитим олж авах” үзэгдэл бий болсныг дурьдаж байсан. (Ronnerberger 1977, Radinski 1980) Улс төрчид телевиз, радио, сонин, сэтгүүл гэх мэт мэдээллийн бүхий л хэрэгслээр олны санаа бодолд нөлөөлөх буюу Agenda -Setting хийх болов. Хэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг сайн эзэмшиж чадаж байна, тэрбээр улс төрийн эрх мэдлийг тогтоон барина гэсэн зарчим үйлчлэх болсон. Хэвлэл мэдээллээр дамжуулан имиж бүрдүүлэх үйл явц нь цэвэр субъектив, бэлгэ тэмдэгт үндэслэсэн байдаг юм.
Бэлгэ тэмдгийн улс төрийг судалж илрүүлэх гол талбар бол сонгуулийн кампани, улс төрчдийн имиж, нийгэм, улс төрийн хөдөлгөөнүүд болон олон нийтийн дунд хэвшиж тогтсон түүхэн домгууд юм. (Jarren /Sarcinelli/Saxer 1998: 729) Эдгээрээс улс төрийн гол тоглогчид болох намууд ба улс төрчдийн зүгээс олон нийттэй холбоо харилцаа тогтоох гол үйл явц болох сонгуулийн кампанийн үед бэлгэ тэмдгийн улс төр хамгийн хүчтэй явагддаг байна. Сонгуулийн кампани хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигласан бэлгэ тэмдгийн улс төр юм. Хэвлэл мэдээлэл дэх бэлгэ тэмдгийн улс төрийн жишээ маш олон бий. Америкт хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевизийг хамгийн анх амжилттай ашиглаж ерөнхийлөгч болсон хүн бол Ж.Кеннеди гэж судлаачид үздэг. Тэрбээр сонгуулийн кампанийн турш өрсөлдөгч Р.Никсоноос санал дутуу явсан юм. Тэгээд кампанит ажлын эцэст буюу сонгуулиас долоо хоногийн өмнө телевизийн халз мэтгэлцээнд ороход Кеннедигийн дэлгэцэн дээр биеэ авч яваа байдал, инээмсэглэл. хувцаслалт, үг хэлэх чадвар зэргээрээ Бүгд найрамдах намын хөгшин нэр дэвшигчээс илт давуу байсан нь үзэгчдэд нөлөөлж сонгуулийн дүнг эргүүлж чадсан гэдэг. Ж.Кеннеди Америкийн хамгийн залуу ерөнхийлөгч гэдгээрээ түүхэнд үлдсэн юм. Германд хэвлэл мэдээлэл, телевизийг хамгийн сайн хэрэглэсэн улс төрч бол “Мэдээллийн Канцлер” гэж нэрлэгдсэн Г.Шрөдер юм. Тэрбээр телевизийн дэлгэцэн дээр фон сайтай гардаг, чадварлаг илтгэгч байсан учраас имижээ сайн бүрдүүлж чадсан байна. Их Британид Ерөнхий сайд Т.Блер мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамгийн сайн ашигладаг улс төрч гэж тооцогддог.
Энэ бүхнээс үзэхэд бэлгэ тэмдгийн улс төр нь бодит улс төрийн талаарх хуурамч дүр зураг, олон нийтийг татах гэсэн оролдлого болох нь харагдаж байна. Хэдий тийм боловч ямар ч улс төрийн дэглэмийн үед хэрэглэгддэг бөгөөд улс төрийн коммуникацийн салшгүй нэг хэсэг юм гэдэгтэй судлаачид санал нэг байдаг. (Sarnicelli 2005:137) Бэлгэ тэмдгийн улс төрийг хэрэглэх нь популизм болон харизматик улс төрийн гол стратеги байдаг. Дарангуйлагч дэглэмүүд бэлгэ тэмдгийг ашиглах талаараа төгс мэргэшсэн байдаг. Ленин, Сталин, Ким Ир Сен нарын хөшөө баримлууд нь жирийн иргэдэд хүндэтгэл, басхүү айдас төрүүлэх үүднээс ихээхэн том, сүртэй байдлаар хийгдсэн байхаас гадна албан газар, үйлдвэр, сургууль гэх мэт хаа сайгүй тавьж байсан нь нэг талаас нийгмийн гишүүн бүрт төр буюу удирдагчийг мэдрүүлэх, нөгөө талаас удирдагч газар бүрт хүн бүрийг хянаж байна гэсэн мэдрэмжийг төрүүлэх зорилготой байсан. Мөн удирдагчид, нам засгийг магтан дуулсан, олныг хамарсан баярын жагсаал нь олон нийтийг төрийн үйл хэргийн төлөө нэгтгэн зангидах, дэглэмийн сүр хүчийг илэрхийлэн харуулах нэг хэрэгсэл болдог юм. Хувьсгалын туг, далбаа, уриа лоозон, удирдагчдын том зураг, баримал зэрэг нь дарангуйлагч дэглэмийн амин сүнс байдаг.
Монгол дахь бэлгэ тэмдгийн улс төр
Бэлгэ тэмдгийн улс төр нь тухайн нийгэм дэх соёлын хүчин зүйлтэй шууд хамааралтай байдаг. Монгол дахь бэлгэ тэмдгийн улс төрийг авч үзэхдээ мөн уламжлалт соёл, шашин, менгалитет зэрэг хүчин зүйлсийг хамтад нь авч үзвэл зохистой юм.
Монголын улс төрийн амьдралд бэлгэ тэмдгийн улс төрийн нөлөө өндөр байна. Үүний нэг жишээ нь үндсэн хуулинд зааснаар улс төрийн бодит эрх мэдэл багатай хэдий ч төрийн тэргүүн гэсэн бэлгэдлийн шинжтэй эрх мэдэл бүхий ерөнхийлөгчөөс ард түмэн ихийг хүсэн хүлээдэг, нөлөө ихтэй гэж үздэг явдал юм. Тиймдээ ч улс төрчдийн рейтингийн санал асуулгаар ерөнхийлөгчийн нэр ямагт дээгүүр буюу Топ 10 улс төрчийн 1 юмуу 2-т жагсдаг нь судалгааны төвүүдийн сүүлийн хэдэн жилийн судалгаанаас харж болно. Ерөнхийлөгч улс оронд бодитой бодлого хэрэгжүүлээгүй хэрнээ олонд ийнхүү үнэлэгдсээр байгаагийн нууц нь бэлгэ тэмдэг юм.
Монголын улс төрийн намууд улс төрийн коммуникацидаа мэргэжилтнүүдийн боловсруулсан РR-ын нарийн технологи, стратегийг ашигладаг Өрнөдийн улс төрчид шиг бэлгэ тэмдгийн ач холбогдол, учир шалтгааныг сайн мэдэхгүй хэдий ч монголчуудын сэтгэл зүй дэх субьектив үнэлэмж, мэдрэмжүүдийг өөрт ашигтайгаар хэрэглэсээр ирсэн. Энд 2004 оны УИХ-ын сонгуульд Эх орон-Ардчилал эвслийн гол амлалт болох Итгэлийн мөнгийг жишээ татмаар байна. Аливаа үзэл суртал, бодлого нь хүнд үзэгдэх, гарт баригдаж байж сая хүмүүст итгэл үнэмшил төрүүлдгийг өмнө дурьдсан. Тэгвэл эвсэл энэхүү тактикийн дагуу намуудьш дарга нар гарын үсгээ зурсан 10000 төгрөгний батламжийг айлуудаар тарааж нэлээдгүй хүмүүсийн итгэлийг олж авч чадсан юм. Энэ бол бэлгэ тэмдгийн улс төрийн тактик Монголд хэрэглэгдэж буйн нэг илрэл юм. Монголчууд эртнээс төрөө дээдэлж ирсэн, “төрийн сүлд минь өршөө” гэж залбирдаг ард түмэн билээ. Төрөөс ихийг хүсэн хүлээдэг, төрийн “хайр хишгийг” горьддог ард түмэн. Улсын бага хурал 1992 онд Үндсэн хууль боловсруулахдаа бүтэн жилийн турш хэлэлцэж, ард нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж ихээхэн хүч чармайлт гаргасан билээ. Гэхдээ тэр үеийн хэвлэл мэдээлэлд гарсан баримтуудаас үзэхэд хамгийн их цаг зарсан, олон удаа хэлэлцсэн, олон иргэд саналаа ирүүлсэн зүйл нь ердөө төрийн сүлд ямар байх вэ, шувуу байх уу, морь байх уу, төрийн хүндэтгэлийн туг ямар байх вэ гэх мэт асуудал байсан байна. Өөрөөр хэлбэл, хүний эрх, парламент, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн бүтэц, үүрэг гэх мэт ардчилсаи тогтолцооны гол үндэс болсон асуудлуудаас илүүтэй бэлгэ тэмдэгт анхаарч байсан ажээ. Энэ нь манайд бэлгэ тэмдэг хүмүүсийн ухамсар, үнэлэмжинд ямар хүчтэй байгааг харуулах нэг баримт юм.
Монгол дахь бэлгэ тэмдгийн улс төрд янз бүрийн бэлгэ тэмдгүүдээс гадна зан үйл, домгийг мөн хамруулан үзэж болох юм. Судлаач А.Дөрнер бэлгэ тэмдгийн улс төр нь соёлтой шууд хамааралтай байдаг гэж үзээд зан үйл, бэлгэ гэмдэг, домгоор дамжин илэрч буй соёлыг “Референц буюу үнэлэмжийн соёл” гэж нэрлэсэн байдаг. Улс төрийн элитүүд өөрсдийн үзэл суртал, бэлгэ тэмдэг, домгийг олон нийтэд хүргэх зорилгоор баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд зэргийг ашигладаг. Үүнийг референц соёлоор дамжуулан легитим олж авах явдал гэж үзэж болно гэжээ. (Doener 1996:56) Тэгвэл Монголд энэхүү үйл явц ажиглагдаж байна. Төрийн зүтгэлтнүүд янз бүрийн баяр наадам, аймаг, орон нутгийн ой гэх мэт тэмдэглэлт үйл явдлууд болон уул ус, овоо тахих шашны зан үйлд оролцох нь сүүлийн жилүүдэд илт олширлоо. Улс төрчдийн энэхүү үйл ажиллагаа бол зан үйлийг хэрэглэж өөрийн нэр хүндээ өсгөх, хүмүүст таалагдахыг оролдож буй явдал юм. Тухайн баяр наадмын хүндэт суудалд заларч байгаа улс төрч нь хүмүүст төрөө хүндэтгэн дээдлэх сэтгэгдлийг төрүүлдэг байна.
Бэлгэ тэмдгүүд болон ритуал нь хүмүүсийг тайвшруулах, бодит байдлыг мартагнуулахад хүргэдэг тул эрх баригчид баяр наадам, шашны зан үйл, шагнал урамшил гэх мэтээр дамжуулан олны дунд унасан нэр төрөө сэргээх, легитим олж авахад ашиглаж байна. Монголын улс төрд энэ мэт “хүмүүсийг тайвшруулах”, “төрийн хайр халамжийг үзүүлэх” бодлого газар авсан. Үүний нэг жишээ бол Ардын хувьсгалын баяр нааадам гэх мэт тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан гэмт хэрэг үйлдээд зохих ялаа эдэлж буй хоригдлуудад бөөнөөр нь өршөөл үзүүлж хугацаанаас нь өмнө сулладаг явдал юм. Монголоос өөр ардчилсан ямар ч улсад төрийн хууль тогтоох байгууллага ингэж “хайр энэрэл” үзүүлдэг практик байхгүй билээ.
Баяр наадам, цагаан сараар манай улс төрчид монгол үндэсний дээл, хэт хутга, малгайгаар гангарч уламжлал соёлоо хадгалж буйгаа харуулахыг оролдож байна. Хэвлэлүүд ч бие биенээсээ өрсөн хэн ямар дээл, хувцсаар гангарав, хаана хэнтэй ямар хөөргөөр тамхилж байна гэх мэт шалдар булдар зүйлсэд нь олны анхаарлыг хандуулах боллоо. Үндэсний хувцсаа өмсөх нь шилжилтийн явцад нийгэмд сэргэсэн үндэсний үзэл, зарим тохиолдолд үндсэрхэх гэмээр үнэлэмж хандлагыг ашиглан хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэсэн эрмэлзэл юм.
Төрийн алба шашны дэг жаягтай ихээхэн холбогдох боллоо. УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд овоо тахих гэх мэт шашны янз бүрийн зан үйлд олонтаа оролцох болж, төрийн ёслол, шинэ байгууллагын нээлт гэх мэт дээр Гандан хийдийн лам нар байнга үзэгдэж маань мэгзэм унших боллоо. Хэдийгээр Монгол улс үндсэн хуулиараа шашин, төрийг заагласан ч сүүлийн үед улс төрийн зорилгоор шашны зан үйлийг ашиглах явдал олширлоо. Сонгуулийн сурталчилгаандаа болон тойргийн сонгогчидтой хийх уулзалт дээрээ лам нар авчирч ном уншуулах нь түгээмэл байна. Шашин шүтлэг бол хүмүүсийн итгэл үнэмшлийн хамгийн хүчтэй хэлбэр, зан үйлийг чиглүүлэгч гол хүчин зүйлийн нэг билээ. Улс төрчид зан үйлийн иймэрхүү хэлбэрүүдийг олны таашаалыг хүлээх, сонгогчидтой ойр дотно харилцаа тоггоох зорилгоор хэрэглэж байна. Бурхан багшийн сургаалыг монгол хэлнээ хөрвүүлсэн нь 2005 оны срөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын бусад нэр дэвшигчдээс ялгагдах давуу тал болж сурталчилгаа бүхэнд л энэ тухай давтаж байсан билээ. Хүн амын нэлээд нь буддын шашныг шүтдэг, мөн зарим нь шүтдэггүй ч энэхүү шашинд бусад шашнаас илүү тааламжтай хандцаг учраас сонгогчдын нэлээд хэсэгт энэхүү мессеж сайн хүрсэн нь ойлгомжтой. Бусад нэр дэвшигчид мөн шашны итгэл үнэмшлийг сонгуулийн кампанидаа хэрэглэж байсан. Тухайлбал, Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан “иргэдийнхээ сүсэглэх, бишрэх эрх, эрч чөлөөг хүндэтгэн, уламжлалт бурхны шашны хутагт хувилгаадыг Монголоос төрүүлдэг байсан тасалдсан уламжлалыг сэргээх бодлогыг дэмжинэ” гэж мөрийн хөтөлбөртөө амласан нь гайхалтай. Хзрэв М.Энхсайхан ерөнхийлөгч болсон бол түүний дэмжлэгтэйгээр баахан хутагт, хувилгаад төрөх байжээ. Энэ амлалт бол олныг татах гэсэн иррационал үйлдэл бөгөөд эрх зүйн ямар ч үндэсгүй юм. Учир нь нэгд, Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн болохоос, шашны тэргүүн биш, хоёрт, Монголын Үндсэн хуулиар төрийн байгууллага шашны үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг билээ.
Ийнхүү итгэл үнэмшил, сүсэг бишрэлээр нь далимдуулан олныг залан жолоодох, баяр ёслол, шагнал урамшил, урлаг, уран сайхнаар хүмүүсийг татах оролдлогууд нь өнөөгийн Монгол дахь эрх баригчдын эрх мэдлээ тогтоон барих арга хэрэгсэл буюу бэлгэ тэмдгийн улс төр болж байна. Монгол дахь бэлгэ тэмдгийн улс төрийн асуудлыг судлах нь дарангуйлагч дэглэмээс ардчилалд шилжих үйл явцын чиг хандлагыг илрүүлэн тогтооход ихээхэн чухал зүйл болно. Ялангуяа, улс төрийн уламжлалт соёл ба бэлгэ тэмдгийн улс төрийн хамаарлын талаар цаашид онолын болон эмпирик судалгаа хийх шаардлагатай байна.
Ном зүй
- Elder Charles DCNew York/London. 1983 der Charles D, Cobb Roger W. The Political Use of Symbols. New
- Darren G Lilleker Key Concepts in Political Communication. London 2006 Doerner Andreas. Politischer Mythos und symbolische Politik. Der Hermannmythos: Zur Entstehung des Nationalbewussteinsder Deutschen. Hamburg 1996.
- Laswell Harold, D. Power and Personality, New York 1948 Mirjam Stegherr. Politik in Bildern. Politik und Kommunkation. Oktober 2006.
- Pross Harry. Politische Symbolik. Theorie und Praxis fer Oeffentlichen Kommunikation. Stuttgart. 1974
- Ulrich Sarcinelli .Symbolische Politik und Politische Kultur. Das Kommunikationsritual als politische Wirklichkeit. Politische Vierteljahresschrift. 30/1989, Heft 2
- Ulrich Sarcinelli. Symbolische Politik. Zur Bedeutung symbolischer Politik in der Wahlkampfkommunikation der Bundesrepublik Deutschland. Westdeutscher Verlag: Opladen 1987.
- Ulrich Sarcinelli. Politische Kommunkation in Deutschland. Zur Politikvermittlung im demokratischen System. VS Verelag fuer Sozialwissenschaften. 2005.
- Weber Max. Wirtschaft und Gesellschaft. Grundriss der verstehenden Soziologie. Thuebingen (5. Auflage)