Р.Болд
/Судлаач/
Шинэ толь №57, 2006
Түлхүүр үг:
Ерөнхий социологийн онолтой өрсөлдөж буй бүтэц -үүргийн чиглэл нь зөрчил, мөргөлдөөнгүй нийгмийн загварыг дээдэлдэг билээ. Энэ чиглэлийг баримтлагчдын баталж буйгаар нийгэм бүр харьцангуй бат бөх, сайтар нэгдсэн, тогтвортой бүтэцтэй гэнэ. Нийгмийн элемент бүр нь тодорхой чиг үүрэгтэй, өөрөөр хэлбэл тэдгээр нь системийн тогтвортой байдлыг дэмжихэд ямар нэг хувь нэмэр оруулдаг, нийгмийн бүтцийн үйл ажиллагаа нь тогтвортой, нэгдмэл байдлыг хангаж байдаг нийгмийн гишүүдийн нийгэм-соёлын үнэт зүйлс, үнэлэмжийн зөвшилцөл дээр тулгуурладаг ажээ. Энэ тохиолдолд мөргөлдөөн нь зөвхөн тогтворжилтыг сааруулах сөрөг үүрэгтэй болно.
Амьдрах чадвартай функционал систем тогтвортой байдаг, тодруулж хэлбэл гадаад орчны хамгийн огцом өөрчлөлтөд ч тэнцвэртэй гэсэн үг. Бүтцийн функционализмын гарамгай төлөөлөгч Талкотт Парсонс (Talcott Parsons) нийгмийн функционал загварыг шинжлээд, мөргөлдөөн бол нийгмийн амьдралыг тогтворгүй, зохион байгуулалтгүй болгох гол шалтгаан гэж үзсэн байна [Parsons, T.., Szkice z teorii socjklkgicznej 1972].
Тэрбээр мөргөлдөөнийг нийгмийн гажиг үзэгдэл буюу даван туулах шаардлагатай нэг төрлийн өвчин гэж оношложээ. Энэхүү оношлогоо үнэхээр бодитой юу, хүмүүний нийгэм стаМөргөлдөөн нь нийгэм, сэтгэл зүйн хам үзэгдлийн хувьд өөрийн олон хүчин зүйлт мөн чанараараа системийн үзэгдэл мөн тул түүнийг системийн ерөнхий онолын нэр томъёогоор тодорхойлон судалж болно. Энэхүү судалгаанд зориулан системийн ерөнхий онолын дараахь зарчмын үндэслэлүүдийг дурьдахад хангалттай.
Аливаа юмс хүрээлэн буй гадаад орчинтой огт харьцахгүйгээр, өөрийн дотоод элементүүдийн харилцан үйлчлэлийн үр дүнг мэдрэхгүйгээр оршин тогтнодоггүй. Тэгэхээр оршин тогтнож буй бүх юмс нэгэн зэрэг ямар нэгэн гадаад систечийн элемент, мөн нилээд ерөнхий бүхэллэгийн үйл ажиллагааны нэг хэсэг болох төдийгүй өөрийн бүхий л элементүүдийн хувьд систем болдог ажгуу.
Систем бол элементүүдийн зүй тогтол бүхий эмхрэл цэгцрэл, холбоо хамаарлын нэгдэл юм. Нийгэм өөрөө нэгэн томоохон систем болохын хувьд зүй тогтолт харилцан шүтэлцээтэй, харилцан үйлчлэлтэй дэд системүүдээс бүрдэх ба дэд систем бүр бүтэц, хэсгүүдэд хуваагдана.
Аливаа системийн элементүүдийн харилцан үйлчлэл нь ямар нэгэн ашигтай үр дүнд хүрэхэд чиглэсэн шинжийг агуулдаг ба ерөнхий утгаараа өөрийн үндсэн шинж чанарыг хадгалж, цаашид түүнийг хөгжүүлэхэд чиглэдэг байна. Аристотелийн (Arystotelys) үгээр хэлбэл ямарваа цогц бүхэн угаасаа сайн сайхан руу зорьсон байдаг аж. Хэрвээ систем өөртөө ашигтай үр дүнд хүрвэл эерэг эргэх холбоо үүсч (зан үйлийн сонгосон аргаа дэмжих, бэхжүүлэх), тэр нь системийн сонгосон чиглэл (чанар)-д нийцүүлэн зан үйлээ тогтвортой байлгахыг идэвхжүүлж өгнө. Нийгмийн бүлгүүдийн системийн шинжилгээний онолч Жорж Хоманс (George Homans) “Бодгалуудын харилцан үйлчлэл нь нэгдэж хамтрах мэдрэхүйг гөрүүлж, улмаар идэвхжлийн шинэ давалгааг үүсгэн, харилцан үйлчлэлийг нь чангаруулдаг. Эргэх холбооны хуулиар тойрог битүүрч, нийгмийн систем өөрийгөө бий болгож бэхжүүлдэг” гэж тэмдэглэжээ [Homans G.H The Human Group New York, 1950. х. 119].
Хэрвээ эсрэгээр, систем нь өөртөө ашигтай үр дүнд хүрч чадаагүй буюу сөрөг үр дүнд хүрвэл сөрөг эргэх холбоо үүсч (зан үйлийн сонгосон арга барилыг нь саатуулах, засварлах), тэр нь сонгосон чиглэл (чанар)-рүүгээ чиглэсэн системийн зан үйлийн тогтворжилтыг сулруулдаг. “Хэрэв ямар нэг шалтгаанаар нийгмийн систем дэх харилцан үйлчлэл суларвал бодгалуудын идэвхжил буурч, нэгдэж нийлэх мэдрэхүй нь сулардаг” [Ноmans G.H. The Human Group .New York, ‘ Үогк, 1950. х. 119].
Эерэг ба сөрөг эргэх холбооны аль нь ч системийн хувьд хамгийн өчүүхэн багаас эхлээд түүний оршин тогтнох ахуйг хөндөх хүртэлх томоохон үйлчлэл үзүүлэх зэргээр тухайн системийн үйл ажиллагаа, оршин тогтнолд янз бүрийн нөлөөлөл үзүүлдэг. Тэдгээрийн аль нь ч үнэмлэхүй утгаараа системийн хувьд тааламжтай болон тааламжгүй гэж байдаггүй юм. “Бүлгийг үүсгэж буй тэрхүү холбоосууд нь системийн үйлчлэлийн процесс эсрэг чиглэл рүүгээ явж эхлэнгүүт системийг гэмтээж болно” [Homans G.H The Human Group ,New York ,, 1950. х. 120].
Дээрх хоёр төрлийн эргэх холбооны алин ч системийн зан үйл (өөрийгөө хамгаалах)-ийг зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд зөвхөн эргэх холбооны нөлөөгөөр систем нь өөрийнхөө зан үйлийн зөв бөгөөд үр ашигтай болохыг “мэддэг” болой.
Түүнчлэн системийн эерэг эргэх холбоо нь зөвхөн таатай үр дүнд хүрэхэд нөлөөлдөггүй аж. Тийм эерэг холбоо нь систем сөрөг үр дагаварт хүрсэн үед ч байж болно. Жишээлбэл, дурын А ба В гэсэн хоёр системийн хувьд хоёр төрлийн эерэг эргэх холбоо байдаг:
Зураг 1 (а)-аас үзэхэд В систем А системтэй харьцах эерэг эргэх харьцаагаараа (үйлдлээрээ) А систем нь В системтэй харьцах эерэг харьцаагаа (үйлдлээ) баталж байгаа учраас эерэг эргэх холбоо үүсч байна. Харин 1 (б) зурагт А систем нь В системтэй > арьцах сөрөг харьцаагаа (үйлдлээ) баталж байна. Аль ч тохиолдолд А системийн В системтэй харьцах харьцаа батлагдаж байгаа учраас 1 (а)-д ч, 1 (б)-д ч эерэг эргэх холбооны шинж бодитой оршиж байна. Тиймээс эерэг эргэх холбооны хуулийг: “сөрөг холбооны тэмдэг “-”-ийн тоо тэг буюу тэгш тоо байна” гэж томъёолж болно. Хэрэв энэ хууль үнэн бол эргэх холбоо үүсгэж буй шууд ба эсрэг харьцааны холбооны тэмдгүүдийн үржвэрийн үр дүн ямагт эерэг байна.
А системийн чангарал (сулрал) В системийн чангарал (сулрал)-ыг дагуулж байгаагаараа 1 (а) тохиолдол нь синергетик холбоонд хамаарна. Харин үүний эсрэгээр А системийн чангарал (сулрал) В системийн сулрал (чангарал)-ыг дагуулж байгаагаараа 1 (б)тохиолдол нь антагонист (үл эвлэрэх) холбоонд хамаарагдана. Эсрэгээрээ мөн ижил байна. Аливаа эерэг эргэх холбоо нь системийн чанарын тодорхой хязгаарыг хадгалахад түлхэц болдог аж. Нягталбат, системийн уламжлалыг хадгалах нягууртай түүний гол үүрэг энд харагдана.
Сөрөг эргэх холбоо нь эсрэг тэсрэгийн хуулинд захирагдана. Тухайлбал, хэрэв А-ийн В-д харьцах харьцаа эерэг бол “+” тэмдэгтэй байх ба эсрэгээрээ В-ийн А-д харьцах харьцаа сөрөг байх ёстой бөгөөд “-” тэмдэгтэй байна. Өөрөөр хэлбэл, сөрөг эргэх холбооны хувьд шууд ба эсрэг харьцааны тэмдгүүдийн үржвэрийн үр дүн нь ямагт сөрөг байх ёстой (зураг № 2).
Зураг № 2 (а)-д А системийн В-д харьцах эерэг харьцаа В-ийн А-д харьцах сөрөг харьцаагаар няцаагдаж, зураг 2 (б)-д А системийн В-д харьцах сөрөг харьцаа В-ийн А-д харьцах эерэг харьцаагаар тус тус няцаагдаж байна. Аль ч тохиолдолд А-ийн В-д харьцах харьцааүл баталгаажиж, үүний улмаас/1 ба В системүүдийн харилцаанд сөрөг эргэх холбоо үүсч байна. Сөрөг эргэх холбоо нь системийн ямар нэг чигт (чанарт) хөгжих тогтворжилтыг сулруулж, ингэснээрээ систем нь зорилгоо биелүүлэх шинэ чиглэлийг (чанарыг) хайх урьдчилсан нөхцлийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, сөрөг эргэх холбоо нь систем чанараа өөрчлөхөд хүргэж байна. Энд түүний хувьсган шинэчлэгч гол үүрэг харагдах аж.
Аль ч төрлийн эргэх холбооны суурь элемент нь элементүүдийн “+” тэмдэг бүхий эерэг хамаарал ба элементүүдийн тэмдэг бүхий сөрөг хамаарал байдаг. Аливаа эерэг хамаарлын гол үүрэг нь бодгалуудыг нэг ерөнхий анги (ерөнхий категори)-д нэгтгэх явдал юм. Тийм хамаарал хичнээн хүчтэй байх тусам нэгдэж буй анги төчнөөн нэг төрлийн байна. Нэгдэж буй бодгалууд эцсийн эцэст ижилхэн, өөр хоорондоо огт ялгарахгүй, харилцан бие биенээ орлосон элемент болж хувирах юм бол бүрэн гомоген (цул нэгдмэл) болно.
Сөрөг хамаарал нь эсрэгээрээ, аливаа ерөнхий ангид хамаарах бодгалуудыгянз бүрийн дэд ангиуд (категориуд)-
д салгах гол үүрэгтэй. Тийм хамаарал хичнээн хүчтэй байх тусам нэгдэж буй анги төчнөөн олон төрөл болно. Бодгалууд эцсийн эцэсг олон тооны үл зохицох, харилцан бие биенээ үл орлох энгийн элементүүдэд хуваагдаж, өөрөө дээд зэргээр гетероген (олон янзын хэв маягтай) болно. Тийнхүү системийн элеменгүүдийн эерэгхамаарал тэдгээрийг тухайн бүтцийн гомоген гиигүүн, харин сөрөг хамаарал нь гетероген гишүүн болгоно.
Ихээхэн ерөнхий утгаар хэлбэл амьд юмсын хувьсал дахь эерэг холбоо нь тэрхүү юмсын үндсэн шинж тэмдгүүдийг (ноён нурууг) хадгалж, нэгтгэх, харин сөрөг холбоо нь тэдгээрийг өөрчилж, ялгаруулах үүрэгтэй болой. Дорнын гүн ухааны хэлээр яривал эхнийхийг нь билиг буюу билгийн тал, удаахыг нь арга буюу аргын тал гэлтэй.
Аливаа тогтолцооны арга, билиг хэмээх талуудын шинж чанар, үүргийн тухайд профессор Ы.Хавх тэмдэглэхдээ: “Нэгдэл буюу билиг нь аливаа юмсын хөгжил хөдөлгөөний чиг шугам, гол агуулга, ахиц шат эхлэл, төгсгөл, өнгөрсөн, одоо, ирээдүйг зааж тодорхойлно, тэрээр хөгжлийг тухайн шатанд нь барьж тогтоох, тогтвортой, тэнцвэртэй, тухайн шатан дахь гол шинж чанарыг хэвээр байлгах үүрэгтэй. Энэ бол хөгжил хөдөлгөөнд билиг буюу нэгдлийн гүйцэтгэх гол үүрэг”. Харин “Тэмцэл буюу арга болбоос аливаа юмсын хөгжил хөдөлгөөнийг далайцтай, хүч чадалтай болгох, эрчимжүүлэх, хөгжлийн нэг шатыг дараагийнхаар нь халж солих, өөрчлөх хувиргах үүрэгтэй” гэжээ [Хавх. Н., Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн гүн ухаан. УБ. 2005. х. 28].
Дээр дурьдсанаас дүгнэж үзвэл арга, билиг буюу эерэг ба сөрөг холбоо нь харилцан нэгнийгээ нөхцөлдүүлж байдаг аж. Тэдгээрийн аль нь ч эсрэг талгүйгээр оршин тогтнож чадахгүй юм. Сөрөг холбоо бол эерэг холбооны салшгүй дагуул. “Билигт эрч хүч дутагдахүчийг олон эрчимжинэ. Аргын чиг шугам голч агуулга, зүг чиг, залуур жолоодлогоор гачигдана, билгийг түшсэн арга зүг чигийг олж, голч нуруу бүхий агуулгатай болно. Энэ бол билиг, арга хоёр харилцан бие биеэ нөхцөлдүүлж байгаа хэрэг” [Хавх. Н., Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн гүн ухаан, УБ. 2005. х. 28-29].
Орчлон ертөнцөд оршин тогтнож буй бүх юмс үзэгдэл тодорхой хил хязгаарт оршиж, өрнөдөгийг бид сайн мэднэ. Чингэвэл сөрөг холбоо нь системийн элементүүдийн нэгдлийг хангаж байдаг эерэг холбооны хязгаарлалт (үйл ажиллагааны хил хязгаар) мөн. Нэг үгээр хэлбэл сөрөг холбооны чадамж эерэг холбооны чадавхиар хязгаарлагдана. Эсрэгээрээ мөн тийм байна.
Хэрвээ систем нь сөрөг эргэх холбооны нөлөөгөөр бий болсон элементүүдийн өсөн нэмэгдэж буй ялгарал, чанарын эрс тэс өөрчлөлтийг зогсоох, түүнийг үгүйсгэж чадахгүй бол нөхцөл байдал өөрчлөгдөх буюу өөрөөр хэлбэл, систем нь өөрийн элементүүдийн нэгдлийг өмнө оршин тогтнож байсан хэлбэр, хил хязгаарынхаа хүрээнд хадгалж чадахгүй болтол сөрөг эргэх холбоо чангарч хүчээ авбал мөргөлдөөн үүснэ.
Иймд системийн үүдщээс авч үзвэл мөргөлдөөн гэдэг нь систем өөрийн оршин ахуйнхаа хил хязгаарыг тогтоон барьж чадахгүй, өөрийн дотоод зорилтоо хэрэгжүүлэх чадамжгүй болох болон тухайн чиглэлдээ, тухайн түвшиндээ, өмнөх нөөцөорөө хөгжих суурь тогтворжилтоо алдаж, улмаар системийг одоогийн шпнж чанараар нь хадгалж үлдэх боломжгүй болгох тийм сөрөг эргэх холбооны нэг төрөл юм.
Мөргөлдөөний зайлшгүй шинж тэмдэг нь сөрөг эргэх холбоо буюу. Мөргөлдөөн бол хэн бүхний мэдэх диалектикийн зөрчлийн хуулийн логикоос бүтцийн хувьд үүдэлтэй бөгөөд энэхүү учир эүйгээр бол ямар ч эсрэг тэсрэг хоёр санаа хамтдаа үнэн, эсвэл цугтаа худап байж болдоггүй юм.
Мөргөлдөөний шалтгаан нь системийн өөрийнх нь дотоод элементүүдийн хооронд, юуны өмнө түүний шалтгаант хувьсагчуудын хооронд болон систем ба гадаад орчны хооронд сөрөг эргэх холбоо үүсэхтэй холбоотой. Үүний эхний тохиолдол нь дотоод мөргөлдөөн, хоёр дахь нь гадаад мөргөлдөөн юм. Бодит байдал дээр бүх гадаад мөргөлдөөн нь өөрийнх нь оршин тогтнох нөхцөл болох дотоод мөргөлдөөний илрэл, үргэлжлэл мөн. Гэвч зөвхөн дотоод мөргөлдөөн гадаад мөргөлдөөнд нөлөөлөхгүй. Гадаад мөргөлдөөн үүсэнгүүтээ дотоод мөргөлдөөнийг идэвхжүүлэх, эсвэл сулруулах, аль эсхүл энэ хоёр үйлчлэл нэгэн зэрэг дотоод мөргөлдөөнд нөлөөлж эхэлнэ. Үүний үр дүнд сүлжилдсэн тойрог үүсч, заримдаа түүнийг задлахад маш хүнд болдог. Жишээлбэл, бие хүний сэтгэл зүйн дотоод зөрчилдөөний түгээмэл тохиолдол болох өөрийгөө доогуур үнэлдэг хүн түүнийгээ батлахын тулд зориуд сөргөлдөөнт нөхцөл байдлыг хайх буюу бий болгож, улмаар би алдаа гаргаагүй гэдэгтээ итгэн улам хичээж, үүнээсээ таашаал авч болох юм.
Сөрөг эргэх холбооны үр дүнг системийн тогтвортой, тэнцвэртэй оршин тогтнох буюу түүний урьд өмнөх төлөв байдалдаа их бага ямар нэгэн хэмжээгээр тогтвортой хөгжих нөхцөлийг нь алдагдуулдаг “цочироо” гэж үзэж болно. Системийн шинжилгээний онолчдын байгалийн түгээмэл хууль хэмээн үздэг “орчиндоо зохицох хууль”-ийн дагуу систем нь тийм цочироог хүлээж авмагц өөрийн оршин тогтнол, үйл хөдлөлийнхөө өмнөх болон шинэ түвшинд тогтвортой байдлыг сэргээхийг эрмэлздэг [Homans G,H The Human Group NewҮогк. 1950. х. 422]. Ийм хуулийг амьд системийн хувьд өөрийгөө хамгаалах, аливаа гадаад, дотоод саадыг үл харгалзан зорьсноо хэрэгжүүлэхийн төлөөх амьдрах чадвар гэж тайлбарлаж болно. Бүх амьд (магадгүй амьгүй зүйл ч) юмсын тэргүүн зэргийн зорилт нь өөрийгөө хамгаалах, дотоод зорилго, хөгөлбөрөө хэрэгжүүлэх явдал бөгөөдзөвхөн үүний ачаар л оршин тогтнож байдагбайна. Системийн тэнцвэртэй оршин тогтнох, гаднын сөрөг эргэх холбоо бүхий цочироох үйлчлэлд тогтвортой байх зэрэг нь дээрх үзэл баримтлалын үүднээс авч үзвэл бүхий л саад тотгор болох задлах үйлчлэлийн эсрэг өөрийгөө хамгаалах, дотоод зорилтоо хэрэгжүүлэх чадвар юм.
Хэрвээ аливаа нээлттэй систем амьдрахын тулд хаос болон эмх цэгцийн хоорондын зөрчлийг даван туулах, сөрөг эргэх холбооны үр дагаврыг бууруулахыг эрмэлздэг нь үнэн бол харьцангуй дээд зэргийн эмх замбараагүй байдалд хамаарах мөргөлдөөний хувьд энэ нь бүр ч үнэн болой. Мөргөлдөөний байдалд байгаа систем аль болохоор хурдан мөргөлдөөнгүй байдалд эргэж орохыг эрмэлздэг. Тэгэхээр мөргөлдөөн бол системийн оршин ахуйн тогтвортой байдлыг алдагдуулах төдийгүй системийн оршин тогтнолд үүссэн саад бэрхшээл, түүний урьд өмнөх тэнцвэртэй байдлын түвшингээ сэргээх, эсхүл шинийг эрэлхийлэх чиглэлд нэгэн зэрэг болон шууд хамааралтайгаар хүчтэй нөлөөлдөг байна. Өерөөр хэлбэл, мөргөлдөөн гэдгийг аливаа сөрөг холбооны адилаар системийн өөрт зохимжгүй хэлбэрээс өөрийн дотоод зорилтоо хэрэгжүүлэхэд зохицсон шинэ хэлбэрт шилжих, түүнийг эрж хайх, бүтээх үйл явц гэж ойлгож болно.
Мөргөлдөөн нь тухайн системийн харьцангуй тогтвортой байдлыг хангадаг [Coser Lewis,The Functions of social conflict,NewҮогк, Тhe Free Press. 1956. х. 72 – 80]. Өмнөх тогтвортой байдалдаа эргэж орох, эсхүл шинийг олохын тулд систем өөртөө бий болгодог бүх боломжууд нь мөргөлдөөнийг шийдвэрлэх боломжит шийдлийн мужийг үүсгэнэ. Харин аливаа мөргөлдөөний боломжит шийдлийн муж нь сисгемийн бүх элементүүдийн эерэг эргэх холбоог үүсгэхэд хүргэдэг харилцааны зохидлыг бүрдүүлэх явдал мөн. Тийм зохицлын гоонд системийн элементүүдийн синергетик болон антагонист холбоо багтана.
Тэгэхлээр мөргөлдөөнийгзаримдаа антагонизмтай адилтгаж үздэг нь буруу юм. Илрэн гарах хэлбэрээсээ үл хамааран дайсагнах хандлага, хэрүүл, түрэмгийлэл, хүчирхийлэл, дайн зэрэг антагонизм нь мөргөлдөөнийг шийдвэрлэх өвөрмөц хэлбэр, түүний үүсэн гарахын эсрэг хүч бөгөөд синергизмтэй харьцуулахад багагүй тааламжтай, тоггвортой арга байж болох юм. Ердийн ойлголтоор мөргөлдөөн нь алив нэг хэлбэрээр гарч буй хүчирхийллийн жирийн илрэл тул дээрх давхцал гайхмаар ч юм биш. Гэвч энэ нь шинжлэх ухааны ном зохиолд нэлээд тааралдцаг. Тухайлбал, нэрт социологич Льюис Коузерын (lewis Coser) өгсөн мөргөлдөөний сонгодог тодорхойлолтод эдгээр хоёр ойлголт мөн давхццаг билээ. Тэрбээр “Нийгмийн мөргөлдөөн гэдгийг үнэт зүйлс, эрх мэдэл, нийгмийн байр суурь болон бүгдэд үл хүрэлцэх эд баядгийн төлөөх тэмцэл хийгээд уг тэмцэлдээнд сөргөлдөгч талуудын зорилго нь шаардлагатай зүйлсийг олж авах төдийгүй өрсөлдөгчөө саармагжуулах, зайлуулах, устгах явдал мөн гэж тодорхойлж болно” гэжээ [Coser Lewis ,The Functions of Social Conflict, New York ,The Free Press . 1956. х. 8].
Мөргөлдөөнгүйгээр нэг ч систем гол зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өөрийн шинж төлөв, чиглэл буюу хөгжлийн түвшингээ мэдэгдэхүйц өөрчлөх чадваргүй байдагт мөргөлдөөний гол утга учир оршино. Хэрвээ мөргөлдөөн байгаагүй бол амьд системд ямар ч өөрчлөлт, ямар ч ялгарал, ямар ч төрөл зүйлс байх боломжгүй, нэг ч систем шинэ төлөв байдалд орж, шинэ чиглэл буюу хөгжлийн шинэ түвшинг сонгох чадваргүй байх байсан. Биднээс үл хамааран хувьсах гадаад орчинд тийм хөдөлгөөнгүй, царцанги байдат нь бүх амьд юмсыг нэн даруй мөхөлдхүргэх байв.
Н.Хавхын үзэж буйгаар “Юмсын хөгжил билиг буюу нэгдлийн тал туйлншрсан тохиолдолд зогсонги, арга буюу тэмцэл туйлширсан тохиолдолд задрал, бутрал, сүйрэлд ордог юм байна. Харин тэдгээр талууд диалектик харилцаанд байх тохиолдолд уг үзэгдэл юмсын хөгжил, хөдөлгөөнд тэнцвэрт байдал бий болно. Учир нь ингэснээр нэгдэл нь тэмцлээ, билиг нь аргаа түшиж идэвхжинэ, зогсолтын туйлшралд эс орно, тэмцэл нь нэгдлээ, арга нь билгээ түшиж түүний эрч хүч, урагшлах тэмүүлэл нь зохистой хэмжээнд орно, задрал бутрал, сүйрлийн туйлшралыг эс үзнэ” [Хавх. Н., Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн гүн ухаан, УБ.2005.Х. 35].
Ийнхүү мөргөлдөон системийн оршин тогтнох өмнөх хэлбэрийг хөндөж, иигэснээрээ шинэ зам, амьдрах шинэ аргыг сонгох буюу бий болгох нөхцлийг бүрдүүлдэг. Мөргөлдөөн нь өөрийн далд нөөц бололцоог илрүүлэх боломжийг системд олгож, цагийн эрхээр өөрчлогдөхийг шаарддаг учраас амьдрах чадвартай хэвээр үлддэг болой. Тэгэхээр ямарваа систем нэг тогтвортой байдлаас нөгөөд шилжих нь зөвхөн мөргөлдөөн үүсч, түүнийг шийдвэрлэх замаар хэрэгжих боломжтой юм аа.
Философид “…юмс, үзэгдлийн дотоод шалтгаанаар болон материаллаг байгууламжийг бүрдүүлэгч элементүүдийн дотоод шинжээр нехцөлдсөн юмс, үзэгдлийг зайлшгүй гэж нэрлэдэг” [Содномгомбо. Д„ Дарьхүү. Р., Философи, УБ, 2004. х. 142]. Нэг үгээр хэлбэл, тодорхой нөхцөлд заавал болдог үйл явцыг зайлшгүй гэнэ. Харин мөргөлдөөн бол зайлшгүй юм. Зайлшгүйн шалтгаан уг системийн дотор байна. Тэр нь системийн хувьд байнга, тогтвортой байдаг. Энэ үүднээс мөргөлдөөний онолд (К. Маркс, Р. Дарендорф зэрэг) нийгэм бол зайлшгүй зөрчил, мөргөлдөөн бүхий нарийн төвөгтэй систем гэж үздэг. Аливаа зарчмаар нэгдсэн янз бүрийн нийгмийн бүлгүүд (системийн элементүүд) нийгмийн бүтцийг бүрдүүлдэг. Нийгмийн бүлгүүд (ангиуд, нийгмийн давхраа, угсаатнууд) нийгмийн бүтцэд янз бүрийн байр суурь эзэлж, нийгмийн төрөл бүрийн материаллаг болон материаллаг бус үнэт зүйлс, нөөц баялгаас хүртэх, хэрэглэх янз бүрийн боломжтой байдаг. Иймээс нөөц баялаг, эрх мэдлийн хомсдол, тэдгээрийн тэгш бус хуваарилалт нь нийгмийн мөргөлдөөний үндсэн шалтгаануудын нэг мөн бөгөөд тэртээ тэргүй хомс нийгмийн баялгийг тэгш бус хуваарилах тусам “дээд” болон “доод” анги, “ядуучууд” болон “баячуудын” хоорондын зөрчил төдийчинээ гүнзгийрч. мөргөлдөөн төчнөөн хурц болно [Болд. Р., К. Маркс ба мөргөлдөөний онол, Шинэ Толь, № 55, УТБА. 2006. х. 115-126].
Харин Т.Парсонсын үзсэнээр бол улс төрийн амьдрал нь нөец баялагт хяналт тавихын тулд ангийн хооронд явагдах тэмцэл бус, харин ангиуд зохицох үйл явц аж [Bold .R.., Konflickty Spoleczne w Przedsiebiorstwie Przemyslowym,Praca magisterska,ac-demia Ekonomiczna w Poznaniu, та§1з1:ег8ка, АкабепнаЕкопопнсгпа \у Ро2пап1и, 1980. х. 24-26].
Английн социологич Перси С. Коэн (Реп’1 СоИеп) нийгмийн функционал болон мөргөлдөөнт хэмээх хоёр загварыг хооронд нь харьцуулж үзээд бодит байдалд уг загваруудын бүх үндэслэлгээг нэг дор хамтад нь авч үзсэн онолын тийм үзэл баримтлал байх аргагүй юм, үүний зэрэгцээ эдгээр загварын үндэслэлгээнүүд харилцан нэгнийгээ бүрэн хэмжээгээр үгүйсгэхгүй байгаа, гэхдээ тэдгээр нь нийгмийн өөр өөр дүр зургийг илэрхийлдэг гэсэн дүгнэлт хийжээ [Сohen P,S .., Modern Social Theory, London 1970 1970. х. 208]. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:
Мөргөлдөөн бүр системийг шинэ төлөвт оруулдаггүй бөгөөд зарим систем мөргөлдөөний үр дагаврыг саармагжуулан улмаар хуучин төлөвөө хадгалж, зарим нь задардаг боловч мөргөлдоөнгүйгээр амьдралын шинэ хэлбэр үүсэх, хуучин нь мөхөх, хувьсан өөрчлөгдөх зэрэг хөгжил байх боломж зарчмын хувьд байхгүй юм. Чухамдаа мөргөлдөөнийг өөрийн оршин тогтнох үзүүлэлтээ өөрөө зохицуулах амьд системийн хувьсах чадвар гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, мөргөлдөөн нь хэдийгээрамьд организмын оршин тогтнох, түүний хувьсах хэлбэрүүдийн гетероген чанарыг нэмэгдүүлэх хангалттай нөхцөд биш боловч бас ч чухал нөхцөл мөн.
Тийнхүү мөргөлдөөн нь амьд систем бий болох, устах, өөрчлөгдөх, ялгарах, шннэ төлөв байдлыг олох зайлшгүй нөхцөл, системийн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдийг өөрөө зохицуулах чухал нөхцөл болдогт мөргөлдөөний системлэг мөн чанар оршино. Энэ бол мөргөлдөөний “сүйрүүлэн бүтээгч” шинж юм. Мөргөлдөөнгүй байх нь өмнө нь олсон төлөв байдлыг механикаар хадгалах баталгаа болох авч нөгөө талаар өөрийн оршин тогтнолыг үгүйсгэж буй хэрэг юм. ‘ ‘үйрлэж хэлбэл нуухьхг нь авах гээд нүдийг нь сохлохтой адил болой.
Мөргөлдөөн гэдэг нь гагцхүү нийгмийн зохион байгуулалтыг алдагдуулж, нийгмийн систем, түүний материаллаг баазыг бусниулдаг эмгэг үзэгдэл гэж үзэх юм бол мөргөлдөөнд хандах гол асуудал нь мөргөлдөөнийг дарж устгах, нэн даруй шийдвэрлэхэд орших байсансан. Харин мөргөлдөөнийг нийгмийн амьдралын зүй тогтолт үзэгдэл, хөгжлийн хөдөлгөгч хүчин болж буй зөрчлийг шийдвэрлэх нэг арга хэрэгсэл гэж зөвшөөрөх юм бол асуудал өргөжиж гүнзгийрнэ. Өөрөөр хэлбэл, асуудал олон талтай болж, мөргөлдөөний мөн чанар, түүнийг удирдан чиглүүлэх, зохицуулж шийдвэрлэх механизмыг тодорхойлохдоо түүний эвдэн бусниулах сөрөг үүрэг, үр нөлөө хийгээд бүтээлч эерэг үүрэг, үр нөлөөний аль алиныг харгалзах шаардлагатай болно.
Нийгмийн үйл явц нь байгаль – биологийн үзэгдэлтэй жишихэд хэрхэвч хар аяндаа урсгалаар явагддаггүй, ямагт удирдан чиглүүлэхийн цогцлол болсон зохион байгуулалтын тодорхой зарчимд захирагдсан байдаг билээ. Энэ үүднээс авч үзвэл нийгмийн субъектүүдын хоорондын өвөрмөц харилцааны хэлбэрийнх нь хувьд мөргөлдөөнийг удирдан чиглүүлж болно. Удирдан чиглүүлэх гэдэг нь системийн өвөрмөц байдлыг журамлах, боловсронгуй болгож, хөгжүүлэхийн тулд нийгмийн үйл явцад зорилго чиглэлтэй нөлөөлнө гэсэн үг юм.
Чухамхүү мөргөлдөөн бол аль нэг субъектын үнэт зүйлс, үнэлэмжийг үндэс болгон нийгмийн тухайн үеийн хөгжлийг зохистой болгоход ашигладаг арга хэрэгсэл юм. Харин удирдан чиглүүлэх ажил бол ухамсартай зохион байгуулагдсан системийн нэг үүрэг мөн бөгөөд энэ үүрэг нь системийн бүтцийг боловсронгуй болгох нөхцөл бүрдүүлж, үйл ажиллагааны дэглэмийг дэмжин, хөтөлбөр, зорилтыг биелүүлэхэд тус дэм болох учиртай.
Ральф Дарендорфын концепц
Сэтгүүлийн 55 дугаарт миний бие Карл Марксын мөргөлдөөний онолын тухайд бичсэн өгүүллийнхээ эцэст мөргөлдөөний онолын бусад төлөөлөгчид, тухайлбал Ральф Дарендорфын (Ralf Dahrendorf ) үзэл баримтлалын талаар танилцуулахаа уншигчиддаа амласан билээ[1]. Одоо уг амлалтаа биелүүлэх боломж гарлаа.
Марксаас хойш мөргөлдөөний онолын хэд хэдэн хувилбарыг өрнөдийн судлаачид дэвшүүлсэн байдаг. Орчин үеийн нэлээд нөлөөтэй онолын нэгэнд Германы социологич Дарендорфын концепц орно. Өнгөрсөн зууны 50-иад оны сүүлээр Дарендорф “мөргөлдөөнтэй нийгмийн загвар” гэж нэрлэгдсэн нийгмийн мөргөлдөөний шинэ онолоо өөрийн бичсэн “Аж үйлдвэржсэн нийгэм дэх анги ба ангийн мөргөлдөөн” хэмээх алдарт бүтээлдээ тусгажээ.[2]
Уг бүтээлд Марксын нийгмийн анги болон ангийн тэмцлийн тухай онолыг өргөн хүрээтэй авч үзсэн байдаг. Нийгмийн мөргөлдөөн нь угтаа ангийн тэмцлээс үүдэлтэй гэсэн Марксын сургаалийг Дарендорф үгүйсгээгүй. Гэвч Дарендорфын үзэж буйгаар ангийн тэмцлийн марксист онол нь орчин үеийн капигалист нийгмийн мөргөлдөөнийг тайлбарлаж чадахгүй аж. Тэрбээр эдийн засгийн шинжээр ялгарсан ангиуд бол нийгэм дэх гол сөргөлдөгч бүлгүүд мөн гэсэн Марксын санааг үгүйсгэсэн юм. Учир нь Маркс хэрээс хэтэрч, ангиудыг дан ганц өмчийн харилцааны үүднээс тодорхойлж, тэрхүү ангиудын хоорондох мөргөлдөөнт ашиг сонирхлыг нийгмийн бүхий л өөрчлөлтийн үндэс суурь хэмээн тодорхойлсон гэж Дарендорф гомдолложээ. Өмчийн сүр хүч нь гарцаагүй улс төрийн эрх мэдэл болон хувирдаг гэж Маркс үзсэн бол Дарендорф байдал заавал тийм байх ёстой хэмээн үзэх үндэслэл байхгүй гэжээ.
Үүний оронд мөргөлдөөний гол эх булаг нь нэг хэсэг хүмүүс нөгөөгөө захирч байгаа явдал юм гэсэн санааг Дарендорф гаргасан байна. Нийгмийн бүтцээс сөргөлдөгч бүлгүүд хэрхэн гарч ирдэг вэ гэсэн өөрийн асуултад Дарендорф хариулахдаа, нийгмийн зохион байгуулалт нь ерөнхийдөө захирдаг болон захирагддаг хоёр хэсэг хүмүүсээс бүрддэг бөгөөд сөргөлдөгч бүлгүүдийн үүсэл үүнээс эхтэй гэжээ[3]. Түүнийхээр бол ангийн мөргөлдөөн нь эрх мэдлийн эргэн тойронд голомттой байдаг ба хамгийн гол өөрчлөлт засаглалын системд хамаарна.
Дарендорф ангийн тэмцлийн шинж чанар эрх мэдлийн шинж чанараар тодорхойлогдох бөгөөд мөргөлдөөн дарга цэргийн хоорондын харилцаагаар бус эрх мэдэл хэн нэгэнд нь илүү их байгаатай голлон холбогдоно гэж үзсэн. Хэн ямар хэлбэрээр нөөц баялгийг захиран зарцуулж байна вэ? Энэ асуулт “хэний гарт эрх мэдэл байна вэ” гэсэн бас нэг асуулттай гарцаагүй холбогдож байна. Удирдлага бол аливаа нийгмийн гол чиг үүрэг мөн. Удирдагч нар удирдуулдаг олон түмнээсээ ямагт илүү эрх мэдэлтэй байдаг. Чухамхүү үүнд л нийгмийн харилцааны аливаа систем дэх төв мөргөлдөөн оршйно. Хүмүүс хоорондоо хэн нь ядуу, хэн нь баян, хэн нь үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, хэн нь цалингаараа амьдардаг гэдгээрээ төдийгүй хэн нь эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог, хэн нь оролцдоггүй гэдгээрээ хуваагддаг юм. Гэхдээ эрх мэдлийг хэрэгжүүлэхэд засаглалд оролцдог, оролцдоггүй гэсэн хуваагдалтай харьцуулбал бусад нь хоёр, гуравдугаар зэргийн ач холбогдолтой болно.
Аль, ч нийгэмд засаглал хуваах харилцаанд хүмүүсийн нийгмийн байр суурь тэгш бус байдаг. Чухам энэ нь тэдний ашиг сонирхол ба хүсэл тэмүүллийн ялгаралыг бий болгож, улмаар харилцан сөргөлдөөн, үл зохицол үүсч. үүний үр дүнд нийгмийг өөрийг нь бүтцийн өөрчлөлтөд хүргэдэг.
Ер нь Дарендорфын санал болгосон мөргөлдөөнтэй нийгмийн загвар нь хийсвэрлэлийн дээд түвшинд дөрвөн үндсэн зүй тогтлоос бүрддэг [4]. Үүнд:
1.Аль ч нийгэм өөрчлөлтөд өртөж байдаг,
2.Аль ч нийгэмд зөрчил, мөргөлдөөн, дарамт оршиж байдаг,
3.Нийгмийн бүтэц дэх бүх элемент түүний нэгдэл нягтралыг сарниулах, өөрчлөхөд нөлөөлж байдаг,
4.Аль ч нийгэм албадлагад тулгуурлаж байдаг. Нийгмийн нэг бүлэг нөгөөг захирах нь нийгмийн бүтцийн үндэс мөн. Жишээлбэл, эзэн ажилтныг, офицер нь цэргийг, багш оюутныг захирна.
Нийгэм нь цаг мөч бүрт өөрчлөлтөд өртдөг ба энэхүү өөрчлөлт нь хүрэхгүй газар гэж үгүй; нийгэм бүр цэг бүхэндээ ихээхэн санал зөрөлдөөнтэй, сөргөлдөөнтэй байдаг тул нийгмийн мөргөлдөөн хаа сайгүй байдаг; нийгмийн элемент бүр түүний нэгдмэл байдлыг задлан өөрчлөхөд хувь нэмрээ оруулж байдаг. Иймд аль ч нийгэм янз бүрийн түвшинд болж өнгөрөх нийгмийн мөргөлдөөнийг туулдаг болой.
Нийгмийг мөргөлдөөний үүднээс авч үзэх үндэс нь нийгмийн бодит байдлын динамик шинж чанартай холбоотой. Хэрвээ функционалистууд нийгмийг өөрөө тайван, тэнцвэртэй байдалд тэмүүлдэг, өөрөө аяндаа хэвэндээ ордог битүү систем гэж үздэг бол Дарендорфын хувьд нийгмийн утга учир нь байнгын тэмцэл мөргөлдөөн, түүний нөлөөгөөр нийгэм хэзээ ч тайван байдалд байдагггүй, харин бие хүмүүсийн маргаанаас ангийн тэмцэл хүртэл янз бүрийн учир холбогдол, цар хүрээ бүхий мөргөлдөөнд үргэлж оролцдогт оршино. “Нийгмийн бүхий л амьдрал бол мөргөлдөөн юм. Мөргөлдөөн нь амьдралыг өөрчлөгч мөн. Хүний нийгэмд ямар ч тогтвортой зүйл байдаггүй учраас хувиршгүй юм гэж байхгүй. Тийм учраас аливаа бүлгийн бүтээлч цөм, эрх чөлөө олох боломж, тэрчлэн нийгмийн асуудлуудад оновчтой хандаж түүнд хяналт тавихыг уриалан дуудах зэрэг зүйлүүд мөргөлдөөнд агуулагдаж байдаг” гэж Дарендорф баталжээ [5].
Мөргөлдөөн нь эцэс төгсгөлгүй үргэлжилдэг нийгмийн өөрчлөлтүүдийн эх үүсвэр болдог ба тэдгээр нь нийгмийн бүтцээс урган гардаг. Дарендорфын хувьд ангийн мөргөлдөөн нь нийгмийн өөрчлөлтөд дөхөм үзүүлэх үүрэгтэй учраас ийнхүү анхаарлын төвд байсан. Ангийн зөрчил улам хурцдахын хэрээр бүтцийн гүн гүнзгий өөрчлөлт гарч, харин мөргөлдөөн хүчирхийлэл ихтэй байх нь бүтцийн гэнэтийн өөрчлөлт гарахад илүүтэй хүргэдэг аж.
Нийгмийн өөрчлөлтүүд зарим талаар байнгын шинж чанартай бус бөгөөд тэдгээр нь түүхэн учир шалтгаанаар нөхцөлдөх нь бий. Ингэж гарч ирснээрээ тэрхүү өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийнхээ хүрээнд хүмүүсийн зан үйлийг бүрдүүлэхийн сацуу шинэ нийгмийн бүтцүүдийн үр хөврөлийг бас өөртөө агуулж байдаг. Энэ тухайд Дарендорф өгүүлэхдээ, нийгмийн бүтцүүд “нэг үгээр хэлбэл оргилдоо хүрч, тодорхой нэг цаг хугацаанд огт байхгүй болох юмуу эс бөгөөс байвал зохих байдлаараа байж чадахааргүй болдог. Үйл явц, өөрчлөлт хувьсал бол тэдгээрийн уг мөн чанар юм” гэжээ. Тодруулбал Дарендорф нийгмийн өөрчлөлтийг ухаарч ойлгох анхдагч хүчин зүйл нь нийгмийн бүтэц мөн гэдэг дээр Маркстай санаа нийлсэн байна [6].
Мөргөлдөөнөөс үүдэн нийгмийн өөрчлөлт гардаг, нийгмийн ихэнх мөргөлдөөн нь бүгцийн өөрчлөлтөд тулгуурласан байдаг хэмээн Герман улсаас төрсөн эдгээр онолчид нэгэн адил үзэж байна. Үүний улмаас өнөө үеийн зарим судлаачид Дарендорфыг “шинэ марксист” хэмээн нэрлэдэг аж. Харин Дарендорф болохоор өөрийгөө шинэ үеийн либерал үзэлтэн гэж тодорхойлсон байдаг бөгөөд өөрийн концепцийг эрх мэдэл, эрч хөдлөл, мөргөлдөөнөөр дүүрсэн “анти – утопи” ертөнцөд тулгуурласан гэжээ[7].
Тэрбээр Марксын диалектик материализм, хувьсгалт онол, коммунис г үзэл санааг хүлээж аваагүй. Хэдий тийм боловч Дарепдорф Маркст ихээхэн талархаж явдгаа нуудаггүй бөгөөд түүнийг “нийгмийн өөрчлөлтийн аугаа онолч” хэмээн нэрлэсэн байна[8].
Р.Дарендорфын батлан хэлснээр нийгмийн мөргөлдөөн, тэр дундаа ангийн мөргөлдөөн энхийн замаар аядуу тайван явагдах учиртай аж. Ингэснээр орчин үеийн нийгэмд хувьсгалт эргэлтийг бус, харин аажим хувьсах өөрчлөлгийн ирээдүй бий болж байна. Эрч хүчтэй (хүчдэл ихтэй), гэнэтийн мөргөлдөөн гарах нь тухайн нийгмийн бүтэц “зөв бус” байгаагийн үр дагавар мөн[9]. Харин Маркс ангийн мөргөлдөөнийг шийдвэрлэх гол арга зам нь хүчирхийлэл, хувьсгал гэж үзэж байсан [10].
Дээрхээс үүдэн Дарендорф мөрголдоошш эерэг молоол пнп үндэслэжээ. Түүнийхээр бол нийгмийн амьдралып субъектүүд мөргөлдөөнөөс айх ёсгүй бөгөөд шийдэгдээгүй дарагдсан мөргөлдөөн нийгмийн бие организмд орших хамгийн аюултай хорт хавдар болох учраас мөргөлдөөнийг заавал шийдвэрлэх ёстой. Мөргөлдөөн байх биш харин үгүй байх нь ямар нэг гайхалтай, хэвийн бус үзэгдэл юм. Мөргөлдөөний илрэл харагдахгүй тийм нийгэм буюу байгууллага байвал энэ нь түүнийг өөнтөглөх шалтаг болно гэж Дарендорф хэлж байлаа[11]
Дарендорфын боловсруулсан “мөргөлдөөнтэй нийгмийн загвар” нь утга агуулгаар баялаг, хэлбэрийн хувьд цэгцтэй үзэл баримтлал юм. Тэнд нийгмийг олон хэмжээст өнцгөөс авч үздэг. Дарендорфоос мөргөлдөөний асуудалтай холбогдуулан сонирхсон нэг зүйл бол нийгмийн тэгш байдал (үнэндээ тэгш бус байдал) болон эрх чөлөөний тухай байв. “.. .Тэгш бус байдал бол муу муухай бүхний баялаг эх сурвалж төдийгүй мөн бас сайн сайхан болгоны үндэс мөн” гэсэн тэгш бус байдлын мөн чанар, шалтгааны тухай Иммануэл Кантын (Immanuel Kant ) тодорхойлолт нь түүний өөрийн дүгнэлтээ хийх үндэслэл болсон юм.[12]
Дарендорф өөрийн эх орон нэгтнийхээ үзэл бодлыг бүрэн дүүрэн зөвшөөрөөд тэгш бус байдлын эх сурвалж, үүрэг, үр нөлөөг гүнзгийрүүлэн тайлбарласан байна. Тэрбээр үзэхдээ, нийгмийн тэгш бус байдал нь үндсэндээ тухайн нийгмийн мөн чанараас үүдэлтэй бөгөөд тэр нь бас эрх чөлөөний зайлшгүй нөхцөл мөн гэжээ. Дарендорф харин бодгалын биологийн тэгш биш ялгааг социологийн асуудалд ямар ч ач холбогдолгүй гэж үзсэн байна. Түүний үзэл баримтлал нь өвч бүрэн социологи шинжтэй аж.
Нийгмийн тэгш бус байдал нь үргэлж эрх мэдлийн хуваарилалтаар тодорхойлогддог бөгоөд эрх мэдэлд хандах янз бүрийн анги, давхаргын тэнцвэргүй бодлого нь нийгмийн бүтцэд өөрчлөлт оруулж сөргөлдөөн, мөргөлдөөнийг бий болгодог байна.
Нийгмийн амьдралаас мөргөлдөөнийг арилгана гэдэг зарчмын хувьд боломжгүй. Сайн сайхан нийгэм нь мөрголдөөнгүй байдгаараа биш, харин түүнд зөв хандаж, түүнийг хүлээн зөвшөөрч, оновчтой аргаар зохицуулахыг эрмэлздэгээрээ сайн бус нийгмээс ялгаатай. Дарендорфын үзэж буйгаар мөргөлдөөнийг нухчин дарвал хурцдалд хүргэдэг, харин оновчтой зохицуулбал “хяналттайгаар хувьсган өөрчлөх” боломж олгодог байна.
Тэрбээр цааш нь, “Хэн мөргөлдөөнийг хүлээн зөвшөөрч, зохицуулах замаар түүнийг давж чадна, тэр л түүхийн хэмнэлийг хяналтандаа авна. Ийм боломжийг алдсан хүн энэхүү хэмнэлийг өөрийнхөө эсрэг этгээдэд алдана” гэж онцлон тэмдэглэжээ [13].
Далд нуугдмал байдалд шилжсэн бөгөөд нийгмийг жинхэнэ сүйрэлд хүргэдэг, хүлээн зөвшөөрөөгүй мөргөлдөөнөөс илүү аюултай зүйл нийгмийн бүтцэд байхгүй. Мөргөлдөөнийг нэг удаа боловч үүрд устгах үл гүйцэлдэх зорилтыг нийгэм өөргөө тавьж боломгүй, харин түүнтэй зэрэгцэн оршин тогтнох, түүнийг бага аюулд хүргэх, түүнээс бага хохирол амсахад суралцах хэрэгтэй аж.
Чөлөөт ардчилсан нийгмийн систем нь өөрийн дотоод мөргөлдөөнийг зөв шийдвэрлэх чадвар, чадамжаараа хямралаар дүүрсэн тоталитар нийгмээс ялгардаг. Дарендорфын үзлээр, хамгийн гол нь нийгэм дэх мөргөлдөөнийг цагт нь илрүүлж, нийгэмд аюултай болгохгүйн тулд түүнийг ил гаргаж, нааштай зохицуулахыг хичээх хэрэгтэй. Ийм тохиолдолд мөргөлдөөн нь нааштай хүчин зүйл болж, нийгмийн системийг бэхжүүлэхэд үйлчилдэг.
Дарендорф “Орчин үеийн нийгмийн мөргөлдөөн” хэмээх өөр нэг бүтээлдээ, өнөөдөр мөргөлдөөний талбар нь баялгаас хүртэх иргэн бүрийн эрхийн асуудал болон энэ эрхийг булаах загвартай тохирох тухай бүтцийн таамналыг нийгмийн мөргөлдөөний задлан шинжилгээний төвд тавив. Босоо чиглэлд сөргөлдөх шалтгаан үгүй болсны дараа ангийн тэмцлийн нөөц боломж арилж, орчин үеийн иргэний нийгмийн байдлын эргэн тойрон дахь мөргөлдөөний шинэ схемийг санал болгосон бөгөөд тэр нь “хуучин” ангийн мөргөлдөөний (эрх мэдэл, эд баялаг эзэмшихийн төлөөх – Р.Б.) урьдач нөхцөл, хөдөлгөх хүч байснаа улс төрийн цохилт болон нийгмээр тодорхойлогдсон эд баялаг хүртэх боломжийг булаан авах “шинэ” зэвсэг болж байна. Тэрбээр мөн баялаг эзэмших тэгш эрх болон баялагаас хүртэх тэгш бус боломж хоорондын харьцаанд өөрчлөлт орж байна гэж үзсэн аж. [14]
Эсрэг тэсрэг сонирхолтой бүлгүүд нь сөргөлдөөний байдалд байх нь зүйн хэрэг. Гэвч мөргөлдөөний хэлбэр, түүний хэр ноцтой байх нь олон хүчин зүйл, нөхцөл байдлаас шалтгаална. Хувь хүмүүсийн.нийгмийн идэвхтэй байдал нь, тухайлбал, илэрсэн мөргөлдөөний түвшинг бууруулж болно, тэрчлэн их бага, янз бүрийн үр дагавартай мөргөлдөөнийг зохицуулах нийгмийн механизм ямагт байдаг. Хэдийгээр Дарендорф мөргөлдөөн хурцдах болон хүчирхийллийн элементүүдийн хоорондын ялгааг төдийлэн сайн ялгаж салгаж хэлж чадаагүй ч энэхүү зохицуулах механизм нь үйлчилж чадахгүйд хүрвэл мөргөлдөөн нь хүчирхийлэлд хүргэж болзошгүй гэж үзсэн.
Түүнчлэн Дарендорф ангийн мөргөлдөөнийг хэзээ ч бүрэн шийдэх боломжгүй гэж үзсэн байна. Нийгмийн ангагонизмын гүнзгий учир шалтгааныг арилгах гэж оролдох нь нэмэргүй зүйл бөгөөд харин мөргөлдөөний онцлог бүхий үйл явцын өрнөлд нөлөөлөх боломжтой гэнэ. Түүнийг гагцхүү зохицуулж болохоос шийдэхгүй, сөргөлдөгч талууд мөргөлдөөний мөн чанарыг хүлээн зөвшөөрч, системтэй зохион байгуулагдаж, мөргөлдөөнийг арилгах тодорхой дүрэм журмыг чль аль нь даган мөрдөх хүсэл эрмэлзэлтэй байж гэмээн түүнийг хамгийн их үр нөлөөтэй зохицуулна.
[1] ‘Болд. Р., К. Маркс ба мөргөлдөөний онол, Шинэ толь, №55.2006, х. 126.
[2] Dahrendorf Ralf,Class and Class Conflict in industrial Society,London,1972
[3] Dahrendorf.., R.., Toward a Theory of Social Conflict ,NY .1964.x.105..
[4] Dahrendorf. Ralf, Class and Class Conflict in industrial Society,London, 1972.x .162
[5] Dahrendorf. Ralf, Class and Class Conflict in industrial Society,London, 1972.
[6] Dahrendorf. Ralf, Class and Class Conflict in industrial Society,London, 1972.x .121
[7] Dahrendorf.., R.., credo neoliberelia ,, Forum , 1975,nr 5, s. 2-3
[8] Dahrendorf ,, Ralf life Chances , university of Chicago press ,1979. P.54.
[9] Dahrendorf ,Ralf .., Class ans Class Conflict in industrial Society , London, 1972 .x. 164
[10] Болд .., Р. ,, К.Маркс ба мөргөлдөөний оноль Шинэ толь №55.2006 ,,х 115 -126
[11] Dahrendorf .,, R.. Essays in the Theory of Society ,London, 1970., x. 127.
[12] Dahrendorf .,, R.. Essays in the Theory of Society ,London, 1970., x. 152
[13] Darendorf R ., the modern social conflict .En Essay on the Politics of Liberty ,London,
[14] Dahrendorf R.., The modern social conflict .En essay on the Politics of Liberty, London 1988