Э.Гэрэлт-Од
/МУБИС-ийн Түүх, нийгмийн ухааны сургууль, нийгмийн ухааны тэнхим, магистр/
Шинэ толь №52, 2005
Түлхүүр үг: нээлттэй чөлөөт сонгууль, Улс төрийн нам, эрх зүйн орчин, олон намын систем, эвслийн засгийн газар, намын гишүүн, сөрөг хүчин
Хүн төрөлхтний хөгжилд ардчилсан төрийн гүйцэтгэсэн үүрэг ихээхэн гэдэгт хэн ч маргахгүй. Ялангуяа, орчин үеийн төрийн түүхийг ардчилал, түүний бүрэлдэхүүн болсон намгүйгээр төсөөлөхийн аргагүй. Улс төрийн шинжлэх ухаанд төрийн тогтолцоог олонхийн эсвэл цөөнхи бүлгийн төлөө, нийгэм-улс төрийн аливаа шийдвэр хууль зүйд нийцсэн, төрийн үйлчилгээ нээлттэй, ил тод, иргэд чөлөөтэй, шударга өрсөлдөж, нийгмийн баялгаас тэгш хүртэж чадаж байна уу зэрэгт тулгуурлан ардчилсан ба ардчилсан бус гэж хуваадаг. Ардчилсан төр улсад нийгэм-улс төрийн үзэгдэл, үйл явц бүхэлдээ хуулийн хүрээнд явагдах бөгөөд эрх баригч намын бодлого, үйл ажиллагаа нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээг бүхэлд нь хянахаас урьдчилан сэргийлж байхад ардчилсан бус тогтолцоонд эрх баригч нам хуулийг өөрт тохируулан гаргаж, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны хүрээг бүрэн хяналтандаа байлгахыг эрмэлздэгээрээ ялгаатай.
Миний бие энэхүү өгүүлэлдээ ардчилал болон улс төрийн намуудын хамаарал, монгол дахь ардчилсан үйл явц, олон намын тогтолцооны төлөвшлийн явцад үүсээд буй ноёрхогч нам ба дагуул намууд гэж юу болох, ноёрхогч намын онцлог, улс төрийн системд үзүүлж буй сөрөг нөлөө, ноёрхогч намын бодлого үйл ажиллагааны онцлог шинжүүд болон намын системийн хандлага, намууд хоорондын хамтын ажиллагаа ба өрсөлдөөн, намуудын дотоод болон гадаад ардчиллыг тодруулахыг зорьлоо.
Ардчилал ба улс төрийн нам
Ардчилал гэдэг бол ард түмэн өөрсдөө засгийн эрхийг барихыг хэлсэн ерөнхий ойлголт. Орчин үед ардчилал нь хүн төрөлхтөний нийтлэг хүлээн зөвшөөрдөг суурь үнэлэмж, үнэт зүйл болж тогтоод байна. Хэдийгээр бид хэл, соёл, бүс нутгийн ялгаатай орчинд амьдарцгаадаг ч, ард түмний төлөө үйлчилдэг, сайн төрд засаглагдахыг хүсдэг. Иймээс ард түмний төлөө үйлчилдэг төр засгийг ард түмэн өөсрдийн оролцоотойгоор байгуулахыг эрмэлзэж, оролдож ирсэн нь ардчилсан төр улс үүсэх нөхцөл бүрдсэн юм. Өнөөдөр ард түмэн засгийн эрхийг барих хамгийн оновчтой арга нь төлөөллийн ардчилал бөгөөд энэ нь ард түмэн өөрсдийн төлөө ажиллаж чадах итгэлтэй бүлэг хүмүүсээр дамжуулан засгийн эрхийг барилцаж байна. Судлаач Ларри Даймонд, Леонардо Морлино нар “Ардчиллын чанар” өгүүлэлдээ ардчилсан төрийн нэг шинж бол “нэгээс дээш тооны тулхтай улс төрийн намууд” гэж тодорхойлж байна. [Зүүн Азийн Барометр, 2005:21] Энэ бол төлөөллийн ардчиллын бүтээгдэхүүн болох нам хэмээх үзэл бодлоороо нэгдсэн бүлэг хүмүүс юм. Гэвч ардчилал үүсэж, хөгжих явцад улс төрийн нам болон ардчиллын талаар улс төрчид ялгаатай байр суурьтай байсныг харж болно. Тухайлбал, Жеймс Мэдисон “цэвэр ардчилал гэдэгт би цөөн тооны цугласан иргэд өөрсөддөө засгийн газраа томилдог нийгмийг ойлгож байна, бүгд найрамдах улс гэдэгт би төлөөллийн систем бүхий засаглалын хэлбэрийг ойлгож байна” гэж өгүүлж байжээ. [Роберт Даль. 2004:19] Харин Америкийн анхны ерөнхийлөгч Ж.Вашингтон “нам бол ард түмний засгийн нураах бэлэн зэвсэг мөн” гэж дүгнэж байсан. Харин Америкийн ард түмэн тун удалгүй 1796 онд Холбоотны намын төлөөлөгч болох Жон Адамсыг ерөнхийлөгчөөрөө сонгож байв. [Micheal Nelson. 1996:43]
Харин улс төрийн нам нь 1960-аад оноос орчин үеийн шинжээ олж, төр нийгмийн холбох гүүр болсон. Улс төрийн нам бол засгийн эрхийг авахыг эрмэлзэж буй бүлэг хүмүүс бөгөөд ардчилал намуудад шудрага, тэгш, чөлөөтэй өрсөлдөх боломжийг олгосон. Ард нийтийн нээлттэй, чөлөөт, шудрага, өрсөлдөөнт сонгуулийн дүнд олонхийн санал авсан нам засгийн эрхийг барьж; цөөнхи болсон нам хүчнүүд эрх баригч намын бодлого, үйл ажиллагааг хянадаг.
Францын судлаач М.Дюверже, “ардчиллын хамгийн энгийн, хамгийн бодитой тодорхойлолт бол нээлттэй, чөлөөт сонгуулиар хэнээр удирдуулахаа сонгож буй дэглэмийг хэлнэ” хэмээн өгүүлсэн. Гэвч үнэндээ сонгуулийн үед бид төлөөлөгчдийг сонгохоос өмнө намыг сонгочихсон байдаг бөгөөд сонгогчид зөвхөн сонгуулийн өдөр энэ сонголтыг баталгаажуулдаг юм гэжээ. Нэг үгээр хэлбэл, сонгуулиас үл хамааран сонгогч иргэдийн улс төрийн байр суурь тогтвортой байдгийг харуулж байна.
Ардчилсан сонгуулиар ялалт байгуулсан эрх баригч нам засаглалыг хэрэгжүүлж байхдаа эрх мэдлийн төвлөрлийг ашиглан өөрт байгаа давуу талаа хадгалж үлдэхийг эрмэлздэг нь нууц биш. Энэ тухай судлаач Жулейрмо О.Доннилл “Төлөөллийн ардчилал” өгүүлэлдээ”…сонгуулийн өрсөлдөөн, улс төр ба иргэний харьцангуй эрх чөлөө байдаг боловч сонгогдсныхоо дараа албан тушаалтнууд иргэдийн сонголтыг үл хайхран, эдгээр үйлдлийг төрийн бусад институтийн зүгээс бага хянаж, эрх зүйт төрийг хүндэтгэн үзэхгүй байх явдал илэрдэг байна” гэж “Төлөөллийн ардчилал” өгүүлэлдээ дурьдаж байжээ. [Зүүн Азийн Барометр. 2005: 21]
Ерөнхийдөө эрх баригч нам сөрөг хүчний намуудын мэдээлэл олж авах, жагсаал цуглаан зохион байгуулах, улс төрийн мэдэгдэл хийх, бодлогын бичиг баримтад саналаа өгөх зэрэг үйл ажиллагаанд хэсэгчилсэн болон бүхэлд нь хязгаарлалт тавьж эхэлдэг. Энэ тухай судлаач Роберт Даль хэлэхдээ: “полиархи ардчилсан институт нь маань улс төрийн болон хүнд суртлын дээдсүүд хоорондоо наймаа хийх гэсэн ардчилсан бус үйл явц үүсгэдэг” гэж тэмдэглэсэн байх юм. [Р.Даль. 2004:100] Өөрөөр хэлбэл, ардчилсан төр улс дахь олон намууд, тэдгээрийн өрсөлдөөн, засгийн эрхийг авах тэмцэл тийм ч шударга, нээлттэй, ардчилсан байж чаддаггүй. Энэ нь магадгүй, ардчилал улс төрийн олон намууд оршин байхыг тэтгэдэгч тэдгээрийн өрсөлдөөн, эрх мэдлийг хадгалах эрмэлзэл нь ардчиллын хөгжилд сөргөөр нөлөөлөх аюултай нь харагдаж байна. Мөн нийгмийн харилцааны обьектив хүчин зүйлд тулгуурласан баян ядуу, эзэн боол, эцэг эх, аав хүу хэмээх социаль ялгарал оршиж байсан бол улс төрийн нам үүссэнээр (XVII—XVIII зуунаас эхлэн) сүбьектив хүчин зүйлд тулгуурласан баруунтан зүүнтэн, эрх баригч сөрөг хучин, олонхи цөөнх зэрэг улс төрийн зохиомол ялгарал хүчтэй илрэх болсон.
Ардчилал тогтсон болон шинээр ардчилагдаж буй улсуудад засаглалын эрх мэдлийн хуваарилалт доголддог. Үүнд сонгодог үндсэн хуулийн үзэл баримтлалд эрх мэдлийн төлөөх дүрд зөвхөн улс төрийн намууд тоглохоор заасантай шууд холбоотой юм. Учир нь парламентад олонхи болсон нам засгийн газраа байгуулдаг парламентат ёсны үзэл баримтлалд аль нэг намд засаглалын эрх мэдлийг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал бүхэлдээ төвлөрүүлэх хөшүүрэг болдог. Эндээс төлөөллийн ардчиллын үзэл санааны зөрчил гарч байна. Шуудхан хэлэхэд олонхийн дэмжлэгийг авсан нам засгийн газраа байгуулж, цөөнх болж үлддэг нам, хүчинд эрх баригч намын бодлого үйл ажиллагааг хянах боломж олгодог. Тодорхой хэмжээний дэмжлэг аваагүй сөрөг хүчний намууд дэмий яридаг, ажил хийдэггүй, худлаа үймүүлдэг гэсэн нэр зүүх тохиолдол олонтаа.
Гэвч нам хэмээх байгууллага улс төрийн системийн салшгүй хэсэг болж засаглалын төлөөх өрсөлдөөний голлох дүрд тоглох онцгой эрхийг үндсэн хуульт ёсны онол, үзэл баримтлал болон бүгд найрамдах төрийн үзэл санааны цөм болсон.
Улс төрийн олон намууд эвсэл байгуулах замаар хамтран болон дангаар засгийн эрхийг барьж ирсэн. Засгийн эрхийг барихыг шийдвэрлэх үе нь улс төрийн намууд тогтсон хугацаанд шударга өрсөлдөөнтэй сонгууль явуулснаар шийдвэрлэгдэнэ. Үүнд намуудын сонгуульд зарцуулж буй мөнгөн дүн болон сонгуулийн системийн ямар хувилбарыг сонгосноос ихээхэн хамаарна. Сонгуулийн мажоритар систем нь улс төрийн 2 томоохон намыг төлөвшүүлэхэд чиглүүлдэг бөгөөд улс төрийн гуравдагч орон зайд жижиг намууд орох боломжийг олгодоггүй. Мөн сонгогчдын тодорхой тооны санал авсан нам цөөн суудал авах эсхүл бүр парлалментын гадна үлдэх магадлал өндөр байдаг. Харин хувь тэнцүүлэх систем нь олон тооны улс төрийн намуудыг парламентад оруулдаг ч, эрх мэдэл хуваарилах асуудалд бэрхшээл тулгарч ихэвчлэн эвслийн засгийн газар байгуулдаг. Энэ тогтолцооны давуу тал нь аль нэг намд эрх мэдэл төвлөрөх улмаар улс төрийн тавцанд ноёрхох байр суурьтай болохоос хүчтэй сэргийлж чаддаггаараа давуу талтай.
Баруун Европын болон Хойд Америкийн улс төрийн голлох намуудын бүтэц, зохион байгуулалтын онцлог шинжүүдийг шууд харьцуулах боломжгүй. Тухайлбал, Европоос үүсэлтэй улс төрийн намын сонгодог хэв маяг нь гишүүнчлэл, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэв маяг, дотоод дэг журамд хатуу захирагдах, төвлөрсөн зохион байгуулалтанд онцгой анхаарч байдаг. Харин Америкийн улс төрийн намын зохион байгуулалтын хэв шинж нь төвлөрсөн бус зохион байгуулалттай, гишүүнчлэл чөлөөтэй, дотоод үйл ажиллагааны зарчим нь олон хэв шинжтэй байдаг.
Европын нам, намын системийг судалдаг судлаач болох Ричард Катц, Петер Мейр нар “олигархи бүтэцтэй удирдлага тогтох хандлага ардчиллын ахицтай цөөн улсуудын дунд ажиглагдсан ба тэдгээр нь өөр намуудтай өрсөлдөх бус хуйвалдах замыг сонгодог байна” гэж дүгнэжээ. [Зүүн Азийн Барометр. 2005: 30]
Засгийн эрх барьж буй нам нь өөрийн төлөөлөгчдөө төрийн өндөр албан тушаалд тавьдаг жишиг тогтоод хагас зуун жил болж байна. Энэ бол орчин үеийн “Catch-all party” буюу бүхнийг баригч намын онцгой давуу шинж. [Peter Mair. 1996; 56] Нам засаглалыг хэрэгжүүлэх явцдаа орчноо сайн мэдэрч байх нь зайлшгүй ч, эрх мэдлийг хэт төвлөрүүлж намын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх талбар болгон ашигладаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн шударга, чөлөөтэй өрсөлдөх нөхцлийг хангах үүрэгтэй сонгуулийн хороо, түүний нэгж байгууллагууд, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй яам, агентлаг зэрэг улс төрийн намаас ангид улс төрийн бус төрийн байгууллагуудад намууд өөрсдийн төлөөлөгчдөө томилохыг эрмэлздэг.
Өнгөрсөн 200 жилд олон улс оронд ардчилал бэхжиж олон намууд өрсөлдсөн ардчилсан сонгуультай Бүгд Найрамдах засагтай байсан ч, харизматик лидер болон нам доторхи олигархичлалаас болж цөөнгүй улс ардчилалаас ухарсан. Тухайлбал 1934 оны Герман дахь олон намууд өрсөлдсөн ардчилсан сонгуулийн дүн А.Гитлерийн удирдсан Нацист намд засгийн эрх барих боломжийг олгосон нь XX зууны ардчилсан бус феномен болох тоталитар дэглэмийг бэхжүүлсэн. Мөн 1926 онд Польш, 1934онд Австри, 1920 онд Унгар, 1921-1923 онд Итали зэрэг улс орнуудыг хамруулж болно [David Potter, David Goldblatt, Margaret Kilon and Paul Lewis 2000: 72].
Мөн өнөөдрийг хүртэл дэлхийн зарим улс орнуудад засгийн эрх мэдэл нэг намын гарт удаан төвлөрснөөр нэг нам ноёрхсон ардчилсан улс орнуудын тоо өссөөр байна. Тухайлбал, Японд Либерал Ардчилсан Нам, Италид Христын Ардчилсан Нам, Египтэд Үндэсний Ардчилсан Нам, болон Сингапурт Ардын Үйл Ажиллагааны Намууд зэрэг олон намуудыг дурьдаж болно. Судлаач Пимпил Uncommon democracies: The one party dominant regime [1990] номондоо нэг нам ноёрхсон улс орнуудыг харьцуулан судалсан бөгөөд Швед, Их Британи, Израйль, Япон, Итали, Баруун Герман зэрэг улсуудыг оруулаад нийт 56 ардчилсан улсыг ноёрхогч намтай орнуудад багтаасан бол Гилиомии, Симкинс нар The awkward embrace: Опе party domination and Democracy [1999] номонд Өмнөд Африк, Мексик, Тайван, Малайз зэрэг улсуудыг нэмэж оруулсан. Эдгээр судлаачид ноёрхогч нам нь тухайн улсын ардчиллын бэхжилтэнд хохирол учруулах аюултайг онцлон тэмдэглэж байсан. Хүснэгт 1.
Юуны өмнө “ноёрхол” хэмээх үгийн утгыг шинжлэх ухааны өнцгөөс тайлбарлая. Монгол дахь НҮБХХ, МННХ-ээс санхүүжүүлэн бэлтгэж буй “Ардчилсан засаглал, нээлттэй нийгэм” тайлбар тольд эрх мэдлийг гартаа авсан ноёрхогч болон түүнд захирагдагч талуудын хоорондын харилцааг тодорхойлогч улс төр-социологийн ухагдхуун. Энэхүү харилцааг хуулиар баталгаажуулсан эсэх, иймээс институцжиж чадсан эсэх, удаан хугацаанд оршин тогнохоор бодолцсон, тодорхой дэг жаягт баригдсан эсэхийг тодорхойлдог ойлголт гэжээ. Ноёрхол нь (жишээ нь: албан тушаалын хүчээр ноёрхогч) эрх мэдэлтнүүдэд өөрийн захиргаанд байгаа иргэдэд санаатайгаар нөлөөлөх (жишээ нь: дуулгавартай байх) боломжийг олгоно. Макс Веберийн хувьд хууль эрхийн үнэн зөвд итгэх тэрхүү итгэл үнэмшил нь ноёрхлын хамгийн чухал үндэс суурь нь болж өгдөг ажээ. Энэхүү итгэл үнэмшил нь гурван эх булгаас ундаргатай:
- Харизматикжолоодогчийн ноёрхлын үндэс нь тухайн хүний онцгой хүч чадалд итгэж найдсан бишрэлээс үүдэлтэй: эрч хүч, ухаан, уран илтгэгч чадвар,
- Уламжлалт (залгамжит) ноёрхогч ёс нь олон жилээр баримталж ба ноёрхож ирсэн ёс заншил, хүмүүс, байгууллагуудыг ариун гэгээн хэмээн дээдлэн хүндэлж үздэг үзэл суртал дээр суурилдаг ба нэр хүндтэй хүмүүс, байгууллагуудыг ариун гэгээн чанартай хэмээн үнэмшдэгтэй холбоотой,
- Хуулийн легитим буюу хүлээн зөвшөөрөгдсөн хэмээн тооцож буй ноёрхлыг нь сайн судалгаа, баталгаа нотолгоотой, хууль зүйн үндэслэлтэй байх ёстой хэмээн итгэж, түүнээс ургуулан эрх мэдэлтнүүд нь нийгмээс өөрсдийн өмнө дуулгавартай байхыг шаардах эрхтэй болдог.
Түүхийн үйл явц болон улс төрийн бодит амьдралыг аваад үзвэл ноёрхол нь эдгээр гурван элементийн холимгоос бүтдэг. Хууль эрхээр баталгаажсан, ноёрхогч ба ноёрхуулагч нарын хоорондын харилцан зохицох нийгмийн зохион байгуулалтын хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдгаараа албан ёсны ноёрхлын хэлбэрүүд нь шинэ үеийн улс орнуудын үндсэн суурь нь болж явдаг. Ноёрхол нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зорилго бүхий албадаараа баталгаажсан байна. Ноёрхлыг хэлбэрийн хувьд гурван төрөл болгон ангилна:
- Ноёрхогчдийн тоогоор: нэг хүний буюу монократ ноёрхол (эзэн хаан, шашны тэргүүн, дарангуйлагч)
- Ноёрхлыг хэрхэн хэрэгжүүлж буй арга төрлөөр нь: төрийн ба зохион байгуулалтай бүлгүүдийн ноёрхол (улс төрийн намууд, холбоод, компани г.м), мөн хувь хүмүүсийн ноёрхол (хамба лам, компанийн эзэн)
- Хамрах хүрээ: хязгааргүй эрхт ноёрхол (эзэн хаан), хязгаарлагдмал эрхт (эрх мэдлийн хуваарилалт), хамтын ноёрхол ба сүлжээний ноёрхол (Европын Холбооны олон үндэстний систем) [Нээлттэй Нийгэм Форум “Ардчилсан засаглал, нээлттэй нийгэм” тайлбар толиос. http://www.forum.mn/ 2005, 9 сар]
Америкийн судлаач Ж.Сартори [1976, 192] 1950-иад онд дэлхийн улс орнуудын намуудын харилцаа, хамтын ажиллагаа, засаглалыг хэрэгжүүлж буй бодлого, үйл явцыг ялангуяа тэдгээрийн хоорондын тэмцлийг ажиглаад ноёрхогч нам хэмээх ойлголтыг улс төрийн шинжлэх ухаанд оруулж ирсэн. Улмаар намын системийн ангилалдаа ч “ноёрхогч намын систем” хэмээх нэр томъёог хэрэглэсэн. Түүний үзэж буйгаар намуудад олгож буй эрх мэдлийн төвлөрөл нь тухай орны улс төрийн тогтолцоог гажуудуулах аюултай гэсэн. Хамгийн гайхалтай нь сонгогчид аль намд саналаа өгөхийгөө урьдчилан тохирдоггүй нь сайшаалтай ч эрх мэдлийг төвлөрүүлсэн, мөнгөтэй нам массыг татахад дэндүү хялбар бөгөөд сонгогчид ч амархан туйлширдаг болохыг тогтоожээ. Энэ тохиолдолд сонгууль нь намуудын хувьд шударга бус өрсөлдөөний талбар болж хувирдаг. Өнгөн дээрээ ардчилал, нээлттэй, шударга, чөлөөтэй боловч жижиг намуудын хувьд засгийн эрхэнд гарах нь мөрөөдөл хэвээрээ үлддэг. Хүснэгт 2.
Ноёрхогч нам нь төрийн санаачлагыг боогдуулах, бодлогын шинэчлэлд саад болох, хамтын болон өөртөө төвлөрсөн үйл байдлыг тэтгэх, төр болон нам хоорондын холбоог бүдэгрүүлэх, улс төрийн эрх мэдлээс болон төлөөллөөс зарим бүлэглэлүүд (бусад нам)-ийг хасах мөн намуудын тэмцлийг багасгах зэрэгт сөргөөр нөлөөлдөг.
Ардчилсан тогтолцоонд ноёрхогч нам нь хуулийн хүрээнд жижиг намууд байхыг зөвшөөрдөг ч үйл ажиллагаа болон бодлогын хувьд хязгаарлалт тавьж байдаг. Тэр бүү хэл, эвслийн засгийн газрын үед ч мөн адил парламентад олон намууд улс төрийн шийдвэрийг гаргаж байгаа харагдавч төрийн алба, мөнгө зэрэг зүйлсээр барьцаалагдсан шийдвэрүүд голчилдог. Жижиг намуудын хувьд боловсон хүчин, ажлын туршлага, сонгогчдын төлөөлөл бага байдаг. Энэ нь эрх баригч эсхүл хамгийн олон суудал авсан намд ноёрхлоо тогтоох боломж олгодог. Ноёрхогч намын систем оршиж буй улс дахь жижиг намууд нь хүлцэнгүй байдаг бөгөөд учир нь тэд сонгуульд ялалт байгуулах хангалттай саналыг авч чаддаггүй байна. Хэдийгээр зарим ноёрхогч намын системтэй улсуудад сөрөг хүчний намуудад засгийн газрын дарамт, удирдлагын тохироо, хохирол учруулахын тулд тэдэнд зориулан сонгуулийн системийг боловсруулах, зарим тохиолдолд шуудхан сонгуулийг будлиантуулах зэрэг олон янзын дарамт ирдэг. Энэ бүхэн нь ноёрхогч намын найруулсан жүжиг бөгөөд мөнгө, хууль, эрх мэдэлтнүүд, уг намд итгэл үзүүлсэн сонгогчдын үйл байдлаар зөвтгөгддөг.
Ноёрхогч намын систем нь олон намын системээс хоёр намын систем рүү шилжих эсхүл нэг нам дангаар засагласан дэглэмээс олон намын тогтолцоо руу шилжих явцад ихэвчлэн тохиолддог. Өөрөөр хэлбэл, намын систем тогтоогүй байгаа улс орнуудад ноёрхогч нам төрөх гаргах нөхцөл бүрддэг болохыг дэлхий нийтийн туршлага харуулж байна. Үүнийг намын системийн төлөвшлийн гацаа гэж шуудхан ойлгож болно. Тодруулбал, хоёр намын системд шилжих явцад аль нэг намыг хэт шүтэх гажуудал нь ноёрхогч намыг төрүүлдэг. Ийм тохиолдолд хоёрдогч нам нь массыг төөрөгдүүлэх, гутамшигт байдалд ямагт орооцолдох ба олон нийтийн дэмжлэгийг авч чадахаа больдог. Жишээ нь 1979-1997 оны хооронд Английн (18 жилийн турш) Консерватив нам 4 сонгууль дараалан ялалт байгуулж Хөдөлмөрийн нам сонгогчдын итгэлийг алдаж байсан. Нөгөө нь, намын дарангуйлал задран унаж олон намууд төрөх үед хуучин эрх баригч нам бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин, хөрөнгө санхүүгээ хадгалан авч үлдснээр ноёрхогч нам тогтоход нөлөөлдөг. Үүний жишээ нь Төв Ази, Зүүн Европ болон Латин Америкийн олон орнуудыг дурьдаж болно.
Монгол дахь улс төрийн намууд
Монголд улс төрийн нам байгуулагдсан цагаас хойш эдүгээ хүртэлх 85 жилийг туулсан. Энэ бол улс төрийн нам жинхэнэ утгаараа улс төрийн системийн бүрэлдэхүүн болж иргэдийн улс төрийн санаа бодлыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх механизмуудыг гажуудуулахгүйгээр улс төрийн систем эрүүл төлөвших хангалттай хугацаа. Гэвч монгол дахь намын уламжлал тийм ч дардан байсангүй. Эхний үед нэг нам дарангуйлсан ардчилсан бус тогтолцоо 70 гаруй жил ноёрхож байсан бөгөөд цорын ганц МАХН хэмээх улс төрийн байгууллага төрийн захиргааны төдийгүй нийгмийн амьдралын бүхий л хүрээнд өөрийн нэгж төлөөллийн байгууллагаа байгуулж төрийн аппаратаас ч илүү бэхжиж байсан юм. Удаах үе нь 1990 оны ардчилсан хөдөлгөөний ялалтын үр болж олон нам байгуулагдаж, чөлөөтэй өрсөлдөх болсон өнөө үе болно. Намын түүхийн дээрх үе шатуудыг улс төрийн дэглэмийн хүрээнд шууд харьцуулах боломжгүй ч зарим нэг шинж болох намуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд ндил төсөөтэй шинжүүд харагдаж байгааг үгүйсгэхгүй байх.
Авторитари дэглэмийн үед МАХН-ыг улс орон даяар магтан дуулж, Үндсэн хууль болон бусад хуулиндаа “…төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист- Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн” [БНМАУ-ын Үндсэн Хууль. 1962, оршил] гэж тунхагласан байдаг. Иргэдийн хувьд намд элсэх шалгуур өндөр учир нийгмийн сэтгэл зүйд нам хэмээх байгууллагын гишүүн болсноор дарга болдог, амьдралаа сайжруулдаг, хүмүүст хүндлүүлэх хувь тохионо гэсэн хандлага хүчтэй байсан. Энэ үед МАХН нийгмийн бүхий л хүрээг хяналтандаа байлгаж хөрөнгө санхүү, боловсон хүчний бодлогоор сайтар бэхжиж чадсан.
Харин 1990 онд нийгэм-улс төрийн бүхий л үйл явц нээлттэй ил тод болохын зэрэгцээ анхны ардчилсан хууль болох “Улс төрийн намуудын тухай хууль”-ийг 1990 оны 5 сард АИХ баталснаар шинээр улс төрийн намууд байгуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. Энэ цагаас хойш эдүгээ 30 гаруй улс төрийн нам байгуулагдсан ч улс төрийн өрсөлдөөний дунд нэгдэн нийлэх болон задрах үйл явцын дүнд одоогоор 21 улс төрийн нам Дээд Шүүхэд бүртгэлтэй байна. Хүснэгт 3.
Хуулийн этгээдийн хувьд хүчинтэй эдгээр намуудаас иргэдийн улс төрийн сонирхолыг илэрхийлж, нэгтгэж, хэрэгжүүлж чадах, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нам цөөхөн байна. Судлаачид манай орныг “олон намын тогтолцоотой” ардчилсан улс гэж дүгнэдэг. Үүнд, Доктор Тодд Лэндмэн 2005. “State of democracy in Mongolia” ,Fritz (2002) Mongolia: Dependent Democratization, S.Fish (1998) ‘Mongolia: Democracy without Prerequisites’, Б.Дэлгэрмаа (1997) “Улс төр судлал”, А.Цанжид (1996), (1999) “Улс төрийн шинжлэх ухаан”, М.Энхсайхан (1996) “Орчин үеийн улс төрийн нам”, Д.Болд-Эрдэнэ (2000) “Монголын улс төрийн нам, намын системийн төлөвшлийн асуудал”, Ц.Ганболд. (2001) “Улс төрийн шинжлэх ухаан” зэрэг олон судлаачид намын системийн ангилах аргыг ашиглаж нэг намын, хоёр, намын, олон намын систем гэж хувааж, шууд хуулбарлан хэрэглэж байна.*
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд улс төрийн тавцан дахь байр сууриа тогтвортой хадгалж, 1992, 1996, 2000, 2004 онуудын парламентад тодорхой суудал авч, бодит засгийн эрхийг 2-3 нам ээлжлэн барьж байна. Гэвч засаглагч намуудын бодит хандлагаас харахад нэг нам ноёрхсон улс төрийн дэглэмд шилжиж байгаа нь тодорхой байна.
Орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал болон дэлхий нийтийн хандлагаас ажиглахад намын системийг ангилахдаа бүртгэлтэй болон парламентанд суудал авсан намуудын тоогоор бус бодит засгийн эрхэнд буй намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаар годорхойлох боломжтой. Судлаач Ж.Сартори, М.Дюверже, А.Вар** нар энэ үзэл баримтлалын голлох төлөөлөгчид юм.
Өнгөрсөн хугацаанд намууд, мөн намын систем бүрэн төлөвшиж чадаагүй ч, өнөөдөр тулгарч буй бодит бэрхшээл нь монголын нам, намын системийн төлөвшлийн үйл явцад хүчтэйгээр нөлөөлж байгаа нь илэрхий. Тодруулбал, монгол дахь улс төрийн намуудын төлөвшилд сөргөөр нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлс байна. Үүнд: эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй, намууд үзэл суртлаа тогтож амжаагүй, дотооддоо нээлттэй бус ардчилалгүй байгаа, нам бүр харизматик пидерүүд дагасан бүлэглэл, намуудын үйл ажиллагаа нь бие биенээ үгүйсгэсэн зэрэг болно. Эдгээр нийтлэг дүр төрх нь улмаар хоёр намын систем тогтох процессоос халтирч нэг нам ноёрхсон дэглэм тогтоход түлхэж байгааг нуух аргагүй. Тодорхой хэлэхэд судлаачдын зүгээс өнөөгийн монголын намууд дотооддоо ардчилалгүй, харилцаа, хамтын ажиллагаа сул, улмаар намын системийн төлөвшил нь нэг нам ноёрхож, “дагуул” жижиг намуудтай системд шилжээд байна. Ноёрхогч нам нь орчин үеийн МАХН, сөрөг хүчин гэгдэх бусад намууд нь анх л МАХН-ын эсрэг байгуулагдсан бусад шинэ намууд болоод хувирчээ.
Харин манай улс төр судлаачид хоёр намын систем төлөвших хандлага өндөр байна. Хоёр намын систем нь манай орны улс төрийн системд илүү тохиромжтой гэж дүгнэж байдаг. Чухамдаа намууд дотооддоо ардчиллын суурь үнэлэмжүүдийг мөрдөж, хоорондоо шудрага өрсөлдөж, зөв төлөвшсөн бол хоёр намын системд шилжих амархан, бас ч зөв байсан нь гарцаагүй. Гэвч намууд төлөвших гэж бүдчсээр байтал нэг намд эрх мэдэл бүрэн төвлөрч, намын системийн хөгжилд гажуудал ирээд байгааг бид харж байна.
Их эвслийн засгийн газар
Сонгуульд өрсөлдөж, парламентад аль олон суудал авсан нам нь засгийн газраа байгуулдаг ардчилсан зарчим байдаг. Гэвч үнэндээ энэхүү зарчим нь угтаа улс төрийн намд эрх мэдлийг төвлөрүүлэх үндсэн хөшүүрэг болдог. 1992, оноос эхлэн 4 удаагийн ардчилсан сонгуульд МАХН 2 удаа (1992-1996, 2000- 2004), Ардчиллын төлөөх намууд 1 удаа хамтарч (1996-2000), 2004 оноос эхлэн анхны “Их эвсэл”-ийн (МАХН болон АН, ИЗ- БНН-уудын хамтарч) засгийн газраа байгуулж ажиллаж байна. МАХН болон ардчиллын төлөөх жижиг намууд хамтарч “Их эвслийн” засгийн газар байгуулж байгаа нь бидний хувьд анхны тохиолдол. Гэхдээ анхны юм бүхэнд алдаа байдаг гэдэг үгээр бүхнийг зөвтгөж хараахан болохгүй. Гэтэл монгол улсын үндсэн хуулиас хүчин чадалтай “Зөвшилцөл” 1,2, 3, 4 баримт бичгүүдийг намууд хамтран хийж, баталж үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна. Мөн эрх баригч намуудад таалагдахгүй байгаа хууль тогтоомжийг өөрсөддөө тааруулж баталж байна. Үүний хамгийн сүүлийн жишээнд 2005 оны 1 дүгээр сарын 26 нд баталсан “Улс төрийн намын тухай хууль”-ийг хэлж болно. [http://www.parl.gov.mn, 2005]. Энэ хууль батлагдсан даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч 8 заалтанд тавьсан хэсэгчилсэн хориг болон жижиг намуудын шүүмжлэлт өртсөн. 2005 оны 02 дугаар сарын 17-нд УИХ дахин хэлэлцэж уг хуулийн 9.3.6, 10.1.4. заалтуудыг хүчингүй болсонд тооцож, 13.9, заалтыг нэмэж, 21.2, 23.2. заалтуудыг өөрчлөн найруулсан байна. [Улс төрийн намын тухай хууль. 2005]
Ардчилсан эрх зүйт төрийн үзэл санаа бол хуулийн хүрээнд төрийн бүхий л үйл ажиллагаа зохицуулагдах байтал манай засаглагч намууд өөртөө тааруулж хуулийг өөрчилдөг ардчилсан бус жишиг тогтоод байна.
Одоогоор парламентад улс төрийн 5 нам суудалтай ч, аль ч нам нь олонхи буюу 39 ба түүнээс дээш суудал аваагүй юм. Ийм нөхцөл байдал нь намуудыг хамтран засгийн газраа байгуулах боломж олгосон. 2004 онд 36 суудалтай МАХН, 34 суудалтай “Эх орон-Ардчилал” эвслүүд хавсран засгийн газар байгуулж ажилласан ч АН, Эх орон МАШСН, ИЗ-БНН намуудаас бүрдэж байсан “Эх орон-Ардчилал” эвсэл задарсан. Харин 3 нам (МАХН, АН, ИЗ-БНН)-уудын засгийн газар ажиллаж байгаа ч, хүчтэй сөрөг хүчингүй парламент болоод байна. Хэдий парламентад 2 нам (Эх орон нам, МБНН)-ууд болон бие даан нэр дэвшигчид буй ч бодлогын төвшинд үйл ажиллагаа хянах, нөлөөлөх боломж байхгүй байна. Хүснэгт 4.
Засгийн газар нь УИХ-д хамгийн олон 37 суудал авсан (2005 оны 3-р сард УИХ-ын сонгуулийн 59-р тойргийн маргааныг шүүх шийдэж 36+1 болсон) МАХН-ын бүрэн хяналтанд байгаа бөгөөд засгийн газрыг бүрдүүлэгч АН, ИЗ-БНН-уудын хувьд эрх барих энэ хугацаанд намын нэр хүндийг цэвэрлэх, бүтэц, зохион байгуулалтаа бэхжүүлэх, нийгмийн бааз сууриа тогтвортой хадгалах зэрэг намынхаа төлөвшилд ихээхэн анхаарч буй ч ноёрхогч нам хангалттай боломжийг олгохгүй л байна. Нөхөн сонгуулийн УИХ-ын 65 тойрогт АН-аас нэр дэвшигч нэрээ татсанаар МАХН сонгогчдын 77.8%-ийн үнэмлэхүй санал [Өдрийн сонин. 2005 оны 8 дүгээр сар 29] авах боломжийг олгож, оронд нь АН засгийн газраар дамжуулж мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг хэрэгжүүлэхээр тохиролцож байгааг хэлж болно.
МАХН ноёрхогч нам болох нь
Ардчилсан бус коммунист тогтолцооны үед дангаар засаглаж байсан МАХН, өнөөгийн олон намтай, чөлөөт сонгуультай, ардчилсан нийгэмд ч бас л ноёрхож байна. Монголд ноёрхогч нам тогтсноор тэрийн бодлого дахь нэг намын ноёрхол тогтож, улс төрийн эрс ялгаатай болон үл ялгагдах өрсөлдөөний үр дүн нь ардчиллын ололт, үнэлэмжийг буурч байна.
Ноёрхогч намын онолын хүрээнд дээр өгүүлсэн ноёрхогч намын шинжүүд МАХН-д бүрэн илэрч байна. Үүнд, нам дотроо альтернатив үзэл санааг (фракци) дэмждэггүй, харизматик лидерийг шүтсэн, дотооддоо ардчилсан төвлөрлийг баримталсан, төрийн санаачлагыг боогдуулах, бодлогын шинэчлэлд саад болох, өөртөө төвлөрсөн үйл байдлыг тэтгэх, улс төрийн эрх мэдлээс зарим намуудыг хасах, намуудын дунд өрсөлдөөнгүй өрсөлдөөнийг зохион байгуулах, сонгуулийг хуулийг ноцтойгоор зөрчих зэрэг болно.
Мөн сонгогчдын сэтгэл зүйд “ард түмний сонголт”, “зөвшилцөл” хэмээх уран гоё үгсээр хууран намд эрх мэдэл хэт төвлөрүүлж, төрийн эрх мэдлийг нэг нам улиран барьж, үүнийг төрийн тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж чанар алдагдахгүй, шудрага өрсөлдөөн, ард түмний сонголтыг хүндэтгэх, улс орны эдийн засгийг аврах нэрийн дор төрийн удирдлагын тохироо хийж (улс төрийн манипуляци), эрх баригч нам олигархиудыг тойрсон эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдээс бүрдэж байна.
Өнөөдөр ноёрхогч нам бэхжихэд МАХН-ын уламжлал, МАХН ба бусад намуудын харилцаа, хамтын ажиллагаа, МАХН-д хэдий нь тогтсон хошуучлалын зарчимууд, нам доторхи ардчилсан төвлөрөл, гишүүд, дэмжигчдийн туйлшрал ба намчирхах үзэл зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Эдгээр хүчин зүйлсийг тодруулъя.
Намын уламжлал: Анх 1920 оны 06 сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлгэмүүд нэгдэж МАН (Монгол Ардын Нам)- ыг байгуулсан. Улмаар улс төрийн нам хэмээх институтыг өрнөдийн сонгодог улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтыг хадгалсан улс төрийн байгууллага болгож төлөвшүүлсэн. МАН-ын төлөвшилд тухайн үеийн Оросын коммунист намын хүчтэй нөлөөлж МАХН гэж нэрээ солиж зүүний намын хэв шинжийг бүрэн хадгалсан нам болж хувирсан бөгөөд тус нам 70 гаруй жилийн турш төрийн эрхийг барьж байлаа. Энэ үеийн Оросын болон бусад коммунист орнуудын ижил төрийн бюрократи тогтолцооноос өргөн нүсэр аппаратай байжээ. Өөрөөр хэлбэл, засаг захиргааны нэгж тус бүрт өөрийн салбар байгууллагаа байгуулахын зэрэгцээ аж ахуйн нэгж, соёлын байгууллагуудад “намын үүр” гэсэн нэмэлт нэгжийг хүртэл байгуулсан. Энэ үеийн намын салбар байгууллага нь аж ахуйн нэгж байгууллагуудад /эмнэлэг, сургууль, үйлдвэр г.м/ болон орон нутгийн засаг захиргаанд удирдлагыг бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг төлөвлөх, хурал цуглаан зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг эрхлэн гүйцэтгэж байв.
Мөн Үндсэн хууль болон бусад хуулинд төр, нийгмийг удирдан жолоодох цорын ганц хүч… хэмээн тунхаглаж, нийгмийн харилцаанд МАХН-ын эзлэх байр суурь хүчтэй байсан бөгөөд иргэдийн дунд намд элсэн том шалгууртайгаар нийгэмд өөрсдийн статусаа тодорхойлж, МАХН-ыг магтан дуулах, бусдад сурталчилах нь иргэний үүрэг байв.
МАХН ба бусад намуудын харилцаа, хамтын ажиллагаа: Намуудын харилцаа, хамтын ажиллагааг ардчилсан тогтолцоонд шилжиж эхлэн олон намууд байгуулагдсан үеэс нарийвчлан судлах учиртай. 1990 онд улс төрийн олон хөдөлгөөнүүдээс олон жижиг намууд үүссэж зохион байгуулагдсан. Ардчиллын эхэн үед намууд жижиг, үйл ажиллагааны туршлага хомс, боловсон хүчин хомс, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр байхгүй байхад МАХН ганцаараа бүх нийтийн хөдөлмөр болох “субботник”-аар бүтээн байгуулсан барилга байгууламжууд, хөрөнгө санхүү болон коммунизмын үед бэлдсэн боловсон хүчний бодлогоо хадгалж үлдэж чадсан. Эндээс харахад бусад намууд гарааны тэгш бус нөхцөлтэйгөөр эхэлжээ гэж дүгнэж болно. Улмаар энэхүү тэгш бус байдал нь шинээр байгуулагдсан жижиг намуудыг “МАХН-ын эсрэг байгуулагдсан ардчиллын төлөөх намууд” гэж нэрлэхэд хүргэсэн байна.
Угаас ноёрхогч нам нь бусад намуудаа үгүйсгэж ирсэн бөгөөд сөрөг хүчний намуудын харилцаа хамтын ажиллагааг тодотгон авч үзэх нэг хөшүүрэг бол намуудын нэгдэх, задрах, мөн сонгуульд эвсэл байгуулан оролцох зэрэг үйл ажиллагаа юм. Монголын намуудын харилцаа хамтын ажиллагаа парламентын дотор, болон гадна, холимог хэмээх 3 хүрээгээр ангилж болно. Парламентын доторхи намуудын харилцаа, хамтын ажиллагааг УИХ-д суудал авсан намуудаар хязгаарлаж байхад парламентын гадна харилцаанд парламентад суудалгүй намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаар илэрнэ. Харилцааны холимог хэв маяг нь парламентад суудалтай болон суудалгүй намуудын харилцаагаар тодорхойлогдоно. Манай намууд хооронд харилцааны олон хэв маягууд холилдож байдаг. Тухайлбал, зөвшилцийн засгийн газарт намууд хамтарч ажиллаж байсан хирнээ, сөрөг хүчнүүдтэйгээ (парламентад суудалгүй нам, улс төрийн хөдөлгөөн) хамтран жагсаал цуглаан зохион байгуулдаг.
2004 оны Эвслийн засгийн газрыг эс тооцвол ноёрхогч нам нь бусад намуудтай хамтарч ажиллаж байсан туршлага хомс гэж хэлж болно. Харин МАХН нь Монголын Ардын Нам (МАН), Монголын ажилчны Нам (МАжН), Монголын Ардчилсан Социалист Нам (МАСН)-уудыг өөртөө нэгтгэсэн гэдэг боловч Монгол Улсын Дээд Шүүхийн бүртгэлээс албан ёсоор хасалт хийлгээгүй байна. [МУ-ын Дээд Шүүхийн бүртгэл. 2005, 8 сар]
МАХН болон бусад намуудын хооронд бие биенээ үгүйсгэсэн харилцаа давамгайлж байна. МАХН-ын болон Ардчиллын төлөөх намууд хоёулаа нам засгийн эрхийг авсны дараа “манай засгийн газар юуч байхгүй өртэй байхад нь авч өдий зэрэгтэй болгож байна. Энэ бол манай засгийн газрын ажил” гэдэг мессэжийг ард түмэнд цацдаг. Энэ нь иргэдийн сэтгэл зүйд хүчтэй очдог бөгөөд сонгогчдын дунд “манай нам сайн, танай нам муу” гэсэн хагалж бутаргах, сонгогчдыг хоёр туйлд хуваах улс төрийн манипуляцийг хийдэг.
2004 оны УИХ-ын сонгуулийн дүн аль нэг намд дангаар засгийн эрх барих боломж олгоогүй учир МАХН болон Эх орон- Ардчилал эвслийн хамтарсан “ИХ ЭВСЭЛ”-ийн засгийн газар байгуулагдсан. Их эвслийн засгийн газрыг бүрдүүлж буй намууд өөрсдийн мөрийн хөтөлбөрийн гол гол зүйлсээ хэрэгжүүлэхийн тулд харилцан буулт хийх байр суурь баримталж байна. Энэ харилцаа түр зуурын шинжтэй болно. Тухайлбал, Эх орон ардчилал эвслийн “Хүүхдийн мөнгө”, “40000 айлын орон сууц”, МАХН-ын “Шинэ гэр бүлийн 500000”, “Шинэ хүүхдийн 100000” зэрэг амлалтуудын дундын хувилбарыг боловсруулж хэрэгжүүлж байна.
Гэвч МАХН хүчтэй нөлөөлөл, “Эх орон-Ардчилал” эвслийг бүрдүүлж байсан намуудын дотоод хямрал зэрэг нь МАХН-д засгийн эрх барих том боломжийг олгоод байна. Энэ тохиолдол нь дээр өгүүлснээр хоёр намын систем рүү шилжиж буй улс заримдаа ноёрхогч намыг төрүүлж хоёрдогч нам нь иргэдийн итгэлийг алдаж, гутамшигт байдалд ордогын жишээ энэ юм. Одоогоор эрх баригч нам (МАХН)-тай өрсөлдөж чадах улс төрийн хүчин байхгүй болсон бөгөөд “барьцаалагдсан засгийн газар” гэж нэрлэж болно. 1996-2000 оны “Ардчилсан Холбоо” эвслийн засгийн газар 4 удаа засгийн газраа огцруулсан нь МАХН-ын нөлөө байсан боловч өнөөдөр ардчиллынханд “засгийн газраа нураадаг нам” гэсэн цолыг ард түмэн өгсөн.
МАХН-ын дотоод ардчилал: Намын дотоод ардчиллыг хааж байдаг хоёр үндсэн шинж МАХН-д хамгийн хүчтэйгээр хадгалагдаж байдаг. МАХН нь харизматик лидерээр удирдуулж, ардчилсан төвлөрлийг хэт шүтэж байгаа явдал юм. Энэхүү хоёр шинж бол улс төрийн намыг ардчилсан бус болгож байдаг хамгийн аюултай удирдлага болон зохион байгуулалтын шинжүүд юм.
Мөн энэ нам нь дотоод ардчиллыг тодорхойлоход туслах хүчин зүйлс болох нам доторхи жендерийн квот, нэр дэвшүүлэх үйл явц [Julie Ballington., 2004], шийдвэр гаргах процесс, санхүүгийн үйл ажиллагаа [Gerelt-Od.E., 2004.] зэргийг ардчилсан үнэлэмжид тулгуурлаж нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй байна. Үнэндээ нам ардчилалгүй байхад намын гишүүд, идэвхитнүүдийн сул дорой, ноомой байдалтай шууд холбоотой бөгөөд аль XIX зуунд судлаач R.Michels “Улс төрийн нам” зохиолдоо “oligahical iron law”-ийн үзэл санаанд тусгаж байсан.
Улс төрийн намуудын хувьд дотооддоо ардчиллыг бэхжүүлж байдаг нэгэн шинж бол альтернатив сонирхолыг илэрхийлэгч фракцыг дэмжсэн бодлогыг нам дотроо нээлттэй болгохоор хуульчилах ёстой. Гэтэл фракцийн аливаа үйл явцыг дэмжих биш харин нухчин дарж буй нь нам доторхи шинэлэг үзэл санааг хааж байна. Жишээ нь, МАХН-ын доторхи 2004 онд гарч ирсэн “Шударга ёс” бүлэг болон намын нарийн бичгийн дарга асан Энхтүвшингийн фракцийг хэлж болно.
Шинжээчид ноёрхогч намын дэглэм дэхь ардчилсан проблемуудыг намын доторхи фракц болон дэд бүлгүүд хоорондын тэмцэл мөн намын дотоод ардчиллын төлөвшлийг намжааж чаддаг гэж тайлбарладаг. Энэ нь намын доторхи өрсөлдөөний альтернатив эх үүсвэрийг баталгаажуулах хэрэгтэй гэсэн үг. Мөн нам дотор лидерийн дарангуйлал тогтохоос сэргийлж удирдах дээд байгууллагын сонгуулийг 2 жил тутам хэсэгчилсэн байдлаар дахин сонгож чадвал намыг дотоод ардчилалтай болгох чухал хөшүүрэг болох юм.
Судлаач Д.Ганхуяг, П.Доржсүрэн нар “Монгол дахь ардчилал: сорилт ба боломж” үндэсний бага хуралд тавьсан илтгэлдээ “…МАХН төр, бизнес, намын боловсон хүчний нөөцийг нэг дор зангидсан хүчирхэг эрх мэдлийн нам болсон” [Д.Ганхуяг. П.Доржсүрэн. 2005] гэж өгүүлжээ. Эрх баригч нам болох МАХН нь хатуу дэг журамтай, намын доторхи албан тушаалын статус бат бөх байдаг, удирдагчын байр суурьт харш аливаа үзэл санааг дэлгэрүүлдэггүй, үзэл санааны биш эрх ашгийн фракцийг дагсан бүлэглэлүүдтэй, намын дүрэмдээ бюрократи тогтолцоог хатуу мөрдсөн ардчилсан бус нам болж хувираад байна.
Намын гишүүд, дэмжигчид ба улс төрийн соёл: МАХН-ын дангаар засаглаж байсан 1990 оноос өмнөх үед намд элсэх нь иргэний нэр төрийн хэрэг байсан бөгөөд намын гишүүн хүн үзэл суртлыг дэлгэрүүлэх, нам-засгийн үйл хэрэгт гар бие оролцох, олон нийтэд сайн үлгэр дуурайлал үзүүлэх, намд гишүүний татвар төлөх зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байв.
Харин өнөөдөр МАХН-ын дүрмийн 3.2-т намын гишүүн нь намын анхан шатны аль нэг байгууллагад харъяалагдаж, түүний үйл ажиллагаанд идэвхтэй оролцон намын мөрийн хөтөлбөр, бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх, намын дүрмийг биелүүлэх; намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөхөд санаачлага гаргах; төрийн аливаа сонгуульд МАХН-ын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчийг сурталчлах; намын эрх ашигт үл нийцэх улс төрийн аливаа үйл ажиллагааг дэмжихгүй байх, намын нэр хүнд, эв нэгдлийг хамгаалах; гишүүний татварыг тогтоосон хугацаанд өгөх, хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхи санаачилга гаргах, намын бүх шатны сонгуульт албан тушаалтан нь намын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, намын гишүүд, дэмжигчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд туслах, намын байгууллагыг бэхжүүлэх, сан хөмрөгийг аривжуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйг тус тус тодорхой зааж өгсөн байдаг. [МАХН-ын дүрэм. 2005: 8]
МАХН-ын гишүүдэд улс төрийн идэвхитэй оролцоо байхгүй. Гэсэн хирнээ намын зүгээс гишүүнчлэлийн бодлогод хатуу анхаарч нарийлчилсан бүртгэлийг тогтмол хийдэг онцлогтой. Хүснэгт 5.
Магадгүй зарим судлаачид улс төрийн соёлтой, ухаалаг сонголт хийж чаддаг гэж дүгнэж болох юм. Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдох хүн хуулиа зөрчдөг, сонгогчдыг шууд ба шууд бусаар саналыг худалдаж авдаг, өөрсдийгөө төрийн өндөр албанд заяагдсан хүн гэж зарладаг нэр дэвшигчдийг бид сонгодог. Энэ бол ард түмний саналыг авахын тулд ард түмнийг басамжилж, доромжилж байгаа үйлдэл.
Сонгогчдын ноомой, сул байдал нь намыг ардчилалгүй болгодог гэдэг дүгнэлтийг Германы судлаач Р.Михельс 19-р зуунд гарж байсан. Монголд өнөөдөр ч сонгосон төлөөлөгчтэйгөө ч тухтай уулзаж, үзэл бодол, байр сууриа илэрхийлж чадахгүй, ардчилсан үнэт зүйл төлөвшиж чадаагүй, улс төрийн байр сууриа ч цэгцтэй илэрхийлж чадах сонгогч ховор байна. Манай сонгогчид хатуу чанга удирдагчийг хүсэн хүлээдэг болохыг Зүүн Азид явуулсан судалгаагаар өндөр байгааг нотлогдоод байна. [Зүүн Азийн Барометр. 2005:109]
Монголчуудын сэтгэлгээнд намын гишүүн хүн илүү сайн ажил хийж, бусдаас сайхан амьдардаг жишиг тогтоод удаж байна. Үүнийг коммунизмын үед В.И.Ленин “зүүний нялхасын өвчин” гэж тодорхойлж байсан. Гэвч энэхүү өвчин коммунист намыг дарангуйлагч нам болгосон, мөн коммунизм задран унахад нөлөөлсөн үндсэн хүчин зүйл. Эдүгээ энэ нялхасын өвчин нийгмийн дээд давхраа, номенклатуруудын дунд даамжраад “мөнгөтэй болохыг хүсэгчдийн бүлэглэл”, жирийн сонгогчдын түвшинд “улс төрийн хийрхэл” болж хувираад байна. Албан бус мэдээгээр манай насанд хүрсэн иргэд бараг бүгд ямар нэгэн намын гишүүний үнэмлэхтэй.
Д.Ганхуяг “Монгол дахь ардчилал: сорилт, боломж” үндэсний бага хуралд тавьсан итгэлтдээ “Зүүн Азийн Барометр” судалгааны дүнгээс харахад өнөөгийн монголын иргэдийн ихэнх нь ардчиллыг дэглэмийнх нь хувьд дэмждэг боловч авторитар хэм хэмжээ, үйл явцыг ардчиллаас илүүд үздэг, хатуу чанга удирдагч, удирдлагын ардчисан бус хэв маяг, арга барилыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, дундаж монгол хүн тогтсон үзэл бодол, итгэл үнэмшил бараг байхгүй, үнэт зүйлсийн хэт холимог системтэй, үлэмж зөрчилтэй, өөрийнхөө үзэл бодол, эрх ашгийг хамгаалах ойлголт төлөвшөөгүй болохыг тодорхойлсон. [Д.Ганхуяг. 2005: 2]
Урьд МАХН-ын гишүүнчлэлийн бодлого маш хатуу байсан нь жирийн иргэдийн дунд намд элсэх эрэлтийг ихэсгэсэн бөгөөд ардчилалд шилжиж олон намууд байгуулагдахад үед эрх баригч намаас олон гишүүд гарсан ч, нялхсын өвчнөөр өвчилсөн дундаж ангийхнаар эгнээгээ шинэчилэх боломж олгожээ. Сонирхолтой нь өнөөгийн ардчилал руу шилжиж буй пост-коммунист орнуудын хуучин эрх баригч намуудаас гишүүнчлэлийн тоогоо хадгалж үлдсэн, бүр нэмэгдсэн нам бол цорын ганц МАХН болоод байна. Үүний шалтгаан нь ердөө л дээрхи “нялхасын өвчин” юм. 1990 оноос хойшхи парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын авсан саналаас харахад нийт сонгогчдын 50 гаруй хувийн төлөөллийн авч иржээ.
Энэ нь өнөөгийн намын системийн гажуудал болох “ноёрхогч нам” төвтэй намын системийг бий болгоод буйг судлаач Ж.Сарторигийн үзэл баримтлалаар шалгаж үзэхэд МАХН-ын ноёрхлын интервал бусад намуудаасаа хэт өндөр байгааг харж болно. Үүнийг дараахь хүснэгт 6, 7-аас харна уу.
1995-1997 оны үе МАХН-ын хувьд хямралын үе байсан бөгөөд судлаачид янз бүрээр тайлбарладаг. Энэ үеийг тухайн үеийн намын дарга асан Б.Даш-Ёндонгийн боловсруулсан Нагаржунайн “төв” үзлийг баримталсан үе гэдэг. Сант марал судалгааны байгууллагын дүнд тулгуурлан 1995-2002 он хүртэлх үеийн судалгааны дүнгээс “Маргааш сонгууль болоход та аль намд саналаа өгөх вэ?” гэсэн асуултанд хариулсан байдлыг түүвэрлэн харахад үнэхээр энэ үе нь МАХН-ын хямралын үе болох нь харагдаж байна. Хүснэгт 8.
Сөрөг хүчин ба жижиг намууд
Сөрөг хүчний намуудын үүсэл, хөгжил, төлөвшил нь 1990 оноос хойшхи олон намуудын түүхтэй холбоотой. Монгол дахь улс төрийн жижиг нам төлөвшиж, улс төрийн системд тогтвортой байр сууриа олоход гарааны тэгш бус байдал хүчтэй нөлөөлснийг дээр өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, жижиг намуудын хувьд бэлтгэгдсэн хөрөнгө, боловсон хүчин байхгүй байсан.
Монгол дахь жижиг намуудын үүслийг судлаач Фритц (2002:79). Mongolia: Dependent Democratization өгүүлэлдээ “…сөрөг хүчний бүлгүүд МАХН-ын жанжлалд сөрөн зогсож чадахуйц амьдрах чадвартай намын байгууллагуудыг бий болгох ажилд гараанаас эхлэх хэрэгтэй болсон юм” гэж өгүүлжээ. Мөн судлаач С.Фиш (1998:135) “Mongolia:Democracy without Prerequisites” өгүүлэлдээ сөрөг хүчний намуудын төлөвшлийг “1993-1996 оны хооронд тэд 21 аймагт төлөөллөө бий болгож, өөрийн байгууллагуудыг нэгтгэн, хүчтэй намуудын жижиг цогцыг бий болгосон нь Ардчилсан Холбоо Эвсэл болж 1996 оны Парламентын сонгуульд МАХН- ыг ялсан” дурьдсан байна. (Монгол дахь ардчиллын төлөв байдал урьдчилсан судалгаа. Доктор Тодд Лэндмэн Марко Ларицца Клэр МакЭвой УБ., 2005 х-45)
1990-1997 он хүртэл хугацаа жижиг намуудын идэвхитэй өсөлтийн үе байсан бөгөөд энэ хугацаанд олон нам төрсөн, нийгмийн эрэлт хэрэгцээ ч хангалттай байжээ. Гэвч сөрөг хүчний намууд энэ цаг үеийн шинжтэй боломжийг ашиглаж чадаагүй бөгөөд үүнд нь МАХН-ын хүчтэй нөлөө, жижиг намуудын доторхи эрх мэдлийн өрсөлдөөн, хоорондоо болон дотроо зөрчилтэй байсан нь шууд нөлөөлсөн юм. Үүнийг Сантмарал сангийн судалгааны “маргааш сонгууль болвол та аль намд саналаа өгөх вэ?” гэсэн асуултанд хариулсан байдлаар намд итгэх итгэлийн графикаар тодорхойлогдоно. (Зураг 8-ыг хар)
Ноёрхогч намын зүгээс сонгуулийн хуулийг ашиглан жижиг намууддаа хөгжих боломжийг огт олгоогүй. Үүний үндэс нь сонгуулийн тогтолцоо. Монгол улс сонгуулийн олон мандаттай (1992) болон нэг мандаттай (1996, 2000, 2004) мажоритар сонгуулийг тогтол цоог парламентын сонгуульд ашиглаж ирсэн. Гэтэл энэ сонгуулийн тогтолцоо нь голлох 1-2 намуудад суудал олгодог хувилбар юм. Сонгуулийн тогтолцоо нь ерөнхийдөө санал хураалт явагдсны дараахь үр дүнг ашиглан суудал хуваарилах аргачлал бөгөөд улс орнуудын туршлагыг харж байхад олон намын тогтолцооны эхэн үед ихэвчлэн пропорционал тогтолцоог ашигладаг.
Монгол дахь жижиг намууд үндсэндээ МАХН-ын эсрэг үүссэн нэгэн блок бөгөөд лидерүүдийн улс төрийн сонирхол (амбиц) ардчиллын үнэлэмж сул, бүтэц зохион байгуулалт хязгаарлагдмал, хөрөнгө, санхүүгийн хувьд бэхжиж чадаагүй байгаа нь улс төрийн тавцанд гарч чаддаггүй.
Монгол дахь сөрөг хүчний намууд нэгдэж сонгуульд орсон үедээ ялалт байгуулдаг болохыг өнгөрсөн сонгуулиудын дүн харуулж байна. Тухайлбал, 1996 онд МҮАН, МСДН, МАжНН- ууд “Ардчилсан Холбоо” эвсэл, 2004 оны УИХ-ын сонгуульд АН, МАШСН, ИЗ-БНН-ууд “Эх орон-ардчилал” эвслийг байгуулж УИХ-ын сонгуульд оролцсоноор тодорхой амжилтанд хүрч байсан. Харин эсрэгээрэээ сөрөг хүчний намууд дангаар сонгуульд өрсөлдөж байсан үедээ өөрсдийн саналаа хуваадаг болохыг 1992, 2000 оны УИХ-ын сонгууль харуулж байна. Эндээс дүгнэхэд сөрөг хүчний намуудад итгэлтэй хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна. Тэд хамтарч чадсанаар нэг намын ноёрхолыг задлах, улмаар хоёр намын систем төлөвшихөд тустай.
Монголын ардчилалд улс төрийн намууд нөлөөлөх нь
Монгол улс 1990 онд ардчилалд шилжиж улс төрийн олон намууд байгуулагдсан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг олгосон. Улмаар анхны чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулсан Ардын Их Хурлаар 1992 оны 01 дүгээр сарын 13-нд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан нь үндсэн хуульт ардчилсан улс болохын баталгаа болсон юм. АИХ-ын 430 төлөөлөгчид (МАХН-357, жижиг намууд болон бие даагчид-73) [Сонгуулийн ерөнхий хорооны архив] “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх”-ийг эрхэм зорилго [МУ-ын Үндсэн хууль. 1992:3] болгосон шинэ хуулиндээ анх удаа “Хүний эрх, эрх чөлөө” бүлэг заалтуудыг оруулж өгсөн нь энэ хуулийн агуулга хэрхэн шинэчлэгдсэн болохыг харуулж байна.
Гэвч монголын ардчиллын гарааны нөхцөл намуудад тэгш байж чадаагүй. Учир нь хөрөнгө, мөнгө, боловсон хүчний хувьд бэхжсэн хуучин коммунист МАХН-аас төрөн гарсан шинэ МАХН-тай хамт олон жижиг намууд өрсөлдөж эхэлсэн.
Хэдий ийм тэгш бус байдалд ардчилалд шилжсэн ч гадаадын олон улс, олон улсын байгууллагуудын үнэлгээ дүгнэлтээр Монгол дахь ардчилал, шинэчлэлийн үйл явц амжилттай явагдаж байгаад магтаж байдаг. Тухайлбал, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, АНУ, Баруун Европын ардчиллыг дэмжиж буй олон улс орныг дурьдаж болно. Зарим судалгааны байгууллагуудын дүн мэдээнд тухайлбал, Freedom House-ийн улс төр, иргэний эрх чөлөөний үзүүлэлтээр “чөлөөт” ангилалд, хэвлэлийн эрх чөлөөний байдлаар дэлхийн 167 орныг харьцуулсан судалгаагаар 73-рт орсон, авилгалын индексээр авилгалд өртсөн улс (10 баллаар үнэлэхэд 3.0 байгаа) болоод байна. [Г.Чулуунбаатар. 2005:1]
Freedom House олон улсын байгууллага Монгол улсын эрх чөлөөт байдлын рейтингийг 1973-2003 нэгтгэсэн байна. (Д.Ганбат, 2005:2) Хүснэгт 9.
Хэдий ардчилалд тайван шилжсэн, тогтвортой хөгжиж байгаа ч ардчилал цаашид бэхжихэд улс төрийн намуудаас сөргөөр нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйлс байна. Үүнд:
- Монгол улс 1996 онд анх удаа Авилгалын эсрэг хууль баталж хэрэгжүүлсэн. Харамсалтай энэ хуулийн үзэл баримтлал хуучирч, авилгалын тогтолцоо нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны хүрээг холбосон торон сүлжээ болжээ. Авилгалын асуудал нь улс төр, эдийн засаг, нийгэм дэх эрүүл харилцааг бүхэлд нь доройтуулдаг ба Монгол улсын хувьд энэ асуудал түгшүүрт төвшинд очсон байна гэсэн дүгнэлтийг 2002 онд хийсэн судалгааны баг гаргасан байна. [Д.Ганбат. 2005:3] мөн Олон улсын Transparence байгууллагаас жил тутуам явуулдаг авилгалын индексээр 3.0 баллтай буюу авилгалд өртсөн улс орнуудын тоонд ороод байна. Өнөөдөр авилгал улс төрийн хүрээнээс халиж төрийн болон төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчид хүртэл өртөх боллоо. Уг нь массын төвшинд авилгалын эсрэг тэмцэх үзэл санаа хадгалагдаж байсан бол улс төрийн хүрээнийхэн авилгалаас эмээх сэдэлтэй байх байлаа. Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн мониторингийн судалгаанд хамрагдагсдын 88.9% нь Монголд авилгал дэлгэрсэн [Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт. 2004:83] гэж хариулсан байна.
Мөн сонгуулийн үед улс төрийн намыг дэмжиж хандив өгснөөр ажилтай, мөнгөтэй болдог жишиг тогтоод байна. Үүнийг авилгалд хамгийн их өртсөн байгууллагаар тодроод байгаа Гааль, Шүүх, Засгийн газар, Цагдаа, УИХ, Улс төрчид, Төрийн захиргаа, Банк зэрэг байгууллагууд тэргүүлж байна. [Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт. 2004:62] Эдгээр байгууллагууд аливаа сонгуулийн (УИХ) дараа хамгийн хөдөлгөөн орж төрийн албан хаагчдыг олноор нь халдагтай шууд холбоотой.
- Иргэний нийгмийн байгууллагуудын тоо 4300 орчим гэсэн судалгааны дүн байдаг. Харин идэвхитэй үйл ажиллагаа эрхлээд иргэдийн сонирхолыг илэрхийлэх, хамгаалах, бодлого боловсруулах төвшинд ажиллаж, хоорондоо онлайн мэдээлэл солилцдог байгууллага 200 орчим байна гэсэн судалгааны дүнг Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн 2004 онд гаргасан байна. Иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил сул байгаа нь улс төрийн намууд болон ТББ-уудын хамтын ажиллагаа сул байгаатай холбоотой. Улс төрийн намууд аль болох ТББ-уудтай хамтарч ажилласнаар нийгмийн доторхи олон сонирхолыг тандах, улмаар бодлого боловсруулахад тус дөхөм болох учиртай. Нөгөө талаар засгийн газрын зүгээс иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах талаар бодлого, үйл ажиллагааны зарим чиглэл, концепцийг чөлөөтэй болгох, санхүүгийн хувьд шууд дэмжлэг үзүүлэхгүй ч, төрийн үйлчилгээний нээлттэй тендер зарлаж гүйцэтгүүлж байх зэрэг шууд болон шууд бус дэмжлэг үгүйлэгдэж байна. Харамсалтай нь өнөөгийн ТББ-ууд ихэвчлэн гадаадын доннор байгууллагуудаас төсөл хэрэгжүүлэх төдийгөөр ажиллаж байгаа нь тэдний цаашдын өсөлтөнд муугаар нөлөөлж байна.
- Монгол дахь иргэдийн дунд ардчиллын үнэт зүйлс болох улс төрийн болон эдийн засгийн эрх, эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, мэдээлэл авах эрхийн тухай ойлголтууд хомс байна. Үүнийг Зүүн Азийн Барометрийн судалгаанд оролцогчдын Ардчиллыг дэмжиж буй үзүүлэлтээр 57%-тай байгаагаас харж болно. [Зүүн Азийн Барометр. 2005:8] Их Британи улсын Далайн чанад дахь хөгжлийн хүрээлэнгээс гаргадаг 2004 оны дэлхийн засаглалын судалгаанд “иргэд нь гишүүнийхээ үүрэг, функц болон хариуцлагын талаар мэддэггүйгээс хамаарч төлөөллийн асуудал улам хурцадмал болдог. Үүний зэрэгцээ эрх баригч нам нь “мэдээллийг эрх мэдлийн хэрэгсэл мэтээр өнөөг хүртэл ойлгож ихэнхи тохиолдолд чанд нууцлан хадгалдагхэвээр байна”. Тайлагнах, иргэдийн оролцоог хангах, засаглалын мэдээллийг нээлттэй болгох реформ нь бүрэн хийгдээгүйн улмаас хүний эрхийг хөгжүүлэх явдалд саад болж байгааг онцлон тэмдэглэсэн байна. [Д.Ганбат. 2005:4]
Freedom House-ийн судалгаагаар 1994-2004 онуудад Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргасан бөгөөд хагас байдлаас чөлөөт болж өссөн ч, 2001 оноос буцаад хагас чөлөөт болж хувирч байгааг харж болно.
Нөгөө талаар дээрхи графикаас Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний индексийн сүүлийн 10 жилийг тоймлон авч үзэхэд МАХН засаглаж байсан үед “хагас чөлөөт” ангилалж шилжиж байгааг харж болно. Энэ нь хуучин экс-коммунист нам болох МАХН-ын бодлого, үйл ажиллагаанд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах оролдлогууд хийгдэж байсантай шууд холбоотой. Тухайлбал, 2002 онд баталсан шинэ “Эрүүгийн хууль” нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн үзэл санааг шууд зөрчсөн бөгөөд ялангуяа хэвлэлийн эрх, эрх чөлөөг хязгаарласан томоохон эрх зүйн баримт болсон юм.
- Өнөөдөр монголчуудын улс төрийн оролцоог тооцож байгаа үзүүлэлт нь бүх шатны сонгуулийн дүн мэдЭэгээр хязгаарлаж байна. Сонгууль нь улс төрийн оролцоог тодорхойлох хангалттай үндэслэл биш бөгөөд зөвхөн нэг тал нь болдог. Сонгуулийн оролцоо өнгөрсөн 15 жилд дунджаар 15%-иар’ буурсан байна. Энэ нь улс төрййн намууд болон төрийн үйлчилгээний бюрократ тогтолцооноос иргэд залхах хандлагатай холбоотой. Хүний эрх болон хүрээлэн буй орчны тулгамдсан асуудалтай холбоотой нийгмийн хөдөлгөөнүүд олноор гарч байхад төр засгийн зүгээс дорвитой алхам хийхгүй, иргэдийг чирэгдүүлэх асуудал олон гарч байна. Иргэд улс төрийн оролцоогоор 4 жилд нэг удаа санал өгснөөр хязгаарладаг бөгөөд сонгосон гишүүнтэйгээ уулзах, хариуцлага тооцох оролцооны механизм үгүйлэгдэж байна. Иймэрхүү оролцооны сул, идэвхйгүй хандлага нь улс төрчидөд сонгуулиас сонгуульд тойрог сэлгэн нэр дэвших боломжийг олгож байна.
- Эрх баригч намууд тёрибн үйлчилгээг сонгуулийн болон сонгуулийн бус үед ашиглах явдлыг бүрэн хориглох үүнтэй холбоотой хуулийн зүйл заалтуудыг шангатгах хэрэгтэй байна. Учир нь 2004 онд МННХ-ийн дэмжлэгтэйгээр Сонгогчдын Боловсрол Төв, Глоб Интернейшнл ТББ-уудын хийсэн судалгаагаар эрх баригч МАХН төрийн бүх шатны үйлчилгээг ашиглсан болохыг илрүүлсэн. Тухайлбал, төрийн өмчийн байшин, унааг төлбөргүй ашигласан, төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг сонгуулийн компани татан оролцуулсан юм. Тухайлбал, намууд төрийн өмчийн байр үнэгүй ашигласан үзүүлэлтээр нийт тохиолдлын МАХН- 75.25%, Эх орон-Ардчилал эвсэл-24.75%, төрийн албан хаагчдыг ажлуулсан дүнгээр МАХН-98.76%, Эх орон-Ардчилал эвсэл-1.24%, улсын унаа ашиглаж явсан км-аар МАХН-98%, Эх орон-Ардчилал эвсэл-2% [2004 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын санхүүжилтын мониторинг. 2004: 35] байна.
Монголын улс төрийн намуудыг чадавхижуулах нь
Монголын улс төрийн намуудыг чадавхижуулснаар намын систем, цаашлаад ардчиллыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Үүний тулд дараахь зүйлсийг нэр тэргүүнд гүйцэтгэх шаардлага байна.
- Улс төрийн намын эрх зүйн орчинг сайжруулах:
1990оны “Улс төрийн намуудын тухай хууль” анхны ардчилсан хууль байсан хэдий ч улс төрийн намын өсөж буй хэрэгцээ, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулж чадахгүй байсан. 2005 оны 01 сарын 28-нд “Улс төрийн намын тухай хууль” болгон шинэчлэн баталсан ч энэ хууль нь олон намын тогтолцоог дэмжсэн, намууд чөлөөтэй, шударга өрсөлдөх боломжийг хаасан, эрх баригч намуудад давуу боломж олгосон ардчилсан бус хууль болсон. Иймд энэ хуулийн зохих зүйл заалтыг нэн даруй өөрчлөн найруулах шаадлагатай. Үүнд, Улс төрийн намын тухай хуулийн 6.3; 8.2; 8.8; 9.3.7; 11.2.7; 18.3 зэрэг зүйлүүд болно. Мөн улс төрийн намын санхүүжилтыг тусад нь нарийн зохицуулах шаардлага байна. Жишээ нь, намд өгөх иргэн болон аж ахуйн нэгж байгууллагаас өгөх хандивыг улсын бүртгэлтэй хандивын маягтаар (шинээр боловсруулж) тооцож байвал улс төрийн нам эдийн засгийн бүлэглэлийн хараанд өртөхөөс сэргийлж чадна.
- Намууд дотоод, гадаад ардчиллыг бэхжүүлэх:
Засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөж буй голлох намууд нь дотооддоо нээлттэй, ил тод үйлчлэхийг шаардсан хамгийн төвөгтэй, ардчилсан болохыг хичээж буй ээдрээтэй шатан дээр байна. Иймд монголын улс төрийн намуудын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа болон шийдвэр гаргах түвшний дараахь асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байна.
Дээд Шүүхэд бүртгэгдсэн улс төрийн намуудын бүртгэлийг дахин шинэчлэх хэрэгтэй. Учир нь орчин үеийн ардчилсан нийгэм иргэдийн үзэл бодлыг илэрхийлэх, төр засгийн газрыг байгуулах, улс төрийн зорилгоо хангах үндсэн үүргүүдийг улс төрийн нам гүйцэтгэж байдаг ч зарим нам хүчнүүд энэ үүргээ мартсан байна. Иймээс Дээд Шүүхээс 2004 оны 3 сард хуулийн этгээдийн шинэчилсэн бүртгэлд материалаа өгөөгүй, мөн 2005 оны 3 сард хэрэгжиж эхэлсэн “Улс төрийн намын тухай хууль”- д нийцүүлэх намын дүрмийн шинэчилсэн төслөө ирүүлээгүй намуудыг хасах эсхүл иргэний байгууллагын статуст шилжүүлснээр намууд чадавхижих, хариуцлагатай болж төлөвшинө.
2004 онд явуулсан “Монголын улс төрийн намуудын дотоод ардчилал” судалгааны дүнд тулгуурлан МАХН, АН, ИЗ-БНН, Эх орон нам, МБНН болон бусад намууд бүтэц зохион байгуулалт, дотоод үйл ажиллагааны зарчмаа ардчилсан үнэлэмжид нийцүүлэх, гишүүд, дэмжигчдийн улс төрийн боловсролд онцгой анхаарч тогтмол хугацаанд сургалт, семинар зохион байгуулж байх, намын бүхий л шийдвэр гишүүд дэмжигчдэд тулгуурлан доороос дээш чиглэсэн байх, санхүүгийн тайланг гишүүдэд нээлттэй тайлагнаж байх зэрэг олон арга хэмжээг нэн тэргүүн авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа, МАХН-ын доторхи фракцийг дэмжсэн бодлого дутагдаж байна.
МАХН болон зарим жижиг намууд дотоод үйл ажиллагааг зохицуулдаг дүрэмд альтернарив сонирхол ыг дэмжих үүднээс фракц байгуулахыг эрх зүйн хүрээнд дэмжиж дүрэмдээ тусгах хэрэгтэй байна.
Судлаач Rachel Gibson and Robert Harmel нар (Richard Hofferbert. Р-191) “улс төрийн намын дотоод ардчилал гэдэг нь улс төрийн намын шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагааг намын гишүүд, дэмжигчид удирдахыг хэлнэ “ гэж тодорхойлсон.
Монголын намууд бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхдээ, намын удирдах дээд байгууллага дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэхийн тулд жендерийн квот тогтоох хэрэгтэй байна. Ихэнхи ардчилсан орон парламентад болон намын удирдах дээд байгууллага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байдаг. Тухайлбал, Парламент дахь эмэгтэчүүдийн эзлэх хувиар Руанд 48.8%, Швед 45.3%, Дани 38%, Финланд 37.5%, Голланд 36.7, Норвег 36.4% тэргүүлдэг. Харин монголын УИХ-дахь эмэгтэй улс төрчдийн эзлэх хувь 2004 онд 4.56% болж буураад байна. Намын тухай шинэ хуулийн 11.2.8- д сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, хүйсийн тэгш байдлыг хангах зарчимыг баримтална [Улс төрийн намын тухай хууль. 2005] гэж заасан. Энэ хуулийн үзэл баримталд оруулж буй анхны оролдлого ч, тодорхой квотыг заагаагүй нь намуудад жендерийн квот бага эсхүл огт байхгүй байх боломжийг олгож байна.
Дүгнэлт
Монголд улс төрийн нам үүсэн цагаас эхлэн зөвхөн МАХН засгийн эрхэнд ноёрхож байна. МАХН-ын ноёрхолыг авторитар болон ардчилсан дэглэмийн үеийн ноёрхолоор тодорхойлогдоно. Өнөөдөр ч МАХН-д хуучин коммунист намын зарим нэг шинж хүчтэй хадгалагдсаар байна. Үүнд хошуучлалын зарчим, ардчилсан төвлөрөл юм.
Өнгөрсөн 15 жил бол монголын улс төрийн намууд төлөвших хангалттай хугацаа. Харамсалтай нь улс төрийн намуудын бие биенээ үгүйсгэсэн харилцаа, дотоод зохион байгуулалтын зөрчил, санхүүгийн нээлттэй бус байдал, хариуцлагагүй улс төрчдөөс шалтгаалан намууд бүрэн төлөвшиж чадсангүй. Энэ байдал нь эрх баригч МАХН-д ноёрхох боломжийг олгоод байна. Үүнийг дараахь дүгнэлтүүд тодруулах болно.
- Жижиг намуудын хувьд дотроо болон хоорондын зөрчилтэй байдал нь голлох МАХН-д ноёрхох таатай боломж гаргаж өгч байна.
- Монголчуудын сэтгэлгээний хэв маяг нь авторитар удирдагч, чанга хатуу зохион байгуулалт, ардчилсан төвлөрөлийг шүтсэн нам илүү тохирч байгаа бөгөөд энэ нам нь МАХН болоод байна.
- Монголын олон нам зэрэг төлөвшихэд эрх зүйн таатай орчин бүрдээгүй байна. Үүнд МУ-ын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон бусад хуулиуд багтана.
- Улс төрийн намуудын санхүүжилт тодорхой бус учир улс төрчид болон нам авилгалын гол үүр уурхай болж байна.
- МАХН улс төрийн ач холбогдолтой гэсэн тойрогийг авахын тулд бусад жижиг намуудаа барьцаалж, хахуульдаж байна.
- Эрхийг барьж буй намууд өөрсдийн эрх ашгийн төлөөх тохироонд ард түмэн, улс үндэстний эрх ашгийг татан оруулж байна. Энэ нь улс төрийн намууд хариуцлагаас мултрах хамгийн шилдэг арга болжээ.
Монголын ардчиллын ирээдүй улс төрийн намуудын төлөвшилөөс шуудхан хамаарах цаг үе тулгараад байна. Иймд нэг намын ноёрхлыг задлахын тулд намууд хариуцлагатай улс төрч, дотоод ардчилалтай, намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь нээлттэй, ил тод, хууль зүйд захирагддаг болох хэрэгтэй байна.
Мөн монгол дахь ардчиллыг бүх талаар дэмжихийн тул намын гишүүд дэмжигчид, жирийн иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлэхэд онцгой анхаараа аэрэгтэй. Үүнд улстөрийн нам, иргэний байгууллагуудын үйл ажиллагаа, нийтийн бодлогын талаархи хэлэлцүүлэг, сонгогдсон төлөөлөгчтэйгээ харилцах, хариуцлагыг шаардах, төрийн алба хашиж буй хүмүүсийн үйлдлийг хянах зэрэг оролцооны бүхий л хэрбэрийг төрийн зүгээс дэмжиж ажиллах нь зүйтэй.
Дэлхий нийтээрээ уламжлалт ардчилалд учир буй зарим дутагдлыг арилгахад мэдээлэл, холбооны технологийн дэвшлийг ашиглах нь илүү үр дүнтэйг хүлээн зөвшөөрч байна. Учир нь ICT нь орон зайн болон цаг хугацааны хүчин зүйлсээс хамаарахгүйгээр иргэнийг төртэй, төрийг иргэнтэй холбох хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.