Ч. Тамир
/МУИС-ийн багш/
Шинэ толь №54, 2006
Монголчууд бид ардчилсан сонгууль явуулах болсоор багагүй хугацаа өнгөрөөд байна. Манай түүхчдийн бүтээлээс үзэхэд 1924 оны анхны Үндсэн хуульд ард иргэд нийтээрээ сонгуульд оролцох заалт анх удаа оржээ. Өдгөө үүнээс хойш яг 80 жил өнгөрч байна. Энэ түүхэн цаг хугацааг дотор нь ангилалгүйгээр н:н эн хэмжээс болгон өөр хооронд нь харьцуулбал иргэдийн сонгуулийн тогтолцоо хэр зэрэг хөгжиж байгааг харж болно. Ингэхдээ ардчилсан сонгуулийн хамгийн чухал зүйл болох иргэн болгон төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг ялангуяа, сонгох эрхийг гол үзүүлэлт болгон авч үзсэн болно.
- 1924 онд иргэдийн сонгох эрхийг хуульд хэрхэн зааж өгсөн бэ?
1924 он. Хамжлагат ёсыг халж Улсын Анхдугаар Үндсэн хууль батлагдлаа. Уг хуулиар иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилж өгчээ. Үндсэн хуулийн 4-р бүлгийн 34-р зүйлд Улсын Их, Бага Хурал ба нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлбэл зохих тус улсын харъяат эр, эм, ялгаваргүй хэн боловч сонголт үйлдэх өдөр арван найман нас хүрэгсэд нь (нэг) өөрийн хүчнийг үнэлэх буюу хувийн ажил хийж амьдрагчид (хоёр) ардын цэрэг болно гэж заажээ. Ингэж иргэдийн сонгох эрхийг баалгаажуулсан нь Монголын түүхэнд анх удаа тохиолдсон ардчилсан үйл явц, улс төрийн модернизацийн эхлэл байлаа.
2. 80 жилийн дараа иргэдийн сонгох эрх ямар болсон бэ?
1992 онд Үндсэн хуулийг баталлаа. Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9 дүгээр заалтанд “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ.” гэж заасан. Мөн хуулийн 21 -р зүйлийн 2-т Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан нь үнэн хэрэгтээ иргэд улс төрийн чөлөөтэй сонголт хийх бодитой боломжтой болов.
Анхдугаар үндсэн хуулиар иргэдийн сонгуулийн эрхийг хассан нь
Хэдийгээр 1924 онд анхдугаар үндсэн хуулиар иргэдэд сонгуулийн эрх олгосон ч зарим хэсгийн сонгох эрхийг хассанаар улс төрийн тэгш байдал алдагдсан юм. “Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь:
- Ямагт ашгийг эрмэлзэх, бусдыг зарж амьдрагчид
- Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид
- Урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар
- Солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөөд зохих газраас шинжлэн батлагсад
- Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдлыг үйлдэж зарга шүүх газраас ял шийтгүүлэгсэд болно”
хэмээн хуулийн 35-р зүйлд заажээ. Энэ нь сонгуульд одоогийн бизнесмен, банкир, лам нар, хэргэм зэрэгтэй хүмүүс, ухаан солиорсон хүмүүс, ял эдэлж байгаа хүмүүсийн сонгуулийн эрхийг хассан байна.
Үүнээс хурлын газар данстай бүх лам нарын улс төрийн эрхийг 19 жил гаруй хугацаанд хассан. Энэ журам нь улам нарийвчлагдан заагдаж боловсронгуй болж байсан бөгөөд манай академич Ж.Болдбаатар нарын өгүүлснээр 1931 он гэхэд сонгуулиин төв комиссын гаргасан мэдээнээс үзвэл сонгуулийн эрх бүхий 359,474 хүн байснаас, сонгох сонгогдох эрхгүй хүмүүс 104,107 буюу 28.9 хувь нь хүрч байжээ.
- 2004 оны орон нутгийн сонгуульд эрх нь хязгаарлагдсан хүмүүс
Сонгуулийн хуулийн олон заалт зөрчигдөж ихээхэн зөрчил булхайтай явагдсан Их Хурлын сонгуулийн маргаан дуусаагүй байхад орон нутгийн сонгууль боллоо. Мэдээж хүмүүсийн толгойд энэ удаагийн орон нутгийн сонгууль хэрхэн явагдах бол гэсэн бодол эргэлдэж сонгуулийн ерөнхий хороо, улс төрийн намууд, бие даан нэр дэвшигч нарын сонгуулийн үйл ажиллагааг иргэд, судлаачид анхааралтай ажиглаж байв.
Сонгуулийн явцад гардаг зөрчил булхай гэдэг нь сонгогчийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчиж байгаа хэрэг юм. Ер нь сонгууль болгонд булхай гардаг уу? Орон нутгийн сонгуулиар хэр зэрэг зөрчил булхай гарах бол?[1] Тиймээс энэ талаар сонгуулийн өмнө 2004 оны 4-5 сар болон 9-10 сард хийсэн судалгаан дээр тулгуурлан санал бодлоо дэвшүүлэх гэж байна.
Судалгаанаас үзэхэд нийт хүмүүсийн 15 хувь нь орон нутгийн сонгуулийн үед булхай луйвар гардаг гэсэн бол 40.4 хувь нь УИХ ба Ерөнхийлөгчийн мөн Орон нутгийн бүх шатны сонгуульд зөрчил булхай гардаг гэж хариулсан. Ялангуяа, орон нутгийн сонгуулийн үеэр иргэдийн сонгох эрх ихээр зөрчигдөж олон хүмүүс сонгуульд саналаа өгч чадаагүй. Эдгээр хүмүүсийг дараахь байдлаар бүлэглэн авч үзэж болох юм.
Нэгд, гадаадад амьдрагчид, хоёрдугаарт, хөдөө орон нутгаас шилжин ирэгчид, гуравдугаарт, хотын захад оршин суугчид, дөрөвдүгээрт, байраа түрээслэгчид, тавдугаарт, улаан паспортнууд, зургаадугаарт, оюутнууд, долдугаарт урьдчилан хорих төвд хоригдож байгаа хүмүүс, наймдугаарт, эмнэлэг, амралт сувиллын газарт байгаа хүмүүс, есдүгээрт, цэргүүд
гэж 9 бүлэг болгон хуваав.
Маш ерөнхий барагцаагаар эдгээр хүмүүс нь нийт сонгуулийн эрх бүхий боловч санал өгөх эрх нь хязгаарлагдсан хүмүүс нийт сонгогчийн бараг 20 орчим хувийг эзэлнэ.
- 2004 он. Яагаад?
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд дараахь үндэслэлээр сонгуульд оролцох эрх нь хязгаарлагдсан.
- Эх орондоо байх:
1992 онд баталсан УИХ-ын сонгуулийн хуулийн 1-бүлгийн 2- т санал авах өдөр эх орондоо байгаа, иргэн саналаа өгнө гэж заасан нь гадаадад байгаа иргэдийн сонгуулийн эрхийг хаасан заалт болсон. Уг заалтыг эргэн харах шаардлагатай байгаа. Гадаадад байгаа иргэдийг хэсэгчлэн албан ёсоор ажиллаж байгаа, сурч байгаа зэрэг хүмүүсийг санал өгүүлэх ажлыг хийж болох юм.
- Бичиг баримтын бүртгэл:
Сонгуульд саналаа өгөх иргэд иргэний үнэмлэхээрээ саналаа өгөх учиртай. Тиймээс хөдөө орон нутгаас шилжин ирсэн бүртгэлгүй хүмүүс, саналаа өгч чаддаггүй.
- Паспортаас иргэний үнэмлэх рүү:
2004 оны орон нутгийн сонгуульд хуучин улаан паспорттай хүмүүсийг санал өгч чадаагүй. Тэднийг сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан.
- Байнгын оршин суугч биш байх:
Сонгуулийн үеэр тухайн газрынхаа байнгын оршин суугч биш гэсэн шалтгаанаар оюутнууд, цэргийн албан хаагчид, эмнэлэг амралт сувилалд байгаа хүмүүс, урьдчилан хорих төвд байгаа хүмүүсийг санал өгөхийг нь хязгаарласан.
- Хот доторхи шилжих хөдөлгөөн:
Хот дотор иргэд байраа түрээслүүлсэн, хотын захад хашаа байшин аваад гарсан хүмүүс Их Хурлын сонгуулийн үеэр сонгогчийн үнэмлэхээ авч чадаагүй учир сонгуульд саналаа өгч чадаагүй.
Ямар хүмүүс?
- Гадаадад амьдрагчид
1990 оноос хойш паспортын хатуу систем устаж иргэд гадаадад чөлөөтэй зорчих болсон. Нийгмийн хамгийн идэвхтэй, боловсролтой, эрсдэл хийх чадвартай, хөдөлмөрийн ба сонгуулийн насны, бас харьцангуй боломжтой хэсэг нь гадаад руу гарчихлаа. Уг нь тэд бол нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг. Тиймээс хэрвээ гадаадад байгаа монголчуудыг сонгуульд оролцуулбал сонгуулийн ирц ихээхэн өндөр байх боломжтойг харуулна. Чухам хичнээн хүн гадаадад байгааг манайхан тоог нь ч гаргаж чадахгүй байгаа. Энэ их төвөгтэй хэрэг мөн. Учир нь гадаадад байгаа монголчууд сурахаас гадна ихэнхи нь хууль бусаар амьдарч байна. Судалгаанаас үзвэл манай насанд хүрсэн хүн болгоны 7-8 орчим хувь нь ямар ч байсан гадаадад байх шиг байна. Эл хөдөлгөөн хумигдах бус харин ч өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр л байгаа. Цаашид ч гэсэн нэг хэсэгтээ буурахгүй байх болов уу. Гадаад хэргийн яамны албан бус мэдээгээр 100,000 орчим хүн гадаадад байгаа гэх. Ямар боловч бид цөөхөн хэдэн хүнээ бүртгэж чадахгүй л байна. Энд ажиглагдаж байгаа нэгэн дэвшил бол хараар ажиллахаас хууль ёсоор ажилчин, дадлагажигч гаргах албан ёсны хэлбэр рүү шилжиж байгаа явдал. Үүнтэй холбоотой дараахь хоёр асуудал хөндөгдөж байгаа.
Нэгдүгээрт, гадаадад байгаа хүмүүсийн бүртгэл цэгцрээгүй байдал, хоёрдугаарт, тэдний сонгуулийн эрхийн тухай асуудал. Одоогийн сонгуулийн хуулийн 1-р бүлгийн 2-т санал авах өдөр эх орондоо байгаа, иргэн саналаа өгнө гэж заасан нь тэднийг сонгуульд оролцох боломжгүй болгож буй аж. Мөн орон нутгийн сонгуулийн үеэр ч тэд саналаа өгдөггүй. Гэвч Өмнөд Солонгос, АНУ, Япон, Герман зэрэг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад амьдарч байгаа мянга мянган монголчуудад сонгуулийн эрхийн асуудал өдөр ирэх бүр хурцаар тавигдах боллоо. Хамгийн гол нь эдгээр хүмүүс гадаадад явахдаа Монголдоо оршин суугаа хаягаараа бүртгэл нь хэвээрээ байж л байдаг бөгөөд үүнийг хэсгийн хорооныхон чадварлаг ашигладаг.
- Хөдөөнөөс шилжин ирэгчид
1992 онд баталсан Үндсэн хуулиар Монгол улсын иргэн өөрийн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй болсон. Улмаар социализмын үед зохиомлоор барьж байсан шилжих хөдөлгөөн өөрийн зүй тогтлынхоо дагуу явагдаж олон иргэд УБ хот руу нүүж эхэлсэн юм. Судалгаанаас үзэхэд өдгөө шилжих хөдөлгөөний оргил үе өнгөрөөд байгаа бөгөөд дараагийн давалгаа Эрдэнэт болон Дархан хот руу өдгөө чиглэж байна. Амьдралаа сайжруулж ажил олж хийхийн тулд, хүүхдийнхээ боловсрол ирээдүйн сайн сайхны төлөө олон мянган гэр бүл УБ болон бусад хотууд руу нүүж байна. Тэдний дотор 4 жил дараалан болсон зуданд хоосорсон малчин өрхөөс эхлээд хүүхдүүд нь их, дээд сургуульд ороход нь дагаж ирсэн тэтгэврийн хөгшид, зах зээлийн шуурганд сөхрөлгүй үлдэж чадсан хөдөөний бизнесменүүд, хувьчлалаар сангийн аж ахуй нь устаж ажилгүй болсон дунд үеийнхэн, хүүхдээ сайн сургууль бараадуулах гэсэн төсвийнхөн багш нар, амьдралаа шинээр зохиож аз жаргалын эрэлд мордсон залуучууд бүгд хотруу ирсэн юм. Гэхдээ тэднийг амар хялбар амьдрал хотод угтдаггүй. Хамгийн наад зах нь бичиг баримтаа бүрдүүлэх хүнд бэрх ажил бий. Үүнийг цөөхөн өрх албан ёсоор хийдэг ба бусад нь хотод бүртгэлгүй амьдралаа эхэлдэг. Тэдний дийлэнхи нь гэр хороололд суурьшдаг бөгөөд хотын захад өчигдөрхөн хов хоосон байсан газар маргааш нь бүхэл бүтэн хороолол үүссэн байх нь энгийн л нэг зүйл болоод байна. Угтаа бол тэд хөдөөнөөс ирэхдээ орон нутгийнхаа бүртгэлээс хасуулж |суурьшсан газраа бүртгүүлэх ёстой. Олон мянган айл үүнийг хийдэггүй. Тийм ч учраас маш олон хүн шилжүүлэг байхгүй гэсэн шалтгаанаар сонгуульд оролцож чадаагүй. Уг нь хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт “…Хүн амын шилжилт хөдөлгөөн болон бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгаанаар сонгуульд санал өгөхийг түдгэлзүүлэх, нэрийн жагсаалтаас орхигдуулах зэргээр иргэдийн саналаа өгөх эрхийг хөсөрдүүлэхийг ноцтой зөрчилд тооцон хүлээлгэх хариуцлагыг чангатгах, уг зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авна” хэмээн заасан. Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2004 оны УИХ-ын сонгуульд шилжин ирсэн өрхийн саналыг авах талаар нэлээд ажил хийсэн боловч бодит байдал дээр бичиг баримтын зөрчилтэйн улмаас сонгуульд саналаа өгч чадаагүй хүмүүс цөөнгүй бий. Ингэж албан ёсны бүртгэл байхгүй гэсэн шалтгаанаар маш олон сонгогчдын санал өгөх эрх зөрчигдөж байна.
Нөгөө талаас хотод ирсэн иргэд хөдөө орон нутгийн бүртгэлээс албан ёсоор хасагдаагүй байдаг. Энэ нь нэрийн жагсаалтыг будлиантуулах шимтэй хөрс болж өгнө.
- Хотын захад оршин суугчид
Хамгийн сүүлийн хүн амын тооллогоос харвал хотын хүн ам нийтдээ 650 мянга хүрч байгаа, үүн дээр орж гарч байгаа бүртгэлгүй хүмүүсийн тоог нэмбэл 1 саяд хүрдэг гэсэн тооцоог судлаачид хийх нь бий. Чухамдаа нийслэл хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнөөс гадна хотын иргэд маань дотроо төвөөс зах руу хөдөлгөөнд орж эхлэх нь тэр. УИХ-аас 2002 онд газар өмчлөх тухай хууль батлагдсанаар хотын төвийн маш их олон айл хотын зах руу газар барьж хашаа барин суурьшиж эхэллээ. Монголчуудын түүхэнд хэзээ ч ийм үйл явдал болж байсангүй. Хууль батлагдсанаас хойш иргэдийн газартай болох хүсэл мөрөөдөл биелж олон өрх төвийн байшингаа орхин хотын захад хашаа барьж байшинтай болох нь тэр. Мэдээж энэ нь уг хуулийг батлахаас бүр өмнө нь эрчимтэй явагдаж ирсэн. Баянхошуу, Сонгинохайрхан, Чингэлтэй, Яармаг зэрэг хотын эргэн тойронд хүн амьдарч болох л газраар хашаа хатгаж эхэлсэн. Үүнийг америкт очсон анхны цагаач иргэдийн үр сад харвал өөрсдийн өвөг дээдсийг дурсан санах байсан болов уу. Мөн маш олон айл өвөлдөө байрандаа ирж өвөлжөөд хавар, зун, намартаа хашаандаа байх нь газар усны хоёр нутагтай амьтныг санагдуулам. Хамгийн гол нь үүний цаана хоёр газар давхар бүртгэл хийлгэж иргэний бүртгэл мэдээллийн системийг холион бантан болгоно. Хамтдаа амьдардаг өнөр бүлүүд салж эцэг эхчүүд гэр хороололд гарч хүүхдүүд нь байраа сахин суудаг моод дэлгэрлээ. Чингэхдээ тэд барагтай л бол шилжүүлэг хийлгэдэггүй учраас сонгуулийн үнэмлэхээ авч чадахгүй байх, цаашилбал сонгуульд оролцож чадахгүй байх явдал түгээмэл бий.
Засаг даргын задгай гэж нэрлэдэг хүмүүс үүний сонгомол жишээ юм. Тэд зөвшөөрөлгүй газар буусан учир бичиг баримт нь байсан ч тэднийг албан ёсоор бүртгэж авдаггүй. Эдгээр хүмүүс өөрсдөө гудамжиндаа нэр өгч, айлуудаа дугаарлаж зохион байгуулалтанд ордог хэдий ч албан ёсны хэлээр бол зүгээр л задгайд амьдардаг хүмүүс юм. Үерийн ус буух, голын сав, өндөр хүчдэлийн шугам, цэвэр усны байгууламж зэрэг олон газар зөвшөөрөлгүй айлууд амьдарч байна.
- Байраа түрээслэгчид
Монголчууд суурьшмал амьдралд шилжиж ороод нэн удаагүй байна. Нүүдэлчид ингэж суурьших болсон нь цаг хугацааны хувьд 50-иад оноос эхэлсэн. Ингэж оросын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар орчин үеийн стандартын байшингууд босч эхэлсэн цагаас л эхлэн хүмүүс тохилог орон сууцанд амьдрахын мөрөөдөл болох болсон. Социализмын үед ч ийм л байв. Зах зээлийн шуурганд унасан барилгын салбар сэргэж эхэлсэн 90-ээд оны сүүл хүртэл айл өрхийн амин чухал хэрэгцээ нь орон сууц байв. Одоо ч гэсэн улс төрийн намуудын амлалтын бай болдог орон сууцны асуудлыг шилжилтийн үеийн ээдрээтэй хүнд хэцүү цаг үе болох 1997 онд үнэгүй хувьчилсан. Ингэж орон сууц хувьд очсоноос хойш өөрийн орон сууцаа бусдад түрээслүүлж амьдардаг бүхэл бүтэн нийгмийн бүлэг бий болоод байгаа. Тэд дотроо олон хөлсөө төлдөг ядуу айлаас гадна, байраа жилээр түрээслүүлж өөрсдөө гэр хороололд амьдардаг дундчууд, гадаадын хүмүүст сарын 500 доллараас багагүй хөлслүүлдэг өөр байртай хүмүүс ч бий. Ийм хөдөлгөөн хийдэг хүмүүс хэзээд нүүх хаяг нь өөрчлөгдөж байдаг учир албан ёсны хаягаараа бүртгэлтэй гэвч сонгуульд оролцох үнэмлэхээ ч авч чадахгүй, цаашилбал өөрийн тойрогт нэр дэвшигчийн талаар мэдээлэл авч чадахгүй сонголт хийх эрх нь хязгаарлагддаг. Мөн тэдний нэр дээр саналын хуудас ирдэг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хэрвээ эзэд нь байхгүй бол ийм саналын хуудасны хувь заяа бүрхэг л байдаг буй заа.
5.Улаан паспортнууд
2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороо иргэдээ сонгуульд оролцуулахын тулд маш олон ажил хийсний нэг нь хуучин улаан паспорттой хүмүүсийг иргэний үнэмлэхээр солих ажил байв. Үүний ачаар хэдэн мянган хүн иргэний үнэмлэхтэй болсон. Гэвч иргэд үүнд бүрэн хамрагдаж чадаагүй, олон иргэд улаан паспорттой байгаа. Мэдээж иргэний бүртгэл мэдээллийн төвийн үйл ажиллагаа, хороон дарга нарын бүртгэлийн ажлыг дангаараа яаж бүгдийг нь хийж чадахав дээ. Ямар боловч улаан паспорттой байгаа хүмүүс одоо 4000-5000 орчим бий. 2004 оны орон нутгийн сонгуульд улаан паспортнуудыг санал өгүүлээгүй. Тэдэн дээр иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн хүмүүс нэмэгдэж нийлбэр дүнгээрээ сонгуулийн ирцэд нөлөөлөх ба тэдний улс төрийн эрх зөрчигдөж байна.
6.Оюутнууд
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үеэр эрх нь хамгийн их зөрчигдөж байгаа хүмүүс бол хөдөө орон нутгийн оюутнууд юм. Тэднийг сонгуульд оролцуулахгүй байгаа үндэслэл бол тухайн орон нутагт байнгын оршин суугч биш учраас. Судалгаанд оролцогчдын 18.6 хувь нь ажиллаж байсан хэсгийн хороонд оюутнуудтай холбоотой булхай гарч байсан гэсэн. Энэ нь дараахь хэдэн шалтгаантай.
Нэгдүгээрт, оюутнуудын ихэнхи нь хоёр нутагтан буюу хөдөөнөөс хотод орж ирж суралцдаг тиймээс бүртгэл үгүй байдаг, хоёрдугаарт, оюутнууд хээрийн, ажлын дадлага гэх мэтээр яг сонгуулийн үеэр бөөнөөр нь зөөх байршуулах боломжтой байдаг, гуравдугаарт, оюутнуудын үзэл бодол хараахан төлөвшиж амжаагүй байдаг, дөрөвдүгээрт, бэл нимгэн ядуу заяатай хэмээн шүлэглэдэг товчоор хэлбэл худалдагдах боломжтой байдагт хэргийн учир оршино. Ямар боловч орон нутгийн оюутнууд сонгуульд оролцож чадахгүй боллоо.
- Урьдчилан хорих төвд хоригдож байгаа хүмүүс Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар саналаа өгч чадахгүй бас нэгэн бүлэг бол урьдчилан хорих төвд хоригдож байгаа хүмүүс юм. Сонгуулийн хуулийн 2-т эмнэлгийн дүгнэлт ба шүүхийн шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон түүнчлэн хорих ял эдэлж байгаа хүн сонгуульд оролцохгүй гэж заасан. Мэдээж гэм буруутай нь шүүх хурлаар хараахан тогтоогдоогүй байгаа урьдчилан хорих байранд хоригдож байгаа хүмүүс санал өгөх эрхийг УИХ-ын сонгуулийн үед эдэлдэг. Тэнд хоригдож байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг 7 хоногийн өмнө гаргаж явуулын хайрцгаар саналыг нь авдаг. Үүнд хуулийн нэг хийдэл бий. Хэдхэн жилийн өмнө урьдчилан хорих төвийг цагдаагийн байгууллагын харъяалалаас гаргаж шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын мэдэлд өгсөн. Гэтэл манай сонгуулийн хуулийн 16-р зүйлийн 3-т цагдаагийн газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Тэгээд эмнэлэг амралт сувиллын газрын нэрсийн жагсаалтыг 7 хоногийн өмнө нийтэд зарладаг байтал урьдчилан хорих төвийн хүмүүсийг хэдэн хүн санал өгөх нэрсийн жагсаалтыг гаргана гэж заагаагүй байгаа. Гэтэл эдгээр хүмүүсийн хувьд саналаа нууцаар өгөх, чөлөөтэй сонгох эрхийг ноцтой зөрчдөгийг хэн бүхэн мэднэ. Энд аймаг болгонд байгаа урьдчилан хорих төвд байгаа сонгогчдын тоог нэмбэл бага биш тоо гарна. Тийм ч учраас судалгаанд оролцогчдын 13.8 хувь нь урьдчилан хорих байранд булхай зөрчил гардаг буюу хүний эрхийг зөрчдөг гэж үзсэн.
- Эмнэлэг, амралтын газар
УИХ-ын сонгуулийн үед эмнэлэг, амралт сувиллын газар байгаа хүмүүс саналаа өгөх эрхийг эдэлдэг. Сонгуулийн өдөр эмнэлэг, амралт сувилалд байгаа хүмүүсийн тухай сонгуулийн хуульд эмнэлэг, амралт, сувиллын газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Эдгээр газарт нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс долоо хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах боломжийг мөн олгох ёстой. Чухам үүний дагуу явуулын хайрцагтай хүмүүс очиж санал авдаг. Судалгаанд хамрагдагсдын 13.9 хувь нь эмнэлэг амралт сувиллын газарт санал авахад булхай гардаг гэж үзсэн. Харин орон нутгийн сонгуулийн үеэр эмнэлэг амралт сувиллын газарт байгаа хүмүүсийн сонгуулийн эрх зөрчигддөг.
- Цэргүүд
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10 орчим хувь нь цэргүүдийг онцлон дурджээ. Орон нутгийн сонгуулиар ч гэсэн цэргүүд саналаа өгч чадахгүй байгаа нь тэдний сонгох эрх чөлөөг зөрчиж байгаа явдал мөн. Зарим газар цэргийн анги нэгтгэл их байдаг ба тухайн тойргийн сонгогчдын 10 хүртэл хувийг бүрдүүлэх нь ч бий. Цаашид цэргүүдийн саналыг өгүүлэх талаар ажиллах шаардлагатай байгаа.
Эцэст тэмдэглэхэд 2000 оны Орон нутгийн сонгуулиар сонгогчдын оролцоо зарим газар шаардлагатай түвшинд хүрээгүй сонгууль дахиж байсан ч энэ удаа ийм явдал давтагдсангүй. Харин санал тэнцсэн гэсэн шалтгаанаар нэпээд олон газар сонгууль дахина. Орон нутгийн сонгуульд сонгогчдын сонгуулийн оролцоо бага байгаа нь маш олон хүчин зүйлээс хамаарч байгаа. Гэхдээ байнга оршин суудаггүй, бүртгэлгүй гэсэн шалтгаанаар наад зах нь дээр дурдсан есөн бүлэг хүмүүс сонгуульд оролцож чадахгүй болоод байгаа, Үндсэн хуульд заасан тэдний сонгуулийн эрх чөлөө зөрчигдөж байгаа билээ.
Дүгнэлт
- Судалгаанаас үзэхэд нийт монголчуудын сонгох эрхийг 1924 оны үндсэн хуульд зааж өгсөн бөгөөд нийгмийн тодорхой бүлэг сонгогчдын сонгуулийн эрхийг хуулиар хасж байсан. Улмаар 1961 оны Үндсэн хуулиар сонгогчийн сонгох эрхийг ялгаварлахыг хориглосон.
- Гэвч бодит байдал дээр төрөл бүрийн шалтгаанаар сонгогчдын эрх хязгаарлагдах явдал гарсаар байна. Үүнийг нийт сонгогчдын 20 гаруй хувь нь саналаа өгч чадахгүй байгаагаас харж болно.
- Эцэст нь Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулсан хууль эрхийн үзэл санаа нь формал байдлаар хөгжиж байгаа боловч бодит байдал дээр сонгогчийн эрх хязгаарлагдах явдал хэвээрээ байгаа гэдгийг 1931 онд нийт сонгогчийн 28.9 хувь нь санал өгөх эрхээ хасуулсан байсан бол 2004 онд нийт сонгогчийн 20 гаруй хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал өгөх эрхээ хязгаарлуулснаас харж болохоор байна.
- Цаашид сонгуулийн хуульд өөрчлөлт хийх, шинэчлэн боловсруулахдаа эдгээр хүмүүсийн сонгох эрхийг хэрэгжүүлэх талаар багагүй зүйл хийх шаардлагатай байна.
[1] 2004 оны хавар бид УБ, Дархан, Эрдэнэт болон хөдөөгийн 11 аймаг сумаас өмнө нь сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр, ажиглагчаар ажиллаж байсан туршлагатай 330 гаруй мэргэжилтнээс сонгуулийн булхайн талаар анкетын аргаар судалгаа авсан юм. Мөн 2004 оны 9-10 сард Орон нутгийн сонгуулийн өмнө мэргэжилтнүүдээс сонгуулийн зөрчил ба булхайн талаар чанарын ба оролцооны аргаар судалгаа авсан. Эдгээр хүмүүс нь бүх л намыг төлөөлж байгаа. Тиймээс судалгааны түүврийн хувьд харьцангуй төлөөлөх чадвар сайтай учир судалгааны дүн нь сонгуулийн ерөнхий дүр зургийг бүрэн харуулж чадна гэж хэлэх үндэстэй юм.