Э.Гэрэлт-Од
/ УТБА-ийн багш/
Шинэ толь №55, 2006
Түлхүүр үг: оюун санааны эрх, эрх чөлөө, засаглал бүхнийг баригч нам , ардчиллаас ухарч , дотоод ардчилалтай, гадаад ардчилал
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Монгол улс 1990 онд коммунизмаас ардчилсан тогтолцоо руу шилжиж, иргэний, улс төрийн, эдийн засгийн болон оюун санааны эрх, эрх чөлөөг олгож хүмүүнлэг иргэний нийгэм байгуулахыг шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Мөн Монгол дахь ардчиллын баталгаа болж улс төрийн олон намууд байгуулагдаж иргэд чөлөөтэй эвлэлдэн нэгдэж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх болж, чөлөөт, шударга, ардчилсан сонгуулиар засгийн газраа ард түмэн сонгож байгуулдаг болсон.
Улс төрийн олон нам байгуулагдах нь ардчиллын тулгуур үнэт зүйлсийн нэг нь бөгөөд цаашид монгол дахь ардчиллын чанарыг тодорхойлох нь гарцаагүй. Учир нь улс төрийн олон намтай улс бүр ардчилалд тогтвортой оршиж, дэвшин хөгжиж байдаг гэвэл эргэлзээтэй. Хамгийн гол нь бодит засгийн эрхийг барилцаж буй намууд хэр ардчилсан байхаас тухайн улс оронд ардчилал орших, эс орших нь тодорхойлогддог.
Иймээс энэхүү өгүүлэлдээ ардчилал ба улс төрийн намуудын хамаарал, Монгол дахь улс төрийн намуудын ардчилал, давуу болон сул талууд, цаашид хэрхэн ардчилах, бидэнд ямар боломж байгаа зэргийг илрүүлэх зорилготой.
Ардчилал ба улс төрийн нам
Хүн төрөлхтөний өнгөрсөн мянга мянган жилийн түүх бүхэлдээ иргэний эрхийг хамгаалдаг, иргэндээ хүрч үйлчилдэг төр засгийн байгуулах урт удаан, бас ээдрээтэй он жилүүд байсан.
Мэдээж эртний хаант засагтай төрт улсуудын түүхийг мөн хамарч байгаа ч тэр үед иргэдийн сонирхолыг илэрхийлэх нэгтгэх, хэрэгжүүлэх функцитэй нам хэмээх байгууллага хараахан бүрдээгүй байсан. Харин хожим бүгд найрамдах засаг тогтож иргэд өөрсдийн итгэлтэй төлөөлөгчөөрөө дамжуулж засгийн эрхийг барих болсон нь өнөөдрийн мэдэх төлөөллийн ардчилал, түүнийг үнэт зүйлс болсон улс төрийн нам хэмээх байгууллагыг хөгжүүлсэн гэдэгтэй хэнч маргахгүй Гэхдээ түүхэн хөгжлийн явцад нам, ардчилал хоёрын харилцаа, хамаарал тийм ч ойр дотно байгаагүй. Үүнийг АНУ-ыг байгуулах үед “Америкийн ардчиллын эцэг гэгддэг 13 улс төрчдийн байр сууриас тодорхой харж болно. Тухайлбал, анхны ерөнхийлөгч Ж.Вашингтон улс төрийн намыг эсэргүүцэгчдийн нэг байсан бол Жеймс Медисон, Томас Жефферсон нар улс төрийн намыг дэмждэг байжээ. Хожим бүх иргэд засгийн эрхийг хэрхэн, яаж барих вэ? яавал улс төрчидтэй хариуцлага тооцох боломжтой вэ? зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх аргаа олсон. Энэ нь XIX зууны дунд үеэс улс төрийн намыг төлөөллийн ардчиллын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь болгож төлөвшүүлсэн.
Чухамдаа ардчилал өөрөө эрхэмлэх бодлого болон олон төрлийн үзэл, бодлогыг өмгөөлөх, нэгтгэх, хэрэгжүүлэх институционал механизм болох намыг шаардах болсон. Учир нь ард түмний засаглалыг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн нам хэмээх байгууллага олон түмэнд хүрч үйлчилж, тэдний сонирхолыг илэрхийлэх, сонгогчдын дэмжлэг тулгуурлаж төрийн эрхийг авах, нийгмийн хөгжлийн альтернатив байр суурийг харьцуулах, үр ашгийг тооцох, хариуцлагатай ажиллуулах асуудлууд тулгарч байлаа.
Улс төрийн нам түүхэн хөгжлийнхөө явцад элитийн буюу цөөн язгууртнуудын, массын буюу олон түмний гэсэн хоёр ялгаатай хэв маягаар зохион байгуулагдаж иржээ. Хожим дээрхи хоёр намын зохион байгуулалтын хэв маягаас “саtсh аll party” буюу бүхнийг баригч нам болж хувирсан. Энэ нь төрийн эрх мэдлийг бүхэлд нь нам авах үзэл санаанд тулгуурлаж үүссэн. Харин өнөөдөр улс төрийн намуудын зохион байгуулалт эргээд бүх нийтийн намын зохион байгуулалт, түүний бүтцийг сонгох хандлага хүчтэй явагдаж байна.
Ардчилал нийгэм дэх цөөнхийн байр суурийг хамгаалж байдаг нь мөн явцуу сонирхол дээр тулгуурлаж нам байгуулагдах боломжийг олгож байдаг. Ийм төрлийн намууд өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт байна.
Мэдээж шийдвэр олонхийн байр суурь дээр тулгуурлаж гардаг. Энэ бол олонхийн ардчилал бөгөөд улс төрийн нам засгийн эрх барих зорилгоо хэрэгжүүлэхийн тулд олонхийн дэмжлэг авахыг шаарддаг нь намуудыг олон түмний нам буюу үндэсний нам болгож байна. Үндэсний хэмжээний намууд улс орны хөгжлийн ерөнхий бодлогоор өрсөлдөж засгийн эрхийг барьдаг ба намын гишүүд, дэмжигчидийг нас хүйс, арьс өнгө, үзэл бодлоор ялгахгүйгээр элсүүлдэг. Энэ тухай Францын судлаач М.Дюверже 1951 онд бичсэн “Улс төрийн нам” зохиолдоо ирээдүйд улс төрийн намууд элитийн намаас олон түмний нам руу бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, тэр дундаа гишүүнчлэлийн бодлого нь шилжих болно гэж дүгнэсэн. Учир нь улс төрийн нам орон зайн хүчин зүйлсийг үл харгалзан иргэн бүрт хүрч үйлчилж, тэдний хэрэгцээ, сонирхолыг нэгтгэх, илэрхийлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаагаас шалтгаалан сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхийг авах нь тодорхойлогддог.
Нам нь улс төрийн ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн дуу хоолой болох, олон ургалч үзлийг дэмжих, төр, нийгмийн холбох зуучлагч гүүр болж байдаг улс төрийн зорилготой иргэний байгууллага юм. Манай судлаачид улс төрийн намыг иргэний нийгмийн байгууллагаас хэт ангид авч үзэх хандлага хүчтэй байна. Гэтэл өрнөдийн судлаачид “сонирхлын бүлэг” гэсэн категорид улс төрийн нам болон бусад төрийн бус байгууллага, иргэний болон нийгмийн хөдөлгөөн, клуб, дугуйланг хамруулдаг. Учир нь эдгээр байгууллагууд бүгд цэвэр иргэдийн үүсэл, санаачлага, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж зохион байгуулагддаг юм. Ардчилсан улс оронд иргэд сайн дураараа, хэний ч дарамт шахалтанд оролгүйгээр улс төрийн намд элсэх, гарах нь нээлттэй байдаг.
Гэхдээ улс төрийн нам бусад сонирхолын бүлгээс ялгарах нэг зүйл бол засгийн эрхийг авах буюу нэгтгэж, илэрхийлж байсан сонирхолоо өөрсдөө хэрэгжүүлэх давуу эрхтэй явдал юм.
Ардчилал тогтсон болон шинээр ардчилагдаж буй мөн ардчилсан бус дэглэмтэй улс орнууд бүгд улс төрийн намуудтай. Гагцхүү эдгээр орнуудын улс төрийн намууд хэр ардчилсан байна вэ гэдэг л хамгийн сонирхолтой ажээ. Учир нь улс төрийн намууд хэр ардчилсан байгаагаас шалтгаалж тухайн улс орны ардчилал тодорхойлогдоно гэж дээр өгүүлсэн.
Ардчилал хэдий нь тогтсон, өндөр хөгжилтэй улс орнуудад улс төрийн нам хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлох альтернатив аргыг боловсруулдаг бөгөөд улс төрийн тогтолцоо нь намуудаа тогтоон барьж, улс төрийн системд хохирол учруулахгүйгээр зохицуулах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын цочироо нь нийгэм, улс төр болон эдийн засгийн хүрээнд нөлөөлж чаддаггүй. Эрх зүйн хүрээнд маш нарийн зохицуулахыг эрмэлздэг нь улс төрийн намууд хүссэн хүсээгүй дотооддоо болон гадааддаа ардчилсан болж төлөвшдөг юм.
Харин шинээр ардчилагдаж буй хуучин пост социалист орнуудад улс төрийн намуудын дотоод болон гадаад харилцаа нь улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд хүчтэй цочрол өгч, улс төрийн системийг хямруулдаг болохыг бид харж байна. Тухайлбал, Зүүн Европын зарим улс (Украин, Белорус, Гүрж), Төв Азийн хуучин коммунист дэглэмтэй байсан улс орнууд ч хамрагдана. Үүнд Монгол улс ч бас багтаж байгаа юм. Эдгээр орноос зарим нь өнөөдөр либерал ардчиллаас ухарч авторитар дэглэмтэй улс болоод байна. Энэ нь магадгүй эрх мэдлийн төлөөх намуудын олон талт харилцааг сайтар зохицуулж чадаагүй нь ардчилал чанаргүй болох үндэс болжээ.
Ардчилсан бус дэглэмтэй улс оронд “намын ардчилал”-ын тухай ярих ч хэрэггүй. Учир нь тэнд иргэний, улс төрийн болон эдийн засгийн бүх эрх, эрх чөлөөг хэсэгчилсэн болон бүхэлд нь олгодоггүй бөгөөд нам төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байдаг онцлогтой.
Аливаа улс орон олон намтай болсноороо шууд ардчилсан улс болдоггүй. Мэдээж улс төрийн намуудын хооронд засаглалын төлөөх өрсөлдөөн шударга бус явагдаж байдаг.
Гагцхүү энэ өрсөлдөөнд олонхийн санал авч чадсан намууд эрх мэдлийг тогтвортой болон ээлжлэн авдаг. Энэ бол намуудыг улс төрийн шүүлтүүрээр дахин шүүнэ гэсэн үг. Нөгөө талаас намуудын харилцаа, хамтын ажиллагаа ардчилсан бус байх шалтгаан нь тэдгээрийн хоорондын шудрага бус өрсөлдөөн юм. Үүнийг ардчиллын диллема гэж судлаачид дүгнэдэг.
Аливаа улс өөрийгөө ардчилсан эсвэл манай нам ардчилсан нам гэж бардамнаж байгаа л бол тэнд ардчилал чанаргүй зогсонги байдалд орж гэсэн үг. Учир нь ардчилал тогтмол шинэчлэл хийх, тасралтгүй хөгжихийг шаардаж байдаг. Иймээс тусгаар тогтоносон, ардчилалд шилжсэн улс бүр ардчилал дээрээ удаан оршиж чадаагүй бөгөөд хүрсэн ололтоосоо ухарсан улс цөөнгүй байдгийг түүх тодхон харуулж байна.
Тухайлбал, либерал ардчилалаас хагас ардчилал, хагас ардчилалаас ардчилсан бус дэглэм руу шууд ухарсан улсууд цөөнгүй. Тухайлбал, 1921 оны Итали, 1933 оны Герман, 1960-1970-аад оны үеийн Латин Америкийн орнууд 1991-1995 оны Төв Азийн Казакстан, Үзбекстан, Тажикстан, Кыргизстан зэрэг олон улсыг нэрлэж болно.
Мөн Америкийн эрдэмтэн С.Хантингтон аливаа улс өөрийгөө ардчилсан гэж зарлаж болно. Гагцхүү ардчилал дээрээ хэр удаан оршихыг ардчиллын суурь болсон эдийн засгийн үзүүлэлт харуулна гэж хэлсэн байдаг.
Фридомхаус олон улсын судалгааны байгууллагаас гаргасан дүнг харахад 2005 оны байдлаар ардчилал тогтсон болон шинээр ардчилсан 119 улс, ардчилсан бус 73 улс байна.
Эдгээр улсуудад намууд бүрэн ардчилагдаж чадаагүй л байна.
Иймээс судлаачид улс төрийн намуудыг хэрхэн ардчиллах вэ? гэдэг асуудалд хариулт өгөхийг эрмэлзсээр ирсэн. Судлаач Р. Михельс улс төрийн намуудын дотоод үйл ажиллагааг нээлттэй, шударга “дотоод ардчилалтай” болгоход онцгойлон анхаарч байсан бөгөөд гишүүд, дэмжигчдийн идэвхигүй сул байдалд нам дотор олигархичлал явагдах үндэс болдогт гутарч байсан. Харин М.Дюверже улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагаанд буюу намын “гадаад ардчилал”-д чиглэсэн судалгаа хийж байжээ.
Улс төрийн намуудыг ардчилалгүй болгож байдаг гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд
- Нэгдүгээрт: намын лидерүүд өөрсдийнхөө тоглоомын дүрмээ өөрсдөө зохиож, тэр дүрмийн дагуу өөрсдөө улс төрд тоглож байдаг. Энэ нь эрх баригч улс төрийн нам хэзээ ч өөрсдөдөө алдагдалтай, бусад жижиг намууддаа боломж олгосон, нийтийн эрх ашигт нийцсэн хууль баталдаггүй гэсэн үг.
- Хоёрдугаарт: намын дотоод үйл ажиллагаанд гишүүд дэмжигчдийн оролцоо, хяналтын механизм ямагт сул байдаг. Энэ нь иргэд өдөр бүр өөрсдийн төлөө нам ямар шийдвэр гаргах гэж байгааг сахиад суугаад байж чаддаггүй. Өөрсдийн итгэлтэй хүнээ сонгож, энэ хүн надад үйлчлэх ёстой гэсэн хоосон мөрөөдлөөр найдаж суудаг.
- Гуравдугаарт: харизматик лидерийг тахин шүтсэн иррациональ масс намуудыг ардчилалгүй болгодог. Энэ нь улс төрийн намын лидерүүдийн ямар нэгэн онцгой авъяас чадварт итгэж, өөрсдийг нь аврах байх гэсэн ухаалаг бус сэтгэлгээ юм. Харин үүний оронд улс төрийн намын гишүүд өөрсдийн итгэл үнэмшил, нийгмийн чиг баримжаагаа үнэт зүйл болгох ёстой.
Ардчилал улс төрийн намууд хамтран ажиллах, өрсөлдөөний журмаар засгийн эрхийг авахыг дэмждэг учраас ардчилал байгаа цагт улс төрийн нам иргэдийн олон талт сонирхолыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэсээр байх нь гарцаагүй ажээ. Чухамхүү ардчиллыг чанартай болгоход улс төрийн намуудыг ардчиллах нь нэн чухал ажээ.
Монголын намууд дахь ардчилал
Монгол улс ардчилалд шилжээд 16 жилийг туулжээ. Энэ бол хүний амьдралын насаар бол хариуцлага хүлээх чадвартай хуулийн этгээд болохыг хүлээн зөвшөөрөх нас. Магадгүй улс төрийн намын хувьд ардчиллыг тогтворжуулах хангалттай хугацаа байж болох юм.
Бидний баримтлах суурь зарчим бол ардчилал бол ард түмний засаг, орчин үеийн ардчиллыг хүний эрх, эрх чөлөө гэсэн ойлголтоос ангид авч үзэж болохгүй. Аль нь ч байсан бид “аливаа улс ардчилсан тогтолцоотой л гэж нэрлэгдэж байгаа бол тухайн улсад иргэдийн үзэл бодол, эрх ашгийг илэрхийлж, нэгтгэж, хэрэгжүүлж байдаг нам хэмээх улс төрийн институтуудын үйл ажиллагаа нь ардчилсан байх ёстой” гэсэн зарчим юм. Гэвч манай намууд ардчилалгүй байгааг захаас аваад харж байна.
Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахыг уриалсан ардчилсан үндсэн хуультай ч хүний эрх, эрх чөлөө нь тунхаглалын шинжтэй, амьдралд төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Үүнд,
- Үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх
- Үнэн бодит мэдээ, мэдээллээр хангагдах, мэдэх эрх
- Тайван жагсаал, цуглаан зохион байгуулах эрх
- Шударга шүүхээр шүүлгэх эрх
- Сонгож байгуулсан засгийн газраа хугацаанаас нь өмнө огцруулах эрх
- Нийгмийн бүхий л үйлчилгээг ялгаваргүйгээр хүртэх зэрэг олон олон эрх хязгаарлагдмал байна.
Бид өнгөрсөн хугацаанд ардчилсан төрийн институтуудыг цогцлоон бүрдүүлж чаджээ. Тухайлбал, манайд УИХ, Засгийн газар, Шүүх, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Иргэний нийгмийн байгууллагууд, Улс төрийн олон намууд зэрэг ардчилсан улс оронд байдаг бүх институтууд бүрдэж чадаж. Гагцхүү эдгээр интститутуудын функциональ тогтолцоо бүрдэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газар, Шүүх, улс төрийн нам зэрэг олон олон институтын эрх үүргийн хуваарилалт, нийгэмд гүйцэтгэж буй үүргүүд ардчилсан улс төрийн систем орших, нягтрах боломжийг олгохгүй байна Үүний хамгийн гол түлхүүр институт нь улс төрийн нам юм. Учир нь улс төрийн нам оролцоогүй улс төрийн аливаа үзэгдэл, үйл явц болдоггүй ажээ. Гэхдээ өнөөдөр намын оролцоо нийгмийн амьдралын бүхий л салбарт хэт хутгалдах болжээ.
Монголын улс төрийн намуудад ардчилалгүй байх үндсэн хэд хэдэн шалтгаан байна. Үүнд,
- Улс төрийн намуудын харилцааг зохицуулах эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байна.
- Намын гишүүд, дэмжигчдийн улс төрийн оролцооны идэвхигүй хэлбэр давамгайлсан.
- Ардчиллын үнэлэмж, үнэт зүйлс нийгмийн хөрсөнд буугаагүй.
- Авторитар удирдагчийг хүссэн нийгмийн эрэлт ихтэй.
- Эдийн засгийн нэн ядуу амьдрал зэргээс шалтгаалж байж болохыг үгүйсгэх боломжгүй.
Монгол улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль сонгуулийн тухай хуулиудаар улс төрийн намуудын харилцааг зохицуулж байна. Гэхдээ улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, хариуцлагын тухай асуудлуудыг дахин зохицуулах бодит шаардлага үүсээд байна. Зохион байгуулалтын хувьд Герман улс үндсэн хуулиндаа улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, дотоод үйл ажиллагаа нь ардчиллын зарчмуудыг баримтлахыг зааж өгсөн байдаг. Мөн АНУ нь улс төрийн намуудын санхүүжилтыг зохицуулсан тусгай хууль баталсан нь үр өгөөжөө өгч өнөөдрийн “ардчилсан нам”-уудыг төлөвшүүлжээ.
Монголчуудын улс төрийн боловсрол хангалттай сайн биш. Ихэвчлэн уламжлалт философи ойлголтондоо тулгуурлаж улс төрийн идэвхи, иргэний санаачлагаа хөсөрдүүлж байдаг. Сэтгэлгээний хувьд ах захаа хүндэтгэсэн уламжлалт ойлголтоосоо салж чаддаггүй. Энэ нь нийтийн эрх, хувь хүний эрх чөлөөнд хориг болж ирсэн бөгөөд улс төрийн идэвхитэй оролцоог хязгаарлаж ирсэн. Мен хуучин коммунист дэглэмийн албадлагын оролцооноос үл татгалзсан сэтгэлгээний ноёрхол давамгайлж байна.
Нөгөө талаас Монголын ардчиллыг дэмждэг олон улсын байгууллагуудаар хүрээлж чадсан ч “донор” орнуудын зээл, тусламж нийгмийн баялгын хуримтлал үүсгэхгүй, харин ч эсрэгээр үр ашиггүй, эргэж төлөгдөхгүй урсгал зардлыг нөхөж байгаа нь хамарсалтай. 1991-2004 он хүртэл манай улс 2,4 тэрбум долларын хөгжлийн зээл авсан. Үүний талаас илүү хувийг зам, тээвэр, эрчим хүчний салбарт зарцуулжээ. [http:/ www.adb.org]
Олон улсын байгууллагууд Монголын ардчиллыг бэхжүүлэхийн тулд хэрэгжүүлсэн олон олон төслийг зөвхөн төрийн байгууллагыг чадавхижуулахын тулд хэрэгжүүлсэн. Терийн байгууллагуудад хэрэгжүүлсэн төслүүд нь албан тасалгааны тохижилт, гадаад дотоодын томилгоо, үр ашиггүй сургалт семинаруудад зарцуулагддаг. Харин үүний оронд голлох гэсэн улс төрийн намуудыг ардчиллах, чадавхижуулахад чиглэж байсан бол өнөөдөр аль ч нам засгийн эрхийг авсан төрийн удирдлага гажуудахгүй, шударга, ардчилсан зарчмаар хэрэгжих боломжтой байжээ.
Монгол дахь ардчиллыг тодорхойлох нэг шалгуур үзүүлэлт бол нэг хүнд оногдох ДНБ, түүний өсөлт. Сүүлийн 10 жил нэг хүнд оногдох ДНБ 300$-500$ хүртэл өсөөд байна. Энэ бол дэлхийн бусад улсуудтай харьцуулах юм бол маш бага үзүүлэлт юм. Гэтэл 2004 онд Монголын эдийн засгийн өсөлт 10,6%-иар өслөө гэж намууд баахан шуугисан. Ард түмэн ч ашгүй цалин нэмэгдэнэ, амьдрал одоо л сайжирна гэж байсан. Харамсалтай нь энэ өсөлт иргэдэд мэдрэгдэхгүй алга болсон. Эдийн засгийн хувьд ийм буурай улс орон өөрийгөө мянга ардчилсан гэж цээжээ дэлдэж болно. Гэвч бодит байдал дээр ардчиллыг баталгаажуулах эдийн засгийн хөрс суурь ч алга.
Монголын улс төрийн намууд гадаад ардчилалын хувьд намууд харилцаа, хамтын ажиллагаа нь нэг нь нөгөөгөө эрс эсэргүүцэж, хийсэн бүтээсэн зүйлсийг баларуулдсаар ирсэн. Үүнийг бид өнгөрсөн 4 удаагийн УИХ-ын сонгууль, түүний үр дүнгээс харж болно. Тухайлбал, “манай нам гарч ирээд энийг хийсэн, өмнөх засгийн газраас хоосон, өрөнд орсон засгийн газар авсан” гэдэг үгийг олонтаа сонссон.
Үйл ажиллагаа, үзэл суртлын хувьд энэ намууд үнэхээр өөр юм уу гээд харахад тийм биш ажээ. Манай судлаачид ч, улс төрчид ч улс төрийн намууд бие биенээсээ ялгагдах гол онцлог нь “үзэл суртал” гэдгийг мартсан байна. Улс төрийн намын “амин сүнс” зүрх нь үзэл суртал байдаг гэдгийг гадаадын судаачид аль ХХ зууны дунд үед тогтоосон. Гэтэл өнөөдөр намууд үзэл суртлаас зугтах хандлага давамгайлж, зөвхөн хэлбэрийн төдий байдлаар ярьж байна. Магадгүй ийм байдалд 1990 оноос өмнөх хэт үзэл сурталжсан нийгмээс зугтсан өнөөгийн нийгмийн сэтгэл зүй нөлөөлж байж болох талтай.
Тэглээ гээд үзэл суртлаас намууд татгалзах нь өөрөө намуудыг чиг баримжаагүй, саармаг болгож байна. Манай зарим судлаачид, үүнд доктор Д.Болд-Эрдэнэ улс төрийн намуудын үзэл суртлыг нийгмийн ардчиллын төлөөх үзэл баримтлал гэж нэрлэсэн байдаг. [Д.Болд-Эрдэнэ 2001]
Дотоод ардчиллын хувьд манай намууд маш муу гэсэн дүгнэлтийг хийж болно. Учир нь монголын улс төрийн намууд гишүүд, дэмжигчдийн улс төрийн боловсролд огтхон ч анхаардаггүй, намын санхүүгийн үйл ажиллагааны тайланг доошоо биш дээшээ тайлагнадаг, анхан шатны болон орон нутаг дахь намын байгууллагын бүтэц, зохион байгуулалт сул, ямар ч чадавхигүй, дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагын саналыг үл харгалзан шийдвэр гаргадаг, нам дотор ямар ч хариуцлагын тогтолцоо байхгүй, төрийн албанд томилсон улс төрийн албан тушаалтнууд нь чадавхи сул зэрэг болно.
Улс төрийн намууд улс төрийн системийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс дараахь үүргийг гүйцэтгэдэг. Үүнд, төлөөлөх, элитийг элсүүлэх, бэлтгэх, зорилгоо томъёолох, сонирхолыг нэгтгэх, илэрхийлэх, нийгэмшүүлэх, дайчлах, засгийн эрхийн төлөө тэмцэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг. Харин манай улс төрийн намууд элитийг элсүүлэх, бэлтгэх буюу ирээдүйн лидерүүдийг бэлтгэх асуудалд хойрго хандаж байна. Мөн улс төрийн системийн тогтвортой байдлыг хадгалах үүргүүдийг хангалтгүй гүйцэтгэж байгаа нь улс төрийн олон хөдөлгөөнүүдийг үүсгэх шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, нийгэмд улс төрийн орон зай үүсгэж байгаа явдал бөгөөд энэ хоосон орон зайд улс төрийн болон иргэний хөдөлгөөнүүд тоглох боломж олгож байна. Тухайлбал, “Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг 10 гаруй хөдөлгөөн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн улс төрийн намууд дотор шинэчлэгч хөдөлгөөнүүд хэд хэдээр гарч байна. Энэ бол улс төрийн намууд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгааг илэрхийлж байгаа үйл явц. Хөдөлгөөнүүдийн түрүүч “нам” байгуулахаа зарлаж эхэлсэн нь эрх баригч намууд өөрсдийн орон зайгаа алдах айдсыг төрүүлж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэж олон нам дотроосоо шинэчлэгдэхийг эрэлхийлэх болов. Үүнд Ардчилсан нам, МАХН, Эх орон намууд болно.
Мөн намуудад итгэх иргэдийн болон гишүүдийн итгэл алдах болсон. Энэ хандлага зөвхөн манайд гарч байгаа үзэгдэл биш. ХХ зууны дунд үеэс Баруун Европ болон Хойд Америкд улс төрийн намуудад итгэх итгэл алдарч эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн намуудын шинэчлэлийн асуудлыг хөндөх болсон. Энэ асуудал хагас зууны дараа манайд давтагдаж байна.
Өрнөдийн орнуудын түүхийг харахад ийм нөхцөлд иргэд намаас татгалзаж, намд итгэл алдарч “намгүй нийгэм”-ийн тухай үзэл газар авдаг. Гэвч хүссэн ч, эс хүссэн ч улс төрийн намгүйгээр өнөөгийн ардчилал оршин тогтнохгүй гэдэг нэгэнт тодорхой ажээ. Тухайлбал, 1970-аад онуудад “Намууд төгсгөл боллоо” гэсэн зохиол Америкт гарч байсан ч өнөөдрийн хүртэл нам оршсоор л байна. Цаашид ч оршсоор л байх болно.
Намуудыг ардчиллах боломж
Мэдээж ардчилалгүй, хөгжилгүй байгаа намуудыг хараад сууж болохгүй. Энэ нь бидний иргэний болон улс төрийн эрхийг зөрчиж байгаагийн илрэл юм. Иймээс судлаачийн хувьд Монголын улс төрийн намуудын хэрхэн ардчиллах боломжтой тухай өөрийн саналыг дэвшүүлж байна. Үүнд:
- Улс төрийн намууд МХТ-ийг дотоод үйл ажиллагаандаа ашиглах, Монголын намууд мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг ашиглах нь намын дотоод болон гадаад харилцаанд эдийн засгийн болон орон зайн саад бэрхшээлийг даван туулах боломжийг олгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар МАХН, АН, ИЗН-ууд албан ёсны веб сайттай бөгөөд тэдгээрээс МАХН-ын веб сайт нь өдөр тутам шинэчлэгддэгээрээ бусдаасаа давуу талтай. Харин манай намуудын веб сайтууд зөвхөн дээрээс доош чиглэсэн мэдээллийн урсгалтай нь ардчиллын суурь зарчмуудыг зөрчиж байна. Иймээс голлох намууд вебсайт ашиглаж, дотоод болон гадаад бүхий л харилцаагаа “онлайн” хэлбэрт шилжүүлэх нь харилцааны доороос дээш, дээрээс доош хоёр талын харилцааг дэмжихэд оршино.
- Бүтэц, зохион байгуулалтын хувьд шинэчлэл хийх. Манай намууд өөрийн институционал болон функционал түвшинд дахин шинэчлэл хийх нэн тэргүүний хийх ажил болоод байна. Юуны өмнө намуудын удирдах дээд байгууллага, намын доторхи фракцын тухай асуудал, орон нутаг дах намын байгууллагуудыг чадавхижуулах, гишүүнчлэлийн сул хэлбэрийг сонгох зэрэг болно.
- Намуудын санхүүгийн үйл ажиллагааг нээлттэй болгох,Намын санхүүгийн тухай асуудал эртнээс эхлээд голлох асуудал болж тулгамдаж байсан ч өндөр хөгжилтэй орнууд эл асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Манай орны хувьд намын санхүүжилтыг бүрэн зохицуулсан хууль гаргах нь мөн тулгамдаж байгаа асуудал бөгөөд энэ нь намын эдийн засгийн бүлэглэлээс хараат байхаас тусгаарлах давуу талтай. Мөн улс төрийн нам ба авилгалын тухай асуудал ноцтой хөндөгдөж байгаа үед үүнийг шийдвэрлэх боломжтой.
- Гишүүд, дэмжигчдийн улс төрийн боловсролд анхаарч ажиллах. Монголчуудын улс төрийн боловсрол сул байгаа өнөө үед намууд гишүүд, дэмжигчиддээ улс төрийн боловсрол олгох сургалтуудыг тогтмол хийж байх нь нэн чухал ажээ. Энэ нь массын улс төрийн байр суурийг тогтвортой хадгалах давуу талтай юм.
- Жендерийн мэдрэмжтэй нам болох. Монголын улс төрийн намууд дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь маш бага бөгөөд тэр дундаа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо маш бага байна. Энэ нь хүнийг үзэл бодол, яс үндэс, арьс өнгө, нам хүйсээр нь ялгаварлахгүй гэсэн үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх тухай асуудал бөгөөд уламжлалт соёл, нийгмийн сэтгэлгээнд эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг олгоход дэвшил гарах юм.
Эдгээр асуудлуудыг зохих хэмжээгээр шийдвэрлэвэл намууд дотооддоо болон гадаад ардчилалтай байх үндэс бүрдэж байгаа юм. Энэ монголын улс төрийн хөгжил, хүний эрх, эрх чөлөөг хангахад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд эцсийн дүндээ Монгол дахь ардчиллыг чанаржуулахад түлхэц болох давуу талтай.