М.Болормаа
/Эмэгтэй Удирдагч сангийн тэргүүн/
Шинэ толь №58, 2007
Төрийн албан хаагч гэж хэн болох, тэд ард иргэдэд хэрхэн үйлчилгээ үзүүлж чадаж байгаа эсэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хүрээнд ажиллаж байгаа эсэх асуудлыг хөндөж байна.
“Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж Төрийн албаны тухай хуулинд заажээ. Төрийн жинхэнэ албан хаагч нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэнэ гэж тус тус хуулинд заасан байдаг.
Монгол оронд төрийн албан хаагчийн өнөөгийн дүр зураг ямар байна вэ? Таны амьдрал, ажилд сэтгэл зовоосон асуудлууд байна уу, эсхүл та үнэхээр сэтгэл хангалуун ажиллаж, амьдарч чадаж байна уу? гэсэн асуулт үргэлж хариултаа шаардсаар байдаг. Тэгвэл та амьдралынхаа дүр зургийг төсөөлөөд нэг үзээрэй.
Тиймээ, болж байгаа зүйлийн зэрэгцээ болохгүй байгаа, бидний сэтгэлийг зовоосон олон асуудал ар араасаа цуварсаар байгааг дахин хэлье.
Нийгэм бухимдалтай, бид стрестэй, хүн хүндээ итгэх итгэлгүй болж, өнөөдрийн монголчуудын амьдралд хардалт сэрдэлт, атаархал, өшөө хонзон, авилгал хээл хахууль хэрээс хэтэрч газар авсаар байна.
Бидний амьдралд тохиолдож буй энгийн жишээг дурдья. Эмнэлэгт хэвтсэн ээжийнхээ эмчилгээний тариаг цагт нь хийлгэж, гайгүйхэн асруулахын тулд тухайн эмнэлэгийн асрагч, сувилагчдад ирсэн эргэлтийн хоолноос илүүчлэхийн зэрэгцээ наад зах нь ядаж нэг шоколадны набор өргөн барих хэрэгтэй. Тэгвэл чи сая хүссэнээ энэ хүнээр хийлгэж болно. Цаашлаад хэлбэл гарын алга дээш нь харуулж, гар хүндрүүлэх нь улам бүр нэмэгдэнэ.
Тэгвэл энэ хүн өнөөдөр хуулинд зааснаар бол үйлчилгээг иргэд үзүүлснийхээ төлөө цалин хөлсөө аваад сууж буй төрийн үйлчилгээний албан хаагч ажилтан. Харин хийх ёстой зүйлээ цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэвэл бид нөгөө сайхан, энэрэнгүй сэтгэлээрээ талархлаа илэрхийлэх ёстой. Энэ байдал нь энэ хүний буруу юу нийгмийн тогтолцоондоо байна уу, би хувьдаа хэн нэгэн ажилтан хүний буруу гэхээс илүү харин нөгөө алтангадас од шиг чиглүүлэх үүрэгтэй төрийн тогтолцоонд байна даа гэж бодож байна. Мөн аливаа төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хөндөн ярихад тухайн хувь хүний ёс суртахууны асуудлыг хамтад авч үзэх шаардлагатай болдог.
Иргэндээ үйлчлэх төр, төрийн институци байдаг бол манайд төрийг шүтэх, төрд үйлчлэх мэт иргэдтэй байж дээр дурьдсан хууль, журмын заалт нь амьдрал дээр эсрэгээр үйлчилж хэрэгждэг.
Өнөөдөр чи эрх мэдэлгүй бол, чи мөнгөгүй, ажилгүй бол хүн биш шүү дээ гэсэн зарчим үйлчилж байна.
Иргэн хүнийхээ хувьд амьдрал ахуйгаа дээшлүүлж аж ахуй эрхлэн үйл ажиллагаа явуулж эхлэх болохоор нөгөө олон лиценз зөвшөөрлийг нь авах хэрэгтэй. Арга ч үгүй биз дээ. Хууль үйлчилж байгаа болохоор…
Гэтэл хууль, дүрмээр нь ажлаа хөөцөлдөж эхлэвэл наад хугацаа нь сар цаашлаад хэр хугацаа шаардагдах нь тодорхой бус. Ингээд л танил талын эрэлд мордож гарын алга дээш харуулах хэрэг гарч ирнэ. Миний нэг танил энэ сэдвээр нийтлэл бичих болсныг минь сонсоод төрийн албан хаагчид өнөөдөр хариуцлагагүй ажиллаж байна, жишээ нь мэргэжлийн хяналтын албаны байцаагч л гэхэд өдөрт 3 удаа үнэтэй ресторанд дайлуулж байгаа талаар ярьсан юм. Үүнийг сонсоод амьдрал ч хэцүү байна даа гэсэн бодол төрсөн.
Энэ бол амьдралд тохиолдож буй хамгийн энгийн жишээ баримт. Хэрвээ Японд төрийн албан хаагч нь өөрийн албан ажил, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, ёс зүйн алдаа гарсан тохиолдолд тэр хүн хэзээ ч дахин төрийн албанд ажиллах эрхгүй болдог байна.
Өөр нэгэн жишээг дурьдвал АНУ-д цагдаагийн байгууллагад ажиплаж буй албан хаагч ёс зүйн алдаа гаргасан бол дахин цагдаагийн байгууллагад ажиллах эрхгүй болдог байна.
Манайд бол арай өөр зарчим үйлчилдэг. Ямартаа ч хариуцлага тооцох механизм нь сул, тухайн мэргэжлийн болон бусад төрийн байгууллагад ажиллах эрх нь нээлттэй үлддэг.
Сүүлийн жилийн хугацаанд төрийн албаны үйлчилгээнд зарим нэгэн байгууллага, салбарт ахиц дэвшил гарч байгааг дурьдах нь зүйтэй. Татварын албад нэг цэг, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн нь иргэдэд үйлчлэх олон шатлалтай үйлчилгээг багасгаж байгаа болон Замын цагдаагийн газрын цагдаа нарын харилцааны соёл дээшилж байгаа зэрэг жишээг хамтран зүтгэгчид маань дурьдсан.
Гэвч өнөөдөр төр нь тогтворгүй, хариуцлагагүй, ёс зүйгүй үйлчилж байна. Төрийн бодлогыг тодорхойлох институцид өөрийгөө зөв аваад явах, таниулах наад захын улс төрчийн ёс зүйгүй хүмүүс шургалан орсон байхад бид юунд итгэж, юуг мөрөөдөж суух вэ? Нийгэм хар мэдээ, мэдээллээр дүүрэн болжээ.
Яаж засаж залруулах вэ?
Төрийн албаны болон албан хаагчийн үйл ажиллагааг сайжруулахад нийгмийн хариуцлага чухал үүрэгтэй байдаг.
Хариуцлага гэж үйл ажиллагаа, үйлдлийнхээ төлөө эрх мэдэл бүхий хүмүүстэй хийх тооцоо, хүлээх хариуцлагыг хэлнэ. “Эрх мэдэл бүхий хүмүүс” гэж улс төр, санхүүгийн болон бусад хэлбэрийн эрх мэдлийг эзэмшигчдийг хэлэх ба тэдгээрийн хүрээнд засгийн газар, хувийн корпораци, олон улсын санхүүгийн байгууллага, төрийн бус байгууллагын зэрэг албаны хүмүүс орно.
Засгийн газрын эрх мэдэлтнүүд бусад албаны хүмүүс нь үйл ажиллагаа, түүнийхээ үр дүнгийн талаар хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хуулийг сахиж эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх, олны эрх, ашиг сонирхолд үйлчлэхдээ үр ашигтай, оновчтой шудрага байх зэрэг хариулцлагыг хүлээх боломжтой, нөгөө талаар үүрэгтэй юм. Тэгвэл нийгмийн хариуцлага нь хариуцлага тооцох үйл ажиллагаанд иргэд, иргэдийн төлөөллийн байгууллага оролцож явуулна.
Бидний сайн мэдэх сонгууль нь Засгийн газар болон өөрсдийн сонгосон төрийн түшээдэд хариуцлага тооцох нэг арга бөгөөд бид өнөөдөр энэ аргаа ч бас зөв ашиглаж сураагүй байна. Нөгөөтэйгүүр, сонгууль нь хариуцлагагүй ажиллаж байгаа төрийн албан хаагчид хариуцлага тооцох боломжийг иргэдэд олгож чаддаггүй билээ. Иймээс л иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн өргөн хүрээг ашигладаг.
Яагаад нийгмийн хариуцлагын талаар яриад байна вэ? Учир нь нийгмийн хариуцлага бэхжснээр засаглал сайжрах, хөгжлийн үр ашиг дээшлэх, чадваржуулалт бий болж чаддаг.
Засгийн газрууд нь бодлогоо тодорхойлж боловсруулахдаа зоргоороо хандаж, ил тод бус байдгийн улмаас ядуурал улам бүр газар авч байна. Төрийн бодлого, үйлчилгээний сүлжээний гурван тал болох бодлого боловсруулагчид, үйлчилгээ үзүүлэгчид, иргэд ихэнхдээ өөр өөр (заримдаа зөрчилдсөн) зорилго, сонирхолтой байдаг бөгөөд дээр нь мэдээллийн доголдол, сул харилцаа нэрмээс болж байна.
Ялангуяа, үйлчилгээнээс хамгийн хамааралтай төрийн албан хаагчидтай хариуцлага тооцох механизм сул байгаа нь иргэдээс ч мөн хамааралтай байна.
Нийгмийн хариуцлага нь нийгмийн хэд хэдэн үзэл баримтлалтай шууд холбоотой байдаг. Үүнд ядуурлыг бууруулах, жендэрийн чухал үр нөлөөнд хүргэх, эмзэг бүлгийн хүмүүсийн хэрэгцээнд анхаарал хандуулах, засгийн газраас хариуцлага шаардах нь иргэний нийгмийн гол үүрэг учраас нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрхэд суурилж хөгжих хандлага, ил тод байдлыг шаардаж өргөжүүлэх, төрийн албаны шинэчлэл, төвлөрлийг багасгах зэрэгт илүү чухал нөлөөтэй.
Нийгмийн хариуцлагыг хөгжүүлэхийн тулд бид нэгдүгээрт, эхлэх цэгээ олох, хоёрдугаарт, мэдээлэл нотолгооны суурь бүрдүүлэх, гуравдугаарт, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх, дөрөвдүгээрт, дэмжлэг авч хөдөлгөөн эвсэл байгуулах, тавдугаарт, өөрчлөхийн тулд нөлөөлөх үйл ажиллагааг тус тус хийж гүйцэтгэх ёстой.
Бид яаж нийгмийн хариуцлагыг төлөвшүүлж амжилтанд хүргэж чадах вэ?
Улс төрийн нөхцөл ба ёс заншил чухал үүрэггэй байдаг. Энэ нь ардчилсан засаглал жинхэнэ утгаараа өөрөөр хэлбэл, иргэдийн эрх ашгийг хамгаалж төр жинхэнэ утгаараа үйлчилгээг үзүүлж, улс төрийн ил тод, шударга ёс бий болсон нөхцөлд амжилтанд хүрнэ.
Мөн мэдээллийн хүртээмж чухал үүрэгтэй. Мэдээллийн хүртээмжийг дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг асар чухал байр суурьтай байдаг. Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхөд олон нийт мэдээллийн хэрэгслэлээр олж авсан мэдээ, мэдээлэл дээр үндэслэнэ.
Түүнчлэн иргэний нийгмийн чадавхи чухал үүрэгтэй байдаг. Одоо манай улсад өрнөөд байгаа иргэний хөдөлгөөнүүд, эвсэл холбоод нь арай эрүүл саруул харагдаж, Засгийн газарт шахалт үзүүлж, тэдний дураар авирлахад нь бага боловч шахалт дарамт үзүүлж чадаж байна. Нийгмийн хариуцлага амжилттай болох эсэх нь төрийн чадавхи, үр ашигтай ажиллах чадвараас хамаарна.
Иймээс бид Засгийн газрын байгууллага, төрийн үйлчилгээний албадад өөрчлөлт хийх (албан хаагчдын зан үйл, хандлагыг өөрчлөх, тодорхой байгууллагад тогтсон хэвшмэл урамшуулал, шийтгэлийг өөрчлөх, менежментийн арга барил, шийдвэр гаргах үйл процессыг сайжруулах) шаардлагыг нийгмийн хариуцлагыг санаачлагууд илрүүлдэг. Жишээ нь: Эрүүл мэндийн төвийн үйлчилгээ иргэдэд хүрч чанартай үйлчилж байгаа эсэхийг тухайн хорооны иргэд тодорхойлно. Төрийн захиргааны байгууллага иргэдийн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгааг мөн л санал гомдол гаргасан иргэд сайн мэднэ. Иймээс иргэд бид өөрийнхөө болон ирээдүйн төлөө өөрсдөө хариуцлагатай, санаачилгатай байж төрд хяналт тавьж өнөөдрийн энэ бухимдалтай асуудлыг шийдэж чадна.
Хариуцлагатай байх гэдэг нь хамгийн энгийн үгээр бол хүн өөрөө өөртөө эзэн байж, хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд биелүүлж, хуулинд заасан эрхээ эдлэхийг хэлж байна.
Ёс зүйтэй байна гэдэг нь хууль, дүрэм журмын хүрээнд тогтоосон заалтыг сахин биелүүлэх өргөсөн тангарагтаа үнэнч, түүнийг эрхэмлэн ажиллахыг хэлж байгаа бөгөөд энгийнээр бол хүний талхыг илүү харснаас өөрийнхөө байгаа талхыг зөв хувааж сурах ёс суртахууныг хэлж байгаа билээ.
Иргэд чадвартай байж, иргэний нийгэм эрч хүчтэй байж Монгол орны Ардчилал зөв чиглэлээр цаашид хөгжинэ гэдэгт итгэлтэй байна.
Хамтын үйл ажиллагаагаар төрийн эрх мэдэлтнүүд болон төр, захиргааны албан хаагчдын нүдний бүрхэг зузаан линзийг нимгэн цоо шинэ линзээр сольцгооё!