Б.Батзориг
/МУБИС-ийн докторант/
Шинэ толь №55, 2006
Түлхүүр үг : сонгодог ардчилал ,Сэтгэл зүйн түвшин ,Иргэний улс төрийн оролцоо , иргэний эрх үүрэг
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Оршил
Нийгэм гэж чухам юу вэ гэдэг асуултад судлаачид олон янзаар хариулж ирсэн байна. Гэсэн хэдий ч тэдний үзэл бодол нийгэм бол зөвхөн хүмүүсийн харилцаанаас үүдэн бий болох ба харин хүн зөвхөн нийгмийн харилцаанд л орж байж тухайн нийгмийн гишүүн гэдэг утгаа олно гэсэн нэгэн зүйл дээр нэгддэг байх юм. Нийгэм бол хүмүүсийн хооронд явагдаж буй улс төр, эдийн засаг, хууль эрх, ёс зүй, шашин, соёл зэрэг янз бүрийн харилцаа, хамтын ажиллагааны дүнд үүсэж буй үзэгдэл, үйл явц, байгууллагын нийлбэр [1:210] цогц юм.
Нийгэм өөрөө олон нийтлэг ойлголтуудын нийлбэр цогц болох учир өөрийн гэсэн онцлог тогтолцоотой байдаг. Нийгмийн аль ч тогтолцооны тухай ойлголт бол тухайн нийгмийнхээ бүтэц, зохион байгуулалт, харилцааг зохицуулж буй арга хэлбэр, түүнд тогтоосон системийн хэв маяг, хөгжлийн үндэс, арга замыг илэрхийлсэн цогц ойлголт билээ.
Хүн төрөлхтний нийгэм иргэншлийн түүхийг авч үзвэл хөгжлийн аливаа хувилбар, загвар нь түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэж боловсруулсан тодорхой нэг онол арга зүй, үзэл баримтлалд тулгуурлаж байдаг нь илэрхий байна. Иймээс чухам ямар үзэл баримтлалд тулгуурлан нийгмийн харилцааг зохицуулж байна тэр байдалд нь нийгмийг авч үзэх шаардлага гарна.
Нийгмийн хөгжлийн үндсийг улс төрийн шинжлэх ухааны түгээмэл аргачлалын дагуу тодорхойлох оролдлогыг хийхдээ Францын гүн ухаантан, позитивизмийг үндэслэгч О.Конт [Конт, 1910] нийгмийн статик, динамикийн харилцаанд тулгуурласан байдаг. Тэрээр нийгмийн оршин тогтнох үндэс [статика) нь нийгмийн бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг нь нөгөөтэйгээ зохицож уялдаа холбоотой байж нэгдэл нь давамгайлах үе юм гэж үзээд, эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийн зөрчил нь нийгмийн хөгжлийн үндэс (динамик] болно гэсэн байр суурийг баримталж байжээ. Энэхүү динамик хүчний үйлчлэлээр нийгэм байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байна гэсэн санааг философийн үндэстэйгээр тэр анх гаргаж тавьсан байна.
Нийгмийн нэг тогтолцоо нөгөө тогтолцоогоор солигдохын үндэс нь тухайн нийгмийн тогтолцоо хүний хөгжлийн шаардлагыг хангаж чадахгүй болсноос үүдэн гардаг (Ю.Атар, 2001]. Марксист сургаалын үүднээс бол энэ нь нийгмийн эсрэг тэсрэг ангиудын хоорондын зөрчил даамжирч хувьсгалт тэмцэлд хүрэн нийгмийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх процесс юм. Нийгмийн судалгааны бусад урсгал чиглэлүүдийн нэгэн адил Марксистууд ч нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх шалтгаан нь нийгмийн дотоод дахь “зөрчил”-өөс үүдэлтэй гэж үздэг. Зөрчилгүй нийгэм хаана ч үгүй бөгөөд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөн шинэчлэгдэж, улам бүр боловсронгуй болох нь түүхэн зайлшгүй үзэгдэл юм.
Иргэн хэмээх ойлголтын талаар
МЭӨ Ү зууны үед эртний Грек оронд тогтож байсан Преклийн тогтолцооны үед сонгодог ардчилал буюу хот улсын [полис] системд анх иргэн гэдэг ойлголтыг хэрэглэж байжээ. Тэр үед эмэгтэйчүүд болон насанд хүрээгүйчүүд, боолчууд болон бүдүүлэгчүүдээс бусад оршин суугчиддаа улс төрийн эрх [сонгох сонгогдох, улс төрийн шийдвэр гаргахад оролцох олгон тийм хүмүүсээ иргэд гэж нэрлэж байжээ. Иргэн гэдэг бол хүний улс төрийн болоод хууль эрх зүйн талыг илэрхийлсэн ойлголт юм. Хуулийн утга агуулгаараа бол эрх зүйн чадвар, чадамжтай (насанд хүрсэн, иргэний эрх, үүрэг хүлээсэн, хуулийн хариуцлага хүлээх) хүнийг иргэн гэж үзнэ. Харин улс төрийн утгаараа улс төрийн шийдвэр гаргах, сонгуульд оролцох, нам эвсэл зэрэг улс төрийн байгууллагуудад эвлэлдэн нэгдэх эрхтэй байхыг чухалчлан үздэг. Өөрөөр хэлбэл, хүн иргэний эрх, үүргийг эдлэх болсноор улс, нийгмийнхээ үйл хэрэгт асар их үүрэг гүйцэтгэх болж хариуцлага нь нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс тухайн нийгмийн гишүүн иргэдийн үйл ажиллагаанаас түүний хөгжил, хүчин чадал, идэвх, эрх хүч, улс төр, эдийн засгийн тогтвортой байдал нь хамаарна.
Хүний үйл ажиллагаа түүний ухамсар, сэтгэл зүйгээр илэрдэг бөгөөд хүнд иргэнлэг ухамсар хэрхэн төлөвшсөнөөс хамааран түүний нийгмийн үйл ажиллагаа хувилбараа олдог болохыг эрдэмтэд судлаачид нэгэнт тогтоосон. Гэхдээ хүмүүсийг нийгэмд хэрхэн амьдрахыг тодорхой хууль, дүрэм, хэв загвараар тулган хүлээлгэж болох боловч энэ нь төрийн дарангуйлал болон хувирч болзошгүй сөрөг үр дагавартай байдаг. Улс төрийн бодлогыг янз бүрийн хүмүүст хамааруулан үзэхэд адилхан үр дүн өгдөг болгохын тулд хүмүүстэй янз янзаар харилцах [Хаек, 2004] хэрэгтэй болдог байна. Харин түүний оронд хүмүүст хэрхэн амьдрах, нийгэмд ямар байдалтай биеэ авч явах, хууль дүрмийг хэрхэн сахиж мөрдөх зэрэг амьдралын наад захын хэм хэмжээ хэдий ч зайлшгүй төлөвшсөн байх шаардлагатай олон чухал зарчмыг түүний ухамсар, сэтгэхүйд шингээж өгвөл нийгмийн хөгжилд зүй зохистой нөлөө үзүүлэх боломжтой. Тодруулбал төрийн зүгээс хувийн хэрэгт үл оролцох тохиолдолд… бие биенээ нөхцөлдүүлж (Бастиа, 2001] өөр хоорондоо уялдаа холбоотойгоор хөгжих зүй тогтолтой билээ.
Иргэн төлөвшүүлэх асуудалд
Иргэнийг боловсронгуй болгон төлөвшүүлнэ гэдэг аль ч улс орнуудын өсөлт хөгжлийн явцад тавигдаж болох асуудал бөгөөд тэр дундаа нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж байгаа Монгол улсын хувьд судалж үзвэл зохих асуудал билээ. Энэ талаар тогтож судалгаа хийсэн эрдэмтдийн санал дүгнэлтийг ажиглаж байхад иргэн төлөвшүүлэх асуудал нь нийгмийн ухамсар, улс төрийн нийгэмшил, иргэнлэг чанар, иргэний өөрийн идэвх зэрэг олон шинжээр илэрхийлэгддэг байна. Судлаачид иргэнлэг чанарыг илэрхийлэх ойлголтод үндсэн 5 үзүүлэлтийг хамруулж үзжээ. Үүнд:
- төрийн бодлогоос хөндий, улс төрийн хүрээний үйл хэрэгт оролцох оролцоо,
- өөрийгөө иргэн гэж үзэх психологи хандлага,
- иргэний дүрд шилжих бэлтгэл болон арга хэрэгслэл,
- улс төрийн хүрээний “сайн үйлсийг” бүтээгч, эрх чөлөөт, бүрэн эрхт гишүүн байх асуудал,
- улс төрийн хүрээний болон төрийн сонирхлыг хамгаалан, тэдгээрийн төлөө золиос болох бэлтгэл зэрэг болно.
Нийгмийн ухамсрын тухай ойлголтонд нийгэмд оршиж буй үзэл суртлууд багтдаг бөгөөд шашны, иргэний, үндэсний, эх оронч гэх мэт нийгмийн ухамсрын олон хэлбэрүүд оршиж байдаг. Ухамсар бол хүний үйл ажиллагааг төлөвшүүлж буй сэтгэхүйн дээд шат бөгөөд сэтгэл зүй, үзэл суртал гэсэн хоёр түвшинд тавигддаг болох нь нэгэнт нотлогдсон.
Сэтгэл зүйн түвшин нь хүн ямарваа нэг зүйлийн талаар зөвхөн танин мэдэхүйн төсөөлөл төдий ойлголттой байхыг хэлдэг бол үзэл суртлын түвшин гэдэг нь тухайн ойлголтоор шинжлэх ухааны түвшинд боловсорсон үзэл суртлын ойлгон судлах арга технологи бүхий хэлбэр юм. Жишээлбэл, тухайн хүн өөрийгөө ямар нэгэн улсад төрж өссөн, тэнд амьдардаг, эцэг эх нь ч амьдарч байсан гэх зэрэг сэтгэл зүйн төдий л ойлголтор эх орондоо хандана. Харин эх орныхоо түүхийг мэддэг, газар шороо, байгалийн сайн сайхныг нь үзэж мэдэрсэн, хайрлан хамгаалах үзэл тэмүүлэлтэй, түүх соёлын дурсгалт зүйл, эцэг өвгөдийнхөө баялаг түүхээр бахархдаг байх нь тэр хүнд төлөвшсөн эх оронч үзэл мөн. Үзэл суртлын арга хэрэгслийн тусламжтайгаар нийгмийн бусад ухамсрыг иргэнд төлөвшүүлж болно.
Иргэн нь улс төрийн утгаараа улс төрийн хүрээний гол субъектын хувьд иргэний улс төрийн оролцоо, дуулгавар иргэний улс төрийн нийгэмшил зэрэг ойлголтыг авч үздэг билээ. Улс төрийн дуулгавар бол хүн нийгмийн тодорхой хүчийг хүлээн зөвшөөрч, түүний шаардлага, шийдвэрийг биелүүлэн захирагдах явдлаар илэрдэг байна. Судлаачид улс төрийн дуулгаварын тухай асуудал агуулгын хувьд гурван зүйлээр илэрдэг болохыг тэмдэглэжээ. Үүнд:
- захирах эрхтэй нийгмийн хүчийг тодорхойлох (дундад зууны үед төр, сүм хийдийн аль нь илүү хүчтэй болохыг тодорхойлоход хэцүү байсан)
- Хэдий хэмжээгээр дуулгавартай байх вэ?
- хүн яагаад дуулгавартай байх ёстой вэ? гэх зэрэг
Иргэний улс төрийн оролцоо гэдэг ойлголт нь иргэдээс төрийн байгууллага, ажилтны бодлого шийдвэр, үйл ажиллагааг дэмжих болон тэдгээрт нөлөөлөхийн төлөө хийж байгаа аливаа оролдлогыг тусгасан илэрхийлэл байдаг. Нийгмийн улс төрийн оролцоо ардчилсан байхын тулд иргэний улс төрийн оролцоо өргөн байх боломжийг олгосон байх учиртай.
Судлаачид иргэдийн улс төрийн оролцоо олон янзын арга хэлбэртэй байдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэдгээрийг дотор нь нийцтэй ба нийцгүй оролцоо гэж ангилж үзсэн байгаа нь сонирхол татаж байна.
Тухайн үедээ нийгмийн амьдралыг зохицуулж байгаа эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн гишүүдийн дийлэнхийн эрхэмлэдэг үнэт зүйлсэд харшлахгүй зорилго арга хэлбэртэй оролдлогуудыг нийцтэй оролцоо гэх буюу дээрх хэм хэмжээ ба үнэт зүйлсийг үл ойшоосон буюу харшилсан оролдлогуудыг нийцгүй оролцоо гэж үзэх үндэслэл байгаа билээ.
Иргэний улс төрийн нийгэмшил гэж хүн нийгмийн улс төрийн соёлыг эзэмшсэн улс төрийн тодорхой дүр бутаа эзэмших үйл явц [Лүндэндорж, 2002] гэж ойлгож байна. Улс төрийн нийгэмшлийн эцсийн үр дүн нь иргэний ур төрийн систем, төр засагтаа хандах тодорхой хандлага, улс төрд оролцох чадвараар илэрхийлэгддэг. Судлаачид иргэний улс төрийн нийгэмшил нь ерөнхийдөө Ж.Пиажегийн томъёолсон бүдүүвчийн дагуу суралцах үйл явц маягаар явагддаг гэж үздэг байна. Улс төрийн нийгэмшил нь улс төрийн систем хувирч өөрчлөгдөх болон тогтвортой байхад чухал нөлөөтэй.
Иргэн төлөвших асуудалд иргэний идэвх санаачлага, иргэний ухамсар, иргэний эрх, эрх чөлөө, иргэний үүрэг гэсэн ойлголтууд чухал нөлөөтэй. Иргэний идэвх санаачлага гэдэг нь улс төр, эдийн засгийн салбар дахь өөрийн сонирхол, эрх ашгаа хамгаалах гэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм. Иргэний өөрийн ухамсар гэдэг нь иргэн өөрийгөө нийгмийн хөгжлийн үндэс, тулгуур, бие даасан субъект гэсэн ойлголтоор илэрхийлэгддэг. Хэдийгээр иргэний эрх гэдгийг тухайн улс орон өөрөө тогтоодогч НҮБ-аас батлан гаргасан (1976.03.23] иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад иргэний эдлэх ёстой зайлшгүй эрхийн тунхагласан байдаг. Хууль эрх зүйн үүднээс ч тэр, нийгмийн санаа бодол хүний мөс чанарын үүднээс ч тэр хүн ямар нэг байдлаар улс нийгмийнхээ өмнө үүрэг хүлээсэн байх ёстой билээ.
Дээрх иргэн болон нийгмийн бусад хүчин зүйлээс гадна иргэн төлөвшихөд төр болон нийгмийн тогтолцоо чухал нөлөөтэй. Нөгөө талаас төр нь нийгмийн бодлогыг тодорхойлж байдаг нийгэм дэх эрх зүйн болон бусад хэм хэмжээг тогтооход оролцдогийн хувьд, иргэн хүнийг харъяалж байдгийн хувьд нөлөөлөх боломжтой. Иргэд нийгмийн харилцаанд орохдоо өмчийн хувьд харилцан адилгүй байх ба түүнээсээ шалтгаалан нийгэмд харилцан адилгүй байр суурь эзэлдэг. Соёлын харилцааны хувьд иргэн бол ямагт соёл иргэншлийн төлөөлөгч байдгийн хувьд өөрийн гэсэн үнэт зүйлсийн баримжаалалтай байж бусдаас ялгаран нэгэн ойлголтыг өөр өөрөөр хүлээн авч болно. Эд бүгдээс дүгнэлт хийхэд өнөөгийн нийгмийн иргэн гэсэн ойлголтод дараахь хүчин зүйлүүдийг хамруулж авч үзэж болох билээ. Үүнд:
- улс төрийн бүрэн эрхтэй байх,
- эдийн засгийн хувьд бусдаас хамаарал багатай байх,
3.Нийгмийн харилцаанд орохдоо гэрээ хэлэлцээний зарчмаар үйл ажиллагаагаа зохицуулдаг байх,
4.төртэй хэлэлцээний ширээний ард суух боломжтой болтол өөрийгөө бэлтгэсэн (мэдлэг боловсролтой байх зэрэг үндсэн шинжүүдийг агуулж байж бодит төлөвөө олох юм.
Иймээс иргэн төлөвшлийн асуудалд дээрх зүйлсийг харгалзан үзэж байх шаардлага зүй ёсоор гарч байна.
Нийгмийн улс төрийн тогтолцоо ардчилсан байхын тулд иргэдийн улс төрийн оролцоо өргөн байх боломжийг нээсэн байх учиртай. Хүн иргэний эрх үүргийг эдлэх болсноор улс нийгмийнхээ үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэгч идэвхтэн болж хувирна. Тухайн нийгмийн гишүүн иргэдийн үйл ажиллагаанаас түүний хөгжил, хүчин чадал, идэвхи, эрх хүч цаашлаад улс төр, эдийн засгийн тогтвортой байдал хамаарна.
Хүний үйл ажиллагаа түүний ухамсар, сэтгэл зүйгээр илэрдэг бөгөөд хүнд иргэнлэг ухамсар хэрхэн төлөвшсөнөөс түүний нийгмийн үйл ажиллагаа бодит хувилбараа олно. Хүмүүсийг нийгэмд хэрхэн амьдрахыг тодорхой хууль, дүрэм, хэв загвараар тулган хүлээлгэж болох авч энэ нь төрийн дарангуйлал болон хувирч болзошгүй сөрөг үр дагавартай байдаг.
Төр ямагт хөгжиж, боловсронгуй болж байдаг үзэгдэл бөгөөд нийгмийн хөгжил, хүний сэтгэлгээний түвшин, эрх зүйн соёл дээшлэхийн хэрээр төр хийгээд иргэний харилцааны мөн чанар өөрчлөгдөн хөгжинө. Гол шалгуур нь төр, иргэний харилцааны шинж чанар, төрийн үйл ажиллагааны зохист байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилт зэрэг болно.
Эдгээр шалгуурыг үндэс болговол төр уламжлалт үеэсээ үндсэн хуульт ёсноо улам бүр шилжиж байгаа нь түүний хөгжлийн ерөнхий бөгөөд тэргүүлэх хандлага болж байна.
Орчин үеийн үнэт зүйлсийн үүднээс үзвэл энэхүү тэргүүлэх хандлагын хүрээнд үндсэн хуульт ёсыг эн тэргүүлэн дээдлэх болов уу.
Төр хөгжлийн уламжлалт үедээ домгийн болон бөө мөргөл, шашны номлолд үндэслэсэн зан заншлын хэм хэмжээ, засаглагчдын дур зоргод тулгуурлаж байлаа. Тэгвэл ардчилсан төр, төрийн болон ард түмний хүсэл зориг, ашиг сонирхлыг харилцан илэрхийлсэн үндсэн хуульт ёс ноёрхоно. Төр хийгээд иргэдийн оролцоо харилцан тэнцвэржиж бие биесээ хуулийн хүрээнд хянах боломж олдоно. Урсгал байдалд тулгуурласан дур зорог биш ухамсарт байдалд үндэслэсэн хуульт ёс дээдлэгдэнэ. Төр ба иргэний хооронд тэнцвэрт харилцаа тогтоосоноор төрийн засаглалын хууль ёсны зөвшөөрөгдөх чанар дээшилж төр, иргэний үйл ажиллагаа тэдгээрийн хооронд тохиролцсон “гэрээний дагуу хэрэгжинэ. Эрх мэдэлтний дур зорго, иргэний хувийн ашиг сонирхол гагцхүү нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон үндсэн хуулиар тэгш хувиарлагдана. Орчин үеийн улс төрийн системийн төлөвшил ийм үйл явцаар тодорхойлогдож байна.
Нөгөө талаар, төрийн засаглалын зохион байгуулалтын хэлбэр улам боловсронгуй болж байна. Төр засгийн эрх мэдлийг үл төвлөрүүлж хувиарлан тэнцвэржүүлэх, ард иргэдийн төлөөлөл, улс төрийн үнэт зүйлсүүдийг нэвтрүүлэх хамгийн зохистой хэлбэр Бүгд Найрамдах засаг болж ард түмэн төрийн засаглалын гол хөдөлгөгч хүч байх, төрийн болон иргэдийн хүсэл зоригийн тэнцвэрт харилцаа бүрдэх үйл явц өргөжсөөр байна. Иймд төрийн засаглалын энэ хэлбэр нийгмийг удирдах үйл хэрэгт ард түмний төлөөллийг бий болгох, ардчилсан ёсыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа нь орчин үеийн хөгжлийн үндсэн чиг хандлагын илрэл юм.
Улс төрийн системийн төлөвшлийн үндэс нь тэгш эрх, шударга ёс бөгөөд төр нь иргэнийхээ, иргэн нь төрийнхөө өмнө хүлээсэн үүрэг хариуцлага тэрхүү тэгш эрх, шударга ёсны хэмжүүр болж байдаг. Өөрөөр хэлбэл, төр өөрийнхөө үйл ажиллагаа, шийдвэрийг хязгаарлах, иргэдтэй тэгш шударга харилцах, төрийн үйл ажиллагаа шийдвэрийн улмаас иргэдэд учирсан хохирлыг хариуцах хууль зүйн болон ёс суртахууны механизм тогтсон байх явдал, нөгөө талаас иргэд төр, хуулийн өмнө хүлээсэн эрх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ төрийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, шүүмжлэх эрхтэй тэнцвэржүүлэгч хүч гэдгээ мэдрэх явдал юм. Дээрх агуулгаар илэрхийлэгдэж байгаа шинж байдал нь либерализм, иргэний нийгмийн үзэл баримтлалд илүү нийцнэ гэсэн дүгнэлтийг эрдэмтэд, судлаачид хийжээ.
Улс төрийн шинэ систем ийнхуу бие хүний эрх, эрх чөлөөг өргөжүүлэх чухал хэрэгсэл болж ирсэн, болсоор байна. Гэсэн хэдий ч хүмүүсийн байгалиас заяасан тэгш бус байдлыг бие хүний эрх, эрх чөлөөтэй хослуулах арга замыг олоогүй бөгөөд олгогдсон эрх, эрх чөлөөг ашиглан амжилтанд хүрч чадаагүйн улмаас үүдэн гарч болзошгүй бэрхшээлтэй талуудыг зүй зохистойгоор шийдвэрлэх асуудал чухлаар тавигдаж байна. Үүнийг даван туулах оюун сэтгэлгээний эрэл хайгуул үргэжилсээр байна. Тиймээс орчин үеийн иргэнийг боловсронгуй болгон төлөвшүүлнэ гэдэг аль ч улс орнуудын, тэр дундаа нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж байгаа Монгол орны хувьд судалж үзүүштэй асуудал билээ.
Лавлагаа
- Философская энциклопедия. М., 1983, с.210.
- Конт О.Дух позитивной философии. СПБ., 1910.Конт О.Курс положительной философии, т.1, СПБ., 1899.
- Атар Ю. Ардчилсан тогтолцоонд шилжих үеийн төр, нийгмийн харилцааны асуудал. УБ., 2001, 114 дэх тал.
- Хаек Ф.А. Боолчлогдох зам. УБ., 2004. 70 дахь тал.
- Бастиа Фредерик. Хууль. УБ., 2001, 5 дахь тал.
- Лүндэндорж Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ., 2002, 292-294 дэх талууд.