П.Очирбат
/Анхны ерөнхийлөгч асан/
Шинэ толь №61, 2008
УТБА-ийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ Академийг үүсгэн байгуулагчдад баяр хүргэе. Мөн өнөө үед авч яваа эрдэмтэн судлаачид, багш нарт баяр хүргэж, амжилт хүсье. УТБА нь ТББ-ын статустай. Үйл ажиллагаагаар нь “Ардчиллын Академи” гэж үнэлмээр байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалын бараг бүх асуудлаар хэлэлцүүлэг хийсэн нь их чухал ач холбогдолтой байсан. Нарийн судалгаа хийдэг нь практикт үр өгөөжөө өгсөн. Судалгааны бүхэл бүтэн аргачлал, арга зүйг боловсруулсан. Мөн УТБА-ийн нягт хамтран ажилладаг КАС-д талархаж явдгаа хэлмээр байна. Ялангуяа, Проль гуайд их баярлаж явдаг ба ноднин Берлинд явж байхдаа уулзсан. Бидэнд тайвшрал, болж байна гэсэн нэг сэтгэлгээ байдаг нь ардчиллаас ухрах нэг буруу зүйл юмаа. Ардчиллын үйл хэрэг биднээс их нарийн ухаан, аргыг шаардаж байна. Монголд Германы 2 том сан үйл ажиллагаа явуулдаг. Ардчиллын боловсролд КАС, Эрх зүйн боловсролд Ханнс Зайделийн Сан, Монгол Германы форум Германд их амжилттай болсон нь бидний үйл ажиллагааны нэг ололт билээ. Энэ үеэр Монголд хандах том гүрнүүдийн хандлагыг бид их ажигласан ба ардчилал энэ улсад хөгжжээ гэж том том улсууд үнэлсэн. Б.Дэлгэрмаагийн илтгэлтэй санал нийлж байна. Тухайлбал, парламентын засаглалтай байж, ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгож байна. Бидэнд их сониуч зан байдаг. Хэрэглэхгүй байж хуулиа засах гэдэг нь буруу юм. Үндсэн хууль гэдэг юманд хэн дуртай нь байн байн хуруу дүрээд байдаг юм биш. Нутгийн өөрөө удирдах ёс гэж Монголд одоо муу хэрэгжиж байна. Энэ нь УТБА буюу Ардчиллын Академийн цаашдын гол 1 зорилго, зорилт байх болов уу.
Та бүхэнд их талархлаа.
Х.Тэмүүжин
МУИС, Хууль зүйн сургуулийн багш
УТБА-иас гаргасан энэ олон “Шинэ толь” сэтгүүл миний оюутан нас, мөрөөдлийг минь санагдуулж байна. Ардчиллын тухай мэдлэг бас л Монгол орны иргэдийн дунд бага байна. Үгээр хэлж чадаж байна, үйл хэрэг болгондоо бага байна. Иргэний боловсрол, үндсэн хуулийн талаар иргэдэд боловсрол олгох хөрөнгийг одоо улс байгаа (ашигт малтмалтай) энэ нөхцөлд улсаас мөнгө гаргуулж цогц бодлогоор шийдүүлэх хэрэгтэй. Иргэдээ мэдлэгжүүлэх нь төрийн бодлогын нэг хэсэг билээ. Захирал Д.Ганбат “Ардчиллаас залхах, ухрах” хандлага байна гэж хэлсэнтэй санал нэг байна. Үүнийг иргэний боловсролоор хангах хэрэгтэй. Мөн үндсэн хуулийн хяналтын талд анхаармаар байна.
УТБА, КАС-д талархлаа илэрхийлье.
Д.Дорлигжав
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Та бүхэнд баярын мэнд хүргэе. 1991 оноос бид нартай хамтарч ажиллаж байсан, энэ ажлыг эхлүүлж байсан хатагтай Бругер, дарга Питер Глуховски нарын анд нөхдөө дурсан санаж байна. Монголд хууль ноёлсон, ардчилсан систем тогтоод байна гэсэн мөртлөө мөн чанар дээрээ хуулийг сахидаггүй, үндсэн хуулиа ч биелүүлдэггүй, хамгийн том дарга нарын аман шийдвэр, тушаал, тогтоол, шийдвэр хүчтэй байгаа нь сөрөг үр дүн үзүүлж байна. Үндсэн хуульд хуруугаа хүргэж болохгүй, нөгөө хөсэг нь ердөө болохгүй гэсэн хоёр туйлшрал бий болж байна. Ийм үед зааланд цугласан, юм судалдаг, эргэцүүлдэг хүмүүст хэлж байхад илүүдэхгүй гэж боддог. Нийгмийг ардчилах гол хөшүүрэг нь намуудын үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Намуудын дотоод зохион байгуулалт хэр байна вэ?, намуудын шийдвэр гаргах түвшинд гишүүд нь хэр оролцож байна гэдэг асуудал юм. Ардчилсан нам энэ оролдлогыг хийдэг юм. Ер нийгэмд гарч байгаа завхралыг намууд, улс төрчид, эрдэмтэн судлаачид нийлж арилгах хэрэгтэй байна.
УТБА шиг олон байгууллагууд байгуулагдаж, нийгэмд олон сайн зүйлийг хийх болтугай.
М. Батаа
Удирдлагын академийн багш
The Quality of Democracy and Citizens’ Participation This research was conducted by Larry Diamond and Leonarda Morlino and I wrote the following as a comparative report of the quality of democracy, its conceptual dimensions, and its application for ensuring its quality. These scholars adopted the management terms for quality and applied to the quality of democracy as follows.
Quality – the use of the term in management
Quality containing the three different meanings of quality
- Quality in terms of procedure and process based on precise methods and timing
- Quality in terms of content or structural characteristics, such as design, materials, and functioning
- Quality in terms of result as refers to product or service indicated by the degree of customer satisfaction
These conceptual dimensions and their requirements need to be ensured in order to uphold the perceptions of democracy as follow:
- Freedom
- Rule of law
- Vertical accountability
- Responsiveness Equality
- Participation
- Competition Horizontal accountability
- Transparency
- Effective representation
The application of such conceptual dimensions is the key to assure whether the existing democracy is assessed as quality democracy or not.
If democracy does not meet the quality requirements it would promote the perceptions of democratic governments, political institutions, and politicians are increasingly corrupt, self-interested, and unresponsiveness resulting in the broad decline of public confidence in governmental and political institutions further leading to “crisis of democracy”.
The question will a quality democracy produce quality results remains unanswered, however, it is likely that quality democracy will bring about positive impact on the continuation of reform in democracies, new and old alike. For democracies must reform if it is to develop. Therefore, if the quality of democracy is enriched with reforms, that in return further guarantee the quality requirements.
The basis of reform is citizens’ participation from the concept of citizens demand vs. institutional supply. Citizens’ participation in strengthening the foundations, principles, values and the applications of democracy. Then on one hand encouraging institutionally and socially citizens participation, and on the other educating them for better political education and participation are the foundation for quality democracy.
О.Машбат
Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач
15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа УТБА-д юун түрүүнд баярын мэнд хүргэе. Миний бие УТБА-ийн 1995 оны курсийн төгсөгч юм. Тэр үед тухайн үеийн МҮАН, МСДН-ын гишүүдэд зориулсан шат дараалсан сургалт зохион байгуулж, 1996 оны сонгуульд бэлдэж байлаа. Хэдийгээр би аль ч намынх нь гишүүн биш байсан ч энэ сургалтад суух завшаан тохиосон билээ. Харин дараа жилийн УИХ-ын сонгуулиар манай ангийн хоёр ч “хүүхэд” УИХ-ын гишүүн болж, бусад нь яам тамгын газар, аймгийн засаг дарга болцгоосон. Одоо УТБА-ын Либерти сургуулийн багш Сосормаа эгч ч манай ангийн “охин” билээ. Энэ академи миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд улс төр судлах сонирхол маань эндээс эхэлсэн.
Баярыг тохиолдуулан эрдмийн хурал хийж, хэлэлцэж буй асуудалтай холбоотой хувийн бодлоо илэрхийлэх завшаан олгосон хурал зохион байгуулагчдад мөн талархал илэрхийлье.
Миний бие 1992 оны Үндсэн хууль бүхэлдээ нааштай үр дүн авчирсан гэж үздэг. Үндсэн хуульд өөлөх зүйл бий, тэр дундаасаа төрийн эрх мэдэл хуваарилах асуудлаар доголдолтой томоохон асуудлууд бий. Үүнээс хамгийн чухал хоёр асуудлыг тухайлан дурдмаар байна:
Нэгд, эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийн харьцааг бэхжүүлсэн үр дүнтэй механизм байхгүй.
Хоёрт, эрх мэдлийн хуваарийг бэхжүүлэх улс төрийн системийн зохицуулалтыг Үндсэн хуульд сох орхисон. Парламентын засаглалтай бүх улс нам, сонгуулийн системийн асуудлыг Үндсэн хуульдаа шууд заасан байдаг учир нь парламентын засаглал улс төрийн тэмцлээс шууд хараат байдаг.
Энэ хоёр доголдлын үр дагавар нь үндсэн хуулийн эрх мэдлийн зохицуулалтыг хоосон тунхаг болгож хувиргасан байдаг.
Ялсан нам Засгийн газраа байгуулдаг учраас эрх мэдэл хуваарилах зарчим алдагдсан. Ялсан нам хатуу сахилга батаараа дамжуулан хууль тогтоох, гүйцэтгэх хоёр эрх мэдлийг өөртөө нэгтгэж орхидог. Үүний жишээ бол 2000- 2004 оны МАХН-ын жишээ тод харуулна. Тиймээс манай улс эрх мэдэл хуваарилсан биш, харин ч эрх мэдлийг төвлөрүүлсэн Британи маягийн буюу Вестминстерийн системтэй болчхоод байна.
Улс төрийн нам, сонгуулийн тухай асуудлыг ердийн хуулийн зохицуулалтын хүрээнд орхисноор энэ асуудлууд парламентад суудалтай намуудын явцуу сонирхолд хөтлөгдсөөр өнөөг хүрлээ. Сонгуулийн систем аль намд нь ашигтай байгааг л харахаас эрх мэдлийн хяналт- тэнцлийг хангахад ямар нөлөөтэй вэ гэдгийг олж харахгүй, олж харахыг хүсэх ч үгүй байна.
Гэхдээ энэ Үндсэн хуулийг ардчиллыг бэхжүүлэхэд нааштай үр дагавар авчирсан гэж үздэгийн гол шалтгаан бол парламентын засаглалын өөрийнх нь мөн чанартай холбоотой юм. 1990-ээд оны эхээр парламентын засаглалыг сонгож авсан зүүн европын улсуудад ардчилал баттай тогтсон байхад, ерөнхийлөгчийн засаглалыг сонгож авсан төв Азийн улсуудад дарангуй нийгэм тогтсон байгааг бид бэлхнээ харж байна.
Манай үндсэн хууль, парламентын засаглалын үзүүлсэн хоёр том нөлөө байна.
- Засгийн эрх улс төрийн хүчнүүдийн хооронд тайван замаар шилжиж хэвшлээ. Харин намуудын тэмцэл хатуу, ширүүн, хэт өрсөлдөөнтэй байгаа нь ялагч-бүхнийг- хожно системд байдаг л үзэгдэл. Парламентад хэт олонх, хэт цөөнх байгаа үед цөөнх эрх баригч хүчний нэр хүндийг унагаах зорилготой л байдаг, ердийн зүйл, сонгуулийн системийн л үр дүн юм.
- Хамгийн нааштай үзэгдэл бол иргэний нийгмийн төлөвшил юм. Хонгор сумын хордлого, Ховдын Хөшөөтийн асуудал, уул уурхайтай холбоотой тавигдаж байгаа эдийн засаг, байгаль орчны асуудал зэрэг өнөөдөр тойрон ярьж байгаа бүх асуудлыг иргэний нийгэм сөхөж тавьсан, шаардсан юм. Хэрэв бид төв ази маягийн авторитар дэглэмтэй байсан бол эдгээр асуудлыг хүчээр дараад өнгөрөөх байсан нь лавтай билээ.
Иймээс манай Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарь, тэдгээрийн хяналт-тэнцлийн харьцааг оновчтой тогтоож чадаагүй боловч сонгуулиар төр засаг солигдож байгаа явдал, иргэний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшилд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж баттай хэлж болох юм. Чухам энэ иргэний нийгмийн төлөвшил манай ардчиллын цаашдын баталгаа, суурь болно гэдэгт би баттай итгэдэг.
Эцэст нь, УТБА иргэдийн дунд ардчиллын боловсролыг түгээж, иргэний нийгмийн төлөвшил, цаашилбал Монгол Улсад ардчиллыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг энд дахин тэмдэглэж, баяр хүргэж, цаашид сургалт, судалгааны ажилдаа улам их амжилт олохыг төгсөгчийн хувиар, хамтрагчийн хувиар хүсэн ерөөе.
Ш.Цогтоо
МУИС-ийн багш, хууль зуйн ухааны доктор, профессор
Монгол улсад анх хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үзэл санааг шинжлэх ухаанчаар түгээн дэлгэрүүлэх үйл хэргийн загалмайлсан эцэг болсон УТБА-ийн ажил үйлс нэгт эрхэм хүндэт эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд Та бүхэнд улам их амжилт хүсье. УТБА-ийн ололт амжилтын үндсийн үндэс болсон Герман улсын Конрад-Аденауэрын сангийн захирал ноён Томас Шрапел болон тус сангийн мэргэжилтнүүдэд баяр хүргэе.
Ойн арга хэмжээний энэ үеэр 15 жилийн өмнөх нэгэн анхдагч түүхийг сөхөхөд таатай байна. 1993 онд намайг МУИС-д багшилж байхад КАС-ийн суурин төлөөлөгч доктор Проль гуай: “Налайх дүүргийн хурал захиргааны удирдлагын бүтцэд судалгаа хийх” ажлыг санал болгож билээ. Ингээд ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан герман хэлтэй Д.Буянтогтохыг би сонгон авч, бид тэр анхны судалгааны ажлыг хамтран гүйцэтгэсэн түүхтэй. Д.Буянтогтох маань өдгөө КАС-ийн том мэргэжилтэн болж, миний бие багш нэр зүүж 20 гаруй бүтээл туурвисан доктор болсныг хэлэхэд таатай байна.
Энэ хүндтэй эрдэм шинжилгээний хуралд үг хэлэх боломж олгосон тус академийн захирал доктор Д.Ганбат Танаа болон танай эрдмийн зөвлөлд их баярлалаа.
Улс төрийн шинжлэх ухаанд аливаа үзэгдлийн мөн чанарыг илэрхийлэгч нэр томъёо, ойлголт, ухагдахууныг буруу үг хэллэгээр буруу ойлгож гажуудуулаад байвал эцсийн эцэст ардчилал зөв замаараа хөгжихөд их хохирол учруулж мэдэх аюул буйг онцлон тэмдэглэе. Ингээд профессор Б.Чимидийн тэмдэглэсэнчлэн “Хэлдэг үг нь буруу бол хийдэг ажил нь мөн тийм байж таарна” гэсэн мэргэн сургаалыг иш үндэс болгон хэлэлцэгдэж буй илтгэлүүдтэй холбогдуулж зарим нэгэн нэр томьёон дээр санал бодлоо хэлье.
Нэг. Хувь хүний эрх, эрх чөлөө ба нийтийн ашиг сонирхлын тухайд. Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн либертари хэв маяг нь төр, иргэний хоорондох харилцааг эн чацуу түвшинд авч үздэгээрээ ардчилсан нийгмийн байгууламжийн олон хэлбэр дотроос өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой онол юм.
Энэхүү номлол нь засгийн эрх баригч аль нэг нам хүчинд төдийлөн зохилддоггүй иргэн хүний эрх, эрх чөлөөний жинхэнэ тунхаг учир хаант засаг, хамжлагат ёсны үеэс уламжлагдсан “төр” нэрэн дор бүхнийг ноёрхож дарангуйлахыг эрмэлзэгч аливаа үзэл санааны эсрэг үзэл баримтлал мөн. Либертари онолын энэхүү гэгээн ойлголтыг туйлшруулж нэг бол амин хувиа хичээх үзэл буюу эгоизмтай адилтгах, эс бөгөөс бүх нийтийн буюу төрийн ашиг сонирхол гэдгээр бүрхэгдүүлэх явдал мэр сэр цухалзсаар байна.
Өөрөөр хэлбэл, шударга ёс ба нийтийн ашиг сонирхол, нийтлэг ашиг сонирхол, нийтийн өмч, нийтийн захиргаа, нийтийн эрх зүй гэдэг ойлголтыг илэрхийлж буй “public” гэдэг англи үгийг “төр”-ийн гэж буруу орчуулсантай холбоотойгоор төрийн ашиг сонирхол гэгчийг дөвийлгөн тавих гаж үзэгдэл нэгээс нөгөөд ноцох болов. Зүй нь нийтийн ба нийтлэг ашиг сонирхол нь Иргэний нийгмийн хамгийн чухал хэрэгцээ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Ингэхдээ харин “төрийн ашиг сонирхол” гэдгээр далайлгаж, хувь хүний эрх, эрх чөлөөнд халдахгүй байвал зохино.
Үүний зэрэгцээ иргэн буюу “гражданин”, бие хүн буюу “личность”, хувь хүн буюу “индивид” хэмээх категориуд наанаас нь харахад бүгдээрээ “нийгмийн амьтан” мөн боловч цаанаа тус тусдаа хууль зүйн өөр утга санаа агуулдгийг гүнзгийрүүлэн судалж үзэх нь зүйтэй санагдана.
Аль ч талаас нь аваад үзсэн “Нийтийн зүйлийг хувийн болгож, хувь хүний эрх, эрх чөлөөг хэдхэн хүнээс хамааралтай болгож орхивол нүгэл туйлдаа хүрнэ” гэсэн 17-р зууны Италийн алдарт эрдэмтэн Чезаре Бекария-гийн мэргэн сургаалыг болгоох буй за. Тэрбээр зөвхөн хүсэл зоригийн зөрчилдөөн, ашиг сонирхлын эсрэг тэсрэг байдал л нийтлэг ашиг сонирхлын тухай санааг төрүүлж нийгмийн шударга ёсыг бий болгосон гээд нийтийн ашиг сонирхлын төлөө өргөл болгосон тэр л эрх чөлөөний хэсэг бүрээс (төрийн) засгийн дээд эрх мэдэл бүрэлддэгийг шинжлэн тогтоожээ. Өөрөөр хэлбэл хувь хүний ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой нийцэж буй тэр л гэрээ шударга гэдгийг баталсан байна.
Чухамдаа ийм л зарчим, ийм л удирдлагын хэв маяг манай нийгэмд их үгүйлэгдэж байх шиг ээ. Гэхдээ … дээд түвшинд нийтлэг ашиг сонирхолд хохирол учруулах гэмт хэргүүд, харин доод түвшинд хүний хувийн явцуу эрхийг хөндсөн зөрчлүүд байрладгийг мартаж үл болно.
Хоёр. Ардчилсан засаглал гэж ойлголт бий юу. Зарим илтгэлд “Ардчилсан засаглал”гэсэн нэр томъёо мөн ч их тэнүүчлэх юм даа. Засаг гэдэг дээр “лал” дагавар залгачихаар яаж ч тайлбарлаж гоёж гоодсон зодох зовоох, яллах шийтгэх, гэсгээх, хориглох, албадах гэсэн санаа ханхлахаас биш зарим нэг хүний дөвийлгөж байгаа шиг “ардчилал” гэдэг үгтэй дүйцчих ариун санаа, “сайн засаглал” энэ тэр гэсэн сайн сайхан зүйлтэй “засаглал” гэгч нэр огт тохирдоггүйг алдарт С.И.Ожеговоос эхлээд академич Д.Цэрэнсодном, С.Нарангэрэл, Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв, Б.Чимид, Я.Цэвэл гээд олон эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээний ажил батлаад байдгийг сургалт судалгаандаа анхаарч үзээрэй.
Хэлэхэд сайхан ч хэл хальтарч ухаан самуурмаар буруу ойлголт, буруу нэр томьёог ялангуяа хүний эрх, ардчиллын тухай ярьж байхад түүний гэрэл гэгээг бүдгэрүүлчих тухайлбал “засаглал” гэх мэт утга санаа огт авцалдахгүй элдэв зүйлтэй хольж хутгачихгүй хэрэглэвэл сайн гэдгийг хэлье.
Гурав. Улс төрийн нам гэгчийн тухайд. Үндсэн хууль судлаач Д.Ламзав, Л.Санжаасүрэн нарын судалгаанаас үзэж байхад намыг “улс төрийн нам” гэж нэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нам бол улсын ч байгууллага биш, төрийн ч институт биш, харин хувийн “частный” байгууллага гэдгийг хэлэх нь зүйтэй. Яагаад гэвэл Үндсэн хуульд “нам” гэсэн ердөө есхөн томьёолол байх бөгөөд “нам нь хувийн үзэл бодол, өөрсдийн ашиг сонирхлын үүднээс улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор сайн дураараа эвлэлдэн нэгдсэн” иргэдийн хувийн байгууллага юм. Үндсэн хуульд намыг олон нийтийн байгууллагатай дүйцүүлж төрийн ажилд хошуу дүрэх боломжийг нь хоёрхон тохиолдлоор (УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, Ерөнхий сайдыг зөвшилцөх) хязгаарлаж өгсөн байна.
Ингэхээр “улс төрийн нам” гэдэг буруу томьёолол мань мэтийг айж цочоохоос цаашгүй социализмын үеийн “политическая партия” гэх үеэ өнгөрөөж хоцрогдсон, өнөөгийн компьютерийн эрин үед огт зохихгүй (өчигдрийн сум намаар дамжин мэдээлэл авч байсан бол эдүгээгийн сум, багийнхан гар утас, интернетээс шууд мэдээлэл авч чадаж буй нөхцөлд “улс төрийн нам” гэдэг нэр томьёо үнэхээр хуучирчээ) нөгөө л ноёрхогч анги, нөгөө коммунист намыг санагалзуулах завсар зуур шинэ Үндсэн хуулийн 10-р зүйлд заасан иргэний эрхийг булааж авсныг харьцуулан харж болно. Үндсэн хуульд “улс төрийн нам” гэж үг байхгүй байхад намын үйл ажиллагааг зохицуулсан дагалт хуулийг зүгээр л “намын тухай” гэх юмыг“Улс төрийн намын тухай” гэсэн сүржин нэртэй хууль баталсан нь намыг иргэн хүний дээр, бас засаг төрийн дээр тавьж цаад утгаараа ардчиллыг үгүйсгэх, шинэтгэлд саад хийх нэгэн том эсэргүүцэл болгосон байна.
Тэрчлэн “улс төрч” гэж өөрсдийгөө өргөмжилсөн, бусад нь зулгуйдсан ичиж зовмоор том нэр томьёо хуульд байтугай орос, монгол, англи толь бичигт ч алга. Харин “улс төрийн харилцаа”, “улс төрийн бодлого”, “улс төрийн үзэл бодлоор хавчигдах” гэсэн нийлмэл үг хэллэгээр илэрхийлэгддэг “улс төрийн” … гэдэг тэмдэг нэр бүхий томьёолол бол байдаг юм шиг байна., үүнийг гүнзгийрүүлэн үзэх биз дээ.
Хуульд заасан эрх бүхий субъектүүдийг оноосон албан ёсных нь нэрээр нь нам, УИХ-ын гишүүн, Засгийн газар, засаг дарга, гааль, цагдаа гээд нэрлэчхийн оронд “улс төрийн нам”, “улс төрч”, “төр” хэмээн нэг талаас дандаа эзэнгүйдүүлсэн, нөгөө талаас хий хоосон өргөмжлөн хөөрөгдсөнөөс уг асуудлын хууль зүйн утга нь ямар нэг байдлаар алдагдаад байна. Иймэрхүү буруу томьёолол иргэний нийгмийн оюун санааны өсөлтөд хортой юу гэхээс ашиггүй гэдэг нь тодорхой хэрэг. Долигонол хэзээ ч сайн юманд хүргэж байсан түүхгүй.
Дөрөв. Төрийн тухай төсөөлөл ба орчин үе. Аливаа ёс, уламжлал анхдагч эх сурвалжаасаа холдох тусам баттай болоод эргэлзээгүй байдлаа алддаг болохыг эрдэмтэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ. Илтгэлүүдэд “төр” гэдэг ухагдахуун юутай их давтагдана вэ? Ер нь амтай болгон л “төр төр” гэж цуурдаг моод дэлгэрсэн л дээ. Гэхдээ л “төр” гэж эзэнгүй, хоосон, хэнтэй ч хариуцлага тооцож болдоггүй онолын нэр товьёог практик дээр биетэй бодитой зүйл шиг ярьж бурж хэвшүүлмээргүй байна. Энэ төөрөгдөл ардчилалд их аюул тарина шүү. Товчдоо бол “төр төр төр” гэж зай завсаргүй үргэлж улиглаж байгаад хэнтэй ч хариуцлага тооцож чадахгүй хий дэмий хохирч хоцордгийг миний судалгаа баталдаг.
Ер нь ингэхэд бид нар яагаад Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч, Хууль зүйн яам, тэр сайд энэ дарга гэж удирдах дээд субьектуудээ нэр нэрээр нь дуудаж чадахгүй “төр төр төр” хэмээн эзэнгүйдүүлсэн, бялдуучилсан, эсхүл айж хулчганасан, эс бөгөөс бурханчлан тахиж шүтсэн, өршөөл аврал эрсэн аль нь үл ойлгогдох хоосон нэр томьёо үг хэллэгээр хөөцөлдөөд байна вэ?
Минийхээр бол орос, англи хэлний “государство” ба “State” нь төр гэхээсээ УЛС гэж буудаг, хэрэглэгддэг. Улс нь юуны урьд өөртөө нутаг дэвсгэр, хил хязгаар, засаг захиргаа, хүн ам, үндэстэн ястан, төрийн болон үндэсний тусгаар тогтнол, эрх мэдэл (власть), бүрэн эрх … гээд олон зүйлийг агуулдаг.
Харин “төр” гэдэг ойлголт бол хаант засаг, хамжлагат ёсны үед ард иргэдээ боолчлох дарангуйллын зэвсэг болон ашиглагдаж байснаа социализм, коммунизмын эрин үед иргэдээ үзэл бодол, өмч хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхаж хоморголон устгасан гэмт хэргээ мөн л төр гэдэг эзэнгүй, хариуцлага хүлээхгүй, хэн нь мэдэгдэхгүй хийсвэр зүйл бүхий айлган сүрдүүлгийн объект болгож байсан ажгуу.
Өнөөгийн ардчилал, иргэний нийгмийн төрийн тухай гол онол бол ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн онож хэлсэнчлэн: “төр”-ийн нэр хүндийг хамгийн бохир, хамгийн ёс суртахуунгүйгээр ашиглан шамшигдуулагч этгээдүүдэд цэг тавьж, харин чухамдаа “төр гэдэг ойлголтыг ард түмэн гэж, төрийн алба гэдэг нэрийг түмний үйлчилгээ, нийтлэг үйлчилгээ” гэсэн ард түмэнд үйлчлэх ёстой жинхэнэ байр сууринд нь авчрах цаг үнэхээр болжээ.
Төр эрхийн онол арга зүйн нэр томьёог зөв хэрэглэж сурах, сургах, хэвшүүлэх ажил маш их хоцрогдож байна. Тухайлбал, орос, англи хэлний “государство”, “state” “nation state” (улс), “правительство”, “доуегптепГ (засгийн газар), “власть”, “power” “authority” (эрх мэдэл, хүч чадал, засаг захиргаа), “good goverance” (үр ашигтай удирдлага жолоодлого), “govern” “governance” (удирдах, жолоодох, зохицуулах), “public administration” (нийтийн захиргаа) зэрэг өөр өөр утга агуулгатай хууль зүйн нэр томьёог зөвхөн “төр” хэмээх ганц үгээр хялбарчлан аргалах болсон нь практикт ямар их сөрөг үр дагавар үүсгэж буйг үгээр илэрхийлэхэд нэн бэрх.
Энэ мэтээр нийгмийн харилцаанд шинээр нэвтэрч буй нийтийн өмч, нийтийн захиргаа, нийтийн эрх зүй зэрэг шинэ нэр томьёог зөв хэвшүүлж чадахгүй байгаагаас Үндсэн хууль зөрчсөн эрх зүйн ноцтой гажуудлууд ар араасаа уван цуван гарч, нийтийн өмчийг “төр төрийнхөө өмчийг мэдэж байна” хэмээн хэдхэн хүн бүлэглэн эзэмшиж амин хувьдаа завших, мөн нийтийн захиргаа буюу төрийн албыг нэг луйварчин нөгөө луйварчиндаа худалдаж өөрсдийгөө “төр” гэж дөвийлгөн өргөмжилж дураар дургих үзэгдэл практикт хавтгайрсан завхрал болсныг нуух юун.
Үүний ар талд нийтийн үйлчилгээ, төрийн үйлчилгээгээр гачигдсан ард иргэд нийтээрээ хохирох үзэгдэл нийтлэг хандлага болсныг төвөггүй харж болно.
Тав. Дээрх 4 зүйлийг дүгнэж хэлбэл одоогийн засаг төрийн арчаагаа алдсан доройтол нь манай шинэ Үндсэн хуулиас болоод байгаа юм биш, чухамдаа Үндсэн хуулиа сайн судалж, түүнд нийцүүлж гаргаагүй бусад органик хуулиудын зөрчилдөөнтэй холбоотой. Хуулийн зөрчилдөөнийг арилгахад эрх мэдэлдээ халуурч ташуурсан хий хоосон мэдэмхийрэгч ойворгон нөхдүүдийг биш, жинхэнэ мэргэжилтнүүдийн үгийг сонсох хэрэгтэй байна.
Тухайлбал, Үндсэн хуулийг дагаж гарсан түүний органик нэгдэл болох Сонгуулийн тухай, Намын тухай, УИХ-ын тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын нэлээд зүйл заалт Үндсэн хуулийг зөрчиж батлагдсанаас улс төрийн бодлого буюу засаг төрийн шинэтгэлд ноцтой саад тотгор тулгарчээ. Жишээ нь, ИТХ нь намуудын төлөөлөгчдийн хурал болсон гажуудалд ямар ч нам иргэдийн төлөө, нутгийн язгуур эрх ашгийн төлөө ажиллана гэж байхгүй, өөрийгөө нэр дэвшүүлсэн намдаа л эргэж үйлчлэх нь ойлгомжтой. Иймэрхүү зүйлийг нам улам л дэвэргэнэ үү гэхээс засахгүй нь мэдээж хэрэг.
Тэгээд ч сонгох, сонгогдох эрх Үндсэн хууль ёсоор иргэн хүний эрх болохоос “нам”-ын эрх биш гэдгийг бид мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшдэг биш, харин иргэд, иргэний нийгмийн байгууллагууд дундаас нэр дэвших замаар ИТХ-ыг бүрдүүлж байх тийм хууль зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна.
Товчдоо бол гадаадынхан манай Үндсэн хуулийг судалж үзээд монгол орныг ардчилсан улс гэж ойлгоно, харин ирсэн хойноо нэг нүүр нь коммунизм, нөгөө нүүр нь ардчилал “маягийн” хуурмаглалд бид 17 жил тарчилж буйг төвөггүй олж мэддэг. Монгол улс ийм болчихсон нь Үндсэн хуулийг гажуудуулсаар ирсэн улс төрийн бодлогын ноцтой алдаа юм. Энэ алдааг Үндсэн хуулийг эвдэх өөрчлөх замаар биш, харин Үндсэн хуулийг сахих сахиулах, бэхлэх бэхжүүлэх, түүнд нийцүүлэх талаас нь хандвал арга зүйн хувьд зөв байх болно гэдэгт судлаач миний бие огт эргэлздэггүй.
Энүүхэндээ гэж хэлэхэд засаг захиргааны шинэтгэл, Үндсэн хуулийн засаглал хоёроор оролдоод үр дүнд хүрч байсан түүх нэн ховор. Цаг үеэ олохгүй бол ихэнх эрх баригчид ийм тохиолдолд тэр бүтэшгүй оролдлогынхоо золиос болдгийг эрдэмтдийн судалгаа шинжилгээний гүн гүнзгий дүгнэлтүүд нотлон харуулдаг. Харин зүгээр сонгуулийн шоу болгож өөрийгөө Үндсэн хууль хийдэг мундаг хүн болж харагдуулах гэж буй бол өөр хэрэг. Гэхдээ л тоглоом тоотой нь дээр гэдгийг бодолцож байхад илүүдэхгүй буюу.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Д.Мөнх-Очир
Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх судлаач
Ардчилал ба аюулгүй байдал
Улс төрийн либерализм, аюулгүй байдлын либерализмтай зөрчилдөх нь
Ардчилал, аюулгүй байдлын харилцан хамаарлыг үзэх үзэл хандлага харилцан адилгүй, жигд бус төлөвшсөөр иржээ. Хүний зайлшгүй хэрэгцээ болсон эрх чөлөө, баталгаат аюулгүй байдал хоёр заавал хоорондоо давхцаж байх албагүй төдийгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэх төлөв хандлага олонтаа ажиглагддаг. Тиймээс ч ардчилсан дэглэм бүхий улсад аюулгүй байдлын судлаач байх нь хамгийн амаргүй, онолын болон үйлдлийн төөрөгдөлд орох өндөр “эрсдэлтэй” мэргэшил гэж хэлж болохоор байна. Энэ нь зөвхөн шилжилт хийж буй посттоталитар, поставторитар дэглэмүүдэд ч хамаатай бус, Гуантанамо дахь террористуудыг урьдчилан хорих байрыг тойрсон асуудал, АНУ-ын PATRO ACT-ын дуулиан, “Абу-Грэйб”-ын хэрэг явдал, Их Британий хууль хүчний байгууллагуудын дунд 1970-1980-аад онд томоохон эргэлзээ, тээнэгэлзвэл төрүүлж байсан болзошгүй террорист халдлагаас олон хүний амийг аврахын төлөө эрүүдэн шүүх ёстой эсэх тухай маргаан зэргийг сонсож, уншсан хэн бүхэн, эцэслээд 9/11-нээс хойш олон улсын нислэг гэгч ямар адармаа, ядаргаатай, хүний эрх чөлөө төдийгүй эрхэм чанарт ч халдсан нөхцөл үүссэнийг биеэрээ мэдэрч, амссан хэн бүхэн ийм сонголт, ийм эргэлзээ хамгийн их төлөвшсөн ардчилалд ч тулгардгийг ойлгох биз.
Монгол Улсын хувьд бидний аз түшихэд ийм амаргүй сонголт хийх дээрээ тулаагүй байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын гол цөм нь аюулгүй байдлын салбар дахь либерализмыг тугаа болгосон, Монгол хүнийг Монгол төртэй адилтган тавьсан зэрэг олон давуу талтайг бид мэднэ. Товчоор хэлэхэд, Монголын ардчилал бол зөвхөн бидний хүсэл зоригийн сонголт төдийгүй мөн бидний зайлшгүй сонголт, оршин тогтнохуйн үндэс байсан, үүгээрээ ч ардчилал нь өөрөө Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа мөн. Энд дээрх асуудлын алины ч тухай өгүүлэх зорилго агуулсангүй, гагцхүү аюулгүй байдлын сэтгэлгээн дэх либерал дэг сургууль нь улс төрийн либерал ардчиллын үнэт зүйлстэй онолын түвшинд, улбаалаад үйлдэл дээр зөрчилддөг юм биш биз гэсэн гаргалгааг Та бүхэнтэй хуваалцахыг зорьсон болно.
Орчин үед аюулгүй байдлын онол, үзэл баримтлалын түвшинд аюулгүй байдлын уламжлалт буюу “явцуу” тодорхойлолт гэсэн хоёр ойлголт давамгайлж, тэдгээр нь тухайн улсын улс төрийн дэглэм, улс төрийн соёлын төлөвшил, нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдлаас хамааран практикт өөр өөр хэрэглээ, нөлөөллийг бий болгож байна. Олон улсын дэглэмийн цөм нь бүрэн автономи (энэхүү нэр томьёо нь улсын хязгаарлагдмал эрх, нутаг дэвсгэрийн өөртөө засан тохинох статусын тухай бус, олон улсын харилцаанд биеэ даан орон чадамж бүхий субъект гэсэн утгаар хэрэглэгдэж байна) бүхий үндэстэн-улс гэсэн уламжлалт ойлголтын хүрээнд “аюул” хэмээгч нь нэг улсаас нөгөөгийн тусгаар байдалд халдах буюу тийн заналхийлэх, “аюулгүй байдал” нь энэ тэргүүнд бүрэн эрхт байдлыг хадгалах таатай нөхцөл гэж ойлгогдож ирэв. Тиймээс аюулгүй байдлын тухай тогтсон уламжлалт ойлголт нь бодит аюул хийгээд түүнээс ангид байх тухай ухамсарлахуй дээр тогтож ирэв. Харин XX зууны хоёрдугаар хагас, улмаар XXI зууны үйл явдлын өрнөлүүд хийгээд дээрх хугацаанд улс төрийн сэтгэлгээнд гарсан өөрчлөлтүүдийн үр дүнд энэхүү уламжлалт ойлголтод багагүй сорилт тулгарч, эргэн харах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Үүнд: Нэгдүгээрт, дэлхийн хоёр дайн, ялангуяа хүн төрөлхтний түүхэнд урьд хожид гарч байгаагүй сүйрлийг авчирсан хоёрдугаар дайны сургамж, үндэстэн-улсын бүрэн эрхийг ямар ч хязгаарлалтгүйгээр хүлээн зөвшөөрөх, тэдгээрийн хоорондын харилцаан дахь аливаа асуудлыг дан ганц хүчний тэнцвэрээр шийдвэрлэх хандлага, олон улсын эрх зүйн тогтсон зохицуулалтгүй анархи загвар бүхий дэглэм ямар үр дагавар авчирч болохыг харуулсан.
Хоёрдугаарт, мөнөөх дайны үед хүнийг арьс өнгө, угсаа гарвал, шашин шүтлэгээр ялгаварлах үзэл дээр суурилсан төрлөөр устгах гэмт хэрэг үйлдэгдэж, хүний наад захын эрх, эрх чөлөөг зөрчихийн сацуу олон сая хүний амьдралын баталгааг үгүй хийсэн нь мөн дайны өмнөхөн Өрнөдийн орнуудад нүүрлэсэн эдийн засгийн хямралын сургамж дээр нэмэрлэн, дэлхийн улс төрийн бодлогын гол цөм нь улсаас иргэн рүү, хүн рүү чиглэн өөрчлөгдөх ёстой гэсэн ухаарлыг бий болгосон байна.
Гуравдугаарт, үйлдвэржсэн ба пост-үйлдвэржсэн нийгэмд бий болон хуримтлагдсан эерэг ба сөрөг үзэгдлүүд, тухайлбал нэг талаас, даяаршил, нээлттэй хил хязгаар, үзэл санааны конвергенци, хөрөнгө-санхүүгийн урсгал, үндэстэн дамнасан аж ахуйн үйл ажиллагаа, мөн нөгөө талаас, орчны бохирдол ба сүйрэл, үндэстэн дамнасан гэмт хэрэг, тэдгээрийг гүйцэтгэх сүлжээ, олон улсын терроризм зэрэг үй олон хүчин зүйлс нь аюулын эх үүсвэр тодорхой улс гэхээсээ илүү “улс бус тоглогчид” болох нь ихэсч, тэдгээрийн олон улсын тавцанд гүйцэтгэх болсон нөлөө хир зэрэг нэмэгдсэнийг харуулж байна. Эдгээрийн үр дүнд аюул ба аюулгүй байдлын тухай уламжлалт буюу “явцуу” ойлголтыг сөргүүлэн илүү өргөн хүрээний шинэ ойлголтууд үүсэн бүрэлдэж байна. Харин энэхүү цогц төсөөлөл нь хир объектив байж чадах талаар судлаачид өнөөг хүртэл нэгдмэл ойлголтод хүрээгүй байна. Эл хандлагыг дэмжигчдийн хувьд дээр өгүүлсэн дэлхий дахинд гарсан өөрчлөлтүүдийг харгалзан “уламжлалт бус аюулгүй байдал”, “цогц аюулгүй байдал” хэмээх томьёоллыг хөхүүлэн дэмждэг бол эсэргүүцэгчид нь “аюулгүй байдалжуулалт”, “аюулгүй байдлын тарамдуулахуй” гэх зэрэг нэр томьёо хэрэглэдэг ажээ.
Цогц аюулгүй байдлын хүрээнд “соёлын аюулгүй байдал”, “эдийн засгийн аюулгүй байдал”, “мэдээллийн аюулгүй байдал” зэрэг ойлголтууд багтдаг ба “хүний аюулгүй байдал” хэмээх судалгааны объект ч гарч ирсэн юм. Чухам эдгээр нь одоо мөрдөгдөж буй Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгалаа олсон билээ. “Хүний аюулгүй байдал”-ыг олон улсын судлаачид, НҮБ-ын Хүний хөгжлийн илтгэл зэрэг баримт бичигт “… хүний амь амьдралд учирч болох бүхий л аюулаас сахин хамгаалах “өвчин эмгэг, хэлмэгдэл зэрэг ужиг аюулаас ангид байх, түүнчлэн гэрт, ажлын байранд, оршин суугаа орчинд зэргээр өдөрт тутмын амьдралд хаана ч тохиолдож болох гэнэтийн, таагүй өөрчлөлтөөс хамгаалагдсан байх явдал” гэж ойлгож, томьёолж байна.
Ийнхүү цогц аюулгүй байдлын онол, үзэл баримтлалыг дэмжигчид нэгдүгээрт, аюулын мөн чанар, төрөл өөрчлөгдсөн, хоёрдугаарт, анхаарлын төвд улсыг биш, хүнийг тавих шаардлагатай болсон гэх үндэслэлийг дэвшүүлж, энэхүү байр суурь нь либерал ардчиллын үнэт зүйлстэй бүрнээ нийцнэ гэж үздэг ажээ.
Харин аюулгүй байдлын “явцуу” хандлагыг баримтлагчид цогц аюулгүй байдлын тухай онолын чиглэл нь либерал үнэт зүйлст нийцэхгүй, тэр бүү хэл ноцтой харшилна гэж үзэх нь цөөнгүй. Тухайлбал, дээр дурдсан НҮБ-ын тодорхойлолтыг ”… гэнэтийн, эсхүл цаг зуурын аливаа тавгүйтлийг бүхэлд нь хүний аюулгүй байдалд учирч буй занал хэмээн туйлширсан” гэх шүүмжлэл бий. Ийм хандлагыг “аюулгүй байдлыг тарамдуулах” гэж нэрлэхээс гадна мөн “аюулгүй байдалжуулах” гэсэн нэр томьёо ч бас үүсэхэд хүргэжээ. “Аюулгүй байдалжуулалт” нь “улс төржүүлэлт”-ийн “хэтэрсэн хувилбар” бөгөөд”… нийтийн анхааралд өртөж байдаг аливаа асуудлыг шууд нүүрлэх аюул хэмээн тайлбарлаж, түүнээс сэргийлэхийн тулд улс төрийн хэвийн процедураас гадна онцгой арга хэмжээ авахыг зөвтгөх үндэслэл” гэх шүүмжлэлийг анзааралгүй өнгөрч боломгүй.
Энэ өнцгөөс хандвал, “аюулгүй байдалжуулалт” нь ардчилсан дэглэм бүхий орнуудад, нэн ялангуяа шилжилтийн эхний шатанд нийгмийн оюун санааны амьдралд ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд тодорхой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй ба соёл, эдийн засаг зэрэг олон салбарт аюулгүй байдлын далбаан дор төрөөс шууд оролцохыг зөвшөөрч, хөхүүлэн дэмжих ба нэг ёсондоо төрийг иргэнээс дээгүүр тавих үзлийг өөгшүүлэх аюултай гэж үзэж ч болохоор байна.
Ийнхүү аюулгүй байдлын тухай онолын, үүнээс үүдэн гарах бодлогын хоёр өөр үзэл хандлага хоёул ардчиллын үнэт зүйлстэй холбогдож, түүгээр тайлбарлагддаг боловч шүүмжлэгчийн байр сууринаас харахад аль алинд нь мөнөөх эрх, эрх чөлөөний үзэл санаатай зөрчилдөх элемент агуулагдаж байдаг ажээ.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Ч.Өнөрбаяр
МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш
Тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан үг хэлэхийн өмнө бяцхан дурсамж ярихыг хүсэж байна. Одоогоос 5 жилийн өмнө оюутан байхдаа яг энэ танхимд энэхүү нэр хүндтэй академийн 10 жилийн ойн баярын хуралд оролцож тавигдсан илтгэлүүдээс танхимд сонсоогүй шинэ санаа олоод буцахдаа ихэд олзуурхаж байж билээ. Өнөөдөр судлаач болчхоод өнөө танхимдаа энэхүү нэр хүндтэй академийн 15 жилийн ойн баярын хуралд оролцож, үг хэлэх болсондоо ихэд бэлэгшээж байна. Ингээд ойн баяраа хийж байгаа Улс төрийн боловсролын академийн эрдэмтэн багш, авьяаслаг ажилтнуудад баярын мэнд дэвшүүлж, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.
Би Баабар гуайн илтгэлтэй холбогдуулан цөөн хэдэн санаа хэлэх гэсэн юм.
Өнөөдрийн төр засгийн хямралын нэг гол шалтгаан бол яах аргагүй улс төрийн намуудын дотоод ардчилал, төлөвшлийн асуудал юм. Бид 1990 оны улс төрийн шинэтгэлтэй хамт хийх байсан зүйл бол 70 жилийн турш монголчуудын итгэл үнэмшил, үнэт зүйлийг орлож байсан МАХН-ыг тараах явдал байсан юм. Гэтэл ингэж чадаагүйгээс болж энэ нам өмч, бүтэц зохион байгуулалт, батлахтай фанатуудтайгаа үлдсэн. Энэ нам тараагүйгээс шинээр байгуулагдсан улс төрийн хүчнүүд МАХН-ын загвараар бүтэц, зохион байгуулалтад орсон. Тэдэнд өөр сонголт, туршлага байгаагүй юм. Эндээс улс төрийн тогтолцооны бохирдол, төр засгийн хямрал эхэлсэн гэж болно. Үндсэн хуульт ардчилалтай улс орнуудад иргэд өөрсдийн итгэл, үнэмшил, үнэт зүйл, сонголтоороо улс төрийн намыг дэмждэг. Монголд итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ биш гишүүнийхээ батлахаар нэгддэг. Ийм улс төрийн соёл өдгөө Хятадын Коммунист намыг эс тооцвол дэлхийн хаана байхгүй болсон үзэгдэл.
Монгол дахь улс төрийн намуудын төлөвшилтэй холбоотой бас нэг бэрхшээл бол хувь хүнийг тойрон хүрээлсэн намууд борооны дараахь мөөг шиг олшрох болсон. Өнөөдөр Иргэний зориг, Ард түмний нам, Бүгд найрамдах намын дарга нарыг ардчиллын зарчмаар халж солино гэдэг хэнд ч эргэлзээтэй. Энэ бол өөрийнхөө хүчинд найдахаас илүүтэй хэн нэг хүчтэй, мөнгөтэй хүний ард очиж нэг эгнээ болох дуртай монголчуудын сэтгэлгээний явцуурал. Хүн төрөлхтөн ийм сэтгэлгээг соён гэгээрүүлэгчдийн үеэс халж, эрүүл дэг журам болох хуульд захирагдаж амьдрах болсоор 200 гаруй жилийг ардаа орхисон.
Аль нэг намын мөрийн хөтөлбөр, сонгогчдынх нь итгэл үнэмшлээр сонгогдож гарч ирчхээд өөр нам байгуулж нүүр буруулдаг улс төрийн соёл Монголоос өөр дэлхийн хаана ч байхгүй. Хувь тэнцүүлдэг сонгуулийн тогтолцоотой улс оронд сонгогдсон гишүүн намаасаа гарвал жагсаалтад нэр нь бичигдсэн дараагийн хүн нөхөж ордог. Мажоритар тогтолцоотой улсад гишүүнээсээ түдгэлзэж нөхөн сонгуулийн тойрогт шинээр байгуулсан намаасаа дахин өрсөлддөг журам үйлчилдэг.