Ц.Мөнхцэцэг
(МУБИС, PhD)
Шинэ толь №60, 2008
Түлхүүр үг: Идеализм, реализм, авилга, үр дагавар, тэмцэл, авлигалыг анагаах, классик онош, криминологийн онош, эдийн засгийн онош
Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК
/…/ Шинээр бий болсон ардчилалд шилжиж буй орнуудын туршлагаас харахад илүү нээлтэй өрсөлдөөн бүхий улс төрийн тогтолцооонд шилжих үйл явц нь ялангуяа эдийн засгийн эрчимтэй либералчлалтай хослон хэрэгжих үед улс төрийн авлигыг бууруулах биш харин ч эрс нэмэгдүүлэхэд нөлөөлдөг ажээ. Өмнөх авторитар дэглэмийн үед сул хөгжсөн хуулийн хариуцлагын механизм бэхжиж чадаагүй, бусад зохисгүй нөлөөлөл ихтэй байгаа нөхцөлд сонгогдсон эрх баригчид, засгийн газар нь хээл хахууль авах хандлагатай. Харин ч сонгуулийн өрсөлдөөн нь амжилттай сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэх хэрэгцээ бий болгодог нь эрх баригчдын эрх мэдлээ урвуугаар ашиглах сэдлийг нэгээр нэмж байдаг. Тиймээс ч зарим олон улсын байгууллага, донорууд тухайлбал, Олон улсын валютын сан сайн засаглалыг бэхжүүлэх хүчирхэг хуулийн тогтолцоо, орчин бүрдүүлэхийг сонгууль зэрэг ардчиллын зарим бүрдлээс илүүтэй чухалчилж үздэг байна. Дэлхийн томоохон корпорациуд хүртэл мөн адил байр суурьтай байгааг ардчилсан бус хот – улс Сингапурыг бизнес хийхэд таатай хамгийн бага авлигатай улс гэж үнэлдгээс нь харж болно.[1]
Ардчилал, авлига хоёрын тухай ийнхүү маргах нь тэдгээрийн мөн чанарын тухай суурь асуудлыг хөнддөг. Ардчиллын уламжлал маш эртнээс эсрэг тэсрэг хоёр талтай гэж тооцогдсоор иржээ. Нэг тал нь реалист бөгөөд муу хүлээлттэй, өөрөөр хэлбэл хүн төрөлхтний жам ёсны хувийн сонирхол, хувиа бодсон үзлийг хязгаарлахыг эрмэлздэг (зөвхөн өөрт хамгийн муу засаглалын хэлбэрийг эрэлхийлдэг), нөгөө талаас илүү идеалист буюу өөдрөг үзэл бүхий хамтын хариуцлага, бие даасан нийгэмлэгийг байгуулах эрмэлзэлтэй. Улс төрийн авлигын тухай үзэл санаа ч гэсэн реалист болон идеалист гэсэн хоёр талтай.
Авлигын талаархи үзэл санаа нь ажил хэргийн давуу тал эсхүл хууль бус хувийн ашиг сонирхолтой холбогддог.[2] Хамгийн чухал нь хувийн сонирхлыг хөгжүүлэн дэмжих нь ямар үед ёс бус бөгөөд авлигач болдог тухай асуудал байдаг. Гэтэл реалист байр сууринаас үзвэл бүхий л улс төрийн үйл явц эцсийн дүндээ хувийн хүсэл сонирхол, хэсэг бүлгийн давуу талыг дэмжихээс угшилтай байдаг. Мэдээжээр, тодорхой хязгаар заагийн дотор хувийн болон бүлгийн сонирхлоо дэмжих, хангах нь ашигтай бөгөөд нийгмийн сайн сайханд чухал хувь нэмэр оруулж байдаг. Сонгуульд олон санал авахын тулд улс төрчид өрсөлдөөн, хэлэлцээний үр дүнд нийгэм эдийн засгийн янз бүрийн сонирхлуудыг уялдуулан нэгтгэсэн үр дүнг бий болгодог. Ардчиллыг тайлбарлах реалист онолчид саналын төлөөх улс төрчдийн өрсөлдөөнийг хэрэглэгчдийн долларын төлөөх зах зээлийн өрсөлдөөнтэй адилтгаж үздэг юм. Зах зээлийн солилцоонд, хэрэв уг зах зээл нь зөв зохицуулалттай бол “үл үзэгдэгч гар” хувийн сонирхлоо хөөцөлдөгч хувь хүмүүс байгууллагын үйл ажиллагааны үр дүнг нийгэмд бүхэлд нь ашигтай үр дүн болгон хувиргаж чаддаг гэж үздэг.
Энэ үүднээс улс төрийн авлига гэдэг нь улс төрийн өрсөлдөөний дүрмийг зөрчсөн хувийн сонирхлоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэж үзэж болно. Сонгуулийн тойргийн хил хязгаарыг хувьдаа ашигтайгаар хуваарилах (жерри- мандеринг), захиалга гэрээ байгуулахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгөх, татварын хамгаалалд багтахын тулд сонгуулийн кампанид нь нууцаар хандив өргөх зэрэг бүгд шударга бус улс төрийн өрсөлдөөнийг бий болгодог хууль бус, авлигач үйлдлүүд болно. Авлигач үйл ажиллагааг ялгахын тулд улс төрийн шударга өрсөлдөөнд тооцогдох, зүй ёсны болон тэрхүү зүй ёсны хязгаараас хэтэрсэн улс төрийн хувийн сонирхлыг дэмжсэн үйл ажиллагаануудын хооронд шугам татах хэрэгтэй болно. Спортоор ярьвал, авлига гэдэг нь реалист утгаараа бие хүрэлцсэн спортын төрөл тухайлбал, бокс эсхүл регбид алдаатай болон бохир тоглолт хийхтэй төстэй. Өрсөлдөгчид тухайн спортын төрлийн дүрэм журмын дагуу биеийн хүчээр давамгайлах, өрсөлдөх ёстой. Хүчирхийлэл үйлдэх нь ёс бус бөгөөд дүрэмд харш.
Реалист үзэл баримтлалыг ардчилсан улс төрд оролцдог зөвхөн улс төрчид, намын ажилтнууд, лоббистууд төдийгүй бас тэдэнтэй ойр ажилладаг төрийн захиргааны албан хаагчид, улс төрийн тоймчид, сэтгүүлчид, ажиглагчид дэмждэг байна.
Үүний эсрэгээр, идеалист хандлага улс төр бол нийтийн сайн сайхан, нийтлэг сонирхлыг хамгаалах, дэмжих ёстой гэдэг бөгөөд энэ нь хувийн болон хэсэг бүлгийн сонирхлоос ангид бөгөөд заримдаа хоорондоо зөрчилтэй гэж үздэг. Идеалист байр сууринаас үзвэл улс төрчид нь өөрсдийн хувийн болон орон нутгийн сонирхлоос ангид байж бүх нийтийн сайн сайхныг дэмжихэд голлон анхаарах ёстой гэдэг. Хувийн хүсэл сонирхол, сайн сайхан байдлыг үгүйсгэдэггүй боловч харин эдгээрийг үргэлж нийтийн сайн сайхан, нийтлэг сонирхлын төлөө залж чиглүүлэх ёстой гэж үздэг ажээ. Улс төрчид зөвхөн нийтийн сонирхлыг илэрхийлсэн бодлогын хувилбаруудыг дэвшүүлж, дэмжих замаар нэр хүнд, эрх мэдэлд хүрч болно гэдэг. Идеалист байр сууринаас хэрэв улс төрчид улс орны урт хугацааны сайн сайхнаас илүү сонгуулийн давуу талыг чухалчилж үзвээс улс төр нь эрүүл биш болж төдий чинээгээрээ авлигач болох ажээ. Авлигыг авч үзэх энэ байр суурь нь улс төрийн амьдралыг байнга ажиглагчдын байр суурьтай зөрчилддөг авч бас л өргөн хүрээнд тархсан үзэл юм. Эдийн засагчдын дунд ч гэсэн ардчилсан улс төр нь нийтийн сонирхлын эсрэг ашиг хонжоо хайгчдыг бий болгодог (rent-seeking) гэсэн далд шүүмжлэл байдаг[3]. Хүмүүс маргаан, хэлэлцүүлгийн замаар хувийн сонирхлоос ангид байж асуудлыг шийдвэрлэх, зөвшилд хүрэх чадвартай байдаг гэж үздэг делибератив ардчиллын загварыг дэмжигчид ч мөн ийм шүүмжлэлтэй санал нэг байдаг[4]. Түүнчлэн, ардчилсан улс төрийн соёл болон олон нийтийн санаа бодолд идеалист үзэл баримтлал гүнзгий бэхжсэн байдаг. Ихэнх ардчилсан орнуудад улс төрийн зүтгэлтнүүд улс төрийн үзэл баримтлал, бодлогоо тайлбарлахдаа нийтийн сайн сайхан, нийгмийн сонирхлын төлөө гэж ярих шаардлагатай болдог. Хувийн болон хэсэг бүлгийн сонирхлыг илэрхий хамгаалан дэмжих нь улс төрийн хувьд алдаатай, хүлээн зөвшөөрөгдөхгүй байдалд хүрнэ.
Тиймээс, ардчилсан нийгмийн нийтийн сонирхолд хөтлүүлэх шаардлага нь зарим улс төрийн хувийн сонирхлыг нийтийн сонирхлын нэрийн дор тайлбарлахад хэцүү үед, тэдгээр сонирхлуудад хязгаарлалт тавьдаг. Гэвч, ардчилсан улс төрийн бодит байдал нь бүрхэг болдог. Улс төрийн суурь тэмцэл нь реалист, плюралист утгаар хамгийн сайн ойлгогддог өөрөөр хэлбэл, энэ нь зөрчилдөгч хэсэг бүлэг, хувийн сонирхол, түүндээ хөтлөгдсөн улс төрчдийн хоорондын тэмцэл юм. Хэдий тийм боловч энэхүү гашуун үнэнг хэлэх нь сүйрэл болох тул улс төрчид тэдний бүх үйл ажиллагааны цаад шалтгаан сэдэл нь хувийн болон хэсэг бүлгийн сонирхол, эрмэлзэл болох тухай бүхний мэддэг үнэнийг хэлэх боломжгүй болдог.
Реалист болон идеалист үзэл баримтлалын ялгаа нь авлигыг тодорхойлоход учирдаг мухардмал байдлын шалтгааныг ойлгоход дөхөм болж байна. Мэдээжээр илэрхий авлигач үйлдлүүд тухайлбал, хээл хахууль авах, төсөв буруу хуваарилах зэрэг нь аль аль үзэл баримтлалын хувьд авлигач үйлдэл болно. Үүнээс цааш, үзэл баримтлалууд хоорондоо ялгаатай болж эхэлдэг. Тийнхүү, сонгуулийн кампанид бизнесүүдээс өгөх хандив аль байр суурийг баримталж байгаагаасаа хамаарч авлига хэмээн тооцогдох эсэх нь шийдэгдэнэ. Реалист хандлагаар энэ бол либерал ардчилсан орон дахь ардчилсан улс төрийн үйл явцын ердийн нэг хэсэг гэж үзэх бол идеалистууд иймэрхүү хандивууд хэдий нийтэд илэрхий байсан ч гэсэн тэвчиж болшгүй авлига ажээ.
Нэгэнт ардчиллын тухай реалист үзэл баримтлал орчин үеийн ардчилсан орнуудын улс төрийн практикийн тухай илүү бодитой дүр зургийг гаргадаг тул авлигын стандартын талаар илүү найдвартай зөвлөмжийг өгөх боломжтой юм. Тэгэхээр, авлига гэдэг бол зүгээр л хувийн сонирхлыг хэрэгжүүлэх, хөөцөлдөх үйл явц биш. Харин түүнийг хэтрүүлсэн хэлбэр нь юм. Ардчилсан улсад энэхүү хэтрүүллийг буюу авлигач үйлдлийгхууль болон ёс зүйн хэм хэмжээнд зааж өгсөн байдаг. Тогтсон хууль тогтоомж, хэм хэмжээг дагахаас илүүгээр улс төрийн зүтгэлнүүд өрсөлдөх, өрсөлдөгчөөсөө давуу тал олж авах талаар өөр хязгаарлалт, үүргүүд хүлээхгүй.
Мөн, хэдий реалист байр суурийг баримталсан ч гэлээ, төр засгийн зарим хэсэгт илүү өндөр буюу идеалист байр сууринаас хандаж, шаардлага тавих хэрэгтэй. Тухайлбал, хуулийн тогтолцооныхон буюу шүүх, цагдаа, хянан шалгах эрхтэй байгууллагууд, аудиторууд, омбудсмен, хянан шалгагчид зөвхөн нийтийн сонирхолд үйлчлэх ёстой бөгөөд хувийн сонирхлыг нийтийнхээс дээгүүрт тавих аливаа үйлдлийг үл тэвчих ёстой. Жишээлбэл, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид хуулийг хэрэгжүүлэхдээ аль нэг талыг баримтлахгүй байх ёстой бөгөөд тиймээс фаворитизмээс зайлсхийх шаардлагатай. Тиймээс ч төрийн албан хаагчид, хууль хяналтын байгууллагын ажилтнуудад зориулсан мэргэжлийн болон ёс зүйн кодууд нь тэдний үүргийн нийтийн сонирхлыг эрхэмлэсэн байх шаардлагыг өндөрт байлгадаг ба энэ утгаараа авлигын тухай идеалист байр суурийг удирдлага болгодог ажээ.
Тийнхүү, хэвийн ажиллагаатай ардчилсан нийгэм дэх улс төрд хувийн болон хэсэг бүлгийн сонирхлыг хамгаалан оролцох янз бүрийн оролцогчид авлигын мөн чанарын тухай ялгаатаи хандлагатай байх шаардлагатай ажээ. Бодлогын хувилбарьи сонгох улс төрийн тэмцэлд шууд оролцогч болох иргэний нийгэм, улс төрийн нам, улс төрчдийн хувийн сонирхол хамгийн чухал хүчин зүйл бөгөөд энэ үүднээсээ авлига гэдэг нь хувийн сонирхлыг хэрэгжүүлэх явцад зүй ёсны болон зүй бус үйлдлийн заагийг хэтэрсэн эсэхээр хэмжигдэх ажээ. Харин төрийн бодлогыг авлигын нөлөөгүйгээр хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтнуудын хувьд хувийн сонирхлоо хөөцөлдөх нь зохисгүйд тооцогддог байна. Товчхондоо, ардчилсан тоглоомд тоглогчид нь реалистууд, харин шүүгчид нь үргэлж идеалист байхыг шаарддаг.
Реалист болон идеалист үзэл баримтлалын ялгаа нь үр ашигтай хуулийн тогтолцоо, хариуцлагын механизм бэхжээгүй нийгэмд ардчилал авлигад яагаад хоёрдмол шинжтэй нөлөөтэй байдгийг ойлгоход дөхөмтэй. Ардчилсан улс төр албан тушаалын давуу талын төлөө нээлттэй зөрчилдөөнийг бий болгож, авлигыг өөгшүүлдэг хувийн сэдлийг сулд нь тавьдаг. Нийгэмд бүхэлд нь бус давамгайлагч хэсгийн итгэлийг татаж сонгууль ялах, кампанит ажилд хөрөнгө хандив цуглуулах зэрэг нь дэмжигчдийг шагнах, тэдэнд давуу тал олгох явдлыг өөгшүүлдэг. Тиймээс, авлигыг хазаарлан тогтоох үр дүнтэй механизмыг бий болгоогүй нөхцөлд сонгуулийн улс төрд шилжих нь авлигыг бууруулахад нэмэр болж чадахгүй. Хэрвээ л сонгогдсон албан тушаалтнууд хуулийн хүрээнд ажиллахаар хязгаарлагдаж чадаагүй бол тогтмол хугацааны завсарлагатайгаар чөлөөт шударга сонгууль явуулах нь авлигаас урьдчилан сэргийлэхэд тусалж чадахгүй. Тиймээс хууль дээдлэх ёс бол тогтвортой ардчилал болон авлигаас анагаахад хамгийн чухал хүчин зүйл билээ.
Улс төрчдөд зориулсан үнэгүй аялал болон төлбөр нь хахууль мөн үү? Сэтиш Чанд
Marshall Islands Journal 2006 оны 7-р сарын 21-ний дугаартаа “Улс төрчдөд зориулсан үнэгүй аялал болон төлбөр нь хахууль мөн үү” гэж асуужээ. 2006 оны эхээр Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улсын сенатчид гэр бүлийн хамт БНХАУ-д хийсэн албан айлчлалын дараахан энэ асуулт гарч иржээ. Мэдээжээр албан айлчлал бол тийм ч хачирхалтай зүйл биш, Номхон далайн арлын улс төрчид тусламж, халим загас агнуурын талаар ярилцахаар урилгаар олон газар айлчлах нь олонтаа. Гэхдээ орон нутгийн хэвлэлийн анхаарлыг татсан гол зүйл нь уг аялалын зардлыг БНХАУ бүрэн даасан гэж нэр нь тодорхойгүй эх сурвалжаас мэдээлсэн явдал юм. Цаашлаад аялагчид 7000-12000 ам.долларыг мөн урьсан газраасаа хүлээж авсан ажээ. Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах улс нь Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайваныг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг цөөхөн орнуудын нэг бөгөөд үүнийг БНХАУ мэдээжээр байнга эсэргүүцэж ирсэн. Нэр дурдагдсан сенатчийн нэг нь томилолтын зардал гэж 1000 ам.доллар авсан гэж бичсэн сонинг шүүхэд өгнө хэмээн сүрдүүлсэн байна. Гэхдээ, аливаа “бэлэг” ямар үед хахууль болдог вэ?
Энэхүү Маршаллын Арлуудын улсад болсон явдал нь авлига хэмээх тодорхойгүй ойлголтын талаарх зарим нэг асуудлыг тодруулах боломж олгож байгаа юм. Авлига гэж юу вэ? Авлигын үр дагавар юу вэ? Авлигатай хэрхэн тэмцэх вэ?
Авлига гэж юу вэ?
Авлига гэдгийг ихэвчлэн “хувийн ашиг хонжоо олохын тулд төрийн албыг ашиглах явдал” (Бардан 2003:1) гэж тодорхойлдог. Гэвч энэ нь төдий л хангалттай сайн тодорхойлолт биш юм. АНУ-д болсон Энрон корпорацийн хэрэг, Австралийн Улаан Буудайн Зөвлөлд хийж буй шалгалт зэргээс үзэхэд ашиг хонжоо олохын тулд хувийн салбарт албан тушаалаа урвуулан ашиглаж буй явдлыг ч мөн авлига гэж үзэж болохоор байгаа юм. Монополиуд хувийн ашгаа нэмэгдүүлэхийн тулд зах зээлд эзлэх хүчин чадлаа ашигладаг боловч энэ нь хэзээ ч авлигад тооцогдохгүй. Авлига нь хувийн ашиг хонжоог олохын тулд төрийн албан хаагч хамссан байх ёстой. Хэрвээ монополи нь өрсөлдөөнийг хязгаарлахын эсрэг үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн албан тушаалтнуудтай хуйвалдан зах зээл дээр ноёрхож байвал сая авлигад тооцогдоно. Авлигад нэг талаас авлига өгөгч (буюу тодорхой үйлчилгээг хүсэгч) нөгөө талаас авлига авагч (буюу үйлчилгээ үзүүлэгч) гэсэн хоёр талтай. Авлигыг ихэнх хүмүүс харвал таньж, ялгаж чадна гэдэг боловч авлигыг тоогоор хэмжих нь илүү бэрхшээлтэй. Өгүүллийн эхэнд дурдагдсан үнэгүй аялал болон томилолтын мөнгө авлига болж чадах уу?
Яагаад авлига гэж?
Авлига байхын үндэс нь ийм үйлчилгээг хүссэн эрэлт болон түүнийг хангадаг нийлүүлэлт байгаад юм. Маршаллын Арлуудын тохиолдол ч мөн адил. Тиймээс авлигыг эрэлт нийлүүлэлтийн дүн шинжилгээгээр авч үзэж болно. Авлигын нийлүүлэлтэд орлого бага байх, орлуулах ажлын байрны боломж байх, мөрдөн илрүүлэх, байцаан шийтгэх механизм ядмаг эсхүл огт байхгүй байх, төвлөрсөн эрх мэдэл зэрэг орно. Харин эрэлтэд авлигын үр дүнд асар их хэмжээний орлого олох боломжтой байх, тухайлбал, засгийн газрын том хэмжээний тендер, гэрээ нь авлига бий болгох эрэлтийг өсгөх юм. Тиймээс тодорхой үйлчилгээнд өгөх хахуулийн үнэ, авлигын хэмжээ зэрэг нь дээрх хүчин зүйлсээс хамааралтай. Аливаа нэгэн авлига нь тодорхой үнэд (хахууль) хийгдэж байдаг. Авлигын хэмжээ цаг хугацаа, орон зайн хувьд ялгаатай байх нь авлигын эрэлт нийлүүлэлтэд гарч буй өөрчлөлттэй нягт уялдаатай. Тухайлбал, эрдэс баялгаас олох гэнэтийн ашиг нь авлигын эрэлтийг өсгөж эрэлтийн муруйг баруун тийш нь шилжүүлнэ. Мэдээжээр авлигын нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа үед хахуулийн үнэ өндөр байна. Ийнхүү хязгаарлагдмал байхад ёс зүйн өндөр хэм хэмжээтэй байх, нийгмийн зүгээс тавих хяналт өндөр, мөрдөх, байцаан шийтгэх механизм хүчтэй байх, төвлөрсөн эрх мэдэл багатай байх зэрэг нөлөөлдөг. Ийнхүү цаг хугацаа, орон зайн хувьд авлигын хэмжээ, хахуулийн түвшинг мэдэж байх нь авлигад удаан хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс нь эрэлтийн эсхүл нийлүүлэлтийн талынх болохыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Авлигын шалтгааныг мэдсэн тохиолдолд түүнтэй тэмцэх зөв стратегийг тодорхойлоход гол үүрэгтэй.
Авлигын үр дагавар юу вэ?
Авлига ядуурлыг нэмэгдүүлдэг хэмээн дүгнэсэн олон тооны судалгаанууд байдаг. Энэ нь хоёр арга замаар нөлөөлдөг. Нэгд, авлига бол үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ утгаараа орлогын өсөлтийг бууруулах хүчин зүйл болдог. Мэдээжээр ядуус орлогын зэргээрээ хамгийн доод шатанд байх тул эдийн засгийн уналтын сөрөг үр дагаврыг хамгийн түрүүнд мэдэрдэг. Түүнчлэн, олон эмпирик судалгаагаар авлига нь эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулдаг нь тогтоогдсон байна. Түүнчлэн, ерөнхий эдийн засгаас гадна микро эдийн засгийн түвшинд ч төсөөтэй нөлөөтэй гэдэг нь тогтоогдож байна. Фисман болон Свенссон (2000) нар Уганда дахь компаний тоо баримтыг ашиглан хийсэн судалгаагаар хахуулийн хэмжээ 1 хувиар нэмэгдэхэд компаний бүтээгдэхүүн гаргалтын хэмжээ 3 хувиар буурдаг гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, ижил хэмжээний татварын өсөлтөөс 3 дахин их ачаалал учруулдаг байна.
Хоёрт, авлига нь ядуурлыг нэмэгдүүлэх хор уршигтайгаар орлогын дахин хуваарилалт хийдэг байна. Мэдээжээр, ядуу давхарга хээл хахууль төлөх хөрөнгө, түүнд нэвтрэх мэдээлэл ч байхгүй. Авлига нь тодорхой хөрөнгө мөнгийг нэгээс нөгөөд шилжүүлж байгаа үйлдэл бөгөөд ингэхдээ ядуусыг золиосоо болгож байдаг. Гаалийн татвар ногдуулах ёстой бараа хилээр нэвтрэхэд хахууль авсан гаалийн байцаагч тооцохгүй өнгөрөөж байгаа нь хуулийн дагуу улсад орох ёстой байсан орлого үгүй болж байдаг. Мөн сувилагч үйлчилгээний төлөө хахууль авч байгаа нь нэг өвчтөнд үзүүлэх ёстой байсан эмчилгээг хойшлуулж, нөгөө өвчтнийхийг эрчимжүүлж, ингэснээр ядуу өвчтөн хохирч байдаг. Нөгөө талаас, энэ нь дээрх олон чухал үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй албан хаагчид чухал шаардлагатай үйлчилгээг хээл хахууль авахын тулд цааргалах, хүнд суртал гаргах зэргээр ашиглах илүү ноцтой сөрөг үр дагавартай.
Гэвч авлига нь цаг үргэлж муу байдаггүй. Хэтэрхий их хүнд сурталтай нөхцөлд бэлэн мөнгөний тусламжтайгаар ажил бүтээх боломжийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, хүнд суртлын дарамт ихтэй үед авлига, хээл хахууль нь зохих журмын дагуу шийдвэр гаргах ганц боломжит арга нь ч байж болох.
Тийнхүү авлига нь бизнесийн зардал болох үед авлигын нийгэм дэх өртөг нь хоёр сувгаар нөлөөлдөг. Нэгд, нэгэнт хууль бус тул уг гүйлгээг олж мэдэх, мэдээлэл нууц, хомс байдаг. Хоёрт, авлига өгөгч тал уг үйл ажиллагаандаа монополь эрхтэй тул өрсөлдөөн байдаггүй.
Цаашлаад, авлига даамжран, өндөр түвшинд, байнга хийгдвэл гарахад хэцүү урхинд оруулдаг. Бүгд авлигад ямар нэгэн байдлаар холбоотой байхад авлигатай тэмцэнэ гэдэг хүндрэлтэй. Хэрэв бодит байдал дээр тийм биш ч гэсэн, бүгд авлигач болсон гэж үзэх нь өөрөө бусдыг авлигачдын эгнээнд нэгдэх “шаардлагыг” нэмэгдүүлдэг. Хэн ч татвар төлөхгүй байгаа үед татвар төлөх нь утгагүй мэт санагдана. Үүний үр дүнд, төрөөс үзүүлж буй үйлчилгээ муудаж, авлигатай тэмцэх хүчин чармайлтыг бууруулж, авлига ужигирдаг. Тиймээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг аль болох эртнээс, ихээхэн хүчин чармайлттай эхлүүлэх шаардлагатай.
Авлигатай хэрхэн тэмцэх вэ?
Эдийн засагчид үзэхдээ авлига оршин байгаа нь түүнийг өөгшүүлдэг зүйлстэй холбоотой бөгөөд тэдгээр сэдэл, хүчин зүйлсийг багасгах хэрэгтэй гэж үздэг. Эрэлт нийлүүлэлтийн шалтгааныг тодорхойлж, авлигыг бууруулах стратегидаа тусгасан байна. Тухайлбал, жижиг авлига нь ажилгүйдэл ихтэй, цалин багатай үед газар авах бөгөөд эдийн засаг өсөхийн хирээр буурна гэж үзэж болно. Жижиг авлига аяндаа буурна гэж орхигдуулахын оронд ажлын байр бий болгоход учирч буй саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд анхаарах нь нийлүүлтийн талын авлигыг бууруулахад чухал үүрэгтэй. Дээрх арга хэмжээнээс гадна дүрэм журмыг цөөлөх, энгийн болгох, шийдвэр гаргагчид төвлөрсөн эрх мэдлийг бууруулах, зөрчигдөд тавих хяналт, арга хэмжээ авах механизмыг бэхжүүлэх, ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээтэй хослуулах нь нийлүүлтийн хүчин зүйлээс хамааралтай авлигыг бууруулах боломжтой. Эрэлтийн талд, хонжоо бий болгох бүтцийг багасгах нь зүйтэй мэт боловч, улс үндэстэн, хувь хүмүүс гэнэтийн ашигийн цаг хугацаа, хэмжээг нарийвчлан тодорхойлох боломжгүй байдаг. Тиймээс аливаа зохицуулалт, дүрэм журмын үйл ажиллагаа бүгдэд нээлттэй, ил тод арга замаар зохион байгуулах нь хонжоо хайх боломжийг бууруулахад чухал ач холбогдолтой. Гонконг, Сингапурт авлигыг бууруулах чармайлт нэлээд амжилттай болсон.
Дээрх мэдээлэлд үндэслэн, Хятадын талаас Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын улс төрчдийн аяллын зардлыг даах нь хээл хахууль мөн үү? Хэрэв тийм бол түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
Тэмдэглэл
Энэхүү ажлын эхний ноорог дээр маш чухал санал өгсөн Куэнтин Графтон, Бен Грахам, Карл Хакер болон Стив Поллард нарт гүн талархал илэрхийлье.
Авлигын өвчнийг оношлох нь: Авлигыг анагаах талаар салбарууд ямар зөвлөгөө өгч байна вэ? Питер Лармур
Авлигыг ихэвчлэн өвчин эмгэг гэж ярьдаг. Ийнхүү зүйрлэх нь түүнийг эмчлэх боломжтой тухай санааг давхар агуулдаг. Түүнчлэн, түүнийг оношлох, буруу онош тавих тухай ч санаа байж болно. Ямар өвчин бэ, ямар эмчилгээ шаардлагатай вэ, мэс засал хийх үү, аспирин уулгах уу эсхүл хүлээвэл аяндаа алга болох түр зуурын шинжтэй юу? Ямар ч л байсан оношоо зөв тогтоох хэрэгтэй юм байна.
Олон нийтийн санаа бодол, сонины тэргүүн нүүр, сүм, хийд, мэргэжилтнүүдийн номлол, сургаалиудад авлигын талаар олон янзын оношууд байдаг. Зарим нь энэ бол үхлийн өвчин гэдэг, өөрөөр хэлбэл эмчилгээгүй гэдэг. Эсхүл маш удаан хугацааны нийгмийн өөрчлөлтийг хүлээх хэрэгтэй гэдэг. Зарим нь үл бүтэх шинжтэй (утопи) эмчилгээг санал болгодог: хувьсгал хийх, эсхүл зүрхийг солих гэх мэт. Ихэнх оношийг дагалдсан практик эмчилгээний аргууд байдаг. Онош нь тухайн эмчилгээний аргын үндэс нь болдог. Энэ эмчилгээ нь өөр зорилгод ч үйлчилж болно. Авлигын эсрэг кампанит ажил нь нийгмийн хяналтыг сайжруулах хэрэгсэл байж болохоос гадна улс төрийн өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаах гэсэн зорилгод ч үйлчилж болно. Заримдаа эмчилгээ нь өвчнөө улам дордуулж ч болох юм.
Энэ өгүүлэлд хэд хэдэн онош-эмчилгээний хослолыг тодорхойлох гэж оролдсон бөгөөд энэ нь бас онол практикийн харилцан холбоо, нэг талын урсгалтай, заримдаа эмчилгээ нь оношоосоо өмнө байх тохиолдол бий, өмнө нь эмч нар буруу эмчилгээ хийснээс өөрөөр хэлбэл, авилгын эсрэг кампани нь урьдчилан төлөвлөгдөөгүй сөрөг үр дагавартай ч байж болох.
1990-ээд оноос олон улсад авлигын асуудалд онцгой анхаарч эхэлсэн бол Авлигын эсрэг бие даасан комисс байгуулах нь 1970-аад онд гол загвар болсон юм. Харин орчин үеийн төрийн албаны тогтолцоо нь 19-р зууны үеийн албан тушаалд томилогдох болон ахихад авлигыг бууруулах шинэчлэлийн үр дүн байсан. Хяналт тэнцвэржилтийн тогтолцоо нь 18-р зууны үед бий болсон. Энэ мэтчилэн авлигыг хязгаарлах тухай үзэл санаа нь улс төрийн шинжлэх ухаан болон үндсэн хуулийн ардчиллын нэг чухал хэсэг байсаар ирсэн билээ.
Харин авлигын эсрэг тэмцлийн үр нөлөө ахицтай биш гэж үздэг судлаачдын хүрээ багагүй газар авсан байна. Тухайлбал, Фрэнк Анэчиарико үзэхдээ Нью-Йоркод гарсан авлигын томоохон шуугиан бүрийн дараа бий болох хяналт шалгалтын бүтэц нь төрийн албаны үр ашгийг бууруулж байна гэжээ. Иван Крастев тэргүүтэй Зүүн Европын хэсэг судлаачид донор байгууллагын санхүүжилттэй авлигын эсрэг үйл ажиллагаа нь үр дүнд хүргэхгүй харин ч олон түмний дунд төр засагтаа итгэх итгэлийг сулруулж, улс төрийн популистуудыг дэвэргэж байна гэжээ.
Классик оношууд
Судлаач Ричар Малгэн эртний Грекийн философчид болох Плато, Аристотель нар ертөнцийг үзэх идеал болон бодит гэсэн хоёр (дуалист) загварыг харьцуулдаг байсан гэжээ. Идеал ертөнцийн үнэн, сайныг бодит ертөнцийн урвалт, ялзарах үйл явцтай эсрэгцүүлж, идеал ертөнц нь бодит ертөнцийг үнэлэх хэмжүүр болдог байсан ажээ. Тиймээс бүхий л бодитой орших нийгэм авлигач байсан бөгөөд удирдагчид нийтийн сонирхолд өөрийгөө бүрэн зориулах ёстой гэдэг байсан ажээ.
Эртний Грекчүүдийн хувьд гол эмчилгээ нь хууль дээдлэх ёс байсан. Аливаа хууль аль нэг бүлэг хэсэгт илүү давуу тал олгодог байсан ч гэсэн, хууль байгаагаараа илүү дээр, учир нь хууль байгаа учраас тохиолдлын бус тодорхой механизмаар зохицуулагдсан шийдвэр гарна.
Түүнээс гадна улс төрийн тогтворт байдлын хамгийн чухал үндэс нь хуулиа сахидаг, аж ахуй эрхэлдэг дундаж анги гэж үзсэн. Учир нь язгууртнууд болон ажилгүйчүүд нийгэмд хууран мэхлэх нь илүүтэй байдаг ажээ.
Өрнөдийн бус сонгодог онош
Лалын түүхч Ибн Калдун (1332-1406) үзэхдээ авлигын шалтгаан нь элитийн дундах унхиагүй сул амьдралд байна гэсэн. Хятадын философч Ванг Ан Ши (1021-86) авлига нь муу тогтолцоо муу хүмүүсээс болж төрөн гардаг гэжээ. Энэ нь сайн удирдагчид агуу их даруу төлөв зантай байхыг зааснаас гадна элитийн дундах ёс суртахуунгүй явдлыг эсэргүүцсэн онол юм.
Орчин үеийн авлигын эсрэг үйл ажиллагаа сайн хүмүүс гэхээсээ илүү сайн системийг бий болгох нь чухалд тооцогддог байна. Ялангуяа, Транспэренси Интернэшнл байгууллага урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болон хязгаарласан тогтолцоо байгуулахыг чухалчилдаг. Хэдий тийм боловч хувийн шинж чанар бас байгууллагын, бүтцийн хүрээнд олгогдож буй боломжид хэрхэн хариу өгөхөд нөлөөлдөг ажээ. Тухайлбал, Гонконгийн Авлигатай тэмцэх бие даасан комиссийн үзэж байгаагаар мөрийтэй тоглоомын өртэй албан тушаалтнууд авлигад илүү өртөх боломжтой ажээ. Түүнчлэн, ажилд авах сонгон шалгаруулах явцад ажилтны ёс зүйн байдлыг судлах, тусгай сургалт зохион явуулах замаар хувийн муу зуршлыг багасгахаар оролдож болох юм.
Төрийн захиргааны онош ба эмчилгээ
19-р зуунд АНУ-ын хотын захиргааны шинэчлэлийг хэрэгжүүлэгчид төрийн албан хаагчдыг томилоход улс төрийн оролцоонд санаа зовниж байсан бөгөөд үүнийг засахын тулд төрийн алба ба төрийн захиргааг зааглаж, илүү биеэ даасан, шаталсан бүтэцтэй төрийн албыг бий болгож, ажилтнуудад төрийн захиргааны албанд удаан жил шат ахин ажиллах боломжтой бүтэц чухал гэж үзжээ.
Тиймээс авлигын учир шалтгааныг авч үзэх төрийн захиргааны онош нь сул, үр ашиггүй байгууллагууд, төрийн ба хувийн салбарын үйл ажиллагааг хангалттай салгаагүй, улс төрчид төрийн захиргааны үйл хэрэгт хутгалдан орох зэрэг шалтгааныг тоочжээ. Эмчилгээ нь хүний нөөц, хянан шалгах, гэрээ хэлцэл байгуулах үйл ажиллагааг гадны нөлөөнөөс ангид байлгах, хуучирсан болон зөрчилтэй хуулийн зүйл заалтыг засварлах, шүүх болон авлигын эсрэг байгууллагуудыг бэхжүүлэх шаардлагатай гэж үздэг байна.
Улс төрийн онош ба эмчилгээ
Төрийн албаны шинэчлэл улс төрчдийг төрийн захиргаанаас ангид байлгах замаар авлигыг бууруулна гэж үздэг. Энэ зарчимыг дунд доод шатны сонгуульт албан тушаалтнуудын хувьд ч төрийн захиргааны албан хаагчийн адилаар хэрэглэж болох юм. Харин улс орны түвшний сонгогддог албан тушаалтны хувьд хэрэглэхэд бэрхшээлтэй, учир нь хууль дүрмийг тэд өөрсдөө бүтээдэг, өөрсдийн хүсэл сонирхолдоо нийцсэн хууль гаргах боломж нь байдаг. Улс төрийн онош нь хариуцлагын тогтолцоо сул, удирдлагын авторитар арга барил зэрэг нь эрх мэдлийг урвуугаар ашиглахад нөлөөлдөг байна. Түүнийг эмчлэхэд ардчилсан шинэчлэл, хүчирхэг мэдээллийн хэрэгсэл, гүйцэтгэх засаглалд тавих хууль тогтоох засаглалын хяналт, улс төрчдийн ёс зүйн кодекс, сонгуулийн кампанийн санхүүжилтийн тухай хууль, болон улс төрчдөд хариуцлага тооцох эрмэлзэлтэй хүчирхэг иргэний нийгэм зэрэг орно.
Эдийн засгийн онош ба эмчилгээ
Авлигын талаарх хамгийн нөлөөтэй шинэ хандлага эдийн засгийн салбарт бий болсон бөгөөд олон улсын байгууллагууд ялангуяа Транспэренси Интернэшнл байгууллага тухайлбал, бизнесийн үйл ажиллагаан дахь авлигын эсрэг тэмцэхээр анх 1993 онд байгуулагдсан билээ. Зарим нь хэтэрхий их зохицуулалттай тогтолцоонд “дугуйг эргүүлэхийн тулд бага зэргийн тос” буюу авлига ашигтай ч байж болох тухай ярьдаг. Судлаач Роберт Клитгаард өөрийн хандлагыг товчхон томъёолж,
Монополь + Эрх мэдэл – Хариуцлагын тогтолцоо = Авлига
хэмээн үзүүлжээ.
Энэхүү оношийн нэг шинэ ойлголт нь монополь буюу өрсөлдөөнгүй нөхцөл байдал юм. Энэ нь эрх мэдлийн тухай өөрөөр авч үзэх боломж олгож байгаа юм. Судлаач Клитгаардын үзэж байгаагаар, төрийн эрх мэдлийг монопольчлох нь албан тушаалтнуудад үйлчлүүлэгч нараасаа хээл хахууль шаардан авах эрх мэдлийг өгдөг. Тэрхүү монополь эрх байхгүй бол үйлчлүүлэгчид хахууль төлөхгүйгээр өөр газраас үйлчилгээ авах боломжтой байдаг. Цахилгаан холбооны үйлчилгээг хувьчлах, төрийн зохицуулалтаас гаргах нь монополийг зогсоож буй сайн жишээ юм.
Клитгаардын томъёоллын нөгөө нэг тал нь илүү их яригддаг, хүлээн зөвшөөрөгдсөн зүйл байдаг. Эрх мэдэл албан тушаалтнууд тодорхой үйлчилгээ өгөх, зогсоох, түдгэлзүүлэх, татвараас хөнгөлөх зэрэг бодит нөлөөг өгдөг тул үүгээр далимдуулан хээл хахууль нэхэх, шаардах боломжийг бий болгодог байна. Гуравдахь хэсэг болох хариуцлагын тогтолцоо нь засаглалын бүх төрлийн эмгэгийг эмчлэх хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ юм. Тиймээс эмчилгээ нь томъёог эсрэгээр тавих буюу монополийг зогсоо, албан тушаалтны эрх мэдлийг бууруул, хариуцлагын тогтолцоог сайжруул тэгвэл авлига буурна гэсэн үг.
Криминологийн онош ба засал
Олон улсын байгууллагуудын түвшинд эдийн засгийн болон төрийн захиргааны хандлагууд илүү түгээмэл байхад дотоодын авлигын эсрэг тэмцэлд цагдаа болон эрүүгийн шүүхийн үйл ажиллагаа чухал байдаг. Гонконгод анх Авлигын эсрэг бие даасан комиссыг (АЭБК) цагдаагийн тогтолцоонд байгаа авлигатай тэмцэхээр байгуулжээ. Шүүхч тэргүүлдэг бөгөөд мөрдөн байцаах хэлтэст нь хуучин цагдаагийн ажилтнууд ажилладаг байна.
Ихэнх орнуудад авлигыг гэмт хэрэгт оруулан тооцдог байна. АЭБК-ийн судалгааны захирал Анжела Горта гэмт хэргийн талаарх бүтээлүүдийг судлан, 1/ гэмт хэрэг нь нөхцөл байдлаас хамаардаг болохоос хэрэг үйлдэгчийн тодорхой хувийн шинж чанараас хамаардаггүй, 2/ хүмүүс гэмт хэргийг ухамсартай хийдэг, тэд ихэвчлэн тооцоолсон байдаг, 3/ олон янзын гэмт хэрэг байна, өмчийн эсрэг, хувь хүний эсрэг гэх мэт, 4/ хэрэг үйлдэгчид хийсэн хэргээ ямар нэг байдлаар зөвтгөхийг хичээдэг, 5/ байгууллагын хүчин зүйл гэх мэт нь хэрэг болоход нөлөөлдөг өөрөөр хэлбэл, гэмт үйлдэл гарах боломж байгаа эсэх, бусад хүмүүсийн уруу таталт, нөхдийн шахалт зэрэг гэж тоймлож үзжээ.
Гэмт хэргийн тухай энэхүү ерөнхий тодорхойлолт нь тодорхой төрлийн гэмт хэрэг, ялангуяа авлигын хэрэгт чухал ач холбогдолтой. Эхний бодомжийн дагуу зохих нөхцөл бүрдсэн үед хүн бүр авлигач байх боломжтой бөгөөд авлигын эсрэг кампани нь бүх албан тушаалтнуудыг авлигач байх боломжтой гэж үзэх шаардлагатай болно. Хоёрт, хэрэв авлигач үйлдэл гаргасан аваас яагаад тэгсэн учрыг тунгаах шаардлагатай. Гуравт, авлигын олон янзын хэлбэр бүрт бид өөрөөр хандах ёстой. Бүгдийг нь адилтгаж авч үзвээс тухайн хэргийн тохиолдол, ноцтой байдал, засах боломж зэргийг буруу тооцох магадлалтай. Албан хаагчдын хахуулийн хэргийг сонгуулийн кампанийн санхүүжилтийн асуудлаас ялгаатай авч үзэх хэрэгтэй. Дөрөв дэх зарчим, мөрдөн байцаагчид авлигын хэрэг үйлдэгчид өөрсдийгөө зөвтгөх тайлбарыг нь үгүйсгэх үндэслэлийг боловсруулсан байх шаардлагатай. Тавд, байгууллагын соёлын асуудалд АЭБК онцгойлон анхаардаг, ялангуяа найз нөхөд, хамт олны үлгэр жишээ, хүлээлт, удирдагчдын үлгэр жишээ зэрэг болно. Тухайлбал, шинээр орсон цагдаагийн ажилтанд сургуульд сурсан зүйлсээ мартаж, өөр амьдралд дасан зохицох тухай байнгын номлол сургаал нь удирдлагын авлигач байдлыг хүлээн зөвшөөрч, дагаж ороход нөлөөлдөг байна.
Дүгнэлт
Онош болон эмчилгээний өөр хослол хувилбарууд ч байх боломжтой бөгөөд эрэлхийлэх нь чухал. Жишээлбэл, антропологи, сэтгэл судлал, шашны урсгалууд болон орон нутгийн уламжлалаас ажиглаж судлах боломжтой юм. Харин энэ хандлага маань авлигыг ойлгох, түүнтэй тэмцэх талаар бидэнд юу өгсөн бэ?
Нэгдүгээрт, авлигын талаар ганцхан зөв хандлага гэж байхгүй. Харин ч олон янзын хандлага байдаг бөгөөд ялангуяа, криминологийн хандлага авлигын олон янзын хэлбэрүүдтэй тус бүртэй өөр өөр аргаар хандах хэрэгтэйг санал болгож байгаа юм.
Хоёрт, өмнө нь алдаатай байсан зарим нэг мэргэжлийн болон салбарын номлолыг тодотгож өгсөн. Тиймээс авлигын эсрэг тэмцэгчид тодорхой салбарын санал болгож буй арга хэмжээ, үйл ажиллагааны бодит үр дүнг хэмжих, эмпирик түвшинд шалгах түүний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай юм. Харамсалтай нь өнөөдөр авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнгийн талаарх системтэй эмпирик судалгаа нотолгоо бага байгаа бөгөөд тийм судалгаа хийх шаардлага улам тулгамдсаар байна.
[1] Transparency International, 2005. Transparency International Corruption Perceptions Index, Berlin. Available from http://www.tranparency.org/cpi/2005
[2] Phlip, M., 1997. ‘Defining corruption’, Political Studies, 45:436-62
[3] Tullock, G., 1989. The Economics of Special Privilege and Rent-Seeking, Kluwer, Boston.
[4] Dryzek, J., 2000. Deliberative Democracy and Beyond, Oxford University Press, Oxford.